Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 339

 

 

 

 

 

 

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Л-ийн Ү-д холбогдох эрүүгийн 18100 2891 0239 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Д.Мөнхцэцэг, шүүгдэгч Л.Ү, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Амар нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Б.Боорчи шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1988 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Архангай аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт амьдрах, Архангай аймгийн Өгийнуур сумын 3 дугаар багт оршин суух хаягийн бүртгэлтэй, одоо Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 8 дугаар гудамжны 274 тоотод түр оршин сууж байгаа гэх, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, Б овогт Л-ийн Ү /РД:/,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч Л.Ү нь 2018 оны 12 дугаар сарын 11-ний шөнө Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо Нүхтийн 32-634 тоотод байрлах нүүрс зардаг цэгт очиж, хамт архи ууж байгаад хохирогч Б.Эын орлогын 620.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад

                                         

      ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав.

1. Шүүгдэгч Л.Үгаас шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан: 

“...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул шүүхэд нэмж хэлэх зүйл байхгүй. Би хийсэн хэрэгтээ харамсаж байна, миний буруу. Цаашид засарч, зөв амьдарна. Хохирогчид хохирол төлбөрийг нь ажил хийж бүрэн төлж барагдуулсан. Одоо миний эрүүл мэндийн байдал тааруу, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Хэргийн үйл баримт, гэм бурууд маргах зүйл байхгүй ээ.” гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 18100 2891 0239 дугаартай хэргээс:

 

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Эын хохирогчоор өгсөн:

“...Би хувиараа Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо болон 10 дугаар хороонд байрлах задгай нүүрс зардаг цэгт нүүрс заран борлуулдаг юм. 10 дугаар хорооны цэг нь ХУД-н 10 дугаар хороо АТБ-н 7-46 тоотод байдаг бөгөөд тухайн газар нүүрсээ буулгаад хагалж ууталж янзалдаг юм. Тэндээсээ Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо “Енканто спорт” комплексээс хойшоо Яармагийн эцэс рүү явах зам дагуу замынхаа ертөнцийн зүгээр зүүн талд нүүрс зарах цэгт байрлах амбаарт нүүрс зарж борлуулдаг юм.

Тухайн нүүрс зарах цэгт би 24-48 цагаар ээлжлэн ажилладаг бөгөөд намайг 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 24 цагийн ажил гүйцэтгэж байхад өмнө нь буюу 2018 оны зуны 3 сар хамт ажил хийж байсан Л.Ү нь надтай утсаар холбогдоод миний ажлыг асууж байгаад орой 22:00 цагийн үед ирсэн юм. Тухайн үед уулзаагүй удсан учир 0,33 гр Хараа архи авч хувааж уусан. Би ажлын байран дээрээ байсан учир гарч нүүрс авах гэсэн хүмүүст нүүрсээ зарчихаад орж ирдэг байсан ба ...нүүрс зарсан мөнгөө амбаарын мөнгө өлгөдөг цүнхэндээ хийж байсан. Намайг мөнгө хийж байхыг Л.Ү нь харж байсан. Л.Ү хань болоод хамт байсан бөгөөд цаг ч хурдан өнгөрч байсан. Тэгээд 02:00 цагийн үед санагдаж байна, нэг машинтай хүн ирээд нүүрс авах гээд зогсох үед би гараад 8 шуудай нүүрс өгчихөөд буцаад амбаарт ороод ирэхэд Л.Ү нь байхгүй болчихсон байсан. Тэр үедээ би анзаараагүй “хэлэлгүй явчихлаа” л гэж бодоод үлдсэн. Тэгээд маргааш өглөө нь ээлж солилцоод дараагийн хүндээ ажлаа өгөх үед орлогоо тоолж үзэхэд яах ч аргагүй 620.000 төгрөг дутсан.

Тэгээд би шууд Л.Үг хардсан. Учир нь Л.Ү нь миний мөнгө хийдэг газрыг харсан, мөн миний байрладаг нүүрс зардаг амбаарт Л Үүрийнтуяагаас өөр хүн огт орж гараагүй юм. Үүрийнтуяа нь тухайн үед надтай 88308948 дугаарын утсаар холбогдож байгаад миний ажлыг заалгуулаад ирсэн юм. Ямартай ч Л.Ү надад хэлэхдээ эхнэр нь 89018948 дугаарын утастай гэж байсан тухайн дугаараар холбогдож байгаад би Л.Үгийн бүтэн нэрийг олж мэдсэн, түүнээс биш би Үүрээ гэх нэрээр л мэддэг байсан юм. Би түүний 88308948 дугаарын утсаар холбогдсон тэгтэл би мөнгийг чинь аваагүй гээд согтуу ярьж байсан.

...Үүрийнтуяа надад 120.000 төгрөг төлж барагдуулсан, үлдэгдэл 500.000 төгрөгийг нэхэмжилж байна. Өөр нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 09-10х, 73х/,

 

2. Мөрдөн шалгах ажиллагааны Д.Гомбосүрэнгийн гэрчээр өгсөн:

“...2018 оны 12 дугаар сарын 11-ний орой 23-00 цагийн үед санагдаж байна найзынхаа гэрт архи уучихаад гэрлүү явж байсан юм. Тэгээд гэрлүү орох замд нүүрс зардаг цэгт байрлах модон амбаарын хажуугаар өнгөрөх үед амбаар дотроос хөөш гэх чимээ гараад намайг дуудсан, тэгээд амбаарт яваад ороход нүүрс зардаг Б.Э нэг танихгүй залуутай байсан. Тэгээд танихгүй залуу нь намайг заамдаж аваад “чи хаанахынх юм” гэх маягтай над руу дайраад байсан. Тэр үед Б.Э салгасан юм.

Тэгээд нөгөө танихгүй залуу нь “онгорхой дэлгүүр заагаад өгчих” гээд байсан ба би согтуу хүнтэй маргаан үүсгээд яахав гээд зогсож байтал дахин намайг заамдаж аваад “онгорхой дэлгүүр заагаад өг” гээд байхаар нь “дэлгүүр одоо хаалттай байдаг” гэж хэлээд түүнийг дагуулан пабаас архи авч болох байх гээд 52 паб руу явсан.

Тухайн үед Б.Э нүүрсээ зараад үлдсэн. Тэгээд нөгөө залуутай 52 паб руу очиход нөгөө залуу 0,5 гр Хараа архи аваад гараад ирсэн. Тэгээд бид хоёр буцаад Б.Э луу очоод 0,5 гр Хараа архиа ууцгаасан. Би өөрөө согтуу учир нэмж уугаагүй, тэр үед танихгүй залуу ч өөрөө уухгүй байсан. Тэгээд би явах гэтэл намайг явуулахгүй архи хийж өгөхөд нь түүнийг нь уучихаад явах гэтэл Б.Э “ахаа би ажилтай уухгүй, наад залуу чинь уухгүй гэж байна, та гэрлүүгээ авч ороод уучих” гээд үлдсэн архийг өгөөд явуулсан.

...Маргааш өглөө нь тамхи татах гээд халаасаа ухангаа найз руугаа залгах гэхэд халаасан  байсан мөнгө, гар утас байхгүй болчихсон байсан юм. Тэгээд урьд өдөр нь нилээн архи уусан юм чинь замдаа хаясан байж магадгүй гээд явсан газруудаар хайж байгаад нүүрсний амбаарт ороход Эрдэнэ-Очир нь “өчигдөр хамт архи уусан Үүрээ гэдэг залуу орлогын 620.000 төгрөг хулгайлаад явсан” талаар хэлсэн.

Тэгээд би уг залууг миний гар утас, мөнгийг авсан байж магадгүй гэх хардлага төрсөн боловч Цагдаагийн байгууллагаас тэр Үүрээ буюу Үүрийнтуяа гэдэг залууг олж тогтоож шалгахад миний мөнгө болон гар утсыг аваагүй талаар хэлсэн. Би тухайн мөнгө болон гар утсаа архи ууж яваад хаяж үрэгдүүлсэн юм шиг байна. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 12-13х, 38х/,

 

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад У.Анхбаярын гэрчээр өгсөн:

“...Би хувиараа ХУД-н 10 болон 6-р хороонд түлш нүүрс Зарж борлуулдаг юм. Нүүрс зарж борлуулахад доороо 20 хүн ажиллуулдаг бөгөөд ХУД-н 10-р хороонд байрлах нүүрс зарах цэг дээр савлаад ХУД-н 6-р хороонд авчирч зардаг юм. ХУД-н 6-р хороонд байрлах нүүрс зардаг цэг дээр Б.Э, Н.Гомбосүрэн нар байсан бөгөөд би өглөө болгон ирж тооцоо нийлж, зарсан нүүрсний хэмжээгээр орлогын мөнгийг тоолж аваад дараагийн ээлжний хүнд ажлыг нь болон нүүрсийг тоо ширхэгээр нь хүлээлгэж өгдөг юм.

2018 оны 12 дугаар сарын 12-ны өглөө ирээд Б.Этой уулзахад архи үнэртүүлсэн байдалтай байсан. Тэгээд би орлогын мөнгөө авах гэтэл мөнгөө хулгайд алдсан. 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Б.Эын ээлжтэй өдөр түүний найз Л.Ү гэх найз нь ирж хоноод маргааш нь явахдаа орлогын мөнгө аваад явсан талаар хэлсэн юм. Тухайн өдөр Б.Э нь 620.000 төгрөгний нүүрс зарсан байсныг найз нь гэх Л.Ү нь авч явсан байсан юм. Манай нүүрсний цэг өдөр болгон харилцан адилгүй орлого ордог 500.000-1.400.000 төгрөгний хооронд хэлбэлздэг юм. Тухайн үед би Б.Эт хүлээлгэж өгсөн нүүрсээ тулгаж үзэхэд 620.000 төгрөгний нүүрс зарагдсан байсан бөгөөд түүнийг найз нь авч явсан гэж байсан. Б.Э нь орлогын мөнгөө халаасандаа болон касканд хийж хадгалдаг юм. Гэхдээ тухайн 620.000 төгрөгийг Б.Э надад цалингаасаа төлж барагдуулаад дуусаж байгаа. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. гэсэн мэдүүлэг /хэргийн 36х/,

 

4. Хохирогч Б.Э нь шүүгдэгч Л.Үгаас хохирлын 620.000 төгрөгийг хүлээн авч, гомдол саналгүй болсон тухай бичгээр гаргасан баримт /хэргийн 95х/,

 

5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Л.Үгийн яллагдагчаар өгсөн:

“...Би 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Б.Этой утсаар ярьж байгаад ажил дээр нь очихоор болоод орой 22:00 цагийн үед Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нүүрс зардаг цэг дээр нь очсон юм. Намайг очиход Б.Э нь ганцаараа байсан бөгөөд бид хоёр ойрд тааралдаагүй гээд 0,33 гр Хараа архи ууцгаасан. Тухайн үед Б.Э нь надтай архи уухын хажуугаар ажлаа хийж байсан. Тухайн нүүрс зардаг цэг нь зам дагуу байдаг учир машинтай хүмүүс зогсоод нүүрс авах үед нь Б.Э гарч нүүрсээ зарчихаад буцаж орж ирж байсан юм.

Тэгээд архи дуусахаар нь өөрт байсан 100.000 төгрөгнөөс бэлэн гоймон, 0.33 гр Хараа архи авч, дахин нэмж уусан бөгөөд бид хоёрыг архи ууж байхад хажуу айлын хашааны хүн орж ирсэн бөгөөд түүнийг Б.Э нь Гомбоо ах гэж дуудаж байсан юм. Тэгээд бид гурав хамт архи ууцгаасан юм. Тэгээд архиа дуусгачихаад дахин дэлгүүр явах гэтэл замын эсрэг талын дэлгүүр хаалттай байсан учир Гомбоо ахад хандаж нээлттэй дэлгүүр заагаад өгөөч гэж хэлэхэд надтай хамт Яармагийн эцэс рүү чиглэлтэй явж байгаад нэг паб руу орж архи авсан.Тэгээд тухайн архиа гэрт нь хамт уусан юм.

Тэгээд Гомбоо гэх ах нэлээд согтоод орон дээрээ суугаад үлдсэн, би гэрээс нь гарч Б.Э луу очиход галын хажууд нэлээд согтуу байдалтай сууж байсан бөгөөд өмсөж байсан цамцных нь халаасанд боодолтой мөнгө харагдахаар нь сэмээрхэн авчихаад шууд 1-р хороолол руу такси бариад явсан юм. Явах замдаа мөнгийг нь тоолж үзэхэд 20.000 төгрөгний дэвсгэрт гол хэсэгт 10.000,  5.000 төгрөг гэх мэтээр мөнгө байсан ойролцоогоор 600.000 орчим мянган төгрөг байсан бөгөөд би тухайн мөнгөнөөс таксины жолоочид өгч 1-р хороололд очоод найз Н.Ирээдүйн гэрээс цүнхээ авчихаад шууд Тахилт руу хамаатны ахын гэрлүү явсан юм.

Маргааш нь би 1-р хороололд байрлах нэрийг нь санахгүй нэг пабад суугаад хоол авч архи, пиво уусан тухайн үед Б.Эоос хулгайлсан мөнгөөрөө тооцоог хийсэн бөгөөд тухайн пабад 2 хоног архи уусан юм. Тэгээд дараа нь Архангай аймаг руу нутаг руугаа явахаар болоход надад Б.Эоос авсан мөнгө 300.000 гаран мянган төгрөг үлдсэн бөгөөд нутаг явахад дахин мөнгө хэрэг болсон учир хувиараа Да хүрээ явах замд байрлах машин засварын газар ажиллаж байгаад цалингаа аваад шууд зах гарч өөртөө хувцас худалдаж аваад 200.000 төгрөг үлдээгээд Архангай аймаг руу аав, ээж рүү очсон юм. Тэгээд би үлдсэн мөнгөө үрж дуусгасан юм.

Түүний дараа аав, ээжтэй хамт байхад миний хоолойн анген өвчин хүндэрч үе мөчиндөө орсон учир гэрээр эмчилгээ хийлгэж байхад цагдаа нар намайг Б.Эоос мөнгө хулгайлсан талаар олж мэдсэн учир яаралтай Улаанбаатар хотод цагдаагийн газар ирж уулзах талаар хэлэхээр нь би эмчилгээгээ зогсоогоод шууд ирж уулзаж мэдүүлэг өгсөн юм. Би Б.Этой уулзаж түүний хохирлыг удахгүй өгч барагдуулах болно, биеийн байдал муу байгаагаа хэлж тохирсон бөгөөд түүнд 120.000 төгрөг өгч барагдуулсан байгаа. Саяхан эмнэлэгээс гарсан учир ажил хийж байгаад үлдэгдэл 500.000 төгрөгийг өгч барагдуулах болно.” гэсэн мэдүүлэг /хэргийн 63-64х/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой шүүгдэгч Л.Үгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 69х/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 72х/, Архангай аймгийн Өгийнуур сумын Өгий багийн Засаг даргын тодорхойлолт /хэргийн 83х/, гэрч Р.Лхагвасүрэн /хэргийн 77х/, О.Ганпүрэв /хэргийн 81-82х/ нарын мэдүүлэг зэрэг бусад нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогч талуудын эрхийг зөрчиж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй зэргээс шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Тухайн хэргийн хувьд хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Л.Үд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.    

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Л.Ү нь 2018 оны 12 дугаар сарын 11-ний шөнө Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо Нүхтийн 32-634 тоотод байрлах нүүрс зардаг цэгт Б.Этой хамт архидан согтуурсан үедээ, түүний нүүрс зарсан орлогын мөнгөнөөс 620.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, өөртөө ашигласан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээр дурьдсан:

- хохирогч Б.Эын: “...Би хувиараа Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо болон 10 дугаар хороонд байрлах задгай нүүрс зардаг цэгт нүүрс заран борлуулдаг юм. 10 дугаар хорооны цэг нь ХУД-н 10 дугаар хороо АТБ-н 7-46 тоотод байдаг бөгөөд тухайн газар нүүрсээ буулгаад хагалж уутлан, ...тэндээсээ Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо “Енканто спорт” комплексээс хойшоо Яармагийн эцэс рүү явах зам дагуу замынхаа ертөнцийн зүгээр зүүн талд нүүрс зарах цэгт байрлах амбаарт нүүрсээ зарж борлуулдаг юм. Тухайн нүүрс зарах цэгт би 24-48 цагаар ээлжлэн ажилладаг.

...Намайг 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 24 цагийн ажил гүйцэтгэж байхад өмнө нь буюу 2018 оны зуны 3 сар хамт ажил хийж байсан Л.Ү нь надтай утсаар холбогдоод миний ажлыг асууж байгаад орой 22:00 цагийн үед ирсэн юм. Тухайн үед уулзаагүй удсан учир 0,33 гр Хараа архи авч хувааж уусан. Би ажлын байран дээрээ байсан учир гарч нүүрс авах гэсэн хүмүүст нүүрсээ зарчихаад орж ирдэг байсан ба ...нүүрс зарсан мөнгөө амбаарын мөнгө өлгөдөг цүнхэндээ хийж байсан. Намайг мөнгө хийж байхыг Л.Ү нь харж байсан. Л.Ү хань болоод хамт байсан бөгөөд цаг ч хурдан өнгөрч байсан. Тэгээд 02:00 цагийн үед санагдаж байна, нэг машинтай хүн ирээд нүүрс авах гээд зогсох үед би гараад 8 шуудай нүүрс өгчихөөд буцаад амбаарт ороод ирэхэд Л.Ү нь байхгүй болчихсон байсан. Тэр үедээ би анзаараагүй “хэлэлгүй явчихлаа” л гэж бодоод үлдсэн. Тэгээд маргааш өглөө нь ээлж солилцоод дараагийн хүндээ ажлаа өгөх үед орлогоо тоолж үзэхэд яах ч аргагүй 620.000 төгрөг дутсан.

Тэгээд би шууд Л.Үг хардсан. Учир нь Л.Ү нь миний мөнгө хийдэг газрыг харсан, мөн миний байрладаг нүүрс зардаг амбаарт Л Үүрийнтуяагаас өөр хүн огт орж гараагүй юм. Үүрийнтуяа нь тухайн үед надтай 88308948 дугаарын утсаар холбогдож байгаад миний ажлыг заалгуулаад ирсэн юм. Ямартай ч Л.Ү надад хэлэхдээ эхнэр нь 89018948 дугаарын утастай гэж байсан тухайн дугаараар холбогдож байгаад би Л.Үгийн бүтэн нэрийг олж мэдсэн, түүнээс биш би Үүрээ гэх нэрээр л мэддэг байсан юм. Би түүний 88308948 дугаарын утсаар холбогдсон тэгтэл би мөнгийг чинь аваагүй гээд согтуу ярьж байсан. ...Үүрийнтуяа надад 120.000 төгрөг төлж барагдуулсан, үлдэгдэл 500.000 төгрөгийг нэхэмжилж байна. Өөр нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 09-10х, 73х/,

- гэрч Д.Гомбосүрэнгийн: “...Тухайн үед Б.Э нүүрсээ зараад үлдсэн. Тэгээд нөгөө залуутай 52 паб руу очиход нөгөө залуу 0,5 гр Хараа архи аваад гараад ирсэн. Тэгээд бид хоёр буцаад Б.Э луу очоод 0,5 гр Хараа архиа ууцгаасан. Би өөрөө согтуу учир нэмж уугаагүй, тэр үед танихгүй залуу ч өөрөө уухгүй байсан. Тэгээд би явах гэтэл намайг явуулахгүй архи хийж өгөхөд нь түүнийг нь уучихаад явах гэтэл Б.Э “ахаа би ажилтай уухгүй, наад залуу чинь уухгүй гэж байна, та гэрлүүгээ авч ороод уучих” гээд үлдсэн архийг өгөөд явуулсан.

...Маргааш өглөө нь тамхи татах гээд халаасаа ухангаа найз руугаа залгах гэхэд халаасан  байсан мөнгө, гар утас байхгүй болчихсон байсан юм. Тэгээд урьд өдөр нь нилээн архи уусан юм чинь замдаа хаясан байж магадгүй гээд явсан газруудаар хайж байгаад нүүрсний амбаарт ороход Эрдэнэ-Очир нь “өчигдөр хамт архи уусан Үүрээ гэдэг залуу орлогын 620.000 төгрөг хулгайлаад явсан” талаар хэлсэн. Тэгээд би уг залууг миний гар утас, мөнгийг авсан байж магадгүй гэх хардлага төрсөн боловч Цагдаагийн байгууллагаас тэр Үүрээ буюу Үүрийнтуяа гэдэг залууг олж тогтоож шалгахад миний мөнгө болон гар утсыг аваагүй талаар хэлсэн. Би тухайн мөнгө болон гар утсаа архи ууж яваад хаяж үрэгдүүлсэн юм шиг байна. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 12-13х, 38х/,

- гэрч У.Анхбаярын: “...Би хувиараа ХУД-н 10 болон 6-р хороонд түлш нүүрс зарж борлуулдаг юм. Нүүрс зарж борлуулахад доороо 20 хүн ажиллуулдаг бөгөөд ХУД-н 10-р хороонд байрлах нүүрс зарах цэг дээр савлаад ХУД-н 6-р хороонд авчирч зардаг юм. ХУД-н 6-р хороонд байрлах нүүрс зардаг цэг дээр Б.Э, Н.Гомбосүрэн нар байсан бөгөөд би өглөө болгон ирж тооцоо нийлж, зарсан нүүрсний хэмжээгээр орлогын мөнгийг тоолж аваад дараагийн ээлжийн хүнд ажлыг нь болон нүүрсийг тоо ширхэгээр нь хүлээлгэж өгдөг юм.

2018 оны 12 дугаар сарын 12-ны өглөө ирээд Б.Этой уулзахад архи үнэртүүлсэн байдалтай байсан. Тэгээд би орлогын мөнгөө авах гэтэл “мөнгөө хулгайд алдсан, 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Б.Эын ээлжтэй өдөр түүний найз Л.Ү гэх найз нь ирж хоноод маргааш нь явахдаа орлогын мөнгө аваад явсан” талаар хэлсэн юм. Тухайн өдөр Б.Э нь 620.000 төгрөгний нүүрс зарсан байсныг найз нь гэх Л.Ү нь авч явсан гэж байсан юм. Манай нүүрсний цэг өдөр болгон харилцан адилгүй орлого ордог 500.000-1.400.000 төгрөгний хооронд хэлбэлздэг юм. Тухайн үед би Б.Эт хүлээлгэж өгсөн нүүрсээ тулгаж үзэхэд 620.000 төгрөгний нүүрс зарагдсан байсан бөгөөд түүнийг найз нь авч явсан гэж байсан. Б.Э нь орлогын мөнгөө халаасандаа болон касканд хийж хадгалдаг юм. Гэхдээ тухайн 620.000 төгрөгийг Б.Э надад цалингаасаа төлж барагдуулаад дуусаж байгаа. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. гэсэн мэдүүлэг /хэргийн 36х/,

- хохирогч Б.Э нь шүүгдэгч Л.Үгаас хохирлын 620.000 төгрөгийг хүлээн авч, гомдол саналгүй болсон тухай бичгээр гаргасан баримт /хэргийн 95х/ болон  шүүгдэгч Л.Үгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Л.Ү нь 2018 оны 12 дугаар сарын 11-ний шөнө Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо Нүхтийн 32-634 тоотод байрлах нүүрс зардаг цэгт Б.Этой уулзахаар очиж, уулзаагүй удсан шалтгаанаар тэдгээр нь архидан согтуурч, улмаар түний нүүрс зарсан орлогын мөнгөнөөс 620.000 төгрөгийг нууцаар, хууль бусаар авч, өөрийн хэрэглээнд ашиглаж захиран зарцуулсан үйлдэл нь шууд санаатай, шунахай сэдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Шүүгдэгч Л.Ү нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн мэдүүлгийг тус тус өгсөн болно.

 

Прокуророос шүүгдэгчийн дээрх гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн үндэслэл бүхий, шүүгдэгч Л.Үгийн гэмт үйлдэлд нь тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Л.Үг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тодорхойлсон ба мөн зүйлийн 4 дэх хэсэгт “их хэмжээний хохирол” гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг, “үлэмж хэмжээний хохирол” гэж арван  мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг, “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг тус тус тооцох, нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар хуульчилан тогтоосон.

 

Шүүгдэгчийн үйлдсэн дээрх хулгайн гэмт хэргийн улмаас хохирогч Б.Эт 620.000 төгрөгийн хохирол учирсан нь нотлогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд заасан хохирлын бага хэмжээнээс дээш, үлэмж хэмжээнээс доогуур хохиролд хамаарч байна.   

 

Шүүгдэгч нь Л.Ү нь хохирогч Б.Эт учруулсан хохирлын 620.000 төгрөгийг нөхөн төлж арилгасан, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь /хавтаст хэргийн 95х/ баримтаар тогтоогдсон ба гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцон шүүгдэгчээс гаргуулах баримт бүхий төлбөргүй байна.  

 

Шүүгдэгч Л.Ү нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдээгүй тухай /хэргийн 72х/ эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтаар тогтоогдсон тул түүнийг анх удаа Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх үндэслэлтэй. 

 

Шүүгдэгч Л.Ү нь Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлж арилгасан нь тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.    

 

Шүүх, шүүгдэгч нь хорих ял шийтгүүлж болох Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлж арилгасан, мөн шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй, хохирогч Б.Э нь гомдол саналгүй гэснийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг тус тус журамлан хэрэглэх боломжтой гэж үзэв. 

 

Шүүгдэгч Л.Үд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэж, “согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг хориглосон хязгаарлалт тогтоох” албадлагын арга хэмжээ авч, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагад даалгаж шийдвэрлэсэн болно.

 

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.Э нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус шийтгэх тогтоолд дурьдаж шийдвэрлэв.      

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон                                              

 

                                                       ТОГТООХ нь:

 

1. Б овогт Л-ийн Ү-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, Л.Үд мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад тус тус заасныг баримтлан Л.Үд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар тэнссэн хугацаанд “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэж, “согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг хориглосон хязгаарлалт тогтоох” албадлагын арга хэмжээ авч, биелэлтэнд нь хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Л.Ү нь хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн болон Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт Л.Ү нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, хохирогч Б.Э нь “хохирол нөхөн төлөгдсөн, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан  өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

7. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Л.Үд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       С.БАЗАРХАНД