Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 4825

 

 

           

 

 

 

 

 

 

2016 оны 06 сарын 20 өдөр

   Дугаар 101/ШШ2016/04825

Улаанбаатар хот

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ....................................өөрийн байр, “Д“ ХХК-ийн /РД: ............/ нэхэмжлэлтэй

Хариуцагч: ............... тоотод  байрлах, “С“ ХХК-д /РД: .........../  холбогдох

Худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтэд 115.404.800 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд:     Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэнэбат,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дэлгэрсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Д“ ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Энхбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэнэбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

   Хариуцагч  “С“ ХХК нь 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр “Д“ ХХК-тай бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулан гэрээний дагуу 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 20 тонн дээд гурил, 1 килограммыг нь 1120 төгрөгөөр тооцон 22.400.000 төгрөг, 2016 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр 10 тонн дээд гурил, 1 килограммыг нь 1120 төгрөгөөр тооцон 11.200.000 төгрөг, 2016 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр 20 тонн дээд гурил, 1 килограммыг нь 1120 төгрөгөөр тооцон 22.400.000 төгрөг, 2016 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр 30 тонн дээд гурил, 1 килограммыг нь 1120 төгрөгөөр тооцон 33.600.000 төгрөг, бүгд нийт 89.600.000 төгрөгийн үнэ бүхий 80 тонн дээд гурил худалдан авсан.

   Хариуцагч  “С“ ХХК нь зээлээр авсан гурилынхаа төлбөр тооцоог 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдрөөр эцэслэн төлж дуусгахаар тохиролцсон боловч одоог хүртэл гэрээ болон өөрсдийн албан хүсэлтэд дурьдсан үүргээ биелүүлэхгүй байна.

Нэхэмжлэгч  “Д“ ХХК-ийн зүгээс удаа дараа төлбөр тооцоогоо төлж дуусгахыг шаардсан боловч мөнгө санхүүгийн хүндрэлтэй байдлаас болж төлөх боломжгүй гэсэн хариу тайлбарыг гаргаж хугацаа хэтрүүлсээр байна. Дээрх төлбөрөөс гадна  “С“ ХХК нь 2016 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр 001 тоот албан бичгээрээ гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувиар хоног тутамд алданги тооцохыг зөвшөөрсөн.

Үүний дагуу 89.600.000 төгрөгийн 0.3 хувийн алданги тооцоход хоногт 268.800 төгрөг болох ба 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл буюу 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийг дуустал өдрөөр тооцоход 96 хоног буюу нийт алданги 25.804.800 төгрөг, бүгд төлбөрийн дүн 115.404.800 төгрөг болж байна.

Иймд хариуцагч “С“ ХХК-иас зээлээр авсан 80 тонн дээд гурилын үнэ 89.600.000 төгрөг, алданги 25.804.800 төгрөг, нийт 115.404.800 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч “С“ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Солонго шүүхэд гаргасан тайлбартаа:

   Тус шүүхэд “С“ ХХК-д холбогдох “Д“ ХХК-ийн нэхэмжлэлтэй бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний үүрэгт 115.404.800 төгрөгийн төлбөр гаргуулах тухай иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа билээ.

  Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын тодорхой хэсгийг буюу 89.600.000 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа тодорхой хэмжээгээр татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаа багасгавал эвлэрэн хэлэлцэх боломжтой гэж үзэж байна гэжээ.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Д“ ХХК нь хариуцагч “С“ ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтэд 115.404.800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

/80 тонн дээд гурилын үнэ 89.600.000 төгрөг, алданги 25.804.800 төгрөг, нийт 115.404.800 төгрөг/

 

Нэхэмжлэгч “Д“ ХХК нь хариуцагч “С“ ХХК-тай 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулжээ.

Уг гэрээгээр худалдагч “Д“ ХХК нь худалдан авагч “С“ ХХК-д 25 килограммын савлагаатай 28.000 төгрөгийн үнэтэй /1 килограмм нь 1.120 төгрөг/ дээд гурилыг гэрээ байгуулсан өдрөөс хойш 3 сарын хугацаанд нийлүүлэхээр,  худалдан авагч бүтээгдэхүүний үнийг хүлээн авсан даруйдаа бүтээгдэхүүн нийлүүлсэн зарлагын баримтыг үндэслэн төлөхөөр харилцан тохирчээ.

/ХХ-ийн 4-7 дугаар тал/

 

2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээнд талууд хүсэл зоригын илэрхийлэлээ болгон гарын үсгээ зуран, байгууллагын тамгаа даран баталгаажуулсан, хуулийн шаардлага хангасан тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэв.

/ХХ-ийн 4-7 дугаар тал/

 

Дээрх гэрээ ёсоор худалдагч “Д“ ХХК нь худалдан авагч “С“ ХХК-д 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 20 тонн буюу 22.400.000 төгрөгийн, 2016 оны 1 дүгээр сарын 7-ны өөр 10 тонн буюу 11.200.000 төгрөгийн, 2016 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр 20 тонн буюу 22.400.000 төгрөгийн, 2016 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр 30 тонн буюу 33.600.000 төгрөгийн, нийт 80 тонн буюу 89.600.000 төгрөгийн үнэ бүхий дээд гурилыг нийлүүлсэн нь бүтээгдэхүүн хүлээн авсан талаарх 2 талын тооцоо нийлсэн баримт, авлагын талаарх баримт, худалдан авагч “С“ ХХК-ийн төлбөр төлөх хугацаа олгох тухай хүсэлтүүд зэрэг баримтуудаар тогтоогдож байх ба 89.600.000 төгрөгийн үнэ бүхий дээд гурил хүлээн авсан талаараа хариуцагч маргахгүй байгаа болно.

/ХХ-ийн 9-10, 22, 32-33 дугаар тал /

 

Нэхэмжлэгч “Д“ ХХК нь хариуцагч “С“ ХХК-д худалдан авсан бүтээгдэхүүнийхээ үнийг төлөх мэдэгдлийг удаа дараа хүргүүлэхэд “С“ ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бурмаа нь 2016 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр худалдагчид хүргүүлсэн хүсэлтдээ “...манай байгууллага төлбөрөө 2016 оны 2 дугаар сарын 5-ны дотор төлж барагдуулах бөгөөд заасан хугацаанд төлөгдөөгүй тохиолдолд өдрийн 0.3 хувийн алданги тооцохыг зөвшөөрнө” гэжээ.  

/ХХ-ийн 32 дугаар тал/

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т “Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ“ гэж заажээ.

 

Худалдагч буюу нэхэмжлэгч “Д“ ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж бүтээгдэхүүнийг хүлээлгэн өгсөн ба худалдан авагч буюу хариуцагч “С“ ХХК нь худалдан авсан бараа, бүтээгдэхүүнийхээ үнийг төлөх үүргээ биелүүлээгүй байна.

 

            Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-т “Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийн анз гэнэ“,

232.4-т “Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй“,

232 дугаар зүйлийн 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ“ гэж тус тус заажээ.

            Хариуцагч “С“ ХХК нь 2016 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хүсэлтдээ алдангийг 0.3 хувиар төлөхөөр зөвшөөрсөн тул алданги нэхэмжилсэн нь үндэслэлтэй.

Хариуцагч нь өөрийн худалдан авсан дээд гурилын үнийг 2016 оны 2 дугаар сарын 5-ны дотор төлнө гэсэн тул тус компанийг уг өдрөөс эхлэн үүргээ хугацаа хэтрүүлэх болсон гэж үзэх нь зүйтэй.

 

Хариуцагч “С“ ХХК-ийн гүйцэтгэх ёстой үүрэг 115.404.800 төгрөг болно.

-/Дээд гурил 1 килограмм нь 1.120 төгрөг.

-80 тонн *1.120 төгрөг=89.600.000 төгрөг,

-Алданги 25.804.800 төгрөг /2016.02.05-2016.05.11-ний өдрийг хүртэл, 1 хоногт ногдох алданги 268.800 төгрөг, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй/

 

Иймд хариуцагч “С“ ХХК-иас 115.404.800 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Д“ ХХК-д олгох нь зүйтэй.

 

Хариуцагч “С“ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг шүүх хуралдаанд хүрэлцэн ирэх боломжит хугацаанд мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-т зааснаар хариуцагч “С“ ХХК-иас 115.404.800 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Д“ ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Д“ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 734.974 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “С“ ХХК-иас 734.974 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Д“ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Н.САРАНГҮН