Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 65

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Н даргалж,

Нарийн бичгийн дарга Ц.А,

Улсын яллагч Н.А,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Э,

Шүүгдэгч П.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газрын прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт П.А-т холбогдох эрүүгийн 1920000770051 тоот хэргийг 2019 оны 06 сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, ах, эгч, 3 дүүгийн хамт,  Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 5-р багт оршин суух, Б овогт П.А,

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч П.А нь 2019 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багт оршин суух Б.Г-н эзэнгүй байсан байшингийн зүүн талын жижиг вакум цонхыг эвдэж том өрөөний ширээн доогуур байсан шуудайтай 13,5 кг ямааны ноолуурыг авч 1,741,500 төгрөгний хохирол учруулсан хулгайн гэмт хэрэгт холбогджээ. /прокурорын яллах дүгнэлтэнд авагдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч П.А мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би 2019 оны 03 дугаар сарын 31-ний орой 23 цагаас 2019 оны 04 дүгээр сарын 01-нд шилжих шөнө 00 цагийн хооронд Дорноговь аймгийн Замын-Үүд сум 2-р багт эзэнгүй айлын зүүн талын вакум цонхыг мөрлөж түлхэж орсон юм. Тэр байшингийн баруун хойд талын өрөөний модон ширээн доор байсан цагаан өнгийн мука гэсэн бичигтэй гурилын шуудайтай 13,6 кг ноолуур байсныг хулгайлсан юм. Тэгээд тэр ноолуураа орж ирсэн цонхоор нь авч гараад блокон хашаан дээгүүр шуудайтай ноолуураа давуулж шидэн шатан дээгүүр гишгэж хашааны хойд хэсэгт гарч, байшингийн арын гудамжаар баруун хойш чиглэлтэй шуудайтай ноолуур үүрч хойш 4 гудамжны ард байдаг 2019 оны 03 дугаар сарын 31-ний шөнөдөө Дорноговь аймгийн Замын-Үүд сум 2-р баг гэртээ авч ирсэн. Гэрийнхээ грашид 3 хонуулаад Дорноговь аймгийн Сайншанд сум руу мотоциклиор авч яваад ченжид тушаасан юм. Ченжид тушаахад 1 кг-ийг 120,000 төгрөгөөр нийт 1,300,000 төгрөг болж бэлнээр ченжээс мөнгийг нь авсан. Би Сайншандыг сайн мэдэхгүй учир хэн гэдэг ченжид яг хаана өгснөө мэдэхгүй байна. Би тушаасан өдөртөө буцаж мотоциклиор ирсэн. Одоо надад ноолуур зарсан 1,300,000 төгрөг байхгүй. Би Iphone 6 маркийн гар утас авч, 80,000 төгрөгөнд өмд, цамц, подволк аваад буцаад Замын-Үүд сум руу гараад ирсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэрэг үйлдсэндээ гэмшиж байна, хохирлыг барагдуулна. Сүхбаатар аймагт миний хэдэн адуу байдаг. Адуугаа зараад хохирлыг бүрэн төлж барагдуулна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 44-45/,

- Хохирогч  Б.Т мөрдөн шалгах ажиллагаанд: “Манай гэр Замын-Үүд сумын 2-р багт байдаг. 2019 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Замын-Үүд сумаас ... км зайд байрлах хатуугийн бууц нэртэй газраас ямаануудаа самнаад 13,5 кг ноолууртай гэртээ авчирч үлдээсэн. Тэгээд ирсэн орой 23 цаг өнгөрч байхад хөдөө гэрлүүгээ буцаад явсан. Хөдөө гэртээ 2 хоночихоод 2019 оны 04 дүгээр сарын 01-ний орой 20 цагийн үед гэртээ ирэхэд байшингийн зүүн талын жижиг өрөөний цонх онгорхой байсан. тэгээд гэртээ ороод том өрөөний ширээн доогуур байсан 13,5 кг ногоон шуудаатай ноолуураа байгаа эсэхийг үзэхэд алдагдсан байсан. Тийм учраас цагдаагийн байгууллагад хандаж энэ асуудлыг шалгуулсан юм. Манай нөхөр Б.Г-н Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгсэлтэй жолооч Г.Б, нөхөр Б.Г, авга ах Б.Б нарын хамт ирж ноолуураа үлдээсэн. Ногоон өнгийн шуудайтай, шуудайны амыг лука гэсэн орос гурилны шуудайгаар амыг таглаж, мяндсан утсаар оёсон байсан тиймээс энэ шинж тэмдэгээр нь олох боломжтой. Манай нөхөр Б.Г энэ хэрэгт мэдүүлэг өгөх боломжгүй гарын үсэг зурж мэдэхгүй, мөн бичиг үсэг мэдэхгүй. Хөдөлмөрийн чадвар алдагдалт 90 хувиар группэд орсон. Би үнэлгээг хүлээн зөвшөөрч байгаа ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-13, 43/,

- Гэрч А.Б мөрдөн шалгах ажиллагаанд: “Би Замын-Үүд сумын 3-р баг Б газар малчин хийдэг Г гэх айлд 2018 оны 03 дугаар сарын 20-ны үед Улаанбаатар хотоос ирээд туслах малчин болон жолоочоор ажиллаж байгаад 2018 оны 06 дугаар сарын 20-ны үед Улаанбаатар хот руу яваад Улаанбаатар хотод ажил хийж байгаад 2019 оны 02 дугаар сарын 14-15-ны үед дахин ирж туслах малчин болон жолоочийн ажил хийсэн. 2019 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 15-16 цагийн хооронд хөдөөнөөс малчин Г, эхнэр Т, охин Н, хадам ах Б нарын хамт бид нар малчин Г гэх айлын Замын-Үүд сум 3-р багт байдаг байшинд нь хөдөөнөөс ямаагаа самнаад 13,5 кг цагаан өнгийн ууттай ноолуурыг гэрийн баруун талын өрөөнд оруулж тавиад гэрт хоол цай хийж идэж дуусаад 23 цаг 30 минутын үед хөдөө гэр лүү явсан. Тэгээд хөдөө байж байгаад 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хөдөөнөөс 19 цаг 48 минутанд Замын-Үүд сумын төвд байдаг Г-н гэрт ирэхэд байшингийн баруун талын өрөөнд үлдээгээд явсан 13,5 кг-тай цагаан өнгийн ууттай ноолуур алга болсон байсан. Тэгээд энэ талаар цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Тухайн өдөр бид нарыг гэрт байж байхад ямар нэг хүмүүс орж ирээгүй бид нар хоол цайг идэж дуусаад гадуур гарч хөдөө авч явах хүнсний бүтээгдэхүүн дэлгүүр орж худалдаж аваад хөдөө явсан. Г-н эхнэр 2 хүүхдийн хамт хоньчин О, адуучин Г, тэмээчин М, Г-н хүргэн ах С бид нар хамт амьдардаг” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15/,

- А ХХК-ний ноолуурын үнэлгээ /хх-ийн 24-25/,

- Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 04 сарын 12-ны өдрийн 01/041 дугаар шинжээчийн дүгнэлтэд “1. Шинжилгээнд ирүүлсэн №2, 3 дугаараар дугаарласан 2 хэсэг туузанд бэхчигдсэн 5 ширхэг гарын мөр нь харьцуулах шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд ирүүлсэн №2 дугаараар дугаарлагдсан 4 ширхэг гарын мөрний баруун талаасаа 2 дахь гарын мөр нь папилон санд МN003510005056 гэсэн дугаараар бүртгэгдсэн П.А-н баруун гарын ядам хурууны дардастай тохирч байна” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 31-34/,

- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 59, 88/,

- Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 79/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн болсон үйл баримтын талаар үзэхэд: П.А нь 2019 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багт Б.Г-н байшингийн зүүн талын жижиг вакум цонхыг эвдэн орж том өрөөнийх нь ширээн доогуур байсан шуудайтай 13,5 кг ямааны ноолуурыг авсан үйл баримт болсон байна.

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газрын прокуророос шүүгдэгч П.А нь 2019 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багт оршин суух Б.Г-н эзэнгүй байсан байшингийн зүүн талын жижиг вакум цонхыг эвдэж том өрөөний ширээн доогуур байсан шуудайтай 13,5 кг ямааны ноолуурыг авч 1,741,500 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ. 

Шүүгдэгч П.А нь 2019 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг Б.Г-н орон байранд нэвтэрч шуудайтай 13,5 кг ямааны ноолуурыг хулгайлсан болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд болон хохирогч Б.Т “...П.А нь 2019 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багт оршин суух Б.Г-н эзэнгүй байсан байшингийн зүүн талын жижиг вакум цонхыг эвдэж том өрөөний ширээн доогуур байсан шуудайтай 13,5 кг ямааны ноолуурыг авч 1,741,500 төгрөгний хохирол учруулсан ...” гэсэн, гэрч А.Б “...Замын-Үүд сум 3-р багт байдаг байшинд нь хөдөөнөөс ямаагаа самнаад 13,5 кг цагаан өнгийн ууттай ноолуурыг гэрийн баруун талын өрөөнд оруулж тавиад гэрт хоол цай хийж идэж дуусаад 23 цаг 30 минутын үед хөдөө гэр лүү явсан. Тэгээд хөдөө байж байгаад 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хөдөөнөөс 19 цаг 48 минутанд Замын-Үүд сумын төвд байдаг Г-н гэрт ирэхэд байшингийн баруун талын өрөөнд үлдээгээд явсан 13,5 кг-тай цагаан өнгийн ууттай ноолуур алга болсон байсан. ...” гэсэн мэдүүлгүүд, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 04 сарын 12-ны өдрийн 01/041 дугаар шинжээчийн дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч П.А дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг хүний байнга амьдрах орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч П.А-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрөө 2019 оны 08 сарын 25-ны дотор бүрэн барагдуулахаа илэрхийлсэн зэрэг байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан ял шийтгэл оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч П.А нь цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт П.А-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан хүний байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч Б овогт П.А-г 1 жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч П.А-т оногдуулсан 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч П.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч П.А-с 1,741,500 /нэг сая долоон зуун дөчин нэгэн мянга таван зуун/ төгрөгийг гаргуулан хохирогч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3-р багт оршин суух Т овогт Б.Т-т олгосугай.

6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.А-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч нар нь эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.Н