| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнямын Цогтсайхан |
| Хэргийн индекс | 183/2021/03864/И |
| Дугаар | 210/МА2025/00746 |
| Огноо | 2025-05-09 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 210/МА2025/00746
*******-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 192/ШШ2025/01447 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******, *******, ******* нарт холбогдох,
Автомашины үнэ 256,417,200 төгрөг гаргуулах тухай үндсэн, хариуцагч *******-ын нэхэмжлэгч *******-т холбогдуулан гаргасан 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн
худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч нарын өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Е.Нуршаш нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:
1.1. 2016 оны 10 дугаар сард *******-ийн захирал ******* нь миний нөхөр *******-д бетон зуурмагийн автомашиныг чинь зараад өгье гэсэн санал тавьсан.
Нөхөр бид хоёр уг саналыг зөвшөөрч, *******-ийн зуучилж өгсөн хариуцагч *******-тай уулзан автомашиныг 90,000 ам.доллароор худалдахаар харилцан тохиролцсон ба хариуцагч ******* автомашины төлбөрийг автомашин хүлээн авснаас хойш 1 сарын дараа төлөхөөр болсон.
1.2. Миний бие 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр өөрийн өмчлөлийн ******* улсын дугаартай, ******* арлын дугаартай, цагаан өнгийн хино маркийн автомашиныг хүлээлгэн өгөхөөр холбогдоход хариуцагч ******* нь автомашиныг бичиг баримтын хамт миний дүү *******-д шилжүүлээд өгчих гэж хэлсэн.
Миний бие түүнд итгэж автомашиныг бичиг баримтын хамт хариуцагч *******-д шилжүүлэн өгч, шилжүүлж өгсөн, авсан тухай баримт үйлдсэн.
1.3. Үүнээс хойш автомашины төлбөрийг шаардахад төлөхгүй байсан тул миний бие 2018 оны 08 дугаар сард Сүхбаатар дүүргийн цагдаагийн газарт гомдол гаргасан ба Улсын ерөнхий прокурорын газрын 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 1/2037 дугаартай мэдэгдэх хуудсаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн талаар хариу өгсөн.
1.4. Хариуцагч ******* ы эзэмшлийн, хариуцагч ******* нь Онцгой байдлын ерөнхий газрын Онцгой хотхоны барилгын ажилд бетон зуурмаг нийлүүлэхээр 2 тэрбум гаруй төгрөгийн үнийн дүн бүхий бетон зуурмаг нийлүүлэх гэрээ байгуулан ажиллахаар болсон учир миний автомашиныг худалдан авахаар шийдвэрлэсэн ба автомашины үнийг бетон зуурмагийн төлбөр төлөгдөхөөр 1 сараас хэтрүүлэхгүйгээр төлөхөөр тохиролцож байсан. Энэ бүх тохиролцоог бид хариуцагч ******* болон хариуцагч ******* -тай хийж, хариуцагч ******* ы хэлснээр түүний дүү хариуцагч *******-ын нэр дээр автомашиныг шилжүүлж өгсөн.
1.5. Автомашины үнэ 90,000 ам.доллар буюу 204,623,100 төгрөгийг гаргуулахаар анх нэхэмжлэл гаргасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт Гадаад валютын ханшийг тухайн үеийн Монголбанкнаас зарласан албан ёсны ханшаар тооцно. гэж заасны дагуу шүүхэд анх нэхэмжлэл гаргасан 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Монголбанкнаас зарласан ам.долларын ханш 2,849.08 төгрөгөөр тооцоход 90,000 ам.доллар нь 256,417,200 төгрөг болно.
Иймд нэхэмжлэлийн шаардлагаа 47,794,100 төгрөгөөр нэмэгдүүлж хариуцагч нараас 256,417,200 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
2. Хариуцагч *******-ын тайлбар, татгалзлын агуулга:
2.1. 2016 оны 10 дугаар сард хариуцагч ******* ах надтай холбогдож ах нь гадуур ажилтай байна. Чи нэг автомашиныг нэр дээрээ шилжүүлээд авчих, эзэн нь чам руу өөрөө ярих байх, чи очоод гарын үсгээ зурчих гэж хэлсэн. Түүнтэй ярьсны дараа надтай нэг эмэгтэй холбогдож, Авто тээврийн үндэсний төвийн салбар дээр уулзаад ******* улсын дугаартай хино маркийн автомашиныг өөрийн нэр дээр шилжүүлж авсан.
2.2. Түүнээс хойш хэсэг хугацаанд автомашины бичиг баримт надад байж байгаад 2016 оны 12 дугаар сард хариуцагч ******* ах надтай холбогдож Дүнжингаравын Сайн ломбард руу хурдан хүрээд ир гэж хэлэхээр нь яваад очсон.
Намайг очиход ах нэг найзтайгаа сууж байсан. Уг автомашиныг ломбардад тавих гэж байгаа гээд хүлээлгээд байхаар нь миний бие ажилтай байсан тул би яараад байна гэж хэлээд түрүүлж гарын үсгээ зураад явсан.
2.3. 2017 оны хавар байх хариуцагч ******* ах дахин холбогдож чиний нэр дээр байгаа автомашиныг хүнд өгч байгаа юм, чиний гарын үсэг хэрэгтэй байна, өмнө очсон Сайн ломбард руу хүрээд ир гэж хэлсний дагуу яваад очиход уг автомашиныг авна гээд 2 залуу байсан. Миний бие тэр 2 залууг танихгүй, гарын үсгээ зурах ёстой зүйл дээр нь зурчихаад явсан.
2.4. Миний бие уг автомашиныг зарж мөнгө аваагүй, мөнгө төлөөгүй, мөнгө төлнө гэж тохиролцоогүй. Нэхэмжлэгч *******, хариуцагч ******* ах болон бусад хүмүүсийн хооронд ямар тохиролцоо хийгдээд автомашиныг над руу шилжүүлсэн, цаашаа өөр хүнд шилжүүлснийг мэдэхгүй.
Иймд миний биед холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Хариуцагч ******* ы тайлбар, татгалзлын агуулга:
3.1. Хариуцагч ******* -ийн хувьцаа эзэмшигч ******* , миний бие 2016 оны 08 дугаар сарын 13-ны өдөр *******-ийн гүйцэтгэх захирал, *******-ийн захирал, хувьцаа эзэмшигч *******-тай бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээ байгуулан 1,138,605,000 төгрөгийн үнийн дүн бүхий бетон зуурмаг нийлүүлсэн боловч ******* нь худалдан авсан бетон зуурмагийн үнийг төлөх үүргээ биелүүлээгүй.
3.2. Зуурмагийн үнийг төлөхгүй байсан тул нийлүүлэлтээ зогсоох талаар мэдэгдэл өгөхөд 2016 оны 10 дугаар сард ******* нэхэмжлэгч *******-ийн эзэмшлийн ******* улсын дугаартай хино маркийн миксер автомашиныг 90,000 ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 160,000,000 төгрөгт бодож, дээрх гэрээний дагуу худалдан авсан бетон зуурмагийн төлбөрт өгье, би эзэнд нь төлбөр тооцоог хийнэ гэсэн санал тавьсны үндсэн дээр 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэгч *******-ийн автомашины бичиг баримтыг өөрийн зээ дүү, хариуцагч *******-ын нэр дээр шилжүүлж авсан.
3.3. Автомашин шилжүүлэн өгсний дараа ******* нь зуурмагийн төлбөрөө төлөхгүй их хэмжээний төлбөрийн үлдэгдэлтэй болсон, мөн зуурмагийн материал худалдан авахад бэлэн мөнгөний хэрэгцээ шаардлага гарсан тул ******* д төлбөрөө төлөхийг сануулахад наад автомашиныг чинь ломбардад тавиад мөнгө өгье гэж хэлсэн тул хариуцагч *******-д хэлээд ломбардад тавих гэрээнд гарын үсэг зурахыг зөвшөөрсөн.
******* нь уг автомашиныг ломбардад 40,000,000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьж надад зуурмагийн үнэд тооцож өгөөд өөрөө 10,000,000 төгрөгийг авсан ба зээлийн хүү, эргэн төлөлтийг өөрөө хариуцаж байсан ба удалгүй автомашиныг шилжүүлэн авъя, дүүгээ явуулаад автомашин шилжүүлэх гэрээнд гарын үсэг зуруулчих гэж хэлсний дагуу хариуцагч *******-ыг гэрээнд гарын үсэг зуруулан автомашиныг ******* ын хэлсэн хүнд шилжүүлэн өгсөн.
3.4. Нэхэмжлэгч ******* нь автомашинаа нөхрийнхөө хамтран төсөл хэрэгжүүлж байсан *******-ийн өмнөөс зуурмагийн төлбөрт тооцож шилжүүлэхийг зөвшөөрч шилжүүлсэн, төсөл хэрэгжүүлж дууссаны дараа ашгаа хуваахдаа уг автомашины төлбөрийг авах тохиролцоотой байсан бөгөөд энэ талаар цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөлдөө дурдсанаас гадна нэхэмжлэгч ******* *******-ийн санхүүгээс автомашины мөнгө гэж цувуулан авч байсан болох нь хэрэгт цугларсан баримтаар нотлогдож байна.
Гэтэл ковид цар тахал болон санхүүжилтийн саатлаас болж одоогоор тэдний хэрэгжүүлж байгаа төсөл зогсонги байдалд орсон тул нэхэмжлэгч ******* нь төсөл хэрэгжүүлж байгаа компаниас бус автомашиныг түр шилжүүлсэн хариуцагч нараас нэхэмжилж, дансыг нь битүүмжилж, үйл ажиллагаанд саад учруулж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй.
3.5. Миний бие бетон зуурмагийн төлбөрийн үлдэгдэл 660,000,000 төгрөгийн үнийн дүнд барьцаа болгон уг автомашиныг үлдээхээр тохиролцож, автомашиныг өөрийн компанийн хашаанд, ашиглалгүй байлгаж байгаад ******* д буцаан шилжүүлсэн. Хэрэв худалдан авсан бол бид өөрсдийн зуурмагийг зөөхөд ашиглаж болох байсан бөгөөд тийм тохиролцоо байгаагүй тул автомашиныг ашиглаагүй. ******* нь *******-ийн өмнөөс бетон зуурмагийн төлбөрт 3 ширхэг гараж, 2 өрөө байр өгсөн учраас автомашиныг буцаан өгсөн.
3.6. Тухайн үед хариуцагч ******* нь банкинд өртэй байсан учраас шүүхийн шийдвэрээр битүүмжлэх, хураан авах эрсдэлээс болгоомжилж уг автомашиныг хариуцагч *******-ын нэр дээр шилжүүлэн авсан. Автомашиныг фидуцийн гэрээгээр шилжүүлэн авах байсан боловч хууль мэдэхгүйн улмаас буруу шилжүүлж авсан.
Уг автомашиныг түр зуур хариуцагч *******-ын нэр дээр төлбөрийн барьцаа байдлаар шилжүүлж авсан тул автомашины үнийг ******* буюу түүний хувьцаа эзэмшигч ******* төлөх үүрэг хүлээнэ. Сүүлд төсөл хэрэгжүүлж байгаа хамтрагч нь уг автомашиныг буцаан авсан тул миний бие нэхэмжлэгч *******-ийн нэхэмжилсэн автомашины төлбөрийг хариуцахгүй.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4. Хариуцагч ******* -ийн тайлбар, татгалзлын агуулга:
4.1. Хариуцагч ******* нь ******* болон Мэргэн арцат ХХК-тай зуурмаг нийлүүлэх гэрээтэй байсан. Гэрээний дагуу зуурмагаа нийлүүлж байсан. *******-ийн хувьцаа эзэмшигч, захирлаар ******* ажиллаж байсан. Тухайн үед ******* нь Онцгой байдлын ерөнхий газрын 516 айлын орон сууцны барилгын төслийг хэрэгжүүлж байсан ба гэрээний дагуу зуурмагийн төлбөрийг төлөхгүй байсан тул бид зуурмагийн төлбөр төлөхгүй бол зуурмаг нийлүүлэхээ зогсооно гэж мэдэгдсэн.
4.2. 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр ******* нь нэхэмжлэгч *******-ийн эзэмшлийн ******* улсын дугаартай миксер автомашиныг 165,000,000 төгрөгт бодож бетон зуурмагийн төлбөрт тооцож өгье гэсэн санал тавьсан. Манай компанийн зүгээс автомашин авахгүй мөнгөө авна гэсэн боловч одоо мөнгө байхгүй гэсэн тул уг автомашиныг фидуци маягаар байлгаж байхаар болж, хариуцагч *******-ын нэр дээр шилжүүлж авсан.
Үүнээс хойш дахин мөнгөө төлөхгүй удсан тул мөнгөө төлөхийг шаардахад ******* нь наад автомашиныг чинь ломбардад тавиад мөнгийг чинь гаргаж өгье гэсэн учраас хариуцагч *******-ыг ломбардад тавих гэрээнд гарын үсэг зуруулсан. Энэ үйл явдал 2016 оны 10, 12 дугаар сард болсон бөгөөд уг автомашиныг ломбардад 40,000,000 төгрөгийн барьцаанд тавиад надад 10,000,000 төгрөг өгсөн ба түүнийг зураг дээрээс тооцоод буцааж өгсөн. Харин 30,000,000 төгрөгийг ******* өөрөө авсан. Автомашиныг ломбардад 30,000,000 төгрөгийг барьцаанд тавиад надад 10,000,000 төгрөгийг өгсөн баримт хэрэгт авагдсан.
4.3. Хэрэгт цугларсан нотлох баримтаар нэхэмжлэгч ******* нь *******-ийн санхүүгээс автомашины төлбөр гэж мөнгө гаргуулан авсан байдаг. Нэхэмжлэгч *******-ийн дүү хүлээн авсан байсан. Нэхэмжлэгч *******-ийн нөхөр тухайн 156 айлын орон сууцны төсөл дээр менежерээр ажиллаж байсан. Өөрөөр хэлбэл, тухайн ажиллаж байгаа барилгын төслөө зогсоохгүйн тулд өөрийн эхнэрийн автомашиныг бетон зуурмагийн төлбөрт тооцож шилжүүлээд барилгын төсөл дуусах үед ашгаа авах тохиролцоо байсан нь хэрэгт цугларсан нотлох баримтаас харагдана. Мөн энэ талаар цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөлд тодорхой бичсэн.
4.4. Манай компани одоог хүртэл *******-аас с зуурмаг нийлүүлэх гэрээний төлбөрөө бүрэн авч чадаагүй, тодорхой хэмжээний үлдэгдэл тооцоо байгаа. Уг автомашиныг хариуцагч ******* нь ломбардны ажилтанд шилжүүлэн өгсөн нотлох баримт хэрэгт авагдсан. Иймд манай компанийн уг автомашинтай холбоотой үүрэг дууссан.
Уг автомашиныг манай компани худалдан аваагүй, биет байдлаар аваагүй учраас автомашины үнийг манай компаниас нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Хариуцагч *******-ын гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:
5.1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* тай 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн ******* дугаартай хино маркийн шинэ миксер /холигч/ автомашиныг 90,000 ам.доллароор зээлээр худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулсан байх бөгөөд уг автомашины төлбөрийг 90,000 ам.доллароор үнэлж өнөөдрийн Монголбанкны ханшаар төлбөрийг нэхэмжилжээ. Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт Бараа, ажил, үйлчилгээний үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэх ба энэ хуулийн 4.4 дэх хэсэгт зааснаас бусад тохиолдолд Монголбанкны албан ёсны зөвшөөрөлгүйгээр гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоох, төлбөр тооцоо гүйцэтгэх, зарлан сурталчлахыг хориглоно. гэж заасан. Мөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл хүчин төгөлдөр бус байхаар заасан. Гэтэл нэхэмжлэгч ******* нь дээрх хуулийг зөрчиж автомашин худалдах, худалдан авах гэрээг ам.доллароор байгуулсан тул уг гэрээ нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл болно.
Иймд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.
6. Сөрөг нэхэмжлэлд холбогдуулан гаргасан нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга:
6.1. 2016 оны 10 дугаар сард нэхэмжлэгч *******-ийн нөхөр ******* нь хариуцагч ******* -ийн гүйцэтгэх захирал *******-тай ******* улсын дугаартай хино маркийн шинэ миксер автомашиныг 90,000 ам.доллароор худалдахаар тохиролцсон гэрээг хариуцагч нар хүлээн зөвшөөрч, уг автомашиныг шилжүүлэн авч хариуцагч ******* ы хашаанд байлгасан нь хариуцагч нарын тайлбар болон автомашины бичиг баримт эзэмшигчийн мэдээллээр тогтоогддог бөгөөд тухайн үед талууд хуулийн хүрээнд гэрээний чөлөөт байдлын зарчмыг баримтлан гэрээ байгуулсан тул уг гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох үндэслэл тогтоогдохгүй байна.
6.2. Мөн хариуцагч ******* нь сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх заалтыг зөрчиж гэрээ байгуулсан гэх боловч тус хуулийн заалт нь тодорхой этгээдүүдийн хоорондын тохиолдлын шинжтэй хувийн харилцаанд бус, нийтэд хандаж байнгын нийтлэг үйлчилгээ, бараа санал болгож буй этгээдийн хувьд хэрэгжих агуулгатай хуулийн зохицуулалт бөгөөд энэ утгаараа нийтийн эрх зүйн харилцаанд оролцогчдод хамаарах тул хувийн эрх зүй буюу иргэд хоорондын харилцаанд хамаарахгүй.
6.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт Гадаад валютын ханшийг тухайн үеийн Монголбанкнаас зарласан албан ёсны ханшаар, эд хөрөнгийн үнийг нотлогдсон хэмжээгээр тус тус тооцно. гэж заасны дагуу автомашины үнэ 90,000 ам.долларыг 256,417,200 төгрөгөөр тооцон нэхэмжилж байгаа болно.
Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
7. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хариуцагч ******* аас 204,623,100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 51,794,100 төгрөгийг болон хариуцагч ******* , ******* нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,578,016 /1,181,066+396,950/ төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ******* аас 1,440,036 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******-т олгож тус тус шийдвэрлэжээ.
8. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
8.1. Анхан шатны шүүх талуудын хооронд 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр үйлдэгдсэн гараар бичсэн гэрээнд зээлээр худалдах, худалдан авах талаар дурдсан боловч төлбөр төлөх хугацааг тодорхойлоогүй, мөн Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1, 218.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу нэхэмжлэл гаргах үеийн байдлаар ам.долларын ханшийг тодорхойлсон нь үүрэг гүйцэтгэх үеийн ханш гэж үзэж 204,623,100 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 51,794,100 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх зохицуулалт нь мөнгөний ханш буюу төгрөгийн ханшийн уналт, бууралт холбоотой зохицуулалт бөгөөд төгрөгийн гадаад валюттай харьцах харьцаа биш тул уг зохицуулалтад хамаарахгүй. Нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэл гаргах өдрийн ам.долларын ханшаар тооцон нэхэмжлэл гаргасан нь хуульд нийцсэн.
8.2. Анхан шатны шүүх хариуцагч ******* аас 90,000 ам.долларыг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй боловч хамтран хариуцагч ******* , ******* нарыг хариуцагчаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байна. Учир нь тус компани уг гэрээний харилцаанд оролцсон, гэрээний үүргээ биелүүлэхээ илэрхийлж байсан тул төлбөр төлөх үүргийг хамтран хариуцах нь зүйтэй.
Иймд давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
9. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд гаргасан хариуцагч ******* , ******* нарын өмгөөлөгчийн тайлбарын агуулга:
9.1. Нэхэмжлэгч ******* нь анхан шатны шүүх нотлох баримтыг зөв үнэлж, дүгнэж чадаагүй гэдэг үндэслэлээр давж заалдах гомдлоо гаргасан. Долларыг нэхэмжлэл гаргах үеийн ханшаар тооцох нь зүйтэй. Хариуцагч ******* , ******* нарыг хамтран хариуцагчаар татан оролцуулах асуудалд тусгайлан гаргах тайлбар байхгүй. Учир нь хариуцагч *******-ын сөрөг нэхэмжлэлд энэ асуудал тодорхой хэмжээгээр тусгагдсан.
9.2. Анхан шатны шүүх Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр хийх хуулийн зохицуулалт нь барааны үнэ, үйлчилгээний төлбөрийг гадаадын валютаар тодорхойлон тохиролцохыг шууд хориглосон зүйл биш гэж хуулийг буруу тайлбарласан. Монгол Улсын Дээд шүүхийн 2009 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 33 дугаар тогтоолд энэ хуулийг батлагдсан өдрөөс дагаж мөрдөнө гэдгийг хууль батлагдахаас өмнө доллароор үнэ тогтоосон байвал зөвшөөрч, үүнээс хойш доллароор үнэ тогтоовол хүчин төгөлдөр бус гэж үзэх талаар тодорхой тайлбарласан.
Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэл гаргах өдрийн долларын ханшийг баримтлах ёстой гэж үзэж байгаа нь энэ хуульд нийцэхгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
9.3. Хариуцагч ******* -ийн захирал ******* нь тухайн үед бетон зуурмаг нийлүүлж байсан ба уг автомашиныг авахад яриа хэлэлцээрийг хийсэн. Давж заалдах шатны шүүхээс хариуцагч ******* ыг хамтран хариуцагчаар шууд татан оролцуулж болохгүй. Анхан шатны шүүхэд хэргийг буцааж, хэн ямар оролцоотой оролцсон, хэн хэдэн төгрөг төлөхийг дахин хэлэлцэх асуудал гэв.
10. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд гаргасан хариуцагч *******-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:
10.1. 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр гаргасан хариу тайлбараа дэмжин оролцож байна. Хариуцагч ******* нь хариуцагч ******* -д ажиллаж байгаагүй. Нэхэмжлэгч ******* болон хариуцагч ******* нарын хоорондох тохиролцоог хариуцагч ******* мэдэхгүй ба хариуцагч ******* ы хэлсний дагуу гарын үсэг зурсан.
*******-ийн хувьцаа эзэмшигч ******* ыг огт танихгүй. Зааврын дагуу ломбардад автомашиныг тавьж, ******* 949,800 төгрөг болон бэлнээр 60,000,000 төгрөгийг авсан. Хариуцагч ******* нь автомашиныг ломбардад тавьж гарын үсэг зурсан нь үнэн боловч ямар ч мөнгө аваагүй гэв.
11. Хариуцагч *******-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
11.1. Анхан шатны шүүхийн шийдвэр хэргийн бодит байдал, болсон үйл явдал, хэрэгт цугларсан нотлох баримт зэрэгт тал бүрээс нь бодитой үнэлэлт дүгнэлт өгч, хэргийг бүх талаас нь хянан үзсэн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр болж чадаагүй.
А. Нэхэмжлэгч *******-ийн нөхөр *******-ийн захирал ******* Онцгой байдлын ерөнхий газрын 516 айлын орон сууц барих ажилд уг төслийн удирдагчаар ажиллаж байх үедээ хамтран төсөл хэрэгжүүлэгч *******-ийн санхүүжилт саатаж, бетон зуурмагийн нийлүүлэлт тасалдаад байгаа асуудлыг шийдвэрлэх үүднээс *******-ийн н 30 хувийн хувьцаа эзэмшигч *******-тай харилцан тохиролцож нэхэмжлэгч *******-ийн нэр дээр байсан ******* улсын дугаартай хино маркийн миксер автомашиныг бетон зуурмагийн төлбөрт тооцон хариуцагч *******-ын нэр дээр 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр шилжүүлэн өгсөн байдаг.
Энэ талаар нэхэмжлэгч ******* нь цагдаагийн байгууллагад гаргасан гомдолдоо тодорхой дурдсан. Тухайлбал, *******-ийн удирдлагаас санхүүжилт орж ирэхээр автомашины мөнгийг авах тохиролцоотой байсан болох нь түүний нөхөр ******* болон хариуцагч ******* нарын 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн нүүрэлдүүлэн авсан мэдүүлгээр тодорхой тогтоогддог. /хх114, 226-227/
Түүнчлэн нэхэмжлэгч ******* автомашины төлбөрийг төсөл хэрэгжүүлэгч ******* -аас удаа дараа нэхэмжилж байсан бөгөөд үүний үр дүнд тус компанийн санхүүгээс 8,000,000 төгрөгийг нэхэмжлэгч ******* өөрийн дүүгээр дамжуулан бэлнээр хүлээн авч байсан болох нь нотлох баримтаар тогтоогддог. Энэ талаар нэхэмжлэгч ******* шүүх хурал дээр хүлээн зөвшөөрсөн байтал анхан шатны шүүх үүнийг шийдвэр гаргахдаа анхаараагүй нь нотлох баримтыг бүх талаас нь үнэлж, хэргийг шударгаар шийдвэрлэж чадаагүйг харуулж байна. /хх58-59/
Б. Нэхэмжлэгч ******* автомашиныг шилжүүлэхдээ худалдах, худалдан авах гэрээг ам.доллароор байгуулснаар уг гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэл болсон нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогддог.
Гэтэл анхан шатны шүүх Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийг буруу тайлбарлаж, уг хуулийн зохицуулалт нь барааны үнэ, үйлчилгээний төлбөрийг гадаад валютаар тодорхойлон тохиролцсоныг шууд хориглосон бус харин төлбөр тооцоог гадаад валютаар биш төгрөгөөр хийх агуулгатай гэж дүгнэсэн нь Улсын дээд шүүхийн холбогдох тайлбарыг зөрчсөн.
Улсын дээд шүүхийн 2009 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 33 дугаар тогтоолд Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн зарим зүйл, заалтыг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх явдлыг хангах зорилгоор тайлбар гаргахдаа 2 дахь хэсэгт Хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт энэ хуулийг батлагдсан өдрөөс нь дагаж мөрдөнө. гэж зааснаар 2009 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс өмнө гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоож, төлбөр тооцоо гүйцэтгэхээр байгуулагдсан гэрээний нөхцөл Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217.2 дахь хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр байна. Харин хууль дагаж мөрдөгдсөнөөс хойш байгуулагдсан энэ төрлийн гэрээ, хэлцэл зөвхөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд хүчин төгөлдөр байна. гэж заасныг шууд зөрчсөн.
В. Хариуцагч ******* нь хариуцагчаар татагдсан бетон зуурмаг нийлүүлэгч хариуцагч ******* -ийн хувьцаа эзэмшигч ******* ы зээ дүү бөгөөд уг автомашиныг өөрийн нэр дээр шилжүүлэн авч төсөл хэрэгжүүлэгч *******-ийн хувьцаа эзэмшигч ******* ын зааврын дагуу ломбардад тавих, улмаар ломбардны ажилтны нэр дээр шилжүүлснээр түүний автомашины талаар хүлээсэн үүрэг, хариуцлага дуусгавар болсон.
Г. Автомашиныг ломбардад тавьж авсан зээлийн мөнгөнөөс 10,000,000 төгрөгийг бэлнээр авсан, уг зээл, зээлийн хүүг компаниасаа болон өөрийн хувийн данснаасаа төлж байсан нь нотлогдсон *******-ийн хувьцаа эзэмшигч ******* ыг хамтран хариуцагчаар татах талаар гаргасан хүсэлтийг анхан шатны шүүх хангахаас татгалзсан нь автомашиныг төлбөрийг бодитоор авсан, хариуцах ёстой гэрч ******* , түүнчлэн автомашиныг ломбардад тавьсны дараа зээлийн мөнгөнөөс 30,000,000 төгрөгийг авсан хариуцагч ******* нарыг хариуцагчаас чөлөөлсөн нь хэргийг үнэн зөв шийдвэрлэж чадаагүй болохыг харуулж байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.
12. Хариуцагч *******-ын давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга:
12.1. Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч ******* автомашиныг хүлээн авч, нэр дээрээ шилжүүлсэн ба 90,000 ам.долларын тохиролцоо хийгдсэн болох нь хариуцагч *******-ын хариу тайлбараас нь тодорхой харагддаг. Төлбөрт шилжүүлэн авсан автомашиныг зээлийн барьцаанд тавиад ******* 10,000,000 төгрөг, хариуцагч ******* 30,000,000 төгрөг авсан байна.
12.2. Нэхэмжлэгч ******* нөхрийнхөө хамт Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу эмчилгээнд явах үед хариуцагч ******* аас эмчилгээнд мөнгө хэрэгтэй байна гэж шаардахад хариуцагч ******* нь ******* -аас 8,000,000 төгрөгийг гаргуулж өгсөн. Энэ нь ******* -аас өгч байгаа мөнгө биш юм.
12.3. Улсын дээд шүүхийн 2009 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 33 дугаар тогтоол нь 2009 онд гаргаж байсан тайлбар учраас одоо үед мөрдөгдөж байгаа тайлбарын хэмжээнд үнэлэгдэхээр тогтоол биш. Одоо үед нийт шүүгч нарын хуралдаанаар шийдвэрлээд тайлбараа гаргаад, энэ тайлбарыг зөрчсөн тохиолдолд тухайн үндэслэлийг хэлж болно.
12.4. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй учраас анхан шатны шүүхэд буцаах үндэслэл байхгүй. Хамтран хариуцагчаар татагдан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байсан этгээдүүд учраас давж заалдах шатны шүүхээс хариуцагч нарт хариуцуулаад хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зохигчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагч *******-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийн шийдэлд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, *******, ******* нарт холбогдуулан ******* улсын дугаартай автомашины үнэ 256,417,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, хариуцагч ******* нэхэмжлэгч *******-т холбогдуулан 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн ******* улсын дугаартай хино маркийн миксер /холигч/ автомашиныг 90,000 ам.доллароор зээлээр худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.
3. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, маргааны зүйл, хэргийн үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:
3.1. Нэхэмжлэгч ******* нь 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр ******* улсын дугаартай хино маркийн шинэ миксер /холигч/ автомашиныг хариуцагч *******-д шилжүүлэн өгсөн талаар баримт үйлдэж, уг баримтад автомашины үнийг 90,000 ам.доллароор тогтоож зээлээр өгөв гэж тусган талууд гарын үсэг зурж баталгаажуулжээ. /1хх7/
3.2. 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр уг автомашины өмчлөгчөөр хариуцагч ******* тээврийн хэрэгслийн бүртгэлд бүртгэгдсэн байх ба хариуцагч ******* нь 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдөр автомашиныг *******-ийн Сайн авто ломбардад барьцаалж 40,000,000 төгрөгийн зээл авчээ. /2хх6, 31, 76/
3.3. 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдөр хариуцагч ******* аас уг автомашиныг бусдад худалдах эрхийг 3 жилийн хугацаагаар олгосон итгэмжлэлийг үндэслэн төлөөлөгч ******* нь автомашины өмчлөх эрхийг 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр *******-д шилжүүлсэн. /2хх6, 212, 214/
3.4. Нэхэмжлэгч ******* нь өөрийн өмчлөлийн ******* улсын дугаартай хино маркийн автомашиныг бусдад залилуулсан гэх асуудлаар цагдаагийн байгууллагад гомдол гаргасан ба 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулаад Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 823 дугаартай прокурорын тогтоолоор гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн байна. /1хх225-227, 2хх78-81/
4. Нэхэмжлэгч ******* нь ...нэхэмжлэлийн шаардлагаас 51,794,100 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, хамтран хариуцагч ******* , ******* нарыг хариуцагчаас чөлөөлсөн нь үндэслэлгүй... гэж, хариуцагч *******-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч ...Нэхэмжлэгч ******* өөрийн автомашиныг *******-ийн өмнөөс бетон зуурмагийн төлбөрт шилжүүлсэн үйл баримтыг буруу дүгнэсэн, нэхэмжлэгч ******* нь ******* -аас 8,000,000 төгрөг авсан, автомашин шилжүүлэх гэрээг ам.доллароор байгуулсан нь хууль зөрчсөн, хариуцагч ******* нь хариуцагч ******* , ******* нарын зааврын дагуу үйлдэл хийсэн автомашины төлбөрийг хариуцах этгээд биш бөгөөд автомашины төлбөрийг бодитоор авсан, хариуцах ёстой гэрч ******* , хариуцагч ******* нарыг хариуцагчаас чөлөөлсөн, гэрч ******* ыг хариуцагчаар татан оролцуулах хүсэлтийг хангаж шийдвэрлээгүй... гэж тус тус давж заалдах гомдол гаргажээ.
5. Анхан шатны шүүх хариуцагч ******* д холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгч *******-ийн гомдолд үндэслэн залруулна.
5.1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* тай 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр ******* улсын дугаартай хино маркийн миксер /холигч/ автомашиныг 90,000 ам.долларын үнээр зээлээр худалдахаар тохирч, хариуцагч *******-д шилжүүлэн өгсөн талаар баримт үйлдэж, уг баримтад талууд гарын үсэг зурж баталгаажуулжээ.
5.2. Хариуцагч ******* нь худалдах, худалдан авах гэрээний тохиролцоонд оролцсон, уг автомашиныг бодитойгоор эзэмшилдээ хүлээн авч, автомашины өмчлөх эрхийг хариуцагч *******-ын нэр дээр шилжүүлэн авсан болох нь түүний тайлбар болон гэрч ******* ын ...******* ахад бетон зуурмагийн төлбөрт энэ машиныг авах уу гэхэд авахгүй, үнэтэй байна гэж хэлээд аваагүй. Дараа нь талууд худалдан авахаар тохирсон байсан. Хавар ажил эхлэхээс өмнө хүү мөнгийг нь төлж, 2, 3 сар төлж байгаад ажил эхлэхэд авна гэж хэлсэн гэх мэдүүлгээр тус тус тогтоогдож байна. /1хх58-60, 2хх132-133, 250-3хх5/
5.3. Анхан шатны шүүх нэхэмжлэгч ******* болон хариуцагч ******* , ******* нарын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байхад хариуцагч ******* аас шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцэхгүй байна.
5.4. Хэрэгт цугларсан дээрх баримтыг харьцуулан дүгнэхэд хариуцагч ******* болон хариуцагч ******* нар нь худалдах, худалдан авах гэрээний үүргээс чөлөөлөгдөхгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагч ******* , ******* нараас 204,623,100 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-т олгосон өөрчлөлтийг оруулж, энэ агуулгаар гаргасан нэхэмжлэгч *******-ийн гомдлыг хангана.
6. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1, 218.2 дахь хэсэгт тус тус заасныг зөв тайлбарлан хэрэглэж, худалдах, худалдан авах гэрээний үүргийг үүрэг үүсэх үеийн ханш болох 204,623,100 төгрөгөөр тогтоож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй тул нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэл гаргах өдрийн ханшийг буруу тооцсон талаарх гомдлыг хангахгүй.
7. Хариуцагч *******-ын давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.
7.1. Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4.4 дэх хэсэгт Банк, банк бус санхүүгийн байгууллагын мөнгөн хадгаламж, зээл, тэдгээртэй адилтгах аливаа үйлчилгээ, санхүүгийн үүсмэл хэрэгслэлтэй холбоотой байгуулах гэрээ, түүгээр хүлээх үүргийг гадаад валютаар илэрхийлж, гүйцэтгэлийг гадаад валютаар хангуулж болно. гэж заасан. Тус заалтын тэдгээртэй адилтгах аливаа үйлчилгээ гэдэгт иргэд хоорондын зээлийн үйл ажиллагаа хамаарна гэж ойлгоно. Өөрөөр хэлбэл банк, банк бус санхүүгийн байгууллагын зээлийн үйл ажиллагаа нь өөрийн хөрөнгийг /өөрийн болон бусдын хадгалуулсан хөрөнгө/ бусад этгээдэд тодорхой зориулалтаар, тодорхой хугацаанд, хүүтэй олгодог бол иргэд хоорондын зээл нь мөн өөрийн хөрөнгийг бусдын хэрэгцээнд, тодорхой хугацаанд, хүүтэй болон хүүгүй шилжүүлдгээрээ банк, банк бус санхүүгийн байгууллагын зээлийн үйл ажиллагаатай адилтгаж үзэх тул хариуцагч *******-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулна гэх агуулгаар гаргасан гомдлыг хүлээн авах боломжгүй байна.
7.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт Нэхэмжлэгч уг нэхэмжлэлийг гаргах эрхгүй, эсхүл хариуцагч уг нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч биш болох нь нотлох баримтаар тогтоогдвол шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр, эсхүл түүний зөвшөөрснөөр нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдийг жинхэнэ нэхэмжлэгчээр, хариуцагч биш этгээдийг жинхэнэ хариуцагчаар тус тус сольж болно. гэж зааснаар нэхэмжлэгч хариуцагчийг тодорхойлох субьектив эрхтэй тул анхан шатны шүүх ******* ыг хариуцагчаар татан оролцуулах хүсэлтийг хангаж шийдвэрлээгүй нь үндэслэлтэй байна. Иймд энэ агуулгаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.
7.3. Хариуцагч *******-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгч ******* нь ******* -аас 8,000,000 төгрөг авсан гэх агуулгаар давж заалдах гомдол гаргасан ба уг төлбөр нь энэ маргаантай хамааралтай болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул 8,000,000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасаж тооцох үндэслэлгүй байна. Цаашид уг төлбөртэй холбоотой асуудлаар маргаанаа шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй болохыг дурдах нь зүйтэй.
8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн шийдэлд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагч *******-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 192/ШШ2025/01447 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 56 дугаар зүйлийн 56.1.1-д тус тус зааснаар хариуцагч ******* , ******* нараас 204,623,100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 51,794,100 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагч ******* -д холбогдох шаардлага, мөн нэхэмжлэгч *******-т холбогдуулан гаргасан хариуцагч *******-ын 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай. гэж,
2 дахь заалтад Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,578,016 /1,181,066+396,950/ төгрөг, хариуцагч *******-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,181,066 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* , ******* нараас 1,181,066 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******-т олгож, хариуцагч *******-ын улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 496,084 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. гэж тус тус өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 416,921 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,181,066 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР
ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
Д.ЦОГТСАЙХАН