| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэг Энэбиш |
| Хэргийн индекс | 102/2024/07931/И |
| Дугаар | 210/МА2025/00947 |
| Огноо | 2025-06-02 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 210/МА2025/00947
|
|
|
*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Д.Золзаяа, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 сарын 14-ний өдрийн 192/ШШ2025/02931 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******д холбогдох
Орон сууц захиалан бариулах гэрээний үүрэгт 171,800,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: ******* нь 2022 оны 11 сарын 10-ны өдөр "*******" ХХК-тай ******* дугаартай "Орон сууц захиалан бариулах" гэрээг байгуулж ******* дүүргийн ******* дүгээр хороо, *******д баригдаж буй "*******" хотхоны ******* блокийн ******* орцны ******* давхрын ******* тоот ******* м.кв хэмжээтэй ******* өрөө орон сууцыг 97,393,000 төгрөгөөр бариулахаар тохиролцож, мөн өдөр гэрээний 3.2-т зааснаар "*******" ХХК-ийн захирал *******д 97,393,000 төгрөг төлсөн. Гүйцэтгэгч нь орон сууцыг 2023 оны 4 дүгээр улиралд багтаан ашиглалтад оруулах үүргээ биелүүлээгүй. Барилгын ажил удааширсан тул гүйцэтгэгч компанитай уулзахад байрыг өгөх боломжгүй, *******" ХХК манайхаас бартерт авсан орон сууцаа *******гээр дамжуулан танд худалдсан байх. Танаас мөнгө авсан *******гээс хохирлоо шаардаарай гэсэн. Энэ талаар *******тэй уулзахад буруугаа хүлээж 2024 оны 08 сарын 20-ны өдөр ******* тоот нэмэлт гэрээ байгуулан 2024 оны 11 сарын 20-ны өдрийн дотор "*******" хотхоноос ******* м.кв талбайтай орон сууцыг авч өгөхөөр амалсан ч үүргээ биелүүлэхгүй. "*******" хотхонд орон сууцны 1 м.кв талбайн үнэ 2,800,000-3,000,000 төгрөгийн ханштай байгаа тул *******гээс 171,870,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга: Би *******тай гэрээ байгуулаагүй. ******* ХХК нь *******тай гэрээ байгуулсан. ******* нь ******* ХХК-ийн гүйцэтгэх удирдлага гэдгээрээ л холбогдож байгаа юм. ******* ХХК нь өөрөө барилгын тусгай зөвшөөрөлтэй, туслан гүйцэтгэгч компани. Үндсэн болон нэмэлт гэрээгээр ******* нь *******д орон сууц барьж өгөх эрх үүргийг хүлээгээгүй. Тийм учраас иргэн гэдэг агуулгаар энэ мөнгийг гаргуулах ямар ч хууль зүйн үндэслэлгүй гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч *******гээс 97,393,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 74,477,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,017,800 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 644,915 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгч тал анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан боловч талууд 2025 оны 06 сарын 02-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
ХЯНАВАЛ:
1. Нэхэмжлэгч талаас анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасны дараа зохигч эвлэрч, 2025 оны 06 сарын 02-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээг шүүхэд гаргасан ба дараах агуулгаар талууд эвлэрсэн байна.
1.1. Нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 171,800,000 төгрөгийн зарим хэсэг буюу 31,800,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч ******* нь үлдэх хэсэг буюу 140,000,000 төгрөгийг 2025 оны 09 сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулах.
2. Эвлэрлийн гэрээнд нэхэмжлэгчийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нар гарын үсэг зуржээ. Нэхэмжлэгчээс 2024 оны 11 сарын 21-ний өдрийн ******* бүртгэлийн дугаартай итгэмжлэлээр *******-д, хариуцагчаас 2025 оны 01 сарын 22-ны өдрийн ******* бүртгэлийн дугаартай итгэмжлэлээр *******д тус тус эвлэрлийн гэрээ байгуулах эрхийг олгосон байх тул зохигчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар эвлэрэн хэлэлцэх, гэрээнд гарын үсэг зурах эрхтэй байна.
3. Талууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд эвлэрэх эрхтэй бөгөөд зохигчийн эвлэрлийн гэрээний нөхцөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй гэж үзэхээр байх тул нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нарын гэрээгээр тохиролцсон эвлэрлийг баталж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасны дараа талууд эвлэрсэн тохиолдолд хуульд заасны дагуу давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч талын төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4, 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2022 оны 04 сарын 14-ний өдрийн 192/ШШ2025/02931 дугаар шийдвэрийг хүчингүй болгож,
Нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 171,800,000 төгрөгийн 31,800,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч ******* нь үлдэх 140,000,000 төгрөгийг 2025 оны 09 сарын 01-ний өдрийн дотор төлөхөөр эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 530,335 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар энэ магадлалд зохигч хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, мөн тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР
ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА
Э.ЭНЭБИШ