Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 4819

 

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 06 сарын 20 өдөр

   Дугаар 101/ШШ2016/04819

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

           

            Нэхэмжлэгч: ххххххххххххххх тоотод оршин суух, 35 настай, эрэгтэй, С.бгийн /РД: ............/ нэхэмжлэлтэй

Хариуцагч: ..................байрлах, “И“ ХХК-д холбогдох

“И“ ХХК-ийн захирлын 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 168/2016 тоот “Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай” тушаалыг хүчингүй болгох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.б,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Ундрахтамир,

Хариуцагч “И“ ХХК-ийн захирал Н.Сүхбаатар,

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Мөнгөнцацрал,

Гэрч Д.Бадралт,  

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Дэлгэрсайхан нар оролцов.

 

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

С.б миний бие “И“ ХХК-ийн захирал Н.Сүхбаатартай ажилд орох талаар 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр уулзаж сарын 800.000 төгрөгийн цалинтай, 1 сарын туршилтын хугацаатай 2015 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс тус компанид ажиллахаар тохирсон.

2015 оны 5 дугаар сарын 1-ний өдөр ажилдаа орохоор ирэхэд анх тохирсноосоо буцаж сарын 500.000 төгрөгийн цалинтай, 3 сарын туршилтын хугацаатай, уг хугацаанд би өөрөө даатгалаа төлөх болсон.

2015 оны 8 дугаар сарын 1-ний өдөр хүртэл туршилтын хугацаагаар ажилласан ба 2015 оны 8 дугаар сарын 1-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилд жинхлэх тушаал гарган хөдөлмөрийн гэрээний төсөл ирүүлсэн.

Уг хөдөлмөрийн гэрээний төсөл нь Хөдөлмөрийн хуульд нийцээгүй, 1 сарын туршилтын хугацаатай гэсэн байсан тул би гарын үсэг зураагүй бөгөөд “И“ ХХК-ийн хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн хөдөлмөрийн гэрээ надад өгч байсан гэрээ мөн байна.

Энэ бүх хугацаанд намайг хөдөлмөрийн гэрээгүй ажиллуулж байсан бөгөөд 2016 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр ажил төрлийн маргаанаас ам муруйн ажлаас хууль бусаар халсныг хүлээн зөвшөөрөхгүй. Би тус компанид ажилд орсон цагаасаа удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь гүйцэтгэж ирсэн.

Иймд “И“ ХХК-ийн захирлын 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 168/2016 тоот “Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай” тушаалыг хүчингүй болгож намайг урьд эрхэлж байсан маркетингийн менежерийн ажилд маань эргүүлэн тогтоож өгнө үү.

Би 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 66 хоног ажилгүй байсан. Сарын 800.000 төгрөгийн цалинтай байсан. 1 өдрийн цалин 37.209 төгрөг. Нийт 1.823.255 төгрөгийг ажилгүй байсан хугацааны цалинд нэхэмжилнэ. Нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэв.

 

            Хариуцагч “И“ ХХК-ийн захирал Н.Сүхбаатар шүүхэд гаргасан тайлбарт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“И“ ХХК нь С.бтэй 2015 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн маркетингийн менежерийн ажлын байранд сарын 800.000 төгрөгийн цалинтай Эрдэнэт хотод ажиллуулахаар тохирч хөдөлмөрийн гэрээ байгуулахыг нягтлан бодогч Т.Отгонтуулд даалгасны дагуу хөдөлмөрийн гэрээний төслийг 2 хувь бэлтгэн С.бд өгсөн боловч нэг хувийг буцаан өгөлгүй явсаар 2016 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр хүртэл ажилласан.

Энэ хугацаанд хөдөлмөрийн гэрээн дэх хүлээн зөвшөөрөхгүй байгаа нөхцлийн талаар нягтлан бодогч Т.Отгонтуул болон компанийн удирдлагуудад хэлсэн санал байгаагүй тул ажилд авах тухай тушаалын дагуу Голомт банкинд цалингийн карт нээлгэж нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нь хуулийн дагуу төлж байсан.

С.б нь тус компанид ажиллах хугацаандаа хэд хэдэн удаа сахилгын зөрчил гарган сануулах арга хэмжээ авахуулсан.

2012 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс 9 дүгээр сарын 5-ны хооронд Орхон аймаг, Эрдэнэт хотод томилолтоор ажиллах хугацаандаа архи ууж бусадтай маргалдан зодоон хийж, бусдын биед гэмтэл учруулсан эрүүгийн хэрэгт холбогдон, үүнийгээ компанийн удирдлагуудад хэлэлгүй нууж байсныг хамт архи уун зодоон хийсэн ажилчин Х.Чулуунбаатараас анх мэдсэн ба томилолтоор явах хугацаанд сахилгын зөрчил гарган компанийн нэр төрийг унагаасан явдалд сануулах арга хэмжээ авч цаашид Эрдэнэт хотод ажиллуулах боломжгүй тухай хэлсэн.

С.бд зодуулсан гэх н.Дэлгэрхангай нь 2016 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Орхон аймаг, Эрдэнэт хот, дах манай компанийн ажлын байранд ирж танай компанийн ажилчин С.б нь бусдын эрүүл мэндийг хохироочихоод ирж уулзаагүй, мөн эмчилгээний зардал төлөөгүй алга болсон тул танай компаниас эмчилгээний зардал болон хохирлоо гаргуулах хүсэлтэй байна гэж гомдол гаргасан.

2015 оны 10 дугаар сарын 3-ны өдөр манай харилцагч компани болох   “НГ“ ХХК-ийн ерөнхий инженер н.Анхбаяртай удаа дараа таарамжгүй харьцсан талаар гомдол ирж үүний дагуу ажил үүргээ гүйцэтгэхдээ харилцааны соёлтой, хүлээцтэй байхыг сануулсан гүйцэтгэх захирлын сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал гарсан.

С.б нь манай компанитай хамтран ажилладаг компани, албан байгууллагуудын ажилчин, албан хаагчидтай харилцах, ажил үүргээ гүйцэтгэхдээ дээрх сахилгын зөрчлийг удаа дараа гаргаж байсан.

 2016 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр захирлын тушаалаар ажилчдын ажлын цагийг хурууны хээгээр бүртгэх шийдвэр гарсан бөгөөд үүний дагуу  ажилчид ажилд ирсэн болон явсан цагаа бүртгүүлэх болсон. С.б нь хурууны хээгээ бүртгүүлсэн боловч ажилдаа ирсэн болон явсан цагаа огт бүртгүүлээгүй байсан.

Энэ мэтчилэн сахилгын зөрчлийг удаа дараа гаргаж байсан ба энэ байдлыг нь болон ажил үүрэгтээ хайнга хандаж, хариуцлагагүй байгааг нь хэлэхэд компанийн удирдлагатай муудалцаж ажил үүргээ гүйцэтгэж чадаагүйгээ хүлээн зөвшөөрөөгүйгээр барахгүй, би ажлаасаа гарлаа, намайг халахгүй юу гэж маргасан.

Сахилгын зөрчил давтан гаргасан болон компанийн удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлээгүй, мөн компанийн удирдлагатай маргалдаж муудалцсан, өөрөө намайг халахгүй юу хэмээн уурлаж байсан тул С.бг ажлаас халах тушаал гарсан.

Тус компанид ажилласан хугацаанд цалинг нь бүтнээр нь тооцож нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нь төлсөөр ирсэн бөгөөд 8 сар ажилалсан хугацааны амралтын мөнгийг хүртэл бүрэн тооцож олгосон. Иймд С.бгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

           

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

 Нэхэмжлэгч С.б нь хариуцагч “И“ ХХК-д холбогдуулан “И“ ХХК-ийн захирлын 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 168/2016 тоот “Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай” тушаалыг хүчингүй болгох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтрүүдэд бичилт нөхөн хийлгэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч С.б нь “ажлаас үндэслэлгүй, хууль бусаар чөлөөлсөн” гэж,

Хариуцагч “И“ ХХК нь “С.б сахилгын зөрчил удаа дараа гаргасан, Эрдэнэт хотод ажиллах явцдаа бусадтай маргалдан, зодолдож компанийн нэр төрийн унагаасан тул халсан нь үндэслэлтэй” гэж тус тус тайлбарлаж байна.

 

“И“ ХХК-ийн маркетингийн менежер С.бг тус компанийн захирлын 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 168/2016 тоот “Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай“ тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, С.бтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 2.3, 3.7, 4.1, 5.2 дах заалтуудыг үндэслэн Орхон аймгийн Баян-Өндөр суманд томилолтоор ажиллах хугацаандаа согтууруулах ундаа хэрэглэн бусадтай маргалдаж эрүүгийн гэмт хэрэгт холбогдон компанийн нэр хүндийг унагасан, үүрэг даалгавар биелүүлээгүй, удаа дараа ажлаас хоцорсон, ажлын байрыг орхиж явсан, удирдлагатай санал зөрөн маргах байдлаар давтан сануулга авч байсан үндэслэлээр 2016 оны 4 дүгээр сарын 6-ны өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

/ХХ-ийн 3 дугаар тал/

 

Нэхэмжлэгч С.б нь тус компанид 2015 оны 5 дугаар сараас 3 сарын туршилтын хугацаагаар ажил үүрэг гүйцэтгэсэн гэх ба ажил олгогч “И“ ХХК нь 2015 оны 8 дугаар сарын 1-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулахаар гэрээг нэхэмжлэгч С.бд хүлээлгэн өгсөн бөгөөд уг гэрээнд түүнийг тус компанид маркетингийн менежерээр ажиллуулна, сарын цалин 800,000 төгрөг, гэрээний хугацааг 1 жил буюу 2016 оны 8 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл гэжээ.

Нэхэмжлэгч С.б нь дээрх гэрээнд гарын үсэг зураагүйд ажил олгогчыг буруутгэх үндэслэлгүй ба уг гэрээний дагуу нэхэмжлэгч тус компанид маркетингийн менежерийн ажил үүрэг гүйцэтгэсэн, сард 800.000 төгрөгийн цалин авч байсан тул ажил олгогчыг түүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулсан гэж үзлээ.

/ХХ-ийн 15-17 дугаар тал/

 

            С.Бгийн “И“ ХХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 2.3-т “Хөдөлмөрийн гэрээг ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн, удаа дараа ажлын доголдол гаргасан, давтан сануулга авах тохиолдолд шууд цуцална”,

3.7-д “Ажилтаныг өөр ажилд шилжүүлэх буюу байгуулсан гэрээг цуцлах асуудлыг зөвхөн Хөдөлмөрийн хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ“,

4.1-т ““И“ ХХК-ийн байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн хууль тогтоомж болон энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ чанд биелүүлэхийн тулд хариуцсан ажлаа чанартай, хурдан хугацаанд хийж гүйцэтгэн ажиллана“,

 5.2-т “Энэхүү гэрээний 2.3-т заасан зөрчил гаргасан ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээгээ захиргаа хөдөлмөрийн тухай хуулийн дагуу цуцална“ гэж тус тус заасан байна.

 /ХХ-ийн 15-17 дугаар тал/

 

            Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэж заажээ.

С.б нь түүнийг ажлаас чөлөөлсөн тушаалыг гардан авч 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэлээ гаргасан ба тэрээр гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна.

 /ХХ-ийн 2-3 дугаар тал/

 

Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ”ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах талаар  заасан байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ажилтан  хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг хоёр буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгох ба зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон байх шаардлагатай боловч тус бүрд нь сахилгын шийтгэл заавал ногдуулсан байхыг шаардахгүй.

Ажилтны гаргасан зөрчил гэдэг нь түүний хөдөлмөрлөх явцдаа хөдөлмөрийн гэрээ болон дотоод журам, мэргэжлийн ажил үүрэгтэй холбоотой дүрэм, журам зэргийг зөрчих, мөн ёс зүйн  алдаа гаргах зэргээр зөрчсөн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байна.

 

Ажилтныг сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж үзэж байгаа бол гаргасан зөрчил нь тогтоогдсон байх учиртай болно.

 

Ноцтой зөрчил гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл байна гэж ойлгоно.

Гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байна.

 

Ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсгийг үндэслэн нэхэмжлэгчийг ажлаас нь чөлөөлсөн гэх боловч уг зүйлд заасан аль үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн нь ойлгомжгүй, ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан эсэх нь тодорхойгүй байна.

 

Ажилтан зөрчил гаргасан бол энэ нь зохигчдын  гаргаж өгсөн баримтаар нотлогдох, эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдох ёстойгоос гадна тушаалд заасан зөрчлүүдийг шалгасан талаарх баримт, тэмдэглэл, зөрчил гаргагчийн тайлбар зэрэг бүхий л нотлох баримтуудыг ажил олгогч гаргаж өгөөгүй бөгөөд нэхэмжлэгч С.б нь түүнийг ажлаас чөлөөлсөн тушаалд дурдагдсан зөрчлүүдийг гаргасан нь нотлогдохгүй байна.

 

“И“ ХХК-ийн захирлын 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 186 тоот тушаалаар С.бг Эрдэнэт хотод ажиллах хугацаандаа согтууруулах ундаа хэрэглэн бусадтай маргалдаж зодолдон, бусдын биед гэмтэл учруулан, компанийн нэр хүндэд харшлах үйлдэл гаргасан үндэслэлээр сануулах арга хэмжээг, мөн захирлын 2015 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 190/2015 тоот тушаалаар харилцагч компанийн ажилтантай маргаж компанийн үйл ажиллагааг удаашруулан, хэвийн ажиллах нөхцөл алдагдуулсан үндэслэлээр сануулах арга хэмжээ авсан гэх ба уг тушаалыг хожим нөхөн үйлдсэн талаар талууд тайлбарласан, тушаалуудыг С.бд танилцуулаагүй, дээрх зөрчлүүдийг нэхэмжлэгч С.б гаргасан нь тогтоогдсонгүй.

/ХХ-ийн 18-19 дүгээр тал/

 

            Иймд хариуцагч “И“ ХХК-ийн захирлын 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 168/2016 тоот “Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай” тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч С.бг “И“ ХХК-ийн маркетингийн менежерийн ажилд эгүүлэн тогтоон ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж үзэв.

           

            С.б нь сард 800.000 төгрөгийн цалин авдаг нь түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ, түүний нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар тогтоогдлоо.

/ХХ-ийн 5-7, 15-17 дугаар тал/

 

Нэхэмжлэгч С.б нь 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг дуустал хугацаанд 49 хоногийн буюу 1.823.241 төгрөгийн цалин авах байсан байна.

800.000 төгрөг /21,5 хоног= 37.209 төгрөг /1 хоногийн цалин/

 

Иймд хариуцагч “И“ ХХК-иас С.бгийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 1.823.241 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 14 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 Ажил олгогч нь С.бг 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн тушаалаараа 4 дүгээр сарын 6-ны өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлсөн ч нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалинг тушаал гарсан өдрөөс тооцож нэхэмжилнэ гэснийг үндэслэн тооцов.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар ажил олгогч болон ажилтан нь нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй тул ажил олгогч нь С.бд ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 1.823.241 төгрөгийг олгохдоо нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хасч тооцох, мөн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг “И“ ХХК-ийн захирал болон нягтлан бодогчид даалгах үндэслэлтэй.

 

Гэрч Д.Бадралт нь мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж өгөөгүй тул түүний мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй болно.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар хариуцагч “И“ ХХК-ийн захирлын 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 168/2016 тоот “Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай” тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч С,ын бг  “И“ ХХК-ийн маркетингийн менежерийн ажилд эгүүлэн тогтоосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар С.бгийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 1.823.241 төгрөгийг хариуцагч “И” ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч С.бд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 14 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч С.бгийн болон хариуцагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг “И“ ХХК-ийн захирал болон нягтлан бодогчид даалгасугай.

 

  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлйин 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлйин 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар дээрхи нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч “И” ХХК-иас 44.121 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Н.САРАНГҮН