Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 357

 

 

 

 

 

 

 

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж У овогт Д-ын П-д холбогдох эрүүгийн 18100 2600 0204 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Б.Энхмэнд, хохирогч Х.Ү, түүний өмгөөлөгч Г.Баасан, шүүгдэгч Д.П, түүний өмгөөлөгч Ц.Амар, гэрч А.Ичинноров, Г.Үүрцайх нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1979 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 39 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “Заан соёо” ХХК-д нягтлан бодогч ажилтай, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт амьдрах, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Стадион оргил Чингисийн өргөн чөлөө гудамжны 6а байрны 86 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, У овогт Д-ын П- /РД: /,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч Д.П нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Наадам центр” худалдааны төвийн фитнес клубт 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 12 цагийн үед “хэрэглэсэн алчуураа сагсанд хий” гэснээс болж Г.Үүрцайх, Х.Ү нартай харилцан маргалдаж, улмаар Х.Үгийн үснээс зулгаах, хэвлий, гар хэсэг рүү өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь “...2, 4 дүгээр хурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, цээж, зүүн бугалга, гуянд цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.  

                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгч Д.Пын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...10 дугаар сарын 29-ний өдөр “Наадам центр”-ийн фитнесс клубд 12 цагийн орчим дасгалаа хийж дуусаад шүршүүрт ороод гарч ирэхэд энэ үйл явдал болсон. Би хүний алчуурыг хажуу талын сандал дээр тавихад хажуу талаас нэг хүн “наад алчуураа сагс руугаа хийгээч” гэхэд нь надад хэлж байна гэж бодолгүй найзтайгаа юм яриад байж байхад “хар авгай минь, чамайг хэлээд байна” гээд доромжилсон. Тухайн үед Үжин байгаагүй юм. Би Үүрцайхад хандаж “надад хэлээд байгаа юм” уу гэхэд намайг “захын хар авгай” гэж хэлсэн.

“Хүнийг ингэж хэлж болж байгаа юм уу” гэхэд “би угаасаа ийм хүн” гээд усны сав над руу шидсэн. Би ч бас зөрүүлээд усны саваа шидсэн. Бид хоёр ойрхон байсан юм. Тэгээд дөхөж ирээд намайг өшиглөсөн, гэхдээ намайг оноогүй. Би зөрүүлээд өшиглөхөд намайг үсдэж авсан. Тэгээд Үүрцайх бид хоёр нэг нэгнийгээ үсдэлцээд, өшиглөөд зулгаалцсан.

Үжин намайг араас үсдээд өшиглөөд байхаар нь би тухайн үед өөрийгөө хамгаалаад эсэргүүцсэн. Маргалдаж дуусахад энэ хоёр гараад явсан. Н.Ичинноров багш бид нарыг салгасан. Н.Ичинноров багш намайг бариад хөдөлгөхгүй байх үед Г.Үүрцайх намайг өшиглөөд байсан. Н.Ичинноров багш бүгдэд нь хичээл заадаг болохоор хохирогчтой багын найзууд гэж мэдээгүй.

Тэгээд “багшаа би ч гэсэн таны үйлчлүүлэгч шүү дээ, энэ хүмүүс намайг цохиод байна” гэж хэлж байсан. Бид маргалдаад салаад явахад Х.Ү нь Н.Ичинноров багштай гараад явсан, гэхдээ хаашаа гэдгийг мэдэхгүй байна. Миний бодлоор багш нарын тусгай өрөөрүү орсон гэж ойлгосон. Би наана зогсож байгаад алчуурын тооцоо хийх гээд очиход цаанаас “захын хар авгай, халтайчихаад, хөгшин авгай” гэх мэтээр хэл амаар доромжилсон. Тухайн үед Үүрцайх хаалга руу ойртож ирээгүй, харин Үжин ирсэн байсан. Би уурласан байсан болохоор түүнийг өшиглөсөн. Би мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг өгөхдөө “өөрийгөө зодуулсан” гэж ойлгож байсан. Гэхдээ хяналтын камерийн бичлэгийг үзүүлэхэд би хүн өшиглөж байгаагаа хараад хүн гэмтээсэн байна, миний буруу гэдгээ ойлгож хүлээн зөвшөөрсөн. Би гэм буруутай, өөрийн хийсэн үйлдэлдээ харамсаж байна. Миний хумс хугарсан байсан учир өөрийгөө зодуулсан гэж бодсон юм. Би хууль мэдэхгүй байсан учир Цагдаагийн байгууллагад тухайн үедээ хандаж өргөдөл гомдол гаргаагүй.

Мөн хохирогч Үжин намайг заналхийлээгүй, Үүрцайх “намайг ална” гэх мэтээр заналхийлсэн. Би Цагдаагийн байгууллагад хандаагүйдээ харамсаж байна. Би хэргийн зүйлчлэлтэй танилцсан, гэм буруугийн тал дээр маргахгүй.” гэсэн мэдүүлэг,

 

2. Хохирогч Х.Үгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...Би 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 11 цаг 50 минутын үед фитнессийн хувцас солих өрөөнд ороход Пүрэвзул нь Уянгаа гэдэг найзтайгаа толины өмнө нүүрээ будаад сууж байсан. Би хувцасаа солих гээд байж байхад манай найз 10 минутын дараа миний араас орж ирээд сандал дээр байсан Пүрэвзулын алчуурыг нь цүнхэн дээр нь тавиад хувцасаа сольж байтал Пүрэвзул алчуураа аваад шидэхээр нь манай найз “тэнд алчуур хийдэг сагс байдаг” гэхэд Пүрэвзул эгч “мэдэж байна” гэсэн. Тэгэхэд манай найз “за” гээд дуугүй болсон. Гэтэл Пүрэвзул амандаа юм үглээд байхаар нь манай найз “юм хэлсэн үү гэхэд “чи надад юмаа хураа гэж хэлдэг хэн юм бэ” гэхээр нь манай найз “хэрэглэсэн алчуураа хураадаггүй хүмүүс байдаг болохооор би таньд хураа гэж хэллээ” гэсэн.

Гэтэл “чи надад заадаг хэн бэ, та хоёр хэзээ орж ирсэн юм, би та хоёрыг өмнө нь харж байгаагүй юм байна” гээд доромжлоод эхэлсэн. Тухайн үед намайг байгаагүй гэж ярьж байна. Би хувцасаа сольчихоод найзыгаа хүлээгээд байж байсан юм. Гэхдээ хэрүүл маргаанд нь ороогүй. Пүрэвзул манай найзыг “чам шиг бүдүүн гахай, фитнесст явах хэрэггүй байдаг юм” гээд хуруугаараа чичээд байхаар нь манай найз “битгий гараараа чичээд бай” гэтэл усны саваа шидсэн. Тэгэхээр нь би хажуунаас нь “танд шаардлага тавьж байхад хүнийг доромжлох эрх байгаа юм уу” гэсэн.

Маргаан гарах үед цэвэрлэгч эгч, Ичинноров багш хоёр ороод ирсэн байсан. Тэгэхэд Пүрэвзул нь “хөөе би 1 жилийн төлбөрөө төлсөн байгаа шүү, би энэ хоёрыг өмнө нь харж байгаагүй юм байна” гэсэн. Манай найз хувцасаа сольж байсан тул би хаагаад зогсож байсан. Гэтэл Пүрэвзул намайг “чи холдоорой, дундуур орж байгаад алуулав” гээд хашгираад, өөрийнхөө тавчик, шампунь зэргийг бид хоёр руу шидээд байсан. Манай найз оймстойгоо зогсож байхад түүнийг “халзан болгоно” гээд үсдээд чирсэн. Би Пүрэвзул, Үүрцайх хоёрыг салгахад Пүрэвзул дахин манай найзыг үсдсэн.

Харин би Пүрэвзулыг өшиглөөгүй. Намайг шкаф руу шахсан байсан тул миний гар хөхөрсөн. Тэгээд найзыгаа салгаад эргээд харахад намайг өшиглөөд үсдсэн. Бид хоёр гараад ирэхэд Пүрэвзул манай багш Ичинноровт “чи наад хоёроо өмөөрч байгаа юм бол би захиралд чинь гомдол гаргана” гээд байхаар нь “бид хоёртой маргалдсан атлаа манай багш руу яагаад дайраад байгаа юм бэ” гээд маргалдахад Пүрэвзул юм авч шидэх гээд юм хайгаад байсанаа намайг 2 удаа өшиглөхөд миний гарын хумс хугарчихсан байсан.

Пүрэвзул “би та хоёртой дахин таарна, араа харж яваарай, ална шүү” гэж хэлээд гараад явсан. Намайг гүтгэж байгаад гомдолтой байна. Би хөхүүл хүүхэдтэй хүн. Хэрэг гарсан өдрөөс хойш миний гар их өвчтэй болсон тул хүүхдээ асрахад маш хүндрэлтэй байсан ба миний зүрх байнга салгалдаг, айдастай болсон. Би Солонгос Улс руу явж зүрхний титэм судасны нарийвчилсан шинжилгээнд орохгүй бол зүрхний шигдээс болж магадгүй тул яаралтай шинжилгээ өг гэсэн юм. Иймд би гомдолтой байна. Би өмгөөлөгч хөлсөлсөн зардал болон Солонгос Улс руу явсан зардал, хуруундаа хөшүүргэ хийлгэсэн зардлын баримт гаргаж өгсөн байгаа. Нийт 4.0 сая гаруй төгрөг нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг,

 

3. Гэрч Г.Үүрцайхын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...Би хохирогч Х.Үтэй найзын харилцаатай, шүүгдэгчийг таньдаггүй байсан ба хэрэг гарсан өдөр л анх харсан. Маргаан гарах болсон бохир алчуур Пүрэвзулын хэрэглэсэн алчуур мөн, түүний цүнхэн дээр байсан. Тухайн хэрүүл маргаан болох үед Үжин, Пүрэвзул, түүний найз, бид 4 байсан. Намайг үсдэх үед нь би оймс, ретузэн өмдтэй байсан.

Маргалдах үедээ Пүрэвзул  нь над руу усныхаа сав, үсний ангижруулагч, тавчик зэргийг шидээд намайг үсдээд “халзан болгоод өгье” гээд гараа тавихгүй байсан. Үжин бид 2 өглөө дасгалаа хийдэг болохоор Пүрэвзултай тааралддаггүй байсан. Тухайн өдөр хүүхдүүдийн хичээл амарсан өдөр таарч дасгалаа хийсэн.

Миний хувьд Пүрэвзулд “хэрэглэсэн зүйлээ яагаад сагсанд хийдэггүй юм бол” гэж хэлэхэд “мэдэж байна” гэсэн. Би түүнийг уурлуулах хэмжээнд ямар нэгэн зүйл хэлээгүй ба “халтар хар авгай” гэж хэлээгүй. Тэгээд гарч явахдаа Пүрэвзул “та хоёртой тааралдвал ална” гэж хэлсэн. Тухайн үед бидний хэн, хэн нь биеэ барьж асуудлыг өөрөөр шийдвэрлэх боломжтой байсан боловч Пүрэвзул миний шаардлагыг хүлээж аваагүй. Пүрэвзул Үжинг үсдэж өшиглөсөн. Хувцас солих өрөөнд “хачин хар авгай, оркууд” гэх үгнүүдийг би хэлсэн. Тэкний хажууд бол хэлээгүй.” гэсэн мэдүүлэг,

 

4. Гэрч А.Ичинноровын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...Хэрэг гарсан өрөөнд Үжин, Бүрэн, Пүрэвзул нар байсан. Мөн нэг найз нь гээд нийт 4 хүн байсан. Манай байгууллагын үйлчлүүлэгч нарын хэн нэг нь давуу эрх эдлэх асуудал байхгүй. Хувцас солих өрөөнд “хэрэглэсэн алчуураа сагсанд хийнэ үү” гэсэн бичиг байдаг.

Би тухайн өдөр энэ хоёрыг салгасан ба надаас өөр манай байгууллагын үйлчлүүлэгч нар байсан. Анх намайг ороход эд нар зүгээр маргалдаж байсан юм. Тэгээд дахин ороход маргаан ширүүсээд нэг нэгнийхээ үснээсээ зулгаачихсан байсан. Тэгээд тухайн үед байсан хүмүүс салгахад тусалсан боловч Пүрэвзул гараа тавихгүй байсан юм. Би тэднийг салгах гэж байхад хумс хугарсан байсан. Пүрэвзул нь Үжинг өшиглөж байхад би хамт байж харсан.

Үүрцайх, Үжин бид 3 текний ард зогсож байхад Пүрэвзул хувцасаа сольж гарч ирээд дахин маргалдаж, Үжингийн хэвлий тус газарт нь өшиглөсөн. Дараа нь харахад Үжингийн хумс хугараад, хуруу нь тулсан байсан. Мөн хувцас дээр нь гутлын мөр гарсан харагдаж байсан. Харин Пүрэвзулын биед гэмтэл учирсан байсан эсэхийг мэдэхгүй байна. Би тухайн фитнесийн заалны үндсэн багш байгаа юм. Үйлчлүүлэгч нартаа ганцаарчилсан үйлчилгээ өгдөг бөгөөд надаас Үрцайх, Үжин хоёр ганцаарчилсан үйлчилгээ авдаг. “Халтар хар авгай” гэж хэнийг хэлж байсан талаар санахгүй байна.” гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 18100 2600 0204 дугаартай хэргээс:

 

1. Хэрэг гарсан өдрийн Наадам худалдааны төвийн 6 давхарт байрлах фитнес клубын хяналтын камерийн бичлэг бүхий дискинд үзлэг хийсэн тэмдэглэл, дуу дүрсний бичлэг бүхий 1 ш дискийг эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргасан мөрдөгчийн тогтоол /хэргийн 14-16х, 17х/,

 

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Х.Үгийн хохирогчоор өгсөн:

“...Би найз Үүрцайхын хамтаар 2018 оны 9 дүгээр сараас эхлэн Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Наадам центр”-ийн фитнес клубт хичээллэж байгаа юм. Би 2018 оны 10 сарын 29-ний өдөр 12 цагийн үед фитнесийн хувцас солих өрөөнд ортол 2 эмэгтэй урт вандан сандал дээр өөрсдийнхөө хэрэглэсэн алчуур, хувцас, гоо сайханы хэрэгслээ тараагаад тавьчихсан байхаар нь би тэдний хэрэглэсэн алчуурыг цааш түлхээд сандлын булан хэсэгт сууж бэлтгэлийн хувцасаа өмссөн. Намайг хувцасаа солиод дуусаж байхад найз Үүрцайх орж ирээд сандлыг зайчлаад хувцасаа сольж байтал өндөр эмэгтэй нь өөрийн хэрэглэсэн алчуураа нөгөө талын жигүүрийн сандал руу шидсэн.

Тэр хоёр эмэгтэйгийн нэг нь 40 орчим насны, өгзөгөө хүрсэн хүрэн бор өнгийн урт үстэй, 170 орчим см өндөртэй, бордуу царайтай, туранхай байсан ба нөгөөх нь мөн 40 орчим насны, 166 орчим см өндөртэй, махлагдуу, шаргал царайтай байсан. Үүрцайх нөгөө эмэгтэйчүүдэд “хэрэглэсэн алчуураа хийдэг сагс цаана чинь байгаа” гэх хэлэхэд нөгөө бор эмэгтэй “мэдэж байна” гэж уурлангуй хэлээд Үүрцайхтай маргалдсан.

Тэгээд хашгирч байхдаа уусан усныхаа саваар чичээд цохих гэж дайрсанаа үснээс зулгааж чирээд, үснээс нь зулгаасан чигээрээ өөрөө сандал дээр суусан. Тэр эмэгтэй Үүрцайхын үснээс нь зулгааж, доош нь дараад “чамайг халзан болгоно” гээд байсан. Би Үүрцайхыг тэр эмэгтэйгээс салгах гэж оролдож байхад гаднаас Ичинноров багш орж ирээд салгахад нөгөө эмэгтэй Үүрцайхтай маргалдаж байсанаа дахин үснээс нь зулгаасан. Үүрцайх ч гэсэн нөгөө эмэгтэйгийн үснээс зулгаасан.

Ичинноров багш бид хоёр тэд нарыг салгах гэж байхад махлагдуу, цайвар шаргал царайтай, намхан эмэгтэй миний баруун гарыг мушгихаар нь би гараа татаж авсан. Нөгөө хоёрыг салгаад болиулахад өндөр бор эмэгтэй над руу дайрч миний үснээс зулгааж, миний зүүн гуяны гадна хэсэг рүү нэг удаа өшиглөсөн. Ичинноров багш надаас нөгөө эмэгтэйг салгаад, Үүрцайх бид хоёрыг хувцас солих өрөөнөөс авч гарсан. Бид хоёр түрээсний шкафны өрөө рүү зарим эд зүйлсээ тавьчихаад бэлтгэлийн заал руу орох гэж байгаад нөгөө эмэгтэйтэй дахин тааралдсан.

Тухайн үед нөгөө өндөр, бор царайтай эмэгтэй найзынхаа хамт явж байсан. Өндөр эмэгтэй Ичинноров багшид “би чам дээр гомдол гаргана, бид хоёрыг хамгаалсангүй, чи муу наад хоёрыгоо хамгаалсан шүү” гээд багшийг загнаад байхаар нь Үүрцайх бид хоёр нөгөө эмэгтэйтэй маргалдахад нөгөө эмэгтэй миний зүүн гарын сарвуу руу 2 өшиглөхөд долоовор хурууны хумс хугарч, ядам хурууны гадна болон дотор хэсэг хөхөрч хавдсан. Би тэр эмэгтэйг урьд өмнө харж байгаагүй, надад өр авлага, өш хонзон гэх зүйл байхгүй. Би “Интер Мед” эмнэлэгт үзүүлэхэд “яс хугараагүй, шөрмөс тасраагүй байна” гэсэн боловч хоёр хуруунд чиг тавьж өгсөн. Тухайн болсон асуудлыг Ичинноров, Батгэрэл багш, үйлчлэгч эмэгтэй, гадна болон дотор үүдний ресепшн харсан. Тэр эмэгтэйчүүд болон Үүрцайх бид хоёр согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Би шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлттэй уншиж танилцлаа, дүгнэлттэй холбогдуулан гаргах санал хүсэлт байхгүй. Би гомдолтой байна. Эмчилгээний зардал нэхэмжилнэ.

Би Пүрэвзулд зодуулсаны улмаас зүүн гараа юунд ч ашиглаж чадахаа больсон, хүүхдээ тэвэрч явах, авах гэх мэтээр хүүхдээ арчилж чадахаа больсон. Мөн маш их зүрх салгалах өвчтэй болсон. Тайван сууж байхад зүрх салгалаад, гар салгалаад байхаар нь 2019 оны 02 сарын 07-ны өдөр Бүгд Найрамдах Солонгос Улсын Ханару нэртэй шинжилгээний төвд бүтэн биеийн шинжилгээ өгсөн. Үүн дээр зүрхний шигдээс байх магадлалтай, зүрхний титэм судсаа тодотгогч бодистой шинжилгээ хийлгэ гэсэн хариу ирсэн. Тийм болохоор үзлэг шинжилгээ хийлгэсэн зардал болон бусад дагалдах зардал 1.250.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлсний 750.000 төгрөг, онгоцны ирж, очих тийзний зардал 2.000.000 төгрөг, нийт 4.057.400 төгрөгийг нэхэмжилнэ. Шинжилгээний зардлын баримт, тийзний баримтуудыг прокурорын шатанд гаргаж өгье. Пүрэвзул нь хувцас солих өрөөнд Үүрцайхыг үсдээд авахаар нь би сандраад тэднийг салгах гэж оролдсон. Түүнээс Пүрэвзул, Үүрцайх хоёрыг маргалдаж байхад тэдний маргаанд оролцоогүй. Би Пүрэвзулыг зодоогүй, хэл амаар доромжлоогүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 19-20х, 107-108х/,

 

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.Үүрцайхын гэрчээр өгсөн:

“...2018 оны 10 сарын 29-ний өдрийн 13 цагийн үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Наадам фитнес клубт хичээллэхээр ирсэн. Намайг хувцас солих өрөөнд ороход Үжин бэлтгэлийн хувцасаа өмсчихсөн, намайг хүлээгээд сууж байсан. Хувцас солих өрөөнд бид хоёроос өөр 40 орчим насны 2 эмэгтэй байсан ба тэр хоёр эмэгтэй сандлаар нэг өөрсдийнхөө хувцас, биеэ арчсан алчуур зэргээ тарааж дэлгээд тавьчихсан, нүүрээ будаад байж байсан.

Тэдний нэг болох 168-170 орчим см өндөртэй, бүсэлхийгээ хүрсэн бор шаргал өнгийн үстэй, нүүрээрээ битүү сэвхтэй, туранхай хар хүүхэн нь хэрэглэсэн алчуур, тавчикаа ийш тийшээ хамаагүй шидээд байхаар нь би “хэрэглэсэн алчуур тавчик хийдэг сагс байгаа шүү дээ” гэж хэлэхэд “чи юу гээд байгаа юм бэ, энэ одоо хэзээ орж ирээд хүнд заагаад байгаа юм” гэж над руу дайрсан. Тэгэхээр нь би тэр эмэгтэйд “би чамд шаардлага тавьж байна” гэж хэлээд өөр зүйл яриагүй. Тэгэхэд нөгөө эмэгтэй юу хэлж байгаа нь мэдэгдэхгүй, амандаа бувтнаад байхаар нь “юу гэсэн бэ” гэхэд “чамд хамаагүй” гээд над руу орилж дайрч байснаа над руу усны сав, тавчик, шампунь зэргээ авч шидсэн.

Энэ үед Үжин дундуур ороод “та болиоч” гэхэд Үжин рүү бас дайраад маргалдаад эхэлсэн. Тэгээд Үжинг түлхээд, миний үснээс зулгааж чирээд, миний үснээс зулгаасан чигтээ сандал дээр суугаад “чамайг халзан болгоно” гэж байсанаа гэдэс хэвлий орчим руу олон удаа өшиглөсөн. Энэ үед фитнесийн багш Ичинноров, үйлчлэгч эмэгтэй нар орж ирээд нөгөө эмэгтэйгийн гарыг тавиулах гэсэн боловч дийлэхгүй байсан. Надаас тэр эмэгтэйг салгахад миний духны зүүн хэсэг болон зүүн шанаа орчимд маажсан байсан. Ингээд би бэлтгэлийн хувцасаа өмсөөд хувцас солих өрөөнөөс гарах гэтэл нөгөө хар туранхай эмэгтэй миний үснээс дахин зулгаасан.

Ичинноров багш нөгөө эмэгтэйг арай гэж надаас салгахад тэр эмэгтэй Үжин рүү дайраад түүний үснээс зулгаасан. Ичинноров багш тэр эмэгтэйг Үжингээс салгаад, Үжин бид хоёрыг хувцасны өрөөнөөс аваад гарсан. Үжин бид хоёр үүдний хэсэг рүү гараад уураг уугаад байж байхад нөгөө эмэгтэй хойноос гарч ирсэнээ Үжингийн зүүн гар, гэдэс, хэвлийн орчим руу нь 2 удаа өшиглөсөн. Ингээд тэр эмэгтэй “та хоёртой дахиж таарнаа, алнаа за юу” гээд амь насанд заналхийлээд гараад явсан. Хувцасны өрөөнд болсон асуудлыг Ичинноров багш болон үйлчлэгч эмэгтэй нар харсан. Өөр харсан хүн байхгүй. Мөн тэр өрөөнд хяналтын камер байхгүй. Зүгээр байж байгаад үл таних хүнд хэл амаар доромжлуулж, зодуулж хохирсондоо маш их гомдолтой байна. Үжин бид хоёр согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Би тэр эмэгтэйд зодуулсаны улмаас хүзүү, толгой, нуруу өвдөөд, духны зүүн хэсэг, зүүн шанаа орчимоор маажигдаж зулгараад, хүзүү, энгэр, цээж орчимоор улайсан байсан. Мөн зүүн хөлний шилбэний гадна хэсэгт хөхөрсөн байсан. Үүнээс өөр гэмтэл шарх учраагүй. Намайг зодсон эмэгтэйг би урьд өмнө харж байгаагүй ба түүнтэй өр авлага, өш хонзонгийн асуудал байхгүй. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ. 2018 оны 10 сарын 30-ны өдөр би Бээжин хот руу явах ажилтай байсан болохоор тухайн үедээ гомдол гаргаж чадаагүй юм. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй .” гэсэн мэдүүлэг /хэргийн 23-24х/,

 

4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад А.Ичинноровын гэрчээр өгсөн:

“...2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 12 цагийн үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутагт байрлах Наадам центр худалдааны төвийн 6 давхарт байрлах наадам фитнес клубын хувцас солих өрөөнд ороход Үжин, Үүрцайх, Пүрэвзул, Хонгорзулын найз нар хоорондоо маргаж байсан. Би тэд нарыг түр маргаж байгаад болих болов уу гэж бодоод гараад буцаад ирэхэд Үүрцайхыг Пүрэвзул үсдээд доош нь плитан дээр дараад байж байсан. Харсан даруйдаа арай гэж салгаад удаагүй байхад дахиж очоод үсдчихсэн, би зууралдаж байгаад Үүрцайх, Үжин хоёрыг салгаад үүдэнд нь авч ирэхэд араас нь дагаж ирээд дахин хэрүүл хийгээд дайрч давшилсан.

Тэгэнгүүтээ шууд л баруун хөлөөрөө хэвлий тус газар хүчтэй өшиглөхөд хөлийг нь хаах гэж байгаад баруун гарын хумс хугарч, мөн тулгарсан. Төд удалгүй үйлчлэгч, үүдний ресепшн нар ирээд бид нар арай гэж салгаад хоёр тийш нь болгосон. Болсон асуудлыг тухайн ээлжинд гарч байсан бүх хүмүүс харсан. Тэр хоёрыг зодсон хүн угаасаа зан араншингийн хувьд муухай ааштай, ер нь хүн рүү дайрч давшилдаг хүн байна лээ. Тухайн үед бид нар салгаагүй бол салахааргүй нөхцөл байдал үүссэн байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 27х/,

 

5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Н.Уянгын гэрчээр өгсөн:

“...Би 2018 оны 10 сараас эхлэн Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Наадам” фитнес төвд найз Пүрэвзулын хамтаар хичээллэдэг юм. 2018 оны 10 сарын 29-ний өглөө 11 цагийн үед фитнес клубт хичээллэж дуусаад Пүрэвзул бид хоёр бэлтгэлийн хувцасаа солих гээд эмэгтэйчүүдийн хувцас солих өрөөнд ороход 30 гаран насны 2 эмэгтэй бэлтгэлийн хувцасаа өмсөж байсан.

Тэр хоёр эмэгтэйгийн нэг болох арай махлагдуу, шар царайтай эмэгтэй Пүрэвзулд “та нар энэ алчуураа хураа, юмаа янзал, ер нь дандаа ингэж завааруулж явдагаа боль” гээд загнасан. Тэр үед Пүрэвзул нөгөө эмэгтэйд “чи хэнд хандаж хэлээд байгаа юм бэ, би хэрэглэсэн юмаа зохих газарт нь хийдэг, тэгээд ч чи ямар дээрэлхүү юм бэ” гэхэд нөгөө эмэгтэй “би угаасаа байгаа газраа хүмүүст ингэж хэлдэг” гээд маргалдсан.

Пүрэвзул тэр эмэгтэйд “хэлэх хүн байна, хэлэхгүй хүн байна, чи хүн болгонд дээрэлхүү хандаж болохгүй” гэж хэлэхэд нөгөө махлагдуу шар охин Пүрэвзултай маргалдаж байгаад гартаа байгаа нэг зүйлээ шидсэн. Пүрэвзул ч гэсэн гартаа байсан юмаа шидсэн. Тэгээд л тэр хоёр юу юугүй, бие бие рүүгээ дайраад бие биенээ үсдчихсэн.

Тэр үед нөгөө махлаг шар охинтой хамт явж байсан туранхай шар охин нь салгаж байгаа юм шиг байснаа Пүрэвзулын гарыг тавиулах гээд хөл рүү өшиглөж байгаа харагдсан. Би тэдэнд “та нар болиоч ээ, нийлж хүн зодоод байна шүү дээ” гээд туранхай шар охины зүүн бугалганаас нь татаж холдуулсан.

Тэр үед фитнесийн багш Ичинноров гаднаас орж ирээд, Пүрэвзул болон нөгөө махлаг охин хоёрыг салгах гэж оролдохдоо Пүрэвзулын гарыг барьж тэвэрч аваад, тэр хооронд нь махлаг охин Пүрэвзулын үснээс улам зулгаагаад байсан. Тэгэхэд Пүрэвзул Ичинхорлоод “чи энэ хүнийг надаас салгах биш, энэ хүнд намайг зодуулаад байна, би чамд гомдол гаргана” гэж хэлж байсан.

Ингээд Ичинхорлоо болон 2 эмэгтэй, үйлчлэгч нар Пүрэвзул болон нөгөө махлаг охиныг салгасан. Нөгөө махлаг охин хувцасны өрөөнөөс гарахгүй Пүрэвзултай маргалдаж байгаад арай гэж найзтайгаа хамт өрөөнөөс гарсан. Пүрэвзул бид хоёр хувцасаа солиод өрөөнөөс гарахад махлаг болон туранхай шар охид Ичинноров багштай хамт зогсож байсан ба Пүрэвзул тэднийг хараад “та нар ингэж хүн дээрэлхэхгүй ээ, та нар хүнээ андуурч байна, та нарт дээрэлхүүлдэг хүн гэж юу байдаг юм, би энэ фитнест нэг жил орчим явж байна, энэ хугацаанд хүнтэй маргалдаж үзээгүй, та нар шиг харьцаатай хүмүүсийг үзээгүй юм байна” гэхэд нөгөө туранхай шар охин нь Пүрэвзултай маргалдаж байгаад бие биенийгээ холоос өшиглөлцөөд л байх шиг байсан. Түүнээс бие бие рүүгээ тулж ирээд, хэн нэгэндээ гэмтэл учруулахаар хэмжээний өшиглөөгүй байх гэж бодож байна. Ингээд л Пүрэвзул бид хоёр фитнесээс гараад явсан. Пүрэвзул нурууны өвчтэй болохоор нурууны хүнд дасгал хийдэггүй ба тэрээр махлаг охинд үсдүүлж газар унахдаа “нуруугаа эвгүй болгочихлоо” гэж байсан. Мөн тухайн үед Пүрэвзулын хоёр гарын аль нэг хурууны хумс угаараа хугарсан харагдаж байсан. Махлаг болон туранхай охидуудад ил харагдах гэмтэл шарх гэх зүйл байгаагүй. Харин тэд нийлж байгаад Пүрэвзулыг зодсон. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 28-29х/,

 

6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.Баярмаагийн гэрчээр өгсөн:

“...2018 оны 10 сарын 29-ний өдөр би өглөөний ээлжинд гарч байсан. Манайх өдрийн цайндаа 12 цагийн үед нэг нэгээрээ ээлжлэн ордог. Тухайн үед би хамгийн түрүүнд цайгаа уугаад ирэхэд барааны текний баруун талд 4 эмэгтэй хүн маргалдаад зогсож байсан. Тэгэхээр нь би тэдэнд “та нар олон нийтийн газар хэрэлдэж болохгүй ээ” гэж хэлсэн боловч тэд маргаанаа зогсоогоогүй, улам л хэн хэн рүүгээ дайрч давшилсан.

Зүүн талаас нь 170 см орчим өндөртэй Пүрэвзул гэх эмэгтэй, харин баруун талд нь Үүрцайх, Үжин гэх хоёр эмэгтэй бие биенээ хэл амаар доромжилсон. Удалгүй цаанаас нэг эмэгтэй нь /Үүрцайх, Үжин нарын хэн нэг нь/ “хачин халтайсан хар авгай минь, чам шиг юм ийм газар юугаа хийж байгаа юм, энд иймэрхүү халтар юмнуудыг та нар яах гэж явуулдаг байна” гэхэд Пүрэвзул гэх эмэгтэй бүр их уурлаад дайрч, давшлаад ирэнгүүт нь би “уучлаарай эгчээ, та одоо боль” гэж хэлээд замыг нь хаасан боловч Пүрэвзул миний гарыг тавиулаад,  аль нэг хөлөөрөө Үжин гэх эмэгтэйгийн хэвлий тус газар нь өшиглөсөн.

Дараа нь Ичинноров багш, үйлчлэгч Занданболд бид 3 Пүрэвзулыг арай гэж салгаад намжаасан боловч тэд бие биенээ доромжлоод байсан. Удалгүй Пүрэвзул гэх эмэгтэй найзынхаа хамтаар гараад явсан. Тухайн асуудлыг Ичинноров багш, үйлчлэгч Занданболд, ресепшн Хоролсүрэн нар харсан. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 30-31х/,

 

7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.Хоролсүрэнгийн гэрчээр өгсөн:

“...2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр би өглөөний ээлжинд ажилласан. Өдөр 12 цагийн үед эмэгтэй хувцас солих өрөөнд эмэгтэй хүмүүс маргалдаж эхэлсэн ба би тэр үед тооцоогоо хийж дуусаад 5 орчим минутын дараа эмэгтэй хувцас солих өрөө рүү ортол Үүрцайх, Пүрэвзул хоёр үсдэлцсэн юм уу гэмээр байдалтай сэгсийсэн үсээ янзлаад зогсож байсан.

Тухайн үед Үүрцайх, Пүрэвзул нар хоорондоо хэрүүл маргаан хийж байснаа гэнэт бие биенийгээ үсдэхэд бид салгах гэж байгаад хувцас солих өрөөний урт сандал дээр хажуугаараа унасан. Пүрэвзул эгч, Үжин эгч хоёрыг салгахад хоорондоо хэрэлдэж байгаад Үжин нь Пүрэвзул руу усны сав шидсэн боловч оноогүй. Удалгүй Ичинноров багш, Үүрцайх эгч хоёрыг авч гараад барааны ресепшний баруун тал руу явсан.

Харин Пүрэвзул найзтайгаа хамт хувцасаа солиод үлдэхэд нь би хувцас солих өрөөнөөс гарч ирсэн. Хэсэг байж байгаад удалгүй Пүрэвзул эгч найзтайгаа хамт гарч ирээд угтах ресепшний ойролцоо Үүрцайх, Үжин нартай маргалдаад байсан. Тухайн үед тэдний хэн хэний биед ил харагдах гэмтэл шарх гэх зүйл ажиглагдаагүй. Би тэднийг сайн танихгүй, үйлчлүүлэгч болохоор л зүс мэднэ. Миний бодлоор Үүрцайх эгч Пүрэвзулыг хэл амаар арай муухай доромжлоод байсан. Миний санаж байгаагаар “захын хар авгай минь, чам шиг юм энд юу хийж яваа юм” гэж байсан. Болсон асуудлыг Ичинноров багш, үйлчлэгч Занданболд, ресепшн Баярмаа бид нар ахрсан. Пүрэвзул уг нь тааламжтай найрцаг харьцаатай, бусадтай их хүнлэг харьцдаг хүн байгаа юм.” гэсэн мэдүүлэг /хэргийн 32-33х/,

 

8. Мөрдөн шалгах ажиллагааны явцад З.Занданболдын гэрчээр өгсөн:

“...2018 оны 10 сарын 29-ний өдөр би өглөөний ээлжинд гарч байсан. Хоролсүрэн ресепшн надад “хувцас солих өрөөнд хүмүүс маргалдаад байх шиг байна” гэж хэлсэн. Эрэгтэй үйлчлэгч эмэгтэй хүний хувцас солих өрөө рүү орж болохгүй болохоор тэр өрөөнөөс хүмүүс гарч ирэхийг хүлээж байгаад ажил гараад өөр тийшээ яваад ирэхэд Пүрэвзул эгч найзын хамт гарах хаалганы ойролцоо, харин Үүрцайх, Үжин гэх эгч нар ресепшний баруун талд зогсож байсан.

Тэд нар хоорондоо маргалдаад бие биенээ хэл амаар доромжлоод байсан. Удалгүй Үжин гэх эгч нь Пүрэвзул эгчийг “чи муухай царайтай захын хар авгай” гэх мэтчилэн хэл амаар доромжлоход Пүрэвзул эгч Үжин эгчийг хөлөөрөө өшиглөсөн. Яг хаашаа нь өшиглөсөн болохыг хараагүй, би тэдний дундуур орж салгасан. Ингээд эрэгтэй хувцас солих өрөө рүү орж ажлаа хийсэн. Надад үүнээс өөр харсан зүйл байхгүй. Болсон асуудлыг Ичинноров багш, ресепшн Баярмаа, Хоролсүрэн бид нар харсан. Миний ярьсан бүгд үнэн.” гэсэн мэдүүлэг /хэргийн 110-111х, 112х/,

 

9. ШШҮХ-ийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 13128 дугаартай:

1. Х.Үгийн биед зүүн гарын 2, 4 дүгээр хурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, цээж, зүүн бугалга, гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг бус удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох тухай журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..” гэсэн дүгнэлт /хэргийн 35х/,

 

10. ШШҮХ-ийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 13372 дугаартай:

1. Г.Үүрцайхын биед зүүн шилбэнд цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой хуучин гэмтэл байна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох тухай журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаараагүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 39х/,

 

11. ШШҮХ-ийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн шүүх эмнэлгийн шинжилгээний 62 дугаартай:

1. Г.Үүрцайхын биед тухайн үед зүүн шилбэнд цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт бүхий гэмтэл учирчээ.

2. Дээрх гэмтлүүд нь нийлээд болон дангаараа эрүүл мэндийг сарниулахгүй тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

3. Уг гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

4. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

5. Фото зургаар тогтоогдсон духны шинэ зулгаралт гэмтлийг хэзээ үүссэнийг тогтоох боломжгүй. Духанд үүссэн зулгарал гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 45-46х/,

 

12. ШШҮХ-ийн шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2720 дугаартай:

“1. Д.Пын биед гэмтэл тогтоогдсонгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 49х/,

 

13. Хохирогч Х.Үгээс хохирол төлбөр нэхэмжлэхтэй холбоотой гаргасан баримтууд /хэргийн 54х/,

 

14. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Пын гэрч, яллагдагчаар өгсөн:

“... Би 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрларх Наадам фитнес төвд найз Н.Уянгатай хамт дасгалаа хийж дуусаад, шүршүүрт ороод, эмэгтэй хувцас солих өрөөнд орж ирэхэд энэ өргөдөл өгсөн гэх эмэгтэйчүүд хувцасаа сольж байсан. Тухайн тэр өрөөнд өөр хүн байсан, яг ямар хүн гэдгийг санахгүй байна. Хувцасны өрөөний сандал дээр өөр хүний алчуур, хувцаснууд байгаа харагдсан. Ингээд би хувцасаа сольж байхад өрөөнд байсан хоёр эмэгтэйгийн нэг болох арай махлаг нь буюу Үүрцайх /сүүлд нэрийг нь мэдсэн/ гэх эмэгтэй надруу хандаж, дээрэнгүй маягаар “хөөе чи энэ алчуурыг энд тавьдаггүй, хувцас солих өрөөнд байгаа сагсанд хийдэг” гэж хэлсэн. Тэр сандал дээр байсан алчуур минийх биш болохоор нь надад хандаж хэлж байна гэж бодоогүй. Миний хэрэглэсэн алчуур толины өмнө миний тостой хамт байсан.

Үүрцайх дахин над руу хандаж “хөөш энэ алчуураа аваач, чам шиг юмнууд энүүгээр нэг хамаг юмнуудаа тараагаад шидчихдэг байхгүй юу” гэж маш бүдүүүлгээр орилж хашгирахаар нь миний уур хүрсэн.  Ингээд би Үүрцайхад “алчуурыг хувцас солих өрөөний сагсанд хийхээ болиод текэн дээр хүлээлгэж өгдөг болоод нэг сар болж байна, би өөрийн хэрэглэсэн алчуураа текен дээр хүлээлгэж өгдөг, тэгээд ч би шүршүүрээс дөнгөж гарч ирж байна” гэхэд “халтайсан хар авгай, яасан хэдрэг муу орк” гэх мэтээр намайг хэл амаар доромжилсон. Би Үүрцайхад “чиний фитнест яваад турсан чинь хаана байгаа юм бэ” гэж хэлээд хоорондоо маргалдахад Үүрцайх над руу усны саваа шидэж, уг сав нь миний хэвлий орчимд оносон. Тэгэхээр нь би буцаагаад өөрийнхөө усны савыг Үүрцайх руу шидсэн ба тэр сав нь оносон эсэхийг мэдэхгүй байна.

Үүрцайх бид хоёр маргалдаж байхад тэрээр намайг “чи эндээс амьд гарахгүй шүү би ар тал ихтэй, чамайг амьтан болгоно, ална” гэх мэтээр занаад байхаар нь би зөрүүлээд “тэгээч, тэгээрэй хүнийг зүгээр байхад нь ингэж дээрэлхэж болохгүй шүү, чи ямар их дээрэлхүү охин бэ, зүгээр байж байгаад чамд ингэж дээрэлхүүлэхгүй шүү” гэх мэтээр хэлж маргалдсан.

Тэгээд над руу ирсэнээ миний гэдэс хэвлий орчимд нэг удаа өшиглөхөд нь би түүний үснээс зулгаасан. Үүрцайх ч гэсэн миний үснээс зулгаасан. Бид хоёр хоорондоо үснээсээ зулгаалцаад доошоо тонгойгоод байж байхад миний хойд талд нэг хүн үснээс зулгааж, нуруу руу нэг удаа өшиглөсөн. Манай найз Уянга “хөөе та хоёр нэг хүн рүү нийлж дайраад байхдаа яадаг юм бэ” гэсэн. Энэ үед Үүрцайхтай хамт явж байсан Үжин /сүүлд нэрийг нь мэдсэн/ гэх эмэгтэй миний хойноос үснээс зулгааж байсан. Тэр үед Үүрцайх, Үжин хоёрын хувийн дасгалжуулагч багш Ичинноров өрөөнд орж ирээд миний хөдөлгөөнийг хориод, намайг хойноос тэврээд авсан. Энэ үед урдаас Үүрцайх гэдэс, хэвлий рүү өшиглөхөд Уянга дундуур ороод “та хоёр одоо болиоч ээ, хоёулаа нийлж нэг хүнийг зодоод байх юм, та хоёр өөрсдөө эхлээ биз дээ, одоо болиоч, яваач” гэж хэлэхэд Үүрцайх, Үжин хоёр хувцасны өрөөнөөс гараад явсан.

Уянга бид хоёр мөн хувцасаа өмсөөд өрөөнөөс гарахад Үжин, Үүрцайх нар текний баруун талд зогсож байсан ба намайг текен дээр очоод алчуурны тооцоо хийж байх үед хажуунаас Үүрцайх хэл амаар доромжилж, заналхийлж байснаа хоёулаа над руу ирээд дахин маргалдаж эхэлсэн. Тэгээд Үжин бид хоёр бие бие рүүгээ өшиглөсөн. Энэ үед манай найз болон тэнд байсан үйлчлэгч нар Үжин бид хоёрыг салгахаар нь Уянга бид хоёр фитнесээс гарч явсан.

Болсон асуудлыг манай найз Уянга, үйлчлэгч Ганцэцэг билүү, Бямбаа билүү аль нэг нь байсан байхаа, нэг эрэгтэй үйлчлэгч, фитнесийн багш Ичинхорлоо, эрэгтэй фитнесийн багш, ресепшн охин харсан. Үйлчлэгч Бямбаа болсон асуудлыг эхнээс нь дуустал нь харсан. Би согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан, нөгөө хоёр мөн фитнест орсон юм чинь согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байх гэж бодож байна.

...Би яллагдагчаар татсан тогтоолтой уншиж танилцсан. Хүлээн зөвшөөрч байна. Уг нь би тэднийг огт танихгүй., Үүрцайхын бусадтай доромж, дээрэнгүй харилцах харьцаанаас болж ийм асуудал үүслээ. Үжин, Үүрцайх нарт муу санаад байх зүйл алга, бидний хувьд өш хонзон гээд байх зүйл ч байхгүй. Миний хувьд Үжинд санаандгүйгээр гэмтэл учруулсандаа гэмшиж байна. Түүнд учирсан хохирлыг барагдуулна.”  гэсэн мэдүүлэг /хэргийн 25-26х, 105-106х/,

Мөн шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой гэрч Г.Бадамцэцэг /хэргийн 109х/, гэрч Д.Ариунзул /хэргийн 113х/ нарын мэдүүлэг, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хэргийн 88х, 117х/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 121х/, бакалавр, магистрын зэргийн дипломуудын хуулбар баримтууд /хэргийн 123-129х/ урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримт /хэргийн 140х/, Нягтлан бодох бүртгэлийн үйлчилгээ үзүүлэх гэрээ /хэргийн 147-148х/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогч талуудын эрхийг зөрчиж, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлага бүхий, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшлийн эмч гаргасан байх тул шүүх, эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үнэлэн прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.Пын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.   

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Д.П нь 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Наадам центр” худалдааны төвийн фитнес клубийн эмэгтэйчүүдийн хувцас солих өрөөнд “хэрэглэсэн бохир алчуураа сагс руу хийсэнгүй” гэсэн шаардлага тавьсан Г.Үүрцайхтай маргалдаж, улмаар Г.Үүрцайхыг “бүдүүлэг  үг хэллэг хэрэглэн дээрэнгүй харьцаж, доромжиллоо” гэх шалтгаанаар тэдгээр нь өөр хоорондоо маргаж, хувийн таарамжгүй харилцаа үүсгэн  харилцан зодолдох явцад болон найз Г.Үүрцайхыг дэмжиж маргааны дундуур орсон Х.Үгийн үснээс зулгаах, хэвлий, гар хэсэг рүү өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь “2, 4 дүгээр хурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, цээж, зүүн бугалга, гуянд цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн:

- хэрэг гарсан өдрийн Наадам худалдааны төвийн 6 давхарт байрлах фитнес клубын хяналтын камерийн бичлэг бүхий дискинд үзлэг хийсэн тэмдэглэл, дуу дүрсний бичлэг бүхий 1 ш дискийг эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргасан мөрдөгчийн тогтоол /хэргийн 14-16х, 17х/,

- хохирогч Х.Ү /хэргийн 19-20х, 107-108х/, гэрч Г.Үүрцайх /хэргийн 23-24х/, А.Ичинноров /хэргийн 27х/, Н.Уянга /хэргийн 28-29х/, Г.Баярмаа /хэргийн 30-31х/, Г.Хоролсүрэн /хэргийн 32-33х/, З.Занданболд /хэргийн 110-111х, 112х/ нарын мэдүүлэг,

- ШШҮХ-ийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 13128 дугаартай хохирогч Х.Үгийн биед зүүн гарын 2, 4 дүгээр хурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, цээж, зүүн бугалга, гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг бус удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох тухай журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..” гэсэн дүгнэлт /хэргийн 35х/,

- ШШҮХ-ийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 13372 дугаартай Г.Үүрцайхын биед зүүн шилбэнд цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой хуучин гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох тухай журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаараагүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 39х/,

- ШШҮХ-ийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 62 дугаартай Г.Үүрцайхын биед тухайн үед зүүн шилбэнд цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт бүхий гэмтэл учирчээ. Дээрх гэмтлүүд нь нийлээд болон дангаараа эрүүл мэндийг сарниулахгүй тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Уг гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Фото зургаар тогтоогдсон духны шинэ зулгаралт гэмтлийг хэзээ үүссэнийг тогтоох боломжгүй. Духанд үүссэн зулгарал гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 45-46х/,

- ШШҮХ-ийн шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 2720 дугаартай Д.Пын биед гэмтэл тогтоогдсонгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 49х/ болон шүүгдэгч Д.Пын мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Хэргийн шүүгдэгч Д.П нь хохирогч Х.Үгийн үснээс зулгааж, хэвлий, зүүн гар хэсэг рүү нь өшиглөсөн гэх үйл баримтын талаар маргаагүй бөгөөд түүний уг үйлдлийн улмаас хохирогчийн биед “...зүүн гарын 2, 4 дүгээр хурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, цээж, зүүн бугалга, гуянд цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл учирсан үр дагавар учирсанаар шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, уг уйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон гэж үзнэ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсаныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалттай. /ЭХЕА-ийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг/

 

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь халдаж, хохирол учруулж буй гэмт үйлдэл болох юм.

 

Шүүгдэгч Д.Пын 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Наадам центр” худалдааны төвийн фитнес клубийн эмэгтэйчүүдийн хувцас солих өрөөнд “хэрэглэсэн бохир алчуураа сагс руу хийсэнгүй” гэсэн шаардлага тавьсан Г.Үүрцайхтай маргалдаж, улмаар Г.Үүрцайхыг “бүдүүлэг үг хэллэг хэрэглэн дээрэнгүй харьцаж, доромжиллоо” гэх шалтгаанаар тэдгээр нь өөр хоорондоо маргаж, хувийн таарамжгүй харилцаа үүсгэн харилцан зодолдох явцад болон найз Г.Үүрцайхыг дэмжиж маргааны дундуур орсон Х.Үгийн үснээс зулгаах, хэвлий, гар хэсэг рүү өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь “2, 4 дүгээр хурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, цээж, зүүн бугалга, гуянд цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна.   

 

Хан-Уул дүүргийн прокуророос Д.Пын дээрх гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн үндэслэл бүхий, хэргийн талаар нотлогдвол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон байна.

 

Иймд шүүгдэгч Д.Пыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж,

- мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан бөгөөд хохирогч Х.Үгийн эрүүл мэндэд учирсан хөнгөн гэмтэл бүхий хохирол нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болно. 

Харин уг учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ оношилгоо хийлгэсэн болон бусад зайлшгүй гарсан зардал зэрэг нь хохирол учирснаас үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.  

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн “гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх, ...бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор уяруулсантай холбогдон гарсан ...зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй ба зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно” гэж гэм хор арилгуулах эрхийн талаар зохиуцуулсан Иргэний хуулийн 228 дугаар зүйлд тодорхой зааж хуульчилсан. 

 

Хэргийн хохирогч Х.Ү нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд тооцон эрх зүйн туслалцаа өмгөөлөгчөөс авсан зардлын 750.000 төгрөг, Солонгос улсад явж оношилгоо шинжилгээ хийлгэсний 1.250.000 төгрөг, замын зардал 2.000.000 төгрөг, нийт 4.000.000 төгрөг гаргуулах шаардлага гаргаснаас, хохирогчийн өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авсан зардлын 750.000 төгрөгийн нэхэмжлэлийг шүүх хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Учир нь: Хохирогч нь өөрийн хүсэл зоригоо илэрхийлж, хуулиар олгогдсон эрх зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх эрхийнхээ хүрээнд сонгон авч, хууль зүйн туслалцаа авахдаа гэрээний талуудын чөлөөт байдал, тэгш эрхийн зарчимд үндэслэн харилцан тохиролцож төлбөртэй хийгдсэн хэлцлийн /хэргийн 63-68х/ төлбөрийг гэмт хэргийн улмаас хохирогчид шууд учирсан хохирол, хор уршигт тооцогдохгүй юм.

Мөн Солонгос Улсад явж оношилгоо шинжилгээ хийлгэсэн гэх зардлын талаар хэрэгт гаргасан “Ханару” Эрүүл мэндийн нэгдсэн шинжилгээний төвийн баримт гэх хохирогчоос хэрэгт гаргасан баримтуудад үндэслэн түүний эмчилгээний зардлын тооцоог гаргах боломжгүй, тухайн баримтын орчуулга үнэн зөв эсэх нь тодорхойгүй, гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан “...2, 4 дүгээр хурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, цээж, зүүн бугалга, гуянд цус хуралт” бүхий хөнгөн хохирлыг эмчлүүлэхэд дээрх  оношилгоо, шинжилгээг хийлгэх зайлшгүй шаардлагатай байсан эсэх талаар хэрэгт тодорхой баримтгүй зэргээс хохирогч Х.Үгийн “Солонгос Улсад явж оношилгоо шинжилгээ хийлгэсний 1.250.000 төгрөг, замын зардал 2.000.000 төгрөг гаргуулна” гэх шаардлага бүхий нэхэмжлэлийг эрүүгийн хэргийн хамт нэг мөр хэлэлцэн шийдвэрлэх боломжгүй байна.

Иймд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан журмын дагуу дээрх шаардлагад хамаарах иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь уг шаардлагад хамаарах нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тэмдэглэх нь зүйтэй. 

 

Хохирогч Х.Үгээс эмчилгээний төлбөрийн баримт хэмээн хэрэгт хавсаргуулахаар өгсөн /хэргийн 53-54х/ “Интернэшнл медикал сентер” эмнэлгээс эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан баримт бүхий зардлын дүн 57.400 төгрөг, шүүх эмнэлэгт үзүүлсэн төлбөр 8000 төгрөг /хэргийн 34х/, нийт 65.400 төгрөгийн эмчилгээ, шинжилгээний баримт хэрэгт авадсанаас шүүгдэгч Д.П нь 70.000 төгрөгийг  хохирогч Х.Үгийн ХААН банк дахь дансанд 2019 оны 05 сарын 06-ны өдөр шилжүүлэн төлсөн Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримт хэрэгт авагдсан байна. /хэргийн 172х/

 

Иймд шүүгдэгч Д.Паас гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт гаргуулах төлбөр, хохиролгүй гэж үзнэ.

 

Шүүгдэгч Д.П нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтааар тогтоогдсон байна. /хэргийн 140х/

 

Шүүх, шүүгдэгч Д.Пд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол хор уршгийг нөхөн төлсөн  зэргийг Эрүүгийн хуулийн ерөхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад тус тус заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаархи гаргасан санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерийн бичлэг бүхий CD 1 ширхэгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан журмын дагуу хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдав.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон   

                                                 

                                                             ТОГТООХ нь:

 

1. У овогт Д-ын П-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Пд 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.П нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд Д.П нь хохирогч Х.Үд 70.000 /далан мянга/ төгрөг нөхөн төлсөнийг тэмдэглэж, хохирогчийн нэхэмжлэлээс өмгөөлөгчийн хөлс гэх 750.0000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 363 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогч Х.Үгийн “Солонгос улсад явж оношилгоо шинжилгээ хийлгэсний 1.250.000 төгрөг, замын зардал 2.000.000 төгрөг гаргуулна” гэх шаардлага бүхий нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь уг шаардлагад хамаарах нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерийн бичлэг бүхий CD 1 ширхэгийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

7. Энэ хэрэгт Д.П нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай. 

 

9. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Д.Пд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            С.БАЗАРХАНД