Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2025/00948

 

 

 

 

 

 

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Ч.Цэнд, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 сарын 04-ний өдрийн 192/ШШ2025/00947 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч *******т холбогдох

94,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: *******тай 2022 оны 05 сард тохиролцож *******' ХХК-ийн ******* хотхонд баригдах ******* м.кв талбайтай*******өрөө орон сууцыг 94,000,000 төгрөгт тооцон орон сууц захиалгын гэрээ байгуулж, төлбөрт нь өөрийн өмчлөлийн ******* улсын дугаартай, ******* маркийн автомашиныг 84,000,000 төгрөгт, үлдэх 10,000,000 төгрөгийг дансаар шилжүүлэн өгсөн. Тохиролцсоны дагуу би автомашинаа бусдад худалдах итгэмжлэлийг хариуцагчид өгөх замаар хүлээлгэн өгч 10,000,000 төгрөгийг нь дансаар шилжүүлснээр орон сууцны үнийг бүрэн төлсөн. ******* нь орон сууц захиалгын гэрээг надад шилжүүлсэн ч тус орон сууц нь 2022 оны 05 сард очиж үзэхэд байдлаасаа өөрчлөгдөөгүй, ямар ч ажил хийгдээгүй байсан. Энэ талаар цагдаагийн байгууллагад гомдол гаргасан ч ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал нь олдохгүй эрэн сурвалжлагдаж байгаа бөгөөд тус компанитай байгуулсан гэрээ хэрэгжих боломжгүй болсон. ******* нь тус компанийн захирал *******тай өр авлагын тооцоотой байсан ч авлагаа авч чадаагүйн хариуд орон сууц захиалгын гэрээг шилжүүлэх байдлаар над руу шилжүүлсэн байна. Иймээс автомашины үнэ 84,000,000 төгрөг, дансаар шилжүүлсэн 10,000,000 төгрөг, нийт 94,000,000 төгрөгийг *******аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Би 2022 оны 02 сарын 25-ны өдөр ******* ХХК-тай ******* дүүрэг, 2 дугаар хороо, ******* хотхоны ******* байрны ******* м.кв талбай 1 м.кв 1,600,000 төгрөгөөр бодож нийт 240,000,000 төгрөгийн орон сууц захиалгын гэрээ байгуулсан. Би ******* ХХК-ийн захирал *******д 2022 оны 05 сарын 09-ний өдөр *******гээс байрны төлбөрт 10,000,000 төгрөг, ******* маркийн автомашиныг авсан ба миний захиалсан байрыг *******д шилжүүлэн өгөх, ******* бид хоёрын тооцоо дууссан гэсэн өргөдөл гаргасан. *******гийн ******* маркийн автомашины үнэд 84,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. ******* нь тухайн байрны төлбөрт надад шилжүүлж *******ХХК-тай орон сууцны захиалгын гэрээ байгуулчихаад өөрөөр тайлбарлан шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй. Тэрээр ******* ХХК-тай байгуулсан гэрээг цуцалж байгаа бол байрны төлбөрт төлсөн 94,000,000 төгрөгийг ******* нь ******* ХХК-тай байгуулсан гэрээний дагуу тухайн компаниас нэхэмжлэх ёстой. ******* ХХК болон ******* нарын хооронд байгуулсан орон сууц захиалгын гэрээ хүчин төгөлдөр байхад надаас хохирлоо шаардаад байгаа нь үндэслэлгүй, хариуцагчаа буруу тодорхойлсон гэж үзэж байна. Орон сууц захиалгын гэрээ хүчин төгөлдөр байхад надаас хохирлоо шаардаж байгаа нь намайг хохироож байгаа учраас нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******гийн хариуцагч *******т холбогдуулан 94,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 752,900 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: ******* нь 2022 оны 05 сарын 10-ны өдөр *******тай тохиролцож *******" ХХК-ийн "*******" хотхонд баригдах ******* м.кв талбайтай ******* өрөө орон сууцыг 94,000,000 төгрөгөөр үнэлэн орон сууц захиалгын гэрээний нэрийг *******аас шилжүүлэн авч, хариу төлбөрт *******т өөрийн өмчлөлийн ******* улсын дугаартай, ******* маркийн автомашиныг 84,000,000 төгрөгт тооцон өгч, үлдэх 10,000,000 төгрөгийг дансаар шилжүүлсэн. Талууд дээрх байдлаар амаар тохиролцон арилжааны гэрээ байгуулсан ба ******* нь хүлээсэн үүргээ биелүүлэн 10,000,000 төгрөг болон автомашиныг *******т биетээр хүлээлгэн өгсөн. ******* нь маргаан бүхий орон сууцыг 2022 оны 4 дүгээр улиралд ашиглалтад орно гэж тайлбарлаж байсан. ******* болон "*******" ХХК-ийн хооронд байгуулсан орон сууц захиалгын гэрээний 2.1-т энэ талаар тусгагдсан. ******* нь 2022 оны 05 сарын 11-ний өдөр барилгын явцтай танилцахаар очиход эл хуль ажил огт хийгдэхгүй байсан. *******ын зүгээс тус барилгын ажил бүрэн зогссон талаар ямар ч мэдээлэл өгч байгаагүй тул *******тай хийсэн наймаагаа буцаах талаар утсаар мэдэгдэхэд Баригдана, хүлээж байгаарай" гэж хойшлуулж, нэмэлт хугацаа авсаар 2022 оны намар болоход тус барилга дээр ямар ч ажил хийгдээгүй. Ингээд тус барилга нь баригдахгүй болох нь тодорхой болсон тул *******гийн зүгээс 2022 оны 10 сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст тус асуудлаар *******т холбогдуулан гомдол гаргасан. ******* нь *******тай байгуулсан арилжааны гэрээг байгуулсан өдрийнхөө маргаашнаас нь эхлэн гэрээнээс татгалзаж, хийсэн наймаагаа буцаах хүсэл зоригтой байсан болохоо илэрхийлж байсан бөгөөд энэ нь хэрэгт авагдсан ******* дүүргийн цагдаагийн хэлтэст *******т холбогдуулан гаргасан гомдлоос тодорхой харагдаж байна.

*******ын шилжүүлсэн "*******" ХХК-ийн орон сууц захиалгын гэрээ нь огт хэрэгжээгүй, хэрэгжих боломжгүй болох нь 2024 оны 11 сарын 06-ны өдрийн шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэлээр тодорхой харагдаж байгаа ба 2022 оны 4 дүгээр улиралд ашиглалтад орох ёстой байсан барилга одоо болтол ямар ч ажил хийгдээгүй. Нэхэмжлэгч нь шаардах эрхийн үндэслэлээ *******тай байгуулсан гэрээнээс татгалзаж, шилжүүлсэн автомашины үнэ болон шилжүүлсэн 10,000,000 төгрөгийг буцаан гаргуулахаар тодорхойлсон байхад шүүхээс гэрээнээс татгалзсан нь үндэслэлтэй байсан эсэх талаар ямар нэгэн дүгнэлт хийгээгүй бөгөөд тус шаардах эрхийн үндэслэлийг няцаагаагүй байна. ******* нь *******тай тохиролцсон гэрээнээсээ татгалзан, өгсөн зүйлсээ буцаан шаардах нь үндэслэлтэй бөгөөд тус нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга: Анх 2022 оны 05 сарын 09-ний өдөр *******, *******, ******* ХХК нарын хооронд ******* м.кв ******* өрөө орон сууц захиалгын гэрээг ******* өөрийн нэр дээр шилжүүлж авахаар тохиролцож гэрээ байгуулагдсан. Төлбөрийн нөхцөлийг *******т шилжүүлж өгөхийг ******* ХХК зөвшөөрсөн бөгөөд ******* хүсэлт гаргахад ******* зөвшөөрсөн тул талууд хоорондоо тохиролцож гэрээ, хэлцлийг байгуулсан. ******* нь ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигч эсхүл тухайн компанийн дотоод ажилтан биш тул тухайн барилга хэрхэн баригдах болон баригдахгүй байгаа шалтгааныг ******* мэдэх боломжгүй. ******* нь зээлийн мөнгө өгсөн төлбөртөө орон сууц захиалгын гэрээ байгуулсан талбайнаас *******д шилжүүлж өгсөн. Гэтэл нэхэмжлэгч нь ******* ХХК-д холбогдуулан дээрх хэлцлийг цуцлах талаар хүсэлт гаргаж байгаагүй. Мөн шүүхэд ******* ХХК-ийг хариуцагчаар татаж, нэхэмжлэл гаргасан зүйл байдаггүй. Зөвхөн төлбөрийн нөхцөлийг хүлээж авсан *******аас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Анх ******* ХХК, *******, ******* нар тохиролцож гэрээ хэлцлийг хийсэн атлаа зөвхөн *******т холбогдуулж гэрээнээс татгалзаж байгаа нь ойлгомжгүй байна. ******* ХХК, *******, ******* нарын хооронд хийгдсэн гэрээ хүчин төгөлдөр байгаа тохиолдолд ******* нь ******* ХХК-аас талбай болон мөнгөө нэхэмжлэх боломжтой байхад *******аас нэхэмжилж байгаа нь *******т эрсдэл үүсгэж байна. Барилга баригдахгүй удааширч байна гэх нөхцөлөөр *******ыг залилсан гэж цагдаагийн байгууллагад гомдол гаргасан бөгөөд гомдолтой холбогдолтой нотлох баримтууд хэрэгт авагдсан. Цагдаагийн байгууллагаас энэ нь залилангийн хэрэг байна гэх дүгнэлт гаргаагүй. Анхан шатны шүүх нэхэмжлэгч арилжааны гэрээ гэх агуулгаар шаардах эрхтэй гэж үзэж байгаа нь үндэслэлгүй, Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан ба уг гэрээний үндсэн дээр орон сууц захиалгын гэрээг шилжүүлж авсан тал хариуцагчаа буруу тодорхойлсон байна гэх талаар тайлбарласан. Иймд давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаав.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан ******* улсын дугаартай, ******* арлын дугаартай, ******* маркийн автомашины үнэ 84,000,000 төгрөг, бэлэн бусаар шилжүүлсэн 10,000,000 төгрөг, нийт 94,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ******* нь ******* ХХК-тай орон сууц захиалгаар бариулах гэрээний төлбөрт тооцон тухайн автомашин, 10,000,000 төгрөгийг шилжүүлсэн, 94,000,000 төгрөгийг тухайн компаниас нэхэмжлэх ёстой гэж тайлбарлан маргажээ.

3. Нэхэмжлэгч шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа ******* улсын дугаартай, ******* маркийн автомашиныг худалдах итгэмжлэлийг хариуцагчид олгосон, гэвч хариуцагч уг автомашиныг худалдсан боловч үнийг төлөөгүй гэж үндэслэлээ тодорхойлжээ.

Хариуцагч нэхэмжлэлээс татгалзсан агуулгаар шүүхэд тайлбар гаргасны дараа нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ *******тай тохиролцон ******* ХХК-ийн барьж байгаа ******* хотхоноос 94,000,000 төгрөгөөр ******* өрөө орон сууц худалдан авахаар тус компанитай гэрээ байгуулж, төлбөрт нь автомашин болон 10,000,000 төгрөгийг төлсөн. Улмаар ******* ХХК-тай 2022 оны 05 сарын 09-ний өдөр Орон сууц захиалгаар барих гэрээ байгуулсан ч уг орон сууц ашиглалтад орохгүй, гэрээ хэрэгжихгүй нь тодорхой болсон гэсэн агуулгаар өөрчилж, мөн нэхэмжлэлийн шаардлагаа 10,000,000 төгрөгөөр ихэсгэжээ.

4. Зохигчийн нэхэмжлэл, хариу тайлбар болон хэргийн баримтаас үзвэл нэхэмжлэгч нь ******* ХХК-тай 2022 оны 05 сарын 09-ний өдөр Орон сууц захиалгаар барих гэрээ байгуулж, орон сууцны үнэд дээрх автомашиныг 84,000,000 төгрөгт тооцож, нэмж 10,000,000 төгрөгийг төлсөн гэж гэрээний 3-т тусгажээ. Энэхүү гэрээнээс аль нэг тал нь татгалзсан эсхүл хүчин төгөлдөр бус болсон талаархи баримт хэрэгт авагдаагүй байна.

Нэхэмжлэгч дээрх орон сууц захиалгаар барих гэрээний үнэд шилжүүлсэн автомашины үнэ болон 10,000,000 төгрөг, нийт 94,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа ******* ХХК-тай байгуулсан гэрээ хэрэгжих боломжгүй болсон, тус компанийн захирал олдохгүй байгаа гэсэн үндэслэлийг заасан нь хариуцагчид яагаад хамааралтай нь тодорхойгүй.

Нэхэмжлэгч нь ******* ХХК-тай 2022 оны 05 сарын 09-ний өдөр байгуулсан орон сууц захиалгаар барих гэрээний талаар тодорхой байр суурийг илэрхийлсэн эсэхийг түүний нэхэмжлэл, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан тайлбараас тодорхойлох боломжгүй байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ өөрчлөхдөө ******* ХХК-тай байгуулсан орон сууц захиалгаар барих гэрээнээс татгалзсан агуулгыг илэрхийлсэнтэй холбоотойгоор зохигчийн хооронд үүссэн маргааныг шүүх хянан шийдвэрлэхэд ******* ХХК-ийн эрх ашиг хөндөгдөх эсэх, тус компанийг энэхүү хэрэгт оролцуулах шаардлагатай эсэхийг тус тус зохигчоос тодруулах нь хэргийн бодит байдлыг тогтооход хамааралтай, ач холбогдол бүхий нөхцөл байдал гэж үзэхээр байна.

Эдгээр нөхцөл байдлыг тодруулахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримт, хэргийн оролцогчийн тайлбарыг үндэслэн хэргийг давж заалдах шатны журмаар хянан магадлах боломжгүй нөхцөл байдал үүслээ гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

5. Давж заалдах шатны шүүх дээрх ажиллагааг нөхөн гүйцээх замаар хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 сарын 04-ний өдрийн 192/ШШ2025/00947 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 627,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Д.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД  Ч.ЦЭНД

Э.ЭНЭБИШ