Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 353

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Наранцэцэг, Я.Эрдэнэлхагва, Б.Должинсүрэн

нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Зориг, Д.Гансүх нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Мөнгөнсүх,

ялтан Б.Наранцэцэг, түүний өмгөөлөгч Л.Сарангуа,

ялтан Б.Должинсүрэнгийн өмгөөлөгч Б.Зулбаяр, 

нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулж,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэрийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 89 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Б.Наранцэцэг, түүний өмгөөлөгч Л.Сарангуа нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоор Б.Наранцэцэг, Я.Эрдэнэлхагва, Б.Должинсүрэн нарт холбогдох 2015 2502 2027 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 5 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Гансүхийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1.Хотгойд овогт Бямбаагийн Наранцэцэг, 1964 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 53 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “Хилчин” СӨХ-ийн болон “Гэгээн хишиг ундарга” хадгаламж зээлийн хоршооны гүйцэтгэх захирал ажилтай, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны Иргэдийн нийтийн хурлын тэргүүлэгч гишүүний сонгуультай, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 1-38 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:УО64040801/,

2.Боржигон овогт Янжмаагийн Эрдэнэлхагва, 1978 оны 2 дугаар сарын 5-ны өдөр Баянхонгор аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 39 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, хүү, охины хамтаар Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд дарь -Эхийн 40 дүгээр гудамжны 1985 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ВЭ78020500/,

3. Боржигон овогт Бэгзийн Должинсүрэн, 1975 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Өвөрхангай аймгийн Бүрэн суманд төрсөн, 41 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, цэцэрлэгийн туслах багшийн мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, дөрвөн хүүхдийн хамтаар Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 23-00 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ЙЕ75060308/;

Б.Наранцэцэг, Я.Эрдэнэлхагва нар бүлэглэн 2015 оны 10 дугаар сарын 3-ны шөнө Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 32А байрны гадна иргэн Б.Должинсүрэнтэй хувийн таарамжгүй харилцаа буюу хохирогчийн  зүй бус ажиллагааны улмаас маргалдан түүний эрх чөлөөнд нь халдаж бие махбодид “ахар сүүлний зөрөөгүй хугарал, хамрын ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, зүүн гуянд шарх, цус хуралт, хамар, дух, хоёр хацар, эрүү, баруун шуунд зулгаралт” бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан,

Я.Эрдэнэлхагва нь 2016 оны 8 дугаар сарын 9-ний өдрөөс 2017 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл хугацаанд мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн,

Б.Должинсүрэн  нь согтуугаар 2015 оны 10 дугаар сарын 3-ны шөнө Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 32А байрны гадна бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлаж танхайрах явцдаа иргэн Б.Наранцэцэгийн бие махбодид “баруун гарын 1-р хурууны үзүүр хэсгийн хазагдаж тасарсан шарх, хумс уналт” бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Б.Должинсүрэнгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар, Б.Наранцэцэгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт зааснаар, Я.Эрдэнэлхагвын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос Боржигон овогт Янжмаагийн Эрдэнэлхагвыг бүлэглэн, бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, Прокуророос Боржигон овогт Бэгзийн Должинсүрэнг нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлаж танхайрсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, Прокуророос Хотгойд овогт Бямбаагийн Наранцэцэгийг бүлэглэн, бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, Хотгойд овогт Бямбаагийн Наранцэцэгийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Боржигон овогт Бэгзийн Должинсүрэнг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Боржигон овогт Янжмаагийн Эрдэнэлхагвыг мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар Боржигон овогт Бэгзийн Должинсүрэнгийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилсөнийг хэрэгсэхгүй болгож, Б.Наранцэцэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 300 /гурван зуу/ цагийн албадан ажил хийлгэх ялаар, Боржигон овогт Янжмаагийн Эрдэнэлхагвыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Я.Эрдэнэлхагвад оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийг 50.3 дахь хэсэгт зааснаар ялтан Б.Наранцэцэг нь албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийвэл баривчлах ялаар сольж болохыг анхааруулж, Б.Наранцэцэг, Я.Эрдэнэлхагва, Б.Должинсүрэн нар нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг Сиди, гэрэл зургуудыг энэ хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээхээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Я.Эрдэнэлхагвад оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 1 /нэг/ жилийн хугацаагаар тогтоож, түүний засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Г.Должинсүрэнгээс 473.600 /дөрвөн зуун далан гурван мянга зургаан зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.Наранцэцэгт олгож, хохирогч Г.Должинсүрэн энэ гэмт хэргийн улмаас бие махбодидоо учирсан хүндэвтэр гэмтлийг эмчлүүлэхэд гарсан зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Ялтан Б.Наранцэцэг, түүний өмгөөлөгч Л.Сарангуа нар хамтран гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд өмгөөлөгч Л.Сарангуа гаргасан тайлбартаа: “...Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 317 дугаар зүйлийг зөрчсөн гэж үзэн шүүгдэгч Бямбаа овогтой Наранцэцэгийн өмгөөлөгчийн хувьд гомдолтой байна. Мөрдөн байцаалтын ажиллагаа гүйцэд биш хийгдсэн бөгөөд 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 95 тоот шүүгчийн захирамжаар буцаасан заалтыг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэн гомдол гаргаж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10 дугаар зүйлд “Энэ хуульд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулсан хэрэг үйлдэгдсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болно” гэжээ. Шүүгдэгч Б.Наранцэцэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, шүүх хөнгөрүүлэн шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Шүүх энэ хэргийн холбогдогч Б.Должинсүрэнд шүүгдэгч Б.Наранцэцэг гэмтэл учруулсан гэж дүгнэхдээ хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг тогтоолд дурьдсан боловч эндээс Б.Наранцэцэг энэ хэргийг үйлдсэн гэх байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч Я.Эрдэнэлхагва энэ хэрэгт оролцоогүй гэх дүгнэлт нь ч нотлогдохгүй байна. Хохирогч Б.Должинсүрэн \хх-9\ 2015 оны 10 дугаар сарын 5-ны өдөр мэдүүлэхдээ: “2015 оны 10 дугаар сарын 2-ны өдөр “Саран” караокэд ороод ирэхэд ... СӨХ-ийн дарга Наранцэцэг намайг үсдээд доошоо дараад ам руу хуруугаа хийгээд...” гэж мэдүүлсэн. \хх-15\ “... 02 цагийн үед караокээс гараад СӨХ-ийн байранд манай ажилчид бүгд орсон. Тэгээд .... Наранцэцэг миний үснээс зулгаагаад ...” гэж мэдүүлсэн. Харин яллах дүгнэлтэд энэ хэрэг 32А байрны гадаа болсон гэж тодорхойлсон. Мөн хавтаст хэргийн 6 дугаар хуудсанд хохирогч Б.Должинсүрэнгийн өргөдлийн эхний хэсэг байхгүй болсон байна.

Хохирогч Б.Должинсүрэн “намайг Наранцэцэг, Эрдэнэлхагва хоёулаа зодож цохьсон гэх боловч мөрдөн байцаалтаар хэн, яаж цохисон эсэх нь тогтоогдоогүй байхад бүлэглэж үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдсэн, мэдүүлгүүд зөрүүтэй байхад шүүх аль нэг хэсгийг авч, бусдыг үгүйсгэсэн тухай үндэслэлээ заалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Тэгэхээр энэ хэрэг хаана, яаж, хэн үйлдсэн гэдэг нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдоогүй гэж үзэж байгаа юм.

Энэ хэргийг мөрдөн байцаалтад буцаасан шүүгчийн захирамжийн заалт биелээгүй. Я.Эрдэнэлхагва бүлэглэж оролцсон оролцоо, эсвэл оролцоогүй гэдэг нь тогтоогдоогүй ирсэн бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр ч тогтоогдоогүй.

Б.Должинсүрэнгийн өмгөөлөгчийн хүсэлттэй холбоотой шүүгчийн захирамжийн заалт биелээгүй. Тухайлбал 1хх 124-126, 2хх 91-93 хуудсанд 3 ширхэг баримт хавсаргагдаад байгаа нь хоёулаа адилхан баримт байгаа. Энэ нь нэгдүгээрт нотлох баримтын шаардлага хангахгүй байна. 2-рт Төмөр замын цагдаагийн байгууллагаас мөрдөн байцаалт, прокурорын байгууллагад албан бичгээр ирээгүй 3 хуудас хуулбарласан баримт хавсаргагдаад байгаа нь хууль зөрчиж байна. “Албадан саатуулсан тэмдэглэл” гэх баримт нь 2015 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр үйлдэгдсэн. Тэмдэглэлийн 21 дүгээр зүйлд “... шалбарсан, улайсан, хөхөрсөн шархтай " гэж бичихдээ 2 өөр үзгээр бичсэн нь энгийн нүдээр харахад ялгагдаж байна. 23 дугаар зүйлд “Цагдаагийн албан хаагчийн шаардлагыг эсэргүүцсэн” гээд “өчих мэх хэрэглэв” гэжээ. Хохирогч Должинсүрэн шүүхийн хэлэлцүүлэгт ийм мэх хэрэглээгүй гэж мэдүүлсэн нь нэг бол худлаа ярьж байна, эсвэл нууж байна. Дээрх гэмтэл шархтай хүнийг эмч үзсэн, гэрчээр асуусан байцаалт байгаа. Гэтэл “өчих мэх хэрэглэв” гэдэг нь эргэлзээ төрүүлж байгаа бөгөөд хохирогч Б.Должинсүрэн өөрийн мэдүүлгийн эх сурвалжийг зааж чадахгүй байгаа болон мэдүүлэг нь зөрүүтэй, зарим гэрчүүд Должинсүрэнг гэмтэлтэй байсныг хараагүй бөгөөд Цагдаагийн байгууллагад хохирогч гэмтэл авсан байх боломжтойг шалгах ёстой.

Үзлэгийн тэмдэглэл гэх 93 дугаар хуудсанд байгаа баримт нь 2015 оны 10 дугаар сарын 30-ны 01 цаг 40 минутад үйлдэгдсэн бөгөөд “үзлэг хийлгэхийг татгалзав” гэжээ. 1996 оны 91 дүгээр тогтоолоор батлагдсан “Захиргааны журмаар албадан саатуулах байрны дэглэм журмын 1-д “Эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас хуульд заасан үндэслэлээр захиргааны журмаар албадан саатуулахаар шилжүүлсэн этгээдийг хүлээн авч, албадан саатуулах шийдвэрийг хэрэгжүүлэх цагдаагийн байгууллагын нэгжийг албадан саатуулах байр гэнэ” гээд албадан саатуулах байранд хөтлөх баримт бичгийн жагсаалтыг энэ журмаар тодорхойлсон байна. Энэ бүртгэлүүдийг авч үзэх шаардлагатай бөгөөд шүүгч захирамждаа үүнийг заасан. Мөн Цагдаагийн байгууллагын тухай хууль, ЦЕГ-ын 1994 оны 75 тоот тушаалаар батлагдсан  “Цагдаагийн тусгай хэрэглэл, мэх хэрэглэх” заавар ёсоор “Гэмтэлтэй болох нь илэрхий мэдэгдэж байгаа хүний тухайн гэмтлийг сэдрээж болох мэх хийхийг хориглосон байх бөгөөд “өчих мэх”-г халдагчийн гар хөлд боломжтой бүх байрлалд хэрэглэж болох ба “биед нь гэмтэл үл учруулж” гэж заасан байдаг. Гэтэл хохирогч Б.Должинсүрэнд “өчих мэх”-ийг яагаад, яаж хэрэглэх болсноо заавал тэмдэглэлд тусгасан байхыг дээрх журам, Цагдаагийн байгууллагын хуульд заасан байна. Б.Должинсүрэн нь шүүгдэгч Б.Наранцэцэгт зодуулаад хөнгөн, хүндэвтэр гэмтэл учирсан байхад эмч тодорхой санахгүй, мэдэхгүй гэсэн мэдүүлэг өгөөд тухайн үед эмнэлгийн байгууллагад шилжүүлээгүй байгаа нь түүнчлэн хууль журамд заасан баримтыг нотлох баримтын шаардлага хангуулан авахгүй байгаа нь эргэлзээ бий болгож байна. Эрүүлжүүлэх байрнаас гаргахдаа “үйлчлүүлэгч этгээдийг гарах үед цагдаагийн алба хаагч түүний гарын хээ болон гэрэл зургийг санд хадгалахаар авах ба хадгалсан баримт бичиг, мөнгө хувцас эд зүйлийг өөрт нь, эсхүл уг этгээдийг авахаар ирсэн хамгаалах хүнд гэрчийн этгээдийг байлцуулан тэмдэглэлийн дагуу хүлээлгэн өгч гарын үсэг зуруулна” гэжээ. Шүүгчийн захирамжийн “...дээрх баримтуудыг хэрэгт хавсаргаж уг гэмтлийг хэн учруулсныг тогтоож ирүүлэх” гэдэг заалт биелээгүй нь тодорхой байна.

Б.Должинсүрэн нь Б.Наранцэцэгт гэмтэл учруулахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.3, 80.1.6 дахь хэсэгт заасан нөхцөл байдлыг тогтоох гэдэг шүүгчийн захирамжийн заалт мөн биелээгүй бөгөөд Б.Должинсүрэн нь Б.Наранцэцэгтэй хувийн таарамжгүй харилцаатай байсан талаар баримт байхгүй байхад шүүх дүгнэлт хийн хэргийг хөнгөрүүлж, хуулийг буруу хэрэглэн хэрэгсэхгүй болгосныг зөвшөөрөхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэв.

Ялтан Б.Наранцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Должинсүрэн миний удирдлага доор ажилладаг. Миний хувьд Б.Должинсүрэнгийн биед гэмтэл учруулсан зүйл байхгүй. Ямар нэгэн байдлаар гараа даллаж зодож, цохисон асуудал огт байхгүй. Б.Должинсүрэн намайг гүжирдсэн гэдгийг Цагдаагийн байгууллагад олон удаа гомдол гаргаж өгсөн. Б.Должинсүрэн тэр үед маш их согтолттой байсан, хаана юу болсон талаар мэддэггүй. Цагдаагийн байгууллага надаас мэдүүлэг авахдаа “хаана болсон бэ” гэж асуухад би СӨХ-ийн жижүүрийн байранд нэг зодоон болсон, нөгөө зодоон нь СӨХ-ийн байрны үүдэнд болсон. Б.Должинсүрэн зодоон хаана болсон талаар мэдэхгүй байж байгаад Цагдаагийн байгууллагад хэргийн материалтай танилцахдаа СӨХ-ийн байранд болоогүй, орцны гадаа, гудамжинд болсон гэдгийг мэдээд энд тэнд болсон гэж мэдүүлж эхэлсэн. Надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

Ялтан Б.Должинсүрэнгийн өмгөөлөгч Б.Зулбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Должинсүрэнгийн хувьд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар өмнө ажлаас халагдсан талаар 2-3 удаа шүүхийн хаалга татаж байсан. Хувийн таарамжгүй харилцаатай гэдэг нь баримтаар тогтоогддоггүй юм аа гэхэд шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмчээс асуусан асуултад 3 удаагийн хөнгөн гэмтэл, 1 удаагийн хүндэвтэр гэмтэл учруулсны дараагаар Б.Должинсүрэнгийн аманд Б.Наранцэцэг гараа хийсэн үед хурууны үзүүрийг хазсан нь тогтоогдсон.

Хуруу хазсаны дараа ямар нэгэн үйлдэл болоогүй, цагдаа дуудаад Б.Должинсүрэнг Төмөр замын цагдаагийн хэлтэс рүү явсан хойгуур Б.Должинсүрэнд хөнгөн, хүндэвтэр гэмтлийг цагдаагийн албан хаагч нар учруулсан үйлдэл огт гараагүй. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад Б.Должинсүрэнгийн зүүн гуянд хурц үзүүр, шөвөгтэй төстэй зүйлээр хатгасан шарх байдаг. Үүнийг хэн учруулсан болох нь тогтоогдоогүй.

Б.Наранцэцэг энэ хэргийг үйлдээгүй гэж байгаа боловч мөрдөн байцаалтад хамгийн анхны гэрч буюу байрны цонхоор харсан гэрчийн мэдүүлэг нь Б.Должинсүрэнгийн мэдүүлэгтэй тохирдог. Өмнө гэрчийн мэдүүлэг өгч улмаар сэжигтнээр татагдаж шалгагдсан Ганхуяг гэх хүнтэй Б.Наранцэцэг нийлж зодсон гэдгийг гэрч болон Б.Должинсүрэн нар хэлдэг. Гэтэл Ганхуяг яллах дүгнэлтээр шүүхийн шатанд орж ирээгүй. Харин Я.Эрдэнэлхагва энэ хэрэгт оролцоогүй болох нь тогтоогдсон учраас түүний үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй.

 Б.Должинсүрэн өрх толгойлсон эх бөгөөд бага насны 4 хүүхэдтэй. “Хилчин” СӨХ-д үйлчлэгч хийдэг. Б.Должинсүрэнг танхайрсан байх магадлалтай, эсхүл өөрт нь гэмтэл учруулаагүй байхад Б.Наранцэцэгийг гүтгэсэн байж магадгүй гэсэн үндэслэлээр сайн шалгасан. Харин эсрэгээр Б.Наранцэцэг Б.Должинсүрэнд гэмтэл учруулсан нь тогтоогдсон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх санал гаргаж байна...” гэв.

Прокурор Н.Мөнгөнсүх тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хуулийн үндэслэлтэй гарсан учраас шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай байна. Давж заалдах гомдлыг сайн ойлгохгүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэг болгон Я.Эрдэнэлхагвыг бүлэглэснээр нь татаад өгөөч гээд эрх зүйн байдлаа хүндрүүлэх гээд байгаа юм шиг, эсхүл хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах гээд байгаа юм шиг, эсхүл Б.Должинсүрэнд холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчилснийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлд зааснаар зүйлчилж өгнө үү гэсэн 3 утгатай гомдол байна. Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаагаад юу хийлгэх нь тодорхойгүй байна. Шүүгчийн захирамжид заасан Төмөр замын цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх байранд байсан гэх тэмдэглэл зэрэг баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд хурааж хэрэгт хавсаргасан. Тэр тэмдэглэлээс өмгөөлөгч иш татаад гарыг нь өчсөн гээд тэмдэглэлд нь байна гэж яриад байна. Эсхүл тэрийг нотлох баримтын хэмжээнд цагдаагийн байгууллагад өгсөн гэж яриад байна, эсхүл нотлох баримтын шаардлага хангаагүй, хуурамч баримт байна гэсэн. Ер нь бол хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаагаад үүнийг тогтоох гээд байгаа юм шиг зүйл яриад байх шиг байна.

Улсын яллагчийн хувьд мөрдөн байцаалтад ажиллагаа хангалттай хийгдсэн, нэмэлт мөрдөн байцаалтад буцаах үндэслэлгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Я.Эрдэнэлхагвын үйлдэл оролцооны хувьд улсын яллагч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж өгсөн. Мөрдөн байцаалтад гэрч Дэнсмаа “шөнө унтаж байхад нь хүмүүс шуугилдаад байхаар нь цонхоороо харсан. Б.Должинсүрэнгийн хажууд Хуягаа гэх залуу, Б.Наранцэцэг хоёр байсан. Харин Я.Эрдэнэлхагва байгаагүй” гэх мэдүүлэг. Үүнийг шүүгдэгчийн гэм буруугийн  талаарх эргэлзээ бүхий байдал гэж үзээд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийг баримтлаад Я.Эрдэнэлхагвын үйлдлийг хэрэгсэхгүй болгосон. Б.Должинсүрэнгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон өөрчилснийг анхан шатны шүүх СӨХ-ийн байрны маргаанаас болж хэрүүл, зодоон болсон. Үүнээс үүдээд хувийн маргаан үргэлжилж СӨХ-н даргадаа хувийн таарамжгүй харилцааны улмаас агсам тавьсан гэж дүгнэсэн учраас зүйл анги өөрчилсөнтэй холбоотой улсын яллагчийн эсэргүүцэл бичээгүй.

Гэмт хэрэг хаана гарсан эсэх нь тодорхойгүй гэж яриад байна. Б.Должинсүрэн “Саран” караокед сууж байгаад Б.Наранцэцэг нар СӨХ-ийн байранд очоод Б.Должинсүрэнгийн байрны асуудлаас болж маргаан гарахад Б.Наранцэцэг Я.Эрдэнэлхагвыг Б.Должинсүрэнг хүргэж өг гэж хэлэхэд нь хүргэж өгсөн. Гэтэл Б.Должинсүрэн буцаж ирээд агсам тавьсан. Энэ үед нь Хуягаа гэх хүнтэй хамт Я.Эрдэнэлхагва, Б.Должинсүрэнг авч гарсан. Тэгээд 32А байрны гадаа энэ гэмт хэрэг үүссэн. Б.Должинсүрэнгийн ахар сүүлэнд учирсан гэмтлийг хэн учруулсан бэ гэх асуудал яригдана. Энэ талаар Б.Должинсүрэнгийн хохирогчоор өгсөн байцаалтад “Я.Эрдэнэлхагва намайг үсдээд доошоо тонгойлгосон байхад араас Б.Наранцэцэг нэг зүйлээр миний гуя руу хатгасан” гэж хэлдэг. Шинжээчийн дүгнэлтээр гуяанд шарх гэмтэл тогтоогдсон. “Миний араас Б.Наранцэцэг ахар сүүл рүү өшиглөсөн” гэж хохирогчоор хууль сануулж өгсөн мэдүүлэгтээ хэлдэг. Энэ мэдүүлгийг Я.Эрдэнэлхагва “Тухайн үед би байгаагүй. Яагаад гэвэл дөнгөж ажилд орсон байсан. Байгууллагын удирдлага ингээд хэлчих гэхээр тэгээд хэлсэн. Түүнээс биш би зодоогүй, Б.Наранцэцэг захирал гэмтэл учруулсан” гэх мэдүүлэг нотолдог. Я.Эрдэнэлхагва, Б.Должинсүрэн, Дэнсмаа, Ганхуяг нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт зэргээр Б.Наранцэцэг энэ гэмтлийг учруулсан нь тогтоогдсон гэж үзэж байна. Харин гэм буруугаа хүлээхгүй байгаа Б.Наранцэцэгт албадан ажил хийлгэх ял оногдуулж байгаа нь энэ хүний хувийн байдалд тохирсон уу гэдэгт шүүх бүрэлдэхүүн дүгнэлтээ хийх байх. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна...” гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “ …шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна…” гэсэн хуулийн шаардлагад нийцжээ.

 

Б.Наранцэцэг нь 2015 оны 10 дугаар сарын 3-ны шөнө Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 32А байрны орчинд иргэн Б.Должинсүрэнтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний нүүрийг маажиж, хамар луу нь цохиж, нуруу руу нь өшиглөн зодсоноос биед нь “ахар сүүлний зөрөөгүй хугарал, хамрын ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, зүүн гуянд шарх, цус хуралт, хамар, дух, хоёр хацар, эрүү, баруун шуунд зулгаралт” бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Должинсүрэн /1хх-59-60, 2хх-194/, ялтан Я.Эрдэнэлхагва /2хх-193/, насанд хүрээгүй гэрч Б.Батхүү /1хх-198/, мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмч М.Энхтайван /1хх-153, 2хх-214/, мөрдөн байцаалтад шинжээч эмч Ө.Сарангэрэл /1хх-151, 2хх-215/, шинжээч эмч Ж.Ганцэнгэл /1хх-152, 205/ нарын өгсөн мэдүүлгүүд болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 1232 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-36/, эд зүйлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл /1хх-122/, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-123/-ээр,

Б.Должинсүрэн нь согтуугаар 2015 оны 10 дугаар сарын 3-ны шөнө Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 32А байрны гадаа иргэн Б.Наранцэцэгтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний эрх чөлөөнд халдаж бие махбодид нь “баруун гарын 1-р хурууны үзүүр хэсгийн хазагдаж тасарсан шарх, хумс уналт” бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогч Б.Наранцэцэг /1хх-23-24, 2хх-78, 192/, шүүгдэгч Я.Эрдэнэлхагва /2хх-193/, гэрч Т.Ганхуяг /1хх-25/, Т.Дэнсмаа /1хх-145-146, 200-201/, Ц.Хундагацэцэг /1хх-26-28, 202/, мөрдөн байцаалтад гэрч Б.Буяндэлгэр /1хх-29/, С.Золжаргал /1хх-30/, П.Лхагвасүрэн /1хх-147/, Т.Отгонбаяр /1хх148/ нарын өгсөн мэдүүлгүүд болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 10 дугаар 8-ны өдрийн 14317 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-45/, эд зүйлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл /1хх-84, 103/, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-85, 104-105/-ээр,

Я.Эрдэнэлхагва нь 2016 оны 8 дугаар сарын 9-нөөс 2017 оны 1 дүгээр сарын 12-ны хооронд мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн цагдаагийн а/д М.Мөнхжаргалын 2016 оны 11 дүгээр сарын 4, 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн мөрдөн байцаагчийн тэмдэглэл /2хх-112, 113/, Сүхбаатар дүүргийн прокурорын газрын мөрдөн байцаалтыг түдгэлзүүлэх тухай 2016 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 1587 дугаартай прокурорын тогтоол /2хх-119/, түдгэлзүүлсэн хэргийг сэргээх тухай 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 1503 дугаартай прокурорын тогтоол /2хх-120/, оргодол эрэн сурвалжилсан тухай баримт /2хх-121-123/-ууд, шүүхийн хэлэлцүүлэгт ялтан Я.Эрдэнэлхагва хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /2хх-194/ болон хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан бөгөөд шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан нотлох баримтад үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоон хэргийг зөв зүйлчилж, ялтан Б.Наранцэцэг, Б.Должинсүрэн, Я.Эрдэнэлхагва нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, түүний гэм буруу, хувийн байдал, учруулсан хохирлын хэр хэмжээнд тохирсон хуульд заасан төрөл, хэмжээний ял шийтгэл оногдуулсан, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, эсхүл бусад хэлбэрээр хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлсөн байдал тогтоогдоогүй байна.

Анхан шатны шүүх Прокуророос Я.Эрдэнэлхагвад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, Б.Должинсүрэнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон, Б.Наранцэцэгт холбогдуулан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт болгон тус тус хөнгөрүүлэн өөрчилж, Я.Эрдэнэлхагвыг мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Б.Наранцэцэгийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Б.Должинсүрэнг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Б.Наранцэцэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 300 /гурван зуу/ цагийн албадан ажил хийлгэх ялаар шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Ялтан Б.Наранцэцэг, түүний өмгөөлөгч Л.Сарангуа нарын хамтран гаргасан: “…Б.Должинсүрэн нь Б.Наранцэцэгт гэмтэл учруулахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.3, 80.1.6 дахь хэсэгт заасан нөхцөл байдлыг тогтоох гэдэг шүүгчийн захирамжийн заалт …биелээгүй бөгөөд Б.Должинсүрэн нь Б.Наранцэцэгтэй хувийн таарамжгүй харилцаатай байсан талаар баримт байхгүй байхад шүүх …хэргийг хөнгөрүүлж, хуулийг буруу хэрэглэн хэрэгсэхгүй болгосныг зөвшөөрөхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэх гомдлын дагуу хэргийн нөхцөл байдлыг хянаж үзвэл

мөрдөн байцаалтад ялтан Б.Должинсүрэнгийн сэжигтнээр өгсөн: “...манай СӨХ-ийн дарга Наранцэцэг ирээд “чи байраа суллаж өгөөрэй” гэхээр нь би “түрээсийн мөнгөө өгөөд сууж байгаа” гэж хэлтэл, “чиний мэддэг асуудал биш, би тэр байрыг чинь яахаа шийднэ” гээд намайг хэл амаар доромжлоод шууд миний үснээс зулгаагаад нүүрийг минь маажиж хамар луу цохиж доош нь дараад намайг газар унагааж нуруу руу минь өшиглөсөн. ... Мөн нэг мэдсэн миний зүүн гуя руу минь үзүүртэй төмрөөр Наранцэцэг хатгасан байсан...” /1хх-59-60/,

шүүхийн хэлэлцүүлэгт Б.Должинсүрэн хохирогчоор өгсөн: “...Б.Наранцэцэг миний ардаас гарч ирээд 32а-гийн урд талд шууд үсдэж байгаад зодоод байсан. Тэгээд намайг зодоод байсан болохоор би “ёоёо үхлээ” гээд хашгираад байхад огт тавиагүй. Тэгээд миний зүүн талын завьж руу гараа хийж байгаад татаад байсан учир гарыг нь хазсан. ... Яг юу болсон гэхээр байр түрээслэж байсан Буянаа нь “би авна гэхээр нь” би “юу яриад байгаа юм, би одоо түрээслэж байна” гэхэд шүүгдэгч Б.Наранцэцэг “би мэддэг юм, миний мэддэг юм” гээд надад агсам тавиад байсан. Надад агсам тавиад байсан болохоор би гарч явсан. Тэгээд шүүгдэгч Б.Наранцэцэг миний ардаас гарч ирээд намайг үсдэж байгаад 32а-гийн урд талд зодоод, өшиглөсөн. Надад гэмтэл учруулсан. ... Намайг зодоод ажлаас халсан...” /2хх-194/,

шүүхийн хэлэлцүүлэгт ялтан Я.Эрдэнэлхагвын өгсөн: “...Дарга Г.Должинсүрэнг “чи миний өнгөрсөн ээжийн эрхийг таслалаа, чи ер нь ямар юм санаж явдаг юм, нөхрөө шоронд хийгээд хадаас болгосон, байнга хүнтэй зодолдож явдаг хүүхэн, намайг доромжлохгүй шүү чи” гэхэд нь шүүгдэгч Г.Должинсүрэн “та ч гэсэн намайг юу гээд өдөөд байгаа юм” гээд даргыг хөөхөд дарга зугтаагаад бичлэг хийгээд байсан байрны голд байдаг саад тойроод гүйгээд байсан. ... Тэгээд маргалдаад байхаар нь цагдаа дуудах нь дээр юм байна гэж бодоод гэртээ утсаа үлдээсэн байсан учир би гэр рүүгээ ороход манай 2 хүүхэд “ээж та битгий гар, наад хүмүүс чинь айлгаад байна” гэхээр нь би Г.Должинсүрэнгийн асгасан баас, шээсийг цэвэрлээд, арц уугиулаад байж байхад дарга “гараа хазуулчихлаа” гээд ороод ирсэн. “Чи гарны зураг аваадах” гэхээр нь би гарных нь зургийг аваад байж байхад эд нар бүгдээрээ яваад өгсөн.

10 билүү 15 хоногийн дараа дарга “эрүүгийн хэрэг үүссэн байна, чи очиж мэдүүлэг өгөх ёстой, би дээд албан тушаалтан байж доод албан тушаалтандаа гэнэт гараа хазуулсан гэхэд хүмүүс надад итгэхгүй, чамайг орцны үүдэн дээр үсдээд доош нь дарж байхад би та нарыг салгах гэж очоод гараа хазуулсан” гээд хэлчих. Би огт шүүгдэгч Г.Должинсүрэнг зодоогүй гэсэн. ... Тэгээд намайг “шүүгдэгч Г.Должинсүрэнг дандаа хэл ам хийдэг, хүнтэй зодолддог гээд хэлчих, тэгвэл чамд ямар ч ял шийтгэл байхгүй” гэхээр нь би яг хэлснээр нь очоод мэдүүлэг өгсөн...” /2хх-193/,

мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрч Б.Батхүүгийн өгсөн “...2015 оны 10 дугаар сарын 3-ны өдөр нагац эгч Б.Должинсүрэн нь ирэхдээ нүүр ам нь шарх болчихсон, аль хөлийг нь санахгүй байна гуяндаа хутгалуулсан “хөлөө даахгүй байна” гээд ирсэн. Должинсүрэн эгч “Наранцэцэгт зодуулсан” гэж байсан. ... тэр зургуудыг би утсаараа авсан...”/1хх-198/,

мөрдөн байцаалтад гэрч Т.Дэнсмаагийн өгсөн: “...Эрдэнэлхагва оролцоогүй байх гэж бодож байна. Намайг харахад Должоо, СӨХ-ийн дарга, Хуягаа нар харагдсан. Гэрэлд бүдэгхэн харагдсанаас биш үйлдэл нь тодорхой харагдаагүй, ...” /1хх-146/,

мөрдөн байцаалтад шинжээч эмч М.Энхтайваны өгсөн: “....Гуянд шарх гэмтэл нь ир үзүүртэй хүчин зүйлээр буюу зах ирмэг нь тэгш байсан учраас ир ирмэгтэй зүйлээр үүсгэгдсэн байсан. Намайг үзэхэд уг шарх нь хавдаж улайсан эмзэглэлтэй, 1,5-2 см орчим ил шархтай байсан. Бусад гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үндэслэлээр үүсгэгдэнэ. Энэ нь тухайн гэмтэж буй арьснаас хатуу биетийн үйлчлэлээр үүсгэгдэнэ гэсэн үг юм. Жишээ нь гарын үеийн яснууд, хумс гэх мэт байж болно. Мөн зарим гэмтэл нь маажихад үүсэх сорви байсан. Хамар нь хавдчихсан байсан ба хамрын ясны зургийг тухайн үед авчраагүй байсан болохоор ясны гэмтлийг тодорхойлж чадаагүй. Үзлэг хийх үед Должинсүрэн “ууцаар өвдөж байна” гэж хэлж байсан боловч, нуруу ууцаар тэмтэрч дарж үзэхэд ямар нэгэн эмзэглэл, гэмтэл тогтоогдоогүй байна. Надад анх үзүүлэхдээ Должинсүрэн нь нуруу, нугалам, ууцны зураг байхгүй байсан. Ахар сүүлний хугаралтай ба биеийн гадна үзлэгээр тэмтэрч үзэхэд тогтоох боломжгүй, заавал нарийн багажийн шинжилгээгээр /рентген зургаар/ тогтоодог юм. ... Б.Должинсүрэнгийн биед учирсан гэмтэл нь 2-4 хоног болсон шинэ гэмтлүүд байсан, хуучин гэмтлийн мөр байгаагүй...” /1хх-153/

шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмч М.Энхтайваны өгсөн: “...Дүгнэлтээ гаргахдаа биед болон зургийг үзэж байж дүгнэлт гаргасан. Шүүгдэгч Г.Должинсүрэнгийн биед учирсан гэмтэл шарх нь 10 дугаар сарын 2 өдөр үүссэн гэмтэл. Уг гэмтэл нь 7-оос дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн. Ууц хэсгээр, толгой, хамар, зүүн гуя өвдөж байгаа талаараа хэлж байсан. Хамрын ясны хугарал нь хальс зөөлөн эдийн дотор хэсэгт байгаа. Хаван хавдартай байсан учир би зөөлөн эдийн няцрал гэж дүгнэлт гаргасан. Зүүн гуяны цус хуралт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, олон тооны жижиг зулгаралтууд зэрэг нь хөнгөн гэмтэл байгаа...” /2хх-214/,

шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмч Ө.Сарангэрэлийн өгсөн: “...Ахар сүүлний хугарал гэмтлийг урьд гаргасан 14294 тоот шинжээчийн дүгнэлтийн зовиур үзлэгүүд, 10 дугаар сарын 6-ны гэмтлийн эмчийн үзлэг, 10 дугаар сарын 12-ны гэмтлийн эмчийн үзлэг, 10 дугаар сарын 3-ны гэмтлийн эмчийн үзлэг, онош, 10 дугаар сарын 12-ны Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн рентген зургуудаар үндэслэж дүгнэлтээ гаргасан. 10 дугаар сарын 12-ны рентген зураг дээр ахар сүүлний ташуу, зөрүүгүй шинэ хугарал гэсэн гэмтэл тогтоогдсон. Цаг хугацааны хувьд бороололт үүсээгүй хугарал байсан. Бороолоогүй хугарал гэдэг нь яснаасаа хамаарна. Чөмөгт яс, нимгэн яс, ялтаст яс гэж хуваадаг. Ахар сүүлний хувьд нимгэн яс учир хүнээсээ шалтгаалаад дор хаяж 14 хоногоос 1 сар, бороололт үүсэх нь 3 сар буюу 90 хоног явагддаг. 14 хоногтоо шинэ хугаралд хамаарна. Тэгэхээр шүүгдэгчид учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байсан гэж үзэж болно. Энэ гэмтлийг авсны дараа хүн ямар нэгэн идэвхтэй, идэвхгүй хөдөлгөөн хийнэ. Идэвхгүй хөдөлгөөн нь явах, алхах гишгэх зэргийг хийж болно. Хугаралын 5 шинж байдаг. Хамгийн эхний шинж нь өвдөнө. Энэ хүнд 10 дугаар сарын 5-нд үзлэг хийхэд өвдөх зовиур нь байсан. Хугарлын шинжүүд нь рентген зургаар оношлогдоно. Өвдөнө, хавдана, улайна гэдэг нь түрүүний хэлсэн гэмтсэн жижиг том яснуудаасаа хамаараад энэ 5 шинж харилцан адилгүй байдаг, Г.Должинсүрэнийн хувьд өвдөх хам шинж нь байсан. Г.Должинсүрэнд үүссэн ахар сүүлний хугарал нь хүндэвтэр гэмтэл бусад гэмтлүүд нь нийлээд хөнгөн гэмтэлд орно. Ахар сүүлний зөрүүгүй хугарал нь өшиглөх, цохих, унах үед үүснэ...”  /2хх-215/,

мөрдөн байцаалтад шинжээч эмч Ж.Ганцэнгэлийн өгсөн ”...хохирогч Б.Должинсүрэнгийн биед учирсан ахар сүүлний хугарал хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Энэ ахар сүүлний хугарал гэмтэл нь цохих, цохиулах, унах үед аль алинаас нь үүсэх боломжтой...” /1хх-205/ гэсэн мэдүүлгүүд болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 1232 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-36/, эд зүйлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл /1хх-122/, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-123/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг харьцуулан дүгнэвэл ялтан Б.Наранцэцэг нь иргэн Б.Должинсүрэнтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний нүүрийг маажиж, хамар луу нь цохиж, нуруу руу нь өшиглөн зодсоноос биед нь“ахар сүүлний зөрөөгүй хугарал, хамрын ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, зүүн гуянд шарх, цус хуралт, хамар, дух, хоёр хацар, эрүү, баруун шуунд зулгаралт” бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хөдөлбөргүй тогтоогдсон, мөрдөн байцаалтын ажиллагаагаар шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л зүйлүүдийг бүрэн шалгасан, анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан ял шийтгэлийн төрөл, хэмжээ түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруу, хувийн байдалд тохирсон, анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх болон няцаах нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд “...хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах тухай...” гаргасан ялтан Б.Наранцэцэг, түүний өмгөөлөгч Л.Сарангуа нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хангах хуулийн үндэслэлгүй байна.

Харин, анхан шатны шүүх Г.Должинсүрэнг хөнгөн гэмт хэрэг үйлдсэн ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагад татах хугацаа өнгөрсөн байх тул түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй” гэж дүгнэсэн атлаа шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт энэ талаар зааж шийдвэрлээгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн холбогдох зүйл, хэсгийг баримтлаагүй алдаа гаргасныг залруулах нь зүйтэй.

Иймд ялтан Б.Наранцэцэг, түүний өмгөөлөгч Л.Сарангуа нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.