Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 341

 

 

 

 

 

 

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овогт Д-ийн М-ад холбогдох эрүүгийн 18100 2708 0231 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Х.Эрдэнэтуяа, хохирогч Г.Б, шүүгдэгч Д.М, шинжээч Г.Баясгалан нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Б.Боорчи шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1978 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш-программист мэргэжилтэй, “РДМ” ХХК-ийн үүсгэн байгуулагч, захирал ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдрах, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн гудамж, 24б-209 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Д овогт Д-ийн М /РД:/,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч Д.М нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 /Ажил олгогч нь үйлдвэрлэл, үйлчилгээний онцлог, ажлын байрны эрсдэлийн түвшин, ажилтны тоог харгалзан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэц болон ажилтан, зөвлөл ажиллуулна/ дахь хэсэгт заасны дагуу хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа хариуцсан ажилтанг томилж ажиллуулаагүй, мөн карьерийн талбайд холбогдох хууль, дүрэм, журам, стандартын хэрэгжилтийг ханган ажиллаж байгаа талаар дотоодын хяналт тавин ажиллах үүрэгтэй бөгөөд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8 /аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилгаа аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх/, 35 дугаар зүйлийн 35.1 дэх заалт /ажил олгогч нь үйлдвэрлэлийн цех, тасаг, хэсэг, ажлын байр бүрд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, нийтлэг шаардлага, стандартын хэрэгжилт, ажлын байран дахь эрсдэлийн үнэлгээний дагуу авагдсан арга хэмжээний биелэлтэд дотоодын хяналт тавина/, Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй. Сургалт зохион байгуулалт. Үндсэн дүрэм МNS 4969-2000 стандартын 4.16 заалт /Аюултай ажил гүйцэтгэдэг хүмүүст ажлын байран дахь өдөр тутмын зааварчилгаа өгнө. Ажлын байран дахь өдөр тутмын зааварчилгаа нь товч тодорхой байх ба ажил эхлэхийн өмнө бичгээр өгөгдөнө/-д заасныг тус тус хэрэгжүүлж ажиллаагүйгээс 2018 оны 11 сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Просперити ресоурсес” ХХК-ийн хайрганы карьерийн талбайд ажил гүйцэтгэх гэрээний дагуу “РДМ” ХХК-ийн ажилчид лист буюу нимгэн төмөрийг буулгах явцад ажилтан Г.Б нь хөлөө төмрөнд даруулж, хүний эрүүл мэндэд нь хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

 

                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Д.М нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүх, шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгч Д.Маас шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан:

“...2018 оны 11 сарын 20-ны өдөр “РДМ” ХХК нь ““Просперити ресоурсес” ХХК-ийн хайрганы карьерийн талбайд ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээний дагуу хайрганы бутлуурын тоног төхөөрөмжийн суурийн цутгалт, тоног төхөөрөмжийн угсралтын ажил гүйцэтгэж байсан.

Ингээд тус ажил гүйцэтгэж байх хугацаанд шаардлагатай суурийн гулсуурийн төмөр лист буулгах үед компанийн туслах ажилтан Г.Б гэмтэл авсан. Хэрэг явдал 2018 оны 11 сарын 20-ны өдөр гарсан бөгөөд уг өдрөөс 6 хоногийн өмнө Бат-Эрдэнэ нь манай компанид туслах ажилтнаар орсон юм. Тухайн үед хохирогчтой хөдөлмөрийн гэрээ бичгээр байгуулж амжаагүй, аман тохиролцоогоор ажил үүрэг гүйцэтгүүлээд ажиллаж эхэлж байсан. Карьерын талбайд тоног төхөөрөмж суурилуулахад шаардлагатай лист төмөр буулгах үед уг төмөр ачсан машины ойролцоо хохирогч явж байж таараад машинаас лист төмөр гулгаж унах үед хөл нь дарагдаж, хохирогч хүнд гэмтэл авсан. Бидний зүгээс аман байдлаар Г.Бтэй хөдөлмөрийн гэрээ хийж, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрмийг хараахан шинэ ажилтандаа зааж, сургалт зохион байгуулж амжаагүй байсан ба прокурорын яллах дүгнэлтэд заасан гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаж мэтгэх зүйл байхгүй.  Манай компани байгуулагдаад 16 жил болж байна. Сүүлийн 01 жил 06 сарын хугацаанд тоног төхөөрөмжийн угсралт, суурилуулалтын ажил гүйцэтгэж байгаа юм. Энэ чиглэлд үйл ажиллагаа явуулахад тусгай зөвшөөрөл заавал шаардлагагүй байдаг юм байна лээ. Би Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм зааврыг хэрэгжүүлж ажиллаагүйгээс хохирогчийн эрүүл мэндэд хүнд гэмтэл учирсаныг хүлээн зөвшөөрч байна. Миний зүгээс хохирогч Бат-Эрдэнэд эмчилгээ сувилгааны зардалд баримттай нэхэмжилсэн 4.900.000 төгрөгийг төлсөн байгаа. Цаашид түүний эрүүл саруул болгох талд нь анхаарч, байнгын харилцаа холбоотой байгаа. Г.Б хоёр хөл дээрээ босоод таяггүй алхаж байгаад нь маш их баярлаж байгаа.

Энэ осол нь үйлдвэрлэлийн талбайд гарсан ослын талаар ослын акт үйлдэгдээгүй. Ийм хэрэг явдал болсонд маш их харамсаж байна. Цаашид үйл ажиллагаагаа хууль, дүрэмд нийцүүлэн явуулахад анхаарч ажиллах болно.” гэсэн мэдүүлэг,

 

2. Хохирогч Г.Бэс шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр би үйлдвэр дээр ажиллаж байх үедээ баруун хөлний шилбэ хугарч гэмтсэн. Би ачаа буулгах үед өөрийн болгоомжгүй байдлаас болж бэртэл авсан. Намайг гэмтэхэд байгууллагын буруутай үйл ажиллагаа байгаагүй. Би нийт 4.900.000 төгрөгийг нэхэмжилсэн ба Д.Мын зүгээс 7.400.000 төгрөг төлж барагдуулсан учир одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Одоо миний биеийн байдал дээрдэж байгаа, алхах түвшинд явж байна. Надад цаашид хийлгэх эмчилгээ байхгүй. Тухайн үед миний хөлөн дээр төмөрийн булан таарч унасан, уг төмөр ойролцоогоор 600 кг жинтэй.” гэсэн мэдүүлэг,

 

3. Шинжээч Г.Баясгалангийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...Г.Бат-Эрдэнийн ажлын байр эрсдэлтэй ажлын байранд тооцогдоно. Тухайн аж ахуйн нэгж өөрсдийн эрхэлж буй үйл ажиллагааны эрсдэлийн түвшинг өөрсдөө тогтоож, үнэлэх үүрэгтэй. Уг осол нь үйлдвэрлэлийн осол байж болох магадлалтай. Би дүгнэлт гаргахдаа хавтаст хэргийн материалыг үндэслэн гаргасан. Тоног төхөөрөмж угсралт хийх ажилд тусгай зөвшөөрөл авах эсэх асуудлын хувьд суурин байгаа тоног төхөөрөмжинд гэрчилгээ, тусгай зөвшөөрөл авах хэрэгтэй. Харин тоног төхөөрөмж нийлүүлж, ажил гүйцэтгэж буй аж ахуйн нэгж тусгай зөвшөөрөл авах шаардлагагүй байдаг. Энэ нөхцөлд тоног төхөөрөмж нь уул уурхайн тоног төхөөрөмжинд хамаарна.” гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 18100 2708 0231 дугаартай хэргээс:

 

1. Хэргийн газын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, үзлэгийн ерөнхий схем зураг /хэргийн 09-12х/,

 

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.Бат-Эрдэнийн хохирогчоор өгсөн:

“...Би 2018 оны 11 сарын 10-ны өдөр үйлдвэрийн угсралт хийдэг “РДМ” ХХК-д ажилд орсон. Манай компани нь Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах карьерийн үйл ажиллагаа явуулдаг “Просперити ресоурсес” ХХК-ийн үйлдвэрийн угсралтын ажлыг хийж байсан юм. Би 2018 оны 11 сарын 20-ны өдөр ажлаа хийгээд байж байтал машинд ачсан угольник болон лист төмөр ирсэн. Тэгээд тэр төмрийг манай дарга Д.М, К.Мягмаржав гэх хүмүүс “буулга” гэж надад болон Баатарзориг, Батмөнх нарт хэлэхээр нь бид нар машинд ачаатай байсан угольник төмрийг гараар буулгачихаад лист төмрийг буулгах гэтэл К.Мягмаржав дарга “өөр газар буулга” гээд буулгах газрыг өөрчилж, өөр газар зааж өгсөн.

Тэгээд жолооч нь буулга гэсэн газарт машинтайгаа очиж зогсоод “та нар энэ төмрийг гараараа буулгаж дийлэхгүй, кран ашиглах хэрэгтэй” гэхэд К.Мягмаржав дарга “машинаа газрын өөд өгсүүлж зогсоож байгаад хойш нь гулсуулж буулгана” гэж хэлээд машиныг газрын өөд өгсүүлээд “буулгах газар болоогүй байна, ухар” гэж жолоочид хэлээд, өөрөө буулгах газрыг зааж өгөхөөр машины хойно зогсоод гараараа дохио өгөөд явж байж байсан юм. Би тухайн үед машины дугуй доор өнхрөх бол “чулуу эвнэ” гэж бодоод ачаатай машины жолоочийн эсрэг талд чулуу бариад явж байхад машин зогссон ба энэ үед машинд ачаатай байсан лист төмөр гулсаж унах үед би холдох гэсэн боловч миний хөлөн дээр унаж, баруун хөлийн шилбэн дээр унаж намайг гэмтээсэн.

Тухайн үед машины дэргэд К.Мягмаржав дарга, бид хоёр л байсан. Миний ажиллаж байсан компанид хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдал хариуцсан ажилтан байхгүй. Мөн намайг ажилд орох үед хөдөлмөрийн гэрээ надтай хийгээгүй юм. Намайг ажилд гарахын өмнө “болгоомжтой ажиллаарай” гэж хэлдэг байсан, гэхдээ албан ёсны дэвтэр дээр гарын үсэг зуруулж байсан зүйл байхгүй. Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлттэй танилцсан, дүгнэлттэй холбогдуулан гаргах санал хүсэлт байхгүй.

... Миний биеийн байдал хэвийн байгаа ч энэ хөл маань орой болохоор янгинаж өвдөөд байдаг. Мөн би одоо 2 суга таягтай л босож явж байна. Цаашид хэвэндээ орохгүй гэж байна лээ. Насаараа л ийм байдалтай явах юм шиг байна. Би эмчилгээний баримтуудаа цуглуулж байгаад нэг мөр өгнө. “РТМ” ХХК”-ийн зүгээс 2018 оны 12 сарын 22-ны өдөр 7 хоногийн цалин гэж 200.000 төгрөг шилжүүлсэн байсан. Эрүүл мэндээрээ хохирсондоо гомдолтой байна. Хохирлын мөнгө нийт 2.400.000 төгрөг авсан. Үлдэгдэл мөнгөө авбал гомдол санал байхгүй. ” гэсэн мэдүүлэг /хэргийн 16-17х, 19х, 95х/,

 

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ж.Мягмарсүрэнгийн гэрчээр өгсөн:

“...Би 2018 оны 11 сарын 20-ны өдрийн 16 цагийн үед өөрийн ажилладаг “Тэнүүн Өлзий” ХХК-аас лист, угольник, шевелир гэх мэт төмөрийг өөрийн барьдаг 80-69 УБП улсын дугаартай “Элп” маркийн автомашинд ачаад, Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хайрганы компанид аваачиж өгсөн. Тэнд хариуцаж байсан сахалтай ахаас “тухайн ачааг хаана буулгах” талаар асуухад надад нэг газар зааж өгөөд шевелир, угольник зэргийг нь буулгачихаад, дахин өөр газар зогсоогоод лист төмрийг гараараа нэг нэгээр нь автомашины тэвшин дээрээс буулгаж байсан. Тухайн газар нь маш их хазгай газар байсан. Ачаа буулгахын өмнө надаар машиныг газрын өсгүүр хэсэг рүү чиглүүлж зогсоолгоод, ачааны хойноос нь лист төмрийг нэг нэгээр нь буулгаж байтал ачаа миний машины жолооч тал руу ханарсан газар унах үед жолооч талд зогсож байсан нэг эрэгтэй хүн орилоод унахаар нь би машинаас буугаад харахад хөл дээр нь лист төмөр унасан байсан. Ингээд бид хөл дээр нь дарсан төмрийг нийлж байгаад юмаар хөшиж холдуулаад тухайн залууг эмнэлэг рүү авч явсан. Би ачаа хүргэж өгсөн компанийн нэрийг мэдэхгүй байна. Мөн автомашин дээрээс хэдэн хүн ачаа буулгаж байсныг мэдэхгүй байна. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 30х/,

 

4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад К.Мягмаржавын гэрчээр өгсөн:

“...Би 2018 оны 11 сарын 20-ны өдөр ажил дээрээ байж байтал “Тэнүүн Өлзий” ХХК-ийн төмөр ачсан машин ирсэн. Тухайн төмөрийг буулгах талбайг сонгоод, шевелир болон булан төмөрийг буулгаад, авто машины ачаан дээр үлдсэн хавтгай төмөрийг өөр газар буулгахаар болсон. Тэгээд тухайн газрын хажууханд авто машиныг зэрэгцүүлж зогсохоор жолоочид хэлж, жолооч машинаа зэрэгцүүлэн зогсох үед ачаатай байсан төмөр машины жолооч тал руу ханарч гулсаж унасан. Тухайн үед автомашины баруун талд жолооны хүрдтэй байсан. Төмөр унах үед би Бат-Эрдэнийг олж хараад “цаашаа” гэж хэлэхэд Бат-Эрдэнэ хойш нэг алхсан боловч хөл дээр нь төмөр унасан. Баатарзориг, Машбат, Батмөнх, Пүрэвжав нар ирж тухайн төмөрийг Бат-Эрдэнийн хөлөн дээрээс юмаар хөшиж байгаад холдуулсан.

Манай “РДМ” ХХК нь Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хогийн цэгээс зүүн урагш 3 орчим км зайнд байдаг “Просперити ресоурсес” ХХК-ийн хайрга бутлах тоног төхөөрөмжийн угсралтын ажлыг хийж байгаа. Манай ХХК-д Хөдөлмөр хамгаалал хариуцсан ажилтан байхгүй. Захирал албан ёсоор надад хариуцуулсан тушаал, шийдвэр гаргаагүй ч гэсэн би хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлыг би хариуцаж байгаа. Алба хаагч нарт хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгсөн талаар бүртгэлийн дэвтэр байгаа боловч бичилт хийгдээгүй, хариуцах эзэн байхгүй. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй .” гэсэн мэдүүлэг / хэргийн 33х/,

 

5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.Баатарзоригийн гэрчээр өгсөн:

“...2018 оны 11 сарын 20-ны өдөр ажлын байран дээр байж байхад тоног төхөөрөмж угсрахад шаардлагатай угаалик төмөр ачсан ачааны машин ирсэн. Бид нар бөөнөөрөө ачааны машинаас төмөрийг буулгасан. Үлдсэн төмөрийг өөр газар буулгана гэсэн юм шиг байна лээ. Бат-Эрдэнийн хөлөн дээр төмөр унах үед би гэрт аяга угааж байсан юм. Хүмүүс орилолдоод байхаар нь гараад очиход Бат-Эрдэнэ төмөрөнд хөлөө даруулсан байсан. Төмөр унасан газар далий газар байсан юм. Ачааны машин явах үед тэвшин дээрээс нь гулгаад уначихсан юм шиг байна лээ.

... Миний ажиллаж байсан “РДМ” ХХК-д Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны инженер байхгүй. Бид нарт ямар нэг аюулгүй ажиллагааны зааварчилгаа, хувцас хэрэгсэл өгч байгаагүй. Харин бид нараар ажил хийлгэхээр захиалсан компанид Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны инженер байгаа эсэхийг мэдэхгүй байна. Г.Б туслах албан тушаалд ажилладаг байсан. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 34-35х, 37х/,

 

6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад С.Батмөнхийн гэрчээр өгсөн:

“...2018 оны 11 сарын 20-ны өдрийн 16 цагт хайрганы карьер дээр шевелир, лист угольник төмрүүд авч ирсэн ачааны машинаас шевелир, угольник төмөрүүдийг гараараа буулгаад, лист төмөрийг тусдаа өөр газар буулгах гээд ачааны машин хөдлөөд бага зэрэг уруу хэсгээр явж байтал ачааны машины тэвшин дээр байсан лист төмөр гулсаад газар унасан. Газар унахдаа Бат-Эрдэнийн баруун хөлөн дээр унасан юм.

Тэгээд эмнэлэгт ирэхэд хөл нь хугарсан байна гэсэн. Лист төмөр нь 2х6 метр орчим хэмжээтэй байсан бөгөөд машин дээр 10 гаран ширхэг байсан. Ачааны машины тэвшний баруун талын форчик нь онгорхой байсан ба лист төмрийг буулгах гээд газрын далий хэсгээр явахад тэвшин дээрээс нь гулгаж, газар унахдаа Бат-Эрдэнийн хөлөн дээр унасан байсан юм. Манай компанид Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны инженер байдаггүй. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 38-39х/,

 

7. ШШҮХ-ийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Хүний биед үзлэг хийсэн шинжилгээний 13961 дугаартай актын:

1. Г.Бат-Эрдэнийн биед баруун шилбэний шаант, тахилзуур ясны хугарал, шагайн үений мултрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.1.1-д зааснаар энгийн хөдөлмөрийн чадварыг 3/1% алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээний явц, эдгэрэл төгсгөлөөс шалтгаална.” гэсэн дүгнэлт /хэргийн 48х/,

 

8. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн аюулгүй байдал, тусгай хяналтын хэлтсийн шинжээчийн 2019 оны 02 сарын 22-ны өдөр хэргийн материалд хийсэн шинжилгээний 2019/050/01 дугаартай дүгнэлтэд:

1-р асуулга: Тухайн карьерт /хэргийн газарт/ хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагаа хариуцсан ажилтан байсан уу,

- хариулт: “РТМ” ХХК нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27.2 /Ажил олгогч нь үйлдвэрлэл, үйлчилгээний онцлог, ажлын байрны эрсдэлийн түвшин, ажилтны тоог харгалзан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэц болон ажилтан, зөвлөл ажиллуулна/ дахь заалтын дагуу хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа хариуцсан ажилтанг томилж ажиллуулаагүй байна.

2-р асуулга: Тухайн үед Г.Б болон бусад ажилчдад хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгсөн үү, хэрэв зааварчилгаа өгсөн бол ямар хэлбэрээр өгсөн бэ,

- хариулт: Осол болох үед буюу 2018 оны 11 сарын 20-ны өдөр ажил үүрэг гүйцэтгэж байсан Г.Б болон бусад ажилчдад хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөгүй буюу хавтас хэрэгт бүрдүүлсэн материалд осол гарсан тухайн өдөр Г.Бд хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны өдөр тутмын давтан зааварчилгаа өгсөн материал байхгүй байна.

3-р асуулга: Хэрэв зааварчилгаа өгөөгүй бол ажилчдад хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх үүргийг хэн хариуцах вэ,

- хариулт: Өдөр тутмын буюу давтан зааварчилгааг MNS 4969:2000 “Сургалт зохион байгуулалт. Үндсэн дүрэм” стандартын 3.9 дэх заалт /Ажлын байран дахь анхан шатны зааварчилгааг тухайн ажлын байрыг хариуцсан цех, тасаг, хэлтсийн дарга, эрхлэгч биечлэн үзүүлэх журмаар өгнө/, 3.16 дахь заалт /Аюултай ажил гүйцэтгэдэг хүмүүст ажлын байран дахь өдөр тутмын зааварчилгаа өгнө/-уудын дагуу ажлын байран дахь өдөр тутмын зааварчилгааг тухайн ажилтныг хариуцан ажилладаг, өдөр тутмын ажил үүргийг нь хуваарилдаг албан тушаалтан өдөр болгон өгч ажиллах үүрэгтэй.

4-р асуулга: Г.Б тухайн байгууллагад ямар чиг үүрэгтэй ажилтан, эсхүл огт хамаарахгүй энгийн хүн аль нь болох,

- хариулт: Г.Б “РТМ” ХХК-тай Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 21, 24 дүгээр зүйлд заасны дагуу Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй ч харилцан тохиролцож 2018 оны 11 сарын 20-ны өдрөөс /хэргийн 19 дэх хуудасны ар талд бичигдсэнээр/ ажил үүрэг гүйцэтгэж эхэлжээ. Энэ нь Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолоор баталсан “Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” тогтоолын 4-д “...Ажилтан болон ажил олгогч амаар тохиролцсоны дагуу ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлсэн ба хөдөлмөрийн гэрээг бичгээр нөхөн гаргуулахаар харилцан тохиролцсон нөхцөлд хөдөлмөрийн эрхийн харилцааг амаар тохиролцсон үеэс эхэлсэн гэж тооцож болно” гэж заасан байна. Хэргийн материалын 18 дахь хуудсанд “РТМ” ХХК-ийн захирал Д.Мын мэдүүлэгт туслах ажилтнаар авч ажиллуулсан үйл баримттай учир Г.Б “РТМ” ХХК-ийн туслах ажилтнаар ажилладаг байна.

5-р асуулга: Дээрх карьерт үйлдвэрлэлийн ямар нэгэн осол болсон уу, осол болсон бол ямар зам талбайд болсон бэ,

хариулт: Хан-Уул дүүргийн 12 хорооны нутаг дэвсгэрт байрлах “РТМ” ХХК-ийн хайрганы карьерт ажиллаж байсан Г.Б нь автомашинаас лист төмөр буулгах үедээ даруулж хөлөө гэмтээсэн осол нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3.1.21 /”үйлдвэрлэлийн орчин” гэж аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааны талбай, гадна орчныг/ заалтад заасан үйлдвэрлэлийн орчинд гарсан осол тул Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор баталсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 2.1.1 /ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байх үед/ заалтад хамаарах үйлдвэрлэлийн осолд тооцогдоно.

Осолдогч Г.Б нь ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ гэмтсэн тул уг ослыг “РТМ” ХХК-ийн захирлын тушаалаар батлагдсан үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх орон тооны бус байнгын комисс судлан, Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор батлагдсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн дагуу “үйлдвэрлэлийн осол”-д хамаарах эсэхийг тогтоон ажиллаж, НМХГ-ын ХНХТХХ-т хүргүүлэн, Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчаар баталгаажуулж ажиллах үүрэгтэй болно.

6-р асуулга: Хэрэв үйлдвэрлэлийн осол гарсан бол хөдөлмөр хамгаалал, эрүүл аюулгүй ажиллагааны ямар хууль, дүрэм журам зөрчигдсөн эсэх:

хариулт:  Ажил олгогч “РТМ” нь карьерын талбайд холбогдох хууль, дүрэм, журам, стандартын хэрэгжилтийг хангаж ажиллаж байгаа талаар дотоодын хяналт тавин ажиллах үүрэгтэй бөгөөд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8 /аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилгаа аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх/, 35 дугаар зүйлийн 35.1 дэх заалт /Ажил олгогч нь үйлдвэрлэлийн цех, тасаг, хэсэг, ажлын байр бүрд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухайн хууль тогтоомж, нийтлэг шаардлага, стандартын хэрэгжилт, ажлын байран дахь эрсдэлийн үнэлгээний дагуу авагдсан арга хэмжээний биелэлтэд дотоодын хяналт тавина/, Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй. Сургалт зохион байгуулалт. Үндсэн дүрэм MNS 4969-2000 стандартын 4.16 /Аюултай ажил гүйцэтгэдэг хүмүүст ажлын байран дахь өдөр тутмын зааварчилгаа өгнө. Ажлын байран дахь өдөр тутмын зааварчилгаа нь товч тодорхой байх ба ажил эхлэхийн өмнө бичгээр өгөгдөнө./-д заасныг тус тус хэрэгжүүлж ажиллаагүй байна.

Мөн осолдогч нь Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа аваагүй ажил үүрэг гүйцэтгэж байгаад осолдсон нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухайн хуулийн 18 дугаар зүйлийн 8.2.2 /хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтад хамрагдсан байх, хуульд тусгайлан заасан бол шалгалт өгсөн, аюулгүй ажиллагааны зааварчилгаа авсан байх/, 18.2.6 /ажил, үүргээ осол эндэгдэлгүй гүйцэтгэх арга барил, мэргэжлийн ур чадвар эзэмших, осол гэмтэл, хурц хордлогоос сэргийлэх, болзошгүй аюул, ослын үед анхны тусламж үзүүлэх чадвар эзэмшсэн байх/, 18.2.7 /өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх/-д заасан үүргээ биелүүлээгүйтэй холбоотой гэж үзэж байна.

7-р асуулга: ..Ашиглагдаж байсан Элл маркийн 80-69 УБП улсын дугаартай автомашины Монгол улсад мөрдөгдөж байгаа стандартыг хангасан эсэх, тухайн автомашинаас зохих журмын дагуу ачаа буулгасан эсэх

Хариулт: хариулах боломжгүй.

8-р асуулга: Осол хэний ямар буруутай үйл ажиллагаанаас осол болсоныг тогтоох,

Хариулт: 6 дугаар асуултын хариулттай давхцаж байна.” дүгнэлт гаргасан шинжээч Г.Баясгалан гэсэн дүгнэлт /хэргийн 51-53х/,

 

9. Мөрдөн шалгах ажиллагааны явцад дүгнэлт гаргасан шинжээч Г.Баясгаланг байцаасан тэмдэглэлд:

“...Хавтаст хэрэгт 2018 оны 8 сарын 20-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээнээс өөр ямар нэгэн баримт алга байна. Мөн энэ гэрээний 2.3-р зүйлд Хөдөлмөрийн аюулгүйн байдлыг гүйцэтгэгч тал буюу “РТМ” ХХК хариуцахаар байна. Уг гэрээг “РТМ” ХХК-ийн захирал Д.М байгуулсан байх тул Д.М нь ...хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хариуцах эрх бүхий этгээд нь юм. Д.М нь ажилчидтай гэрээ байгуулаагүй, Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах зорилгоор баримт бичиг үйлдээгүй байна. Мөн Хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан хүн байхгүй тул Хөдөлмөрийн аюулгүй, эрүүл ахуйн тухайн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8, мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт зааснаар Д.М хариуцахаар байна. Г.Б уг компанийн ажилтан мөн. Ажил захиалагч талаас хариуцлага хүлээхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 56-58х/,

 

10. Хан-Уул дүүргийн 10, 12 дугаар хороо, Шандуул нэртэй түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөлтэй газарт Хятад улсад үйлдвэрлэгдсэн Бутлуурын зориулалт бүхий тоног төхөөрөмжийн суурийн цутгалт болон тоног төхөөрөмжийн угсралтын ажлыг норм, стандартын дагуу иж бүрнээр хийж гүйцэтгэн, хүлээлгэн өгөх, ...гүйцэтгэгч нь гэрээт ажлын явцад хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг зохих журмын дагуу ханган, мөрдөж ажиллах үүрэг хүлээж, буруутай үйл ажиллагаанаас үүдэн гарах бүхий л төлбөр хураамж болон үр дагаврыг гүйцэтгэгч тал бүрэн хариуцах үүрэг хүлээсэн /гэрээний 2.3 дугаар заалт/ тохиролцоо бүхий захиалагч тал “Просперити ресоурсес” ХХК болон гүйцэтгэгч тал “РДМ” ХХК нарын хооронд 2018 оны 08 сарын 20-ны өдөр байгуулсан “Ажил гүйцэтгэх гэрээ” баримт /хэргийн 70-71х/,

 

11.  “Просперити ресоурсес” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл, хавсралт, гэрээт ажлын хөлс төлсөн кассын зарлагын баримтууд /хэргийн 72-76х/,

 

12. “РДМ” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тус компанийн гэрээ дүрэм, үүсгэн байгуулагчийн шийдвэр, “РДМ” ХХК-ийн эрхлэх үйл ажиллагааны үндсэн чиглэлд нэмэлт өөрчлөлт оруулсаныг бүртгэж, шинээр олгосон Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 00183790 дугаартай гэрчилгээ баримт /100х, 177-180х/,

 

13. МNS 4969:2000 Сургалт зохион байгуулалт. Үндсэн дүрэм-ээс хэсэгчилэн хуулбарласан хуулбар баримт /хэргийн 166-168х/,

 

14. Шүүгдэгч Д.Маас хэрэгт хавсаргуулахаар өгсөн хохирогч Г.Бат-Эрдэнийн эмчилгээний зардалд гаргасан төлбөрийн баримтууд /хэргийн 99х, 101-103х/,

 

15. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Д.Мын гэрч, яллагдагчаар өгсөн:

“... Би “РТМ” ХХК-д захирал албан тушаалтай. Манай компани Хан-Уул дүүргийн 12 дүүргийн хорооны нутаг дэвсгэрт 2018 оны 8 сараас хойш хайрганы карьерын үйлдвэр барьж байгаа юм. Хэрэг гардаг өдөр буюу 2018 оны 11 сарын 20-ны өдөр манай үйлдвэрийн талбайд дунд оврын авто кран хавтан төмөр тээвэрлэн ирсэн. Уг төмрийг захиалагч талын төмөр борлуулагч компаниас захиалан авч, худалдагчийн тээврийн хэрэгслээр хүргүүлж ирсэн.

Тэгээд уг тээврийн хэрэгслээс талбайд угольник төмөрийг эхэлж буулгасан, харин хавтан төмөрийг өөр газарт буулгах ёстой байсан. Би талбай дээр байсан краныг унаж, хавтан төмөр ачсан тээврийн хэрэгслийн арын тээшний илүү гарсан хавтан төмөрийг өргөөд тэр хооронд тээшний нэг талын гинжийг тайлж, тэвшийг тэнцвэржүүлсэн. Би краныг холдуулахад төмөр ачсан машин хойшоо төмөр буулгах талбай руу ухарч байхад газрын уруу хэсэгт хазайх үед хавтан төмөр шууд цааш гулгаж унасан.

Тэгээд хүмүүс орилолдоод эхлэхээр нь би очиход манай туслах ажилтан Бат-Эрдэнэ хөлөө төмрөнд даруулсан байдалтай хэвтэж байсан. Тэр даруй яаралтай арга хэмжээ авч, хөлийг нь сугалж аваад эмнэлэгт ирсэн.

Одоохондоо үйлдвэрийн угсралтын талбай дээр хөдөлмөрийн аюулгүй байдлын инженер ажиллаагүй байгаа. Ахалж байгаа хүмүүс нь амаар зааварчилгаа өгдөг юм. Бат-Эрдэнэ нь манай компанийн туслах ажилтан. Түүнтэй хөдөлмөрийн гэрээ хийгээгүй байсан. Захиалагч талтай байгуулсан гэрээнд зааснаар хөдөлмөрийн аюулгүй байдлыг манай тал буюу ажил гүйцэтгэгч компани хариуцахаар байгаа.  

... Би яллагдагчаар татсан прокурорын тогтоолтой уншиж танилцлаа, яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би ажлын талбар дээр хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны журам зөрчсөн, буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид одоогийн байдлаар 2.400.000 төгрөг төлсөн. Бат-Эрдэнэ бид хоёр тохиролцоод 7.0 сая төгрөг өгөхөөр болсон. Удахгүй үлдэгдэл мөнгийг нь төлж барагдуулна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 22-23х, 92х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 59х/, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хэргийн 61х/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримт /хэргийн 63х/, гэрч Д.Энхцэнгэл /хэргийн 41-42х/, Б.Эрхэмбаатар /хэргийн 44х/, Б.Батбаатар /хэргийн 96-97х/ нарын мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан байх ба тул шүүх тэдгээр баримтыг үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлсэн болно.

 

Шүүгдэгчийг яллагдагчаар болон хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх ба тусгай мэдлэгийн хүрээнд Шүүх эмнэлгийн үзлэг шинжилгээ хийсэн болон хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм журам зөрчигдсөн эсэх талаарх Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн аюулгүй байдал, тусгай хяналтын хэлтсийн шинжээчийн /улсын байцаагч/ дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий этгээд тус тус гаргасан байх тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж дүгнэлээ. 

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

“РДМ” ХХК-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Д.М нь түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох  тусгай зөвшөөрөл бүхий “Просперити ресоурсес” ХХК-тай 2018 оны 08 сарын 20-ны өдөр байгуулсан “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний дагуу Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх хайрганы карьерын талбайд Бутлуурын зориулалт бүхий тоног төхөөрөмжийн суурийн цутгалт болон тоног төхөөрөмжийн угсралтын ажлыг хийж  гүйцэтгэх явцдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсгийн “Ажил олгогч нь үйлдвэрлэл, үйлчилгээний онцлог, ажлын байрны эрсдэлийн түвшин, ажилтны тоог харгалзан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэц болон ажилтан, зөвлөл ажиллуулна/ гэж заасны дагуу хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа хариуцсан ажилтанг томилж ажиллуулаагүй,

мөн карьерийн талбайд холбогдох хууль, дүрэм, журам, стандартын хэрэгжилтийг ханган ажиллаж байгаа талаар дотоодын хяналт тавин ажиллах үүрэгтэй” бөгөөд мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8 дахь хэсэгт заасан “аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилгаа аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх”,

35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсгийн “ажил олгогч нь үйлдвэрлэлийн цех, тасаг, хэсэг, ажлын байр бүрд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, нийтлэг шаардлага, стандартын хэрэгжилт, ажлын байран дахь эрсдэлийн үнэлгээний дагуу авагдсан арга хэмжээний биелэлтэд дотоодын хяналт тавих”,

Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй. Сургалт зохион байгуулалт. Үндсэн дүрэм МNS 4969-2000 стандартын 3.16-д заасан “Аюултай ажил гүйцэтгэдэг хүмүүст ажлын байран дахь өдөр тутмын зааварчилгаа өгнө. Ажлын байран дахь өдөр тутмын зааварчилгаа нь товч тодорхой байх ба ажил эхлэхийн өмнө бичгээр өгнө”,

“Просперити ресоурсес” ХХК,  “РДМ” ХХК нарын хооронд 2018 оны 08 сарын 20-ны өдөр байгуулсан “Ажил гүйцэтгэх” гэрээний 2.3 дугаар зүйлд заасан ”гүйцэтгэгч нь гэрээт ажлын явцад хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг зохих журмын дагуу ханган, мөрдөж ажиллах үүрэгтэй” гэсэн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангах талаар хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас  2018 оны 11 сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Просперити ресоурсес” ХХК-ийн хайрганы карьерийн талбайд лист буюу нимгэн төмөрийг буулгах ажил гүйцэтгэж байсан “РДМ” ХХК-ийн туслах ажилтан Г.Б нь хөлөө төмрөнд даруулж, түүний эрүүл мэндэд энгийн хөдөлмөрийн чадварыг 1/3 хувиар алдагдуулах, гэмтлийн хүнд зэрэгт хамаарах ...баруун шилбэний шаант, тахилзуур ясны хугарал, шагайн үений мултрал бүхий хүнд хохирол учирсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн:

- хэргийн газын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, үзлэгийн ерөнхий схем зураг /хэргийн 09-12х/

- хохирогч Г.Бат-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2018 оны 11 сарын 10-ны өдөр үйлдвэрийн угсралт хийдэг “РДМ” ХХК-д ажилд орсон. Манай компани нь Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах карьерийн үйл ажиллагаа явуулдаг “Просперити ресоурсес” ХХК-ийн үйлдвэрийн угсралтын ажлыг хийж байсан юм. Би 2018 оны 11 сарын 20-ны өдөр ажлаа хийгээд байж байтал машинд ачсан угольник болон лист төмөр ирсэн. Тэгээд тэр төмрийг манай дарга Д.М, К.Мягмаржав гэх хүмүүс “буулга” гэж надад болон Баатарзориг, Батмөнх нарт хэлэхээр нь бид нар машинд ачаатай байсан угольник төмрийг гараар буулгачихаад, лист төмрийг буулгах гэтэл К.Мягмаржав дарга “өөр газар буулга” гээд буулгах газрыг өөрчилж, өөр газар зааж өгсөн. Тэгээд жолооч нь буулга гэсэн газарт машинтайгаа очиж зогсоод “та нар энэ төмрийг гараараа буулгаж дийлэхгүй, кран ашиглах хэрэгтэй” гэхэд К.Мягмаржав дарга “машинаа газрын өөд өгсүүлж зогсоож байгаад хойш нь гулсуулж буулгана” гэж хэлээд машиныг газрын өөд өгсүүлээд “буулгах газар болоогүй байна, ухар” гэж жолоочид хэлээд, өөрөө буулгах газрыг зааж өгөхөөр машины хойно зогсоод гараараа дохио өгөөд явж байсан юм. Би тухайн үед машины дугуй доор өнхрөх бол “чулуу эвнэ” гэж бодоод ачаатай машины жолоочийн эсрэг талд чулуу бариад явж байхад машин зогссон ба энэ үед машинд ачаатай байсан лист төмөр гулсаж унах үед би холдох гэсэн боловч миний хөлөн дээр унаж, баруун хөлийн шилбэн дээр унаж намайг гэмтээсэн.

Тухайн үед машины дэргэд К.Мягмаржав дарга, бид хоёр л байсан. Миний ажиллаж байсан компанид хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдал хариуцсан ажилтан байхгүй. Мөн намайг ажилд орох үед хөдөлмөрийн гэрээ надтай хийгээгүй юм. Намайг ажилд гарахын өмнө “болгоомжтой ажиллаарай” гэж хэлдэг байсан, гэхдээ албан ёсны дэвтэр дээр гарын үсэг зуруулж байсан зүйл байхгүй. Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлттэй танилцсан, дүгнэлттэй холбогдуулан гаргах санал хүсэлт байхгүй.

... Би нийт 4.900.000 төгрөгийг нэхэмжилсэн ба Д.Мын зүгээс 7.400.000 төгрөг төлж барагдуулсан учир одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Одоо миний биеийн байдал дээрдэж байгаа, алхах түвшинд явж байна. Надад цаашид хийлгэх эмчилгээ байхгүй. Тухайн үед миний хөлөн дээр төмөрийн булан таарч унасан, уг төмөр ойролцоогоор 600 кг жинтэй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 16-17х, 19х, 95х, шүүх хуралдааны тэмдэглэл/,

- гэрч Ж.Мягмарсүрэнгийн: “...Би 2018 оны 11 сарын 20-ны өдрийн 16 цагийн үед өөрийн ажилладаг “Тэнүүн Өлзий” ХХК-аас лист, угольник, шевелир гэх мэт төмөрийг өөрийн барьдаг 80-69 УБП улсын дугаартай “Элп” маркийн автомашинд ачаад, Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хайрганы компанид аваачиж өгсөн. Тэнд хариуцаж байсан сахалтай ахаас “тухайн ачааг хаана буулгах” талаар асуухад надад нэг газар зааж өгөөд шевелир, угольник зэргийг нь буулгачихаад, дахин өөр газар зогсоогоод лист төмрийг гараараа нэг нэгээр нь автомашины тэвшин дээрээс буулгаж байсан. Тухайн газар нь маш их хазгай газар байсан. Ачаа буулгахын өмнө надаар машиныг газрын өсгүүр хэсэг рүү чиглүүлж зогсоолгоод, ачааны хойноос нь лист төмрийг нэг нэгээр нь буулгаж байтал ачаа миний машины жолооч тал руу ханарсан газар унах үед жолооч талд зогсож байсан нэг эрэгтэй хүн орилоод унахаар нь би машинаас буугаад харахад хөл дээр нь лист төмөр унасан байсан. Ингээд бид хөл дээр нь дарсан төмрийг нийлж байгаад юмаар хөшиж холдуулаад тухайн залууг эмнэлэг рүү авч явсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 30х/,

- гэрч К.Мягмаржавын: “...Би 2018 оны 11 сарын 20-ны өдөр ажил дээрээ байж байтал “Тэнүүн Өлзий” ХХК-ийн төмөр ачсан машин ирсэн. Тухайн төмөрийг буулгах талбайг сонгоод, шевелир болон булан төмөрийг буулгаад, авто машины ачаан дээр үлдсэн хавтгай төмөрийг өөр газар буулгахаар болсон. Тэгээд тухайн газрын хажууханд авто машиныг зэрэгцүүлж зогсохоор жолоочид хэлж, жолооч машинаа зэрэгцүүлэн зогсох үед ачаатай байсан төмөр машины жолооч тал руу ханарч гулсаж унасан. Тухайн үед автомашины баруун талд жолооны хүрдтэй байсан. Төмөр унах үед би Бат-Эрдэнийг олж хараад “цаашаа” гэж хэлэхэд Бат-Эрдэнэ хойш нэг алхсан боловч хөл дээр нь төмөр унасан. Баатарзориг, Машбат, Батмөнх, Пүрэвжав нар ирж тухайн төмөрийг Бат-Эрдэнийн хөлөн дээрээс юмаар хөшиж байгаад холдуулсан.

Манай “РДМ” ХХК нь Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хогийн цэгээс зүүн урагш 3 орчим км зайнд байдаг “Просперити ресоурсес” ХХК-ийн хайрга бутлах тоног төхөөрөмжийн угсралтын ажлыг хийж байгаа. Манай ХХК-д Хөдөлмөр хамгаалал хариуцсан ажилтан байхгүй. Захирал албан ёсоор надад хариуцуулсан тушаал, шийдвэр гаргаагүй ч гэсэн би хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлыг би хариуцаж байгаа. Алба хаагч нарт хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгсөн талаар бүртгэлийн дэвтэр байгаа боловч бичилт хийгдээгүй, хариуцах эзэн байхгүй.” гэсэн мэдүүлэг / хэргийн 33х/,

- гэрч Г.Баатарзоригийн: “...2018 оны 11 сарын 20-ны өдөр ажлын байран дээр байж байхад тоног төхөөрөмж угсрахад шаардлагатай угаалик төмөр ачсан ачааны машин ирсэн. Бид нар бөөнөөрөө ачааны машинаас төмөрийг буулгасан. Үлдсэн төмөрийг өөр газар буулгана гэсэн юм шиг байна лээ. Бат-Эрдэнийн хөлөн дээр төмөр унах үед би гэрт аяга угааж байсан юм. Хүмүүс орилолдоод байхаар нь гараад очиход Бат-Эрдэнэ төмөрөнд хөлөө даруулсан байсан. Төмөр унасан газар далий газар байсан юм. Ачааны машин явах үед тэвшин дээрээс нь гулгаад уначихсан юм шиг байна лээ.

... Миний ажиллаж байсан “РДМ” ХХК-д Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны инженер байхгүй. Бид нарт ямар нэг аюулгүй ажиллагааны зааварчилгаа, хувцас хэрэгсэл өгч байгаагүй. Харин бид нараар ажил хийлгэхээр захиалсан компанид Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны инженер байгаа эсэхийг мэдэхгүй байна. Г.Б туслах албан тушаалд ажилладаг байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 34-35х, 37х/,

- гэрч С.Батмөнхийн: “...2018 оны 11 сарын 20-ны өдрийн 16 цагт хайрганы карьер дээр шевелир, лист угольник төмрүүд авч ирсэн ачааны машинаас шевелир, угольник төмөрүүдийг гараараа буулгаад, лист төмөрийг тусдаа өөр газар буулгах гээд ачааны машин хөдлөөд бага зэрэг уруу хэсгээр явж байтал ачааны машины тэвшин дээр байсан лист төмөр гулсаад газар унасан. Газар унахдаа Бат-Эрдэнийн баруун хөлөн дээр унасан юм. ...Манай компанид Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны инженер байдаггүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 38-39х/,

- ШШҮХ-ийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Хүний биед үзлэг хийсэн шинжилгээний 13961 дугаартай актын: “...Г.Бат-Эрдэнийн биед баруун шилбэний шаант, тахилзуур ясны хугарал, шагайн үений мултрал гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой, дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.1.1-д зааснаар энгийн хөдөлмөрийн чадварыг 3/1% алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна, цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээний явц, эдгэрэл төгсгөлөөс шалтгаална.” гэсэн дүгнэлт /хэргийн 48х/,

- Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн аюулгүй байдал, тусгай хяналтын хэлтсийн шинжээчийн 2019 оны 02 сарын 22-ны өдөр хэргийн материалд хийсэн шинжилгээний 2019/050/01 дугаартай:

- “РТМ” ХХК нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27.2 /Ажил олгогч нь үйлдвэрлэл, үйлчилгээний онцлог, ажлын байрны эрсдэлийн түвшин, ажилтны тоог харгалзан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэц болон ажилтан, зөвлөл ажиллуулна/ дахь заалтын дагуу хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа хариуцсан ажилтанг томилж ажиллуулаагүй байна.

- Осол болох үед буюу 2018 оны 11 сарын 20-ны өдөр ажил үүрэг гүйцэтгэж байсан Г.Б болон бусад ажилчдад хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөгүй буюу хавтас хэрэгт бүрдүүлсэн материалд осол гарсан тухайн өдөр Г.Бд хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны өдөр тутмын давтан зааварчилгаа өгсөн материал байхгүй байна.

- Өдөр тутмын буюу давтан зааварчилгааг MNS 4969:2000 “Сургалт зохион байгуулалт. Үндсэн дүрэм” стандартын 3.9 дэх заалт /Ажлын байран дахь анхан шатны зааварчилгааг тухайн ажлын байрыг хариуцсан цех, тасаг, хэлтсийн дарга, эрхлэгч биечлэн үзүүлэх журмаар өгнө/, 3.16 дахь заалт /Аюултай ажил гүйцэтгэдэг хүмүүст ажлын байран дахь өдөр тутмын зааварчилгаа өгнө/-уудын дагуу ажлын байран дахь өдөр тутмын зааварчилгааг тухайн ажилтныг хариуцан ажилладаг, өдөр тутмын ажил үүргийг нь хуваарилдаг албан тушаалтан өдөр болгон өгч ажиллах үүрэгтэй.

- Г.Б “РТМ” ХХК-тай Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 21, 24 дүгээр зүйлд заасны дагуу Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй ч харилцан тохиролцож 2018 оны 11 сарын 20-ны өдрөөс /хэргийн 19 дэх хуудасны ар талд бичигдсэнээр/ ажил үүрэг гүйцэтгэж эхэлжээ. Энэ нь Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолоор баталсан “Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” тогтоолын 4-д “...Ажилтан болон ажил олгогч амаар тохиролцсоны дагуу ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлсэн ба хөдөлмөрийн гэрээг бичгээр нөхөн гаргуулахаар харилцан тохиролцсон нөхцөлд хөдөлмөрийн эрхийн харилцааг амаар тохиролцсон үеэс эхэлсэн гэж тооцож болно” гэж заасан байна. Хэргийн материалын 18 дахь хуудсанд “РТМ” ХХК-ийн захирал Д.Мын мэдүүлэгт туслах ажилтнаар авч ажиллуулсан үйл баримттай учир Г.Б “РТМ” ХХК-ийн туслах ажилтнаар ажилладаг байна

- Хан-Уул дүүргийн 12 хорооны нутаг дэвсгэрт байрлах “РТМ” ХХК-ийн хайрганы карьерт ажиллаж байсан Г.Б нь автомашинаас лист төмөр буулгах үедээ даруулж хөлөө гэмтээсэн осол нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3.1.21 /”үйлдвэрлэлийн орчин” гэж аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааны талбай, гадна орчныг/ заалтад заасан үйлдвэрлэлийн орчинд гарсан осол тул Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор баталсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 2.1.1 /ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байх үед/ заалтад хамаарах үйлдвэрлэлийн осолд тооцогдоно.

Осолдогч Г.Б нь ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ гэмтсэн тул уг ослыг “РТМ” ХХК-ийн захирлын тушаалаар батлагдсан үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх орон тооны бус байнгын комисс судлан, Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор батлагдсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн дагуу “үйлдвэрлэлийн осол”-д хамаарах эсэхийг тогтоон ажиллаж, НМХГ-ын ХНХТХХ-т хүргүүлэн, Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчаар баталгаажуулж ажиллах үүрэгтэй болно,

- Ажил олгогч “РТМ” нь карьерын талбайд холбогдох хууль, дүрэм, журам, стандартын хэрэгжилтийг хангаж ажиллаж байгаа талаар дотоодын хяналт тавин ажиллах үүрэгтэй бөгөөд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8 /аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилгаа аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх/, 35 дугаар зүйлийн 35.1 дэх заалт /Ажил олгогч нь үйлдвэрлэлийн цех, тасаг, хэсэг, ажлын байр бүрд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухайн хууль тогтоомж, нийтлэг шаардлага, стандартын хэрэгжилт, ажлын байран дахь эрсдэлийн үнэлгээний дагуу авагдсан арга хэмжээний биелэлтэд дотоодын хяналт тавина/, Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй. Сургалт зохион байгуулалт. Үндсэн дүрэм MNS 4969-2000 стандартын 4.16 /Аюултай ажил гүйцэтгэдэг хүмүүст ажлын байран дахь өдөр тутмын зааварчилгаа өгнө. Ажлын байран дахь өдөр тутмын зааварчилгаа нь товч тодорхой байх ба ажил эхлэхийн өмнө бичгээр өгөгдөнө./-д заасныг тус тус хэрэгжүүлж ажиллаагүй байна.

Мөн осолдогч нь Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа аваагүй ажил үүрэг гүйцэтгэж байгаад осолдсон нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухайн хуулийн 18 дугаар зүйлийн 8.2.2 /хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтад хамрагдсан байх, хуульд тусгайлан заасан бол шалгалт өгсөн, аюулгүй ажиллагааны зааварчилгаа авсан байх/, 18.2.6 /ажил, үүргээ осол эндэгдэлгүй гүйцэтгэх арга барил, мэргэжлийн ур чадвар эзэмших, осол гэмтэл, хурц хордлогоос сэргийлэх, болзошгүй аюул, ослын үед анхны тусламж үзүүлэх чадвар эзэмшсэн байх/, 18.2.7 /өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх/-д заасан үүргээ биелүүлээгүйтэй холбоотой гэж үзэж байна...” гэсэн дүгнэлт /хэргийн 51-53х/,

- шинжээч Г.Баясгаланг асууж авсан тэмдэглэлд: “...Хавтаст хэрэгт 2018 оны 8 сарын 20-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээнээс өөр ямар нэгэн баримт алга байна. Мөн энэ гэрээний 2.3-р зүйлд Хөдөлмөрийн аюулгүйн байдлыг гүйцэтгэгч тал буюу “РТМ” ХХК хариуцахаар байна. Уг гэрээг “РТМ” ХХК-ийн захирал Д.М байгуулсан байх тул Д.М нь ...хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хариуцах эрх бүхий этгээд нь юм. Д.М нь ажилчидтай гэрээ байгуулаагүй, Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах зорилгоор баримт бичиг үйлдээгүй байна. Мөн Хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан хүн байхгүй тул Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухайн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8, мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт зааснаар Д.М хариуцахаар байна. Г.Б уг компанийн ажилтан мөн. Ажил захиалагч талаас хариуцлага хүлээхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 56-58х/,

- Хан-Уул дүүргийн 10, 12 дугаар хороо, Шандуул нэртэй түгээсэл тархацтай ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөлтэй газарт Хятад улсад үйлдвэрлэгдсэн Бутлуурын зориулалт бүхий тоног төхөөрөмжийн суурийн цутгалт болон тоног төхөөрөмжийн угсралтын ажлыг норм, стандартын дагуу иж бүрнээр хийж гүйцэтгэн, хүлээлгэн өгөх, ...гүйцэтгэгч нь гэрээт ажлын явцад хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг зохих журмын дагуу ханган, мөрдөж ажиллах үүрэг хүлээж, буруутай үйл ажиллагаанаас үүдэн гарах бүхий л төлбөр хураамж болон үр дагаврыг гүйцэтгэгч тал бүрэн хариуцах үүрэг хүлээсэн /гэрээний 2.3 дугаар заалт/ тохиролцоо бүхий захиалагч тал “Просперити ресоурсес” ХХК болон гүйцэтгэгч тал “РДМ” ХХК нарын хооронд 2018 оны 08 сарын 20-ны өдөр байгуулсан “Ажил гүйцэтгэх” гэрээ баримт /хэргийн 70-71х/,

- “Просперити ресоурсес” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл, хавсралт, гэрээт ажлын хөлс төлсөн кассын зарлагын баримтууд /хэргийн 72-76х/,

- “РДМ” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тус компанийн гэрээ дүрэм, үүсгэн байгуулагчийн шийдвэр, “РДМ” ХХК-ийн эрхлэх үйл ажиллагааны үндсэн чиглэлд нэмэлт өөрчлөлт оруулсаныг бүртгэж, шинээр олгосон Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 00183790 дугаартай гэрчилгээ баримт /100х, 177-180х/,

- МNS 4969:2000 Сургалт зохион байгуулалт. Үндсэн дүрэм-ээс хэсэгчилэн хуулбарласан хуулбар баримт /хэргийн 166-168х/,

- хохирогч Г.Бат-Эрдэнийн эмчилгээний зардалд гаргасан төлбөрийн баримтууд /хэргийн 99х, 101-103х/,

- мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Маас үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хэргийн 22-23х, 92х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Хэргийн нөхцөлд “РДМ” ХХК-ийн захирал шүүгдэгч Д.М нь үйлдвэрлэлийн ажлын байранд хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуй, аюулгүй ажиллагааг хангах үүргээ зөрчиж, хөдөлмөр хийж байгаа хүмүүсийн хөдөлмөрлөх нөхцөл, аюулгүй ажиллагааг ханган ажиллуулах үүргээ хэрэгжүүлээгүй, ажлын байранд гарч болзошгүй эрсдэлийг урьдчилан тооцож, аюулгүй ажиллагааны дүрэм, журам мөрдүүлээгүй, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны журмыг сахин хангуулах үүрэг бүхий этгээдийг томилж ажиллуулаагүй, аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилгаа аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх талаархи Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль,  МNS4969:2000 Сургалт зохион байгуулалт. Үндсэн дүрэмд заасан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандартын хэрэгжилтийг хангаж ажиллах, хяналт тавих  ажил олгогчийн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэм буруутай байна.

 

Дээрх нөхцөл байдлаас дүгнэж үзвэл “РДМ” ХХК-ийн захирал Д.М нь хууль тогтоомж, гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу өөрийн хариуцан ажиллаж буй үйлдвэрлэлийн ажлын /карьерын талбайд/ талбайд гарч болзошгүй аюул, эрсдэлийг урьдчилан тооцож, энэ талаар аюулгүй ажиллагааны журам сахин хангуулах арга хэмжээ аваагүй эс үйлдэхүй нь тухайн үйлдвэрлэлийн байранд ажилтаны эрүүл мэндэд хүнд хохирол учирсан осол хэрэг  гарсан үр дагавартай шууд шалтгаант холбоотой гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Д.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй байна.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, мөрдөн шалгах ажиллагааны явцад  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд”, “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсаны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт” тус тус тооцохоор зааж хуульчилсан бөгөөд “Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйл болон 505 дугаар зүйлд тус тус зохицуулсан.

 

Хэргийн хохирогч Г.Бат-Эрдэнийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд уг учирсан гэмтлийн улмаас эмчилгээ сувилгаа хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй гарсан зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

Тухайн гэмт хэргийн улмаас хохирогч Г.Б нь биедээ хүнд гэмтэл авч, улмаар уг гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ сувилгаа хийлгэсэн эмчилгээний зардалд шүүгдэгч Д.М нь 7.400.000 төгрөг нөхөн төлснийг хохирогч хүлээн авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй тухайгаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн тул шүүгдэгч Д.Маас гэмт хэргийн хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцож гаргуулах баримт бүхий төлбөргүй гэж шүүх дүгнэв. /хэргийн 103х, 149-150х, шүүх хуралдааны тэмдэглэл/

 

Хэргийн шүүгдэгч Д.М нь урьд ял шийтгэгдэж байгаагүй талаар “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримт хэргийн 63 дугаар талд авагдсан ба энэ нь түүнийг анх удаа Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэх үндэслэл болох юм.

 

Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй.  

 

Түүнчлэн шүүгдэгч Д.М нь анх удаа Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч Г.Б нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй тухайгаа илэрхийлсэн баримттай болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Мад уул уурхайн тоног төхөөрөмжийн угсралтын үйл ажиллагаа явуулах эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 02 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд “оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэсэн болно.    

 

Энэ хэрэгт Д.М нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалүй, хохирогч Г.Б нь “хохирол нөхөн төлөгдсөн үндэслэлээр гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

                                                           ТОГТООХ нь:

 

1. Д овогт Д-ийн Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Мад уул уурхайн тоног төхөөрөмжийн угсралтын үйл ажиллагаа явуулах эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 02 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад тус тус заасныг баримтлан Д.Мад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнссэн 02 /хоёр/ жилийн хугацаанд “оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ авч, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Д.Мад уул уурхайн тоног төхөөрөмжийн угсралтын үйл ажиллагаа явуулах эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолсугай.   

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Д.М нь хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн болон санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

6. Энэ хэрэгт Д.М нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Г.Б нь “хохирол нөхөн төлөгдсөн үндэслэлээр гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус тэмдэглэсүгэй.  

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

8. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Д.Мад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           С.БАЗАРХАНД