Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 637

 

 

 

  2019         06          27                                  2019/ШЦТ/637

 

 

                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Одончимэг даргалж,

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хандсүрэн,

          Улсын яллагч П.Ганбаатар,

          Шүүгдэгч С.У, түүний өмгөөлөгч Л.Батаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

          Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн С.У-т холбогдох эрүүгийн хэргийг 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн, 1989 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 30 настай, бүрэн бус дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 2, эхнэрийн хамт урьд ял шийтгэлгүй, С.У,

 

          Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Яллагдагч С.У нь 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн А.Бат-Эрдэнийг хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу замын хөдөлгөөнд оролцож байхдаа шахлаа гэх шалтгааны улмаас маргалдан зодож эрүүл мэндэд нь баруун 6 дугаар хавирганы хугарал, баруун нүдний зовхи, баруун шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хөмсөгт шарх, баруун чамархай, хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

          Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч С.Уыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, мөн хуулийн 17.5 дугаар зүйлийн 3-д зааснаар яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналаа бичиж хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

          Шүүх шүүгдэгч С.Ут холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

          Шүүгдэгч С.У нь 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн А.Бат-Эрдэнийг хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу замын хөдөлгөөнд оролцож байхдаа маргалдан зодож эрүүл мэндэд нь баруун 6 дугаар хавирганы хугарал, баруун нүдний зовхи, баруун шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хөмсөгт шарх, баруун чамархай, хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: 

 

     Шүүгдэгчийн шүүх хуралдаанд өгсөн “...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж мэдүүлэг өгөхгүй” гэх мэдүүлэг, 

          Хохирогч А.Бат-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 10 цагийн үед Баянбүрдийн тойргоор хойшоо эргээд явж байхад 94-34 дугаартай “Тоёота приус-20” маркийн тээврийн хэрэгсэл баруун талаар шахаад орж ирсэн. Тэгэхээр нь “чи уралдааны машин унаагүй шүү, аятайхан яваач” гэж хэлсэн. Тэгтэл 57-ын автобусны буудлын наана нөгөө машинтай залуу ахиад шахсан. 32-ын тойргийн уулзварын наана зогсохоор нь хажууд сууж явсан ах Чинбатыг наад нөхөр чинь согтуу байна, очоод бариад ав гэхэд буугаад очсон. Би машинаасаа буугаад тэр залуугийн бөгс хэсэг рүү нэг удаа хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд зогсож байхад намайг нэг залуу араас хоолой боогоод газар унагахад тэр жолооч миний нүүр хэсэг рүү нэг удаа хөлөөрөө өшиглөсөн. Мөн цээж хэсэгт нэг удаа хөлөөрөө өшиглөсөн. Бас миний хаагаад барьсан гар руу хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. ...хажуу талын засварын хүн ирж салгасан. Надад учирсан гэмтлийг жолооч залуу намайг хөлөөрөө өшиглөж хөмсөг, цээж, гарыг минь гэмтээсэн. Эмчилгээний зардлаа нэхэмжилж байна. Гомдолтой байна” гэх мэдүүлэг /хх-ийн 6 дугаар хуудас/,

 

          Гэрч О Чинбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...А.Бат-Эрдэнэ наад жолооч чинь согтуу юм биш үү, очоод үзээдэх гэхээр нь жолоочид нь шаардлага тавьсан. Тэгсэн чинь “юу гээд байгаа юм бэ” гээд тэр машины жолооч бууж ирсэн. Миний араас А.Бат-Эрдэнэ ирээд жолоочтой маргалдаад барьцалдаад авсан. Эргээд харахын оронд А.Бат-Эрдэнийн хөмсөг рүү өшиглөсөн байсан..." гэх мздүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/,

 

          Гэрч С.Амарбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...нэг ах ирээд С.Уыг хөлөөрөө өшиглөж унагаагаад цохиод байхаар нь бид нар бууж салгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/,

          Гэрч Г.Өлзийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Старексийн жолооч “уралдааны машин уначихаа юу” гээд байсан. Бид нар хөдлөөд 32-ын тойргоос 100 орчим метрийн зайтай түгжрээд зогсож байхад араас тэр Старексийн жолоочтой хамт явсан 40 гаруй насны хүн бууж ирээд үгийн зөрүүгүй цонхоор С.Уыг гараараа 1-2 удаа цохисон. Тэгээд Старексийн жолооч гүйж ирээд хөлөөрөө 2-3 удаа өшиглөсөн. Би буугаад салгасан. Бид нар салгасан болохоос зодож цохисон асуудал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 10 дугаар хуудас/,

 

          Гэрч М.Ууганбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 10 цагийн үед найз Уламбаяр, Өлзий, Амараа нарын хамт Хайлааст орох гээд явж байхад Старекс маркийн машин шахсан. Автобусны буудлын ойролцоо зогсож байхад нэг ах ирээд С.Уыг цохиод заамдаж аваад буулгасан. Маргалдаж байхад Старексийн жолооч гүйж ирээд С.Уыг хөлөөрөө өшиглөж унагаагаад цохиод байсан. Бид нар бууж салгаад машиндаа суухад тэр жолооч буцаж ирээд заамдаж буулгахдаа усны  хаалтыг эвдэлсэн. Тэр үед С.У жолоочийг цохисон юм шиг байна лээ” гэх мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр хуудас/,

 

          Яллагдагч С.У-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би шинжээчийн дүгнэлттэй уншиж танилцсан. Би тухайн үед А.Бат-Эрдэнэтэй маргалдаж байхдаа дээрх гэмтлийг түүнд учруулсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 33 дугаар хуудас/,

 

          Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 27 дугаар хуудас/,

          Хохирогч А.Бат-Эрдэнийн хохирлоо бүрэн барагдуулж авсан тул гомдол саналгүй гэх хүсэлт /хх-ийн 41 дүгээр хуудас/,

           

          Шүүгдэгч С.У-ын ял шалгах хуудас /хх-ийн 34 дүгээр хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 35 дугаар хуудас/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 36 дугаар хуудас/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 37 дугаар хуудас/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 38 дугаар хуудас/ болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

          Шүүгдэгч С.У нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч С.У нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурорын яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4-д заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч С.У-т танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

         

          Иймд шүүх шүүгдэгч С.У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар прокурорын гаргасан саналыг харгалзан шүүгдэгчид 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр ял шийтгэл оногдуулж, уг торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4. 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч С.У-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар С.У-ыг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар С.У-ыг шүүхээс оногдуулсан 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар С.У  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч С.У нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2-д зааснаар хэрэгт хураан авсан камерын бичлэг бүхий СД 1 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

     8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл С.У-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                       

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Л.ОДОНЧИМЭГ