Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 81

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:  

     Улсын яллагч                                        Б.Энхтулга

     Нарийн бичгийн даргаар                      Б.Баярдэлгэр нар  оролцов.

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж Сэлэнгэ аймгийн  Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Ганбатын Хосбаярт холбогдох эрүүгийн 1931000000062 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Үндсэн захиргаа; Монгол улсын иргэн,1996 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд төрсөн, 23 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, мал малладаг, ам бүл 3, эхнэр хүүхдүүдийн хамт, Сэлэнгэ аймаг Хүдэр сум 1 дүгээр багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн гэх, Боржигон овогт Ганбатын Хосбаяр /РД:МП-96061532/

Шүүгдэгч Г.Хосбаяр нь 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын 1 дүгээр баг “Төхөм” гэх газраас иргэн Б.Мөнхбаатарын өмчлөлийн улаан алаг зүсний 1 тооны бухан бярууг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.   

 

ТОДОРХОЙЛОХ нь:   

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд;

1.Шүүгдэгч Г.Хосбаярын 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: ... Миний хувьд Сэлэнгэ аймаг Хүдэр сумын 1 дүгээр багт хөдөө “Төмөртэй” нэртэй газарт эхнэр хүүхдийн хамт оршин суудаг. Би эрхэлсэн тодорхой ажилгүй, хөдөө мал дээр мал малладаг. Манайх үхэр-20, адуу-19 тооны малтай. Манай үхэр, адуу ихэвчлэн өвөлжөөний урагшаа “Төмөртэй гол”- талдаа бэлчдэг. Адуу, үхрийг өглөө би өөрөө бэлчээрт нь гаргаад орой 17 цаг өнгөрөх үед адуу, үхрээ эргэж хураадаг. 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Хүдэр сумын “Сөдтэй” хошуу нэртэй газарт манай үхэрнүүд бэлчсэн. Тухайн өдөр гадаа цастай, цаг агаарын байдал таагүй байсан ба манай эмээ 50 ямаа 10 хоньтой бөгөөд уг хонь, ямааг нь би давхар харж байсан. Орой 14 цагийн үед эмээгийн хонь, ямааг гэрийнх нь ойролцоо хурааж өгсөн. Ингээд би эргэж өөрийн үхэрнүүд бэлчиж байгаа газар болох “Сөдтэй" хошуу нэртэй газар очсон. Тэгсэн манай ягаан алаг үнээг улаан алаг бухан бяруу дагаад бухсаж байсан. Би улаан алаг бухан бярууг өмнө нь харж байгаагүй, хэнийх нь мэдэгдэхгүй бяруу манай үхэртэй холилдсон байсан. Тухайн үед би өөрийн үхэрнүүд дотроосоо 1 бярууг зарна гэж бодож төлөвлөсөн байсан. Тэгээд өөрийн үхэрнүүдээс зарж байхаар энэ хэний мэдэгдэхгүй бярууг зарчихъя гэсэн бодол төрөөд хадам ээж болох Хөххүүхэн руу утастаж “Ээж хаана байна би өөрийн үхэрнүүдээс 1 тооны үхэр зарах гэсэн юм, та үзэж хараад авах боломж байна уу” гэж асуухад хадам ээж “би Хүдэр сумын төвөөс гарах гэж байна, замаараа танайхаар дайраад наад зарах гэж байгаа бярууг чинь харъя” гэж хэлээд утсаа салгасан. Манай хадам ээж тухайн үед Хүдэр сумаас 3 тооны адуу худалдан авч явж таарах үед нь би залгасан юм байна лээ. Манай ээж Хөххүүхэн хөдөө гэрт ирэх үед нь би зарах гэж байсан бярууг харуулсан. Хадам ээж Хөххүүхэн миний худалдах гэж байсан бярууг худалдан авахыг зөвшөөрөөд ачаад авч явсан. Ээж тухайн үед хадам ах Анхбаяртай, 10-71 СЭҮ улсын дугаартай “Портер” маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байсан. Ээждээ би тухайн бярууг 500,000 төгрөгөөр зарчихсан. Манай дүү Хосжаргал нь тухайн үед надтай хамт байсан бөгөөд хавар мал төллөх үед манай хөдөө гэрт ирж надад тусалдаг миний төрсөн дүү. Хосжаргал болон хадам ээж Хөххүүхэн, хадам ах Анхбаяр нар намайг хулгайн мал зарж байгаа гэдгийг мэдээгүй, өөрийнхөө малыг зарж байна гэж бодсон. Би ч “хулгайн мал зарж байгаа, хүний бярууг зарах гэж байна” гэвэл хэн ч надаас худалдаж авахгүй гэдгийг мэдэж байсан учраас дээрх хүмүүст өөрийн малаа зарж байна гээд худлаа хэлчихсэн юм. Би өөрөө тухайн үед үхэрнүүдээсээ 1 тооны бяруу зарна гэсэн бодолтой байсан. Харин тэгтэл манай ягаан алаг үнээг дагаад улаан алаг зүсмийн бухан бяруу явж байхаар нь энэ бярууг өөрийнхөө бярууны оронд зарчихъя гэсэн бодол төрсөн. Хулгайн малыг 500,000 төгрөгөөр зарсан боловч мөнгийг хэрэглээгүй байлгаж байгаад, дээрээс нь мөнгө нэмээд малын эзэнд хохирлыг мөнгө гэж хохирлыг барагдуулсан. Бяруу зарсан мөнгөөрөө эмээгийн эм тариа, ойр зуурын зүйлд ашиглах гэж байсан юм. манай эмээ 2013 онд тал цус харваад бие нь тааруу хүн байдаг юм. Энэ мөнгийг эмээдээ зарцуулах гэж байсан юм. Зарсан бярууг хүний мал гэдгийг би мэдэж байсан. Угаасаа эзэнтэй мал гэдгийг ч мэдэж байсан. Хүний бярууг зарж байгааг надаас өөр мэдэх хүн байхгүй болохоор баригдахгүй байх гэж бодсон юм. Манай хадам ээж Хөххүүхэн Дархан-Уул аймагт зах дээр малын ченж ажилтай. Тухайн зарагдсан бяруу бол улаан алаг зүсмийн 1 настай бухан бяруу байсан. Ямар нэгэн им тамга байгаагүй.  Намайг гэмт хэрэг үйлдэж хүний мал зарсан талаар гэр бүл, ойр дотны, найз нөхөд ах дүү нар мэдээгүй. Дараа нь цагдаагийн газар шалгагдаж байх үед мэдэж, өөрсдөө мэдүүлэг өгсөн. Намайг хүний мал зарах үед надад тусалсан хүн байхгүй. Манай дүү Хосжаргал, хадам ээж Хөххүүхэн, хадам ах Анхбаяр нар намайг хулгайн мал зарж байгаагүй мэдээгүй. Би хэлээгүй юм. Намайг өөрийн үхэрнүүдээсээ нэгийг нь зарж байна гэж бодоцгоосон. Манай мал бэлчдэг газар болох Төмөртэй гол нэртэй газрын ойр орчим манай малаас өөр мал бэлчдэггүй. Зөвхөн манай үхэр, адуу бэлчдэг. Урьд өмнө нь манай адуу, үхэрт өөр хүний мал бэлчиж байгаагүй. Энэ бараг анхны тохиолдол. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 39-40-р ху/,

2.Шүүгдэгч Г.Хосбаярын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: 2019 оны 3 дугаар сарын 26-нд өөрийн үхрээс нэг бяруу заръя гэж бодож байсан. Тухайн үед өөрийнхөө үхэр дээр очиход нэг улаан алаг бяруу ирсэн байсан. Тэр улаан алаг бярууг өөрийнхөө зарах гэж байсан бярууны оронд зарчихсан. Миний зарах гэж байсан бяруунаас илүү байсан Тэр бярууг Б.Мөнхбаатарын бяруу гэж мэдээгүй. Манайх 19 адуу, 18 үхэртэй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Прокурорын санал болгосон 450 цагийн нийтэд тустай ажлаа багасгаж өгөөч гэж хүсч байна. ...гэх мэдүүлэг,

3.Хохирогч Мөнхбаатарын 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Миний хувьд Сэлэнгэ аймаг Хүдэр сумын “Төхөм” нэртэй газарт эхнэр хүүхдийн хамт амьдардаг. Би эрхэлсэн тодорхой ажилгүй хувиараа хөдөө мал маллаж амьдардаг. Би хувьдаа 90 тооны үхэртэй өөр надад мал байхгүй. Миний тэжээдэг үхрүүд казакийн цагаан толгойт нэртэй үүлдрийнх 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр манай үхэр бүрэн тоо ёсоороо байсан. Ингээд 2019 оны 03 дугаар сарын 26-ны өглөө 08 цагийн үед үхэрнүүдээ бэлчээрт нь гаргасан. Би өөрөө болохоор аавындаа очиж ямаа самнахаар явсан. Манай ах Мөнхбат тухайн үед манай үхрүүдийг орой 17 цагийн үед бэлчээрээс нь хураан авчирсан. Би аавындаа хоночхоод 2019 оны 03-р сарын 27-ны өглөө харих гэж байхад манай ах Мөнхбат над руу залгаад “1 тооны бухан бяруу танай үхэрнүүд дотроос байхгүй байна. Сая бэлчээрт нь гаргах гэсэн чинь 1 бяруу дутаж байна” гэсэн. Тэгэхээр нь би хөдөө аж ахуй тасгийн дарга руу утастаж “Манай нэг бухан бяруу алга болсон байна, үхэрний гарал үүсэл авсан хүн байна уу” гэж асуухад “үгүй ээ үхэрний гарал үүсэл авсан хүн байхгүй” гэсэн. Ингээд л бухан бяруугаа хайж эхэлсэн. Би Хүдэр суманд малтай гэсэн бүх хүмүүс, байж болох бүх газраар хайсан. Би 2019 оны 03-р сарын 27-ны өдрөөс 2019 оны 04-р сарын 02-ны өдөр хүртэл хугацаанд хайж байгаад Хүдэр сумын цагдаад хандаж тэмдэглүүлж бичүүлсэн. 2019 оны 04 дүгээр сарын 04-ны өдөр Дулаанхаан тосгоны төлөөлөгч Н.Сайнзаяа над руу утастаж манай бухан бярууг авсан хүний талаарх мэдээллийг өгч, надаас мэдүүлэг авсан. Манай үхэрнүүд ихэвчлэн “Төхөм” нэртэй газраасаа нэг их холдоод байдаггүй. Өөр газар руу бэлчих боломжтой боловч холдох гээд байх юм ардаас нь очиж гэрийн ойролцоо 1-2 км зайд үхэрнүүдийг бэлчүүлдэг. Бухан бяруу бол миний өөрийн эзэмшлийнх. Бухан бярууг багаас нь тугал байхаас бяруу болтол тэжээж байна. Хулгайд алдагдсан бухан бяруу нь улаан алаг зүсмийн 1 настай. Цагаан толгоотой бие нь улаан алаг. Намайг мал малладаг, үхэртэй гэдгийг ойр орчмын айлууд аав, ээж мэднэ. Мөн миний ”А” малын дансан дээр бүртгэлтэй байдаг. Бухан бярууг уг нь өвөл зарах гээд тэжээж байна. Бухан бяруу дагаад явах боломжтой үгүйг мэдэхгүй байна. Амьтан болсон хойно үнээ дагах үгүйг сайн мэдэхгүй юм аа. Казак бухан бяруу үнэтэй байдаг бөгөөд мах сүүний чиглэлээр тэжээдэг. Зах зээлийн ханшаар болохоор 2,000,000 төгрөгний ханштай байдаг. Бухан бяруу нь бэлчээрийн маллагаатай, хүйтэнд тэсвэртэй мал. Бусад Монгол үхэрнүүдийг бодвол мах, сүүний гарц сайтай, өндөр ашиг шимтэй болохоор үнэ нь өөр байдаг. Ихэвчлэн би өөрөө үхэрнүүдээ маллаж хариуцдаг юм. Би өөрийнхөө үхэрнүүдийн тоо, өнгө зүс содон шинж мэддэг. Орой үхэрнүүдийг бэлчээрээс ирэх үед нь би тоолж бүртгэдэг. Харин 2019 оны 03-р сарын 26-ны өдөр болохоор манай ах Мөнхбат намайг аавынх руу явсан хойгуур маллаж байсан. Би 2019 оны 03-р сарын 27-ны өдөр бухан бяруу алдагдсан талаар мэдсэн бөгөөд тэрнээс хойш би өөрөө ганцаараа бухан бярууг Хүдэр суманд мал байж болох бүх л газарт хайж явсан. Ингээд арга буюу Цагдаагийн газар 2019 оны 04-р сарын 02-ны өдөр бүртгүүлсэн бөгөөд 2019 оны 04-р сарын 04-ны өдөр цагдаа Н.Сайнзаяа над руу утасдаж үхэр олсон талаар хэлэх үед цагдаагийн газар өргөдөл бичиж өгсөн. Манай бухан бярууг хулгайлсан хүнийг Г.Хосбаяр гэдэг хүн авсан тапаар би цагдаа Н.Сайнзаяагаас сонссон. Би Г.Хосбаяр гэх хүний талаар ямар ч мэдээллэл байхгүй. Энэ хүнтэй хувийн өс хонзон маргаантай, таарамжгүй харьцаа байхгүй. Хүдэр сумын “Төхөм”, “Төмөртэй” нэртэй газрууд хоорондоо 5-6 км зайтай, урагшаагаа яваад уул тойроод л орчих хэмжээний газар байдаг. Г.Хосбаяр гэх залуу “Төмөртэй” нэртэй газарт бас мал маллаж амьдардаг юм байна лээ. Үхэрнүүд бэлчээрээсээ ирэхгүй, өөр газар руу явах боломжтой, бусад айлуудын мал дагаад сарниад явах магадлалтай. Би бас нарийн сайн мэдэхгүй. Миний хувьд Г.Хосбаяраас шүдлэн үхэр, бэлэн 400,000 төгрөг авсан болохоор санал гомдол нэхэмжпэх зүйл байхгүй. Г.Хосбаяр надаас уучлалт гуйсан, буруу зүйл хийсэндээ харамсаж гэмшиж байсан. Г.Хосбаяр хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан учраас нэхэмжлэх зүйл байхгүй. Г.Хосбаярт хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү гэж хуулийн байгууллагаас хүсэх байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 5-7-р ху/,

4.Гэрч Ч.Энхчимэгийн 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  ...Би нөхрийн хамт Аптанбулаг сумын “Цөх” нэртэй газарт хөдөө мал дээр байдаг. Манай хүү Болох Б.Мөнхбаатар нь Хүдэр суманд бас гэр бүлийн хамт мал маллаж амьдардаг. Ингээд 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр манай хүү Б.Мөнхбаатар нь “ямаа самнана” гэж гэрт ирсэн. Б.Мөнхбаатарын оронд ах нь болох Мөнхбатыг Хүдэр сум руу Мөнхбаатарын гэр рүү нь явуулсан. Манай хүү Б.Мөнхбаатар нь 2019 оны 03-р сарын 26-ны өдөр ирээд хоноод 2019 оны 03-р сарын 27-ны өглөө гэртээ харих гэж байсан. Тэгсэн 2019 оны 03-р сарын 27-ны өглөө эрт ямаа самнаж байхад утсаар яриад гэнэт л явахаар болсон “яав юу болов” гэсэн чинь “Мөнхбат ах ярьж байна, манай 1 тооны бухан бяруу өчигдөр бэлчээрт яваад ирээгүй байна явж хайлаа” гэж хэлээд явсан. Ингээд хэсэг хугацаанд манай хүү Б.Мөнхбаатар нь үхрээ байж болох бүх л газраар хайж явж явж арга буюу Хүдэр сумын цагдаад бүртгүүлсэн гэсэн. Дараа нь сураг гарахнээ үхрийг нь авсан хүнийг олсон гэж манай хүү Б.Мөнхбаатар нь надад утасдаж хэлсэн. Б.Мөнхбаатар нь 90 тооны үхэртэй байх ёстой. “А” малын дансанд нь байдаг юм. Аав бид нарын хувьд бол 800 гаран толгой малтай бөгөөд уг малнаасаа хүү Б.Мөнхбаатарт үхэрнүүд тасдаж өгөөд Хүдэр сум руу явуулсан юм. Б.Мөнхбаатар нь хааяа аав ээж дээрээ ирж туслаад 1-2 хоног болчихоод явчихдаг юм. Би хүүгийнхээ үхэрнүүд хаагуур бэлчдэг талаар сайн мэдэхгүй. Өөрөө хэлэхдээ нээх холдоод байдаггүй гэж хэлж байсан. Б.Мөнхбаатар мал дагаж яваад удаж байна. Ер нь манай гэр бүл мал дагаж амьдарч байгаа гэр бүл. Манай бүх хүүхдүүд мал дагаж амьдардаг. Ажилсаг хөдөлмөрч ажилтай ахуй амьдралын хувьд боломжийн байдаг. Б.Мөнхбаатар нь ихэвчлэн Сэлэнгэ үүлдрийн казахын нэртэй үхэрнүүд тэжээдэг. Бүх үхэрнүүд нь мах сүүний чиглэлийн, зуд хүйтэнд тэсвэртэй болохоор энэ чиглэлээр үхэр тэжээдэг. Ихэнх үхэрнүүд нь улаан алаг зүсмийн үхэрнүүдтэй. Үхэрнүүд бэлчээрээсээ ирэхгүй тохиодол ер нь ховор байдаг.Бухан бяруу гэдэг бол 1 настай. Бухан бяруу үнээ дагаад явах боломжгүй байх гэж бодож байна. Яг сайн эгч нь мэдэхгүй байна. Б.Мөнхбаатартай хувийн өс хонзон маргаантай хүн байдаггүй. Б.Мөнхбаатарын бухан бяруу алдагдсан талаар эгч нь нарийн сайн мэдэхгүй байна. Б.Мөнхбаатар хэлэхдээ үхэр алга болсноос хойш өөрөө хайж байгаад нилээн хэд хоногийн дараа цагдаад тэмдэглүүлсэн.  ...гэх мэдүүлэг, /хх-ийн 09-10-р ху/,

5.Гэрч Г.Амгаланбаяр 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би 4 хүүхэдтэй. Хосбаяр манай том хүү байгаа юм. Миний хүү айлийн том нь болохоор гэрийнхээ бүх л ажлыг л хийнэ, дээрээс нь дүү нараа харна, их л даруухан өссөн хүүхэд 2011 онд Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд 9 дүгээр анги төгсөөд Дархан-Уул аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд гагнуурчны ангид 2.5 жилээр суралцаж 2014 онд төгсөөд 2016 онд цэргийн алба хаасан. Одоо эхнэр хүүхдийн хамт Хүдэр сумын 1-р баг Төмөртэй гэх газар мал, маллан амьдарч байгаа. Манай хүү тусдаа гарчихсан болохоор яг хэнтэй нийлж нөхөрлөдөг талаар сайн мэдэхгүй байна. Манай хүү 2017 онд цэргээс халагдаж ирээд л хүнтэй суугаад хөдөө мал, маллана гээд тусдаа хэдэн тооны малтай гарсан юм. Одоо манай хүү адуу, үхэртэй байгаа харин хэчнээн тооны малтай гэдгийг нь сайн мэдэхгүй байна. Манай хүүгийн хадмууд нь Дархан-Уул аймгийн Лхасүрэн, Хөххүүхэн гэж 50 орчим настай хүмүүс байдаг. Хадам аав нь болох Лхасүрэн нь сургуульд жижүүр хийдэг харин хадам ээж нь Хөххүүхэн нь Дархан-Уул аймагт мал, мах зардаг. Манай хүү Хосбаяр нь 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хадам ээж болох Хөххүүхэн гэж хүнд 1 тооны улаан алаг эр бяруу зарсан байна, энэ талаар мэдсэн зүйл байхгүй.. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 11-р ху/,

6.Гэрч Г.Хосжаргалын 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  ...Бид 2 одоо хамт амьдардаггүй Хосбаяр эхнэр хүүхэдтэйгээ Хүдэр сумын Төмөртэй гэх газар мал, маллан амьдарч байгаа. Харин би эхнэрийн хамт Дархан-Уул аймагт амьдардаг. Манай ихэр Хосбаяр уул нь даруухан элдэв зангүй хүнтэй зөв боловсон харьцдаг залуу байгаа юм. Би Дархан-Уул аймагт байж байгаад 2019 оны 03 дугаар сарын 23-нд Хүдэр сумын Төмөртэй гэх газар Даваа ах болон Хосбаяр нарт туслах гээд ирсэн юм, ер нь бол хавар мал, төллөх болон ноолуур самнах үед очиж тусалдаг юм. Тэгээд 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Хосбаяр гэртээ байж байгаад “манай хадам ээж Хүдэр суманд ирчихсэн мал авч байгаа гэнээ, тэгэхээр нь 1 тооны үхэр зарна гээд хэлчихсэн, одоо ирж байгаа”  гэж хэлсэн. Тэгээд удалгүй Хөхөө эгч ирээд Хосоо бид 2 гарч 1 тооны улаан алаг зүсмийн эр бяруу ачиж явуулсан.  ...гэх мэдүүлэг, /хх-ийн 16-18-р ху/,

7.Гэрч П.Хөххүүхэн 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  ...Манай хүргэн болох Хосбаяр нь 2019 оны 03 дугаар сарын 26-нд намайг Сэлэнгэ аймгийн Хүдэр сумаас мал худалдан аваад гарч байхад надруу 99276110 гэсэн дугаараас залгаад “ээжээ би нэг бяруу зармаар байна, эмээгийн бие нь тавгүйтээд мөнгөний хэрэг болоод байна” гэхээр нь гэрт нь очоод уулзтал гадаа нь нэг улаан алаг бяруу байсан ба миний бяруу байгаа юм мөнгөний хэрэг болоод зарахаар болчихлоо” гэхээр нь л авчихсан юм.  ...гэх мэдүүлэг, /хх-ийн 18-р ху/,

8.Гэрч Б.Мөнхбатын 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  ...Би 2019 оны 03 дугаар сар 24-ны өдөр Аптанбулаг суманд байдаг гэрээсээ Хүдэр сумын “Төхөм” нэртэй газар дүү Б.Мөнхбаатарын гэрт нь очиж ойр зуурын ажилд нь туслах гэж очсон. Ингээд би дүүгийнд очоод 2 хоносон. 2019 оны 03 дугаар сарын 26-ны өглөө манай дүү үхрээ бэлчээрт нь гаргаад өөрөө  хойшоо аав, ээж рүү очиж ямаа самнахад туслах гэж явсан. Би дүүгийн үхэрнүүдийг нь хараад үлдсэн. Ингээд орой 17 цагийн үед үхрээ бөөгнүүлж хураах үед улаан алаг зүсмийн бухан бяруу байхгүй, алга болсон байсан. Би тухайн оройноо тэр хавийн айлуудын малтай бэлчээд явчихсан юм уу болов уу гэж бодоод хайсан боловч олдоогүй. Тэгээд 2019 оны 03-р сарын 27-ны өглөө дүү Б.Мөнхбаатар руу утасдаж “Танай нэг бухан бяруу алга болчихлоо, чи хүрээд ирээч гэж хэлсэн. Ингээд өдөр Мөнхбаатар ирээд бид 2 ойр орчмын айл, сумын төв гээд хайгаагүй газар байхгүй хайсан боловч олдоогүй. 7 хоног хайсан боловч олдоогүй болохоор дүү “цагдаад тэмдэглүүлье” гэж хэлээд явсан. Хэзээ явсан талаар цаг хугацааг нь мэдэхгүй байна. Мөнхбаатар 90 тооны үхэртэй, өөр мал байхгүй. Тухайн үхэрнүүдийн зүс гэхийн бол ихэнх нь улаан алаг зүсмийн цагаан толгойт казак, сэлэнгэ үүлдрийн үхэрнүүд байдаг. 2019 оны 03-р сарын 26-ны орой үхэрнүүдийг хураах үед тоолж үзэж, мөн зүсээр нь ялгаж харахад 1 нас бүхий улаан алаг зүсмийн 1 тооны бухан бяруу байхгүй байсан. Мөнхбаатар бид 2, Хүдэр сумын нутаг дэвсгэр “Төхөм", “Аршааны ам”, “Төмөртэй” Хүдэр сумын төвөөр хайсан. Энэ газрууд хоорондоо 5 км гаран зайтай байдаг. Уг газруудаар хайсан боловч үхэр олдоогүй. Мөнхбаатарын үхэрнүүд ихэвчлэн гэрийнхээ ойролцоо байдаг. Хамгийн хол бэлчлээ гэхэд 2 гаран км зайтай бэлчээрт гардаг. Заа энэ талаар би сайн мэдэхгүй байна. Миний хувьд малын зүсийг сайн мэддэг. Насанд хүрсэн эр бол үнээ дагаад яваад явах боломжтой байдаг Жижиг бяруу болохоор үнээ дагаад явах боломжгүй байх. Бэлчээрт явсан үхэрнүүдийг ардаас нь хурааж ирэхгүй бол л зарим тохиолдол байдаг. Тэгэхдээ дүү бид нар бол үхэрнүүдээ өглөө бэлчээрт нь гаргаад орой болгон гэр бүлийн аль нэг хүн нь хурааж авчирдаг. Манай дүүгийн үхэрнээс гарсан бяруу, багаас нь 1 нас хүртэл тэжээж байхад алдчихлаа. Казак цагаан толгой гэж цагаан, сэрвээтэй, мах сүүний чиглэлээр тэжээдэг. Үнэ өртгийн хувьд бол үнэтэй байдаг, тэгэхдээ зах зээл дээр тухайн үеийн ханшаар хэлбэлзээд зарагддаг. Би хааяа дүү дээрээ ирж ойр зуурын ажилд нь тусалж явдаг. Өөрийн мэдэх зүйлийн сая хэлж яриллаа өөр надад мэдэх зүйг байхгүй байна. Манай дүүгийн тэжээж байгаа үхэрнүүд аав, ээжээс тусдаа гарах үед малаасаа салгаж өгсөн 90 тооны үхэр байдаг. Манай дүү аав, ээжийн буян дааж өгсөн малнуудыг өсгөж үржүүлж байхад нь хулгай хийж авч үрэгдүүлж байгаа хүмүүс харамсалтай л байна. Манай дүүгийн үхэрнээс хулгай хийсэн залууг таньж мэдэхгүй, Хүдэр сумын залуу гэж сонссон, хулгай хийсэн залуу өөрөө малтай байж хүний малнаас хулгай хийнэ гэдэг бол их л муу залуу шиг санагдаж байна.. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 19-20-р ху,/

9.”Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээний “...Тайлангаар үнэлэгдэж буй хөрөнгийн 2019 оны 04 сарын байдлаар зах зээлийн дундаж үнэ цэнэ 600.000 төгрөгөөр тогтоов...” гэх үнэлгээ,  /хх-ийн 25-р ху/,

10. Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх-ийн 01-р ху/, Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 23-р ху, “Ашид билгүүн ХХК”-ний үнэлгээний дүгнэлт, /хх-ийн 24-26-р ху/, шүүгдэгчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 28-р ху/, хохирогчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 29-р ху/, мал эмнэлэг ариун цэврийн үзлэг шинжилгээний журнал, /хх-ийн 35-39-р ху/, хохирогчийн мал тэжээвэр амьтдын 2018 оны тооллого, /хх-ийн 42-43-р ху/, шүүгдэгчийн мал тэжээвэр амьтдын 2018 оны тооллого, /хх-ийн 57-58-р ху/,   эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, /хх-ийн 45-46-р ху/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл, /хх-ийн 49-51-р ху/,шүүгдэгчийн ам бүлийн тодорхойлолт, /хх-ийн 53-р ху/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 54-р ху/ эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 55-р ху/ шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлох баримт /хх-ийн 59--68-р ху/, хохирогчийн шүүгдэгчид гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн бичгээр гаргаж өгсөн тодорхойлолт, /хх-ийн 69–р ху/, хохирогчид хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 70-р ху/,шүүгдэгчид  хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 71-р ху/, шүүгдэгчийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай шүүхэд гараж өгсөн хүсэлт зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.    

 

Шүүгдэгч Г.Хосбаяр нь 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын 1 дүгээр баг “Төхөм” гэх газраас иргэн Б.Мөнхбаатарын өмчлөлийн улаан алаг зүсний 1 тооны бухан бярууг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримт болох шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол,шинжээчийн дүгнэлт шүүгдэгч, хохирогч нарт шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл, “Ашид билгүүн ХХК”-ний үнэлгээний дүгнэлт, мал эмнэлэг ариун цэврийн үзлэг шинжилгээний журнал,  яллагдагчаар татах тогтоол, яллагдагчаас авсан тэмдэглэл, гэрч, хохирогч нарын мэдүүлэг, шүүгдэгч, хохирогч нарын мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн 2018 ны тооллого  зэргээр  батлагдаж байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохиролыг нөхөн төлсөн учраас шүүгдэгч нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасны улмаас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн ба шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй зэрэг болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурьдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4-р зүйлийн 1.2.5, 36.2-р зүйлийн 4, 36.5-р зүйлийн 2, 36.6-р зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2,3, 36.8-р зүйлийн 1, 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Боржигон овогт Ганбатын Хосбаярыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн  хуулийн тусгай ангийн 17.12-р зүйлийн 1-т заасан “хулгайлах” гэмт хэрэгт  гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12-р зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Боржигон овогт Ганбатын Хосбаярыг 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.4-р зүйлийн 4 дэхь хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх  ялыг биелүүлээгүй бол  шүүх нийтэд тустай ажил хийлгэх  ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг шүүгдэгч Г.Хосбаярт мэдэгдсүгэй.

4.Шүүгдэгч Г.Хосбаяр нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй  болохыг тус тус  дурьдсугай.

5.Шүүгдэгч Г.Хосбаярт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг  бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 4-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг энэ зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор  Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны  прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1-р зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    С.НОЛХООСҮРЭН