| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнямын Цогтсайхан |
| Хэргийн индекс | 192/2025/00467/И |
| Дугаар | 210/МА2025/00870 |
| Огноо | 2025-05-23 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 210/МА2025/00870
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 192/ШШ2025/02618 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч ******* ХХК-д холбогдох,
Гэрээ цуцалсантай холбоотойгоор урьдчилгаа төлбөр 17,092,500 төгрөг, алданги 14,697,936 төгрөг, нийт 31,790,436 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, *******, хариуцагчийн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:
1.1. Нэхэмжлэгч ******* ХХК нь 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хариуцагч ******* ХХК-тай төмөр бетон хийц нураалтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан ба тус гэрээгээр захиалагч нь төлбөрийг гэрээнд заасны дагуу төлөх, ажил гүйцэтгэгч нь төмөр бетон хийц нураалтын ажлыг тохирсон хугацаа, нөхцөлөөр өөрийн материал, багаж, техник хэрэгсэл, ажиллах хүчийг ашиглан чанарын өндөр түвшинд доголдолгүй хийж гүйцэтгэн хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн.
Тус гэрээнд гэрээний үнийн дүнг нэмэгдсэн өртгийн албан татвар орсон байдлаар 75,000,000 төгрөг байх ба захиалагч нь гэрээний үнийн дүнгийн 30 хувь болох урьдчилгаа төлбөрийг гэрээ батлагдсанаар ажил гүйцэтгэгчийн нэхэмжлэхэд үндэслэн ажлын 5 хоногт багтаан олгохоор заасны дагуу 22,500,000 төгрөгийг 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хариуцагч ******* ХХК-ийн дансанд шилжүүлсэн.
1.2. Хариуцагч ******* ХХК нь төмөр бетон нураалтын ажлыг 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 1 сарын хугацаанд хийж гүйцэтгэн захиалагчид хүлээлгэн өгөх байсан боловч 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар 7.21 хувийн ажлын гүйцэтгэлтэйгээр ажлаа орхиж явсан ба гэрээнд заасан ажлыг хангалтгүй гүйцэтгэн төслийн талбай, гэрээт ажлыг хаяж явсан ноцтой зөрчил гаргасан.
1.3. Нэхэмжлэгч ******* ХХК -аас 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдөр ажлаа үргэлжлүүлэн хийх тухай мэдэгдлийг хариуцагч ******* ХХК-д хүргүүлсэн, хуульд заасны дагуу нэмэлт хугацаа олгосон боловч хариуцагч ******* ХХК нь ирээгүй, мэдэгдэлд хариу өгөөгүй бөгөөд ажлыг цаашид гүйцэтгэж чадахгүй нь илэрхий болсон тул гэрээг цуцалсан.
1.4. Нэхэмжлэгч ******* ХХК нь урьдчилгаа төлбөрөөс дутуу хийсэн ажлын хөлс, зардлыг хасаж тооцоод үлдэх төлбөр, гүйцэтгээгүй ажлын үнэлгээ, хугацаа хэтрүүлсэн хоногоор тооцсон алдангийг тус тус нэхэмжилж байна.
Тодруулбал, хариуцагч ******* ХХК нь нийт ******* ажлаас 19 м3 ажлыг гүйцэтгэсэн. Гэвч энэ ажлыг гүйцэтгэхдээ хог хаягдлыг цэвэрлээгүй, тээвэрлээгүй явсан тул тухайн ажлын 50 хувь гэж тооцоод ******* м3 ажил гүйцэтгэсэн ба энэ нь нийт ажлын 7.21 хувь болно. Хариуцагч ******* ХХК-ийн гүйцэтгэсэн ажилд ногдох ажлын хөлс, зардал 5,407,500 төгрөг болох бөгөөд үүнийг урьдчилгаа 22,500,000 төгрөгөөс хасаж тооцоод урьдчилгаа төлбөрт 17,092,500 төгрөгийг гаргуулна.
Мөн нэхэмжлэгч ******* ХХК нь гэрээнд зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.3 хувийн алдангийг шаардах эрхтэй тул ажил хаяж явсан 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөр тасалбар болгож, гэрээ цуцлах тухай мэдэгдэл хүргүүлсэн 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл 69,592,500 төгрөгийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн гэж үзэн үүнээс алдангийг тооцоход 14,697,936 төгрөг болно.
Иймд хариуцагч ******* ХХК -аас гэрээний үүргийн зөрчлийн улмаас гэрээ цуцалсантай холбогдуулан урьдчилгаа төлбөр болох 17,092,500 төгрөг, алданги 14,697,936 төгрөг, нийт 31,790,436 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч ******* ХХК-ийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Хариуцагч ******* ХХК нь 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэгч ******* ХХК -тай төмөр бетон хийц нураалтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулан нураалтын ажлаа хийж эхлэн ажиллаж байх хугацаанд эрсдэлтэй, осол гарах /амь насаа алдах/ нөхцөл бий болсон учраас ажлаа үргэлжлүүлэх боломжгүй болсон. Учир нь 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр ажилчид өдрийн хоолонд ороод ирэх хооронд дээд давхраас бетон унасан байсан. Хариуцагч ******* ХХК нь нэхэмжлэгч ******* ХХК -аас дээд давхарт барилгын ажил явагдаж байгаа эсэхийг асуухад усралтын ажил явагдаж байгаа, ямар нэгэн эрсдэл байхгүй, та нар ажлаа үргэлжлүүл гэсэн хариу өгсөн.
Миний хувьд ажилтнуудаа осол гарах эрсдэлтэй талбайд оруулж ажиллуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн учраас дээд давхрын угсралтын ажлыг зогсоох, эсхүл бидний аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авч өгсний дараа нураалтаа хийнэ гэдэг шаардлага тавьсан боловч манай шаардлагыг хүлээж аваагүй учир ажлаа зогсоохоос өөр аргагүй байдалд хүрсэн буюу хариуцагч ******* ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болсон учраас ажлаа зогсоосон.
Тухайн үед нураалтын ажилтай зэрэгцэн дээд давхарт угсралтын ажил явагдаж байсан бөгөөд хэв хашмал хуулж авахдаа дээрээс бетон унагаасан байсан.
2.2. Дээрх эрсдэлтэй нөхцөл болох хүртэл хугацаанд хариуцагч ******* ХХК нь гэрээгээр хийж гүйцэтгэх ажлын 60 орчим хувийг нураасан байсан. Гэтэл 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдөр ирүүлсэн мэдэгдэлд ажлын гүйцэтгэл 13 хувьтай байна гэж дурдсан байтал нэхэмжлэлд 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар 7.21 хувийн ажлын гүйцэтгэлтэйгээр ажлаа орхиж явсан гэж дурдан 31,790,436 төгрөгийг шаардаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй, нураалтын ажлыг хэдэн хувийн гүйцэтгэлтэй хийсэн гэдэг нь тодорхойгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч ******* ХХК -аас 24,219,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК -д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7,571,436 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч ******* ХХК -аас төлсөн 316,903 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч ******* ХХК -аас улсын тэмдэгтийн хураамжид 279,045 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК -д олгож тус тус шийдвэрлэжээ.
4. Хариуцагч ******* ХХК-ийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Хариуцагч ******* ХХК нь барилгын нураалтын ажил эрхлэн үйл ажиллагаа явуулдаг ба нэхэмжлэгч ******* ХХК -тай 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр төмөр бетон хийц нураалтын ажил хийж гүйцэтгэхээр гэрээ байгуулан нураалтын ажлаа хийж эхлэн ажиллаж байх хугацаанд буюу 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр ажилчид өдрийн цайндаа орох үед таазнаас бетон унаж, осол гарах эрсдэлтэй нөхцөл бий болсон учраас ажлаа үргэлжлүүлэх боломжгүй болсон. Энэ тухай нэхэмжлэгч ******* ХХК -д мэдэгдэн аюулгүй байдлыг хангаж өгөхгүй бол ажлаа үргэлжлүүлэх боломжгүй талаар мэдэгдсэн.
4.2. Нэхэмжлэгч ******* ХХК -аас ажиллах орчин аюул эрсдэлгүй болсон, ажиллаж болох талаар хариуцагч ******* ХХК-д мэдэгдэлгүйгээр өөр компаниар нураалтын ажлыг үргэлжлүүлэн хийж гүйцэтгүүлсний дараа гэрээний үүргээ ноцтой зөрчиж, гэрээ цуцалсан үндэслэлээр 31,790,436 төгрөгийг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.
4.3. 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдаан хойшилж, дараагийн шүүх хуралдаан 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр товлосон талаар шүүгчийн туслах мэдэгдсэн. Гэтэл шүүгчийн туслах 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр товлогдсон шүүх хуралдааны товыг буруу мэдэгдсэний улмаас хариуцагч тал шүүх хуралдаанд оролцож чадаагүй. Хариуцагч талыг шүүх хуралдаанд оролцож нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, нотлох баримт гарган өгөх, тайлбар гаргах боломжоор хангалгүйгээр түүний эзгүйд шүүх хэргийг шийдвэрлэсэн. Иймд мэтгэлцэх зарчмыг зөрчиж хэргийг хянан шийдвэрлэсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэв.
5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:
5.1. Хариуцагч ******* ХХК-ийн ...ажлаа үргэлжлүүлэх боломжгүй болсон ба энэ тухай захиалагчид аюулгүй байдлыг хангаж өгөхгүй бол ажил үргэлжлэх боломжгүй талаар мэдэгдсэн гэх тайлбарын тухайд, барилгын талбайн хойд талд 4 дүгээр давхраас хэв хашмал хуулах үед 10 см-ийн зайгаар бетоны жижиг хэлтэрхий унасан тохиолдол 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр гарсан ба хэдийгээр осол аваар гараагүй боловч нэхэмжлэгч ******* ХХК нь дотоод журмынхаа дагуу уг тохиолдлыг газар дээр нь судлан шалгах үйл ажиллагааг зохион байгуулж, уг тохиолдлыг судлан шалгаж дуусах хүртэл барилгын ажлыг 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хэдэн цагаар түр зогсоосон.
Ийнхүү уг тохиолдлыг судлан шалгаж дуусаад хариуцагч ******* ХХК -ийг ажилдаа эргэн орох талаар мэдэгдсэн боловч эргэж ирээгүй, ажлаа хаяж явсан. Хариуцагч ******* ХХК-ийн зүгээс дээрх тохиолдолтой холбоотой аливаа шаардлага, мэдэгдэл, хүсэлт огт ирүүлж байгаагүй.
5.2. Хариуцагч ******* ХХК-ийн нэхэмжлэгч ******* ХХК -аас ажиллах орчин аюул эрсдэлгүй болсон, ажиллаж болох талаар мэдэгдэлгүйгээр өөр компаниар ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгүүлсэн гэх тайлбарын тухайд, хариуцагч ******* ХХК нь гэрээний дагуу төмөр бетон хийц нураах ажлыг тохирсон хугацаа, нөхцөлөөр чанарын өндөр түвшинд доголдолгүй хийж гүйцэтгэн 2024 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүлээлгэн өгөх байсан боловч хариуцагч ******* ХХК нь 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр ажлаа дутуу гүйцэтгэлтэйгээр хаяж явсан бөгөөд үүнтэй холбоотой нэхэмжлэгч ******* ХХК-ийн зүгээс 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн мэдэгдлээр гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэх нэмэлт хугацаа тогтоож өгсөн. Хариуцагч ******* ХХК уг хугацаанд аливаа хариу арга хэмжээ аваагүй, хариу өгөөгүй, гэрээнд заасан ажлыг гүйцэтгэж чадахгүй болох нь илэрхий болсон тул 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр гэрээ цуцлах тухай албан мэдэгдлийг хүргүүлсэн.
Улмаар нэхэмжлэгч ******* ХХК нь нураалтын ажлыг гүйцэтгүүлэх дараагийн гэрээлэгчтэй 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдөр гэрээ байгуулан ажлаа эхлүүлсэн болно.
5.3. Хариуцагч ******* ХХК-ийн шүүх хуралдааны тов буруу мэдэгдсэний улмаас хариуцагч тал шүүх хуралдаанд оролцож чадаагүй гэх тайлбарын тухайд, анхан шатны шүүх хуралдааныг 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр зарласан боловч хариуцагч ******* ХХК нь хурлын товыг андуурсан гэх шалтгаанаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй. Улмаар дараагийн шүүх хуралдааныг 14 хоногийн дараа буюу 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр зарласан. Хариуцагч ******* ХХК нь тухайн өдөр мөн товоо андуурч 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр гэж бодсон гэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй. Өөрөөр хэлбэл, хариуцагч ******* ХХК нь тов андуурсан гэдэг шалтгаанаар хоёр удаа шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй.
Иймд хариуцагч ******* ХХК нь удаа дараа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгч ******* ХХК-ийн зүгээс Иргэний шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасны дагуу түүний эзгүйд хэргийг шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлтийг шүүх хүлээн авч шийдвэрлэсэн.
Хариуцагч ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, нотлох баримт гарган өгөх, тайлбар гаргах боломжоор хангалгүй хэргийг шийдвэрлэсэн гэж тайлбарлаж байгаа боловч хэрэг үүсгэх тухай шүүгчийн захирамж гарсан 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл тайлбар, хүсэлт болон нотлох баримтаа гарган өгөх бүрэн боломжтой байсан. Иймд анхан шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан гэрээ цуцалсантай холбоотойгоор урьдчилгаа төлбөр 17,092,500 төгрөг, алданги 14,697,936 төгрөг, нийт 31,790,436 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч тал эс зөвшөөрч маргажээ.
3. Талууд 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр төмөр бетон хийц нураалтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр ажил гүйцэтгэгч ******* ХХК нь ******* барилгын *******, ******* болон 1, 2 дугаар давхарт төмөр бетон бүтээцийн нураалтыг 30 хоногт багтаан хийж гүйцэтгэх, захиалагч ******* ХХК нь гэрээнд заасны дагуу 75,000,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ.
Дээрх гэрээнд заасны дагуу ******* ХХК нь 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр ******* ХХК-ийн эзэмшлийн ******* дахь 5626198517 тоот дансанд урьдчилгаа төлбөрт 22,500,000 төгрөг шилжүүлсэн, энэ талаар талууд маргаагүй. /хх-57/
4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь гэрээний эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон.
5. ******* ХХК нь 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд хийж гүйцэтгэхээр тохиролцсон боловч хариуцагч ******* ХХК нь нийт ******* ажил гүйцэтгэхээс ******* талбайг нурааж гүйцэтгэсэн болох нь хэрэгт авагдсан тооцооллын зураг болон бусад баримтуудаар тогтоогдсон. /хх-62-68/
Хариуцагч ******* ХХК нь ажил гүйцэтгэх гэрээнд заасан хугацаанд төмөр бетон нураах үүргээ бүрэн биелүүлээгүй, хугацаа хожимдуулсан талаар удаа дараа албан бичгээр шаардсан байх тул нэхэмжлэгч ******* ХХК нь 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр гэрээ цуцлах тухай мэдэгдлийг хүргүүлснээр талуудын байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ цуцлагдсан байна. /хх-58-60/
Хариуцагч ******* ХХК нь гүйцэтгэсэн ажлын хэмжээ болон өөр компаниар үргэлжлүүлэн гүйцэтгүүлсэн гэх байдлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй тул уг давж заалдах гомдлыг хангахгүй.
6. Нэхэмжлэгч ******* ХХК нь гэрээний урьдчилгаанд шилжүүлсэн 22,500,000 төгрөгөөс хариуцагчийн гүйцэтгэсэн ажлын үнэлгээ 10,800,000 төгрөгийг хасаж, үлдэх 11,700,000 төгрөгийг хариуцагч ******* ХХК -аас буцаан шаардах эрхтэй.
Анхан шатны шүүх хариуцагч ******* ХХК -аас гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 11,700,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК -д олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасанд нийцжээ.
Талууд гэрээний 8-д Хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувьтай тэнцүү дүнгээр алданги тооцох-оор тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцсэн байна. Хариуцагч ******* ХХК нь гэрээнд заасан хугацаанд гэрээт ажлыг хугацаандаа гүйцэтгээгүй буруутай байх тул нэхэмжлэгч ******* ХХК нь алданги шаардах эрхтэй.
Иймд шүүх хариуцагчийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс гэрээнд заасан 0.3 хувиар алдангийг 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс 08 дугаар сарын 16-ны өдөр хүртэл хугацаа хэтэрсэн хоногоор тооцвол 12,519,000 төгрөг гэж дүгнэж, уг хэмжээгээр алдангийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
7. Анхан шатны шүүх дээрх тооцоог нэгтгэн дүгнэж, хариуцагч ******* ХХК -аас ажил гүйцэтгээгүй үүрэгт 11,700,000 төгрөг, алданги 12,519,000 төгрөг, нийт 24,219,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК -д олгож шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэх журамд нийцсэн байна.
8. Нэхэмжлэгч ******* ХХК нь гэрээнээс татгалзсантай холбоотойгоор учирсан хохирол шаардаагүй байхад шүүх Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг шийдвэрт тусгах шаардлагагүй тул уг хуулийн заалтыг шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас хассан өөрчлөлт оруулна.
9. Хариуцагч ******* ХХК нь шүүгчийн туслах шүүх хуралдааны товыг буруу мэдэгдсэний улмаас шүүх хуралдаанд оролцож чадаагүй гэх агуулгаар гомдол гаргажээ. Хэрэгт цугларсан баримтаар 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр шүүх хуралдааныг хойшлуулахдаа 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр шүүх хуралдааныг товлосон байх ба энэ өдөр товыг хариуцагч талд мэдэгдсэн талаар баримт үйлдсэн байх тул шүүхээс хуульд заасан журмын дагуу шүүх хуралдааны товыг мэдэгдсэн, хариуцагч ******* ХХК -ийг шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй гэж үзнэ. /хх-85/
Иймд анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хэрэгт цугларсан баримтын хүрээнд маргааныг шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна.
10. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 192/ШШ2025/02618 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас ...227 дугаар зүйлийн 227.1 гэснийг хасаж, бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 279,045 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР
ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
Д.ЦОГТСАЙХАН