Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 107

 

  Я.М-д холбогдох эрүүгийн

  хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор М.Буяннэмэх

өмгөөлөгч Б.Тэнгис

нарийн бичгийн дарга Б.Наранжаргал нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 75 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 113 дугаар магадлалтай, Я.М-д холбогдох 201501000124 дугаартай хэргийг шүүгдэгч Я.М-ийн гомдлоор хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1986 онд төрсөн, эмэгтэй, 2015 онд Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 6 сар баривчлах ялаар шийтгүүлж байсан Л овогт Я-ын М нь Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт заасан “Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авах” гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Я.М-г мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 3 сарын хорих ялаар шийтгэж, уг ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Я.М-ийн гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.  

Илтгэгч шүүгч Ч.Хосбаярын хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон өмгөөлөгч Б.Тэнгис, прокурор М.Буяннэмэх нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүгдэгч Я.М хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “... Шүүхийн сэтгэц эмгэг судлалын 1015 тоот дүгнэлтээр мансууруулах бодист донтсон сэтгэцийн эмгэгтэй гэдэг нь тогтоогдсон байхад намайг нийгмээс тусгаарлаж, эмчилгээг тасалдуулж, хорих ял оногдуулсанд гомдолтой байна. Цаашид эмчилгээгээ үргэлжлүүлэн хийлгэж, эрүүл саруул болох хүсэлтийг харгалзаж үзнэ үү. Миний ялтай байдал Өршөөлийн хуулиар өршөөгдөж ял шийтгэлгүй болсон. Иймд анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан ял шийтгэлийг оногдуулж өгнө үү...” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Тэнгис хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Шүүгдэгчийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг дэмжиж байна. Эрүүгийн хуулийн 68 дугаар зүйлийн 68.3 дахь хэсэгт зааснаар Я.М-д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж өгнө үү...” гэв.

Прокурор М.Буяннэмэх хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Я.М-д холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн гүйцэд хийгдсэн, хэргийн зүйлчлэл тохирсон, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна...” гэв.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны ба үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан шаардлагад нийцсэн байна.

            Шүүгдэгч Я.М нь 2015 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн 23 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамин агууламж бүхий мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх “мөс” гэх нэршилтэй бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, биедээ хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь Я.М-ийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримт хураасан тэмдэглэл, шинжээчийн дүгнэлтүүд, гэрч Г.Т-ийн мэдүүлэг зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Я.М-д холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, шүүхийн шийтгэх тогтоол гаргахад чухал ач холбогдолтой бүхий л байдлыг шалгаж тогтоосон байна.

Шүүхээс Я.М-г мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэн, Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт заасан төрөл хэмжээний ял оногдуулсан нь түүний гэм буруу, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарт тохирсон, шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна гэж дүгнэв.

Анхан болон давж заалдах шатны шүүх Я.М-д оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хяналтын шатны шүүхээс хянавал зохих байдалд хамаарахгүй бөгөөд Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийг хэрэглээгүй нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэх үндэслэл болохгүй.  

Мөн ялтныг хорих ялаас чөлөөлж эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ оногдуулах тухай гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг ял оногдуулаагүй тохиолдолд зөвхөн хэрэг хариуцах чадваргүй үедээ гэмт хэрэг үйлдсэн эсвэл дараа нь сэтгэцийн хувьд өөрийгөө удирдан жолоодох, үйлдлийнхээ нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлах чадваргүй болсон этгээдэд хэрэглэхээр Эрүүгийн хуулийн 65 дугаар зүйлд заасан байна.

Эрүүгийн хуулийн 68 дугаар зүйлд мансуурах донтой этгээд гэмт хэрэг үйлдсэн бол эрүүл мэндийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн ял оногдуулахын зэрэгцээ уг арга хэмжээг хэрэглэж болох тухай зохицуулсан байна.

Харин Эрүүгийн хуулийн 68 дугаар зүйлийн 68.3 дахь хэсэгт зааснаар ял эдлэх хугацаанд нь эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагатай гэж үзвэл энэ талаар мэргэжлийн байгууллагаас дүгнэлт гаргуулж эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх боломжтой юм.

Я.М нь Эрүүгийн хуулийн 65 дугаар зүйлд заасан этгээдэд хамаарахгүйгээс гадна эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагатай тухай эмнэлгийн байгууллагын дүгнэлт гараагүй байх тул шүүгдэгч Я.М-ийн “эрүүл мэндийн байдлыг харгалзан ял шийтгэлийг оногдуулж өгнө үү...”, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Тэнгисийн “Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авч өгнө үү...” гэсэн гомдлыг тус тус хүчингүй болгож анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 75 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 113 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Я.М-ийн гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

ДАРГАЛАГЧ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                   Т.УРАНЦЭЦЭГ

 

                 

ШҮҮГЧ                                                             Ч.ХОСБАЯР