Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2025/00872

 

 

*******, ******* нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч С.Энхбаяр, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 191/ШШ2025/02625 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч *******, ******* нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч ******* ХХК-д холбогдох,

 

Хохирол 34,899,703 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, ******* , хариуцагчийн өмгөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.    Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:

 

1.1. *******, ******* нар нь 2023 оны 06 дугаар сард ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* гудамжид байрлах ******* байр, 4 дүгээр давхарт ******* тоот хаягт байрлах үйлчилгээний зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийг ******* ХХК-ийн зээлээр худалдаж авсан. Энэ үл хөдлөх эд хөрөнгийг бусдад түрээслүүлж, олсон орлогоор зээлийн төлбөр төлдөг.

1.2. ******* ХХК нь ашиглалтын зардалтай холбоотой *******, ******* тоот гэж дугаарладаг бөгөөд сард 900,000 төгрөгийн төлбөр төлөхийг шаардсан. Тухайн төлбөрийг СӨХ-ны төлбөрт бус, зориулалтын бусаар ашигласан гэж үзэж санал гаргасан боловч хүлээж аваагүй. ******* ХХК нь манай давхарт лифт зогсохгүй болгож, үүний улмаас түрээслэгч хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болж гэрээг цуцалсан. Гэрээ цуцлагдсанаас хойш түрээсийн алдагдалд орсон. ******* ХХК -тай гэрээгээр хүлээсэн ямар нэгэн өр төлбөр байхгүй бөгөөд дундын өмчлөлийн хэсэг болох лифтийг ашиглах боломжгүй болгосноор бид өөрийн өмчийг ашиглах боломж хязгаарлагдаж, орлого олох боломжгүй болсон. Тухайн байрны лифт эвдрээгүй нь хэргийн баримт, гэрч *******-гийн мэдүүлгээр тогтоогдсон бөгөөд лифт хариуцсан ******* ХХК-ийн тодорхойлолтоор тухайн байгууллага өөрөө зогсоох тохиргоо хийх боломжтой гэдгийг тодорхойлсон.

1.3. Түрээсийн гэрээ цуцлагдсантай холбоотой түрээслэгч гэрээгээр ашиглалтын зардлыг хариуцах ёстой. Гэтэл 2023 оны 10 дугаар сарын дулааны төлбөр, НӨАТ-ын хамт 488,809 төгрөг, 2024 оны 01 дүгээр сарын 652,475 төгрөг, мөн оны 02 дугаар сарын төлбөр 558,419 төгрөг, нийт 1,699,703 төгрөг төлж хохирсон. Мөн банктай байгуулсан зээлийн гэрээний үүрэгт сар бүр 7,058,000 төгрөг төлдөг. Уг байрыг бусдад түрээслүүлэх боломжгүй болгосноос олох ёстой орлогоо олж чадахгүй болж зээлийн төлбөрөө хугацаандаа төлж чадахгүй хохирч байна.

1.4. Иймд хариуцагч ******* ХХК -аас 2023 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл хугацааны түрээсийн орлого 15,000,000 төгрөг, 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүртэл хугацааны түрээсийн орлого 15,000,000 төгрөг, 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн гэрээний дагуу 12 хоногийн түрээсийн төлбөр 3,200,000 төгрөг, ашиглалтын зардал 1,699,703 төгрөг, нийт 34,899,703 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. ******* ХХК нь 2013 оны 07 дугаар сард Оршил төвийн барилга ашиглалтад орсон цагаас хойш өнөөдрийг хүртэл 11 жилийн хугацаанд Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д заасны дагуу дундын өмчлөлийн эд хөрөнгийн хадгалалт хамгаалалт, засвар үйлчилгээг хариуцан ажиллаж байна. Энэхүү 9 давхар барилгын сууц өмчлөгчид Сууц өмчлөгчдийн холбоогоо байгуулах хүртэлх үйл ажиллагааг хариуцаж байсан бөгөөд лифт зогсоох, түүний засвар үйлчилгээг манайх хариуцдаггүй, тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд хариуцдаг байсан.

 

2.2. ******* нь 2023 оны 06 дугаар сараас тус барилгын *******, ******* тоот ыг эзэмшиж эхэлсэн. ******* ХХК -ийн зүгээс нэхэмжлэгч нарыг өөрийн өмчлөлийн зүйл, дундын өмчлөлийн зүйлээ ашиглахад саад учруулаагүй. Цахилгаан болон явган шатыг хааж, хориогүй бөгөөд нэхэмжлэгчийн бусадтай байгуулсан түрээсийн гэрээ ямар шалтгаанаар цуцлагдсан болохыг мэдэхгүй, түрээслэгч нараас хамаарч гэрээ цуцлагддаг, зарим түрээслэгч нар гэрээ байгуулсан хэдий ч түрээсийн үйл ажиллагаа явуулаагүй байх боломжтой. Барилга ашиглалтад орсноос хойших хугацаанд лифт гацах, эвдрэх тохиолдол гарах бүрт лифт нийлүүлсэн байгууллага засвар үйлчилгээг хийлгэдэг байсан. Барилгын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.1.1, 5.1.2, 33.1.2 болон Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдын 2008 оны 53 тоот тушаалын нэгдүгээр хавсралтаар Лифтийг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрмийн 1.7, 2.1-д зааснаар лифтний засвар, үйлчилгээ үзүүлэх стандарт норм, түүнд засвар үйлчилгээг мэргэжлийн байгууллага үзүүлэх учиртай. Мөн түрээслэгч нартай байгуулсан гэрээг лифтнээс болж цуцлагдсан нь тодорхойгүй бөгөөд ******* ХХК -ийн зүгээс лифт зогсоогоогүй бөгөөд үүнээс шалтгаалан нэхэмжлэгчид хохирол учирсан болох нь тогтоогдохгүй байна.

 

2.3. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д заасан нийтийн эзэмшлийг хариуцаж байснаас өөрөөр үндэслэлгүй төлбөр авч байгаагүй, ашиглалтын зардлыг гарсан төлбөрийн хэмжээгээр авч байсан. Иймд нэхэмжлэгч *******, ******* нарын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ: Нэхэмжлэгч нь сард олох ёстой орлогоо нотолж чадахгүй байх тул хариуцагч төлөх учиргүй. Хариуцагч нь лифт ашиглах тусгай зөвшөөрөлгүй болохоор хохирлыг шууд хариуцах ёстой гэж үзэхгүй байна. Үнэхээр лифтнээс болж энэ хохирол учирсан бол хариуцах нь зүйтэй гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч ******* ХХК -аас 34,899,703 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******, ******* нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 401,295 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

5. Нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

5.1. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хангалттай үнэлээгүй, шүүхийн нотлох эрх зүйн зарчмыг зөрчсөн байна. 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэгч Цагдаагийн байгууллагад лифтийг 4 давхарт зогсоохгүй болгосон тухай дуудлага өгсөн бөгөөд уг дуудлага албан ёсоор баримтжуулсан. Прокурорын байгууллагаас ирүүлсэн хариу бичигт ашиглалтын зардлаа төлөөгүйгээс шалтгаалж ******* ХХК лифтийг зогсоосон тухай тодорхой дурдсан. Гэрч лифтний асуудлаар нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд маргаан гарч байсныг мэдүүлсэн. 701 тоотын оршин суугчдын мэдүүлгээр СӨХ-ны төлбөртэй холбоотойгоор зориудаар лифт зогсоож байсан баримт, гэрч Д.Нямсүрэн мэдүүлэгтээ СӨХ-ны гэрээ хийхгүй бол лифт ажиллуулахгүй гэсэн хариуцагч компанийн захирлын үгийг дурдсан бөгөөд гэрээ хийгдсэний дараа 2 цагийн дотор лифт ажилласан нь санаатай үйлдлийг нотолж байна.

5.2. Д.Нямсүрэнтэй байгуулсан түрээсийн гэрээнд нэмэлтээр лифтийн зогсолтоос шалтгаалж 14 хоногийн түрээсийн төлбөрийг хасалт хийлгэж түрээс төлөлтийн өдрийг хойшлуулсан тухай нэмэлт заалт тусгагдаж, талууд гарын үсэг зурсан гэрээг нотлох баримтаар өгсөн. Мөн гэрч мэдүүлсэн. Түрээслэгч байхгүй үеийн ус, цахилгааны тоолуурын гүйлт байхгүй баримт нь түрээслэгч байхгүй, орлого тасарсаныг нотолно. Түрээслэгч байхгүй болсон үеийн дулааны төлбөрийг нэхэмжлэгч өөрийн данснаас төлсөн баримт хавсаргасан. Эдгээр нотлох баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан нотлох үүргийг хангалттай биелүүлсэн.

5.3. Анхан шатны шүүх нь хариуцагч ******* ХХК -ийн лифтний засвар үйлчилгээг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлсэн гэх тайлбарыг нотлох баримтаар баталгаажуулалгүйгээр үнэлж, хэрэгт баримтжуулаагүй мэдүүлгийг үндэслэн шийдвэр гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх заалтыг ноцтой зөрчсөн. Шууд болон шууд бус нотолгооны эрх зүйн агуулгыг буруу хэрэглэсэн байна. Иймд шүүх нотлох эрх зүйн зарчмыг зөрчиж, үндэслэлгүй шийдвэр гаргасан байна. Иймд анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

6. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Лифт зогсоосон үйл баримтын талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэсэн. Маргааны явцад лифт эвдрэл гэмтэл гарч зогссон талаар гэрч ******* ...лифт удаан ажиллаж байгаа учраас эвдрэл гарсан тул холбогдох лифтний компанид дуудлага өгч дуудлага засвар үйлчилгээ хийлгэдэг байсан гэж мэдүүлсэн. ******* ХХК ямар нэгэн байдлаар санаатайгаар бусдын үйл ажиллагааг доголдуулах зорилгоор зогсоосон нь тогтоогдоогүй. Лифт зогссон үйл баримтаас шалтгаалан нэхэмжлэгч тал түрээслэгч нартай байгуулсан гэрээ цуцлагдсан гэх үйл баримт тогтоогдоогүй. Нэхэмжлэгч талаас хэрэгт 2, 3 гэрээ хавсаргасан боловч гэрээ ямар үндэслэлээр дуусгавар болсон нь тодорхойгүй бөгөөд олсон орлого нь тодорхойгүй. Цахилгаан хязгаарлах ажил нь цахилгаан түгээх сүлжээний хариуцах асуудал бөгөөд ******* ХХК -ийн үйл ажиллагаанд шууд хамааралгүй. Барилгын тухай хуулийн 33 дугаар зүйлд барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь барилга байгууламжийн норм, нормативыг батална гэж хуульчилсан. Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2008 оны 53 дугаар тушаалын 01 дүгээр хавсралтаар лифтний төхөөрөмж аюулгүй ашиглах дүрмийн 1.7-д мэргэжлийн байгууллага буюу тусгай зөвшөөрөлтэй байгууллага гүйцэтгэхээр заасан. Лифтний суурилуулалт, засвар үйлчилгээ, ашиглалттай холбоотой ажиллагаа нь мэргэжлийн байгууллагын ажил юм. Дотоод засвар үйлчилгээ эсхүл товчны тохируулга ажиллахгүй байх зэрэг тохиолдлууд гардаг. Үүнтэй холбоотойгоор ямар хугацаанд тухайн давхруудад зогсох, зогсохгүй, дарах, дарахгүй зэрэг асуудал үүсдэг. Эдгээр байдлаар лифт зогссон байхыг үгүйсгэхгүй. Үүнд засвар үйлчилгээ хийлгэж байсан нь ******* ХХК -ийн ажилтан ******* ийн гэрчийн мэдүүлгээр нотлогдоно. 4 давхарт үйл ажиллагаагаа явуулж байгаа лифтээр гарах боломжгүй бол явган шатаар гарах боломжтой. ******* ХХК нь тухайн байгууллага руу хүн оруулахгүй байдлаар эрхээ хэрэгжүүлээгүй. Бид ашиглалтыг хариуцаж байгаа учраас төлбөр төлөх асуудлыг ярьж байсан. Иргэний хуулийн 147, 148 дугаар зүйлд зааснаар ашиглалтын зардлыг нэхэмжлэгч нар өөрсдөө хариуцах үүрэгтэй. Иймд дээр дурдсан ашиглалтын зардлыг хариуцагчаас нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Хариуцагчийн буруутай үйл ажиллагаанаас үүдэж бий болсон уу эсхүл нэхэмжлэгч нар түрээслэгч олж чадахгүй байна уу гэдгээс хамаарч орлогыг тодорхойлно. Иймд олох ёстой орлогыг тооцоолох боломжгүй, нэхэмжлэгч нар өөрсдөө нотлох үүргээ хэрэгжүүлээгүй талаар анхан шатын шүүх тодорхой дүгнэсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянан үзээд нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч *******, ******* нар нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан хохирол 34,899,703 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримтууд тогтоогдсон байна.

 

3.1. *******, ******* нар нь ******* ХХК-тай зээл болон барьцааны гэрээ байгуулсан байх ба уг гэрээг үндэслэн Эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн, ******* дүүргийн ******* дугаар хороо, токио /*******/ гудамж ******* дугаар барилгын 4 дүгээр давхарын ******* тоот хаягт байршилтай, ******* м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ авч, уг эрхийн хүрээнд үл хөдлөх эд хөрөнгийг бусдад түрээсэлжээ./хх8-10, 11-12/

3.2. ******* дүүргийн ******* дугаар хороо, токио /*******/ гудамж, Оршил төвийн барилгыг ******* ХХК барьж ашиглалтад оруулсан бөгөөд уг барилгын дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээг 2013 оны 7 дугаар сараас эхлэн ******* ХХК хариуцан ажилласан байна.

3.3. *******, ******* нар нь тухайн барилгын 4 давхарт үйл ажиллагаа явуулж байх үед лифт зогссон гэж цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байх ба Нийслэлийн ******* дүүргийн прокурорын газрын 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн хариу мэдэгдэх хуудсаар Зөрчлийн тухай хуульд заасан зөрчлийн шинжгүй, цаашид зөрчлийн хэрэг нээж шалгах хууль зүйн үндэслэлгүй гэж дурдсан байна.

4. Нэхэмжлэгч нар нь ...лифтийг 4 давхарт зогсоохгүй болгож тохируулснаас өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг бусдад үйлчилгээний зориулалтаар түрээслэх боломжгүй болж, гэрээ цуцлагдсан тул түрээсийн орлого олоогүй хохирсон гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон.

Хариуцагч талаас ...лифтийг тухайн давхарт зогсоох тохируулга хийх боломжгүй, лифтний засвар үйлчилгээг мэргэжлийн байгууллага хариуцдаг, лифт болон явган хүний орох, гарах гарцыг хаасан зүйлгүй, нэхэмжлэгчийн бусадтай байгуулсан түрээсийн гэрээ цуцлагдахад буруугүй тул олох ёстой орлогыг хариуцахгүй гэж маргасан.

5. Анхан шатны шүүх зохигчдын тайлбар болон хэргийн баримтаар ******* дүүргийн ******* дугаар хороо, токио /*******/ гудамж, Оршил төвийн барилгын 4 давхарт 2023 оны 8, 12 дугаар сар, 2024 оны 3 дугаар сарын тодорхой өдрүүдэд лифт зогссон болох нь тогтоогдсон боловч дурдсан хугацаанд ******* ХХК -ийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас лифт зогсоосон үйл баримт тогтоогдсонгүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан үзэх, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг зөрчөөгүй.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, мөн зүйлийн 497.2 дахь хэсэгт зааснаар гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө. Өөрөөр хэлбэл, дээрх зүйлд зааснаар хариуцагчийн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/ нь, мөн уг үйлдлийн улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан нь, үйлдэл болон хохирол хоорондын шалтгаант холбоо тус тус тогтоогдсон нөхцөлд нэхэмжлэгчид шаардах эрх үүснэ. Гэтэл хариуцагчийн гэм буруутай үйлдэл болон нэхэмжлэгчид учирсан хохирлын шалтгаант холбоо хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна.

6. Иймд, Оршил төвийн барилгын 4 давхарын лифт зогссоны улмаас өөрийн өмч хөрөнгийг ашиглах боломж хязгаарлаж, орлого олох боломжоо алдсанд хариуцагчийн гэм буруу шалтгаант холбоогүй байх тул нэхэмжлэгчийн гаргасан шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд нь хариуцагч ******* ХХК гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Анхан шатны шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч ...нэхэмжлэгч нь сард олох ёстой орлогоо нотолж чадахгүй байх тул хариуцагч төлөх учиргүй. Хариуцагч нь лифт ашиглах тусгай зөвшөөрөлгүй тул хохирлыг хариуцахгүй...гэх агуулга бүхий дүгнэлт гаргасан байх ба уг дүгнэлт нь нотлох баримт үнэлэх зарчимд нийцсэн гэж шүүхийн шийдвэрт тусгасан нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.7 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

7. Нэхэмжлэгч тал ...хэд хэдэн нотлох баримтуудыг дурдаж, уг баримтуудаар хариуцагчийн гэм буруу тогтоогдсон гэх агуулгаар гомдол гаргажээ. Эдгээр нотлох баримтуудаар хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан байдал тогтоогдсон гэж үзэхгүй.

******* дүүргийн Прокурорын газрын 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 4/632 дугаар тогтоолоор хариуцагч байгууллагын ашиглалтын зардлаа төлөөгүйгээс шалтгаалан лифтийг тухайн барилгын 4 давхарт зогсохгүй болгож тохиргоо хийсэн үйлдлийг Зөрчлийн тухай хуульд заасан аль нэг зөрчлийн шинжгүй, цаашид зөрчлийн хэрэг нээж шалгах хууль зүйн үндэслэлгүй гэжээ. Иймд дээрх баримтаар хариуцагчийн гэм буруутай үйлдэл тогтоогдсон гэж үзэхгүй тул шүүх нотлох баримт үнэлэх журмыг зөрчөөгүй байх тул энэ талаарх нэхэмжлэгч нарын гомдол хангагдахгүй.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 191/ШШ2025/02625 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 332,449 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

Д.ЦОГТСАЙХАН