| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарантуяагийн Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2016/5970/и |
| Дугаар | 5021 |
| Огноо | 2016-07-01 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 5021
| 2016 оны 07 сарын 01 өдөр | Дугаар 101/ШШ2016/05021 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: ххххххххххххтоотод оршин суух, 43 настай, эрэгтэй, Б овогт Т.Эийн /РД: ххххххххх/ нэхэмжлэлтэй
Хариуцагч: хххххх тоотод оршин суух, 37 настай, эрэгтэй, Б овогт У.Ут /РД:........./ холбогдох
33.500.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мянган,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Дэлгэрсайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мянган шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хариуцагч У.У нь 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 33.500.000 төгрөгийг Т.Эээс хүүгүй зээлж аваад 2016 оны 03 дугаар сарын 20-ны өдөр буцааж өгөхөөр тохирсон. Тэрээр мөнгө зээлж авсан өдрөө 33.500.000 төгрөгийг хүүгүй зээлсэн болон 2016 оны 03 дугаар сарын 20-ны өдөр буцаан төлөх бичгийг өөрийн гараар үйлдэж өгсөн.
Зээл төлөх хугацаа болоход У.У зээлээ төлөөгүй бөгөөд өнөөдрийг хүртэл зээл төлөх ямар нэг арга хэмжээ аваагүй. Иймд У.Уаас 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүүгүй зээлсэн 33.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.Э нь хариуцагч У.Ут холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 33.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Т.Э нь У.Утай харилцан тохиролцож, түүнд 2016 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр 33.500.000 төгрөгийг 2 сарын хугацаатай, хүүгүйгээр зээлсэн болох нь зохигчийн шүүхэд өгсөн болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбар, хариуцагч У.Уын 33.500.000 төгрөгийг 2016 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Т.Эт өгөх тухай хүсэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
/ХХ-ийн 5 дугаар тал/
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ.
Хариуцагч У.У нь 2016 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр нэхэмжлэгч Т.Этэй харилцан тохирч зээлсэн 33.500.000 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч нь хариуцагчаас 33.500.000 төгрөг гаргуулахаар буцаан шаардсан нь үндэслэлтэй байна.
Иймд хариуцагч У.Уаас 33.500.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Эт олгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүрэгтэй.
Хариуцагч У.У нь 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэлийг хүлээн авсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй, хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож хэргийг шийдвэрлэлээ.
Хариуцагч У.Ут 2016 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 10 цаг 30 минутад шүүх хуралдаан болохыг боломжит хугацаанд буюу 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мянганы хүсэлтийн дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурьдав.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүлэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар хариуцагч У.Уаас 33.500.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Эт олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шүүийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Т.Эийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 325.500 төгрөгөөс илүү төлсөн 50 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх хэсэг болох 325.450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч У.Уаас 325.450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Эт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН