Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 0013

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сийлэгмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэгт орших, ...регистрийн дугаартай, “З” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Засаг даргад  холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” А/133 дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг  хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “З” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Цогхүү, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Отгонбаатар, хариуцагч Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Болортуяа, П.Энхцэцэг, тэдгээрийн өмгөөлөгч С.Дэлгэрмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Я.Эрдэнэ-Уянга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “З” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тус хуулийн этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 4/08 дугаар тогтоолыг үндэслэн тус сумын Засаг даргын 2014 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн А/138 дугаар захирамжаар ”З”  ХХК-д тус сумын Цагаан хад багийн Цагаанхад уул нэртэй газарт уурхайн эдэлбэр газрын зориулалтаар 631.58 га газрыг 26 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж, 000298137 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байдаг. 

Тус компани нь уг газар дээр уурхайн ажилчдын суурьшлын бүс байгуулан 2 шатахуун түгээх станц, 4-н худаг гарган ус татах болон зайлуулах хоолой, далан, усан сан, 4-н трансформатор, цахилгаан дамжуулах 60-н шон бүхий агаарын шугам, 2.5 км урттай шилэн кабель татаж нийтдээ 10 гаруй тэрбум  төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийгээд байгаа бөгөөд Дорноговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга бөгөөд аймгийн ерөнхий архитектороор “Чандмань төмрийн хүдрийн уурхай” эскиз зургийг батлуулан 2 тэрбум төгрөгийн өртөгтэй уурхайн шинэ суурьшлын бүс байгуулах ажлыг эхлүүлж цаашид тус газарт төмрийн хүдэр, зэс боловсруулах, баяжуулах нойтон үйлдвэрийн төслийг хэрэгжүүлж байгаа болно. 

Гэтэл Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Засаг дарга 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” А/133 дугаар захирамжаараа газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалтын журмаар “З” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн 631.78 га газрын үнэ 606508.8 мянган төгрөгийг төлөөгүй гэсэн үндэслэлээр өмнө гаргасан захирамжаа буюу Засаг даргын 2014 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн А/138 дугаар захирамжийг хүчингүй болгон шийдвэрлэж, манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн. 

Учир нь “З” ХХК  нь 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Засаг дарга З.Б, аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга Г.Б нартай “Газрын үнэ төлөх тооцоо нийлсэн акт” үйлдэж, актын 1 дүгээр зүйлийн 1.а-д заасан төлбөрийг графикийн дагуу 2016 оны 12 дугаар сарын 15-ны дотор төлж барагдуулахаар тохиролцсон байсан. Манай компани уг актад заасан графикийн дагуу газрын үнэ төлөхөд бэлэн, бүрэн боломжтой байсан боловч сумын Засаг даргын 2014 оны А/138 дугаар захирамжаар манайд эзэмшүүлсэн 631.78 га газар дээр Ашигт малтмалын газраас хайгуулын тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтыг давхардуулан зарлаж уг асуудлаар маргаантай байсан тул уг маргааныг шийдвэрлэж дуусах хүртэл газрын төлбөрийн асуудлыг Дэлгэрэх сумын Засаг дарга болон аймгийн Газрын албатай харилцан тохиролцсоны үндсэн дээр түр хойшлуулаад байсан билээ. 

 Ингээд манай компанийн зүгээс актад заасан төлбөр төлөх хугацааг дуусахаас өмнө  буюу 2016 оны 12 дугаар сарын 12-15-ны өдрүүдэд аймгийн Газрын алба, сумын Засаг дарга нартай биечлэн уулзаж төлбөрийг бүхэлд нь төлөх санал тавьж, төлбөр төлөх дансаа өгөхийг хүссэн боловч өмнөхийн адил түр хүлээж бай гэсэн  хариуг өгсөн ба Дэлгэрэх сумын Засаг дарга 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн А/133 дугаар захирамж гаргаж, манай компанид эзэмшүүлсэн 631.78 га газрыг эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

“Газрын үнэ төлөх тооцоо нийлсэн акт”-ын 1 дүгээр зүйлийн 1.б-д Газрын үнэ төлөгч нь дээр дурдсан графикийн дагуу  үнийг төлж барагдуулах бөгөөд энэ хугацаанд газрын асуудал эрхэлсэн эрх бүхий байгууллагаас дээрх газрыг ээмших эрхийг цуцлах, үйл ажиллагаанд саад учруулахгүй, 1-ийн в-д  Газрын үнэ төлөгч нь 2016 оны 12 дугаар сарын 31-ний дотор үнийг бүрэн төлж дуусаагүй тохиолдолд төлбөр авагчаас нийт төлөгдсөн төлбөрийг улсын орлого болгож, эрх бүхий албан тушаалтанд газар эзэмших эрхийг цуцлах санал оруулах эрхтэй гэж заасан байхад газар эзэмшигчид мэдэгдэлгүй, төлбөр төлөх хугацаа бүрэн дуусаагүй байхад сумын Засаг дарга болон газрын албанаас газрын үнэ төлөхийг түр хугацаанд хойшлуулах талаар мэдэгдсэн атлаа манай компанийн газар эзэмших эрхийг цуцалсан шийдвэр гаргаж байгаа нь газар эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг шууд хөндсөн үйлдэл болжээ. Ер нь  тухайн газрыг дуудлага худалдаагаар олж аваагүй. Сумын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан газрыг иргэн, аж ахуй нэгж оролцож төсөл сонгон шалгаруулалтаар авсан. Энэ дээр төсөл сонгон шалгаруулалтын үнэ гэж байдаггүй. Хууль бусаар төлбөр нэхэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. 

Мөн сумын Засаг дарга нь газар эзэмшигчийн зүгээс маргаан бүхий газар дээр хэр их хэмжээний бодитой хөрөнгө оруулсан болох, газар эзэмших эрхийг хүчингүй болгосноор газар эзэмшигчийн эд хөрөнгийн өмчлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих эсэх зэргийг шалгаж судлаагүйгээр шийдвэрлэсэн нь Захиргааны байгууллагын үйл ажиллагаанд баримтлах тусгай зарчим болох Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах”,  4.2.8-д “хууль ёсны итгэлийг хамгаалах” гэж заасныг ноцтой зөрчсөн үйлдэл болсон.

Дэлгэрэх сумын Засаг дарга 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн А/133 дугаар захирамжийг гаргахдаа Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх заалтыг үндэслэсэн байдаг. Захиргааны байгууллага, албан тушаалтан Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх заалтыг хэрэглэхэд 2 үндсэн нөхцлийг хангасан байхыг шаарддаг. 1-рт: Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл, эс үйлдлээрээ хууль тогтоомж зөрчсөн байх, 2-рт: газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг шийдвэрийг өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан хүчингүй болгохоор заасан. Гэтэл хуулийн энэхүү зохицуулалтыг буруу ойлгож хэрэглэснээр “З” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж, хохироосон шийдвэр болжээ.

Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.3-д заасны дагуу ”З” ХХК нь газар эзэмших эрх цуцалсантай холбогдуулан 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Дорноговь аймгийн Засаг даргад  урьдчилан шийдвэрлүүлэх гомдлыг гаргасан боловч одоог хүртэл гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар хариу ирүүлээгүй, хугацаа сунгасан талаар мэдэгдээгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасны дагуу нэхэмжлэл гаргасан болно.

Иймд “З” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж хохироосон Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” А/133 дугаар захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэв.

 Нэхэмжлэгч “З” ХХК-ийн өмгөөлөгчийн шүүх хуралдааанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг ярихын тулд тодруулах зүйл байна. Нэхэмжлэлийн шаардлагад дурдаад байгаа Дэлгэрэх сумын Засаг даргын захирамж нь өөрөө өөрийн захирамжийг хүчингүй болгох асуудал. Тэр захирамжид газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээг дуусгавар болох зохицуулалтыг бариад байгаа. Газрын тухай хуулиар аж ахуйн нэгжид газар эзэмшүүлэх дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтаар гэсэн хоёр зарчим л байдаг. Ямар зарчмаар олгох уу гэдгийг тухайн Засаг дарга өөрөө шийддэг. 2016 оны А/133 дугаартай захирамжийн гол үндэслэлийг Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2 гэж харсан. Яагаад гэхээр аймгийн Засаг даргаас ирсэн заавар нь тэр үндэслэлээр явсан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ярьж байгаа нь дуудлага худалдааны анхны үнийг төлөөгүй учраас захирамжаа хүчингүй болгосон гэдэг. Газрын тухай хуулийн 33.2 нь энэ хуулийн 33.1.2-т заасан шийдвэрийн дагуу газар эзэмших эрх авсан этгээд нь заасан хугацаанд газар эзэмших эрхийн гэрчилгээний үнийг төлөөгүй бол уг эрхийн гэрчилгээг дахин дуудлага худалдаанд оруулна гэсэн байгаа. Энэ дээр Засаг дарга ямар нэгэн байдлаар захирамжаа хүчингүй болгоно гэсэн зохицуулалт байхгүй. Төсөл сонгон шалгаруулалтын зарчмаар газрыг хэрхэн яаж ашиглуулдаг юм бэ, ямар нэг төлбөр авдаг юм уу гэхээр Монгол Улсын Засгийн газраас 2003 онд батлагдсан 28 дугаар тогтоолын дагуу 2 зарчмаар газрыг эзэмшүүлдэг бөгөөд энд зааснаар тухайн газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар ашигтай хэлбэрт ашиглах тохиолдолд буюу үйлдвэрлэл үйлчилгээний зориулалтаар хэн нэгэн тодорхой төсөл боловсруулаад үүнийг Засаг даргаас комисс гаргаад сонгон шалгаруулалтаар олгож байгаа асуудал болохоос биш тухайн газрыг худалдаж авч байгаа асуудал биш. Төсөл сонгон шалгаруулалтад  газрын үнэ гэсэн асуудал байдаггүй. Тийм учраас газрын үнийг, дуудлага худалдааны анхны үнийг төлөөгүй гэдэг байдлаар захирамжаа өөрөө хүчингүй болгоод байгаа нь үндэслэлгүй байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэлэхдээ бид төсөл сонгон шалгаруулалтын зарчмаар газар эзэмшүүлэхдээ газрыг ямар нэгэн байдлаар үнэгүйдүүлээд алдагдал хүлээх гээд байдаг гэлээ. Тийм зарчим ямар ч хууль тогтоомжид байхгүй. Гурав дахин нэмэгдүүлж авна гэж Засгийн газрын 2003 оны тогтоолууд дээр заагаагүй. Хуульд заагаагүй асуудлаар нэхэмжлэгчээс төлбөр нэхэж төлөөгүй болохоор нь захирамжаа хүчингүй болгосон нь үндэслэлгүй байна. Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлд зааснаар сумын газрын даамал гэрээ байгуулсаны үндсэн дээр гэрчилгээ олгоно. Энэ нь төрийн захиргааны байгууллагын үүрэг. Гэрээ, гэрчилгээгээ өгөөгүй байж өөрсдөө төлбөр нэхээд байх шаардлага байна уу. 

Газрын төлбөрийн тухай хууль болоод Газрын тухай хуулинд газрын төлбөр гэж юу юм бэ гэдгийг тодорхой заасан байгаа. Газрын тухай хуулийн 7.1-д газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуй нэгж хууль тогтоомж, гэрээний дагуу газрын төлбөрөө төлнө гэж заасан. Маргаан бүхий захиргааны актад дурдаад байгаа 606508.8 мянган төгрөг газрын төлбөр биш,  газрын төлбөртэй огт хамааралгүй юм. 

Төсөл сонгон шалгаруулалтаар эзэмшүүлэх газрыг  эзэмших гэрчилгээний үнийг хэзээ төлөх юм бэ, төлөх юм уу, үгүй юм уу гэдэг зүйл огт байхгүй. Үүнийгээ Дэлгэрэх сумын Засаг дарга 2016.12.16-ны өдрийн А/133 дугаар захирамж дээрээ үнийг төлөөгүй гэдгээр Газрын тухай хуулийн 35.3.3-г үндэслэл болгосон юм шиг байгаа юм. Энэ газрын төлбөр биш Газрын төлбөрийг тогтоосон хугацаанд төл гэх юм бол бид  нартай эхлээд гэрээгээ байгуулчих. Тэр хугацаандаа төлөөгүй бол газрын төлбөрөө төлөөгүй юм байна газрын гэрчилгээг чинь хүчингүй болголоо гэдэг асуудал яригдах болохоос биш гэрээгээ байгуулаагүй, гэрчилгээг нь олгоогүй байж захирамжаа хүчингүй болгуулах асуудал ярьж байгаа нь тохиромжгүй. Өнөөдөр ашигт малтмалын газраас ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон газар дээр байгууламж бариад үйлдвэрт ажиллаж байгаа ажилчдын хотхон, нийгмийн хамгаалалттай холбоотой бусад барилга байгууламжийг барих ямар ч боломжгүй байдаг. Хэрвээ барьчих юм бол Мэргэжлийн хяналтын газраас акт тавина, торгоно, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох асуудал яригдана. Тийм учраас тусгай зөвшөөрлийн талбайгаас гадна ажилчдынхаа хотхон байгуулж ажилчдын хотхонтой холбоотой дэд бүтцийг бий болгоно. Ашигт малтмалын тухай хууль, Газрын тухай хуулийн зохицуулалт ерөөсөө л тэр байгаа. Ийм учраас ашигт малтмалынхаа тусгай зөвшөөрөлтэй зэрэгцүүлээд газар эзэмших хүсэлт гаргасан. Хүсэлтийн дагуу сум хууль тогтоомжид заасан арга хэмжээгээ авсан. Засаг дарга газар эзэмших шийдвэр гаргахдаа ямар нэгэн байдлаар хууль тогтоомж зөрчсөн байна гэж харахгүй байна. Анх газар эзэмшүүлж байгаа Дэлгэрэх сумын Засаг даргын 2014 оны захирамж ямар хууль тогтоомжийг зөрчсөн нь тодорхой биш. Ганцхан Газрын тухай хуулийн 33.2-г бариад байдаг. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас газрын төлөвлөгөөнд оруулсан. Тухайн газрыг төсөл сонгон шалгаруулах зарчмаар олгоё гээд үүнийг үндэслээд сумын Засаг дарга төсөл сонгон шалгаруулалтаар олгосон. Хэрвээ дуудлага худалдаа байсан бол гэрчилгээг хүчингүй болгож дахин дуудлага худалдаа явуулах байсан. Захиргааны ерөнхий хуулийн дагуу нэхэмжлэгчийн оролцоог хангасан уу, үгүй юу гэдэг асуудал хэргээс харахад аймгийн Засаг даргаас заавар, тушаал гаргаад үүний дагуу сумын Засаг дарга захирамж гаргасан   харагддаг. Өнөөдөр сонсох ажиллагаа явуулсан гэх тэмдэглэл ирүүлж байна. Тэр нь хуулийн шаардлага хангасан юм уу, үгүй юм уу гэдэг нь нотлох баримт шинжлэн судлахад яригдах байх. 2014 онд хууль ёсны дагуу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолын дагуу ажиллагаа хийгдээд төсөл сонгон шалгаруулалт явуулаад олгосон газар дээр нэхэмжлэгч тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийх эрхтэй болчихлоо гээд хийчихсэн. Тэгэхээр энэ эрхийг шүүхээс илүү төрийн захиргааны байгууллага өөрсдөө хамгаалах ёстой. Энэ зарчим өнөөдөр маш ноцтойгоор алдагдаж байна. Маргаан бүхий захиргааны акт дээр Газрын тухай хуулийн 61.1-г үндэслэсэн байдаг. Актын агуулга нь өөрийнхөө актыг хүчингүй болгоод байгаа. Гэрээ, гэрчилгээ биш, хуулийг буруу тайлбарлаж, буруу ойлгож актын үндэслэлийг гаргасан. Тэгэхээр  уг захиргааны актыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Дэлгэрэх сумын Засаг даргын шүүхэд бичгээр ирүүлсэн болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: “З” ХХК-ийн Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Засаг даргын  2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн А/133 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг  хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь “З” ХХК нь Дэлгэрэх сумын Засаг даргын 2014 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн А/138  дугаар захирамжаар 631.78 га газрыг эзэмших эрх авсан ч тухайн газрын үнэ болох 606508.8 мянган төгрөгийг төлж барагдуулаагүй,  уг  төлбөрийг төлөхийг болон газар эзэмших эрхийн гэрчилгээ авах тухай шаардлагыг сум орон нутгаас удаа дараа тухайлбал 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 1/225 тоотоор хүргүүлж байсан боловч биелүүлээгүй улмаар 2016 онд дээрх үнийг барагдуулах ажлын хүрээнд аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар болон “З”  ХХК-ийн хооронд газрын үнийг төлөх хуваарийг харилцан тохиролцсон байдаг боловч тогтоосон хугацаанд тодруулбал 2016 оны 11 дүгээр сарын 15-ны дотор барагдуулах талаар ямар ч арга хэмжээ аваагүй түүнчлэн газрын үнэ төлөх тооцоо нийлсэн актын 1.б, 1.в-д газар эзэмших эрхийг цуцлах санал оруулах, үйл ажиллагаанд саад учруулахгүй байх этгээдийг зөвхөн газрын асуудал эрхэлсэн эрх бүхий байгууллага гэж зааснаас бус сумын Засаг  дарга гэж заагаагүй. Мөн Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж заасныг тус тус зөрчин тухайн газрыг эзэмших эрхийн гэрчилгээгүйгээр өнөөг хүртэл эзэмшиж, ашиглаж байгаа тул энэхүү үйлдлүүдэд сумын Засаг даргаас холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцсон болно.                                   

Төсөл сонгон шалгаруулалтыг яагаад явуулсан гэхээр нэхэмжлэгчээс 631.78 га газрыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд оруулж газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулж өгөөч гэсэн хүсэлт ирсэн. Энэ хүсэлтийн дагуу 2014 онд дуудлага худалдаа зохион байгуулая гээд “З” ХХК-д мэдэгдэхэд  төсөл сонгон шалгаруулалтаар авмаар байна, дуудлага худалдаагаар манайхаас өөр компани орж ирэх магадлалтай, танайх төсөл сонгон шалгаруулалт зарлана уу гэсэн хүсэлтийн дагуу зарласан. Баримт бичгийн үнэ дээр нэмээд  газрын үнэ гэж урилга дээр бичсэн байдаг. Газрын энэ үнийг хүлээн зөвшөөрсөн. Энэ үнэ яаж гарсан гэхээр дуудлага худалдааны итгэлцүүрээр Зам, тээвэр, барилга хот байгуулалтын яамны 2010 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 206-р тушаалаар батлагдсан итгэлцлүүрээр дуудлага худалдааны анхны үнэ гарсан. Аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын баримталдаг зарчим бол төсөл сонгон шалгаруулалтыг явуулахдаа газрыг үнэгүйдүүлэн авах магадлалтай  тул дуудлага худалдааны анхны үнийг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү үнийг төсөл сонгон шалгаруулалтаар олгох тохиолдолд төлөх зарчмыг баримталдаг. Тийм болохоор анхны үнийг 3 дахин нэмэгдүүлээд 606508.8 мянган төгрөг төсөл сонгон шалгаруулалтаар авах газрын үнэ болно. Танай компани зөвшөөрч байна уу гэхэд хүлээн зөвшөөрсөн. Төсөл сонгон шалгаруулалт явуулая гэсэн хүсэлтийнх нь дагуу Засаг даргын зүгээс төсөл сонгон шалгаруулалтын бичиг баримтыг олгосон. Дэлгэрэх сумын Засаг даргын зүгээс төлбөр барагдуулах тухай  албан бичиг явуулсан байгаа. Уг бичигт юу юуны үнийг шаардаад байгаа нь тодорхой байдаг. Иймээс Дэлгэрэх сумын Засаг даргын 2016 оны А/133 дугаар захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:  “З” ХХК-иас Дэлгэрэх сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн А/133 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай шаардлагыг гаргасныг  хүлээн зөвшөөрөхгүй байна. Дэлгэрэх сумын Засаг даргын 2014 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн А/138 дугаар захирамжаар тус компанид Дэлгэрэх сумын нутаг дэвсгэрт 631.78 га газрыг уурхайн суурьшлын бүсийн зориулалтаар төсөл сонгон шалгаруулалтаар эзэмшүүлсэн байдаг. Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан газар эзэмшүүлэх, төсөл сонгон шалгаруулах журмын 4.9-т газар эзэмших гэрчилгээний үнийг зар мэдээнд тусгахаар заасан байгаа. Төсөл сонгон шалгаруулах журмын 4.9-д зааснаар газрын гэрчилгээний үнэ 606508.8 мянган төгрөгийг газрын үнэ гэдгээр төсөл сонгон шалгаруулах журмын 4-9-д заасны дагуу тавьсан байдаг. Энэ үнийг тухайн үед “З” ХХК зөвшөөрөөд сонгон шалгаруулалтад орсон нь тодорхой харагддаг. Төсөл сонгон шалгаруулалтын үнийг тогтоож, зар мэдээнд тусган  нийтэд мэдээлсэн байдаг. Маргаад байгаа газар маань уул уурхайн эдэлбэр газар. Уул уурхайн сайдын 2015 оны 10 дугаар сарын тушаалын 1-р хавсралтаар тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журамд төсөл сонгон шалгаруулалтын урилга дээр хэрхэн ямар мэдээллийг хэрэглэх талаар заагаад өгсөн. Сонгон шалгаруулалтын босго үнийг заагаад өгсөн. Газрын тухай хуулийн 10-р зүйлд заасан нэгдмэл сангийн  үндсэн ангилалд болон тусгай хэрэгцээний газарт төлбөр ногдуулна гэсэн байгаа. Газрын тухай хуулийн 10.1.2-т зааснаар хот, тосгон, бусад суурин газарт хамаарч байгаа. Хуулийн 12.1-д зааснаар хот, тосгон, уурхайн дэвсгэр болон нийтийн эдэлбэрийн газар, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил, ашиглалтад байгаа газар хамаарна. Энэ хуулийн зохицуулалтаас харахаар төсөл сонгон шалгаруулалтын журмаар явагдсан газрын үнийг “З” ХХК төлөх үүрэгтэй юм. Газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулах журмын 4.9-т заасан үнэ маань газрын гэрчилгээний бодит үнэ юм. “З” ХХК төлбөр төлөөгүй учраас эрх нь олгогдоогүй байна. Иймээс Засаг дарга өөрийн бүрэн эрхийн хүрээнд захирамжийг хүчингүй болгосон. Газар эзэмшүүлэх тухай Засаг даргын захирамж гарснаас хойш 2015 оны 10 дугаар сарын 29, 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор барагдуулахыг мэдэгдсэн 1/225 албан бичгийг “З” ХХК-д хүргүүлсэн байдаг. Гэтэл төлбөрийг төлөөгүй, санаачилга идэвхийг гаргаагүй байдаг. Хариуцагчийн зүгээс 2016.12.12-ны өдрөөс 15-ны өдрүүдэд төлбөр төлөхийг шаардахад  дансаа өгчих хүлээж байгаарай гэдэг тайлбарыг хэлсэн байдаг. Төлбөрийг төлөхгүй байсан учраас 12 дугаар сарын 13-ны өдрөөс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Болортуяа утсаар холбогдож мэдэгдсэн байдаг. “З” ХХК 2014 оноос төмрийн хүдрийн үнэ огцом буусан учраас санхүүгийн боломжгүй болсон, хөрөнгө оруулалт хийгдэж үйлдвэрээ өргөжүүлэхээр ажиллаж байгаа учир газрын үнийг 2016 онд багтаан төлж дуусгаж хуваарийг баталгаажуулна гэсэн дэмжлэг хүссэн. Уг хүсэлтийг хариуцагчийн зүгээс хүлээж аваад 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр газрын үнэ тооцоо нийлсэн актыг үйлдээд 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор бүрэн төлж дуусгахаар тохиролцсон байдал харагддаг. Хэрвээ анхнаасаа хүлээн зөвшөөрөөгүй байсан бол тооцоо нийлэх актыг Засаг даргатай хийхгүй байсан байх. Газрын тухай хуулийн 35.3.3 дахь хэсэгт газрын төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх гэж заасан байгаа. Гэтэл тогтоосон үнийг төлж барагдуулаагүй байна. 

Мөн нэхэмжлэгч нь газрын үнийг төлөөгүйгээс үүсэх үр дагаврыг мэдэж байгаа. Өөрсдөө мэдсээр байж бүтээн байгуулалтыг зориуд хийсэн байна. Тэгэхээр өөрсдийнх нь үүрэг бас байна. Гэрээ байгуулагдаагүй байхад өөрсдөө дураараа бүтээн байгуулалт хийчихээд ийм бүтээн байгуулалт хийсэн, ийм юм болчихлоо гэж яриад байгаа нь өөрсдийнх нь хариуцлагатай холбоотой.

 Иймээс сумын Засаг даргын 2016 оны А/133 дугаар захирамжаар, 631.78 га газрыг эзэмшүүлсэн 2014 оны А/138 дугаар захирамжийг хүчингүй болгосон нь Газрын тухай хуулийн 33.2, 35.3.3 дахь хэсэгт заасантай нийцсэн бөгөөд нэхэмжлэгч компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” А/133 дугаар захирамжаар , Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2, 35 дугаар зүйлийн 35.3.3, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг тус тус үндэслэл болгон “З” ХХК-ийг төсөл сонгон шалгаруулалтын журмаар эзэмшүүлсэн газрын үнэ 606508.8 мянган төгрөгийг төлөөгүй гэх агуулгаар тус компанид 631.78 га газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн сумын Засаг даргын 2014 оны А/138 дугаар захирамжийг хүчингүй болгож  шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “З” ХХК нь, өмнө гаргасан шийдвэрээ хүчингүй болгож шийдвэрлэсэн Дэлгэрэх сумын Засаг даргын 2016 оны А/133 дугаар захирамжийг өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн талаарх гомдлыг хуульд заасан хугацаанд Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д заасны дагуу тухайн захиргааны актыг гаргасан захиргааны байгууллагын дээд шатны байгууллага /аймгийн Засаг дарга/-д гаргаж улмаар тухайн гомдлыг нь Захиргааны ерөнхий хуульд заасан хугацаанд хянан шийдвэрлээгүй гэх үндэслэлээр  2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх ба энэ нь захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах хуулиар тогтоосон хугацааг хэтрүүлээгүй байх тул уг нэхэмжлэлийг  хүлээн авч хянан шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгч хуулийн этгээд нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэлийг хариуцагч нь “Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийг буруу хэрэглэсэн өөрөөр хэлбэл А/138 дугаар захирамж ямар хууль тогтоомж зөрчсөн, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн эсэх нь тодорхойгүй байдаг мөн  төсөл сонгон шалгаруулалтын журмаар газрыг эзэмшүүлж байгаа нөхцөлд газрын үнэ төлөх үндэслэлгүй, хуульд заагаагүй асуудлаар нэхэмжлэгчээс төлбөр нэхсэн түүнчлэн эрх бүхий албан тушаалтан шийдвэр гаргахдаа захиргааны байгууллагын үйл ажиллагаанд баримтлах тусгай зарчим болох эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд урьдчилан мэдэгдэж, оролцоог нь хангах; хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмуудыг зөрчсөн” гэж; хариуцагч нь “нэхэмжлэгч газрын үнэ болох 606508.8 мянган төгрөгийг төлөхийг өөрсдөө хүлээн зөвшөөрч газрын үнэ төлөх тооцоо нийлсэн акт үйлдсэн ч тогтоосон хугацаандаа  үнийг төлөөгүй учир газар эзэмших эрхийг нь хүчингүй болгож хариуцлага тооцсон” хэмээн маргаж байна.

Маргааны үйл баримтын талаар:

Нэхэмжлэгч “З” ХХК нь Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Чандмань уул хэмээх газарт ашигт малтмал ашиглалтын MV-015594 тоот тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаатайгаа  холбогдуулан тухайн тусгай зөвшөөрлөөр эзэмшиж буй 571.03 гектар бүхий ашиглалтын талбайгаасаа үргэлжлүүлэн 631.78 га газрыг, эдэлбэр газрын зориулалтаар ашиглуулахаар сумын 2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусган манай компанид зохих журмын дагуу олгож өгнө үү гэсэн агуулга бүхий хүсэлтийг 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Дэлгэрэх сумын Засаг даргад гаргаснаар  маргаан бүхий 631.78 га газар анх, Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 4/08 дугаар тогтоолоор батлагдсан “Сумын 2014 оны газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө”-ний 1 дүгээр хавсралтад  уурхайн эдэлбэр газрын зориулалтаар бусдад эзэмшүүлэхээр тусгагджээ . Улмаар уг тогтоолыг үндэслэн Дэлгэрэх сумын Засаг дарга 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдөр А/90 дугаартай захирамж гаргаж  тухайн 631.78 га газрыг төсөл сонгон шалгаруулалтын журмаар эзэмшүүлэхээр байршил, хэмжээг нь баталснаар тус сумын Засаг даргын тамгын газраас уг газрыг төсөл сонгон шалгаруулалтаар эзэмшүүлэх зар мэдээ  /урилга/-г гаргаж, уг зар мэдээнд төсөл сонгон шалгаруулалтаар эзэмшүүлэх газрын үнэ 606508.8 мянган төгрөг хэмээн тусгасан  байна. Ийнхүү тухайн 631.78 га газрыг эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалтын үйл ажиллагаа 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдөр зохион байгуулагдахад ганцхан оролцогч төсөлөө ирүүлснээр сумын Засаг даргын захирамжаар байгуулагдсан Төсөл сонгон шалгаруулах комисс тухайн оролцогчийг буюу “З” ХХК-ийг  төсөл сонгон шалгаруулалтад тавигдах шаардлагын 80.41 %-ийг хангаж байгаа гэж үзэн   уг газрыг эзэмшүүлэх нь зүйтэй гэсэн дүгнэлтийг гаргасан  байх ба үүний дагуу сумын Засаг даргын 2014 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/138 дугаар захирамжаар нэхэмжлэгч “З” ХХК-д 631.78 га газрыг уурхайн суурьшлын бүсийн зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ .

Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д зааснаар газар эзэмшүүлэх  тухай эрх бүхий этгээдийн шийдвэр гарсан тохиолдолд түүнийг үндэслэн сумын газрын даамал тухайн аж ахуйн нэгжтэй газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон улсын бүртгэлд бүртгэх журамтай бөгөөд ийнхүү гэрчилгээ олгогдсоноор тухайн этгээдийн газар эзэмших эрх баталгаажих учиртай. Мөн Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д  “Газрыг энэ хуульд заасан  зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” хэмээн тус тус заасан. 

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Дэлгэрэх сумын Засаг даргын 2017.03.31-ний өдрийн 01/145 тоотоор ирүүлсэн тайлбар , Дорноговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2017.04.06-ны өдрийн 331 тоот албан бичиг, түүний хавсралт  болох нотлох баримтууд,  хэргийн оролцогчдын тайлбар зэргээс үзэхэд нэхэмжлэгч хуулийн этгээдэд маргаан бүхий 631.78 га газрыг эзэмшүүлэхээр эрх бүхий этгээд шийдвэрээ гаргасан хэдий ч тухайн газрын үнийг төлөөгүй гэх шалтгаанаар  тус хуулийн этгээдтэй газар эзэмшүүлэх тухай гэрээ байгуулаагүй мөн газар эзэмших эрхийн гэрчилгээг ч олгоогүй байна. Энэхүү үйл баримтаас үзвэл нэхэмжлэгч “З” ХХК нь маргаан бүхий 631.78 га газрыг хууль ёсоор эзэмшээгүй, тодруулбал тухайн газрыг эзэмших эрх нь баталгаажаагүй хэдий боловч тэрээр эрх бүхий этгээдийн хүчин төгөлдөр шийдвэр /сумын Засаг даргын 2014 оны А/138 дугаар захирамж/-ийн дагуу тухайн газрыг зориулалтаар нь ашиглаж /суурьшлын бүсийн төслийг хэрэгжүүлж тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн нь шүүхээс явуулсан үзлэгээр тогтоогдсон / бодит байдал дээр өөрийн мэдэлд байлгаж байгаа ба энэ нөхцөл байдлаас нь дүгнэхэд тус хуулийн этгээдийг тухайн газрыг эзэмшиж байгаа гэж үзэх үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй болно.

Маргаан бүхий захиргааны актын үндэслэлийн талаар:

Хариуцагч Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Засаг дарга маргаан бүхий захиргааны актын агуулгадаа  нэхэмжлэгчийг 631.78 га газрын үнэ болох 606508.8 мянган төгрөгийг төлөөгүй хэмээн дурджээ .

Нэхэмжлэгч “З” ХХК-д маргаан бүхий газрыг анх эзэмшүүлэх үед /2014 он/ хүчин төгөлдөр үйлчилж байсан, Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолын 7 дугаар хавсралтаар батлагдсан “Газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалт явуулах журам”-ын 5-д “Эзэмшүүлэх тухайн газрын онцлог, шинж чанарт нийцүүлэн нэмэлт шаардлага тавьж болох бөгөөд түүнийг төсөл сонгон шалгаруулах зар мэдээнд заавал тусгана” гэж заажээ. 

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн “Газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалтын урилга” , “Газрын үнэ тооцоо нийлсэн акт”  зэрэг нотлох баримтуудаас үзэхэд маргаан бүхий газрыг төсөл сонгон шалгаруулалтаар эзэмшүүлэх зар мэдээнд эзэмшүүлэх газрын үнэ: 606508.8 мянган төгрөг гэж тусгасан байх бөгөөд нэхэмжлэгч  “З” ХХК-иас тухайн үед газрын энэхүү үнийн талаар болон төсөл сонгон шалгаруулалттай холбогдуулан ямар нэгэн гомдол гаргаж байгаагүй улмаар газрын үнэ болох 606508.8 мянган төгрөгийг төлөх хуваарийг холбогдох этгээдүүдтэй байгуулж акт үйлдсэн түүнчлэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ уг мөнгийг төлөхөд бэлэн, бүрэн боломжтой байсан талаар дурдсан зэргээс нь үзвэл нэхэмжлэгчийг 631.78 га газрын үнэ 606508.8 мянган төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч тухайн төсөл сонгон шалгаруулалтад оролцсон гэж үзэх үндэслэлтэй байх ба захиргааны байгууллагын зүгээс ч тус газрыг ийнхүү үнэлсэнийг нь буруутгах үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл газрыг төсөл сонгон шалгаруулалтаар эзэмшүүлэхдээ “үнэлсэн” нөхцөл байдал нь дээр дурдсан “Газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалт явуулах журам”-ын 5-д заасантай нийцсэн гэж үзлээ. 

 Мөн хариуцагч Дэлгэрэх сумын Засаг дарга маргаан бүхий захиргааны актын үндэслэлдээ Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т “...газар эзэмших эрх авсан этгээд нь заасан хугацаанд газар эзэмших эрхийн гэрчилгээний үнийг төлөөгүй бол уг эрхийн гэрчилгээг дахин дуудлага худалдаанд оруулна”, 35 дугаар зүйлийн 35.3.3-т “газрын төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх”, 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр...ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө...уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож үйлдлийг таслан зогсооно” гэж заасныг тус тус үндэслэл болгожээ.

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас  үзэхэд “З” ХХК нь суурьшлын бүсийн зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн 631.78 га газрын гэрчилгээний үнийг  захиргааны байгууллагаас заасан хугацаанд /2015.11.15-ны дотор/  төлөөгүй  хэдий ч тэрээр маргаан бүхий захиргааны актыг гарахаас өмнө буюу 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр төлсөн нь тогтоогдож байна.

 Газрын тухай хуулийн  35 дугаар зүйлийн 35.3.3-т зааснаар газар эзэмшигч нь тогтоосон хугацаанд газрын төлбөрийг төлөх үүрэгтэй. Мөн тус хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д газар эзэмшиж, ашиглаж буй аливаа иргэн, аж ахуйн нэгж зохих хууль тогтоомж, гэрээний дагуу газрын төлбөр төлнө хэмээн заасан. Хуулийн энэхүү зохицуулалтаас үзвэл аливаа газрыг эзэмшиж, ашиглаж байгаа тохиолдолд тухайн газарт ногдох төлбөрийг нь төлөх  учиртай. Нөгөөтэйгүүр газрын төлбөр нь төрийн өмчийн газрыг ашиглуулсаны төлөө авч төсөвт төвлөрүүлж буй мөнгөн хөрөнгө буюу орон нутгийн татвар болно. Нэхэмжлэгч хуулийн этгээдийн хувьд маргаан бүхий газрыг эзэмших эрх нь хууль ёсоор баталгаажаагүй хэдий ч тухайн газрыг бодит байдал дээр өөрийн эзэмшилд байлган зориулалтынх нь дагуу эзэмшиж байгааг өмнө дурдсан тул тэрээр эзэмшиж буй 631.78 га газрын төлбөрийг төлөх үүрэгтэй. Харин уг төлбөрийн хэмжээ, төлөх хугацааг газар эзэмшүүлэх гэрээнд тусгахаар Газрын тухай хуульд заасан ч хариуцагч захиргааны байгууллага, нэхэмжлэгч хуулийн этгээдтэй 631.78 га газрыг эзэмшүүлэх гэрээг нэгэнт байгуулаагүй нь тогтоогдсон.  Гэвч Газрын төлбөрийн хуулийн 9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...гэрээнд өөрөөр заагаагүй бол жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улирал бүрийн эхний сарын 25-ны өдрийн дотор төлөх бөгөөд дараа улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно” гэж заасан улмаар хариуцагч захиргааны байгууллагын зүгээс ч уг газрын төлбөрийн хэмжээ болон төлөх хугацааг заасан албан бичгийг тус хуулийн этгээдэд хүргүүлсэн  ч газрын төлбөрийг огт төлөөгүй нь хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь газрын төлбөрийг төлөөгүй үндэслэлээ “тухайн 631.78 га газарт Ашигт малтмалын газраас хайгуулын тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтыг давхардуулан зарласан уг асуудлаар маргаантай байсан учраас төлөөгүй хэмээн тайлбарладаг боловч энэхүү нөхцөл байдал нь тухайн газрыг эзэмшилдээ байлгаж буй этгээд газрын төлбөр төлөхөөс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй. 

Нэхэмжлэгч нь хариуцагч захиргааны байгууллагыг Захиргааны байгуулагын үйл ажиллагаанд баримтлах тусгай зарчмуудаас ”оролцогчдод урьдчилан мэдэгдэж, оролцоог нь  хангах”  болон “хууль ёсны итгэлийг хамгаалах” зарчмуудыг тус тус зөрчсөн хэмээн маргадаг бөгөөд тухайн маргааны хувьд нэхэмжлэгч нь газар эзэмших эрхээ хууль ёсоор баталгаажуулаагүй атлаа тухайн газарт хөрөнгө оруулалтыг хийсэн энэ нөхцөлд “хууль ёсны итгэлийг хамгаалах” зарчим хэрэгжих үндэслэлгүй. Харин хариуцагч захиргааны байгууллагаас нэхэмжлэгч хуулийн этгээдэд анхлан газар эзэмшүүлсэн шийдвэрийг хүчингүй болгох захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр  зүйлийн 4.2.6-д заасан “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэж оролцоог нь хангах” зарчмыг хэрэгжүүлээгүй болох /хариуцагч тал сонсох ажиллагаа явуулсан хэмээн Сонсох ажиллагааны тэмдэглэл, Захиргааны актын хяналтын дагалдах хуудас зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн боловч уг баримтууд хуульд заасан нотлох баримтын шаардлагыг хангаагүй улмаар сонсох ажиллагааг явуулсанаа хариуцагч тал өөрсдөө нотлоогүй/ шүүхийн хэлэлцүүлгийн явцад тогтоогдсон болно. 

 Мөн хариуцагч Дэлгэрэх сумын Засаг дарга маргаж буй захиргааны актын үндэслэлд Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг баримталсан байх боловч энэхүү маргааны хувьд уг зохицуулалтыг үндэслэн шийдвэр гаргах  үндэслэл тогтоогдоогүй болно.

 Хариуцагч захиргааны байгууллага /албан тушаалтан/ нь тухайн маргаанд хамааралгүй хуулийн зохицуулалтыг /Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэг/ хэрэглэсэн улмаар шийдвэр гаргах ажиллагаанд баримтлах зарчмыг хэрэгжүүлээгүй зэрэг нөхцөл байдлууд шүүхийн хэлэлцүүлгийн явцад тогтоогдож байх боловч тухайн захиргааны акт нь нэхэмжлэгч хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл  нэхэмжлэгч хуулийн этгээд нь төрийн өмчийн газрыг эзэмшиж үйл ажиллагаа явуулж байгаагынхаа хувьд тухайн газрын төлбөрийг болон анх уг газрыг эзэмших эрхийг олж авах үйл ажиллагааны явцад төлөхөөр тохиролцсон газрын үнийг  тус тус төлөх үүргээ биелүүлээгүй нөхцөлд тухайн этгээдийн хууль ёсны эрх, ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэх боломжгүй юм.               

Дээр тогтоогдсон нөхцөл байдлуудаас дүгнэхэд хариуцагч Дэлгэрэх сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн А/133 дугаар захирамж нь нэхэмжлэгч ”З” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болох нь тогтоогдохгүй байх тул уг захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.14-т  заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 35 дугаар зүйлийн 35.3.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч “З” ХХК-ийн гаргасан “Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” А/133 дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу  нэхэмжлэгч хуулийн этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1, 114.2-т зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлээд гаргасан  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болон давж заалдах гомдлыг шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан гаргахыг дурдсугай. 

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.СИЙЛЭГМАА