| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнямын Цогтсайхан |
| Хэргийн индекс | 183/2023/06249/И |
| Дугаар | 210/МА2025/00780 |
| Огноо | 2025-05-14 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 210/МА2025/00780
*******-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Т.Гандиймаа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 192/ШШ2025/01770 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******, ******* нарт холбогдох,
Гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, 70,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч *******-гийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:
1.1. Миний бие нь хариуцагч*******-ийн ерөнхий захирал, хариуцагч *******-тай 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 03 дугаартай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, түүний Дорноговь аймгийн Даланжаргалан сумын *******-ийн уурхайгаас нүүрс авч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын ******* хотод байх дулааны цахилгаан станцад нийлүүлэхэд шаардлагатай гэрээ байгуулах ажлын зардалд зориулан 50,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатай оруулахаар, энэ нь нийт хөрөнгө оруулалтын 10 хувь байхаар, хөрөнгө оруулалтыг хариуцагч ******* ХХК нь гэрээнээс олох ашгаас үл хамааран экспортолсон нүүрсний тонн тутмаас 5 юанийг ашиг болгон өгөх байдлаар буцаан төлөхөөр тус тус харилцан тохиролцож, миний бие мөнгөө бүрэн оруулж гэрээ байгуулсан боловч хариуцагч ******* ХХК нь гэрээнд заасан хугацаанд авсан мөнгөө буцаан төлөхгүй нүүрс гаргах хугацаа хойшилсон, хөрөнгө оруулалт орж ирнэ гэх мэт шалтгаан хэлж хойшлуулсаар өнөөдрийг хүрсэн.
1.2. Миний бие мөнгө зээлүүлсэн боловч богино хугацаанд ашиг олж өгнө гэж намайг хууран мэхэлж хөрөнгө оруулалтын гэрээ хийсэн тул уг гэрээг Монгол Улсын Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу хүчин төгөлдөр бусд тооцуулан хөрөнгө оруулсан 50,000,000 төгрөгөө буцаан авах хүсэлтэй байна.
Түүнчлэн хариуцагч ******* нь тухайн үед хариуцагч*******-ийн ерөнхий захирал гэж гарын үсэг зурж гэрээ байгуулсан боловч хариуцагч компанийн ерөнхий захирал нь биш байсан ба тухайн үед хариуцагч*******-ийн ерөнхий захирал нь ******* гэх хүн байсан.
1.3. 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн хөрөнгө оруулалтын гэрээгээр хариуцагч*******-ийн захирал, хариуцагч ******* д 3 сарын хугацаатай өгсөн 50,000,000 төгрөгөө авч чадаагүйн улмаас банк бус санхүүгийн байгууллагын болон бусад зээлд 2018 оны 12 дугаар сараас эхлэн 750,000-1,500,000 төгрөгийн хүү, алданги төлж ирсэн тул гэм хорын хохиролд 20,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.
Учир нь миний бие банк бус санхүүгийн байгууллагаас зээл авч 3 сарын хугацаанд эргэн төлөх байсан боловч ноцтой төөрөгдөл, хууран мэхлүүлсний улмаас хариуцагч ******* д 50,000,000 төгрөгөө алдаж, төлүүлж чадаагүй хугацаа алдсан учир ******* ХХК-д ******* утасны дугаараа барьцаалан 20,000,000 төгрөгийн зээл авч, сар бүр төлөх хүү, торгууль, алдангийг төлж чадаагүйгээс болж утасны дугаараа алдсан ба одоог хүртэл зээл, хүү төлж байна.
1.4. Миний бие нь 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэлийг шаардлагаа тодруулахдаа нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* ХХК хариуцах ёстой боловч хэрэгт авагдсан баримтаар ******* ХХК нь өөр хүнд шилжсэн тул хариуцах ёстой жинхэнэ хариуцагч ******* г хамтран хариуцагчаар сольж, хариуцагч ******* ХХК болон хариуцагч ******* нарыг хамтран хариуцагч нар гэж үзсэн.
Миний бие мөнгөө хариуцагч *******-гийн хувийн данс руу 5 удаагийн гүйлгээгээр хийсэн тул хариуцагч ******* хариуцах ёстой ба хариуцагч ******* ХХК нь хууран мэхэлж хийсэн хэлцэл буюу түүний үйлдлийг баталсан учраас мөн хариуцлага хүлээнэ.
Иймд гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, хөрөнгө оруулсан 50,000,000 төгрөг, гэм хорын хохиролд 1 жил, 3 сарын хүү буюу 1,500,000 төгрөгийг 12 сараар тооцон 20,000,000 төгрөг /үүнд 2024-2021 оныг хүртэлх хүү, зээл, алданги ороогүй болно/, нийт 70,000,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч*******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Нэхэмжлэгч *******-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй, нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан боловч хариуцагчаар хэнийг тодорхойлсон нь ойлгомжгүй байсаар байна.
2.2. 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 03 дугаартай хөрөнгө оруулалтын гэрээний 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт заасан 50,000,000 төгрөг нь хариуцагч ******* ХХК -д хөрөнгө оруулалтаар орж ирээгүй буюу уг хөрөнгө оруулалтыг нэхэмжлэгч *******-аас манай компани аваагүй.
2.3. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК -ийг хохирол учруулсан гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагаа 20,000,000 төгрөгөөр нэмэгдүүлэн нэхэмжилсэн нь үндэслэлгүй бөгөөд хариуцагч ******* ХХК нь хөрөнгө оруулалт аваагүй байхад хохирол учруулсан гэж нэхэмжлэл гаргаж байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Хариуцагч *******-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, татгалзлын агуулга:
3.1. Нэхэмжлэгч ******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 28.3 дахь хэсэгт тус тус заасны дагуу нэхэмжлэлийн шаардлага, хамтран хариуцагчийг тодорхойлох бүрэн эрхтэй боловч тус хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаа нотлох, хариуцагчийг үнэн зөв тодорхойлох үүрэгтэй.
Хэрэгт авагдсан нэхэмжлэлийн шаардлага, түүнтэй холбоотой баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч *******-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус, хамтран хариуцагчийн хариуцлагын хэлбэр, тавигдах нөхцөл шаардлага ойлгомжгүй байна.
Энэ талаар хариуцагч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахыг шаардсан боловч нэхэмжлэгч *******-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тодорхой үндэслэл бүхий тайлбар гаргаж чадаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй гэдэг нь тогтоогдож байна гэжээ.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч ******* , хариуцагч ******* ХХК нарын хооронд 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ гэх хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, 50,000,000 төгрөгийг хариуцагч ******* гаас гаргуулж, нэхэмжлэгч ******* д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 20,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч *******-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 665,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* гаас 407,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* д олгож тус тус шийдвэрлэжээ.
5. Хариуцагч *******-гийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
5.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь нэхэмжлэгч ******* нь найз охин ******* тайгаа хамт нийт 8 удаа Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу явсан. Үүнтэй холбоотой зардлуудыг шүүх хасаж тооцоогүй.
5.2. Хөрөнгө оруулалтын гэрээний 5 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгч ******* нь өөрийн гаргасан хөрөнгө оруулалтын зарцуулалтаа хянаад явдаг байсан. Анхан шатны шүүхээс гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцсон тул өгсөн, авсан зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй.
Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн нэхэмжлэгч ******* , түүний найз охин ******* нарын зорчих тасалбарын үнэ 75,300 төгрөг, Эрээн хотоос Бээжин хот хүртэл ниссэн тийзны үнэ, орчуулагчийн хөлс, буудлын мөнгө, машины түрээсийн төлбөрүүд зэрэг бүгдийг нь хөрөнгө оруулалтын 50,000,000 төгрөгөөр зарцуулсан гэдгийг нэхэмжлэгч ******* мэдэж байгаа.
5.3. Нэхэмжлэгч ******* нь Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол гаргасан ба замын зардалд 21,000,000 төгрөгийг зарцуулсан талаараа мэдүүлэг өгсөн байдаг. Уг мэдүүлэг нь прокурорын тогтоолд бичигдсэн байсан.
Мөн нэхэмжлэгч ******* бид нарын хөлсөлсөн жолооч хурдны замаар хурд хэтрүүлсний улмаас зам тээврийн осол гаргаж өөрөө нас барсан. ******* бид хоёр ******* хотын гэмтлийн эмнэлэгт ухаангүй 3 хонож, 10 хоног хэвтсэн. Тэр осол болох өдөр нэхэмжлэгч ******* нь би замаар явахгүй, онгоцоор явна гээд найз охин ******* тайгаа хамт онгоцны тийз авч авахуулаад тус тусдаа явсан.
Иймд нэхэмжлэлийн шаардлагаас хангаж шийдвэрлэсэн 50,000,000 төгрөгөөс 21,000,000 төгрөгийг хасаж өөрчлөлт оруулж өгнө үү гэв.
6. Хариуцагч *******-гийн давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч *******-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:
6.1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон. Хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******-ын итгэл хүлээлгэсэн байдлыг далимдуулан 50,000,000 төгрөгийг хууран мэхэлж авсан.
Учир нь хариуцагч ******* нь уул уурхай болон нүүрсний бизнес хийдэггүй ба Бүгд Найрамдах Хятад Ард Улсын ******* хотод хөрөнгө оруулна, гэрээ байгуулна гэж замын зардал болгож дээрх мөнгийг зарцуулсан.
6.2. Нэхэмжлэгч *******-ын зарцуулсан гэх 21,000,000 төгрөгийг хасуулах тухай асуудлыг өмнө нь анхан шатны шүүх хуралдаанд огт ярьж байгаагүй атлаа одоо энэ талаар ярьж байгаа нь үндэслэлгүй.
Нэхэмжлэгч *******-ын гаргасан зардал гэх мөнгө нь гэрээ хийхээр явахдаа хөрөнгө оруулалт хийнэ гэж хууран мэхэлж авсан мөнгө тул үүнийг нэхэмжлэгч ******* хариуцах үндэслэлгүй гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хариуцагч *******-гийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт найруулгын өөрчлөлт оруулж, шийдлийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан 03 дугаартай хөрөнгө оруулалтын гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, 70,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, маргажээ.
3. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, маргааны зүйл, хэргийн үйл баримтыг зөв тогтоосон боловч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт зарим найруулгын алдаа гаргасан байгааг давж заалдах шатны шүүхээс залруулан шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой гэж үзлээ.
4. Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдсон байна. Үүнд:
4.1. Нэхэмжлэгч ******* болон хариуцагч ******* ХХК , түүнийг төлөөлж хариуцагч ******* нар нь Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Шанши муж, ******* хотод байрлах дулааны цахилгаан станцад Дорноговь аймгийн Даланжаргалан сумын *******-ийн уурхайгаас нүүрс нийлүүлэх гэрээнд хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллахаар тохиролцсоны үндсэн дээр 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 03 дугаартай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан байх ба тус гэрээнд хариуцагч ******* ХХК нь тамга дарж, хариуцагч ******* гарын үсэг зуржээ. /хх112-113/
4.2. Дээрх гэрээнд зааснаар нэхэмжлэгч ******* нь ******* гийн ХААН банкны 5956039263 тоот данс руу 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 8,000,000 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 2,000,000 төгрөг, 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 6,000,000 төгрөг, 2018 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 4,000,000 төгрөг, 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 18,000,000, 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 12,000,000 төгрөг, нийт 50,000,000 төгрөгийг шилжүүлсэн байна. /хх114-116/
4.3. Нэхэмжлэгч *******-ын хариуцагч*******-ийн захиралтай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж 50,000,000 төгрөг өгсөн боловч буцааж өгөхгүй залилуулсан гэх асуудлаар цагдаагийн байгууллагад гаргасан гомдолд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулаад Хан-Уул дүүргийн прокурорын газрын 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 206 дугаартай прокурорын тогтоолоор гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэжээ. /хх12-13/
5. Хариуцагч ******* нь анхан шатны шүүх хөрөнгө оруулалтын 50,000,000 төгрөгөөс нэхэмжлэгч *******-ын зарцуулсан 21,000,000 төгрөгийг хасаж тооцоогүй гэх агуулгаар давж заалдах гомдол гаргасан.
6. Нэхэмжлэгч ******* нь 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн хөрөнгө оруулалтын гэх нэртэй гэрээг Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар хуурч мэхэлж хийсэн гэрээ тул хүчин төгөлдөр бусд тооцуулна гэх агуулгаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч анхан шатны шүүх тухайн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэж хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамааруулж дүгнэсэн.
Талуудын хооронд байгуулсан 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн хөрөнгө оруулалтын гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Тодруулбал, хариуцагч ******* нь гэрээ байгуулах үед хариуцагч ******* ХХК -ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд биш байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. /хх112-113, 185-186/
Мөн хариуцагч ******* нь тухайн үед хариуцагч*******-ийн гүйцэтгэх захирлаас гэрээ байгуулах эрхийг шилжүүлэн авсан эсэхээ нотлоогүй тул уг хөрөнгө оруулалтын гэрээг зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэж, энэ гэрээ нь хүчин төгөлдөр бус байна. Энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.
Түүнчлэн анхан шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасныг буруу дүгнэсэн талаар нэхэмжлэгч тал гомдол гаргаагүй учраас энэ талаарх шүүхийн дүгнэлтийг хэвээр үлдээх нь зүйтэй.
7. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр бус байх хэлцэл хийсэн талууд уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй ба нэхэмжлэгч ******* нь мөнгөн хөрөнгийг хариуцагч *******-гийн дансанд шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул анхан шатны шүүхийн нэхэмжлэгч ******* нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан шаардах эрхтэй талаарх дүгнэлт, хариуцагч ******* гаас 50,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* д олгосон шийдлийг тус тус хэвээр үлдээнэ.
8. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан хэлцэл хүчин төгөлдөр бус байх нь бие даасан нэхэмжлэлийн шаардлага болдоггүй, харин хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагавар болох хэлцлийн дагуу шилжүүлсэн зүйлээ харилцан буцаах шаардах эрхийн үндэслэл болно. Иймд шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас хариуцагч ******* , ******* ХХК нарын хооронд 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ гэх хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг тогтоож гэх хэсгийг хассан өөрчлөлтийг оруулна.
Мөн шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад анхан шатны шүүх мөнгөн хөрөнгийг хариуцагч ******* ХХК -д шилжүүлсэн талаар дүгнэлт хийгээгүй учраас тус компанид холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг нэмж оруулна.
9. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт найруулгын өөрчлөлт оруулж, шийдлийг хэвээр үлдээж, хариуцагч *******-гийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 192/ШШ2025/01770 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч ******* гаас 50,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 20,000,000 төгрөг болон хариуцагч ******* ХХК -д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн найруулж, бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч *******-гийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******-гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 262,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА
Д.ЦОГТСАЙХАН