Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 360

 

 

 

 

 

 

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт Б-ын Г-д холбогдох эрүүгийн 19100 0061 0260 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Г.Ганчимэг, хохирогч Х.Д, хохирогчийн өмгөөлөгч С.Тэгшжаргал, шүүгдэгч Б.Г, шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Баярцэнгэл нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1984 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нисгэгч мэргэжилтэй, “МИАТ” ХК-д нисгэгч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдрах, Хан-Уул дүүргийн 15 хороо, Зайсан гудамжны 25-1 байрны 13 тоотод, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, С овогт Б-ын Г- /РД:/,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч Б.Г нь 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 19 цаг 30 минутын үед Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Худалдаа үйлчилгээний “Энканто” төвийн спорт зааланд сагсан бөмбөг тоглож байхдаа Х.Дийг “аятайхан тоглооч” гэж хэлэхэд тохойгоороо нүүрэн тус газар цохиж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

 

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгч Б.Г-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул шүүхэд нэмж ярих зүйл байхгүй. Би хэрэг гарах үед согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Би хохирогч Х.Дтөй 5-6 жилийн турш хамт ажиллаж байна. Бид тухайн үед тоглож байгаад нэг нэгнийгээ түлхэж гэмтээсэн. Би түргэн зан гаргасандаа харамсаж байна. Би цаашид гарах эмчилгээний зардлыг төлнө. Надад гэм буруугийн талаар маргах зүйлгүй. Би өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна.” гэсэн мэдүүлэг, 

 

2. Хохирогч Х.Дий шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...2018 оны 12 сарын 25-ны өдөр 19 цаг 55 минутын үед би ажлынхантайгаа зааланд тоглож байхад Б.Г надад “чи аятайхан тоглооч” гэсэн. Тэгээд төвийн тоглогчийн хувиар бөмбөг авах гэтэл хажуу талаас цохисон юм. Би заалнаас гараад Гэмтлийн эмнэлэг дээр очсон, гэхдээ тухайн үед мэс засалд ороогүй. Шүүх эмнэлэгт үзүүлэх гэсэн боловч хэтэрхий орой болсон байсан учир хэрэг гарсан өдрийн маргааш нь Шүүх эмнэлэгт үзүүлээд мэс засалд орсон. Дараа нь “Эм Би Жи” гэдэг эмнэлэгт үзүүлээд эрүү, нүдний ухархай, хамрын мэс засалд орсон. Б.Г хамрын мэс заслын зардлыг төлсөн. Одоо нүдний хэсэг хавантай байгаа. Иймээс инээж болохгүй байгаа ба хаванг нь буусны дараа зүү эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн. Одоогийн байдлаар эмчилгээ хийлгэхгүй байгаа. Би цаашид эмчилгээ хийлгэж, гарах зардлыг шүүгдэгчээс тухай үед нь нэхэмжилнэ.

Бид хоёр тухайн үед хоёр эсрэг багт тоглож байсан юм. Тэгэхэд Б.Г надад “хүүхэн шиг битгий шалчиганаад бай” гэхээр нь би Б.Гд “аятайхан тогло” гэж хэлээд маргалдсан. Б.Гаас надад нийт эмчилгээний зардалд 24.500.000 төгрөгийг төлж барагдуулсан. Би одоо ажлаа хийж байгаа. Б.Г надаас уучлалт гуйсан. Би цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний журмаар нэхэмжилнэ. Хацар болон нүдний ухархайн эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа. Тэгээд дахин зураг авахуулах шаардлагатай ба ямар эмчилгээ хийлгэхийг тухайн үед нь шийднэ гэсэн. Надад хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ тогтоосон зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 19100 0061 0260 дугаартай хэргээс:

 

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Х.Дий хохирогчоор өгсөн:

“...2018 оны 12 сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Энканто” спорт зааланд ажлынхантайгаа сагс тоглож байсан бөгөөд би самбар доор тоглож байх үедээ Гантулгыг “чи аятайхан цэвэрхэн тоглооч” гэж хэлсэн. Намайг самбар доор бөмбөг авах гэж байх үед Гантулга миний хажуу талаас тохойгоороо нүүрний баруун талын хэсэгт нэг удаа цохиход манай ажлын хүмүүс салгасан. Сагс тоглож байх үед хэл амаар доромжлоод байсан бөгөөд би Гантулгад “чи аятайхан тоглооч” гэхэд “чи юундаа хүүхэн шиг шалчигнаад байгаа юм бэ” гэсэн. Гантулга миний нүүрний баруун тал руу тохойгоороо нэг удаа цохисон. Миний хацар, хамар, баруун талын нүдний ухархай хугарсан байсан. Би шинжээчийн дүгнэлттэй уншиж танилцсан, уг дүгнэлтэд дурдагдсан гэмтлүүдийг Гантулга цохиж учруулсан. Эм Би Жи эмнэлэгт хагалгаанд орсон 12.500.000 төгрөгийг Гантулга төлсөн. Би өөрийн зардлаар эмчилгээ хийлгэсэн баримтуудаа цуглуулж байгаа бөгөөд цаашид дахин эмчилгээ хийлгэх учир одоогоор баримтуудыг гаргаж өгөх боломжгүй байна. Би 12 сарын 25-ны өдрөөс хойш ажлаасаа акт авсан байгаа учир ажилгүй байсан хугацааны цалингаа нэхэмжилмээр байна. Мөн сэтгэл санааны хувьд гомдолтой байна. Эрүүл мэндээрээ хохирсондоо гомдолтой байна.

Гантулга эмчилгээний буюу мэс заслын мөнгө болох 12.500.000 төгрөг, 3 сарын ажилгүй байсан хугацааны цалин, Солонгос Улсад оношилгоо хийлгэсэн төлбөр болох 12.000.000 сая төгрөг, нийт 24.500.000 төгрөг төлсөн бөгөөд одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний журмаар нэхэмжилнэ. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 09-10х, 11х/,  

 

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.Эрдэнэбаярын гэрчээр өгсөн:

“...Манай ажил 7 хоног бүрийн 2 дахь өдөр 17 цаг 30 минутаас 19 цаг 30 минут хүртэл “Энканто” спорт комплекс дээр заал авах гэрээтэй бөгөөд тухайн өдр манай ажлын зааланд тоглож байх үед Дөлгөөн нүүрээ дараад доошоо тонгойгоод Гантулгатай маргалдаад байсан. Тэгэхээр нь манай ажлынхан “та хоёр одоо болилдоо, нэг газар ажилладаг хүмүүс байж” гээд салгаад бүгдээрээ хувцасаа солих гээд орсон бөгөөд хувцасны өрөөнд тэд хоорондоо маргалдаж байгаад тараад явцгаасан. Дөлгөөн зааланд тоглоод Гантулгын шарыг нь малтаад байсан гэж ойлгосон. Тэгээд тэр хоёр маргалдсан байх. Надад өөр сайн мэдэх зүйл байхгүй. Гантулга Дөлгөөнийг цохиж байхыг би хараагүй, тухайн үед би бөмбөг залж байсан бөгөөд хүмүүсийн анхаарал над руу хандсан байсан учир Гантулга Дөлгөөнийг цохисоныг харсан хүн байхгүй байх. Дөлгөөний биед ил харагдах шарх, гэмтэл харагдаагүй. Гантулга манай 2 дугаар нисгэгч, харин Дөлгөөн нь манай хөлгийн үйлчлэгч байгаа юм. Тэр хоёр нэг хөлөгт ажилладаг хүмүүс юм. Гантулга, Дөлгөөн нар нь хоёулаа нийтэч, соёлтой ааш араншинтай хүмүүс.” гэсэн мэдүүлэг /хэргийн 18х/,

 

3. Хэрэг гарсан өдрийн “Энканто” төвийн спорт заалны хяналтын камерийн бичлэг бүхий дискинд үзлэг хийсэн тэмдэглэл, дуу дүрсний бичлэг бүхий 1 ш дискийг эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргасан мөрдөгчийн тогтоол /хэргийн 21-22х, 23х/,

 

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 сарын 31-ний өдрийн шинжээчийн Хүний биед үзлэг хийсэн шинжилгээний 678 тоот актын:

1. Х.Д-ий биед баруун хацрын сэртэнгийн зөрөөтэй хугарал, баруун гайморовын хөндийн урд ханын хугарал, хамар ясны далд хугарал, баруун нүдний ухархайн доод ханын хугарал, баруун нүдний алим, баруун хацар, баруун зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 25х/,

 

5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээч эмч Ш.Цэцэгмааг байцаасан тэмдэглэлд:

“...Х.Дий биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн нэгээс дээш буюу хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой гэмтэл байна. Хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байж болохоор шинэ гэмтлүүд байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 29х/,

 

6. Хохирогч Х.Дий “Эм Би Жи” Гэмтэл Согогийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн тухай өвчний түүх, эмчилгээтэй холбоотой баримтууд /хэргийн 67х, 76-88х/,

 

7. Шүүгдэгч Б.Гас хохирол, эмчилгээний зардалд  2019 оны 03 сарын 02-ны өдөр 12.000.000 төгрөгийг шилжүүлсэн талаархи Хашбаатар овогтой Дөлгөөний ХААН банк дахь 1309ххххх80 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга баримт /хэргийн 70х/,

 

8. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Б.Гантулгын гэрч, яллагдагчаар өгсөн:

“...2018 оны 12 сарын 25-ны өдөр 17 цаг 30 минутаас 19 цаг 30 минут хүртэл манай ажлынхан “Энканто” спорт комплекст заал авч тоглосон. Зааланд тоглож байгаад би Дөлгөөнтэй самбар доор хоорондоо шахалцаж байгаад намайг хүчтэй түлхэхээр нь би гараараа Дөлгөөний нүүр рүү нэг удаа цохисон.

Тэр үед Дөлгөөн “Гантулгаа миний шүд хөдөлчихлөө” гэхээр нь би “эр хүн шиг бай” гэсэн юм. Тэгээд заалнаас гарах үедээ би “найз нь түргэн зан гаргалаа, уучлаарай” гээд гар бариад явсан. Бид хоёрт маргалдах шалтгаан байхгүй, сагс тоглож байгаад самбар доор түлхэхээр нь би Дөлгөөний баруун талын хацар руу гараа атгаж байгаад цохих гэхэд арай ойр байж таараад тохойгоороо нэг удаа цохисон юм. Өөрөөр цохиж зодсон зүйл байхгүй. Дөлгөөн намайг цохиж зодсон асуудал байхгүй. Бид хоёрын хооронд өр авлага, өш хонзонгийн асуудал байхгүй. Бид хоёр МИАТ компанид хамт ажилладаг найзууд байгаа юм. Бид хоёр урьд өмнө хоорондоо маргалдаж зодолдож байгаагүй. Дөлгөөн “Эм Би Жи” эмнэлэгт 12.500.000 төгрөгөөр хагалгаанд орсон бөгөөд тухайн эмнэлгийн эмч Баасанжавтай уулзахад 5.000.000 төгрөгийн урьдчилгаа өгсөн байгаа гэхээр нь би 7.500.000 төгрөгийг нь тушаагаад, 5.000.000 төгрөгийг Дөлгөөний ээж Отгонцэцэгт шилжүүлсэн.

Би яллагдагчаар татсан прокурорын тогтоолтой уншиж танилцсан, хүлээн зөвшөөрч байна. Би Дөлгөөнд нийт хохирол төлбөрт 24.500.000 төгрөг төлж барагдуулсан. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 15-16х, 36х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 39х/, шүүгдэгч Б.Гантулгын урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 41х/, “МИАТ” ХК-ийн ажлын байрны тодорхойлолт /хэргийн 49-50х/, бакалавр, магистрийн ухааны зэргийн дипломын хуулбар баримтууд /хэргийн 51-62х/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогч талуудын эрхийг зөрчиж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй зэргээс шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Тухайн хэргийн хувьд хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Б.Гд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.    

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Б.Г нь 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 19 цаг 30 минутын үед Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Худалдаа үйлчилгээний “Энканто” төвийн спорт зааланд сагсан бөмбөг тоглож байхдаа Х.Дийг “аятайхан тоглооч” гэхэд нь “эр хүн шиг байгаач” гэх зэргээр маргаж таарамжгүй харилцааа үүсгэн, улмаар түүний нүүрэн тус газарт нь тохойгоороо  цохиж, биед нь “баруун хацрын сэртэнгийн зөрөөтэй хугарал, баруун гайморовын хөндийн урд ханын хугарал, хамар ясны далд хугарал, баруун нүдний ухархайн доод ханын хугарал, баруун нүдний алим, баруун хацар, баруун зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учирсан үйл баримт хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан:

- хохирогч Х.Дий: “...2018 оны 12 сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Энканто” спорт зааланд ажлынхантайгаа сагс тоглож байсан бөгөөд би самбар доор тоглож байх үедээ Гантулгыг “чи аятайхан цэвэрхэн тоглооч” гэж хэлсэн. Намайг самбар доор бөмбөг авах гэж байх үед Гантулга миний хажуу талаас тохойгоороо нүүрний баруун талын хэсэгт нэг удаа цохиход манай ажлын хүмүүс салгасан. Сагс тоглож байх үед хэл амаар доромжлоод байсан бөгөөд би Гантулгад “чи аятайхан тоглооч” гэхэд “чи юундаа хүүхэн шиг шалчигнаад байгаа юм бэ” гэсэн. Гантулга миний нүүрний баруун тал руу тохойгоороо нэг удаа цохисон. Миний хацар, хамар, баруун талын нүдний ухархай хугарсан байсан. Би шинжээчийн дүгнэлттэй уншиж танилцсан, уг дүгнэлтэд дурдагдсан гэмтлүүдийг Гантулга цохиж учруулсан. Эм Би Жи эмнэлэгт хагалгаанд орсон 12.500.000 төгрөгийг Гантулга төлсөн. Би өөрийн зардлаар эмчилгээ хийлгэсэн баримтуудаа цуглуулж байгаа бөгөөд цаашид дахин эмчилгээ хийлгэх учир одоогоор баримтуудыг гаргаж өгөх боломжгүй байна. Би 12 сарын 25-ны өдрөөс хойш ажлаасаа акт авсан байгаа учир ажилгүй байсан хугацааны цалингаа нэхэмжилмээр байна. Мөн сэтгэл санааны хувьд гомдолтой байна. Эрүүл мэндээрээ хохирсондоо гомдолтой байна. Гантулга эмчилгээний буюу мэс заслын мөнгө болох 12.500.000 төгрөг, 3 сарын ажилгүй байсан хугацааны цалин, Солонгос Улсад оношилгоо хийлгэсэн төлбөр болох 12.000.000 сая төгрөг, нийт 24.500.000 төгрөг төлсөн бөгөөд одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.

...Би одоо ажлаа хийж байгаа. Б.Г надаас уучлалт гуйсан. Би цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний журмаар нэхэмжилнэ. Хацар болон нүдний ухархайн эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа. Тэгээд дахин зураг авахуулах шаардлагатай ба ямар эмчилгээ хийлгэхийг тухайн үед нь шийднэ гэсэн.” гэсэн мэдүүлэг /хэргийн 09-10х, 11х, шүүх хуралдааны тэмдэглэл/, 

- гэрч Г.Эрдэнэбаярын: “...Манай ажил 7 хоног бүрийн 2 дахь өдөр 17 цаг 30 минутаас 19 цаг 30 минут хүртэл “Энканто” спорт комплекс дээр заал авах гэрээтэй бөгөөд тухайн өдр манай ажлын зааланд тоглож байх үед Дөлгөөн нүүрээ дараад доошоо тонгойгоод Гантулгатай маргалдаад байсан. Тэгэхээр нь манай ажлынхан “та хоёр одоо болилдоо, нэг газар ажилладаг хүмүүс байж” гээд салгаад, бүгдээрээ хувцасаа солих гээд орсон бөгөөд хувцасны өрөөнд тэр хоорондоо маргалдаж байгаад тараад явцгаасан. Дөлгөөн зааланд тоглоод Гантулгын шарыг нь малтаад байсан гэж ойлгосон.”  гэсэн мэдүүлэг /хэргийн 18х/,

- Хэрэг гарсан өдрийн “Энканто” төвийн спорт заалны хяналтын камерийн бичлэг бүхий дискинд үзлэг хийсэн тэмдэглэл, дуу дүрсний бичлэг бүхий 1 ш дискийг эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргасан мөрдөгчийн тогтоол /хэргийн 21-22х, 23х/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 сарын 31-ний өдрийн шинжээчийн: “...Х.Д-ий биед баруун хацрын сэртэнгийн зөрөөтэй хугарал, баруун гайморовын хөндийн урд ханын хугарал, хамар ясны далд хугарал, баруун нүдний ухархайн доод ханын хугарал, баруун нүдний алим, баруун хацар, баруун зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн 678 тоот дүгнэлт /хэргийн 25х/,

- Мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээч эмч Ш.Цэцэгмааг байцаасан тэмдэглэлд: “...Х.Дий биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн нэгээс дээш буюу хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой гэмтэл байна. Хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байж болохоор шинэ гэмтлүүд байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 29х/,

- хохирогч Х.Дий “Эм Би Жи” Гэмтэл Согогийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн тухай өвчний түүх, эмчилгээтэй холбоотой баримтууд /хэргийн 67х, 76-88х/,

- шүүгдэгч Б.Гас хохирогч Х.Дд хохирол, эмчилгээний зардалд 2019 оны 03 сарын 02-ны өдөр 12.000.000 төгрөг шилжүүлсэн тухай Хашбаатар овогтой Дөлгөөний эзэмшлийн ХААН банк дахь 1309ххххх80 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга баримт /хэргийн 70х/ болон шүүгдэгч Б.Гантулгын мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Хохирогч Х.Дий биед учирсан, шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан “баруун хацрын сэртэнгийн зөрөөтэй хугарал, баруун гайморовын хөндийн урд ханын хугарал, хамар ясны далд хугарал, баруун нүдний ухархайн доод ханын хугарал, баруун нүдний алим, баруун хацар, баруун зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хүндэвтэр гэмтэл нь шүүгдэгч Б.Г түүний нүүрний баруун хэсэгт рүү тохойгоороо цохисноос үүссэн ба шүүгдэгчийн гэмт үйлдэл, уг үйлдлийн улмаас гэмтэл учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай үйлдлээр халдаж, хохирол учруулж буй гэмт үйлдэл болох юм. 

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Б.Гантулгын хохирогч Х.Дий эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл бүхий хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна.

 

Прокуророос шүүгдэгч Б.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял сонсгон, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.

Иймд шүүгдэгч Б.Гантулгыг Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.      

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж,

мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсаны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлж хуульчилсан бөгөөд хэргийн хохирогч Х.Дий эрүүл мэндэд учирсан “...баруун хацрын сэртэнгийн зөрөөтэй хугарал, баруун гайморовын хөндийн урд ханын хугарал, хамар ясны далд хугарал, баруун нүдний ухархайн доод ханын хугарал, баруун нүдний алим, баруун хацар, баруун зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хүндэвтэр хохирол нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохиролд тооцогдоно.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар “бусдын эрх, амь нас, эрүүл мэндэд ... хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд” бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чавдар алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зохицуулсан байна. 

 

Хэргийн шүүгдэгч Б.Г нь хохирогч Х.Дий эмчилгээний болон бусад зардалд нийт 24.500.000 төгрөг нөхөн төлснийг хохирогч нь хүлээн авсан, гомдол саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй” талаархи хүсэлтийг хэрэгт бичгээр гаргасан /хэргийн 98х/ баримттай тул шүүгдэгчийн хувьд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, эрүүгийн хэргийн хамт нэг мөр шийдвэрлэвэл зохих баримт бүхий хохирол төлбөргүй гэж шүүх дүгнэв.    

Хохирогч Б.Г нь шаардлагатай гэж үзвэл цаашид хийлгэх эмчилгээ сувилгаатай холбоотой гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тэмдэглэх нь зүйтэй. 

 

Шүүгдэгч Б.Г нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтаар /хэргийн 41х/ тогтоогдсон тул түүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх үндэслэл болох юм.

 

Шүүх, шүүгдэгч Б.Г нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал болон улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаарх гаргасан саналыг харгалзан шүүгдэгч Б.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэх үндэслэлтэй гэж дүгнэв.   

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий CD 1 ширхэгийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэв.

Энэ хэрэгт Б.Г нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Х.Д нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурьдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон                                              

 

                                                    ТОГТООХ нь:

 

1. Сорс овогт Баасанжавын Гантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Гантулгыг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Г нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт  Б.Г нь хохирогч Х.Дд 24.500.000 /хорин дөрвөн сая таван зуун мянга/ төгрөг нөхөн төлснийг тэмдэглэж, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлыг тухай бүрд нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий CD 1 ширхэгийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

6. Энэ хэрэгт Б.Г нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Х.Д нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

8. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Б.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               С.БАЗАРХАНД