Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2025/00828

 

 

******* СӨХ-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Т.Гандиймаа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 192/ШШ2025/02146 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч ******* СӨХ-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******-д холбогдох,

Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээний зардалд 8,820,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:

1.1. Нэхэмжлэгч ******* СӨХ нь ******* дүүргийн ******* дүгээр хорооны *******, *******, *******, ******* дүгээр байруудын ашиглалтын хэвийн байдлыг хангах, дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа өмчлөх эрхийг хэрэгжүүлэх сууц өмчлөгчдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор 2017 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна.

 

1.2. Гэвч цөөн тооны өмчлөгчид үгсэн тохирч дундын өмчлөлийн зүйлийн засвар, үйлчилгээтэй холбогдох зардлыг олон жилийн турш огт төлөлгүй байсаар өнөөдрийг хүрч, бусад өмчлөгч нарт хохирол учруулсаар байна. Тухайлбал, ******* хотхоны ******* дүгээр байрны ******* тоот байрны өмчлөгч, хариуцагч ******* нь тус талбайд Нарта хими цэвэрлэгээний үйл ажиллагаа явуулдаг бөгөөд хотхоны инженерийн шугам сүлжээ буюу цэвэр, бохир ус, дулааныг өөрийн үйл ажиллагаанд саадгүй ашиглаж байгаа боловч 2019 оноос хойш сууц өмчлөгчдийн холбооны төлбөр, засвар, үйлчилгээний зардлыг огт төлөөгүй.

 

1.3. Нэхэмжлэгч ******* СӨХ нь анх гаргасан сууц өмчлөгчдийн холбооны төлбөр, засвар, үйлчилгээний зардалд 5,100,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа 3,720,000 төгрөгөөр нэмэгдүүлэн 2019 оны 10 дугаар сараас 2023 оны 12 дугаар сарыг хүртэл хугацааны төлбөл зохих сууц өмчлөгчдийн холбооны төлбөрт сар бүр 140,000 төгрөгөөр тооцож нийт 7,140,000 төгрөг, мөн уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явц дахь хугацааны буюу 2024 оны 01 дүгээр сараас 2024 оны 12 дугаар сарыг хүртэл хугацааны сууц өмчлөгчдийн холбооны төлбөрт 1,680,000 төгрөг, нийт 8,820,000 төгрөгийг нэхэмжилж байна.

 

Иймд дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээний зардалд 8,820,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Хариуцагч ******* нь нэхэмжлэлд дурдсан байрыг анх 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр өмчлөх эрхийг олж авсан ба нэхэмжлэгч ******* СӨХ нь 2019 оноос хойш сууц өмчлөгчдийн холбооны төлбөрийг шаардаж байх боловч хариуцагч ******* нь 2019 оноос 2023 оны 01 дүгээр сарыг хүртэл уг байрны өмчлөгч биш байсан болно.

 

2.2. Хариуцагч ******* тухайн байрыг худалдан авч орсноос хойш 7 сар өнгөртөл нэхэмжлэгч ******* СӨХ нь хариуцагчаас төлбөр огт шаардаж байгаагүй. Энэ нь бүтэн 4 жил, 1 сарын хугацаанд нэхэмжлэгч ******* СӨХ нь сууц өмчлөгч, гишүүдээсээ холбооныхоо төлбөрийг цаг тухайд нь хураадаггүй, нэхэмжилж шаарддаггүй, төлбөрөө нэхэмжлэх хөөн хэлэлцэх хугацааг тооцдоггүй, шүүхийн байгууллагад ханддаггүй болохыг тодорхой харуулж байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч ******* СӨХ өмнө нь хийх ёстой байсан ажлаа хийж гүйцэтгээгүй буюу өөрийн эрх, үүргээ хэрэгжүүлээгүй ба хариуцагч *******-д үүссэн цахилгааны гэмтлийг далимдуулж урьд өмнө нь хийж гүйцэтгэх ёстой байсан ажил үүргээ дараагийн өмчлөгч этгээдээр хааж боох замаар төлүүлэхээр хариуцагч ******* гийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна.

Мөн хариуцагч ******* нь өмчлөгч болсон цагаасаа хойшхи 7 сарын туршид сууц өмчлөгчдийн холбооны төлбөрийг төлж барагдуулан баримтыг хавсарган сууц өмчлөгчдийн холбоонд мэдэгдсэн байдаг.

 

2.3. Уг байрны өмнөх өмчлөгчтэй холбоотой сууц өмчлөгчдийн холбооны төлбөрийг өмнөх өмчлөгчөөс нэхэмжлэх эрх нь нэхэмжлэгч ******* СӨХ -нд нээлттэй байтал хариуцагч ******* гаас нэхэмжилж, түүний ажил үйлчилгээнд саад учруулж, санхүүгийн хувьд алдагдалд оруулсан тул хариуцагч ******* нь гэм хорын хохирол арилгуулахаар шүүхэд хандсан.

 

Иймд нэхэмжилж байгаа нэхэмжлэгчийн мөнгөн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч ******* СӨХ-ны хариуцагч *******-д холбогдуулан гаргасан 8,820,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 156,070 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж тус тус шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Нэхэмжлэгч ******* СӨХ нь ******* дүгээр байрыг 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс хамруулан ажиллах болсон тул хариуцагч ******* мөн өдрөөс сууц өмчлөгчдийн холбооны гишүүн болсон талаар анхан шатны шүүх буруу дүгнэсэн.

Учир нь ******* дүүрэг, ******* дүгээр хороо, , ******* дүгээр байр, ******* тоот хаягт байрлах байр нь нэхэмжлэгч ******* СӨХ-ны хариуцсан******* хотхоны нэг хэсэг юм.******* хотхоны оршин суугчдын бүх гишүүдийн 2007 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн хурлаар тус хотхоны *******, ******* ******* дугаар байруудыг хамааруулан нэхэмжлэгч ******* СӨХ -г байгуулсан ба уг байрны өмнөх өмчлөгч хуралд оролцож байсан боловч өөрийн хаягыг ******* дугаар байрны******* тоот гэж бүртгүүлж байсан. Мөн тус ******* дүгээр байрны ******* тоот байрны өмнөх өмчлөгч ******* /******* /, түрээслэгч ******* /******* / ресторанууд нь байраа ******* дугаар байрны******* тоот гэж тодорхойлж нэхэмжлэгч ******* СӨХ -той инженерийн шугам сүлжээний засвар, үйлчилгээний гэрээг байгуулан дундын өмчлөлийн зүйлийн засвар, үйлчилгээний зардлыг төлж ирсэн.

Нэхэмжлэгч ******* СӨХ нь шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа хариуцагч ******* гийн өмчлөлийн ******* ХХК-ийн хими цэвэрлэгээ явуулж буй байр нь ******* дүгээр байрны 17 тоот хаягт байрлаж байгаа гэдгийг мэдсэн. Маргаж буй ******* дүгээр байр нь анхнаасаа нэхэмжлэгч ******* СӨХ -нд харьяанд хамаарч байсан учраас уг байрыг оруулж ******* дүүргийн Засаг даргын Тамгын газраас 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэгч ******* СӨХ-ны гэрчилгээг шинэчилж авсан.

 

4.2. ******* дүүрэг, 1 хороо,******* хотхоны байрууд нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д заасны дагуу нэгдмэл дундын өмчлөлийн эд хөрөнгөтэй бөгөөд нэхэмжлэгч ******* СӨХ -ноос 2007 оноос хойш өнөөдрийг хүртэл дундын өмчлөлийн зүйлийн засвар, үйлчилгээ авч байна.

Түүнчлэн мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* СӨХ -ноос өөр сууц өмчлөгчдийн холбоо байгуулах ёсгүй бөгөөд******* хотхоны байрууд нь нэхэмжлэгч ******* СӨХ -нд хамаарахгүй байх хууль зүйн үндэслэлгүй.

 

4.3. Хариуцагч ******* нь нэхэмжлэгч ******* СӨХ-ны гишүүн биш гэж маргаагүй, сууц өмчлөгчдийн холбооны дундын өмчлөлийн зүйлийн засвар, үйлчилгээний зардалд сарын 100,000 төгрөг төлөх ёстой гэж маргасан байхад анхан шатны шүүх талуудын тэгш байх, мэтгэлцэх зарчим, диспозитив буюу шүүх хөндлөнгийн байх гэх мэт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зарчмыг зөрчиж, өөрийн үзэмжээр хариуцагчид давуу байдал бий болгон шийдвэрлэсэн.

 

4.4. Анхан шатны шүүх Сууц өмчлөгч бүрээс дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон зардлыг санхүүжүүлэхэд оролцох журмыг сууц өмчлөгчдийн холбооны бүх гишүүдийн хурлаар шийдвэрлэх учиртай боловч нэхэмжлэгч ******* СӨХ нь 2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн удирдах зөвлөлийн даргын гарын үсэгтэй удирдах зөвлөлийн хурлын тогтоол гэх баримтыг үндэслэн нэхэмжлэлийг шаардлага гаргасныг хангах үндэсгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Тодруулбал, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт тус тус зааснаар бүх гишүүдийн хурлын шийдвэр гаргах ба хурлаас тогтоол, хурлын тэмдэглэл гаргах бөгөөд түүнд хурлын тэргүүлэгчид гарын үсэг зурж, холбооны тэмдгээр баталгаажуулахаар зохицуулсан. Нэхэмжлэгч ******* СӨХ-ны бүх гишүүд 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн хурлаар шийдвэрлэж, тогтоол гаргасан бөгөөд удирдах зөвлөл нь бүх гишүүдийн хурлын шийдвэрийн биелэлтийг хангаж 2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 42/17 дугаартай тогтоол гаргасан.

Мөн хариуцагч ******* нь дээрх удирдах зөвлөлийн тогтоолын дагуу шаардах үндэслэлгүй гэж маргаагүй, харин нэхэмжлэгч ******* СӨХ-ны гүйцэтгэх захирал *******-тэй дундын өмчлөлийн зүйлийн засвар, үйлчилгээний зардлыг сарын 100,000 төгрөгөөр төлөхөөр тохиролцсон байтал 140,000 төгрөгөөр шаардах нь үндэслэлгүй талаар маргасан.

 

4.5. Хариуцагч ******* гийн байр нь ******* м.кв талбайтай буюу бусад аж ахуйн нэгжээс хамаагүй том талбайтай, мөн уг байранд ******* ХХК нь хими цэвэрлэгээний үйлчилгээ явуулдаг учир их хэмжээний халуун, хүйтэн ус, бохирдолтой ус, цахилгаан зарцуулдаг тул нэхэмжлэгч ******* СӨХ-ны удирдах зөвлөлийн 2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 42/17 дугаартай тогтоолоор дундын өмчлөлийн зүйлийн засвар, үйлчилгээний зардлыг сарын 150,000 төгрөгөөр тогтоосон ба нэхэмжлэгч ******* СӨХ нь хариуцагч ******* гаас сарын 140,000 төгрөгөөр шаардаж байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээний зардалд 8,820,000 төгрөгийг хариуцагч ******* гаас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

5.1. ******* хотхон н нь *******, *******, *******, гэх 1-3 давхар бүхий үйлчилгээний байруудаас бүрдсэн. Хариуцагч ******* нь 2023 оны 01 дүгээр сард уг байрыг худалдан авч, өөрийн өмчлөлд шилжүүлсэн. Уг ******* дүгээр байр нь нэхэмжлэгч ******* СӨХ -нд хамаарч байгаа эсэх бүртгэлийг шалгахад 2024 оны 03 дугаар сард бүртгүүлсэн үйл баримт тогтоогддог.

 

5.2. 2006 онд Жигүүр гранд групп ХХК нь ******* дүгээр байрыг ашиглалтад оруулсан боловч нэхэмжлэгч ******* СӨХ нь уг байрыг бүртгэлгүйгээр өнөөдрийг хүрсэн. Гэвч 2023 онд цахилгааны болон үйлчилгээ эрхлэхтэй холбоотойгоор нэхэмжлэгч ******* СӨХ -той маргаан үүссэн ба хариуцагч ******* нь гэм хорын хохирол нэхэмжилсэн учраас нэхэмжлэгч ******* СӨХ нь сууц өмчлөгчдийн холбооны төлбөрийг нэхэмжилсэн.

Мөн ******* дугаар байранд 70-80 орчим айл өрх амьдардаг бөгөөд нилээн олон хувийн аж ахуйн нэгж, байгууллагууд үйл ажиллагаа явуулдаг. Гэвч тухайн оршин суугчид бүгд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг солих боломжгүй.

 

5.3. Нэхэмжлэгч ******* СӨХ нь 2017 оны уг сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн дарга ганцаараа гарын үсэг зурсан удирдах зөвлөлийн тогтоолыг үндэслэн хариуцагчаас 140,000 төгрөгийг шаардсан. Гэтэл сууц өмчлөгчдийн холбооны удирдах дээд байгууллага нь бүх гишүүдийн хурал байхаар тодорхойлсон.

Маргаан бүхий тогтоолд тэргүүлэгчдийн гарын үсэг байхгүй, хурал болсныг нотлох баримт байхгүй. Мөн нэхэмжлэгч ******* СӨХ-ны гүйцэтгэх захирал ******* гарын үсэг зурсан баримтыг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ гаргаж өгсөн тул нотлох баримтын шаардлага хангаагүй гэж үзэж байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч ******* СӨХ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ******* СӨХ нь хариуцагч *******-д холбогдуулан 2019 оны 10 дугаар сараас 2024 оны 12 дугаар сарыг дуусах хүртэл хугацааны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээний зардалд 8,820,000 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг хариуцагч ******* эс зөвшөөрч, маргажээ.

 

3. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон боловч нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж чадаагүйн улмаас маргааны үйл баримтыг буруу дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь алдаатай болсон байгааг давж заалдах шатны шүүхээс залруулан шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой гэж үзлээ.

 

4. Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогджээ. Үүнд:

4.1. Нэхэмжлэгч ******* СӨХ нь ******* дүүргийн ******* дүгээр хороо, нд *******, ******* ******* дугаар байруудыг хамруулан үйл ажиллагаа явуулдаг байсан болох нь 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр олгосон 18/18 дугаартай гэрчилгээгээр тогтоогдож байх ба хэрэгт авагдсан 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр олгосон 18/18 дугаартай гэрчилгээнд нэхэмжлэгч ******* СӨХ-ны харьяанд хамруулах байранд ******* дүгээр байрыг нэмж бүртгэжээ. /хх5, 42/

 

5. Талууд дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээний зардлыг тооцсон хугацаа болон сарын төлбөрийн хэмжээнд маргажээ.

 

6. Нэхэмжлэгч ******* СӨХ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч ******* нь 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс сууц өмчлөгчдийн холбооны гишүүн болсон талаар анхан шатны шүүх буруу дүгнэсэн, хариуцагч *******-гийн байр нь нэхэмжлэгч ******* СӨХ -нд хамаарахгүй байх үндэслэлгүй, анхан шатны шүүх маргааны зүйлийг буруу тодорхойлсон, нэхэмжлэгч ******* СӨХ-ны удирдах зөвлөлийн 2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн тогтоолыг үндэслэн шаардах эрхгүй талаар буруу дүгнэсэн, хариуцагч ******* гийн байр нь бусад аж ахуйн нэгжээс том талбайтай, мөн уг байранд хими цэвэрлэгээний үйлчилгээ явуулдаг учир дундын өмчлөлийн зүйлийн засвар, үйлчилгээний зардлыг сарын 140,000 төгрөгөөр шаардсан нь үндэслэлтэй гэх агуулгаар давж заалдах гомдол гаргажээ.

 

7. Хариуцагч ******* нь нэхэмжлэлийг гардан аваад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт зааснаар тайлбараа бичгээр гаргасан байх ба уг тайлбартаа нэхэмжлэгч ******* СӨХ-ны удирдах зөвлөлийн 2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 42/17 дугаартай тогтоолын талаар маргаагүй. /хх29-31/

Гэтэл хариуцагч ******* нь 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдааны үед дээрх удирдах зөвлөлийн төлбөрийн хэмжээ тогтоосон тогтоолын талаар маргасан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2 дахь хэсэгт Хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдолтой нэмэлт тайлбар, нотлох баримтыг урьд нь гаргах буюу санал болгох бололцоотой байсан боловч шүүх хуралдааны үед гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэж шүүх үзвэл түүнийг хүлээн авч, шинжлэн судлах шаардлагатай бол шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж болно. гэж заасан.

Иймд маргаанд өмнө байгаагүй зүйлээр шинэ үйл баримтыг шүүх хуралдааны үед дурдаж байгаа нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан тохиолдолд шүүх хүлээн авна. Хариуцагч ******* гийн зүгээс хүндэтгэн үзэх шалтгаантай байснаа нотлох холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй учраас шүүх хэрэгт цугларсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

 

8. Анхан шатны шүүх ...нэхэмжлэгч ******* СӨХ нь ******* дүгээр байрыг 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс хамруулан ажиллах болсон байх тул хариуцагч ******* нь мөн өдрөөс сууц өмчлөгчдийн холбооны гишүүн болсон гэж үзэх үндэслэлтэй. гэж зөв дүгнэсэн боловч 2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн удирдах зөвлөлийн хурлын тогтоол гэх нэртэй, удирдах зөвлөлийн дарга нэг хүний гарын үсэгтэй баримтыг үндэслэн нэхэмжлэлийг шаардлага гаргасныг хангах үндэсгүй. гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Тодруулбал, нэхэмжлэгч ******* СӨХ-ны харьяанд хамруулах эсэх талаар маргаж буй ******* дүүрэг, ******* дүгээр хороо, , ******* дүгээр байрыг 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэгч ******* СӨХ-ны харьяанд бүртгэсэн болох нь хэрэгт авагдсан мөн өдрийн 18/18 дугаартай гэрчилгээгээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгч ******* СӨХ нь уг байр нь өөр дугаараар бүртгэлтэй байсан, өөрийн харьяанд хамаарах талаар тайлбарлаж байгаа боловч энэ үйл баримт хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

Иймд 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр олгосон 18/18 дугаартай гэрчилгээг үндэслэн мөн өдрөөс хариуцагч ******* нь өмчлөгчийн хувьд нэхэмжлэгч ******* СӨХ-ны гишүүн болсон байх тул Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар сууц өмчлөгч буюу хариуцагч ******* нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээний зардлыг хариуцан төлөх үүрэгтэй.

Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээний зардлыг тогтоосон 2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн нэхэмжлэгч ******* СӨХ-ны удирдах зөвлөлийн тогтоол хэрэгт авагдсан боловч энэ үйл баримтын талаар өмнө нь дурдаж маргаагүй гэдэг үндэслэлээр нэхэмжлэгч ******* СӨХ-ны нэхэмжилсэн сарын 140,000 төгрөгөөр тооцон төлбөрийг төлнө.

Иймд хариуцагч ******* нь нэхэмжлэгч ******* СӨХ-ны гишүүн болсноос хойшхи хугацааны буюу 2024 оны 04 дүгээр сараас 2024 оны 12 дугаар сарыг дуусах хүртэл хугацааны буюу 9 сарын дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээний зардлыг төлөх үндэслэлтэй тул сарын 140,000 төгрөгөөр тооцон нийт 1,260,000 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7,560,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгоно. Үүнтэй холбоотой улсын тэмдэгтийн хураамжид өөрчлөлт оруулна.

 

9. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч ******* СӨХ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 192/ШШ2025/02146 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг ...тус тус заасныг баримтлан хариуцагч ******* гаас 1,260,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* СӨХ -нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7,560,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

2 дахь заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 121,280 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 34,790 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. гэж тус тус өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч ******* СӨХ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 156,070 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА

 

Д.ЦОГТСАЙХАН