Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 329

 

 

 

 

 

 

 

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Д-ийн Д-ид холбогдох эрүүгийн 2014260001665 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Г.Эсэн, хохирогчийн төлөөлөгч Б.Б, шүүгдэгч Д.Д, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Чинзориг, шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнэ, Т.Номинцэцэг, Т.Чимэд-Очир нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Б.Боорчи шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1984 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хувцасны зураач, загвар зохион бүтээгч мэргэжилтэй, Тэнгис ресторанд тогооч ажилтай, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консулын 18-429 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ял шийтгэлгүй, Т овогт Д-ийн Д- /РД: /  

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Шүүгдэгч Д.Д нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Корпорейт зочид буудлын гадна 2014 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Б.Ганболдтой маргалдан зодож, түүний биед хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.       

 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгч Д.Дийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

”...Мөрдөн шалгах ажиллагааны явцад болсон хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн. Хохирогч Ганболд бид хоёр “Корпорэйт” зочид буудалд хамт ажилладаг байсан. Би сантехникийн мэргэжилтэн, харин хохирогч Ганболд Айтигийн мэргэжилтэн хийдэг байсан ба бид хоёрт бие биенээ захирах, захирагдах чиг үүрэг байгаагүй. Би тухайн буудалд цахилгаан, сантехникийг хариуцдаг, Б.Ганболд 5 давхарын хурлын заалны тоног төхөөрөмжийг хариуцан ажилладаг байсан. Тухайн хэрэг гардаг өдөр 5 давхарын хананд анонс самбар өлгөх ажлаас болж бид хоёр маргалдаад, маргаан зочид буудал дотор болсон. Харин зодоон нь буудлын гадна талд болсон. Бид хоёр хоёулаа буудлын гадаа хоёр дахиж гарсан. Ингэхдээ эхний удаад нь хэрэлдэж, ам мурийсан учир эв зүйгээ олох гэж гадаа гарсан. Харин 2 дахь удаад нь би буудлын ерөнхий менежертэйгээ хэрэлдэж муудаад, ажлаасаа гарах шийдвэр гаргаад “Корпорэйт” зочид буудлаас гарч явах үед хохирогч Б.Ганболд намайг ёс бус хэллэгээр доромжилсоноос болж зодолдох шалтгаан болсон. Би хохирогчид эхний удаад баримтгүйгээр 1.200.000 төгрөг өгсөн, сүүлд хохирогчийн төлөөлөгчид баримттайгаар 830.000 төгрөгийг дансааар шилжүүлсэн.  Би 2014 оны 8 дугаар сард Швед Улс руу яваад 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр буцаж Монгол Улсад ирсэн. Би хэрэгт шалгагдаж байснаа мэдэж байсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, гагцхүү хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг зэрэг дээр эргэлзэж байна.” гэсэн мэдүүлэг,

 

2. Хохирогчийн төлөөлөгч Б.Бгаас шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...Би Б.Г-ын төрсөн том эгч нь байгаа юм. Хэрэг гарах үед манай дүү Б.Ганболд нь ээжтэйгээ хамт амьдардаг байсан, би тусдаа амьдардаг. Манай дүү архи уугаад, хүнтэй маргалдаад явах хүн биш. Мөрдөн шалгах ажиллагааны явцад сэтгэл санааны хохирол болон баримттай, баримтгүй нэхэмжлэл гаргасан. Манай дүү 2014 оны 09 дүгээр сард Америкийн Нэгдсэн Улсад сурахаар яваад, одоо тэндээ гэр бүлийн хамт ажиллаж, амьдарч байгаа. Хэрэг болсоноос хойш 10 хоногийн дараа мэс засалд орсон. Б.Г-ын биед анх хүнд гэмтэл учирсан гэсэн дүгнэлт гарсан байсан. Харин одоо учирсан гэмтэл нь хүндэвтэр болж өөрчлөгдсөнийг мэдсэн. Би шүүгдэгчээс баримттайгаар 830.000 төгрөгийг энэ оны 01 дүгээр сард хүлээж авсан. Харин тухайн үед гарсан эм тариа, мэс засал, таксины зардал гэх мэт баримтгүй төлбөрийг нэхэмжилмээр байна. Одоо надад баримт байхгүй учир би шүүгдэгчээс нэмж нэхэмжилж чадахгүй байна. Манай дүү шүүгдэгчээс 2.200.000 төгрөг аваагүй гэж хэлсэн. Гомдолтой байна.” гэсэн мэдүүлэг,

 

3. Шинжээч эмч Т.Чимэд-Очирын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...Миний бие Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд шинжээч ажилтай. Хэргийн материалаар дахин бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргасан. Хохирогч Б.Г-ын биед учирсан зүүн нүдний ухархайн дээд, доод хана, духны хөндийн өмнөд хана, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн хоншоор ясны хугарал, зүүн нүдний алим, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулд шарх гэмтлүүдээс зүүн нүдний ухархайн дээд, доод ханын хугарал гэмтэл нь анх дүгнэлт гаргах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 2010 оны Хууль зүй, Дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 189/385 тоот хамарсан тушаалаар баталсан Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарч байсан юм.

Дээрх 2010 оны тушаалаар батлагдсан Гэмтлийн зэрэг тогтоох журам нь 2014 оны 12 сарын 05-ны Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан А/216/422 дугаартай тушаалаар хүчингүй болсон.

Одоо хүчин төгөлдөр буюу 2014 оны 12 сарын 05-наас дагаж мөрдсөн Гэмтлийн зэрэгт тогтоох журмын 2.4.1-д зааснаар дээрх хохирогчийн “зүүн нүдний ухархайн дээд, доод ханын хугарал гэмтэл нь” эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар зохицуулж, хүнд гэмтлээс хасагдсан юм.

Харин “зүүн хошоор ямны хугарал” гэмтэл нь 2010 оны Гэмтлийн зэрэг тогтоох журам болон 2014 оны Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д тус тус зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт, “духны хөндийн өмнөд хана, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний алим, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулд шарх” гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт тус тус хамаарах гэмтлүүд юм.

Одоо Гэмтлийн зэргийн дүгнэлт гаргахад 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Гэмтлийн зэрэг тогтоох журмыг удирдлага болгон ажиллаж байгаа. Уг журмаар хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтэл нь хөдөлмөрийн чадамжинд нөлөөлөх эсэх нь хагалгааны үр дүнгээс шалтгаална. Хэрэв нүдний ухархайн хугарлын гэмтлийг мэс заслаар эмчилж, хэвийн анатомын байрлалд оруулсан бол цаашид хөдөлмөрийн чадавхид нөлөөлөхгүй. Харин цаашид хөдөлмөрийн чадавхид нөлөөлж, мөн нүдний байршил өөрчлөгдсөн бол мэс заслын эмчилгээ муу хийгдсэн байна гэж үзнэ. Хохирогч нүүрэндээ инплант суулгасан тохиолдолд мөн хөдөлмөрийн чадавхид нөлөөлөхгүй.

2019 оны 3 сарын 12-ны өдөр 319 дугаар дүгнэлтийг гаргахдаа мөрдөгчөөс ирүүлсэн “Натур вууден” эмнэлгийн 2014 оны 4 сарын 17-ны өдрийн компьютер томографийн зургийг үндэслэн гаргасан бөгөөд өөр бусад зураг ирээгүй. Компьютер томографийн зургийг тухайн чиглэлийн дүрс оношилгооны эмчээр уншуулдаг. “Натур вуудэн” болон “Хэлт Эйт” эмнэлгийн компьютер томографийн зургийн бичилт зөрөөгүй, гагцхүү бичилт хийх явцад “хана” гэдэг үгийг “ирмэг” гэдэг үгээр орлуулж бичсэн байна.

Хавтаст хэргийн 76 дугаар тал дээр орос хэл дээр бичигдсэн эмчилгээний онош нь хамрын хугарал, зүүн нүдний ухархайн доод ханыг тус тус засах, инплант суулгах гэсэн онош байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хэлснээр хохирогч Б.Г-ын хамар битүүрэх, толгой өвдөх, хоёр нүдний түвшин өөр харагдах зэрэг шинж тэмдгүүд нь оношилгооноос шалтгаална. Тухайн гэмтлийг засаж, зөв байрлалд оруулах шаардлагатай, харин өрөвсөх түвшний шинж тэмдгүүд өөр бусад олон зүйлээс хамаарч болно. Шинэ журам батлагдсан өдрөөсөө хойш мөрдөгдөж эхэлсэн.” гэсэн мэдүүлэг,

 

4. Шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...Т.Чимэд-Очир эмчийн дүгнэлттэй холбоотой хэлсэн тайлбарыг дэмжиж байна. Нэмж хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг,

5. Шинжээч эмч Т.Номинцэцэгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...Т.Чимэд-Очир эмчийн дүгнэлтийг дэмжиж байна. Нэмж хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 2014260001665 дугаартай хэргээс:

 

1. 2014 оны 8 дугаар сарын 11-ний өдөр хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, Худалдаа хөгжлийн банкнаас ирүүлсэн сиди 1 ширхэгийг хэрэгт эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргасан мөрдөгчийн тогтоол /хэргийн 1-р хавтас 17-18х, 19х/,

 

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Г-ын хохирогчоор өгсөн:

“…Би Хан-Уул дүүргийн 15 хорооны нутаг дэвсгэрт байрлах Корпорайт зочид буудалд 2013 оны 4 сараас эхлэн компьютер, тоног төхөөрөмжийн инженерээр ажиллаж байгаа юм. 2014 оны 4 сарын 16-ны өдрийн 16 цагийн орчим би ажил дээрээ буудал дотор хэвлэдэг жижиг принтерийг гал тогоо болон текен дээр таниулж дуусаад 5 давхарт маргаашийн хуралд бэлдэхээр хананд баннер буюу том хулдаасан хэвлэмэл самбар байрлуулах болоход Лхагвасүрэн гэх эмэгтэй Дашдорж гээд засварчин залуу руу залгаж “баннер байршуулж өг” гэхэд “Ганболдоор хийлгэ, би завгүй байна” гэхээр нь би Дашдорж дээр очоод “энэ ажлаа битгий надаар хийлгээд бай” гэж хэлэхэд “тэгвэл хамт ерөнхий менежер дээр оръё” гээд очиход утсаар ярьж байсан тул үүдэнд хүлээж байхад Дашдорж намайг хэл амаар доромжилж “чи ганц самбар байршуулчихаж чадахгүй байна уу” гээд дуу нь өндөрсөөд эхлэхээр нь “би ажилтай, завгүй байна” гэсэн.

Намайг хэл амаар доромжлоод бид хоёр хоорондоо маргалдаж байгаад би “чамаас айх юм уу, гадаа гаръя” гээд Хас-Очир тогоочийн хамт бид 3 гадаа гарч ярилцах гэсэн боловч гарангуутаа баруун гараараа миний шанаа орчим 2-3 удаа цохисон. Бид хоёртой хамт Хас-Очир тогооч байсан болохоор салгасан. Би дотогшоо ороод байж байтал Энэрэл менежер утсаар яриад “6 давхарт гараад ир” гэхээр нь би очиход Дашдоржийг бас дуудсан байсан. Би түрүүлж өрөөнд нь ороод байж байхад Дашдорж араас орж ирээд “чи намайг ховлолоо, чамайг ална” гээд хэл амаар доромжилж байгаад гараад явсан.

Ингээд над руу 5-10 орчим минутын дараа залгаад “гадаа гараад ир” гэхээр нь би 1 дүгээр давхарт буугаад очтол үгийн зөрүүгүй намайг шууд зодоод эхэлсэн. Миний нүүр рүү гутлынхаа хоншоор орчимоор 5-6 удаа өшиглөж, дагз орчим 4-5 удаа гараараа цохисон. Манай манаач Давааням ах, Болдсүх ахын хамт гарч ирээд салгахаар нь би дотогшоо ороод шууд ариун цэврийн өрөө ороод харахад миний нүд шууд хавдалгүй, доошоо зовхи нь унасан байсан. Тухайн үед надад мөнгө байхгүй болохоор захиралд хэлэхэд “эмнэлэг ор, ресепшнээс таксины мөнгө аваад яв” гэхээр нь 1 дүгээр эмнэлэг орж, нүдний сувилагчид үзүүлсэн.

Би буцаад ажил ороход захирал “ороод ир” гэхээр нь орж зодуулсанаа хэлээд, цагдаад ирж өргөдөл өгсөн. Ингээд Гэмтлийн эмнэлэгт үзүүлэхэд миний хамар хугарсан байна гэж хэлсэн. Маргааш нь 1 дүгээр эмнэлгийн эрүү, нүүрний тасагт үзүүлээд, дараа нь нүдний эмчид яаралтай үзүүл гэхээр нь очиход “яаралтай хагалгаанд ор гээд 2014 оны 4 сарын 22-ны өдөр ухархайн дээд, доод талын хагалгаанд орсон. Хагалгааны явцад миний духыг хамт янзалсан гэсэн. Эмнэлэгт 6 хоног хэвтээд гарсан.

Дашдорж бид хоёр ажлаас болж маргалдсан. Миний ажил үүргийн хуваарьт самбар байрлуулах ажил байхгүй. Миний ажил үүргийн хуваарьт тоног төхөөрөмж, интернет, камер утас зэргийг хариуцдаг. Миний нүд, хамар, толгой, духны яс цөмөрч хугарсан, шүд хөдөлсөн, ар дагз хэсэгт хавдсан, толгой хөдөлсөн байсан. Өвдөөд яваад байна. Надад одоогийн байдлаар томограф толгойн зураг авахуулсан 70.000 төгрөг, ухархайн зураг 120.000 төгрөг, Сонгда эмнэлэгт шинжилгээ өгсөн 76.000 төгрөг, 1 дүгээр эмнэлгийн ор хоногийн 76.200 төгрөг, мэс заслын төлбөр 450.000 төгрөг, эмийн зардал 205.000 төгрөг, унааны зардал 94.000 төгрөг, зүрхний бичлэг 17.000 төгрөг, цээжний гэрэл 19.000 төгрөг буюу нийт 1.127.200 төгрөгийн зардал гараад байна. Би Энэтхэг Улсад нүдээ үзүүлэх гэж байгаа учир Дашдоржоос эмчилгээний зардлаа нэмж нэхэмжилнэ. Би эрүүл мэнд болон гоо сайхан, ажил төрлөөрөө хохирч байгаадаа гомдолтой байна. Тухайн үед бид хоёрын хэн хэн нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан.

... Мөн би гэмтсэнээс болж 3 сар буюу 2014 оны 4 сарын 16-ны өдрөөс хойш ажилдаа яваагүй хоногийн цалингаа нэхэмжилнэ. Би Корпрэйт зочид буудлын ажлаасаа гарах өргөдлөө өгсөн. Цаашид Дашдоржтой хамт ажиллаж чадахгүй, айдастай байдаг болсон.”  гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 21-23х, 25х/,

 

   3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн төлөөлөгч Б.Бгийн өгсөн:

   “...Манай дүү Б.Ганболд нь Америкийн Нэгдсэн Улсын Чикаго хотод ажиллаж амьдарч байгаа бөгөөд хүрэлцэн ирэх боломжгүй болж байгаа учир би өөрийн дүү Б.Г-ын хууль ёсны төлөөлөгчөөр оролцох болсон юм. Мөн би өөрийн дүү Б.Ганболдыг зодуулж гэмтэл авсанаас хойш хамт эмнэлэгт үзүүлж, эмчлүүлж явж байсан болохоор түүнийг төлөөлөн оролцож байна.

   Манай дүү Корпорайт зочид буудалд инженерээр ажилладаг байсан юм. Тухайн өдөр буюу 2014 оны 4 сарын 16-ны өдөр манай дүү Б.Ганболд өөрийн хамт ажилладаг Дашдорж гэх хүнтэй ажил төрлийн ойлголцоогүй байдлаас /захиргааны нэг хүн нь Дашдоржоор хийлгэх ажлыг Ганболдоор дамжуулж хэлүүлсэнээс/ болж маргасан бөгөөд улмаар Дашдорж нь манай дүүг хэл амаар доромжлон, гадаа гараад ир гээд ажлын байрныхаа үүдэнд гараад ирэх үед нь зодсон байсан.

Манай дүү зодуулсаныхаа дараа Гэмтлийн эмнэлэгт ирээд надтай утсаар ярьж “хүнд зодуулаад Гэмтлийн эмнэлэг дээр байна, хүрээд ир” гэж дуудсан. Ингээд би эмнэлэгт очиж, дүүтэйгээ хамт байж байгаад үзүүлсэн. Би дүүгээсээ ажлын газрынх нь даргын утасны дугаарыг авч утасдан “манай дүү ажлын байран дээр хүнд зодуулсан байна. Ядахдаа нэг хүнтэй хамт явуулахгүй яасан бэ” гэж хэлсэн. Ингээд тухайн өдрийн орой толгойн зураг авахуулах гэж байхад ажлын газрын дарга гэж нэг эмэгтэй хүн, бас нэг эрэгтэй хүнтэй хамт ирээд 300.000 төгрөг бэлнээр өгч “үүгээр үзүүлж бай. Дашдорж гэж ууртай, омогтой хүн байдаг” гэж хэлж байсан.

Сүүлд нь тэр мөнгөө манай дүүгийн цалингаас суутгаад авчихсан байсан. Гэмтлийн эмнэлгээс Б.Ганболдыг Нэгдүгээр эмнэлэгт очиж дахин нарийн мэргэжлийн аппаратаар зураг авахуул гэсэн учир очиж үзүүлсэн. Манай дүү Д.Дид зодуулсанаас болж нүд, хамар, уруул, толгойн ясанд гэмтэл учирсан байсан. Нэгдүгээр эмнэлэгт байхад ажлынх нь нэг хүн, бас нэг залуугийн хамт ирээд сонжиж, сонирхсон байдалтай яг гэмтсэн эсэхийг асуугаад байсан ба нэг пакеттай хоол өгөөд явсан юм. Сүүлд нь хэргийн материалтай танилцаж байхад бидэнд мөнгө өгсөн гэж мэдүүлсэн байсан. Манай дүү, бид хоёр тэр хүнээс нэг ч мөнгө төгрөг аваагүй.

   Би эмчилгээний зардлыг нь тооцож үзээгүй байна. Баримттай нэхэмжилж байгаа 827.900 төгрөг болсон. Дашдоржоос эмчилгээний зардалд төлсөн мөнгө төгрөг байхгүй. Манай дүүг зодож гэмтэл учруулсанд нь гомдолтой байна. Эмчилгээний мөнгө гэж нэг ч төгрөг өгөөгүй байж мөнгө өгсөн гэж гүтгэж байгаад нь гомдолтой байна. Мөн манай дүүг зодчихоод араас нь утсаар “юун сүртэй юм бэ” гэх зэргээр олон удаа дарамталсан. Дашдорж гадаад явсан, ирсэн гэсэн асуудлаас болж хэрэг шийдэгдэхгүй 4-6 жил болж байна. Хуулийн дагуу хурдан шийдвэрлэж, хохирлыг барагдуулж өгнө үү.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 166х/,

 

   4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Энэрэлийн гэрчээр өгсөн:

   “…Би хэдэн сарын өмнө гэдгийг мэдэхгүй байна. Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Корпорейт зочид буудлын өрөөндөө байж байхад Дашдорж, Ганболд хоёр орж ирээд Дашдорж нь “намайг ажил ихтэй байхад Ганболд надад хурлын зааланд байгаа Анонс тогтоо гээд байна, би өрөөнүүдэд засвар хийгээд амжихгүй байна” гэж хэлсэн. Тэгээд би “Дашка ажил ихтэй байна, чи ганц удаа туслаад анонсийг Лхагваатай хамт нийлээд тогтоочих” гэж хэлээд гаргатал надад “за, үгүй” гэж хэлэлгүй гараад явсан. Ингээд ажлаа хийж байхад манай тогооч залуу Хас-Очир орж ирээд “Дашка, Ганболд хоёр хоорондоо зодолдоод байна” гэсэн. Би тэр хоёрыг оффис дотор хурал хийж байхад Дашдоржоос “чи ямар учраас Ганболдыг зодож байгаа юм бэ” гэж асуухад “та ямар учиртайг нь мэдэхгүй байж, яагаад намайг загнаад байгаа юм бэ” гээд уйлж байгаад гараад явсан. 

Ингээд нилээн хэдэн минутын дараа Ганболд орж ирэхээр нь юу болсон талаар асуухад “намайг цохичихлоо, би одоо эмнэлэг явлаа орж үзүүллээ” гээд гараад явсан. Тухайн үед Ганболд “би эмнэлэг орж үзүүлээд миний нүд зүгээр бол би цагдаад мэдэгдэхгүй, хүүхэдтэй хүнийг цагдаад өгөөд яах юм бэ” гэж хэлээд гараад явсан. Эхлээд Дашдоржийг 15 давхарт байхад нь Ганболд очиж хэл амаар доромжлоод хэрүүл маргаан үүсгэсэн гэсэн. Тухайн үед тэр хоёр анонс наах самбарнаас болж маргалдсан. Тэгээд Ганболд “гадаа гарч, хоёулаа учраа олъё” гэж дагуулаад гарсан гэсэн. Ер нь Дашдорж хурал болоход голдуу анонс самбарыг өлгөдөг юм. Ганболд уг самбарыг өлгөх үүрэгтэй ба хурлын техник, бусад эд зүйлс болох микрофон зэргийг хэр зэрэг ажиллаж байгааг шалгадаг. Бас менежер Лхагваад хоёулаа тусалж ажиллах ёстой. Би Дашдорж Ганболдыг зодож байхыг хараагүй, дараа нь камерийн бичлэг үзэхэд зодож байх шиг байсан. Дашдорж манай зочид буудал анх ашиглалтанд орохоос өмнө ажиллаж эхэлсэн бөгөөд ажилдаа сайн болохоор дэвшээд одоо буудлын мужаанаар ажилладаг. Дашдорж ажилдаа сайн, хүний өгсөн үүрэг даалгаврыг сайн биелүүлдэг юм. Мөн архи дарс хэрэглээд байдаггүй. Ганболд нь ажилдаа сайн, гэхдээ зан байдлын хувьд зэвүүн ам муутай байдаг юм. Тухайн өдөр хоёулаа архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Ганболд урьд нь нүүр халцарчихсан явж байсан юм. Мөн дараа нь нэг удаа нүдээ цохиулсан явж байсан. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 28-29х/,

 

   5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Даваанямын гэрчээр өгсөн:

   “…Би Корпорайт зочид буудлын хамгаалалтын албаны даргаар 2012 оны 02 дугаар сараас эхлэн ажиллаж байна. Хэдэн сарын хэдний өдөр гэдгийг нь одоо санахгүй байна, 2014 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр байх, намайг Корпорайт зочид буудлын ажилчид ордог өрөөн дотор байхад Дашдорж манай өрөөнд орж ирсэн. Тэгтэл араас нь Ганболд орж ирээд “хоёулаа гадаа гарч уулзъя” гэж хэлээд тэр хоёр хамт өрөөнөөс гараад явсан. Би өрөөндөө хяналтын камерийн бичлэгээ хараад сууж байхад хамгаалагч Мөнх-Од гэдэг залуу намайг дуудаж “тэр хоёр хоорондоо зодолдож байна” гэхээр нь гүйж гараад салгахад тэр хоёр хоорондоо зууралдаад зогсож байсан. Дашдорж цаашаа явсан ба Ганболдын хамарнаас цус гарсан байдалтай байхаар нь “дотогшоо ороод наад цусаа угаа” гэж хэлсэн.

Тухайн үед би тэр хоёр яаж хоорондоо зодолдож, ямар байдлаар нэг нэгнийгээ цохихыг хараагүй. Дараа нь бичлэгээс үзэхэд Дашдорж, Ганболд нар хоорондоо харилцан зодолдсон байсан. Дашдоржийн биед гэмтэл учирсан эсэхийг мэдэхгүй байна. Ганболдын хамарнаас цус гарсанаас өөр гэмтэл шарх харагдаагүй. Тэр хоёр юунаас болж маргалдсан талаар би мэдэхгүй байна, манай өрөөнөөс гарахад нь “зодолдох гэж байна” гэж бодоогүй, хоорондоо учраа олох гэж байна гэж ойлгосон. Ганболд манай буудалд ажилд ороод 6-7 сар болж байна. Зан байдлын хувьд муу залуу гэж бодогдоогүй. Дашдорж бид  хоёр буудал ашиглалтанд орсоноос хойш хамт ажиллаж байна, ажилдаа үнэнч, дайчин, юмыг сэтгэлээсээ хийдэг залуу байгаа юм. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 33-34х/,

 

   6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Хас-Очирийн гэрчээр өгсөн:

   “…2014 оны 4 сарын 16-ны өдрийн 15 цагийн үед ажилчдын лифтнээс 6 давхарт буухад коридорын сандал дээр Ганболд, Дашдорж хоёр юм яриад сууж байсан. Би хүний нөөцийн ажилтнаас сагсны тэмцээний талаар асууж тодруулчихаад Эрдэнэтуяа, бид хоёр өрөөнөөс нь гарахад тэр 2 хэрэлдэж байсан юм. Удалгүй Эрдэнэтуяа яваад өгсөн. Нөгөө хоёр нилээн маргалдаж байгаад хоёулаа гадаа гарахаар болоод лифтэнд суухад нь энэ хоёр муудалцах нь гэж бодоод би дагаад суусан. Бид 3 шууд зочид буудлын зүүн хаалгаар гадагш гарахад нөгөө хоёр хоорондоо барилцаад авахаар нь би салгасан.

Энэ үед тэр хоёр сүртэй зодолдоогүй. Би Дашдоржийг авч үлдээд “муудалцахаа боль, тайвшир” гээд тамхи татуулаад гадаа үлдсэн ба Ганболд түрүүлээд өрөө рүүгээ орсон. Тэгээд би Дашдоржийг дагуулаад дотогшоо орж, 6 давхарт хүний нөөцийн хүнтэй уулзахаар ороход Энэрэл менежерт гадаа болсон асуудлыг Лхагвасүрэн хэлсэн байсан. Энэрэл менежер “юу болсон” талаар асуугаад нөгөө хоёрыг дуудахад Ганболд түрүүлж орж ирээд “Дашдорж намайг зодсон” гэж хэлсэн. Араас нь Дашдорж орж ирээд “би Ганболдыг зодоогүй, бид хоёр адилхан барилцаж авсан” гэж хэлээд гараад явахад нь Энэрэл менежер Ганболдыг “хүнтэй хамтраад 5 давхарын анонсыг тогтоочих” гэж хэлээд би Ганболдтой хамт доошоо буусан.

Тэгээд анонс тогтоох гэсэн боловч шат олдоогүй болохоор би гал тогооны өрөө рүү явсан. Тэрнээс хойш юу болсон талаар мэдэхгүй. Зодоон болсон гэж камерийн бичлэг шүүж байхад нь мэдсэн. Би тус зочид буудалд 1 жил 2 сарын хугацаанд тогоочоор ажиллаж байна. Ганболд баруун нүдний орчим нь цус хурсан, бага зэрэг хөхрөлттэй ирсэн. Дараа нь баруун талынх шанаа нь зулгарсан байсан. Тэрийгээ нууж маск зүүгээд яваад байсан. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 36х/,  

 

7. Гэрч А.Болдсүхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

   “…Би 2014 оны 4 сарын 16-ны өдөр амарч байсан, 24 цаг гараад 48 цаг амардаг юм. 2014 оны 4 сарын 17-ны өдөр ажилдаа ирэхэд манай ажлынхан Д.Д, Б.Ганболд хоёрыг зодолдсон гэж ярьж байсан. Тэгээд би хяналтын камерийн бичлэгийг шүүж үзэхэд Д.Д, Б.Ганболд нар Корпорейт зочид буудлын 1 давхарт зүүн урд талд байрлах ажилчидын хаалганы гадаа зодолдсон байсан. Бичлэгийг үзэхэд тэр хоёр бие биенээ барьцалдаж аваад нэг минут ч хүрэхгүй хугацаанд зодолдсон байсан. Тэр хоёрыг манай хамгаалагч Эрдэнэбат, 16 дугаар давхарын зохион байгуулагч, бас нэг хүнтэй хамт салгаж байсан. Тэр хоёр ажлаас болж маргалдсан юм шиг байна лээ. Би зодоон болсон өдөр ажил дээр байгаагүй учир яг юу болсон талаар мэдэхгүй байна. Хэрэг гарсан өдөр хамгаалагч ажилтай байсан Мөнх-Од гэдэг залуу ажлаас гараад 2 сар гаран болж байна. Би түүний утасны дугаарыг мэдэхгүй, надад нэмж хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 37х/,

 

  8. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Ачитын гэрчээр өгсөн:

  “...Б.Ганболд, Д.Д нарыг танина, бид хамт нэг байгууллагад ажиллаж байсан. Тэр үед маркетингийн менежерийн ажил хийдэг байсан ба Дашдорж нь тухай буудлын засварын янз бүрийн ажлыг хийдэг, харин Б.Ганболд айти инженер хийдэг байсан. Хамт ажилладаг байсан болохоор найз нөхдийн холбоо байхгүй. Тухайн хэрэг гарах үед би ажил дээрээ байсан ба зодолдсон талаар хяналтын камераас харж мэдсэн.

Дараа нь манай ажлын Лхагваа гэдэг эмэгтэйгээс ямар шалтгааны улмаас маргалдсан бэ гэхэд “5-6 метрийн өндөр хананд хулдаас тогтоогоод өгөөч ээ” гээд Дашдоржоос асуутал “завгүй байна, цаагуур чинь өөр хүн амьтан байна уу” гэж хэлсэн гэсэн. Тэгэхэд Ганболд “чадахгүй, Дашдоржоор хийлгэ” гэж хэлсэн юм шиг байсан. Лхагваа буцаж Дашдорж дээр ирээд “Ганболд чадахгүй гэж байна, чи хийгээд өгөөч” гэхэд Дашдорж Ганболд дээр ирээд “би завгүй байхад чи хийгээд өгчихгүй, яасан бэ” гээд маргаан үүсгээд хоорондоо зодолдсон байсан.

Тухайн үед Б.Ганболд яг хаанаа, ямар гэмтэл авсаныг мэдэхгүй. Дараа нь Нэгдүгээр эмнэлэгт үзүүлээд явж байхад нь би, Дашдорж болон бас нэг менежертэй хамт очиж Дашдоржийн өгсөн мөнгийг Ганболдод өгөхөд нүүрний зүүн хэсэг нь улаан хөхрөлттэй байсан. Дашдорж надад “Ганболд надтай уулзахгүй байна, чи энэ мөнгийг өгчих” гээд 1.200.000 төгрөг өгөхөөр нь би тэр мөнгийг нь Ганболдод дамжуулж өгсөн. Би нэг л удаа мөнгө дамжуулж өгсөн. Тухайн үед Ганболдын эгч нь гэх нэг хүүхэн хамт явж байсныг харсан. Байгууллагаас мөнгө төгрөг өгсөн эсэхийг мэдэхгүй байна. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 159-160х/,

 

  9. ШШҮХ-ийн шинжээчийн 2014 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 5872 дугаартай:

  1. Ганболдын биед дух ясны өмнөд хана, зүүн нүдний ухархайн дээд, доод хана, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн хоншоор ясны хугарал, зүүн нүдний алим, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулд шарх гэмтэл тогтоогдлоо.

  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар учрах үедээ амь биед аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 1-р хавтас 44х/,

 

  10. ШШҮХ-ийн бүрэлдэхүүнтэй шинжээч нарын 2014 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн давтан шинжилгээний 666 дугаартай актын:

  1. Ганболдын биед зүүн нүдний ухархайн дээд, доод хана, духны хөндийн өмнөд хана, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн хоншоор ясны хугарал, зүүн нүдний алим, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулд шарх гэмтэл тогтоогдлоо.

  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар учрах үедээ амь биед аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

  5. Урьд гаргасан 5872 тоот дүгнэлт үндэслэлтэй байна.” гэсэн дүгнэлт /хэргийн 1-р хавтас 46-47х/,   

 

  11. ШШҮХ-ийн бүрэлдэхүүнтэй шинжээч нарын 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн давтан шинжилгээний 319 дугаартай актын дүгнэлт:

  1. Ганболдын биед зүүн нүдний ухархайн дээд, доод хана, духны хөндийн өмнөд хана, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн хоншоор ясны хугарал, зүүн нүдний алим, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулд шарх гэмтлүүд учирчээ. Дээрх зүүн нүдний ухархайн дээд, доод ханын хугарал гэмтэл нь 2010 оны Хууль зүй, Дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын №189/385 тоот Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрхи зүүн нүдний ухархайн дээд, доод ханын хугарал гэмтэл нь 2014.12.05-ны өдрийн Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан А/216/422 тоот Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрхи гэмтлүүд нь тус бүрдээ, зүүн хоншоор ясны хугарал гэмтэл нь Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д ззааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт, духны хөндийн өмнөд хана, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний алим, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулд шарх гэмтэл нь Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт тус тус хамаарна.” гэсэн дүгнэлт /хэргийн 1-р хавтас 236-238х/,  

 

  12. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээч эмч Б.Долгормааг байцаасан тэмдэглэлд:

“...Ганболдын биед дух ясны өмнөд хана, зүүн нүдний ухархайн дээд, доод хана, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн хоншоор ясны хугарал, зүүн нүдний алим, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулд шарх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Учир нь имрай зурагт хугарал гэмтэл нь хуучны гэж тэмдэглэгдээгүй ба хэрвээ хэдэн сарын өмнө авсан тохиолдолд хугарал нь бороолсон хуучин харагдах ёстой. Тиймээс шинэ гэмтэл гэж үзсэн.” гэсэн мэдүүлэг /хэргийн1-р хавтас 48-49х/,

 

13. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээч эмч А.Амгаланболдыг байцаасан тэмдэглэлд:

   “...Б.Г-ын биед учирсан зүүн нүдний ухархайн дээд, доод хана, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн хоншоор ясны хугарал, зүүн нүдний алим, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулд шарх гэмтэл нь цаг хугацааны хувьд гэмт хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Учир нь 2011 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн “Health aid” эмнэлгийн толгойн КТГ-д Б.Ганболд нь “хугаралт ихтэй, мөн зүүн гайморын хөндий болон этмойд хөндийд цустай” гэжээ. Тиймээс уг гэмтэл нь шинэ гэмтэл ба хэрэв хуучин гэмтэл байсан бол этмойд хөндийд цусгүй байх байсан. Иймд уг гэмтэл нь шинэ буюу хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн гэмтэл юм. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэгтэмдэглэл /хэргийн 1-р хавтас 50х/,

 

              14. Иргэний харъяалал, шилжилт хөдөлгөөний газраас 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдөр ирүүлсэн шүүгдэгч Д.Д нь 2014 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Замын-Үүд боомтоор хил гарсан тухай лавлагаа /хэргийн 1-р хавтас 112-113х/,

 

              15. Хохирогч Б.Г-ын УНТЭ-д хэвтэн эмчлүүлсэн тухай өвчний түүх, эмчилгээтэй холбоотой баримтууд /хэргийн 1-р хавтас 76-80х/,

 

16. Хохирогч, түүний төлөөлөгч Б.Бгаас хохирол төлбөр нэхэмжлэхтэй холбоотой гаргасан хүсэлт, баримтууд /хэргийн 1-р хавтас 85-86х, 161-163х/,

 

17. Шүүгдэгч Д.Доос хохирогчийн төлөөлөгч Б.Бгийн нэхэмжилсэн хохирол төлбөрөөс 830.000 төгрөгийг шилжүүлсэн тухай ХААН банкны орлогын мэдүүлгийн баримт /хэргийн 1-р хавтас 210-211х/,

 

  18. 2014 оны 9 сарын 24-ний өдрийн “Мөрдөн байцаалтыг түдгэлзүүлэх тухай” 1679 дугаартай, 2014 оны 9 сарын 24-ний өдрийн “Яллагдагчийг эрэн сурвалжлах ажлыг гүйцэтгүүлэх тухай” 108 дугаартай, 2016 оны 02 сарын 18-ны “Түдгэлзүүлсэн хэргийг сэргээж мөрдөн байцаалт явуулах хугацааг тогтоох тухай” 47 дугаартай Прокурорын тогтоолууд /хэргийн 1-р хавтас 105-107х/,

 

  19. Оргодол эрэн сурвалжлалт зарласан тухай мэдээлэл баримтууд /хэргийн 1-р хавтас 116-118х/,

 

  20. 2016 оны 3 сарын 31-ний өдрийн “Мөрдөн байцаалтыг түдгэлзүүлэх тухай” 159 дугаартай, 2017 оны 6 сарын 22-ны өдрийн “Түдгэлзүүлсэн хэргийг сэргээж, мөрдөн байцаалт явуулах хугацаа тогтоох тухай” 395 дугаартай Прокурорын тогтоолууд /хэргийн 1-р хавтас 123-124х, 125х/,

 

  21. 2019 оны 02 сарын 14-ний өдрийн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл /хэргийн 1-р хавтас 226-231х/,

 

  22. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Д.Дийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн:

   “...2014 оны 4 сарын 16-ны өдөр би Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах Корпорейт зочид буудал болох өөрийн ажилдаа өглөө 08 цагт очсон. Ингээд би давхаруудын өрөөнүүдийн зочдын өрөөний душэнд гадна талаас нь харагддаггүй цаас наах ажил хийж байсан. Өдөр цайны цагаар ажилчдын хоолны өрөө болох Б1 давхарт байхад 5 дугаар давхарын менежер Лхагвасүрэн над дээр ирээд “орой 18 цагаас хурал болно, хурлын зааланд анонс буюу хэвлэмэл самбар тогтоогоод өгөөч” гэхээр нь би тухайн үед “их ажилтай, завгүй байгаа” талаараа хэлсэн. 40 өрөөнд уг цаасыг нааж дуусгах ажилтай байсан юм.

Тэгээд “инженер Ганболд завтай байгаа, хийлгэчих” гэж хэлээд 15 давхарт гараад буцаад ажлаа хийж эхэлсэн. 14 цагийн үед Ганболд над руу залгаад “уулзах хэрэгтэй байна” гэхээр нь “би 15 давхарт ажлаа хийгээд явж байна” гэсэн. Удалгүй Ганболд 15 давхарт гарч ирээд “чи яагаад давраад байгаа юм бэ, чиний ажлыг би яахаараа хийх ёстой юм бэ” гэхээр нь “чи завтай байгаа юм чинь хийгээд өгчих” гэхэд “өмнөх самбарыг нь хийж өгсөн, энэ удаад бол чадахгүй пизда минь, би чамд зарц шиг харагдаад байна уу” гэж хэлсэн.

Тэгэхэд нь би “энэ ажлыг чинь би ч хийх ёсгүй, хэн боломжтой, завтай байгаа нь хийдэг биздээ” гэж хэлсэн. Тэгээд хоёулаа доошоо буугаад ерөнхий менежер Энэрэлээс “хэн хийх ёстойг нь асууя” гээд 6 давхарт буугаад очиход “завгүй байна, түр байж бай” гээд утсаар ярьж байхаар нь хүний нөөц Эрдэнэтуяа, Лхагвасүрэн нартай хамт оффисын гадна ярилцсан. Тэгээд Ганболд бид хоёр хоорондоо маргалдаад нэг нэгнийгээ хэл амаар доромжилж байгаад “хоёулаа гадаа гарч, эр хүн шиг учраа олъё” гээд лифтэнд суугаад доошоо буусан. Тэгэхэд тогооч Хас-Очир бид хоёртой цуг гарсан.

Гадаа гараад би Ганболдыг нэг удаа нүүрэнд нь цохиод, бид хоёр хоорондоо нэг нэгнийгээ 2, 2 удаа цохиход Хас-Очир салгасан. Ганболд намайг хэл амаар доромжлоод “чам шиг юм намайг амжихгүй” гээд янз бүрийн хараалын үг хэлээд байсан. Тэгээд би гадаа тамхи татаж байгаад буцаж ороод 15 давхарт гараад ажлаа хийж байхад Энэрэл менежер залгаад дуудахаар нь очтол Ганболд “Дашдорж намайг зодсон” гээд яриад сууж байсан. Тэгэхээр нь би Энэрэлээс уучлалт гуйгаад, Ганболдод хандаж “чи хоёрын хооронд юм ярих байсан бол яах гэж гадаа гаръя гэсэн юм бэ” гэж хэлээд яваад өгсөн. Тэгээд би доошоо бууж хувцасаа солиод, харуулын өрөөнд орж цагаа хаалгаад явах гэж байхад Ганболд 6 давхараас бууж ирээд, бид хоёр хамт гадагшаа гарахад дахиад хэл амаар доромжлоод байхаар нь би эргэж хараад шанаа тус газар нь нэг удаа цохисон. Ганболд намайг зөрүүлж нэг удаа цохиод бид хоёр хоорондоо харилцан зодолдож байхад Давааням гэдэг харуул залуу гарч ирээд бид хоёрыг салгасан. Тэгээд би шууд яваад өгсөн.

Эхний удаад би Ганболдын нүүрэн тус газар нь цохисон, гэхдээ яг хаана цохисоноо санахгүй байна. Ганболд мөн миний нүүрэн тус газар гараараа цохисон, дараа нь гадаа муудалцахад би түүний толгой ар хэсэг рүү гараараа цохисон. Угаасаа Ганболд доошоо тонгойсон байсан юм. Тэрээр миний нүүрэн тус газар нилээн хэдэн удаа цохисон. Тухайн үед миний уруулын дотор талд 2-3 язарсан шархтай, мөн миний толгойн зүүн хэсэгт хавдсан байсан. Би шүүх эмнэлэгт үзүүлээгүй, үзүүлэх ёстой гэдгээ мэдээгүй. ...Би тухайн өдөр огт архи уугаагүй, Ганболд мөн архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан байх, түүнээс архи үнэртээгүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 57-59х, 63-64х/,

- Мөн шүүгдэгчийн гэрчээр өгсөн: “...Би 2014 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Замын үүдийн хилийн шалган нэвтрүүлэхээр БНХАУ-ын Эрээн хот руу явсан. Тэндээ 2 хоноод Бээжин хот орж, Польш Улсын Элчин сайдын яаманд очиж визэнд ороод ОХУ-аар дайраад Польш Улс руу ниссэн юм. Цаашаа Швед Улс руу онгоцоор яваад, найз Отгонжаргалын гэрт очсон. Эхний хагас жил би Швед Улсад ажилгүй байж байгаад цагаачийн газар нь хандаж түр хугацаагаар ажиллах эрхийн бичиг гаргуулж аваад, Хятад хоолны газар угаагч хийж байсан. 2018 оны 01 дүгээр сарын 21-ний оройн Улаанбаатар хотод ирсэн. Би явахдаа хэрэгт шалгагдаж байгаагаа мэдэж байсан. Одоо хэргээ шалгаж дуустал оргон зайлахгүй байж чадна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. ... Би эмчилгээний зардал болох 1.200.000 төгрөг нөхөн төлсөн, мөн байгууллагаас дараа нь 1.000.000 төгрөг өгсөн ба нийт 2.400.000 төгрөг өгсөн байгаа. Түүнийгээ ямар нэгэн баримтаар баталгаажуулаагүй. Би мөнгөө бэлнээр өгсөн байгаа, тухайн үед Ганболд “мөнгөө гүйцэд авч байж бичиг хийж өгнө” гэсэн юм.” гэсэн мэдүүлэг /хэргийн 130-132х, 150х/,

-мөн 2018 оны 11 сарын 07-ны өдөр яллагдагчаар өгсөн: “...Ганболд бид хоёр 2012 оноос 2014 оны 4 сар хүртэл хамт ажилласан юм. Урьд нь маргалдан зодолдож байгаагүй. Бид хоёрын хооронд өр авлага, өс хонзонгийн асуудал байхгүй. Би өөрийнхөө зүгээс Ачит гэх залуугаар дамжуулан Ганболдыг Нэгдүгээр эмнэлэгт хамраа тэгшлүүлэх үед нь 1.200.000 төгрөг өгсөн. Дараа нь МУИС-ын ЭЗСургуулийн ойролцоо “ПС тоглоомын газарт тоглож байна” гэхээр нь очиж уулзаад бэлнээр 1.000.000 төгрөг өгсөн, гэхдээ баримт аваагүй. Байгууллагын зүгээс эхний өдөр манай захирал Гэмтлийн эмнэлэгт очиж 500.000 төгрөг өгсөн гэж байсан. Дараа нь дарга намайг өрөөндөө дуудаж оруулж байгаад миний хажууд Ганболдын эгч рүү залгаад “би энэ хүнд 1.000.000 төгрөг өглөө шүү” гэж хэлж байсан. Тэр 1.000.000 төгрөгийг би цалингаасаа суутгуулж байгаад ажлаасаа гарсан. Одоо төлж дуусаагүй үлдэгдэл байгаа. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 180х/ болон гэрч Б.Баярмагнай /хэргийн 94х/, Д.Болдбаатар /хэргийн 95х/, Н.Оюунсувд /хэргийн 96х, 109х/ нарын мэдүүлэг болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн хуулбар баримт /хэргийн 65х/, шүүгдэгч Д.Дийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 182х/, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт /хэргийн 68х/, бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар баримт /хэргийн 70х/, хөдөлмөрийн гэрээний хуулбар баримт /хэргийн 71-72х/, “Тэнгис” кафегийн ажлын газрын тодорхойлолт /хэргийн 1-р хавтас 183х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлага бүхий, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг хүлээсэн шинжээч эмч гаргасан байх тул тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж шүүх үнэлж дүгнэн, шийдвэрийн үндэслэл болгосон болно.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.Дийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.  

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Д.Д нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Корпорейт зочид буудлын гадна 2014 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хамт ажилладаг Б.Ганболдтой “би завгүй байхад ганц самбар байрлуулж чадахгүй байна уу” гэх шалгтгаанаар маргалдан, хувийн таарамжгүй харилцаа үүсгэж, улмаар зодож цохин түүний биед “зүүн нүдний ухархайн дээд, доод хана, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн хоншоор ясны хугарал, зүүн нүдний алим, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулд шарх” бүхий гэмтэл учруулсан үйл баримт шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан, хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлсэн:

- 2014 оны 8 дугаар сарын 11-ний өдөр хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, Худалдаа хөгжлийн банкнаас ирүүлсэн сиди 1 ширхэгийг хэрэгт эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргасан мөрдөгчийн тогтоол /хэргийн 1-р хавтас 17-18х, 19х/,

  - хохирогч Б.Ганболд /хэргийн 1-р хавтас 21-23х, 215х/, хохирогчийн төлөөлөгч Б.Б /хэргийн 1-р хавтас 166х/ нарын мэдүүлэг, гэрч Д.Энэрэл /хэргийн 1-р хавтас 28-29х/, Д.Давааням /хэргийн 1-р хавтас 33-34х/, Б.Хас-Очир /хэргийн 1-р хавтас 36х/, А.Болдсүх /хэргийн 1-р хавтас 37х/, Б.Ачит /хэргийн 1-р хавтас 159-160х/ нарын мэдүүлэг,  шинжээчийн 2014 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 5872 дугаартай дүгнэлт /хэргийн 1-р хавтас 44х/, бүрэлдэхүүнтэй шинжээч нарын 2014 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн давтан шинжилгээний 666 дугаартай дүгнэлт /хэргийн 1-р хавтас 46-47х/,   бүрэлдэхүүнтэй шинжээч нарын 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн давтан шинжилгээний 319 дугаартай дүгнэлт /хэргийн 1-р хавтас 236-238х/,           - ШШҮХ-ийн шинжээч Б.Долгормаагийн: “хохирогч Б.Г-ын биед учирсан ...дух ясны өмнөд хана, зүүн нүдний ухархайн дээд, доод хана, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн хоншоор ясны хугарал, зүүн нүдний алим, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулд шарх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Учир нь имрай зурагт хугарал гэмтэл нь хуучны гэж тэмдэглэгдээгүй ба хэрвээ хэдэн сарын өмнө авсан тохиолдолд хугарал нь бороолсон хуучин харагдах ёстой. Тиймээс шинэ гэмтэл гэж үзсэн.” гэх мэдүүлэг /хэргийн1-р хавтас 48-49х/,

  - ШШҮХ-ийн шинжээч эмч А.Амгаланболдын: “...хохирогч Б.Г-ын биед учирсан “...зүүн нүдний ухархайн дээд, доод хана, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн хоншоор ясны хугарал, зүүн нүдний алим, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулд шарх гэмтэл нь цаг хугацааны хувьд гэмт хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Учир нь 2011 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн “Health aid” эмнэлгийн толгойн КТГ-д Б.Ганболд нь хугаралт ихтэй, мөн зүүн гайморын хөндий болон этмойд хөндийд цустай гэжээ. Тиймээс уг гэмтэл нь шинэ гэмтэл ба хэрэв хуучин гэмтэл байсан бол этмойд хөндийд цусгүй байх байсан. Иймд уг гэмтэл нь шинэ буюу хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн гэмтэл юм.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 50х/, хохирогч Б.Г-ын УНТЭ-д хэвтэн эмчлүүлсэн тухай өвчний түүх, эмчилгээтэй холбоотой баримтууд /хэргийн 1-р хавтас 76-80х/, хохирогч Б.Г-ын төлөөлөгч Б.Бгаас хохирол төлбөр нэхэмжлэхтэй холбоотой гаргасан хүсэлт, баримтууд /хэргийн 1-р хавтас 85-86х, 161-163х/, ШШҮХ-ийн шинжээч эмч Т.Номинцэцэг, Т.Чимэд-Очир, Ц.Оюун-Эрдэнэ нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан/ болон шүүгдэгч Д.Дийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг /хэргийн 54-55х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг бусад бичмэл нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Хан-Уул дүүргийн прокуророос шүүгдэгч Д.Д нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Корпорейт зочид буудлын гадна 2014 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хамт ажилладаг Б.Ганболдтой “би завгүй байхад ганц самбар байрлуулж чадахгүй байна уу” гэх шалтгаанаар маргалдан, хувийн таарамжгүй харилцаа үүсгэж, улмаар зодож цохин түүний биед “зүүн нүдний ухархайн дээд, доод хана, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн хоншоор ясны хугарал, зүүн нүдний алим, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулд шарх” бүхий гэмтэл учруулсан үйлдлийг “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэж дүгнэн шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлин 1 дэх хэсгээр зүйлчилж ирүүлснийг шүүх тухайн гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан  2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэг болгон өөрчилж шийдвэрлэх доорхи үндэслэл тогтоогдов. Үүнд:

- Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Корпорейт зочид буудлын гадна 2014 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хохирогч Б.Ганболд нь ажлаас болж маргалдан шүүгдэгч Д.Дид зодуулсаы улмаас, биедээ “зүүн нүдний ухархайн дээд, доод хана, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн хоншоор ясны хугарал, зүүн нүдний алим, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулд шарх” гэмтэл авсан ба дээрх хохирогчийн биед учирсан гэмтлээс “...зүүн нүдний ухархайн дээд, доод хана хугарал” гэмтэл нь Хууль зүй дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2010 оны 189/385 дугаартай хамтарсан тушаалын Нэгдүгээр хавсралтаар баталсан Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэргийг тогтоох шалгуур шинжид хамаарч байсан байна.

Харин 2014 оны 12 сарын 05-ны өдрийн А/216/422 дугаартай Хууль зүйн сайд, Эрүүл  мэндийн сайдын хамтарсан тушаалын Нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Гэмтлийн зэрэг тогтоох журмын”  гэмтлийн хүнд зэргийг тогтоох шалгуур шинжийн 3.1.2-т “...ухархай ба самалдагийн дээд хана дангаараа хугарал, нүүрний ямнууд ба духны хөндийн өмнөд ханын хугарал, гавлын орой ясны гадна ялтасны цууралт” гэмтэл нь гэмтлийн хүнд зэргийг тогтоох шалгуур үзүүлэлтэд хамаарахгүй гэж заажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2019 оны 03 сарын 12-ны өдрийн 319 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчдийн дүгнэлтэд:

“ Ганболдын биед зүүн нүдний ухархайн дээд, доод хана, духны хөндийн өмнөд хана, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн хоншоор ясны хугарал, зүүн нүдний алим, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулд шарх гэмтлүүд учирчээ. Дээрх зүүн нүдний ухархайн дээд, доод ханын хугарал гэмтэл нь 2010 оны Хууль зүй, Дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын №189/385 тоот Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрхи зүүн нүдний ухархайн дээд, доод ханын хугарал гэмтэл нь 2014.12.05-ны өдрийн Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан А/216/422 тоот Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрхи гэмтлүүд нь тус бүрдээ, зүүн хоншоор ясны хугарал гэмтэл нь Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт, духны хөндийн өмнөд хана, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний алим, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулд шарх гэмтэл нь Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт тус тус хамаарна.” гэж дүгнэсэн /хэргийн 1-р хавтас 236-238х/  ба одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Гэмтлийн зэрэг тогтоох журмын дагуу хохирогчийн биед учирсан  зүүн нүдний ухархайн дээд, доод хана, духны хөндийн өмнөд хана, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн хоншоор ясны хугарал, зүүн нүдний алим, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулд шарх гэмтлүүдээс  “зүүн нүдний ухархайн дээд, доод ханын хугарал” гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт, “зүүн хоншоор ясны хугарал” гэмтэл нь Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт, бусад учирсан гэмтлүүд болох “духны хөндийн өмнөд хана, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний алим, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулд шарх” гэмтэл нь тус тус Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн шинжээчийн дүгнэлттэй байна.

Иймд тусгай мэдлэгийн хүрээнд эрх бүхий мэргэжлийн байгууллага Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчдийн бүрэлдэхүүнтэй гаргасан дүгнэлтийг үндэслэл болгон, “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүний сэжигтэн, яллагадагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх” зарчимд үндэслэн,

 “Үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлох, гэмт хэргийн хор уршиг хэзээ илэрснээс үл хамааран энэ хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүй төгссөн үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаагаар тооцох” Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан журмыг тус тус баримтлан шүүгдэгч Д.Дийг гэмт хэрэг үйлдэгдэх 2014 оны 04 сарын 16-ны байдлаар дагаж мөрдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан “Бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэсэн.

Түүнчлэн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан хугацаанд Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны  25 жилийг ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийг 2015 оны 08 сарын 11-ны өдөр Монгол Улсын Улсын Их хурлаас баталж, мөн өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн ба уг хуулийн 3 дугаар зүйлд “энэ хууль 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн хүнд хамаарна” гэж хууль үйлчлэх цаг хугацааг тогтоож, “мөн хуулийн 5.1, 9.1.3-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн хүний хэрэг бүртгэх, мөрдөн байцаах болон шүүхээр хянан хэлэлцэх шатанд байгаа эрүүгийн хэргийг тус тус хэрэгсэхгүй болгох”-оор Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заажээ.

 

Эрүүгийн хуулийн /2002 оны/ 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан “бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэг нь мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэснийн 17.1.2, 17.3-т зааснаар гэмт хэргийн “хүндэвтэр” ангилалд хамаарах ба Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны  25 жилийг ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн ялаас өршөөн хасах болон өршөөлд хамааруулахгүй нөхцөлийг тодорхойлсон 5.1, 9.1.3 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт шүүгдэгч Д.Дийн үйлдсэн “бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэг хамаарахгүй байна. 

 

Иймд дээр дурьдсан үндэслэлээр шүүгдэгч Д.Дийг гэмт хэрэг үйлдэгдэх 2014 оны 04 сарын 16-ны байдлаар дагаж мөрдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан “Бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны  25 жилийг ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар Д.Дид холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэх эрх зүйн үндэслэл үүссэн гэж шүүх дүгнэлээ.

 

Хэргийн шүүгдэгч Д.Д нь ажлаас болж хамт ажиллаж байсан хохирогч Ганболдтой маргалдаж, улмаар түүнийг цохиж зодон биед нь “зүүн нүдний ухархайн дээд, доод хана, духны хөндийн өмнөд хана, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн хоншоор ясны хугарал, зүүн нүдний алим, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулд шарх” гэмтэл тус тус учруулсан үйл баримтад маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн ба гэмт хэрэг үйлдэж учруулсан гэм хорын хохиролд тооцон хохирогч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас баримт бүхий эмчилгээ, оношилгооны зардалд нэхэмжилсэн 830.000 төгрөгийг нөхөн төлсөн болох нь хохирогчийн төлөөлөгч Б.Бгаас шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би шүүгдэгчээс баримттайгаар 830.000 төгрөгийг энэ оны 01 дүгээр сард хүлээж авсан. Харин тухайн үед гарсан эм тариа, мэс засал, таксины зардал гэх мэт баримтгүй төлбөрийг нэхэмжилмээр байна. Одоо надад баримт байхгүй учир би шүүгдэгчээс нэмж нэхэмжилж чадахгүй байна. Манай дүү шүүгдэгчээс 2.200.000 төгрөг аваагүй гэж хэлсэн. Гомдолтой байна.” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/  болон Хаан банкны орлогын мэдүүлэг баримтаар хэргийн 1-р хавтас 210-211х/ тус тус тогтоогдсон байна.

 

Харин шүүгдэгчээс хохирогчийн эмчилгээний зардалд бусдаар дамжуулан болон өөрөө мөнгө өгч, нийт 2.0 сая төгрөг төлсөн гэх боловч энэ нь нотлох баримтаар хангалттай нотлогдож тогтоогдоогүй, хохирогч, түүний төлөөлөгч нар нь “мөнгө хүлээж аваагүй” хэмээн мэдүүлсэн тул шүүх эмчилгээний зардалд 2.0 сая төгрөгийг шүүгдэгч нөхөн төлсөн гэж дүгнэх боломжгүй болохыг тэмдэглэв.

 

Шүүгдэгч Д.Д нь урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтаар нотлогдон /хх-181, 190х/ тогтоогдож байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

  

   Шүүгдэгч Д.Д нь 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийг /хэргийн 134-135х/ хүртэлх хугацаанд буюу 48 цаг хойшлуулшгүйгээр сэжигтнээр баривчлагдсан байна.   

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерийн бичлэг бүхий CD 1 ширхэгийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.

 

Энэ хэрэгт шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт нэг мөр шийдвэрлэвэл зохих битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус тогтоолд дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                         ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн прокуророос Т овогт Д-ийн Д-ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилсүгэй.

 

2. Т овогт Д-ийн Д-ийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан “Бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар Д.Дид холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн /2002 оны/ ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Дийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар гэмт хэргийн улмаас учирсан гэм хохиролд тооцон Д.Д нь хохирогч Б.Г-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бд 830.000 /найман зуун гучин мянга/ төгрөг нөхөн төлснийг тэмдэглэж, хохирогч нь эмчилгээ үйлчилгээтэй холбоотой бусад зардлын талаархи нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарласугай.   

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерийн бичлэг бүхий CD 1 ширхэгийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

6. Энэ хэрэгт Д.Д нь сэжигтнээр 48 цаг баривчлагдсаныг дурьдаж, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шийдвэрлэвэл зохих битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай. 

  

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

8. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Д.Дид урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хориглосон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                       С.БАЗАРХАНД