Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 80

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд: 

 

      Улсын яллагч                                        Г.Цолмонгэрэл

      Шүүгдэгчийн өмгөөлөгч                        Р.Атарцэцэг

      Нарийн бичгийн даргаар                      Б.Баярдэлгэр нар оролцов.

 

Тагнуулын ерөнхий газрын мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн байцаалт явуулж Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Цогтбаатарын Очирсүхэд холбогдох эрүүгийн 1902000910079 тоот хэргийг хянан хэлэлцэв. 

Үндсэн захиргаа; Монгол улсын иргэн, Төв аймагт 1988 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сүлжээний инженер мэргэжилтэй, хувиараа гар утасны сэлбэг зардаг ажилтай, ам бүл 5, эцэг эх эхнэр хүүхдийн хамт, Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 12 дугаар хороо, Булгийн 19-1154 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Боржигон овогт Цогтбаатарын Очирсүх, /РД: НР-88042875/,

Шүүгдэгч Ц.Очирсүх нь 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг авто замын шалган нэвтрүүлэх боомтоор Оросын холбооны улс руу зорчихдоо хуурамч бичиг баримт буюу өөрийн төрсөн дүү Ц.Батсүхийн гадаад паспортыг ашиглаж Монгол улсын хилийг нэвтэрсэн гэмт хэрэгт холбогджээ.   

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Үүнд; 1.Шүүгдэгч Ц.Очирсүхийн мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 03 дугаар сарын 25, 28-нд яллагдагчаар өгсөн: ... Би 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймагт очсон, Тухайн үед ОХУ-аас манай найз Баярцог “бараа авчирч хамт зарна” гэж тохирсон байсан учир би Сэлэнгэ аймагт очсон. Тэгээд би Сэлэнгэ аймгийн Аптанбулаг суманд байх “Дельфин” зочид буудалд байрласан, Тухайн үед би өдрийн 25,000 төгрөгийн өрөөнд орсон, буудалд орохдоо би 2 өдрийн мөнгө өгсөн. Тэгээд тухайн үед манай найз “цаанаас одоо гарлаа, ирж байна” гэж хэлээд намайг Алтанбулаг дээр байлгаад байсан. Тэгээд 2 хоносон боловч найз орж ирээгүй, тэгээд дахин хүлээх болсон тул би ээжээсээ 40,000 төгрөг авч, буудалдаа өгсөн. Ингээд найз ирнэ гээд би тус буудалд нийт 10 хоносон байсан, тухайн үед манай найз ирээгүй, сүүлдээ утас нь хүртэл болохгүй болсон. Тэгээд би тухайн үед тус буудалд бараг 10 хоносон боловч 5 хоногийн мөнгийг нь өгсөн, харин үлдсэн 5 хоногийн мөнгө байхгүй байсан учир би өөрийн гадаад паспортаа барьцаанд тавьж үлдээж Улаанбаатар хот руу ирсэн. Тэгээд ирээд 7-8 хоног утас засвар дээр ажиллаж 400,000 төгрөгтэй болоод ОХУ-ын Улаан-Үд хот руу сар шинийн баярын гарын бэлэг худалдан авах зорилгоор явсан. Явахдаа өөрийн паспортаар явах гэтэл миний паспорт барьцаанд байсан өөрийн паспортаа авах гэтэл 400,000 төгрөгөөс 130,000 төгрөгөөр нь паспортоо авах гээд байсан учир өөрийн төрсөн дүүгийн паспортаар явахаар шийдсэн, Тухайн үед манай дүү Ц.Батсүхийн гадаад паспорт нь түүний “Приүсс 20” маркийн авто машины голын хайрцагт байсан паспортыг дүү Ц.Батсүхэд хэлэлгүй шууд авсан. Тэгээд би дүү Ц.Батсүхийн паспортыг түүний машинаас 2019 оны 01 дүгээр сарын 31 -ний өдөр аваад шууд тэр өдөр Сэлэнгэ аймаг руу явсан. Тэгээд Сэлэнгэ аймагт очоод 2019 оны 02 дугаар сарын 01-ний өглөө Сэлэнгэ аймаг дээрээс ОХУ-ын Улаан-Үд хот явах “Альпард” маркийн машинд сууж явсан. Тэгээд машин Алтанбулаг автозамын шалган нэвтрүүлэх боомт дээр очиж, баримт бичиг шалгуулж, улсын хилээр нэвтрэх үед миний бие дүү Цогтбаатарын Батсүхийн гадаад паспортыг  үзүүлж, хилийн баримт бичгийн шалгагчид шалгуулсан. Тухайн үед намайг “адилхан биш байна, ээж аавын гар утасны дугаар өг” гэж хэлсэн. Тэгээд би ээж, аавын утасны дугаарыг өгсөн, тухайн үед 06 цаг болж байсан учраас ээж, аав руу залгаагүй. Тэгээд намайг “хурууны хээ өгөх үү” гэж асуухад би “өгөхгүй” гэсэн. Тэгээд намайг сууж байхад хилийн цэргийн нэг залуу орж ирээд “чиний мэдээллийг шүүгээд гаргаад ирлээ, чи Очирсүх байна” гэж хэлэхэд би болсон асуудлыг үнэн зөвөөр хэлсэн. Тэгээд тухайн үед намайг хилийн 0101 дүгээр анги руу авч явж байхад Алтанбулагт байх “Дельфин” зочид буудал руу орж өөрийн паспортыг барьцаанд байгаа талаар хэлж, тус буудал руу дагуулж явж харуулсан. Тэгээд хилийн анги руу явсан. Тэгээд Хилийн 0101 дүгээр ангид очиж мэдүүлэг өгсөн, тэгээд дараа нь “Дельфи”н зочид буудал руу очиж би өөрийн мөнгөөр өөрийн гадаад паспортыг аваад хилийн цэргийн хүмүүст өгсөн. Мөн тухайн үед би хилийн албан хаагч нараас уучлалт гуйсан. Тэгээд би Улаанбаатар хот руу явсан.  ...гэх мэдүүлэг, /хх-ийн 75-81-р ху/,

2. Шүүгдэгч Ц.Очирсүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: 2019 оны 2 дугаар сарын 1-нд Цагаан сарын гарын бэлэг авах зорилгоор 400,000 төгрөгтэй Оросын холбооны улсын Улаан-Үүд хот руу явсан. Тэгээд хилийн паспорт шалгадаг хүн дээр очиж паспортоо шалгуулсан. Надаас “ямар ордонд төрсөн” талаар асуухад нь ордоо буруу хэлээд “та биш юм биш үү” гэхээр нь би үнэнээ хэлсэн. Намайг Сэлэнгэ аймгийн Тагнуулын газар хүргэж өгсөн. Тагнуулын газраас надад “Таныг Улаанбаатар хотын тагнуулын газарт шилжүүллээ, дуудсан цагт нь бэлэн байгаарай” гэж хэлсэн. Улаанбаатар хотын Тагнуулын газраас Ганбаяр гэдэг хүн надтай холбогдоод дуудсан цагт нь очиж байсан. Өмнө жилийнх нь цагаан сараар ээж аавдаа гоё бэлэг авч өгнө гээд амласан байсан. Бичиг баримтаа 130,000 төгрөгийн барьцаанд тавьчихсан, авах гэхээр мөнгө багатай явж байсан. Тэгээд дүүтэйгээ төстэй гээд байдаг болохоор нь гайгүй байх гэж бодоод дүүгийнхээ бичиг баримтыг аваад гарчихсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би “Швед” улсын “Dell” комьпютерийн үйлдвэрийн газарт надаас өөр нэг ч монгол хүнгүй гурван Герман найман Швед хүнтэй 3 жилийн хугацаанд комьпютерийн угсралт хийж байсан. Тийшээгээ явж системийн угсрагчаар ажилд орох гээд виз мэдүүлсэн байгаа юм. Тэгээд гадаад дотоод явах гэж байгаа учир оногдуулах ялыг хөнгөлж өгөөч гэж хүсэж байна.  гэх мэдүүлэг,

3.Гэрч П.Эрхэмбаярын мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр өгсөн: ...Иргэн П.Эрхэмбаяр миний бие нь Алтанбулаг АЗШНБ-ын гарах чиглэлийн зорчигчийн баримт бичиг шалгах манаанд 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 20 цагаас 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 08 цаг хүртэл үүрэг гүйцэтгэсэн. Үүрэг гүйцэтгэж байхад 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 04 цаг 45 минутын үед гарах чиглэлд Цогтбаатарын Очирсүх нь өөрийн төрсөн дүү болох Цогтбаатарын Батсүхийн энгийн гадаад паспорттай над дээр ирж шалгуулсан. Тухайн үед паспортын аваад зурагтай нь шалгуулж буй иргэнийг тулгалт хийхэд, өөр хүний баримт бичигтэй зорчиж байж болзошгүй зураг нь жаахан зөрүүтэй байсан. Иймд ээлжийн дарга, хошууч Э.Зол-Эрдэнэд мэдэгдсэн. Ээлжийн дарга, хошууч Э.Зол-Эрдэний хамт нарийвчилсан шалгалт хийсэн ба тухайн иргэн жил, нас, регистрийн дугаараа зөв хариулж, ордоо мэдэхгүй, буруу хэлж байсан. Иргэн Ц.Очирсүх нь өөрийн дүү Ц.Батсүхийн гадаад паспортыг миний паспорт хэмээн бусдын баримт бичгээр хил зөрчих гэж байгаагаа нуун далдлах эж оролдсон боловч иргэний бүртгэлийн сангаар эцгийнх нь нэрийг хийж төрсөн хүүхдүүдийнх нь талаар мэдээллийг нь харахад иргэн Ц.Очирсүхийн мэдээлэл гарч ирсэн ба өөрийнх нь мэдээллийг үзүүлэхэд дүүгийнхээ баримт бичгээр зорчиж байгаагаа хүлээсэн. Иргэн Ц.Очирсүх нь хориггүй байсан. Өөрийн баримт бичгээ Алтанбулаг сумын “Дельфин” буудалд барьцаанд тавиад аваагүй байсан ба “сар шинийн баярынхаа хүнс авах зорилгоор ОХУ-руу зорчиж байна” хэмээн ярьсан. “Дельфин” буудлаас асуухад 130,000/ нэг зуун гучин мянга/ төгрөгийн өрөнд Ц.Очирсүх гэсэн энгийн гадаад паспорт тавьсан нь үнэн гэж хэлж байсан.. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 15-16-р ху/,

4.Гэрч Ц.Отгончимэгийн мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр өгсөн: ... Би Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум дахь “Дельфин” зочид буудалд 13 жил жижүүрээр ажиллаж байна. 2018 оны 10 дугаар сарын дундуур шиг санаж байна. Өдрийг нь сайн хэлж мэдэхгүй байна. Энэ Очирсүх гэх залуу манай буудалд 7-8 орчим хоносон юм. Тэр анх орохдоо 2 хононо гэж хэлээд 2 хоногийн мөнгө 40.000 төгрөг төлсөн. Манайх гадаад паспортыг нь авч үлдсэн. 2 хоногийн дараа тэр “дахин хэд хонох болсон мөнгө ирэхээр бөөнд нь өгчихнө” гэж хэлээд 6 хоносон. Гэтэл тэр намайг байхгүйд нөгөө ээлжийн жижүүр гарч байхад “эргэж ирээд мөнгөө өгөөд гадаад паспортоо авна” гэж хэлээд өрөөгөө хүлээлгэж өгөөд явсан байсан. Гэтэл он гараад цагаан сарын өмнөхөн 2 дугаар сарын 2-ны орчим байх өдөр байж байтал хилийн цэргийн алаг хувцастай 2 хүн Очирсүхийн хамт ирээд “энэ хүний паспорт байна уу” гэхээр нь “байна” гээд үзүүлсэн. Ингээд Очирсүх нь манайд төлөх ёстой байсан 130.000 төгрөгөө төлөөд паспортоо аваад явсан юм. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 55-56-р ху/,

5.Гэрч Д.Уранчимэгийн 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Миний хүү 1988 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр манай гэрт 3 дахь хүүхэд болж төрсөн, дээрээ 2 эгчтэй байсан боловч 2 эгч нь эндсэн юм, одоо айлын том хүү. Ц.Очирсүх нь бага насаа хөдөө мал дээр ээж, аав дээрээ өссөн, сургуульд орохдоо Улаанбаатар хотод ирж 1996 онд Нийслэлийн 39 дүгээр сургуульд 1 дүгээр ангид элсэн орж, тус сургуулийн 9 дүгээр ангийг 2005 онд төгссөн. Тэгээд төгссөн жилдээ цэрэгт явсан, цэргийн алба хааж байхдаа нүдэндээ бэртэл аваад халагдсан. Тэгээд миний хүү хувиараа ажил эрхэлдэг байсан. Манай хүү одоог хүртэл эхнэр, хүүхэдгүй ганц бие одоо бид нартай хамт амьдардаг юм. Миний хүү зан чанарын хувьд найрсаг, хүн амьтантай муудаад байдаггүй, архи дарс уудаггүй, ямар нэгэн хэрэг төвөгт оролцож байгаагүй томоотой хүүхэд юм. Хий гэсэн ажлыг тууштай хийдэг, хүн амьтнаас гажаад байдаггүй хүүхэд юм. Би уг нь 3 хүүтэй юм, 3 лаа томоотой, социализмын үед хүмүүжсэн, өссөн хүүхдүүд учраас болох, болохгүй зүйлийг сайн мэдэх ёстой юм. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 57-58-р ху/,

6.Гэрч Ц.Батсүхийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би өөрийн төрсөн ах Ц.Очирсүхийг миний гадаад паспортыг авч явсан, хилээр гарах гэж байгаа талаар мэдээгүй, надад тухайн үед хэлээгүй. Миний гадаад паспорт миний машинд явж байдаг юм. Учир нь 2018 оны 10 дугаар сард би ОХУ-руу яваад ирэхдээ машинд үлдээсэн. Тэгээд тэрнээс хойш машины голын хайрцганд байдаг байсан. Тэгээд өнөөдөр өглөө ажилдаа явах гэж байхад манай ээж Д.Уранчимэг “ах Ц.Очирсүх чинь чиний гадаад паспортыг аваад Орос улс руу явах гэж байгаад баригдсан байна. Одоо цагдаагийн газарт очих хэрэгтэй болсон” гэж хэлэхэд миний бие “паспорт гэрт байгаа шүү дээ” гэж хэлэхэд ээж “ах чинь аваад явсан чиний паспортаар Орос руу гарах гэж байгаад баригдсан” гэж хэлсэн. Тэгээд би тухайн асуудлын талаар мэдсэн.   ...гэх мэдүүлэг, /хх-ийн 52-54-р ху/,

7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 930 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1. Шинжилгээнд ирүүлсэн E-1890386 дугаартай гадаад паспорт дээрх зурагт дүрслэгдсэн Tsogtbaatar Batsukh-ийн гэх зурагт дүрслэгдсэн хүний гадна дүр төрх нь харьцуулах загвараар ирүүлсэн НР88042875 регистрийн дугаартай Цогтбаатар овогтой Очирсүхийн гэх гэрэл зурагт дүрслэгдсэн хүний гадаад дүр төрхтэй баруун чихний хэлбэр, зүүн хөмсөгний байрлал, хамрын цонхны гүн, угалзны хэмжээ зэрэг хувийн онцлог шинж тэмдгээр тохироогүй байна. ...гэх дүгнэлт, /хх-ийн 64-р ху/,

8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 929 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1. Шинжилгээнд ирүүлсэн Цогтбаатарын Батсүх /РД:НР89070574/-ийн E1890386 дугаартай монгол улсын иргэний үндэсний энгийн гадаад паспорт нь жинхэнэ.

2. Шинжилгээнд ирүүлсэн Цогтбаатарын Батсүх /РД:НР89070574/-ийн E1890386 дугаартай монгол улсын иргэний үндэсний энгийн гадаад паспортонд засвар хийгдээгүй. гэх дүгнэлт, /хх-ийн 66-р ху/,

9. Хилийн зөрчлийг шалгасан тухай нотломж, /хх-ийн 05-14-р ху/, Хил хамгаалах ерөнхий газрын 2019 оны 2 дугаар сарын 19-ны өдрийн 25/1401 дугаартай лавлагааны хариу, /хх-ийн 27-р ху/, баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-ийн 36-50-р ху/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 2 дугаар сарын 13, 14-ны өдрийн 929, 930 дугаартай шинжээчийн дүгнэлт,  хх-ийн 63-66-р ху/, шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 59-р ху/, шүүгдэгчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт, /хх-ийн 69-70-р ху/, шүүгдэгчид эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол, /хх-ийн 74-р ху/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл, /хх-ийн 75-81-р ху/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд, /хх-ийн 84-96, 98-100-р ху/, ял шийтгэгдсэн эсэхийг  шалгах хуудас, /хх-ийн 97-р ху/, шүүгдэгчид хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 101-р ху/, зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Очирсүхийг  2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг авто замын шалган нэвтрүүлэх боомтоор Оросын холбооны улс руу зорчихдоо өөрийн төрсөн дүү Ц.Батсүхийн гадаад паспортыг ашиглаж Монгол улсын хилийг нэвтэрсэн гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг шилжүүлсэн байна.

Шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн гэх хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг болон, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн  нотлох баримтууд болох хилийн зөрчлийг шалгасан тухай нотломж, Хил хамгаалах ерөнхий газрын 2019 оны 2 дугаар сарын 19-ны өдрийн 25/1401 дугаартай лавлагааны хариу ,баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 929, 930 дугаартай шинжээчийн дүгнэлт,  шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, шүүгдэгчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт, шүүгдэгчид эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд, шүүгдэгчид хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар гэмт хэрэг үйлдсэн болох нь батлагдаж байх тул шүүгдэгчийг дээрхи гэмт хэрэгт гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа байдал, бусдад учруулсан хохирол, төлбөргүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг болон шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7-р зүйлийн 1.1-д зааснаар ялаас чөлөөлж  шийдвэрлэх нь зүйтэй.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар Е1890386 тоот гадаад паспорт 1 ширхэг хураагдан ирсэн зэргийг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч нь эрүүгийн хэргийг шүүхэд шилжин ирэхэд гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг гаргасан бөгөөд шүүх хэргийг хүлээн аваад шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэж хэргийг хүлээн авсан даруй ял оногдуулах шүүх хурлыг зарлан явуулж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2-р зүйлийн 4, 36.6-р зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2,3, 36.8-р зүйлийн 1, 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Боржигон овогт Цогтбаатарын Очирсүхийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14-р зүйлийн 1-д заасан “Монгол улсын хилийг хууль бусаар нэвтрэх” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7-р зүйлийн 1.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 19.14-р зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Боржигон овогт Цогтбаатарын Очирсүхэд 1 /нэг/ жилийн хорих ял оногдуулж, уг ялаас чөлөөлсүгэй.

3.Шүүгдэгч  Ц.Очирсүх нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус  дурьдсугай.

4.Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Е1890386 тоот  энгийн гадаад паспортыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц устгасугай.

5.Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Очирсүхэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 4-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг энэ зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1-р зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.НОЛХООСҮРЭН