| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Солонго |
| Хэргийн индекс | 101/2016/05754/и |
| Дугаар | 437 |
| Огноо | 2015-08-03 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2015 оны 08 сарын 03 өдөр
Дугаар 437
| 2016 оны 8 сарын 03 өдөр | Дугаар 101/ШЗ2016/0437 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Солонго би,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг 5 дугаар хороо, Хаппи таун хотхон 73 дугаар байр 144 тоотод оршин суух, Загардуламын Цэвэлмаа /РД:ХЗ70021700/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “Юу Би Эйч Проперти” ХХК-д “Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайвны өргөн чөлөө 13/3 тоот хаягт байрлах 5574765/ холбогдох,
6.260.400 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч З.Цэвэлмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ- Боржигон овогт Загардулмын Цэвэлмаа миний бие “Юу Би Эйч Проперти” ХХК-тай 2014 он 01 сарын 07 өдөр “орон сууц захиалгаар бариулах тухай” HPT13A70 тоот гэрээ байгуулсан юм. Уг гэрээгээр “Юу Би Эйч Проперти” ХХК Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо 15 дугаар хороолол хаягт байрших “HAPPY TOWN” орон сууцны ХД-73 дугаар байрны 2 дугаар орцны 13 давхарт 56,64 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны захиалга өгсөн юм.
“Юу Би Эйч Проперти” ХХК нь уг орон сууцыг 2014 оны 01 дүгээр улиралд багтаан ашиглалтанд оруулахаар тохиролцсон боловч уг хугацаандаа ашиглалтанд оруулж хүлээлгэн өгөлгүй 2014 оны 12 сарын 20 өдрийг хүргэсэн. Бид хэл ам хийн байж 2014 оны 12 сарын 20 өдөр орон сууцандаа орсон юм.
Ийнхүү орон сууцандаа амьдарч байгаад хөрш айлууд байрны м.кв зөрүүтэй байна гэсэн яриа гарсан тул “Инжкон” ХХК-д хандаж хэмжилт хийлгэхэд орон сууцны м.кв хэмжээ 3.33 м.кв бага буюу хэмжээ нь дутуу байсан юм. Орон сууцны 1 м.кв үнэ 1.880.000 учир уг дутуу м.кв нийт төлбөр 6.260.400 төгрөг болж байна.
Мөн миний бие 2014 оны 10 сарын 10 өдөр Улаанбаатар банктай гэрээ байгуулж, орон сууцны ипотекийн жилийн 8 хувийн хүүтэй зээлэнд хамрагдаж, уг орон сууцны төлбөрийг “Юу Би Эйч Проперти” ХХК-д бүрэн барагдуулсан. Уг зээлийг цаг хугацаанд нь үндсэн төлбөр, хүүгийн хамт төлж байгаа бөгөөд 6.260.400 төгрөгийн жилийн хүү л гэхэд 500.832 төгрөгийг жил бүр зээлийн хүүнд төлж байна.
Иймд “Юу Би Эйч Проперти” ХХК-аас 6.260.400 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
Хариуцагч “Юу Би Эйч Проперти” ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа- Манай компани 2013.0412 өдрийн “Захиалгаар барилга, байгууламж бариулах тухай шинэчилсэн гэрээний дагуу Өндөрбуянт холдинг ХХК-иар дээрх барилга угсралтын ажлыг гүйцэтгүүлсэн бөгөөд ингэхдээ барилгын зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрөл бүхий байгууллагын гаргасан батлагдсан зургийн дагуу орон сууцны талбайн хэмжээг тооцон, борлуулалтын үнэ тогтоосон.
Иймд нэхэмжлэгч З.Цэвэлмаагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч З.Цэвэлмаа, хариуцагч “Юу Би Эйч Проперти” ХХК-д холбогдуулан 6.260.400 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Зохигчид 2016 оны 08 дугаар сарын 03 өдөр дараах байдлаар эвлэрсэн байна. Үүнд:
1.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 6.260.400 төгрөгийг бууруулж 4.500.000 төгрөгийн хэмжээнд эвлэрч, хариуцагч энэхүү 4.500.000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхийг зөвшөөрч, нэхэмжлэгч нь 1.760.400 төгрөгөөс татгалзаж байна.
2.Хариуцагч нь 4.500.000 төгрөгийг 2016 оны 09 сарын 20 өдрийн дотор нэхэмжлэгчид төлж барагдуулахаар тадууд эвлэрч байна.
3.Энэхүү эвлэрлийн гэрээг байгуулснаар тухайн асуудлаар нэхэмжлэгч болон хариуцагч нарын хоорондын маргаан ийнхүү эцэслэгдэж, дууссан бөгөөд энэ талаар дахин маргахгүй болно гэжээ.
Иймд зохигчид дээрх байдлаар эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч З.Цэвэлмаа нэхэмжлэлийн шаардлагыг 1.760.400 төгрөгөөс татгалзаж, үлдэх 4.500.000 төгрөгийг хариуцагч “Юу Би Эйч Проперти” ХХК 2016 оны 09 сарын 20 өдрийн дотор нэхэмжлэгчид төлж барагдуулахаар тадууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 115.200 төгрөгийг улсын орлод хэвээр үлдээж, хариуцагч “Юу Би Эйч Проперти” ХХК-иас 28.800 төгрөг, төрийн сангийн холбогдох данснаас 28.800 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.СОЛОНГО