Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 113

 

  Х.Б-д холбогдох эрүүгийн

   хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг,

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор А.Оюунгэрэл,

шүүгдэгч Х.Б,  

нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулан,

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 02 дугаар шийтгэх тогтоол, Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 24 дүгээр магадлалтай, Х.Б-д холбогдох 201214000546 дугаартай хэргийг шүүгдэгч Х.Б-ийн гомдлоор хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1970 онд төрсөн, эрэгтэй, 2011 онд Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 280 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан Б овогт Х-ийн Б нь Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулах”, Эрүүгийн хуулийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт заасан “Зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Х.Б-г тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан, зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар тус тус шийтгэж,

-Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Х.Б-д Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялд Эрүүгийн хуулийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг багтааж биечлэн эдлэх ялыг 2 жилийн хугацаагаар тогтоож,

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар Х.Б-ийн эдлээгүй үлдсэн 1 жил 11 сар 17 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-гаас 3.717.800 төгрөг гаргуулан хохирогч Т.Э-д олгож, үлдэх 6.742.040 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй орхиж шийдвэрлэжээ.

Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Б-ийн гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Илтгэгч шүүгч Ч.Хосбаярын хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор А.Оюунгэрэлийн саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Х.Б хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Энэ хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа хэт нэг талыг барьж, шударга бус явагдсан. Би хүн мөргөж зугтаах гэмт хэрэг үйлдээгүй. Хавтаст хэрэгт “Тоеота ланд круйзер-100” маркийн У*** **-55 улсын дугаартай тээврийн хэрэгслээр тухайн гэмт хэргийг үйлдсэн гэдгийг тогтоогоогүй. Гэрч Б.Д, насанд хүрээгүй гэрч Э, хөдөө очсон айлын хүмүүсийн мэдүүлэг нь намайг хүн мөргөж, зугтаагаагүй гэдгийг гэрчилнэ. Хохирогчид учирсан гэмтлийн талаар шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулах шаардлагатай. Гэрч М, Н нарын мэдүүлгийг үндэслэж хэргийг шийдвэрлэсэн. Эдгээр гэрчүүдийн мэдүүлэг хоорондоо зөрүүтэй эргэлзээтэй байдаг. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 131 дүгээр зүйл, 153 дугаар зүйлд заасан туршилт хийх, мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааг хийгээгүй. Энэ мэт мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хэт нэг талыг барьж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг үнэн зөв шударгаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

Прокурор А.Оюунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “....Х.Б-ийн үйлдсэн гэмт хэрэг нь мөрдөн байцаалтын шатанд хуульд заасан үндэслэл журмын дагуу цугласан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон, хэргийн зүйлчлэл тохирсон, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна...” гэв.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны ба үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн шаардлагыг хангасан гэж дүгнэв.

Шүүгдэгч Х.Б нь 2012 оны 11 дүгээр сарын 22-ны орой Орхон аймгийн Баян-Өдөр сумын Рашаант багийн нутаг дэвсгэрт байрлах зам дээр **-55 У** улсын дугаартай “Тоёото ланд круйзер-100” маркийн авто машин жолоодож яваад Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчин явган зорчигч Т.Э-ыг мөргөж биед нь хүнд гэмтэл учруулж, улмаар зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Т.Э, гэрч Г.М, М.Н нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогдсон тухай анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

          Шүүхээс Х.Б-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон, хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

          Х.Б-д холбогдох хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг бодитой тогтоосон байх тул шүүгдэгч Х.Б-ийн “...мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу, нэг талыг барьж явагдаж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн...” гэсэн гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэв.

          Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1.4-д байцаан шийтгэх ажиллагааны зардалд өмгөөлөгчид төлсөн зардлыг хамааруулжээ. Энэ нь Эрүүгийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу төрөөс өмгөөлөгч оролцуулах явдлыг хангасантай холбогдон гарсан өмгөөлөгчийн унааны зардал, өмгөөллийн хөлс бусад зардлаас бүрдэх бөгөөд мөн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар төр хариуцна. Харин төлбөрийн чадвартай иргэний хүсэл зоригийн дагуу байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд заасан хөлс нь дээрх зардалд хамаарахгүй болно.

          Иймээс анхан болон давж заалдах шатны шүүх хохирогчийн өмгөөлөгчийн хөлс 700,000 төгрөгийг Х.Б-гаас гаргуулж, хохирогч Т.Э-д олгуулахаар шийдвэрлэснийг хуулийг буруу ойлгож хэрэглэсэн гэж үзэж зөвтгөн шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 02 дугаар шийтгэх тогтоол, Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 24 дүгээр магадлалын тогтоох хэсэгт “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-гаас 3.017.800 төгрөгийг гаргуулан хохирогч Т.Э-д олгож...,” гэсэн өөрчлөлтийг оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Б-ийн гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.  

 

 

 

ДАРГАЛАГЧ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                Т.УРАНЦЭЦЭГ

 

 

ШҮҮГЧ                                                                          Ч.ХОСБАЯР