Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 638

 

 

 2019         06          27                                   2019/ШЦТ/638

 

 

                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Одончимэг даргалж,

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хандсүрэн,

          Улсын яллагч Б.Мөнгөншагай,

          Шүүгдэгч Н.Ч, Б.Ө нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

          Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт тус тус  холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Н.Ч, Б.Ө нарт холбогдох эрүүгийн хэргийг 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн, 1998 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, эгч нарын хамт, ял шийтгэлгүй гэх, Н.Ч,

 

          Монгол Улсын иргэн, 1998 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Зампа” ресторанд бармен ажилтай, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт ял шийтгэлгүй, Б.Ө,

          Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Яллагдагч Н.Ч нь 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 02-нд шилжих шөнийн 05 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Лакс" гэх баарны гадна иргэн Б.Ө-тай маргалдаж, улмаар харилцан зодолдож Б.Ө-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

 

          Яллагдагч Б.Ө нь 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 02-нд шилжих шөнийн 05 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Лакс" гэх баарны гадна иргэн Н.Ч-той маргалдаж, улмаар харилцан зодолдож Н.Ч-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

          Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Н.Ч, Б.Ө нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, шүүгдэгч нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, мөн хуулийн 17.5 дугаар зүйлийн 3-д зааснаар яллагдагч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналаа бичиж хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

          Шүүх шүүгдэгч Н.Ч, Б.Ө нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

          Шүүгдэгч Н.Ч нь 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 02-нд шилжих шөнийн 05 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Лакс" гэх баарны гадна иргэн Б.Өлзий-Учралтай маргалдаж, улмаар харилцан зодолдож Б.Ө-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

 

          Шүүгдэгч Б.Ө нь 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 02-нд шилжих шөнийн 05 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Лакс" гэх баарны гадна иргэн Н.Чимэддоржтой маргалдаж, улмаар харилцан зодолдож Н.Ч-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь: 

 

     Шүүгдэгч Н.Ч-н шүүх хуралдаанд өгсөн “...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн” гэх мэдүүлэг, 

     Шүүгдэгч Б.Ө-н шүүх хуралдаанд өгсөн “...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн” гэх мэдүүлэг, 

             Хохирогч Б.Ө-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Н.Чнамайг хавирч унагаагаад толгой руу нилээн хэдэн удаа өшиглөж энэ гэмтлийг учруулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 6 дугаар  хуудас/,

 

          Хохирогч Н.Ч-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би хөлнөөс нь татаад газар унагаагаад бид хоёр бие биенээ цохисон. Б.Ө гараараа миний цээж, мөр лүү гараараа хэд хэдэн удаа цохисон. Би Б.Ө-н гар, шанаа, цээж рүү гараараа 5-6 удаа цохисон. Тэгээд бид хоёр зууралдаад өнхөрсөн. Б.Ө-тай зодолдож байхад хамгаалагч гарч ирээд салгасан. Тэгээд харсан чинь гарнаас цус гарч байсан. Энэ гэмтлийг Б.Ө учруулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 4 дүгээр хуудас/,

 

           Гэрч Э.Гансүхийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 02-ны 05 цаг 30 минутын орчим Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо “Лакс” бааранд ажлаа хийж байтал үл таних эмэгтэй ирээд гадаа зодоон болж байна гэхээр нь яваад очтол өндөр залуу хэвтээ байдалтай, намхан залуу 160-165 см орчим өндөртэй улаан өнгийн юүдэнтэй цамцтай, хар өнгийн гадуур хувцастай залуу цээж рүү нь өвдөглөөд дарсан, хажууд нь пивоны шил хагарсан байдалтай байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8 дугаар хуудас/,

 

          Шинжээч эмчийн 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн “...Б.Ө-н биед баруун, зүүн чамархайн хуйханд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, духанд зулгаралт, зүүн бугуйд зулгаралт, хоёр зовхи, зүүн чихний ард цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх шинэ гэмтлүүд байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх 6810 дугаартай дүгнэлт /хх-ийн 13 дугаар хуудас/,

 

          Шинжээч эмчийн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн “...Н.Ч-н биед баруун гарын ядам хуруунд шарх, баруун гарын алганы ар талд зулгаралт, нуруу, хэвлийд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх баруун гарын ядам хуруунд шарх, баруун гарын алганы ар талын зулгаралт гэмтэл нь хурц ирмэгтэй зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр, бусад гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх 6798 дугаартай дүгнэлт /хх-ийн 15 дугаар хуудас/,

 

              Шүүгдэгч Н.Ч-н иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 21 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 23 дугаар хуудас/, Н.Чхэргийн материалтай танилцаад гомдол саналгүй гэх /хх-ийн 45 дугаар хуудас/,

 

          Шүүгдэгч Б.Ө-н иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 22 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 24 дүгээр хуудас/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 25 дугаар хуудас/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 26 дугаар хуудас/, ажлын газрын тодорхойлолт /хх-ийн 27 дугаар хуудас/, Н.Чимэддоржтой сайн дураар эвлэрсэн, гомдол саналгүй гэх хүсэлт /хх-ийн 44 дүгээр хуудас/ болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгч нарын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

         

          Шүүгдэгч Н.Ч, Б.Ө нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож эвлэрсэн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч Н.Ч, Б.Ө нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурорын яллагдагч нарт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4-д заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг Н.Ч, Б.Ө нарт танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

         

          Иймд шүүх шүүгдэгч Н.Ч, Б.Ө нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар прокурорын гаргасан саналыг харгалзан шүүгдэгч Н.Ч, Б.Ө нарт тус бүр 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, уг торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4. 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Н.Ч, Б.Ө нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар Н.Ч, Б.Ө нарыг тус бүр 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Н.Ч, Б.Ө нарыг шүүхээс оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тус тус тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Н.Ч, Б.Ө  нар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус тайлбарласугай.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Н.Ч, Б.Ө нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.          

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

 

     7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

     8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Н.Ч, Б.Ө нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

                       

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Л.ОДОНЧИМЭГ