| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэмжидийн Нолхоосүрэн |
| Хэргийн индекс | 175/2019/0069/Э |
| Дугаар | 76 |
| Огноо | 2019-05-07 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | А.Энхтуяа |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 76
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Улсын яллагч А.Энхтуяа
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Отгонбаяр
Нарийн бичгийн даргаар Б.Түвшинтуул нар оролцов.
Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгаас мөрдөн байцаалт явуулж тус аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Зээрд адуун овогт Сандагийн Төмөрбаатарт холбогдох 1931000250046 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Үндсэн захиргаа; Монгол улсын иргэн, 1976 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Баянхонгор аймгийн Гурванбулаг суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, цаг уурын усны техникч мэргэжилтэй, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 1 дүгээр баг, Гангын 76-101 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэл, Сэлэнгэ аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2000 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 02 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.1.2, мөн хуулийн 123.3-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, 2000 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулиар 1 жил 4 сар 5 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Зээрд адуун, овогтой Сандагийн Төмөрбаатар, /РД:МЕ-76021314/,
Шүүгдэгч С.Төмөрбаатар нь 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 1 дүгээр багийн нутаг “Нарийн хөндий” нэртэй газраас 3 метрийн урттай 26 ширхэг нарс модыг зөвшөөрөлгүйгээр ойд бэлтгэн, улмаар 07-54 СЭА улсын дугаартай “Исузу” маркийн тээврийн хэрэгслээр сумын төв рүү тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ.
Тодорхойлох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд;
1.Шүүгдэгч С.Төмөрбаатарын мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 03 дугаар сарын 11-нд яллагдагчаар өгсөн: ... Миний бие 2019 оны 01 дүгээр сарын 07-ний өдөр 11 цагийн үед сумын 1 дүгээр багт гэртээ байж байгаад “Исузу” маркийн 07-54 СЭА улсын дугаартай, өөрийн машиныг асааж Ерөө сумын “Нарийн хөндий” гэх газар руу түлээний мод бэлдэхээр явсан юм. Тухайн үед Ерөө сумын иргэн миний найз Адуучин гэх хүнийг авч явахаар болж, өөрийн Хятад улсад үйлдвэрлэсэн хар өнгийн цахилгаан хөрөөг авч “Нарийн хөндий” нэртэй газар руу явсан. Тэгээд тухайн газраа 15 цагийн үед хуурай нарс модыг бэлтгэсэн. Анх тухайн нарс моднуудыг ойролцоогоор 3 метрийн урттай бэлтгэсэн юм. Тухайн модоо уулнаас нь буулгаж ирэхэд нийт 26 ширхгийг бэлтгэсэн байсан. Тэгээд тухайн моднуудаа өөрийн “Исузу” маркийн 07-54 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэл дээр ачаад Ерөө сум руу явах замд цагдаад саатуулагдсан юм. Тухайн үед ойролцоогоор З метрийн урттай бэлтгэсэн моднуудаа уулнаас буулгаж, машин дээрээ ачих гэсээр байтал харанхуй болсон учраас шууд уртаар нь өөрийн машины тэвшинд ачсан юм. Надад ямар нэгэн ойгоос мод бэлтгэх гэрчилгээ, зөвшөөрөл байхгүй. Би гэртээ түлээний мод татаж байсан юм. Миний мод байсан юм. гэх мэдүүлэг, /хх-ийн 68-р ху/,
2.Шүүгдэгч С.Төмөрбаатар нь шүүх хуралдаанд өгсөн: 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр өглөө 10-11 цагийн орчим Б.Адуучинг зөвшөөрөлгүй мод бэлтгэхээр авч явсан нь миний буруу. 07-54СЭА улсын дугаартай “Исузу” маркийн автомашинаар зөвшөөрөлгүй мод бэлтгэж сумын төв рүү тээвэрлэсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Гэрийн түлээ дуусаад, түлээнд явсан. Тэгээд 150 см-ээр тайрах гээд хөрөө эвдрэхээр нь 3 метрийн уртаар чирээд явж байсан. Олон удаа уулын орой руу явахгүй гээд 3 метрийн урттай тайрсан. Цахилгаан хөрөө миний хөрөө байсан. Исузу маркийн тээврийн хэрэгсэл Манай эхнэрийн машин. Би 26 ширхэг хуурай Нарс мод бэлтгэсэн. Би хохирол төлбөрөө барагдуулсан. Гэмшиж гэм буруугаа хүлээж байна. ...гэх мэдүүлэг,
3. Гэрч Э.Эрдэнэ-Очирын 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Ерөө сумын “Нарийн хөндий” гэх газраас иргэд мод бэлтгэж болно. Уг газар руу түлээний мод бэлтгэх тусгаарлалт хийгдсэн, иргэдийн хэрэгцээнд зөвшөөрөлтэй түлээний мод бэлтгэж болно. Төмөрбаатарын хувьд талбай тусгаарлалт хийгдсэн газраас мод бэлтгэсэн боловч мод бэлтгэх эрхийн бичиг, гоожин гарал үүслийн гэрчилгээ байхгүй байж ойгоос мод бэлтгэн тээвэрлэн явсан үйлдэл нь хууль бус. Төмөрбаатарын хувьд хүсэлт өгч байгаагүй. Төмөрбаатарын бэлдсэн мод хэрэглээний бөөрөнхий нарсан мод байсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 30-р ху/,
3 Гэрч Б.Адуучийн 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2019 оны 01 дүгээр сарын 07-ний өдөр Төмөрбаатар манайд ирээд “модонд яваад өгөөч” гэж хэлэхээр нь би С.Төмөрбаатар ахтай хамт “Нарийн хөндий” гэх газар руу явсан. Замаараа Алтангэрэл гэх залуугаас хамаатны дүүгээс хөрөө авна гээд цахилгаан хөрөө авсан. ...26 ширхэг мод бэлтгэсэн. ...Төмөрбаатар ахыг зөвшөөрөл авсан байх гэж бодсон. ...гэх мэдүүлэг /хх-ийн 31-р ху/,
4. Гэрч Ж.Өлзийбатын 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Ерөө сумын нутагт хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийхэд С.Төмөрбаатар нь хэрэглээний зориулалт бүхий хуурай нарс мод бэлтгэсэн байдалтай явж таарсан. Тухайн үед ойгоос мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй байсан. Хууль бусаар тээвэрлэж явсныг саатуулсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 35–р ху/,
5. Гэрч Д.Алтантулгын 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Ерөө сумын “Нарийн хөндий” нэртэй газраас сумын иргэд мод бэлдэж болно. Уг газар руу түлээний мод бэлтгэх тусгаарлалт хийгдсэн. С.Төмөрбаатар нь түлээний гоожингийн эрх авах талаар өмнө нь хүсэлт өргөдөл өгч байгаагүй. 2019 оны 01 дүгээр сарын 07-ны орой цагдаагийн алба хаагч нартай хамтарсан шалгалт хийх явцад тус сумын иргэн С.Төмөрбаатар нь 07-54 СЭА улсын дугаартай ачааны хэрэгслээр мод бэлтгэж тээвэрлэн явж байх үед нь зогсоон шалгасан. Мод бэлдэх зөвшөөрөл, гоожин, гарал үүсэл байхгүй байсан. Хууль бусаар мод бэлдэж тээвэрлэн явж байсан. С.Төмөрбаатар мод бэлтгэх талаар сумын байгаль орчны албанд хүсэлт өргөдөл өгөөгүй, С.Төмөрбаатар нь 3 метр урттай нарсан, бөөрөнхий мод байсан. Тухайн үед ямар ч зөвшөөрөлгүй мод бэлтгэж, тээвэрлээд явж байсан С.Төмөрбаатар нь хэрэглээний мод тээвэрлэн явж байсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 36–р ху/,
6. Гэрч Б.Болормаагийн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...С.Төмөрбаатар гэх хүнийг нутгийн иргэн гэдэг утгаараа таньж мэднэ садан төрлийн холбоо хамаарал байхгүй. Ерөө сумын “Нарийн хөндий” гэх нэртэй газраас сумын иргэд мод бэлдэж болно. Уг газар руу түлээний мод бэлтгэх тусгаарлалт хийгдсэн байгаа. С.Төмөрбаатар нь түлээний гоожингийн эрх авах талаар өмнө нь хүсэлт өргөдөл өгч байсан. Харин зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн асуудал хууль бус үйлдэл бөгөөд тухайн мод нь бэлтгэх зөвшөөрөл, гоожин, гарал үүсэл байхгүй. Хууль бусаар мод бэлтгэхдээ бол ямар нэгэн гоожин, гарал үүсэл авах хүсэлт гаргаагүй байсан. С.Төмөрбаатарын хувьд бол 3 метр урттай нарсан, бөөрөнхий мод бэлтэгсэн байсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 37–р ху/,
7. Байгаль орчин аялал жуулчлалын газрын шинжээчийн 2019 оны 03 сарын 22-ны өдрийн 04 дугаартай дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:
1. Иргэн С.Төмөрбаатарын бэлтгэсэн гэх 3 метрийн урттай 26 ширхэг мод нь хуурай нарс мод бэлтгэсэн байна. Монгол улсын стандарт MNS 2379:2010 –ний дагуу эзэлхүүнийг тооцоход 3.061 шоо метр хэмжээтэй байна. Байгаль орчин аялал жуулчлалын сайдын “Ойн экологи эдийн засгийн үнэлгээ батлах тухай” 2009 оны 394 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтын дагуу Экологи эдийн засгийн үнэлгээг тооцоход 661.176 төгрөг болж байна.
2. Иргэн С.Төмөрбаатарын мод бэлтгэсэн 3-р мужид хамаардаг, тусгай хамгаалалтын газар нутаг биш.
3.Тус бэлтгэсэн 26 ширхэг модны шинж байдлыг харахад хагаралтай хуурай нарс төрлийн мод байна. Хавсралт материалын дагуу зурган дээр “Нарийн хөндий” гэх газар огтолсон модны хожуул нь хуурай байгаа тул тус газраас 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр тус газраас бэлтгэсэн байх боломжтой.
4. Шинжилгээний явцад шинээр илэрсэн зүйлгүй. ...гэх дүгнэлт /хх-ийн 42-р ху/,
8. Байгаль орчин аялал жуулчлалын газрын шинжээчийн 2019 оны 04 сарын 29-ний өдрийн 08 дугаартай дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:
1. Иргэн С.Төмөрбаатарын бэлтгэсэн гэх 3 метрийн урттай 26 ширхэг мод нь ургах чадвараа алдсан, хуурай нарс мод бэлтгэсэн байна. Монгол улсын стандарт MNS 2379:2010 –ний дагуу эзэлхүүнийг тооцоход 3.061 шоо метр хэмжээтэй байна. Байгаль орчин аялал жуулчлалын сайдын “Ойн экологи эдийн засгийн үнэлгээ батлах тухай” 2009 оны 394 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтын дагуу Экологи эдийн засгийн үнэлгээг тооцоход 157.029 төгрөг болж байна.
Өмнөх Байгаль орчин аялал жуулчлалын газрын шинжээч Э.Энхтулгын 2019 оны 03-р сарын 22-ны 04 дугаартай дүгнэлтэнд модны төрөл, тоо хэмжээг зөв тодорхойлсон боловч ойн экологи эдийн засгийн үнэлгээг тооцохдоо хэрэглээний хуурай модны үнэлгээгээр тооцох ёстой байсныг нойтон модны үнэлгээгээр тооцсон алдаа гаргасан байна. гэх дүгнэлт,
9. “Ашид Билгүүн” ХХК-ний 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн СЭА-33 дугаартай дүгнэлтэнд: ...07-54 СЭА улсын дугаартай 2005 онд Япон улсад үйлдвэрлэгдэж 2012 олд Монгол улсад орж ирсэн ISUZU ELF маркийн автомашины өнгө үзэмж техникийн байдлаас хамаарч 2019 оны 03 дугаар сарын байдлаар 4.500.000 төгрөг болохыг тодорхойлов. ...гэх тодорхойлолт, /хх-ийн 53-р ху/,
10. “Ашид Билгүүн” ХХК-ний 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн СЭА-50 дугаартай дүгнэлтэнд: ...07-54 СЭА улсын дугаартай 2005 онд Япон улсад үйлдвэрлэгдэж 2012 онд Монгол улсад орж ирсэн ISUZU ELF маркийн автомашины өнгө үзэмж техникийн байдлаас хамаарч 2019 оны 04 дугаар сарын байдлаар зах зээлийн үнийн дүн нь 1.000.000 төгрөг болно. ...гэх тодорхойлолт, /хх-ийн 53-р ху/,
11.Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх-ийн 2-р ху/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 3-5-р ху/, модонд үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-ийн 6-8-р ху/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 9-10-р ху/, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, /хх-ийн 13-14, 18-19-р ху/, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 15-16, 20-21-р ху/ шүүгдэгч, хохирогч нарт шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл, /хх-ийн 55-58-р ху/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, /хх-ийн 64-65-р ху/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл, /хх-ийн 68-70-р ху/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 79-р ху/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний хуулбар, /хх-ийн 85-р ху/, тээврийн хэрэгслийн лавлагаа, /хх-ийн 87-р ху/, хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 98-101-р ху/, болон хууль сануулагдан асуугдсан гэрч хохирогчийн мэдүүлэг зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч С.Төмөрбаатар нь 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 1 дүгээр багийн нутаг “Нарийн хөндий” нэртэй газраас 3 метрийн урттай 26 ширхэг нарс модыг зөвшөөрөлгүйгээр ойд бэлтгэн, улмаар 07-54 СЭА улсын дугаартай “Исузу” маркийн тээврийн хэрэгслээр сумын төв рүү тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг бусад нотлох баримт болох гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, модонд үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 9-10-р ху/ эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, шүүгдэгч, хохирогч нарт шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл, тээврийн хэрэгслийн лавлагаа, хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, хууль сануулан асуугдсан гэрч хохирогчийн мэдүүлэг зэргээр батлагдаж байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг байдлуудыг харгалзан үзсэн болно.
Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар нэг ширхэг цахилгаан хөрөө, хураагдан, 3 метрийн урттай 26 ширхэг хуурай нарс мод,07-74 СЭҮ улсын дугаартай ISUZU ELF маркийн тээврийн хэрэгсэл тус тус битүүмжлэгдэн ирсэн болохыг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн, 36.2-р зүйлийн 4, 36.6-р зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2,3, 36.8-р зүйлийн 1, 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Зээрд адуун, овогтой Сандагийн Төмөрбаатарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 24.6-р зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн” гэмт хэрэгт гэм буруутай тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Зээрд адуун, овогтой Сандагийн Төмөрбаатарыг 500 /таван зуун/ нэгжээр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан С.Төмөрбаатарын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 500 /таван зуун/ нэгжээр торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шийдвэрийн биелэлтэнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийн дагуу хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3-р зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч С.Төмөрбаатарт мэдэгдсүгэй.
5.Шүүгдэгч С.Төмөрбаатар нь энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2-р зүйлийн 1.3, 7.5-р зүйлийн 1,2-т зааснаар хавтаст хэргийн 13-р хуудсанд эд хөрөнгө битүүмжлэх Прокурорын тогтоолыг шийдвэр хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, битүүмжлэгдсэн 07-74 СЭҮ улсын дугаартай ISUZU ELF маркийн тээврийн хэрэгслийг жинхэнэ эзэмшигч Оршихын Сувдмаад олгож, шүүгдэгч С.Төмөрбаатараас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 1.000.000 төгрөг гаргуулан, мөн Ерөө сумынЗасаг даргын тамгын газрын хашаанд битүүмжилсэн 3 метрийн урттай, 26 ширхэг нарс мод болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн хятад цахилгаан хөрөөг зэргийг тус тус улсын орлого болгуулахаар /битүүмжилсэн тогтоолыг улсын орлого болгох хүртэл хэвээр байлгаж/ Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд шилжүүлсүгэй.
7.Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Төмөрбаатарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, хэвээр үлдээсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 4-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг энэ зүйлийн 1.2. дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийн хувийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1-р зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НОЛХООСҮРЭН