| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Мишигийн Батсуурь |
| Хэргийн индекс | 128/2024/0040/З |
| Дугаар | 001/ХТ2025/0035 |
| Огноо | 2025-04-07 |
| Маргааны төрөл | Бусад, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2025 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 001/ХТ2025/0035
“Ч г и к” ГХОХХК-ийн нэхэмжлэлтэй,
Монгол Улсын Сангийн сайд, Сангийн яамны
худалдан авах ажиллагааны улсын байцаагчид
тус тус холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: П.Соёл-Эрдэнэ
Танхимын тэргүүн: Д.Мөнхтуяа
Шүүгчид: Х.Батсүрэн
Ц.Цогт
Илтгэгч шүүгч: М.Батсуурь
Нарийн бичгийн дарга: Б.Зэнээмэдрээ
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2024/0572 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 221/МА2025/0002 дугаар магадлал,
Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 001/ШХТ2025/0118 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.З, хариуцагч Л.А, хариуцагч Сангийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.А нарыг оролцуулан, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлага: “Ч г и к” ГХОХХК-аас Монгол Улсын Сангийн сайд болон Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагчид холбогдуулан “Сангийн яамны худалдан авах ажиллагааны газрын улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 103 дугаар улсын байцаагчийн дүгнэлт, Сангийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 213 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2.Хэргийн нөхцөл байдал: 2008 онд “Ч г и к” ГХОХХК нь 2008 онд үүсгэн байгуулагдаж, 2013 онд Зам, тээврийн яам /хуучнаар/-тай Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км хатуу хучилттай авто замын барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэрээний улмаас Зам, тээврийн яам нь “Ч г и к” ГХОХХК-д холбогдуулан иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гарган маргасан ба Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 101/ШШ2022/01005 дугаар шийдвэрээр үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, харин нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 210/МА2022/00930 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 001/ШХТ2022/00771 дүгээр тогтоолоор хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын гомдлыг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзжээ.
2.1.Маргаан бүхий Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023 оны 103 дугаар дүгнэлтийн 1 дэх заалтаар “Ч г и к” ГХОХХК-тай холбоотойгоор Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-т заасан нөхцөл үүссэн гэх үндэслэлгүй байна”, 2 дахь заалтаар “... тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах саналыг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлж байна” гэж шийдвэрлэсэн, улмаар Сангийн сайдын 2023 оны 213 дугаар тушаалаар “Ч г и к” ГХОХХК-ийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд 3 жилийн хугацаагаар бүртгэсэн байна.
2.2.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... улсын ерөнхий байцаагчийн удирдамж хэзээ гарсан эсэх нь тодорхойгүй, дүрэмд заасан 30 хоногийн дотор хяналт шалгалт явуулсан эсэх нь эргэлзээтэй, улсын байцаагчийн санал, дүгнэлт нь үндэслэл бүхий, хуульд нийцсэн байх шаардлагыг хангаагүй, ... манай компани 2013 онд тендерт оролцож, тухайн тендерийн ажлыг хийж дууссан бөгөөд 10-аад жилийн өмнөх асуудалд одоо дүгнэлт хийж байгаа нь биелэгдэх боломжгүй, хууль бус, ... улсын байцаагчийн дүгнэлт зөвхөн иргэний хэргийн шүүхийн шийдвэрийг баримталсан, нэг асуудалд давхар хариуцлага тооцохгүй байх хуулийн зарчмыг зөрчиж байна, ... улсын байцаагчийн дүгнэлт хоорондоо зөрчилтэй харагдаж байгаа, нэг дэх заалтаараа хуулийн заалтад хамаарахгүй гэсэн мөртлөө саналаа эсрэгээр нь гаргаж байгаа нь хууль ёсны байх шаардлагыг хангахгүй ...” гэж тодорхойлон маргасан.
2.3.Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... тухайн хуулийн этгээд тендерт оролцохдоо гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, биелүүлээгүй, эсхүл мэргэжлийн үйл ажиллагаанд алдаа гаргасныг иргэний хэргийн шүүх тогтоосон гэж үзэх үндэслэлтэй, ... барилгын ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотойгоор хуульд заасан нөхцөл үүссэн болохыг тогтоох үндэслэлтэй гэж үзэж улсын байцаагчийн 103 дугаар дүгнэлтийг гаргасан, дүгнэлтийн энэ хэсэгт санамсаргүй алдаа гаргаж, үндэслэлтэй гэхийг үндэслэлгүй гэж алдаатай бичсэн байсан, ... дүгнэлттэй холбоотой тус компанийн гомдлыг улсын ерөнхий байцаагч хянан шийдвэрлэж, улмаар Сангийн сайдын 213 дугаар тушаалаар тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах шийдвэрийг гаргасан нь холбогдох хууль, журамд нийцсэн ...” гэх тайлбарыг гаргасан байна.
3.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай /2005 оны/ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4, 52 дугаар зүйлийн 52.1.14, 521.2.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “... нэхэмжлэгч “Ч г и к” ГХОХХК-ийг худалдан авах ажиллагаанд оролцохдоо гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, биелүүлээгүй, эсхүл мэргэжлийн үйл ажиллагаанд алдаа гаргасныг дүгнэсэн шүүхийн шийдвэртэй байна гэж үзэхээр байна, ... маргаан бүхий тохиолдолд, хариуцагч Сангийн сайд нь худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн саналыг үндэслэн ... нэхэмжлэгч “Ч г и к” ГХОХХК-ийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдүүдийн жагсаалтад 3 жилийн хугацаатай бүртгэсэн нь холбогдох хууль тогтоомжид нийцсэн байна ...” гэж дүгнэсэн.
4.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлоор хэргийг хянаад “... анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв дүгнэж, ... хууль болон холбогдох журмыг зөв тайлбарлан хэрэглэсэн ...” гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
5.Хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл:
5.1.“... Нэг.Шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн талаар: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай /2005 он/ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-т заасныг шүүх хэрэглэхдээ сүүлийн 3 жил гэдгийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Учир нь, ... сүүлийн 3 жил гэдэгт өнөөдрөөс тооцоход худалдан авах ажиллагаанд орсон сүүлийн 3 жил буюу 2021, 2022, 2023 оны хугацааг тодорхойлж байхад шүүх үгийн шууд утгыг авч хэрэглэлгүйгээр сүүлийн 3 жилд шүүхээр тогтоогдсон гэж буруу тайлбарлан хэрэглэсэн нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч компанийн сүүлийн гурван жил буюу 2021, 2022, 2023 оны худалдан авах ажиллагаанд оролцохдоо гаргасан алдаа дутагдалдаа биш 2013 оны худалдан авах ажиллагаанд оролцохдоо гаргасан алдаа дутагдлыг 2015 онд улсын комисс тогтоож гэрээ цуцалсныг 2022 онд шийдвэрлэсэн шүүхийн шийдвэртэй байна гэж үзэж, тендерт орох эрхийг хязгаарласан актыг хэвээр үлдээснийг хүлээн зөвшөөрөхгүй. Монгол хэлний үг найруулга зүйн талаасаа ч тэр аль ч хэлбэрээр харсан “сүүлийн гурван жил худалдан авах ажиллагаанд алдаа гарсныг шүүх тогтоосон гэж ойлгогдож байхад хэзээ ч юм алдаа гарсныг сүүлийн 3 жил шүүх тогтоосон” гэж шүүх үзээд байгаа нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.
5.2.Хоёр. Шүүх хэрэглэх боломжгүй хууль хэрэглэсэн талаар: Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 13-т ““улмаар хариуцагч нь зам барилгын ажлын доголдлыг удаа дараа арилгаагүй тул нэхэмжлэгч гэрээг цуцалж, энэ талаар 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр “Ч г и к” ГХОХХК-д бичгээр мэдэгдсэн байна. Дээрх үйл баримтуудаар “Ч г и к” ГХОХХК нь Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6-д заасан захиалагчид доголдолгүй үр дүнг шилжүүлэх үүргээ зөрчсөн буруутай болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч Зам, тээврийн хөгжлийн яам нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээг цуцалж, учирсан хохирлыг төлүүлэхээр шаардах эрхтэй” гэж дүгнэснээс үзвэл нэхэмжлэгч “Ч г и к” ГХОХХК-ийг худалдан авах ажиллагаанд оролцохдоо гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, биелүүлээгүй, эсхүл мэргэжлийн үйл ажиллагаанд алдаа гарсныг дүгнэсэн шүүхийн шийдвэртэй байна гэж үзэхээр байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.
5.3.Учир нь, дээр дурдсан иргэний хэргийн шүүхийн шийдвэр нь хохирол шийдвэрлэж гарсан шүүхийн шийдвэр ба тус шийдвэрт “Ч г и к” ГХОХХК-ийн буруутай үйлдэл нь тогтоогдож байна гэх дүгнэлт болоод тогтоосон зүйл огт байхгүй. Гэтэл шүүхийн шийдвэрээр тогтоогдсон мэтээр үзэж шийдвэрээ гаргасан нь гэм буруутай этгээдэд оноосон шийтгэл нь хийсэн гэм буруутай үйлдэлд дүйцэх ёстой шударга ёсны зарчим алдагдсан гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 210/МА2022/00930 дугаар магадлалын Үндэслэх хэсэгт “... 4.Хариуцагч “Ч г и к” ГХОХХК гүйцэтгэсэн ажлаа хүлээлгэн өгөх хүсэлт гаргаснаар Зам, тээвэр хөгжлийн яамнаас 2014 оны 08 дугаар сарын 30-ны өдөр ажлын хэсэг ажиллаж, 9 төрлийн ажлыг засах үүрэг өгч, үүний дараа дахин ажлын хэсэг болон улсын комисс 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр, 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдөр, 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдрүүдэд ажиллаж ... улмаар хариуцагч нь зам барилгын ажлын доголдлыг удаа дараа арилгаагүй тул нэхэмжлэгч гэрээг цуцалж, энэ талаар 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр “Ч г и к” ГХОХХК-д бичгээр мэдэгдэж” гэрээ цуцалсан.
5.4.Эндээс үзэхэд 2015 онд улсын комисс гэрээний үүргээ ноцтой зөрчсөн байна гэж тогтоосон бол 2016, 2017, 2018 онд эрх хязгаарлах арга хэмжээ авах байсан, ингэж аваагүй нь нэхэмжлэгчийн алдаа биш бөгөөд арга хэмжээ авах хугацааг хуульд зааснаар дууссан гэж үзэх үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл, ... хуулийн 14.1.4-т заасан 3 жилийн хугацаа дуусгавар болсон буюу хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэх үндэслэлтэй. Гэтэл аль 2015 онд улсын комисс тогтоогоод шийдвэрлэсэн асуудал дээр 2024 онд улсын байцаагч дүгнэлт гаргаж, эрх цуцалж байгаа нь үндэслэлгүй ба үүнийг шүүх үндэслэх хэсэгтээ дурдаад үйл баримтаар тогтоосон байж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байгаа нь үндэслэлгүй байна.
5.5.Гурав. Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн хууль бус үйлдлийн талаар: Улсын байцаагч Зам, тээврийн яамны захиалгаар хяналт шалгалт хийхдээ дараах алдааг гаргасан. Хяналт шалгалт хийх тухай удирдамж 2023 оны 08 дугаар сарын 21-нд гарсан. Удирдамжид хяналт шалгалтын удирдамж гарсан өдрөөс хойш 30 хоногийн дотор буюу 2023 оны 09 дүгээр сарын 20-ны дотор хийхээр заасан. Гэтэл энэ хугацаанд хяналт шалгалт хийгээгүй. Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагч Л.А дүгнэлт гаргахдаа Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2-т заасныг баримтлаагүй. Өөрөөр хэлбэл, Зам, тээврийн яамнаас 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 03/1386 дугаар, 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 03/1386 дугаар албан бичгүүдээр хяналт шалгалт хийлгэх ёстой байсан ч энэ албан бичгийн дагуу хяналт шалгалт огт хийгдээгүй. Дутуу, бүрэн бус материал дээр дүгнэлт хийсэн нь шүүх хуралдааны явцад илэрхий болсон. Нэгэнт хариуцагч улсын байцаагч нь хуульд заасан хугацаанд хяналт шалгалтыг эхлүүлээгүй, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг зөрчсөн дүгнэлт гаргасан байх тул уг дүгнэлтийг үндэслэж, “Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтлөх журам”-ын 2 дугаар зүйлийн 2.1-д заасныг зөрчсөн тул хууль бус гэж үзнэ.
5.6.Мөн улсын байцаагчийн дүгнэлт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д “утга агуулгын илэрхий алдаатай” гэж зааснаар захиргааны акт илт хууль бус болно. Өөрөөр хэлбэл, улсын байцаагчийн дүгнэлтийн 1 дэх заалтаар “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14.1.4 дэх заалтад заасан нөхцөл үүссэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна” гэж дүгнэсэн атлаа 2 дахь заалтаараа бүртгэлд оруулах санал гаргаж байгаа нь утга агуулгын илэрхий алдаа байна. Энэ нь техникийн алдаа, эсхүл зөрчилтэй дүгнэлтээс үл хамаарч маргаан бүхий актад бичигдсэн асуулгыг шууд утгаар нь ойлгоно. Ийнхүү улсын байцаагчаас дүгнэлтийнхээ 1 дэх заалтаар хуулийн 14.1.4-т хамаарахгүйг тогтоож, 2 дахь заалтаараа тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах саналыг гаргасан тул “Захиргааны актын зорилго тодорхой бус, хэн рүү чиглэсэн, ямар үр дагавар үүсгэх гэж байгаа нь тодорхойгүй учраас зорилгодоо нийцээгүй гэж үзэхээс гадна, хоорондоо зөрчилтэй” захиргааны акт гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.
5.7.Дөрөв. Сангийн сайдын тушаалын талаар: Засгийн газрын 2019 оны 247 дугаар тогтоолоор баталсан “Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтлөх журам”-ын 2.4-т “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ журмын 2.2-т заасны дагуу ирүүлсэн саналд үндэслэн 30 хоногийн дотор энэ журмын хавсралтаар баталсан маягтын дагуу тушаал гарган, эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэх”-ээр журамласан. Өөрөөр хэлбэл, Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагч 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр саналаа хүргүүлсэн. Журам ёсоор бол 2023 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Сайдын тушаал гарч бүртгэх ёстой, энэ хугацааг хэтрүүлсэн байна. Улсын байцаагчаас зөрчилтэй “Ч г и к” ГХОХХК-ийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах саналыг гаргасан байхад Сангийн сайд нь 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн тушаалаар тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд 3 жилийн хугацаанд хамруулахаар шийдвэрлэсэн эрх зүйн зөрчилтэй акт гэж үзэж байна. Иймд, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү ...” гэжээ.
6.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.З-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Улсын дээд шүүх хүлээн авч, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 001/ШХТ2024/0118 дугаар тогтоолоор “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн” эсэх үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
ХЯНАВАЛ:
8.Анхан болон давж заалдах шатны шүүх Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай (2005 оны) хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
9.Нэг. Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 103 дугаар дүгнэлтийн тухайд:
9.1.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгийн бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай (2005 оны) хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Дараахь нөхцөл байдал тогтоогдвол тендерт оролцогч ерөнхий нөхцөл хангаагүй гэж үзнэ:” гээд 14.1.4-т “сүүлийн 3 жилийн хугацаанд худалдан авах ажиллагаанд оролцохдоо гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, биелүүлээгүй, эсхүл мэргэжлийн үйл ажиллагаанд алдаа гаргасныг шүүх, энэ хуулийн 521.1-д заасан эрх бүхий улсын байцаагч тогтоосон”, мөн 521 дугаар зүйлийн 521.2.1-д “энэ хуулийн 14.1.4, 14.1.6-д заасан нөхцөл үүссэн нь тогтоогдсон тендерт оролцогчийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах тухай санал гаргах”, Засгийн газрын 2019 оны 247 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтлөх журам”-ын 2.1-д “Тендерт оролцогч ... илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлснийг худалдан авах ажиллагааны улсын байцаагч тогтоосон ... нь тухайн этгээдийг эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах үндэслэл болно”, 2.2-т “Худалдан авах ажиллагааны улсын байцаагч энэ журмын 2.1-д заасан нөхцөл үүссэнийг тогтоосон бол тухай этгээдийг эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах саналаа холбогдох баримтын хамт төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ” гэж заажээ.
9.2.Дээрх зохицуулалтын дагуу гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, биелүүлээгүй, эсхүл мэргэжлийн үйл ажиллагаанд алдаа гаргасныг “шүүх” эсхүл “эрх бүхий улсын байцаагч” тогтоосон гэх хоёр нөхцөлийг заасан.
9.3.Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгч “Ч г и к” ГХОХХК нь 2013 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Зам, тээврийн яам /хуучнаар/-тай “Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км хатуу хучилттай авто зам” /Хэнтий/-ын барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан, уг гэрээтэй холбоотойгоор захиалагчаас маргасан бөгөөд тухайн гэрээт ажлаа чанаргүй, доголтой гүйцэтгэсэн болохыг нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 210/МА2022/00930 дугаар магадлалаар тогтоосон; улмаар Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 001/ШХТ2022/00771 дүгээр тогтоолоор хариуцагч “Ч г и к” ГХОХХК-ийн төлөөлөгчийн гомдлыг хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэснээр уг магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон.
9.4.Тус магадлалын “5б-д ... “Ч г и к” ХХК нь тусгай зөвшөөрөлтэй, мэргэжлийн байгууллагын хувьд чанаргүй, доголдолтой гүйцэтгэсэн “Н з” ХХК-ийн замын барилгын ажил дээр буталсан чулуун суурь, асфальтбетон хучилтын ажлыг хийж гүйцэтгэх нь замын чанарт нөлөөлнө гэдгийг мэдсээр байж уг ажлыг хийж гүйцэтгэн захиалагчид хохирол учруулсан байх тул түүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй ...” талаар дүгнэсэн байна.
9.5.Үүний дараа Зам, тээврийн хөгжлийн яамнаас тухайн салбарын худалдан авах ажиллагаанд оролцохдоо гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, биелүүлээгүй аж ахуйн нэгж, байгууллагын судалгааг гаргаж, хяналт шалгалт явуулах хүсэлтийг 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 03/1386 дугаар, 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 03/3741 дүгээр албан бичгээр Сангийн яаманд хүргүүлсэн (тус судалгаанд “Ч г и к” ГХОХХК бичигдсэн), тус хүсэлтийг үндэслэн Сангийн яамнаас 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдөр “... тендерт оролцогч, гүйцэтгэгч нь худалдан авах ажиллагааны хууль тогтоомж зөрчсөн эсэх, хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4, 14.1.6 дахь заалтад нөхцөл үүссэн эсэхийг шалгаж, гарсан дүгнэлт шийдвэрийг холбогдох байгууллагуудад хүргүүлж илэрсэн зөрчлийг арилгуулах, буруутай этгээдэд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэхээр холбогдох албан тушаалтанд шилжүүлэх, тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах санал гаргах ...” зорилго бүхий худалдан авах ажиллагааны хяналт шалгалтын удирдамжийг баталж, 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 04 дүгээр албан бичгээр удирдамжийн хугацааг 30 хоногоор сунгажээ.
9.6.Тухайн удирдамжийн дагуу Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагчаас “Ч г и к” ГХОХХК-д хяналт шалгалтын үйл ажиллагаа явуулж, 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 103 дугаар дүгнэлт гаргаж, дүгнэлтийн үндэслэх хэсэгтээ “... хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4 дэх заалтад заасан “гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, биелүүлээгүй эсхүл мэргэжлийн үйл ажиллагаанд алдаа гаргасныг шүүх ... тогтоосон” гэж үзэх үндэслэлтэй байна гэж дүгнэсэн, харин дүгнэлт хэсгийн 1 дэх заалтаар ““Ч г и к” ХХК-тай холбоотойгоор Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгийн бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай (2005 оны) хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4 дэх заалтад заасан нөхцөл үүссэн гэх үндэслэлгүй байна” гэж, 2 дахь заалтаар “... хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 521 дугаар зүйлийн 521.2.1 дэх заалтыг тус тус үндэслэн “Ч г и к” ХХК-ийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах саналыг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлж ...” шийдвэрлэсэн байна.
9.7.Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс хяналтын шатны шүүх хуралдаанд гомдлын үндэслэлээ “... улсын байцаагчийн дүгнэлт хоорондоо зөрчилтэй, 1 дэх заалтаараа хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4 дэх заалтад заасан нөхцөл үүссэн гэх үндэслэлгүй байна гэсэн мөртлөө 2 дахь заалтаар тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах саналтай байна гэсэн утга агуулгын илэрхий алдаатай, хоорондоо зөрчилтэй тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан илт хууль бус захиргааны акт байна ...” гэж тайлбарлаж байгаа ч нэхэмжлэгчээс анхан шатны шүүхэд “хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “илт хууль бус болохыг тогтоолгох”-оор өөрчлөөгүй, харин давж заалдах шатны шүүх хуралдаанд энэ үндэслэлээр маргасан байна.
9.8.Иймээс “... хариуцагчаас ... маргаан бүхий үйл баримтыг дүгнэлтийн Үндэслэх хэсэгтээ зөв дүгнэсэн атлаа дүгнэлт хэсэгт техникийн алдаа гаргаж, “... үндэслэлгүй” гэж бичигдсэн” гэж тайлбарлаж байгаа энэ тохиолдолд ... гомдлыг хүлээн авах боломжгүй бөгөөд энэ нь маргаан бүхий актыг хүчингүй болгох үндэслэл болохгүй” гэх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
9.9.“Ч г и к” ГХОХХК болон Зам, тээврийн яам /хуучнаар/-тай байгуулсан гэрээг цуцалснаас үүсэх үүргийн гүйцэтгэлтэй холбоотойгоор иргэний эрх зүйн харилцаанд оролцохдоо гэрээний үүргээ хэрхэн зөрчсөн, түүнээс үүдэн гарах хохирлын асуудлыг шийдвэрлэсэн иргэний хэргийн шүүхийн шийдвэр 2022 онд гарч хүчин төгөлдөр болсон, харин захиргааны эрх зүйн харилцаанд тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэсэнтэй холбогдуулан “сүүлийн 3 жилийн хугацаанд” гэдгийг иргэний хэргийн шүүхийн шийдвэр эцэслэн шийдвэрлэгдсэн 2022 оноос тооцсон нь зөв байна.
9.10.Учир нь, 2014-2015 онд Зам, тээврийн яамнаас байгуулсан Ажлын хэсгийн дүгнэлт гарч, барилгын ажил гүйцэтгэх гэрээг цуцалсан байх бөгөөд “Ч г и к” ГХОХХК-аас тухайн ажлын хэсгийн дүгнэлттэй маргаж байгаагүй, харин талууд 2016 оноос эхлэн гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбогдуулан иргэний хэргийн шүүхэд маргасан бол 2024 онд Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн дүгнэлт гарч, тус компанийн тендерт оролцох эрхийг хязгаарлах саналыг эрх бүхий этгээдэд хүргүүлсэн зэргээс үзэхэд нэхэмжлэгчид захиргааны байгууллагаас давхардуулан хариуцлага ногдуулаагүй, өөр өөр салбар эрх зүйн хүрээнд үүссэн харилцаа гэж үзэхээр байна.
9.11.Өөрөөр хэлбэл, энэхүү маргааны хувьд “Ч г и к” ГХОХХК-ийн тендерт оролцох эрхийг хязгаарласан этгээдээр бүртгэсэн нь “нэг зөрчилд давхар хариуцлага хүлээлгэхгүй байх” зарчмыг зөрчсөн гэж үзэхгүй.
9.12.Иймээс “... 2014, 2015 онд Зам, тээврийн яамны улсын байцаагч дүгнэлт гаргаж, гэрээг цуцалж шийдвэрлэсэн асуудал дээр 2024 онд улсын байцаагч дүгнэлт гаргаж, эрх цуцалж байгаа нь үндэслэлгүй, ... 2016, 2017, 2018 онд эрх хязгаарлах арга хэмжээ аваагүй нь нэхэмжлэгчийн алдаа биш, хуульд заасан 3 жилийн хугацаа дууссан гэж үзэх үндэслэлтэй ...” гэсэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдол, мөн “... сүүлийн 3 жилийн хугацаанд худалдан авах ажиллагаанд оролцохдоо зөрчил гаргасан бол тооцох байтал манай асуудал 2013 оных байгаа ...” гэх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбар тус тус үгүйсгэгдэнэ.
10.Хоёр. Сангийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 213 дугаар тушаалын тухайд:
10.1.Энэхүү маргаан бүхий актаар тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд 3 жилийн хугацаанд хамруулах жагсаалтыг хавсралтаар баталсан бөгөөд тус хавсралтын 49-т “Ч г и к” ГХОХХК хамрагдсан, тодруулбал, худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023 оны 103 дугаар дүгнэлтэд үндэслэж тухайн хуулийн этгээдийг гэрээний үүргээ биелүүлээгүй, мэргэжлийн үйл ажиллагаанд алдаа гаргасан үндэслэлээр тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтад 3 жилийн хугацаатай бүртгэсэн нь холбогдох хууль, журамд нийцжээ. Тодруулбал;
10.2.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 14.1.4, 14.1.6 дахь заалтад заасан нөхцөл үүссэнийг тогтоосон тухай энэ хуулийн 521.1-д заасан эрх бүхий улсын байцаагчийн шийдвэрийг үндэслэн тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтөлж, нийтэд мэдээлнэ”, 52 дугаар зүйлийн 52.1-д “Энэ хуулийн дагуу худалдан авах ажиллагааны талаар төрөөс хэрэгжүүлэх бодлого, арга зүй, хяналтын асуудлыг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага эрхэлж, дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:” гээд 52.1.14-т “энэ хуулийн 14.5-т заасан тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтлөх, хяналт тавих, мэдээлэх”, Засгийн газрын 2019 оны 247 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтлөх журам”-ын 2.3-т “Эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хөтөлнө”, 2.4-т “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ журмын 2.2-т заасны дагуу ирүүлсэн саналд үндэслэн 30 хоногийн дотор энэ журмын хавсралтаар баталсан маягтын дагуу тушаал гарган, эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэнэ”, 2.5-т “Иргэн, хуулийн этгээдийг эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах хугацаа нь энэ тухай төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэр гарсан өдрөөс хойш 3 (гурван) жил байна” гэж тус тус заасан.
10.3.Нэхэмжлэгч “Ч г и к” ГХОХХК нь Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 103 дугаар дүгнэлтийг эс зөвшөөрч 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр гомдол гаргасныг улсын ерөнхий байцаагч хүлээн авч хянаад, 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 03/8523 дугаар албан бичгээр “... дүгнэлт үндэслэлтэй ...” гэж шийдвэрлэсэн, улмаар 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Сангийн сайдын 213 дугаар тушаал гарснаар “Ч г и к” ГХОХХК-ийн тендерт оролцох эрхийг 3 жилийн хугацаагаар хязгаарлах этгээдийн бүртгэлд хамруулснаас үзэхэд сайдын тушаал хугацаандаа гарсан бөгөөд захиргааны байгууллагын шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй тул “... улсын байцаагч 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр саналаа хүргүүлсэн, журам ёсоор 2023 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Сайдын тушаал гарч бүртгэх ёстой, энэ хугацааг хэтрүүлсэн, ... 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн тушаалаар тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд 3 жилийн хугацаанд хамруулахаар шийдвэрлэсэн эрх зүйн зөрчилтэй акт ...” гэсэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын гомдол үндэслэлгүй.
10.4.Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... сүүлийн 3 жилийн хугацаанд алдаа дутагдал гаргасан гэдгийг нь 2022 оны иргэний хэргийн шүүхийн шийдвэрээр тогтоосон, ... нэхэмжлэгчийн алдаа зөрчил гаргасан нь уг хугацаанд багтаж байна ...” гэх тайлбар үндэслэлтэй.
10.5.Дээрх байдлаас үзэхэд, Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн зүгээс хяналт шалгалт явуулж, уг тохиолдол нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай (2005 оны) хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-т “сүүлийн 3 жилийн хугацаанд худалдан авах ажиллагаанд оролцохдоо гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, биелүүлээгүй, эсхүл мэргэжлийн үйл ажиллагаанд алдаа гаргасныг шүүх, энэ хуулийн 521.1-д заасан эрх бүхий улсын байцаагч тогтоосон” гэж заасан нөхцөлд хамаарахыг тогтоож, 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 103 дугаартай дүгнэлтийг гарган, Сангийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 213 дугаар тушаалаар тус компанийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтад 3 жилийн хугацаатай бүртгэсэн нь холбогдох хууль тогтоомжид нийцсэн буюу хуульд тусгасан “сүүлийн 3 жилийн хугацаанд ... шүүх ... тогтоосон” гэх нөхцөлд хамаарахаар байна.
11.Гурав. Хяналтын шатны шүүхээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгийн бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай (2005 оны) хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4 дэх заалтыг өмнө нь шийдвэрлэж байсан хэрэг маргаанд өөрөөр хэрэглэж, хууль хэрэглээний зөрүү гарсан эсэхийг хянахаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын гомдлыг хүлээн авсан боловч хэргийг хянах явцад тухайн хуулийн зохицуулалтыг зөрүүтэй хэрэглэсэн байдал тогтоогдсонгүй.
11.1.Тухайлбал, “Н-Е” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сангийн сайд, Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагчид холбогдох захиргааны хэрэгт “... улсын байцаагчийн 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 10 дугаар санал гарснаас хойш 3 сарын дараа Сангийн сайдын 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 180 дугаар тушаал гарсан байгаа нь хугацаа хэтэрсэн, шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчжээ. Тодруулбал, “Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэл хөтлөх журам”-ын 2.5-д “иргэн хуулийн этгээдийг эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах хугацаа нь энэ тухай төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэр гарсан өдрөөс хойш 3 жил байна” гэж зааснаар Сангийн сайдын тушаал гарсан өдрөөс эхлэн 3 жилийн хугацаа тооцох үр дагавартай, энэ тохиолдолд 2023 оны 07 дугаар сарын 12-ноос эхлэн 3 жилийн хугацааг тоолох боломжтой, гэтэл 2023 оны 09 дүгээр сарын 13-аас эхлэн хугацаа тоолох нь нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулахаар байна.”[1] гэсэн дүгнэлтээс үзэхэд, Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын ерөнхий байцаагчийн шийдвэр гарснаас хойш 30 хоногийн хугацаа хэтэрсэн, 3 сарын дараа Сангийн сайдын тушаал гарсан нь буруу гэж үзжээ.
11.2.Харин энэхүү хэргийн хувьд “Н-Е”ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргээс маргааны үйл баримтын хувьд өөр байх бөгөөд Сангийн сайдын шийдвэр гаргах хугацааг улсын ерөнхий байцаагчид гомдол гаргах 30 хоногийн хугацаанаас хойш тооцсон нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг дордуулаагүй байна.
12.Иймээс анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг баримтлан ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2024/0572 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 221/МА2025/0002 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.З-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.СОЁЛ-ЭРДЭНЭ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Д.МӨНХТУЯА
ШҮҮГЧИД Х.БАТСҮРЭН
Ц.ЦОГТ
М.БАТСУУРЬ
[1] УДШ-ийн 2024.05.20-ны өдрийн 001/ХТ2024/0057 дугаар тогтоол