Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 354

 

 

 

 

 

 

 

 

Ц.Мэндбаяр, М.Мөнхбаяр нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Зориг, Д.Гансүх нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 прокурор Э.Гэрэлмаа,

ялтан Ц.Мэндбаяр, М.Мөнхбаяр, тэдгээрийн өмгөөлөгч Д.Батбаяр,

хохирогч Ө.Батбаярын өмгөөлөгч С.Галцацрах,

нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулж,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаярын даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 164 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Ц.Мэндбаяр, М.Мөнхбаяр нарын өмгөөлөгч Д.Батбаяр, хохирогч Ө.Батбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Ц.Мэндбаяр, М.Мөнхбаяр нарт холбогдох 2016 2501 1050 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Гансүхийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1.Элжигэн овогт Цэрэндоржийн Мэндбаяр, 1963 оны 5 дугаар сарын 1-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 54 настай, эрэгтэй, дээд боловсролтой, танкийн ашиглалтын инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, охин, хүргэн, зээ нарын хамтаар Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил 13-80 тоотод оршин суух,

2004 оны 3 дугаар сарын 2-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэн 1 жил хянан харгалзагдсан, /РД:ФД63050116/,

2.Элжигэн овогт Мэндбаярын Мөнхбаяр, 1988 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн Борчүгээ 3 дугаар хэсэг гудамжны 41 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 28 дугаар байрны 158 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ФД88091411/;

Ц.Мэндбаяр, М.Мөнхбаяр нар нь бүлэглэн 2016 оны 3 дугаар сарын 2-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Да Хүрээ” техникийн зах дээр иргэн Ө.Батбаяртай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүнийг зодож биед нь “тархи доргилт, дагз, баруун шуу, хянганд зулгаралт, хүзүүний урд хэсгээрээ цус хуралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Ц.Мэндбаяр, М.Мөнхбаяр нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Элжигэн овогт Цэрэндоржийн Мэндбаяр, Элжигэн овогт Мэндбаярын Мөнхбаяр нарыг бүлэглэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар Ц.Мэндбаяр, М.Мөнхбаяр нарыг тус бүр 260 /хоёр зуун жаран/ цаг албадан ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар Ц.Мэндбаяр, М.Мөнхбаяр нар нь албадан ажил хийлгэх ялаас санаатайгаар зайлсхийвэл баривчлах ялаар сольж болохыг сануулж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Ц.Мэндбаяр, М.Мөнхбаяр нар нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Ө.Батбаяр нь гэм буруутай этгээдүүдээс хохирол нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэжээ.

Хохирогч Ө.Батбаяр давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд,

1. Тогтоох хэсгийн 2 дахь заалтад: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар Ц.Мэндбаяр, М.Мөнхбаяр нарыг тус бүр 260 цаг албадан ажил хийлгэх ял шийтгэсүгэй” гэж шийдвэрлэсэн. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан баримт болон гэрч, хохирогч, яллагдагчийн мэдүүлгээс харахад Ц.Мэндбаяр, М.Мөнхбаяр нар нь анх миний эд хөрөнгийг залилан мэхлэж авсан бөгөөд уг мөнгөө эргүүлэн авахаар очиход олон нийтийн газар намайг зодож танхайрсан, манай ах ирж тэднийг болиулаагүй бол миний биед хөнгөн зэргээс илүү гэмтэл гарч болох байсан. Гэтэл шүүх уг хоёр этгээдэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар хамгийн бага ял буюу 260 цаг албадан ажил хийлгэх ял оноосонд гомдолтой байх тул Эрүүгийн хуулийн санкцыг өөрчлөн ялыг биечлэн эдлүүлэх саналтай байна.

2.Анх цагдаагийн байгууллагад өргөдлөө гаргахдаа залилан мэхлэх гэмт хэргийн талаар дурдсан боловч энэ хэргийн талаар хангалттай нотлох баримт цуглуулаагүй, хуулийн эрх бүхий байгууллагуудад энэ талаар гомдол мэдээлэл гаргаж байсан боловч, авч хэлэлцээгүй миний эрх ашгийг хөндөж байгаад гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, ялыг биечлэн эдлүүлж, миний хөрөнгийг залилж авсан талаар холбогдох ажиллагааг хийлгүүлж өгнө үү...” гэжээ.

Ялтан Ц.Мэндбаяр, М.Мөнхбаяр нарын өмгөөлөгч Д.Батбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Шүүх нотлох баримтыг буруу үнэлж, хууль зүйн үндэслэлгүй тогтоол гаргасан гэж үзэж байна. Учир нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаас харахад /1хх-5/ хохирогч Ө.Батбаяр нь 2016 оны 3 дугаар сарын 2-ны өдөр цагдаагийн байгууллагад бусдад залилуулсан гэж гомдол гаргасан байдаг. Энэ өдөр 10 цаг 10 минутад мэдүүлэг өгөхдөө зодуулсан гэж мэдүүлсэн байдаг. Хэрэг учрал 15 цагийн үед маргалдсан асуудал болсон байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

Ялтан Ц.Мэндбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч Ө.Батбаярыг зодоогүй учраас хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү...” гэв.

Ялтан М.Мөнхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч Ө.Батбаярыг цохиж, зодсон асуудал байхгүй. Хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү...” гэв.

Хохирогч Ө.Батбаярын өмгөөлөгч С.Галцацрах тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч Ө.Батбаярын давж заалдах гомдлыг дэмжиж байна. Албан ёсоор уучлалт гуйсан бол хохирогч өнөөдөр гомдол гаргахгүй байсан. Ялтан нар хүний эрх чөлөөнд халдчихаад гэм буруугаа огт хүлээхгүй байна. Гэм буруугаа хүлээхгүй байгаа учраас баривчлах ял оногдуулж өгнө үү...” гэв.

Прокурор Э.Гэрэлмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хохирогчийн гаргасан гомдолд шүүгдэгч нарт оногдуулсан ял хөнгөдсөн, мөн залилангийн үйлдлийг шалгуулж өгнө үү гэсэн асуудал байна. Гэтэл  мөрдөн байцаалтад залилан мэхэлсэн үйлдэл байна уу гэдгийг хангалттай шалгасан. Шүүгдэгч нарын өмгөөлөгч залилуулсан гэж өргөдөл бичээд дараа нь зодуулсан талаар мэдүүлээд байна гэсэн. Улсын ерөнхий прокурорын 2015 оны А88 тушаалаар батлагдсан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд дагаж мөрдөх аргачилал, зааврын 1.1.10 дахь хэсэгт 1 этгээдэд хамааралтай, эсхүл 1 үйл явдал болон 2 ба түүнээс дээш гомдол мэдээллийг 1 бүртгэлд авч шалгана гэсэн зааврын дагуу иргэн Ө.Батбаяраас гаргасан бусдад залилуулсан болон Ц.Мэндбаярт зодуулсантай холбоотой асуудлыг 1 гомдол бүртгэлд оруулж шалгасан. Дээрх ажиллагааг мөрдөн байцаалтын шатанд хийж залилан мэхэлсэн үйлдэл нь тогтоогдохгүй байна гэж үзэн хэргийг хэрэгсэхгүй болгосон, харин бусдад зодуулсан үйлдлийг нь шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан шударга ёсны зарчмыг баримталж гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан гэм хорыг харгалзан ялтан нарт албадан ажил хийлгэх ял оногдуулсан. Албадан ажил хийлгэх ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт албадан ажил, эсхүл баривчлах ялаар шийтгэдэг. Шүүхээс хөнгөрүүлж байгаа нөхцөл байдал нь хохирогчийн зүгээс нэхэмжилж байгаа зүйлгүй. Зөвхөн дээрх хүмүүст зодуулсандаа гомдолтой байна гэсэн асуудлыг тавьдаг. Хүндрүүлж үзэх нөхцөл байдлын хувьд Ц.Мэндбаяр, М.Мөнхбаяр нар нь бүлэглэн үйлдсэн байдлыг харгалзан үзээд шүүх тохирох ял шийтгэлийг оногдуулсан гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. Хохирогч болон ялтан нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байх тул гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “ …шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна…” гэсэн хуулийн шаардлагад нийцжээ.

 

Ц.Мэндбаяр, М.Мөнхбаяр нар нь бүлэглэн 2016 оны 3 дугаар сарын 2-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Да Хүрээ” зах дээр иргэн Ө.Батбаяртай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүнийг зодож биед нь “тархи доргилт, дагз, баруун шуу, хянганд зулгаралт, хүзүүний урд хэсгээрээ цус хуралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ө.Батбаяр /1хх-22, 24-25, 2хх-36/, мөрдөн байцаалтад гэрч Ө.Баяраа /1хх-38/, Ж.Батболд /1хх-81/, С.Онон /хх-105-106/ нарын өгсөн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 3119 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-28/, шинжээч эмч Б.Ариунзулыг байцаасан тэмдэглэл /1хх-83/ болон хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Энэ хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан бөгөөд шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан нотлох баримтад үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, ялтан Ц.Мэндбаяр, М.Мөнхбаяр нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруу, учруулсан хохирлын хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон хуульд заасан төрөл, хэмжээний ял шийтгэл оногдуулсан, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх “...Ц.Мэндбаяр нь урд 2004 онд хүндэвтэр гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан бөгөөд Эрүүгийн хуульд заасан ялтай байдлын хугацаа дууссан  тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн ... Ц.Мэндбаяр, М.Мөнхбаяр нарт ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, нийгмийн аюулын шинж чанар, хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй зэргийг харгалзан үзэж шүүхээс албадан ажил хийлгэх ял шийтгэл оногдуулах нь зүйтэй...” гэж хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн дүгнэлт хийсэн, хэргийн зүйлчлэл зөв байна.

Ялтан Ц.Мэндбаяр, М.Мөнхбаяр нарын өмгөөлөгч Д.Батбаярын: “…Шүүх нотлох баримтыг буруу үнэлж, хууль зүйн үндэслэлгүй тогтоол гаргасан гэж үзэж байна. Учир нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаас харахад /1хх-5/ хохирогч Ө.Батбаяр нь залилуулсан гэж 2016 оны 3 дугаар сарын 2-ны өдөр Цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, энэ өдөр 10 цаг 10 минутад мэдүүлэг өгөхдөө зодуулсан тухай мэдүүлсэн байдаг. Хэрэг учрал нь 15 цагийн үед маргалдсан асуудал болсон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн гомдлуудын дагуу хэргийн нөхцөл байдлыг хянаж үзвэл:  

мөрдөн байцаалтад хохирогч Ө.Батбаярын өгсөн: “...Мэндбаяр намайг заамдаж авсан, тэгсэн хажуугаар Мэндбаярын хүү Мөнхбаяр “чи яахаараа миний эцгийг доромжилдог юм” гэж хэлээд миний толгойн тус газар гараараа нэг удаа цохисон, би тэдэнтэй барилцаад авахад Мэндбаяр, Мөнхбаяр хоёр хашаа мөргүүлсэн, машин хашаа хоёрын завсар намайг оруулж, Мөнхбаяр шилбэ рүү өшиглөөд Мэндбаяр нь хоолой тус газарт боож, хэвлийн тус газар 2-3 удаа гараараа цохисон. Тэгээд би тусламж гуйж “миний ах руу энэ утас руу залгаж өгөөч” гэж хашгираад ахынхаа 99221224 гэсэн дугаарыг хэлж тусламж гуйсан. Тэгж байхад миний хоолойнд боолт орсон би хэсэг хугацаанд ухаан манарсан, тэгсэн тэнд явж байсан нэг залуу бид нарыг салгах гэхэд Мэндбаярын хүргэн гэх залуу тэр хүнийг “Чамд хамаагүй зайл” гэж хэлээд хөөгөөд явуулсан. Дахин тусламж гуйгаад хүмүүс рүү хандаж байсан. Тэгсэн тэнд явж байсан хүн миний хэлсэн дугаар руу залгаж ах руу хэлсэн байсан. ... Тэгээд ах Ө.Баяраа ирж залгаад цагдаад дуудлага өгсөн боловч цагдаа ирээгүй, тэгээд би Мэндбаярыг бариад хамт цагдаа дээр ирсэн...” /1хх-22/,

шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ө.Батбаярын өгсөн: “...2016 оны 3 дугаар сарын 2-ны өдөр 14 цагийн орчим ... Мэндбаяр дээр очиж мөнгөө нэхсэн боловч өгөхгүй, бид хоёр маргалдсан. Тэгтэл хажуу талаас Мөнхбаяр “миний эцгийг доромжилдог хэн юм бэ” гээд намайг цохисон, тэгээд харилцан зодоон болсон. Энэ хоёр шүүгдэгч намайг олон нийтийн газарт дээрэлхсэн нь үнэн, би тусламж гуйж ах руу ярих гэтэл яриулахгүй байсан. Хөндлөнгийн хүн ах руу утсаар мессеж бичсэн байсан...” / 2хх-36/,

мөрдөн байцаалтад гэрч Ө.Баяраагийн өгсөн: “...2016 оны 3 дугаар сарын 2-ны өдөр ... миний утсанд 88023346 гэсэн дугаараас нэг эмэгтэй хүн залгаад “энд нэг залууг хоёр залуу барьж аваад зодоод байна, чиний тусламж хэрэгтэй байна, дугаар луу чинь залгаад өг гээд орилоод байна” гэхээр нь би Ононтой хамт “Да Хүрээ” зах руу ортол Ө.Батбаярыг үл таних хөгшин залуу хоёр хүн хашаа руу шахаад хашаа мөргүүлчихсэн хөгшин нь манай дүүгийн хэвлийн тус газар цохиж байгаа харагдахаар нь би наанаас нь гүйж очоод салгаж бидний хооронд маргаан үүссэн...” /1хх-38/,

мөрдөн байцаалтад гэрч Ж.Батболдын өгсөн: “...2016 оны 3 дугаар сарын 2-ны өдөр ... “Да Хүрээ” зах руу ортол үүдэнд нь нэг залууг  хоёр залуу 2 талаас нь бариад авчихсан зогсож байсан машины урд хэсгээс чирээд машины ар тал руу гаргаад хашаа руу түлхэж тулгаад хувцаснаас нь зуураад байсан. ... муудалцаж байгааг нь мэдээд болиоч гэсэн чинь нөгөө бариулчихсан байсан залуу над руу хандаж 88731223 дугаар луу залгаад дуудаад өгөөч гэхээр нь би утсаа гаргаж ирээд залгах гэтэл тэр хавийн машин зарж байсан хүмүүс “чи оролцоод хэрэггүй наад хүмүүсийн чинь хоорондын асуудал” гээд байсан. тэгэхээр нь би залгахаа болиод цааж явж байхдаа дээрхи дугаар луу “Өрийн чинь тусламж энд хэрэг болоод байх шиг байна” гэсэн утгатай мессеж бичиж явуулсан...” /1хх-81/,

мөрдөн байцаалтад гэрч С.Ононгийн өгсөн: “...2016 оны 3 дугаар сарын 2-ны өдөр ... Баяраагийн утсанд “Авраарай туслаарай гээд хүн орилоод байна” гэсэн мессеж ирсэн ба тэр үед Баяраа бид 2 хүн андуурсан юм байлгүй гээд тоогоогүй байж байтал 2-3 минутын дараа мөн нэг хүн Баяраагийн утас руу залгаад “энд нэг хүн тусламж эрээд Баяраа гэдэг хүнийг дуудаад өг хүнд зодуулаад байна” гэхээр нь би түрүүлж машинаас буугаад Да Хүрээ зах руу ороод 20 метр орчим яваад булан эргээд хойшоо хартал Ө.Батбаярыг үл таних хоёр эрэгтэй хүн хашаанд шахчихсан заамдаж сэгсрээд хашаа мөргүүлж байсан...” /хх-105-106/ гэх мэдүүлгүүд болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 3119 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-28/, шинжээч эмч Б.Ариунзулыг байцаасан тэмдэглэл /1хх-83/ зэрэг хавтас хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар ялтан Ц.Мэндбаяр, М.Мөнхбаяр нар нь бүлэглэн иргэн Ө.Батбаяртай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүнийг зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хөдөлбөргүй нотлогдсон, энэ талаар анхан шатны шүүхийн гаргасан дүгнэлтийг үгүйсгэх, няцаах нөхцөл байдал тогтоогдоогүй тул ялтны өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангах хуулийн үндэслэлгүй байна.

Хохирогч Ө.Батбаярын: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар хамгийн бага ял буюу 260 цаг албадан ажил хийлгэх ял оноосонд гомдолтой байна. Анх цагдаагийн байгууллагад өргөдлөө гаргахдаа залилан мэхлэх гэмт хэргийн талаар дурдсан боловч энэ хэргийн талаар хангалттай нотлох баримт цуглуулаагүй, хуулийн эрх бүхий байгууллагуудад энэ талаар гомдол мэдээлэл гаргаж байсан боловч, авч хэлэлцээгүйд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, ялыг биечлэн эдлүүлж, миний хөрөнгийг залилж авсан талаар холбогдох ажиллагааг хийлгүүлж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлыг хангах хуулийн үндэслэлгүй байна.

Учир нь, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр Ц.Мэндбаярт эрүүгийн хэрэг үүсгэн нэмэлт нотлох баримтыг цуглуулах бүхий л ажиллагааг хийсэн боловч хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Ц.Мэндбаяр дээрх залилан мэхлэх гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдоогүй гэх үндэслэлээр “Яллагдагчид холбогдох зарим хэсгийг хэрэгсэхгүй болгох тухай” Баянзүрх дүүргийн прокурорын 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 679 дүгээр тогтоолоор 2016 2501 1050 дугаартай эрүүгийн хэргээс нь залилан мэхэлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.

Түүнчлэн, шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн хэлэлцүүлэгт хохирогч Ө.Батбаяр “...шүүгдэгч нараас нэхэмжлэх зүйл байхгүй...”  /1хх-234/ гэж мэдүүлсэн болон тэрээр гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх баримт сэлтээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 42 дугаар зүйлийн 42.3.2-т зааснаар гаргаж өгөөгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүхээс ялтан Ц.Мэндбаяр, М.Мөнхбаяр нарт 260 цагийн албадан ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн тул “...оногдуулсан ялыг өөрчлөн биечлэн эдлүүлэх, залилан мэхлэх гэмт хэргийг хамтатган шийдвэрлүүлэх...” талаар гомдол гаргасан хохирогч Ө.Батбаярын давж заалдсан гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Ц.Мэндбаяр, М.Мөнхбаяр нарын өмгөөлөгч Д.Батбаяр, хохирогч Ө.Батбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.