| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэмжидийн Нолхоосүрэн |
| Хэргийн индекс | 175/2019/0074/Э |
| Дугаар | 82 |
| Огноо | 2019-05-13 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | А.Энхтуяа |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 82
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Улсын яллагч А.Энхтуяа
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Баярхүү
Нарийн бичгийн даргаар Б.Түвшинтуул нар оролцов.
Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж, тус аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Харчин овогт Чулуунбаатарын Энхбатад холбогдох 1931000240051 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Үндсэн захиргаа; 1989 оны 12 дугаар сарын 30-нд Дундговь аймгийн Хурд суманд төрсөн, 29 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эзэмшсэн мэргэжилгүй, яс үндэс халх, ам бүл 5 эхнэр 3 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхаан тосгон 3 дугаар баг ногоочдын 32 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, үйлдсэн хэргээ хариуцах чадвартай гэх, Харчин овогт Чулуунбаатарын Энхбат РД:/ЗМ-89123016/,
Тодорхойлох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд;
1. Шүүгдэгч Ч.Энхбатын мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 03 дугаар сарын 19-нд яллагдагчаар өгсөн: ...2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр “уул руу явж мод бэлтгэе” гэж бодоод байж байтал манай төрсөн ах Түмэнбаяр нь өөрийн “Портер” машинтай ирсэн. “Би түрүүлээд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Нарийн хөндий” гэх газар явж байя” та Ч.Энхжаргалыг аваад араас хүрээд ирэээрэй” гэж хэлээд явсан. Би ууланд ирээд мод бэлтгэж байхад араас “Бүрэнтогтох ахын машин уул өөд өгсөж чадахгүй байна. Ч.Энхжаргалын хадам аавынх нь найз гэх хүнийг гуйж байгаад аваад ирсэн” гэж Ч.Энхжаргал хэлсэн. Орой 18 цагийн үед очоод модоо бэлтгээд өөрийн эзэмшлийн “Портер” маркийн 05-39 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн ачаан дээр 39 ширхэг бөөрөнхий нарс мод ачсан. Орой 21 цагийн үед Бүрэнтогтох гээд ахын машинд 39 ширхэг бөөрөнхий нарс мод ачсан. Нийт 2 ачааны машинд 70 ширхэг мод ачаад Ерөө сумын “Нарийн хөндий” гэх нэртэй газраас хөдөлсөн. Уулнаас буугаад явж байхад “Шаазгайтын ам” нэртэй газар Ерөө сумын цагдаа ойн байцаагч нарын хамтарсан шалгалтын үед саатуулагдсан. Тухайн үед надад мод бэлтгэх зөвшөөрөл байхгүй байсан. Ингээд мод машинаа Ерөө сумын Засаг даргын тамгын газрын хашаанд мод машинаа саатуулсан. Би түлээний зориулалтаар мод бэлтгэсэн. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 65-р ху/,
2.Шүүгдэгч Ч.Энхбатын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр түлээгүй болоод, уул руу түлээнд явсан. Дулаанхааан тосгонд очиж түлээ бэлтгэх зөвшөөрөл авах гэхэд дуусчихсан гэсэн. Тэгээд Ерөө суманд зөвшөөрөл өгч байгаа гээд очоод уулзахад “Дулаанхааны харьяа тул эрхийн бичиг, зөвшөөрөл өгөхгүй” гэсэн. Уул нь 2019 оны 01дүгээр сарын 07-нд ой нээлттэй байсан. 2 машинтай явсан байсан болохоор, нэгэнт ирсэн тул уул руу түлээнд явсан. Ууланд очиж түлээ бэлтгээд оройтчихоор нь шууд Шаамар сум руу гарсан. 23 цаг өнгөрч байхад “Шаазгайтын ам” дээр ойн байцаагч н.Өлзийбаттай таарсан. Гэртээ нэг машин модыг нь буулгаад, аавындаа нэг машин модыг нь буулгаж өгнө гэж бодсон. Би тухай үед 05-39 СЭҮ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэл нь манай аав н.Чулуунбаатарынх, нөгөө 83-21 СЭҮ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэл нь н.Бүрэнтогтох гэх хүний машинтай явж байсан. Ууланд очоод модоо голоор нь тайрч хөндлөнгөөр нь ачих гэсэн боловч орой 23 цаг өнгөрч байсан болохоор уул нь түлээний модыг хөндлөнгөөр нь ачих ёстой байсан боловч уртаар нь ачаад явсан. Зөвшөөрөлгүй хууль бусаар ойгоос мод бэлтгэж тээвэрлэсэн хэрэгт буруутгаж байгаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Байгаль экологид учруулсан хохирол гэж 1,160,000 төгрөг төлсөн. Хийсэн хэрэгтээ харамсаж гэмшиж байна. Дахин ийм гэмт хэрэг хийхгүй, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү? ...гэх мэдүүлэг,
3. Хохирогч иргэний нэхэмжлэгч Э.Одгаравын мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 02 дугаар сарын 23-ны өдөр өгсөн: ...Ч.Энхбат нь Ерөө сумын “Нарийн хөндий” гэх газраас мод бэлтгэсэн талаар мэдсэн. Байгаль экологид учруулсан хохирлоо хуульд зааснаар тогтоосон үнэлгээгээр хохирлыг нөхөн төлүүлнэ. Өөр гомдол санал байхгүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 26-р ху/,
4.Гэрч Ж.Энхжаргалын мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр өгсөн: ... Миний бие 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр намайг гэртээ байхад манай хадам аав Оронжавтай цуг аавын найз Бүрэнтогтох гээд хүн ирсэн юм. Тэгээд миний төрсөн ах Энхбат намайг “ахын дүү модонд явах гэсэн юм, Оронжав аавтай ирсэн найзыг гуйгаад өгөөч” гэж хэлсэн юм. Тэгээд байж би Оронжав ааваар дамжуулж найз Бүрэнтогтох гэх хүнээс “манай ах Ч.Энхбатын модонд ойрхон яваад ирье" гэж гуйсан юм. Тэгээд Бүрэнтогтох гэх хүний хамт би ахынхаа модонд явахаар болж 83-21 СЭҮ улсын дугаартай “Портер” маркийн машинтай өөрийн ах Түмэнбарс, машины жолооч ах Бүрэнтогтох гэх хүнтэй Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Нарийн Хөндий” гэх газарлуу явсан юм. Тэгээд тухайн газар очиход Бүрэнтогтох ахын машин уул руугаа гарахгүй болохоор нь ууланд Ч.Энхбатын бэлдсэн байсан модыг доошоо буулгаж миний сууж ирсэн Бүрэнтогтох хүний машин дээр 31 ширхэг хуурай нарс модыг тэвшний хэмжээгээр нь уртаар нь ачсан юм. Тэгээд уул руу гарч Энхбаттай цуг модыг нь бэлтгэж Энхбатын машин дээр нийт 39 ширхэг хуурай нарс мод ачсан юм. Тухайн модоо тэвшний уртаар нь тавьж ачсан юм. Тэгээд уулнаас буугаад явж байгаад Ерөө сумын “Шаазгайтын гарам” газарт байгаль хамгаалагч зогсоож шалган саатуулсан юм. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 31-р ху/,
5. Гэрч А.Төгсжаргалын мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр өгсөн: ...Манай суманд “байгаль орчин уур амьсгалын сан” гэж байхгүй байгаль орчноос оруулсан нөхөн төлбөрийг тус сумын Төрийн сангийн 100130200952 тоот дансанд тушаадаг. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 32-р ху/,
6. Гэрч Ч.Энхжаргалын мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр өгсөн: ... Би Энхбат ахыг зохих зөвшөөрөлгүй мод бэлтгэж байсан гэж мэдээгүй тухайн үед мод бэлтгэх зөвшөөрөл энэ тэр гэж яриад байхаар нь зөвшөөрөл авчихсан байх л гэж бодсон. Энхбат ахыг мод бэлтгэхэд нь миний хувьд хамтран оролцсон зүйл байхгүй. Тухайн үед надад хэлэхдээ “ах нь түлээний модонд явж байна чи завтай бол хүрээд ирээч” гэхээр нь л хамт явсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 33-р ху/,
7.Байгаль орчны хяналтын улсын байцаагч Х.Алтынтасын мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр өгсөн: Ч.Энхбат гэх хүний бэлтгэсэн мод бэлтгэсэн гэх газар нь Ерөө сумын ямар “Нарийн хөндий” гэх нэртэй газар байна. тухайн газар нь улсын тусгай хамгаалалттай газарт ордоггүй. ...гэх мэдүүлэг /хх-ийн 34-р ху/
8. Гэрч Ч.Түмэнбарсын мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр өгсөн: ...Миний бие 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр намайг гэртээ байж байхад миний төрсөн дүү Ч.Энхбат нь “ахаа та надтай цуг миний түлээний модонд яваад өгөөч, би Бүрэнтогтох гээд хүнийг гуйчихлаа, модонд яваад өгье” гэж байна гэхээр нь дүүгийнхээ модонд явахаар болоод 83-21 СЭҮ улсын дугаартай “Портер” маркийн машинтай өөрийн дүү Энхжаргал, машины жолооч ах Бүрэнтогтох гэх хүнтэй Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Нарийн хөндий" гэх газарлуу явсан юм. Тэгээд тухайн газраа очиход Бүрэнтогтох ахын машин уул руу гарахгүй болохоор нь ууланд миний дүү Ч.Энхбатын бэлдсэн байсан модыг доошоо буулгаж миний сууж ирсэн Бүрэнтогтох' гэдэг хүний машин дээр 31 ширхэг хуурай нарс модыг тэвшний хэмжээгээр нь уртаар ачсан юм. Тэгээд уул руу гарч Энхбаттай цуг модыг нь бэлтгэж Энхбатын машин дээр нийт 39 ширхэг хуурай нарс мод ачсан юм. Тухайн модоо тэвшний уртаар нь тавьж ачсан юм. Тэгээд уулнаас буугаад явж байгаад Ерөө сумын “Шаазгайтын гарам”' газарт байгаль хамгаалагч зогсоож шалган саатуулсан юм. ...гэх мэдүүлэг /хх-ийн 36-р ху,
9. Байгаль орчин аялал жуулчлалын газрын ойн албаны мэргэжилтэн Э.Энхтулгын 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 05 тоот дүгнэлт хэсэгт:
1 Иргэн Ч.Энхбат бэлтгэсэн гэх 2,7-2,8 метрийн урттай 70 ширхэг модыг хавсралт материалын дагуу хянаж үзэхэд хуурай нарс мод бэлтгэсэн байна. Монгол улсын стандарт МЫ5 2379:2010 -ийн дагуу модны эзлэхүүнийг тооцоход 7.6 шоо метр хэмжээтэй байна. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын “Ойн экологи эдийн засгийн үнэлгээ батлах тухай” 2009 оны 294 дугаар тушаалын 1-р хавсралтын дагуу Экологи эдийн засгийн үнэлгээг тооцоход 389.880 төг /гурван зуун наян есөн мянга найман зуун наян төгрөг/ болж байна.
2. Иргэн Ч.Энхбатын мод бэлтгэсэн газар нь III мужид хамаардаг, тусгай хамгаалалттай газар нутаг биш.
3. Тус бэлтгэсэн 70 ширхэг модны шинж байдлыг харахад хөх туяатай, хагаралтай, хуурай, нарс төрлийн мод байна. Хавсралт материалын дагуу зурган дээр нарийн хөндий гэх газар огтолсон модны хожуул нь хуурай байгаа тул тус газраас 2019 оны 01 сарын 07 -ны өдөр бэлтгэсэн байх боломжтой.
4. Шинжилгээний явцад шинээр илэрсэн зүйлгүй. ...гэх шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 47-р ху/,
10. Хөрөнгийн үнэлгээ зөвлөх үйлчилгээний “Ашид Билгүүн” ХХК-ны 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн № СЭА-36 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:
1. Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Р.Сундуйсүрэнгийн ирүүлсэн тогтоолын дагуу 05-39 СЭҮ улсын дугаартай 2000 онд Солонгос улсад үйлдвэрлэгдэж 2014 онд Монгол улсад орж ирсэн “Портер” маркийн автомашины өнгө үзэмж техникийн байдлаас хамаарч 2019 оны 03 сарын байдлаар 2,500,000 /хоёр сая таван зуун мянга/-н төгрөг болохыг тодорхойлов.
2. Үзлэг хийхэд өнгө үзэмж муутай, мотор дуу орсон явах эд ангид дуу орж хуучирсан байв.
3. Үнийн судалгааг үнэгүй.мн болон унаа.мн сайтуудаас болон хувь хүмүүсээс лавлан асуув. ...гэх дүгнэлт /хх-ийн 53-р ху/
11. Хөрөнгийн үнэлгээ зөвлөх үйлчилгээний “Ашид Билгүүн” ХХК-ны 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн № СЭА-37 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:
1. Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөгч, Цагдаагийн ахлах дэслэгч Р.Сундуйсүрэнгийн ирүүлсэн тогтоолын дагуу 83-21 СЭҮ улсын дугаартай 1999 онд Солонгос улсад үйлдвэрлэгдэж 2008 онд Монгол улсад орж ирсэн “Портер” маркийн автомашины өнгө үзэмж техникийн байдлаас хамаарч 2019 оны 03 сарын байдлаар 3,500,000 /гурван сая таван зуун мянга/-н төгрөг болохыг тодорхойлов.
2. Үнийн судалгааг үнэгүй.мн болон унаа.мн сайтуудаас болон хувь хүмүүсээс лавлан асуув. ...гэх дүгнэлт /хх-ийн 54-р ху/,
12.Хөрөнгийн үнэлгээ зөвлөх үйлчилгээний “Ашид Билгүүн” ХХК-ны 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн № СЭА-51 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...05-39 СЭҮ улсын дугаартай 2000 онд Солонгос улсад үйлдвэрлэгдэж 2014 онд Монгол улсад орж ирсэн “Портер” маркийн автомашины өнгө үзэмж техникийн байдлаас хамаарч 2019 оны 05 сарын байдлаар 1.000,000 /нэг сая/ төгрөг болохыг тодорхойлов.
Жич: Уг машинд үзлэг хийхэд шал цөмөрсөн, урд тэнхлэг болон зүүн урд гаранд гагнаас орсон, уг машины гадаад өнгө үзэмж муудаж хуучирсан, будаг замаск хийлгэх шаардлагатай, аккумулятор сууж мотор цохиж асахгүй болсон байв. Мөн авто машины явах эд ангийн оношлогоонд орох шаардлагатай байна.
Үнийн судалгааг үнэгүй.мн болон унаа.мн сайтуудаас болон хувь хүмүүсээс лавлан асуув. ...гэх дүгнэлт,
13.Хөрөнгийн үнэлгээ зөвлөх үйлчилгээний “Ашид Билгүүн” ХХК-ны 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн № СЭА-52 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...83-21 СЭҮ улсын дугаартай 1999 онд Солонгос улсад үйлдвэрлэгдэж 2008 онд Монгол улсад орж ирсэн “Портер” маркийн автомашины өнгө үзэмж техникийн байдлаас хамаарч 2019 оны 05 сарын байдлаар 1,000,000 /нэг сая/ төгрөг болохыг тодорхойлов.
Жич: Уг машинд үзлэг хийхэд гадаад өнгө үзэмж муудаж хуучирсан будаг замаск хийлгэх шаардлагатай авто машины явах эд ангийн оношлогоонд орох шаардлагатай, касчер хагарсан, мотор кроп муудсан байв.
Үнийн судалгааг үнэгүй.мн болон унаа.мн сайтуудаас болон хувь хүмүүсээс лавлан асуув. ...гэх дүгнэлт,
14. Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 01-р ху/, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх-ийн 02-р ху/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-ийн 03-р ху/, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 04-05-р ху/, модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 06-08-р ху/, Эд хөрөнгө битүүмжлэх тухай Прокурорын тогтоол, /хх-ийн 11-12, 16-17-р ху/, Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, /хх-ийн 13-14, 18-19-р ху/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 20-21-р ху/, Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 46, 52-р ху/, Байгаль орчин аялал жуулчлалын газрын шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 47-р ху/, хохирогчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 48,56-р ху/, шүүгдэгчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл, /хх-ийн 49,55-р ху/, “Ашид билгүүн ХХК”-ний тээврийн хэрэгсэл үнэлсэн тодорхойлолт, /хх-ийн 53-р ху/, 05-39 СЭҮ “Портер” машины гэрчилгээний хуулбар, /хх-ийн 54-р ху/, 83-21 СЭҮ “Портер” машины гэрчилгээний хуулбар, /хх-ийн 73-р ху/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, /хх 62-63-р ху/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл, /хх 64-66-р ху/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 71-р ху/ эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 72-р ху/, шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлох баримт /хх-ийн 74-81-р ху/, шүүгдэгчид хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 86-р ху/, Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн акт, /хх-ийн 90-р ху/, хохирогчид хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 88-р ху/, зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Ч:Энхбат нь 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 1 дүгээр багийн нутаг “Нарийн хөндий” гэх нэртэй газраас 05-39 СЭҮ, 83-21 СЭҮ улсын дугаартай “Портер” маркийн тээврийн хэрэгслээр зохих зөвшөөрөлгүйгээр хэрэглээний зориулалттай мод бэлтгэсэн гэх гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчийг байцаасан тэмдэглэл зэргээр батлагдаж байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохиролгүй, энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар цахилгаан хөрөө хураагдан ирсэн, 2.75 м3 буюу 70 ширхэг нарс мод, 05-39 СЭҮ, улсын дугаартай “Портер” маркийн тээврийн тээврийн хэрэгсэл тус тус битүүмжлэгдэн ирсэн болохыг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн, 36.2-р зүйлийн 4, 36.6-р зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2,3, 36.8-р зүйлийн 1, 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Харчин овогт Чулуунбаатарын Энхбатыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 24.6-р зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн” гэмт хэрэгт гэм буруутай тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Харчин овогт Чулуунбаатарын Энхбатыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Ч.Энхбатын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан хугацааны дараа 2 /хоёр/ сарын хугацаатайгаар хэсэгчлэн тэнцүү хэмжээгээр төлүүлэхээр тогтоож, шийдвэрийн биелэлтэнд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3-р зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ч.Энхбатад мэдэгдсүгэй.
5.Шүүгдэгч Ч.Энхбат нь энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2-р зүйлийн 1.3, 7.5-р зүйлийн 1,2-т зааснаар битүүмжлэгдэн ирсэн 05-39 СЭҮ, улсын дугаартай “Портер” маркийн тээврийн хэрэгслийг жинхэнэ эзэмшигч Чулуунбаатарт олгож, шүүгдэгч Ч.Энхбатаас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 2 тооны тээврийн хэрэгслийн үнэ бүгд 2.000.000 төгрөгийг гаргуулан, мөн Ерөө сумын Засаг даргын тамгын газрын хашаанд битүүмжилсэн 2.75 м3 буюу 70 ширхэг нарс мод болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шар өнгийн хятад цахилгаан хөрөөг зэргийг тус тус улсын орлого болгуулахаар /битүүмжилсэн тогтоолыг улсын орлого болгох хүртэл хэвээр байлгаж/ Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд шилжүүлсүгэй.
7.Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Энхбатад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, хэвээр үлдээсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 4-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг энэ зүйлийн 1.2. дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийн хувийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1-р зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НОЛХООСҮРЭН