| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмонгэрэл |
| Хэргийн индекс | 101/2016/07185/и |
| Дугаар | 6037 |
| Огноо | 2016-09-30 |
| Маргааны төрөл | Татварын ерөнхий хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 6037
| 2016 оны 09 сарын 30 өдөр | Дугаар 101/ШШ2016/06037 | Улаанбаатар хот |
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэс /Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Ж.Самбуугийн гудамж Нийслалийн Засаг захиргааны 3 дугаар байранд байрлах/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:Паркнайн” ХХК /Баянзүрх дүүрэг,*******,*******,******* “-д холбогдох,
Татварын өр 70.688.040 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,*******,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Түмэндэлгэр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,******* нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
*******тэй харилцагч 5241626 тоот регистрийн дугаартай “Паркнайн” ХХК нь барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. 2014 оны цалин, хөдөлмөрийн хөлс болон тэдгээртэй адилтгах орлогоос суутгасан албан татварын тайлангийн 62,307,207 төгрөг, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын өр 8,380,832 төгрөг, нийт 70,688,040 төгрөгийг хуулийн хугацаанд төлж барагдуулаагүй байна.
Уг үйлдэл нь Монгол улсын татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 /татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх, мөн Монгол улсын татварын ерөнхий хуулийн 57 дугаар сүйлийн 57.1.1 “...ногдуулсан татварын өр буюу дутуу төлөлтийг ногдол хийсэн акт гардуулсан өдрөөс хойш 15 хүртэл хоног”-ийн хугацаанд татварын өрийг төлж барагдуулах гэсэн хуулийн заалтуудыг тус тус зөрчиж байна.
Татварын алба татварын өрийг Татварын ерөнхий хуулийн 63 дугаар зүйлд заасны дагуу татвар төлөгчийн банкин дахь мөнгөн хөрөнгөөс үл маргах журмаар гаргуулахаар дансны гүйлгээг бүрэн зогсоох арга хэмжээ авч, татвар төлөгчид удаа дараа татварын өрийг төлөхийг шаардсан мэдэгдэх хуудас гардуулсан боловч өнөөдрийг хүртэл барагдуулаагүй. Мөн хуулийн дагуу тус компанийн эд хөрөнгийг барыдаалж барьцааны гэрээ хийх хугацаанд өрийг төлж барагдуулаагүй байна.
Иймд Татварын Ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.2 “татварын өрийг бүрэн барагдуулах зорилгоор энэ хуулийн 62.1-д заасан ажиллагааг давхардуулан явуулж болно", мөн хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 /Хугацаанд нь төлөөгүй татварын өрийг энэ хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасан журмын дагуу барагдуулах боломжгүй бол татварын алба шүүхэд нэхэмжлэл гаргана/-т заасныг үндэслэн 2014 оны цалин, хөдөлмөрийн хөлс болон тэдгээртэй адилтгах орлогоос суутгасан албан татварын тайлангийн 62,307,207 төгрөг, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын өр 8,380,832 төгрөг, нийт 70,688,040 төгрөгийг төлүүлж өгнө үү гэв.
Хариуцагч “Паркнайн” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн нэхэмжлэлтэй тус компанид холбогдох “...2014 оны цалин хөдөлмөрийн хөлс болон тэдгээртэй адилтгах орлогоос суутгасан албан татварын тайлангийн 62.307.207 төгрөг, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын өр 8.380.832 /найман сая гурван зуун наян мянга найман зуун гучин хоёр/ төгрөг нийт 70.688.040 /далан сая зургаан зуун наян найман мянга дөч/ төгрөг”-ийг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.
Тус компани нь барилга, угсралтын үйл ажиллагаа явуулдаг бөгөөд эдийн засгийн хүнд нөхцөл байдлаас шалтгаалж барилгын салбар уналтанд орж байр борлогдохгүй ажилчдын цалин хөлсийг төлөх боломжгүй байгаа билээ.
Чингэлтэй дүүргийн татварын хэлтсээс нэхэмжилсэн төлбөр болох 2014 оны цалин хөдөлмөрийн хөлс болон тэдгээртэй адилтгах орлогоос суутгасан албан татварын тайлангийн 62.307.207 төгрөг, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын өр 8.380.832 төгрөг, нийт 70.688.040 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд шүүхээр хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэс нь хариуцагч “Паркнайн” ХХК-д холбогдуулан
2014 оны цалин, хөдөлмөрийн хөлс болон тэдгээртэй адилтгах орлогоос суутгасан албан татварын тайлангийн 62,307,207 төгрөг, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын өр 8,380,832 төгрөг, нийт 70,688,040 төгрөгийн татварын өр гаргуулах шаардлагыг шүүхэд гаргажээ.
Татварын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт татварын алба татвар ногдуулалт, төлөлтөд хяналт тавих, татвар хураахтай холбогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ мэдэгдэл, акт, шаардлага, мэдэгдэх хуудас, төлбөрийн хуудас, дүгнэлт, гэрээ, үйл ажиллагааны тэмдэглэл үйлдэнэ гэж заажээ.
Нэхэмжлэгч ******* нь татварын өр 70.688.040 төгрөгийг хариуцагч "Паркнайн" ХХК-иар төлүүлэхээр мэдэгдэл, мэдэгдэх хуудас, шаардлага хүргүүлж, татварын өр барагдуулах зорилгоор барьцааны гэрээ байгуулж, энэ тухай үйл ажиллагааны тэмдэглэл үйлдэн Татварын ерөнхий хуулийн 69 дүгээр зүйлд заасан ажиллагааг зохих журмын дагуу гүйцэтгэсэн болох нь хэрэгт авагдсан доорхи баримтуудаар тогтоогдлоо.
Тодруулбал тус хэлтэс нь татвар төлөгчийн татварын өрийг эд хөрөнгө, цалин хөлс бусад орлогоос гаргуулах үед байгуулах барьцааны гэрээгээр Эрхийн улсын бүртгэлийн ,,,, Яармагийн урд дэнжид байрлалтай, орон сууцыг барьцаалсан барьцааны гэрээ байгуулж, эд хөрөнгө барьцаалсан тухай тэмдэглэл үйлдсэн, уг барьцааны зүйлийн үнэлгээг 925.000.000 төгрөгөөр үнэлж, барьцааны гэрээг 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаатай байхаар тохиролцсон байна.
/хх-ийн 9-14, 20-29 дүгээр тал/
Тус хэлтсийн татварын улсын байцаагч нь 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр "Паркнайн" ХХК-ийн захирал Т.Эрдэнэбатхаантай ярилцлага хийсэн байх ба тэрээр барьцааны гэрээний хугацаа дуусмагц хөрөнгө битүүмжлэн шүүхэд нэхэмжлэл гаргахад татгалзах зүйлгүй гэсэн тайлбар өгч байжээ.
/хх-ийн 19-20 дугаар тал/
Татварын ерөнхий хуулийн 62 дугаар зүйлд татварын өрийг хураах ажиллагааны дарааллыг тусгасан байх бөгөөд хугацаанд нь төлөөгүй татварын өрийг мөн хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасан журмын дагуу барагдуулах боломжгүй бол татварын алба шүүхэд нэхэмжлэл гаргана гэж заасны дагуу нэхэмжлэгч ******* нь хугацаанд нь төлөөгүй татварын өрийг төлүүлэхээр шаардах эрхтэй байна.
Иймд хариуцагч "Паркнайн" ХХК-иас 2014 оны цалин, хөдөлмөрийн хөлс болон тэдгээртэй адилтгах орлогоос суутгасан албан татварын тайлангийн 62,307,207 төгрөг, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын өр 8,380,832 төгрөг, нийт 70,688,040 төгрөгийн татварын өрийг *******т олгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 70 дугаар зүйлийн 70.1-д зааснаар хариуцагч "Паркнайн” ХХК-иас татварын өр 70,688,040 /далан сая зургаан зуун наян найман мянга дөч/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч ******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурьдаж, хариуцагч "Паркнайн" ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 511.390 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ