Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 72

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:      

 

      Улсын яллагч                            Т.Нансалмаа

      Шүүгдэгчийн өмгөөлөгч            Р.Баярхүү

      Нарийн бичгийн даргаар         Б.Түвшинтуул нар оролцов.

 

 Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгаас мөрдөн байцаалт явуулж, тус аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6-р зүйлийн 1, 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Санжаасүрэнгийн Энхтайванд холбогдох 1931000700055 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Үндсэн захиргаа; Монгол Улсын иргэн, 1974 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймгийн Түшиг суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа нохой бууддаг ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 1 дүгээр баг Дэлгэрхаан 2 дугаар гудамж 6-01 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, Боржигон овогт Санжаасүрэнгийн Энхтайван, /РД: МО:74030117/,

Шүүгдэгч С.Энхтайван нь 2019 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 14 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 1 дүгээр багийн нутагт шалтгаангүйгээр иргэн Б.Нямжаргалын зүүн хөлөн тус газар хутгаар хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан улмаар уг асуудлыг шалгахаар очсон хэсгийн төлөөлөгч Цагдаагийн ахмад Э.Гэрэлт-Од хэсгийн цагдаа Г.Гандарь нарын өөдөөс хүч хэрэглэж, галт зэвсэг болох Тоз-8 маркийн буугаар буудаж эсэргүүцсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд;

1.Шүүгдэгч С.Энхтайваны мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 03 дугаар сарын 27-нд яллагдагчаар өгсөн: ...2019 оны 02 дугаар сарын 17-ны өдөр байсан санагдаж байна би Шаамар суманд явж байхад надтай Нямжаргал таараад “ээж гэрт байхгүй байна. Манайхаар ороод цай уугаад гар” гэж хэлэхээр нь би гэр рүү нь орсон юм. Ингээд намайг гэрт нь ороход цай хийж өгөөд нэг шил 0.5 граммын “Хараа” архи гаргаж ирээд надад хийж өгөхөөр нь “ах нь архи уухгүй л байгаа даа буутай явж байна” гэж хэлэхэд “харьж байгаа юм чинь уучхаад л хариач дээ” гэж хэлээд өгөөд байхаар нь “үгүй” гэж хэлж чадалгүй хийж өгсөн архийг нь уусан юм. Тухайн үед Нямжаргал өөрөө архинаас уугаагүй өөрт нь хийж өгөхөд жаахан уугаад буцаагаад өгсөн ба надад хийж өгөөд уулгаад байсан. Би архи ууж байгаад согтоод нэг мэдсэн унтсан байсан. Ингээд би хэсэг унтсан байхад миний нүүр нүдгүй цохиод эхлэхээр нь хэн билээ, эхнэр ирсэн юм уу гэж бодоод харахад Нямжаргал намайг цохиж харагдсан юм. Ингээд би ”болиоч” гэж хэлэхэд дээрээс учир зүггүй цохиод нүдээд байхаар нь босох гэж ноцолдсон боловч дийлээгүй юм. Ингээд өөрөөсөө холдуулах гэж гарт тааралдсан 2 шүдтэй том сэрээг аваад шууд зүүн хөлийнх нь шилбэ хэсэг рүү нэг удаа хатгасан. Ингэж хатгачхаад “би сая чиний хөлрүү чинь хатгалаа одоо чиний гэдсийг чинь хүү татаж цувуулна” гэж хэлэхэд учир зүггүй дээрээс босоод орилоод гараад гүйсэн юм. Ингээд би гэрээс нь гарахад Нямжаргал гадаа гарчихсан “намайг Энхтайван хутгалчихлаа” гээд хашгираад байсан. Ингээд би хажуугаар нь гараад гэрийнхээ зүг зугтааж яваад шууд гэртээ очоод байшингийнхаа дээвэр рүү гарч нуугдсан юм. Ингээд байж байхад сумын цагдаа ирээд намайг “барьж явна” гэхээр нь би “явахгүй” гэж хэлээд “надаас хол бай” гэж хэлэхэд над руу ойртоод байсан ба би айлгах санаатай өөрийн “Эксэл” маркийн 25-41 СБА улсын дугаартай автомашины зүүн урд цонхруу буудсан юм Ингээд хэсэг хугацааны дараагаар хэсгийн төлөөлөгч Гэрэлт-Од надтай юм ярьж намайг тайвшруулаад миний бууг надаас булааж авсан юм. Ингээд цагдаад баригдаж наашаа ирсэн байгаа, ийм л зүйл болсон доо. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 92-93-р ху/,

2.Шүүгдэгч С.Энхтайван шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: ... Хутгыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Багийн засаг дарга нохой устгах ажилд намайг дуудсан. Тэгээд би нохой устгалын ажилд явсан. Нямжаргал намайг дуудсан. Тэгээд гэрт нь орсон 0,5 литрийн “Хараа” архи өгсөн. Намайг “цагаан сараар ирээгүй” гээд надад архи өгөөд уулгасан. Би “уухгүй” гээд 3 жижиг хундагаар уусан. Би айлд “буу авч орохгүй” гээд хэлэхэд Нямжаргал “хамаагүй ороод ир” гээд хэлсэн. Тэгээд архи уусан, би даарсан байсан болохоор архи уугаад унтчихсан байсан. Унтаж байхад нэг хүн намайг нүүр лүү цохисон. Би эхнэрээ  ирээд цохиж байна гэж бодоод босоод харахад  Нямжаргал намайг цохиж байсан.  Би “болиоч” гэхэд Нямжаргал намайг түлхэхэд би цааш унасан.  Нямжаргал “би гэртээ унтаж байхад чи гаднаас согтуу орж ирсэн, гэрч байхгүй шүү” гээд намайг дээрээс дараад цохиод хоолойг минь боосон. Би амьсгалж чадахгүй тавиулах гээд ноцолдсон. Бид 2-ын ноцолдож байхад ширээн дээр байсан чихэр, архины шил, сэрээ газарт унасан. Намайг  боогоод байхаар нь би тавиулах гээд хажууд унасан байсан сэрээ авч хөл рүү нь хатгасан. Тэрийг Нямжаргал тоохгүй, намайг боогоод байсан, Тэгэхээр  би “Нямжаргалаа би чамайг хутгалчихлаа” гэж хэлсэн. Нямжаргал тэр үед намайг тавиад гараад гудмаар “намайг унтаж байхад гаднаас Энхтайван орж ирээд хутгалчихлаа” гэж хэлээд гүйсэн. Би айж сандарсан гэртээ орж би “ингээд өнгөрлөө” гэж хэлээд тамхи аваад гэрээсээ гараад явсан. Эхнэр намайг архи уусан гэдгийг мэдээгүй би гараад үүдний амбаарт зогсож байсан. Үнэн юм үнэнээрээ сайхан, амьдралд би хайртай. Нямжаргалд гомдолтой байна. Гэртээ оруулж архи уулгаад дараа гэмт хэрэгтэн болгож байгаад гомдолтой байна. Энэ нь  миний  алдаа байсан. Би цагдаа руу буудсан нь миний буруу. Нямжаргалд гэмтэл учруулсан нь миний өөрийгөө хамгаалах арга байсан. Намайг боогоод унагахаар нь тавиулах гээд  хөл рүү нь сэрээ зоосон. Уураа барьж байх хэрэгтэй байна, тэгэхгүй бол хэрэгтэн болдог юм байна.  ...гэх мэдүүлэг,

3.Хохирогч Б.Нямжаргалын мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр өгсөн:  ...С.Энхтайван ах намайг унтаж байхад гаднаас “хөөе” гэж чанга хашгираад гэнэт орж ирээд над руу сумтай буу тулгаад “та яаж байгаа юм наад буугаа цаашаа” гэж хэлэхэд буугаа чиглүүлээд хашгираад байсан. Би тэгээд бууных нь хошуунаас барьж аваад дээш нь түлхэж ноцолдсон юм. Гэтэл өврөөсөө улаан иштэй тонгорог хутга гаргаж ирээд миний зүүн хөлийн шилбэ хэсэгт нэг удаа хатгаад миний шилбэнээс их цус гараад би С.Энхтайван ахад хандаж “намайг хутгалчихлаа шүү дээ” чангаар хашгираад “цагдаад мэдэгдэнэ” гэж гэж утсаа шүүрээд авахад С.Энхтайван ах гараад зугтаачихсан. Би араас нь гараад “намайг С.Энхтайван хутгалчихлаа” гэж хашгирсан юм. Ингээд цусаа гоожуулаад байж байтал сумын цагдаа хүрч ирээд намайг “яаралтай эмнэлэгт очиж үзүүл, би С.Энхтайваны ардаас явлаа” гэж хэлсэн. Ингээд би С.Энхтайваныг “арагшаа гараад зугтаасан” гэж хэлэхэд цагдаа араас нь явсан юм. С.Энхтайван ах үнэхээр улаан иштэй тонгорог хутгаар миний зүүн хөлийн шилбэ тус газарт нэг удаа хатгасан юм. Би энийг өөрөө харж байсан манай гэрт 2 ширхэг шүдтэй том сэрээ байдаггүй юм. С.Энхтайван өөрийн хийсэн үйлдлээ нууж худал ярьж байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 13-14-р ху/,

4.Хохирогч Э.Гэрэлт-Одын 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би ямар нэгэн байдлаар эрүүл мэндээр хохирол хүлээгээгүй учир надад нэхэмжлэх зүйл алга байна. Мөн С.Энхтайваныг сайн мэддэг учир гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Энэ хүн сэтгэцийн өөрчлөлттэй уурлахаараа бие барьж чадахаа больчихдог.  ...гэх мэдүүлэг, /хх-ийн 16-р ху/,

5.Гэрч Гэрэлт-Од 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...“Нямаа гэж хүнийг хүн хутгалаад гараад зугтаачихлаа” гэж ярьсан ба шууд Нямаагийн гэрт яваад очиход Нямаа өөдөөс гарч ирсэн ба “Энхтайван миний зүүн шилбэ рүү хутгалчихаад гараад явчихлаа” гэж шилбээ барьсан байдалтай байхаар нь Нямааг “эмчид яаралтай үзүүл” гэсэн. Ингээд шууд Энхтайван гэж залуугийн гэр лүү яваад очиход гэртээ байхгүй байсан. Ингээд Сүхээ гэж хүнтэй уулзаж асуухад “түрүүхэн хашаа руугаа орж байсан” гэж хэлэхээр нь эргээд гэр лүү нь очиход үүдний амбаарт шат тулгаад тавьчихсан дээврийн жижиг хаалга нь онгорхой байхаар нь дээвэр лүү шатаар гарахад дээврийн хөндийд Энхтайван гартаа калибр загварын буу барьчихсан сууж байхаар нь “юу болоод байгаа юм бэ наашаа гараад ир” гэхэд “та нар намайг шоронд хатаах гэж ирээ юу, би шийдчихсэн хүн шүү” гэж хашгираад миний нүдэн дээр буугаа цэнэглэж над руу чиглүүлж шагайхаар нь би “чи сүртэй юм болоогүй байхад юун буу шийдэм болоод байгаа юм Нямаа зүгээр байна лээ” гэж тайвшруулах зүйл ярихад улам хашгираад “та нар намайг авч явж чадахгүй, ирж байгаа болгоныг чинь буудаж ална шүү, надад 16 ширхэг сум байна, нэгийг нь би өөртөө зориулж бусдаар нь ирсэн болгоныг чинь ална” гэх зэргээр хэлэхээр нь би “тайвшраад гараад ирээ” гэж хэлэхэд “чи доошоо буу, буухгүй бол гарахгүй” гэж хэлэхээр нь хэсэг байж байгаад доошоо буусан. Ингээд буусан байхад дээврийн хөндийгөөс гарч ирээд амбаар дээрээ зогсоод “та нарыг ална” гэх зэргээр хашгираад тайвшрахгүй байхаар нь “чи бууж ирэхгүй бол би гаръя” гэж шат руу ойртоход шууд над руу буу шагайгаад “өгсөх л юм бол буудна шүү” гэж хэлэхээр нь “юу яриад байгаа юм, тэгвэл буудаач” гээд шат руу авирахад “би тоглоогүй шүү буу сумтай” гэж хэлээд өөрийн эксель маркийн машин руу нэг удаа буудсан. Ингэхээр нь шатнаас бууж холдсон ба дахиад буугаа цэнэглэж “ална шүү” гэж хашгирахаар нь ямартай ч ойртож болохгүй юм байна гэж бодоод эхнэрийг нь гаргаж ирээд цай хийлгэж уулгаад тамхи татуулж тайвшируулсан. С.Энхтайваныг тамхи асаах гэж анхаарал нь суларсан байхад нь сандал дээр гишгиж үсрээд бууных нь ар хэсэг болон гохны хэсгээс нь гараараа бариад татах үед дийлэхгүй байсан ба манай цагдаа Гандарь дээвэр лүү гарч ноцолдож тавиулсан юм. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 26-30-р ху/

6.Хохирогч Г.Гандарийн мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр өгсөн: ...Миний бие эрх чөлөөнд халдаагүй, харин намайг “ална шулна” гэж буу чиглүүлээд их айлгасан. Би дотроо “буудчихавий дээ” гэж л айж байсан юм. Уг хүн сэтгэцийн өвчтэй учир их аймаар ааш зантай хүн байсан. Элдэв муухай үг хэлээд “чамайг ална” гээд буугаа чиглүүлээд “ойртвол буудна” гээд байсан. Харин буунаас нь хэсгийн төлөөлөгч барьж аваад би дээш гарахад буугаа тавьсан ба буугаа өгснийхөө дараагаар арай гайгүй болж үгэнд орж эхэлсэн. Түүнээс буутай байхдаа их том “ойртвол буудаж ална, та нарыг алчихаад би өөрийгөө буудаж ална” гэж байсан. Надад биет байдлаар учирсан хохирол төлбөр бол алга байна. Тухайн үед жоохон айсан. Одоогийн байдлаар гомдол санал гээд байх зүйл алга байна. Тэгэхдээ сэтгэцийн өвчтэй гээд ингэж болохгүй юм хууль хяналтын байгууллага нь зохих шийтгэлийг хүлээлгэх байх гэж бодож байна. Цаашдаа ингэж байгаад хүн буудахыг үгүйсгэхгүй юм. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 83-84-р ху/,

7.Гэрч М.Гандарь мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 02 дугаар сарын 17-ны өдөр өгсөн: ...2019 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 14 цаг 25 минутын үед Энхтайвангийн гэрийн дээвэр дээр юм дугараад байхаар нь дээвэр лүү гараад харахад яндангийн араар ороод нуугдсан байсан ба би дөхөөд очиход буугаа надруу чиглүүлээд “чамайг ойртвол ална шүү, одоо ална чамайг” гээд “намайг холд” гэхээр нь би гарсан юм. Ингээд хэсгийн төлөөлөгч юм яриад “буугаа буулга боль” гэж хэлэхэд ”та нарыг ойртвол буудаж ална” гээд байсан ба “танай энэ цагдааг ална” гээд над руу дайраад байсан. Миний биед халдаагүй намайг “ална шулна” гэж буу чиглүүлээд их айлгасан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 31-33-р ху/

8.Гэрч Ононгийн 2019 оны 02 дугаар сарын 17-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Сэлэнгэ аймгийн Шаамар суманд зольбин нохой ихэсч байсантай холбогдуулан сумын Засаг даргын тамгын газраас “нохой.устгалын ажлыг зохион байгуул” гэж багийн Засаг дарга нарт биечлэн үүрэг чиглэл өгсөн. Тухайн үүрэг чиглэлийн хүрээнд 1,2 дугаар багийн Засаг дарга, хэсгийн цагдаа нартай хамтран тус сумын иргэн С.Энхтайванд нохой устгалын ажлын зааварчилгаа өгсөн. Би С.Энхайтаныг ямар нэг сэтгэц мэдрэлийн өвчтэй талаар мэдэхгүй байна. 2017 онд нохой устгалд явж байсан болохоор тухайн иргэнд устгах  зааварчилгаа өгсөн. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 34-р ху/,

9.Гэрч Б.Лувсанчимэгийн 2019 оны 02 дугаар сарын 17-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Манай сумын иргэн С.Энхтайван нь сэтгэц мэдрэлийн өвчтэй. Уг өвчин нь намайг Шаамар суманд 2006 оноос хойш ажиллаж байх хугацаанд илэрсэн. Тус иргэн нь анхан шатандаа татаж унадаг өвчтэй байсан. Уг өвчин хүндэрч “тархины наалданга” гэсэн оношоор аймгийн эмчийн хяналтанд байдаг байсан. Одоогийн байдлаар “хувь хүний зан төрхийн өөрчлөлт” гэсэн оноштойгоор сумын эмчийн хяналтанд орсон Энэ өвчин нь сэтгэц мэдрэлийн өвчин юм. “Другие Оргоническая и поведическая расстойства личности” гэсэн оношоор аймаг сумын эмчийн хяналтанд байдаг. Грүппэд 70% тогтоогдсон. Манай сумын иргэдийн зарим нь энэ талаар мэддэг. Би сумын засаг даргад мэдэгдэж байгаагүй. Тухайн багийн Засаг дарга нар нь мэдэж байж магадгүй. С.Энхтайваныг нохой устгадаг, тэгээд буу байдаг гэж сонссон. Би С.Энхтайвныг архи уусан байхыг нь хараагүй. Тэгэхдээ хүмүүсийн ярьж байхыг сонсохоор үе үе уудаг гэсэн. С.Энхтайван нь эхнэр охины хамт амьдардаг. Бусадтай нийтэч хэрүүл маргаан хийгээд байдаггүй, олон нийтийн ажилд оролцоод байдаг талаар мэдэхгүй. Гэрт нь орж үзлэг хийхэд гэр нь бохир байдаг. ...гэх мэдүүлэг /хх-ийн 35-р ху/

10.Гэрч Д.Дариймаагийн мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 02 дугаар сарын 17-ны өдөр өгсөн:   ...Би 2019 оны 02 дугаар сарын 17-ны өдөр гэртээ охин Отгонгэрэлийн хамт байж байсан. Өдрийн 14 цаг 14 минутын үед нөхөр руу залгах гэсэн боловч утас нь холбогдоогүй . Тэгээд хэсгийн төлөөлөгч, цагдаа 2 орж ирээд “Энхтайван хаана байна” гэж асуусан. Тухайн үед С.Энхтайван байхгүй байсан болохоор хэсгийн төлөөлөгч, цагдаа 2 гараад явсан. Удахгүй би гараад харсан чинь амбаарын дээвэр дээр уйлчихаад сууж байсан. Тухайн үед хэсгийн төлөөлөгч намайг “ороод байж бай” гэсэн. Удалгүй дээвэр дээр пижигнэсэн чимээ гарсан. Би гараад харсан чинь хэсгийн төлөөлөгч бууг нь булаагаад авсан байсан. Харин цагдаа нь Энхтайваныг барьчихсан байсан. Манай нөхөр 2010 оноос хойш сэтгэцийн өөрчлөлттэй болсон. Эмчийн хяналтанд байдаг. Би Энхтайваныг буудсан талаар сайн мэдэхгүй байна. Дотор байхад юм сонсогдоогүй. Манай нөхөр архи уух нь их, гэхдээ агсам тавьж амгалан тайван байдал алдагдуулдаггүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 28-39-р ху/

11.Гэрч Отгонгэрэлийн 2019 оны 02 дугаар сарын 17-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2019 оны 02 дугаар сарын 17-ны өдөр ээж Даариймаагийн хамт байж байхад хойд аав Энхтайван нь орны ардаас нэг буу аваад “нохой буудна” гээд гараад явсан. Өдрийн 15 цагийн үед хэсгийн төлөөлөгч ахмад Гэрэлт-Од орж ирээд ээжээс “Энхтайван орж ирсэн үү?” гэж асуусан тухайн үед гэрт бид хоёр байж байсан болохоор хэсгийн төлөөлөгч асуучихаад гараад явсан. Ээж бид хоёр гэртээ зурагт үзээд сууж байхад дээвэр дээр хөлийн чимээ гараад байсан. Тэгээд гараад харсан чинь манай аав дээврийн хонгил дотор харин хэсгийн төлөөлөгч Гэрэлт-Од амбаар дээр суугаад аргадаад байсан. Удалгүй би гэрт орсон. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 40-р ху/

12.Гэрч М.Сүхбаатарын 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би Нямжаргал, С.Энхтайван нарыг таньж мэднэ Шаамар сумын уугуул иргэд байгаа юм. С.Энхтайвантай бол найз нөхдийн харьцаатай, Нямжаргалыг бол нутгийн дүү гэдгээр нь таньж мэднэ. Надад С.Энхтайван нь өөрийн нохой устгахад унаж явдаг эксел маркийн автомашинаа зүгээр бэлэглэж өгсөн байсан юм. 2018 оны 12 дугаар сард шинэ жилийн баяраас өмнөхөн надад өгсөн. Ингээд манай хашаанд нилээн удаан байсан ба би ганц ч асаагаагүй юм. Ингэж яваад 2019 оны 02 дугаар сард буюу шинийн 08 -ны өдөр байсан юм. Энэ өдөр надтай нутгийн дүү Нямжаргал таараад “танай хашаанд эксел машин байгаад байна. Та тэр машинаа надад өгчих, би малын баасны машин хийчихмээр байна” гэж хэлэхээр нь “ах нь энэ машиныг асааж мэдэхгүй найз С Энхтайван надад өгсөн юм. Өөрөөс нь асуухгүй бол болохгүй би мэдэхгүй” гэж хэлэхэд “өнөөдөр шинийн 8-ны өдөр их сайн өдөр байгаа юм, та өгчих л дөө” гэж гуйгаад намайг гэртээ урьж оруулаад цагаан сарын юм гэж архи гаргаж ирээд надад хийж өгсөн юм. Би архинаас том шаазангаар 3 удаа татаад архи нь дууссан ба би ч согтсон юм. Ингээд согтсон байхад “машиныг чинь авъя” гээд шалаад гуйгаад байхаар нь “би согтчихлоо, намайг эрүүл болохоор ав, үдээс хойш бол” гэж хэлээд гэртээ  хариад унтсан юм. Намайг гэртээ унтаж байх хойгуур Нямжаргал манай гэрт ирээд “намайг машин өгнө” гэсэн гэж манай эхнэрт хэлээд машины бичиг баримт түлхүүрийг нь аваад Энхтайван дээр очиж хэлээд машиныг Энхтайванаар асаалгаад унаж явсан байсныг маргааш өглөө нь сэрээд мэдсэн юм. Ингээд надаас машин авсан гээд Нямжаргал надад 40.000 төгрөг цувуулж өгсөн ба уг мөнгийг нь зээл төлөхдөө хэрэглээд дуусгасан юм Ингээд би машиныг Нямжаргалд өгсөн байх хугацаанд Нямжаргал, Энхтайван нар маргаж улмаар хэн хэнтэйгээ зодоон цохион хийж улмаар хутга шөвгөндөө  хүрцгээсэн байна. Нямжаргал намайг болохоор “цустай машин хүнийхээ амийг авдаг гэсэн арай хийж Нямжаргалд өгч далд орууллаа” гэж хүмүүст ярьсан байсан” гэж Энхтайванд хэлсэн байсан. Үүнээс нь үүдэн Энхтайван “машин тэргээ авна” гэж очиж машинаа авсан байсан. Тэгээд үүнээс үүдэн маргаантай байж байгаад 2019 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хэрэг асуудал үүссэн байсан. Миний хувьд хүнд “цустай машин хүнээ алдаг юм, арай хийж хүнд зарлаа” гэж ярьснаа бол огт санахгүй байгаа юм, намайг согтуудаа хүмүүст ярьсан гээд Нямжаргал хэлээд байгаа юм би үнэндээ юу ч санахгүй байна. Арай ч тэгж хэлэхгүй байх гэж бодож байна. С.Энхтайван бид 2 найзалж нөхөрлөөд удаж байна, мөн хамт нохой устгалын ажилд явдаг юм. Надад өгсөн байсан “Эксел” машинаар алсан нохойгоо зөөдөг юм, энэ утгаараа тэвш нь цус болсон байгаа. Би сонсоход Нямжаргал машиныг аваад хашаандаа аваачиж тавьсан байхад нь үхэр мал нь ирж тэвшийг нь долоогоод мөөрөлдөөд байна гэж Нямжаргалаас сонссон ба “намайг ирж архиар сэржим өргө” гэж хэлэхээр нь би “болохгүй бол буцаагаад өгчихгүй юу даа” гэж хэлж байсан юм. Ийм л зүйл болсон юм. Одоо би энэ хэрүүл хэрэг асуудалд нь орчихсон буруутан болоод байх шиг байна, миний хувьд тийм хэрэггүй зүйл ярьж гадуур явахгүй согтуудаа тэгж ярьмааргүй юм. Гэтэл намайг “согтуудаа хүмүүст ярьсан байна лээ” гээд байгаа юм. Яг үнэн хэлж мэдэхгүй байна. Нямжаргал бол элий балаа юм шиг сонин сонин юм ярьж явдаг хүн юм би нэг их харьцаад байдаггүй. Харин Энхтайвантай бол ноднин жилээс эхлээд нөхөрлөж байгаа юм зан байдлын хувьд их сайн залуу, сэтгэцийн хувьд жаахан өөрчлөлттэй шиг санагддаг их огцом сэтгэл хөдлөлтэй хүн. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 42-р ху/

13.Сэлэнгэ аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 54 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1. Б.Нямжаргалын биед зүүн шилбэнд шарх, зүүн хацар шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу, мохоо болон хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.  ...гэх дүгнэлт, /хх-ийн 45-р ху/

14.Сэлэнгэ аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн ..... дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1.С.Энхтайваны биед сарвуунд хазагдсан шархтай зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4. Цаашид ерөний хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.  ...гэх дүгнэлт, /хх-ийн 50-р ху/

15. Дархан уул аймгийн Шүүх эмгэг судлалын эмнэлэгийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн №30/19 дугаартай магадлагаа дүгнэлт хэсэгт:

1,2 С.Энхтайван нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн Тархины өвчин гэмтэл, үйлийн хямралын шалтгаан бие хүний ба төрх үйлийн бусад органик эмгэгтэй өөрийн үйлдлээ хариуцах чадваргүй байсан байна. Удамшлын өвчингүй болно.

3 С.Энхтайван нь сэтгэцийн тархины өвчин гэмтэл, үйлийн бусад органик эмгэгтэй учир хэрэг хариуцах чадваргүй болно.

4 С.Энхтайван нь сэтгэцийн Тархины өвчин гэмтэл, үйлийн хямралын шалтгаан бие хүний ба төрх үйлийн бусад органик эмгэгтэй учир түүнд эмнэлэгийн чанартай албадан эмчилгээг СЭМҮТ-ийн тусгай тасагт хийлгэх шаардлагатай болно. ...гэх, /дүгнэлт хх-ийн 55-р ху/,

16. Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх-ийн 03-р ху/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 04-06-р ху/,  галт зэвсэг түр хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл, /хх-ийн 07-р ху/, эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл, /хх-ийн 08-р ху/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-ийн 09-10-р ху/,  эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 11-р ху/, нэгдсэн эмнэлэг, яаралтай тусламж үзүүлсэн байдал, /хх-ийн 44-р ху/,  шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 43, 49 ,54, 91-р ху/, шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 45, 50-р ху/,хохирогчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт, /хх-ийн 46, 51, 59, 60-р ху/, шүүгдэгчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт, /хх-ийн 47,52, 61-р ху/, Дархан уул аймгийн Шүүх эмгэг судлалын эмнэлгийн магадлагаа, /хх-ийн 55-р ху/, Сэлэнгэ аймаг дахь Шаамар сумын Дэлгэрхаан 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт, /хх-ийн 62, 71-р ху/, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн бүртгэл ,/хх-ийн 63-64-р ху/,  Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Эрүүл Мэндийн төвийн тодорхойлолт, /хх-ийн 65-р ху/ Сэлэнгэ аймаг Шаамар сумын эрүүл мэндийн төвийн Хяналтанд байгаа сэтгэцийн эмгэгтэй хүмүүсийн бүртгэл, /хх-ийн 66-67-р ху/, Сэлэнгэ аймаг Шаамар сумын засаг даргын золбин нохой устгах тухай захирамж, /хх-ийн 68-р ху/, нохой устгалын ажлын зааварчилгаа, /хх-ийн 70-р ху/, иргэний үнэмлэхнмий хуулбар, /хх-ийн 72-р ху/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 73-р ху/, шүүгдэгчийн урьд нь шийтгүүлж байсан тухай шийтгэх тогтоолын хуулбарууд, /хх-ийн 75-76,114-117, 118-122, 123-130, 131-132–р ху/, шүүгдэгчид хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 78, 136, 137-139-р ху/, хохирогч нарт хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 78-79-р ху/, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай Прокурорын тогтоол, /хх-ийн 96-97-р ху/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл, /хх-ийн 98-101-р ху,/ эд мөрийн баримт хураан авах тухай мөрдөгчийн санал, /хх-ийн 102-р ху/, зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.Энхтайван нь согтуурсан үедээ 2019 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 14 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 1 дүгээр багийн нутагт шалтгаангүйгээр иргэн Б.Нямжаргалын зүүн хөлөн тус газар хутгаар хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан улмаар уг асуудлыг шалгахаар очсон хэсгийн төлөөлөгч Цагдаагийн ахмад Э.Гэрэлт-Од хэсгийн цагдаа Г.Гандарь нарын өөдөөс хүч хэрэглэж, галт зэвсэг болох Тоз-8 маркийн буугаар буудаж эсэргүүцсэн гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, улмаар шүүгдэгч С.Энхтайваныг  гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсан,  сэтгэцийн Тархины өвчин гэмтэл, үйлийн хямралын шалтгаан бие хүний ба төрх үйлийн бусад органик эмгэгтэй өөртөө болон бусдад аюул учруулж болох эрсдэлтэй болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул  1 жил 3 сарын хугацаагаар эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх санал  шүүхэд ирүүлсэн байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч С.Энхтайваныг согтуурсан үедээ 2019 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 14 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 1 дүгээр багийн нутагт шалтгаангүйгээр иргэн Б.Нямжаргалын зүүн хөлөн тус газар хутгаар хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан улмаар уг асуудлыг шалгахаар очсон хэсгийн төлөөлөгч Цагдаагийн ахмад Э.Гэрэлт-Од хэсгийн цагдаа Г.Гандарь нарын өөдөөс хүч хэрэглэж, галт зэвсэг болох ТОЗ-8 маркийн буугаар буудаж эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байх тул уг гэмт хэргүүдэд  гэм буруутайд  тооцох нь зүйтэй.

Харин  гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсан болох нь Дархан Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн шүүх сэтгэц, эмгэг судлалын эмнэлгийн 2019 оны 02-р сарын 26-ны өдрийн 30/19 тоот магадлагаагаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3-р зүйлийн 3-д “Гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй хүнд ял оногдуулахгүйгээр энэ хуульд заасан эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэнэ” гэж заасны дагуу  шүүгдэгч С.Энхтайванд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчид эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.3-р зүйлийн 6, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4-р зүйлийн 7- д  “Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээний төрөл, хугацааг шинжээчийн дүгнэлт, прокурорын саналыг үндэслэн шүүх тогтооно” гэж  зааснаар шинжээчийн дүгнэлт, прокурорын саналыг үндэслэн тогтоосон болно.

Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар  ТОЗ-8 загварын хуучин  калибрь буу,  буудагдсан сумны хонгио, хэлбэр дүрсээ алдсан тунгалаг хошуу, 8 ширхэг сум, голоороо эвхэгддэг, бор өнгийн иштэй жижигхэн хутга зэрэг хураагдан ирсэн болохыг дурьдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.3-р зүйлийн 2,6, 36.2-р зүйлийн 1,2, 36.6-р зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2, 3.4, 36.8-р зүйлийн 1.1, 1.2, 1.5, 1.8-д зааснаар тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6-р зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах”, мөн хуулийн тусгай ангийн 23.1-р зүйлийн 2.1-д заасан “Хууль сахиулагчийг галт зэвсэг хэрэглэж эсэргүүцэх” тус тус гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3-р зүйлийн 3, 7.4-р зүйлийн 7-д зааснаар шүүгдэгч Боржигон овогт Санжаасүрэнгийн Энхтайванд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авч,  уг эмчилгээг Улаанбаатар хот Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн тусгай тасагт  1 /нэг/ жил 3 /гурван/ сарын хугацаагаар  эмчлүүлсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 190-р зүйлийн 190.2-д зааснаар шүүгдэгч С.Энхтайваныг албадан эмчлэх байгууллагад хүргэх үүргийг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгосугай.

4. Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ТОЗ-8 загварын хуучин  калибрь бууг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Нийтийн  хэв журмыг хамгаалах тасагт шилжүүлж, буудагдсан сумны хонгио, хэлбэр дүрсээ алдсан тунгалаг хошуу, 8 ширхэг сум, голоороо эвхэгддэг, бор өнгийн иштэй жижигхэн хутга зэргийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц устгасугай.

5. Шүүгдэгч С.Энхтайванд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4-д зааснаар шийдвэрийг уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

8.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 4-дэх хэсэгт  зааснаар шүүхийн шийдвэрийг энэ зүйлийн 1.2. дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай.

9.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.2-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч,нар  эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор  Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  улсын яллагч болон дээд шатны  прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1-р зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    С.НОЛХООСҮРЭН