Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 369

 

 

 

 

 

 

 

 

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Г овогт Б-ийн Б-ид холбогдох эрүүгийн 18100 2729 0366 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Ш.Алтанцэцэг, шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Б.Боорчи шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.  

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1991 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдрах, Баянзүрх дүүргийн Монелийн 23-514 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, Г овогт Б-ийн Б- /РД:/,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч Б.Б нь хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2018 оны 5 сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Маршал таун” хотхоны В1 давхарын гараашийн 274, 218 дугаартай авто зогсоолуудыг түрээслүүлнэ гэж Б.Дгаас 3.0 сая төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

 

                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Б нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгч Б.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул шүүхэд нэмж ярих зүйл байхгүй. Надад тухайн гараашийг түрээслэх эрх байхгүй. Би Маршал Таун хотхоны СӨХ-ийн ажилтныг таньдаг байсан Маршал Таун хотхоны фэйсбүүк грүппт элсэж, зар тавьсан юм. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би авто засварын газар засварчингаар ажиллаж байгаа, сард 1.000.000-1.200.000 төгрөгийн цалинтай. Хууль бус аргаар мөнгө олох санаатай байсан гэдгээ ойлгож байгаа. Цаашид гэмт хэрэг үйлдэхгүй шударгаар хөдөлмөрлөж амьдарч чадна. Маршал Таун хотхоны В1 давхарын авто зогсоолын 174, 218 дугаартай авто зогсоол хэний эзэмшлийнх гэдгийг би хэлж мэдэхгүй байна. Надад тухайн авто зогсоолын эзэн, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс зогсоолыг нь түрээслэж мөнгө олоод өг гэсэн зүйл байхгүй. Би шөнө оройгоор гарааш руу нь орж үзээд ийм зогсоол байдаг гэдгийг мэдсэн юм. Дэлгэрзаягаас залилж авсан 3.000.000 төгрөгөөр машиндаа сэлбэг, бензин авч хувийн хэрэгцээндээ зарцуулсан. Үлдэгдэл мөнгийг хөдөө авч явсан. Би ээжийнхээ тэтгэврийн мөнгийг зээлээр авч, мөн хүүхдийнхээ хадгаламжийн мөнгийг барьцаалж зээл авч хохирлыг төлж барагдуулсан. Ээжийнхээ тэтгэврийн зээлийг нь мөн төлсөн.” гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 18100 2729 0366 дугаартай хэргээс:

 

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Дгийн хохирогчоор өгсөн:

“...Манай гэр тус дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Кинг тауэр 121 дүгээр байранд байдаг юм. 2018 оны 5 сарын дундуур Маршал хотхоны оршин суугчдын групп руу орж үзэхэд гарааш хямд түрээслүүлнэ гэсэн зар байхаар нь Баяраа Балдорж гэсэн хаяг руу нь байх, сайн санахгүй байна, чатаар холбогдоод” хаана байрлалтай гарааш вэ, хэдээр түрээслэх вэ” гэхэд “125 дугаар байрны Б1 давхарт 2 гарааш байгаа, 1 сарын түрээс 200.000 төгрөг гэж байгаа” гэхээр нь би “2 зогсооол түрээслэх гэсэн юм” гэсэн. Надад “1 жилээр төлбөрөө хийчих, тэгвэл 150.000 төгрөгөөр бодъё” гэсэн ба ямар нэгэн гэрээ хэлэлцээр хийгээгүй, би шууд Балдорж гэсэн нэртэй Хаан банкны дансаар 3.0 сая төгрөгийг 2018 оны 5 сарын 29-ний өдөр “2 гарааш” гэсэн утга бичээд шилжүүлсэн.

2018 оны 6 сарын дундуур машинаа тавих гээд Балдоржийн 80801119 дугаарын утас руу залгахад утсаа авахгүй байсан. Тэгээд машинаа 274, 218 дугаартай зогсоол дээр тавих гэтэл өөр машин зогсоод байхаар нь “манайх энэ зогсоолыг түрээслэсэн шүү дээ” гэхэд нэрийг нь мэдэхгүй, эмэгтэй хүн “манайх энэ зогсоолыг худалдаж аваад 2 жил болж байна, нэг ч удаа түрээслэж үзээгүй” гэсэн. Би “Балдорж гэдэг хүн түрээслэсэн” гэхэд “эзэнтэй гараашийг яагаад түрээслэдэг юм, би тийм хүн танихгүй. Та нар залилуулсан байна, цагдаад өргөдлөө бичиж өг” гэхээр нь өргөдөл өгсөн. Балдорж гэдэг хүний царайг нь хараагүй, ямар нэгэн гэрээ хэлцэл хийлгүй гэндсэн байна. Балдорж руу зөндөө мессеж бичиж, өөр хүн худалдаж авсан гараашийг түрээслэсэн байна гэхэд нэг ч хариу бичээгүй. Би энэ хүнээс 3.0 сая төгрөгийг нэхэмжилж байна. Би гомдолтой байна.

Би Балдорж гэдэг хүнээс хохирол төлбөр болох 3.0 сая төгрөгөө бүрэн барагдуулж авсан тул надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй ” гэсэн мэдүүлэг /хэргийн 10х, 82х/,

 

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Э.Оюунболорын гэрчээр өгсөжн:

“...Манай нөхөр Балдорж Цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа талаар би мэдээгүй. Цагдаагийн байгууллагаас дуудхаар нь юу болсон талаар асуухад “чамд ямар хамаатай юм бэ” гээд надад хэлээгүй. Надад ер нь нарийн ширийн зүйлээ яриад байдаггүй. Балдоржтой хамт амьдраад 4 жил болж байна, бид хоёр дундаасаа 4 настай хүүтэй. Одоогоор бид 3 Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелийн 23-514б тоот гэрт амьдардаг. Анх надтай танилцахад барилга дээр туслах ажилчин хийдэг юм шиг байсан.

Тэгээд 2013 онд намайг төрөх гэж байхад хөдөө явж ажил хийлээ гээд 4 сарын дараа ирж байсан, ирэхдээ ямар нэгэн мөнгө төгрөг авч ирээгүй. Хүнд “үгүй” гэж хэлж чаддаггүй, хүний үгээр байдаг зантай. Манай нөхөр уг нь хүн залилаад яваад байх хүн биш байгаа юм. Балдорж 1 жилийн өмнө ажилгүй гэртээ байсан ба хааяа гэртээ хоол ундны зүйл авчирсан эсвэл мөнгөтэй болсон байхаар нь “хэн чамд мөнгө өгсөн юм бэ” гэхээр “чамд ямар хамаатай юм бэ” гэдэг байсан. Дансны хуулгийг чинь харъя гэхэд устгачихдаг байсан. Харин Балдоржийн гэрээс 5 сард ноолуурийн мөнгө орж ирдэг. Би Балдоржийн эцэг, эхийг л мэднэ. Өөр хамаатан садангийнх нь талаар мэдэхгүй. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 12х/,

 

3. Шүүгдэгч Б.Бийн Хаан банк дахь 5112хххх37 тоот данс руу 2018 оны 5 сарын 29-ний өдөр 3.000.000 төгрөг Болдын Дэлгэрзаяагаас шилжүүлсэн талаарх мэдээлэл бүхий мөнгөн шилжүүлгийн баримт /хэргийн 45-47х/,

 

4. Хохирогч Б.Дгийн “Б.Боос хохирол төлбөр болох 3.000.000 төгрөгийг бүрэн хүлээн авсан. Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мөрдөн шалгах ажиллагааны явцад бичгээр гаргасан хүсэлт баримт /хэргийн 65х/,

 

5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Б.Бийн гэрч, яллагдагчаар өгсөн:

“...Би тухайн үед Маршал таун хотхоны СӨХ-д аж ахуй хариуцдаг ажил хийдэг байсан юм. Хэддүгээр байр гэдгийг нь санахгүй байна, В1 давхарын 274, 218 тоот зогсоолыг Маршал таун группийн зар дээр өөрийнхөө хаягнаас гарааш түрээслүүлнэ гэсэн зар тавьсаны дагуу Дэлгэрзаяаг гэдэг эмэгтэй гарааш түрээслэе гэхээр нь зөвшөөрсөн. 2 зогсоол түрээслэнэ гэхээр нь хямдруулаад 1 жилийн түрээс нийлээд 3.0 сая төгрөг болсон юм.

2018 оны 5 сарын 29-ний өдөр 3.0 сая төгрөгийг 5012167537 дугаарын данс руу шилжүүлсэн байсан. Эдгээр хүмүүс нь 2018 оны 9 сард уг 2 зогсоол дээр машинаа тавъя гэж тохирсон, учир нь зуны улиралд гараашинд ус тогтчихдог юм. Би 2018 оны 9 сарын 07-ны өдөр хүртэл ажиллаж байгаад ажлаасаа гарсан. Над руу Дэлгэрзаяа гэдэг хүн 8 сарын сүүлээр залгасан байсан. Дараа нь 10 сард залгаж, мессеж бичсэн байсан. Би тухайн үед хариу өгөөгүй. Би тухайн мөнгөөр машиндаа сэлбэг аваад, бензин хийгээд үрж дуусгасан. Энэ 2 зогсоол нь манай үеэл эгчийн зогсоол байх ёстой. Гэхдээ 2018 оны 4 сарын 20-ны үеэр байх, манай эгч Америк Улс руу явсан, гэхдээ зарсан ч байж магадгүй. Би зарсан үгүйг н мэдэхгүй түрээслэсэн. Би хохирогчийн 3.0 сая төгрөгийг барагдуулж өгсөн байгаа.” гэсэн мэдүүлэг /хэргийн 14х, 80х/ болон мөн шүүгдэгчийн хувийн байдалтай иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 28х/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 31х/, Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хэргийн 59х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж шүүх үнэлсэн болно.

 

Түүнчлэн хэргийн шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, прокурорын хяналтын шатанд өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг /хэргийн 83х/ прокурорт гаргаснаар 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 109 дугаартай прокурорын тогтоолоор хүсэлтийг хүлээн авч хангасан, прокуророос шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг танилцуулахад тэрээр хүлээн зөвшөөрснөөр /хэргийн 89-90х/ эрүүгийн 19100 2729 0366 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, зохицуулалтыг зөрчөөгүй байна.

 

Иймд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Бийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 5 сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Маршал таун” хотхоны В1 давхарын “гараашийн 274, 218 дугаартай авто зогсоолуудыг түрээслүүлнэ” гэж Б.Дгаас 3.0 сая төгрөгийг дансаар шилжүүлэн авч өөртөө ашигласан үйл баримт хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт бэхжүүлж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан:

- хохирогч Б.Бийн: “...Манай гэр тус дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Кинг тауэр 121 дүгээр байранд байдаг юм. 2018 оны 5 сарын дундуур Маршал хотхоны оршин суугчдын групп руу орж үзэхэд “гарааш хямд түрээслүүлнэ” гэсэн зар байхаар нь Баяраа Балдорж гэсэн хаяг руу нь байх, сайн санахгүй байна, чатаар холбогдоод ”хаана байрлалтай гарааш вэ, хэдээр түрээслэх вэ” гэхэд “125 дугаар байрны Б1 давхарт 2 гарааш байгаа, 1 сарын түрээс 200.000 төгрөг гэж байгаа” гэхээр нь би “2 зогсооол түрээслэх гэсэн юм” гэсэн.

Надад “1 жилээр төлбөрөө хийчих, тэгвэл 150.000 төгрөгөөр бодъё” гэсэн ба ямар нэгэн гэрээ хэлцэл хийгээгүй, би шууд Балдорж гэсэн нэртэй Хаан банкны дансаар 3.0 сая төгрөгийг 2018 оны 5 сарын 29-ний өдөр “2 гарааш” гэсэн утга бичээд шилжүүлсэн. 2018 оны 6 сарын дундуур машинаа тавих гээд Балдоржийн 80801119 дугаарын утас руу залгахад утсаа авахгүй байсан.

Тэгээд машинаа 274, 218 дугаартай зогсоол дээр тавих гэтэл өөр машин зогсоод байхаар нь “манайх энэ зогсоолыг түрээслэсэн шүү дээ” гэхэд нэрийг нь мэдэхгүй, эмэгтэй хүн “манайх энэ зогсоолыг худалдаж аваад 2 жил болж байна, нэг ч удаа түрээслэж үзээгүй” гэсэн. Би “Балдорж гэдэг хүн түрээслэсэн” гэхэд “эзэнтэй гараашийг яагаад түрээслэдэг юм, би тийм хүн танихгүй, та нар залилуулсан байна, цагдаад өргөдлөө бичиж өг” гэхээр нь өргөдөл өгсөн.

Балдорж гэдэг хүний царайг нь хараагүй, ямар нэгэн гэрээ хэлцэл хийлгүй гэнэдсэн байна. Балдорж руу зөндөө мессеж бичиж, “өөр хүн худалдаж авсан гараашийг түрээслэсэн байна” гэхэд нэг ч хариу бичээгүй. Би энэ хүнээс 3.0 сая төгрөгийг нэхэмжилж байна. Би гомдолтой байна. ...Би Балдорж гэдэг хүнээс хохирол төлбөр болох 3.0 сая төгрөгөө бүрэн барагдуулж авсан тул надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй ” гэсэн мэдүүлэг /хэргийн 10х, 82х/,

- гэрч Э.Оюунболорын: “...Манай нөхөр Балдорж Цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа талаар би мэдээгүй. Цагдаагийн байгууллагаас дуудхаар нь юу болсон талаар асуухад “чамд ямар хамаатай юм бэ” гээд надад хэлээгүй. Надад ер нь нарийн ширийн зүйлээ яриад байдаггүй. Балдоржтой хамт амьдраад 4 жил болж байна, бид хоёр дундаасаа 4 настай хүүтэй. Одоогоор бид 3 Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелийн 23-514б тоот гэрт амьдардаг. Анх надтай танилцахад барилга дээр туслах ажилчин хийдэг юм шиг байсан. тэгээд 2013 онд намайг төрөх гэж байхад хөдөө явж ажил хийлээ гээд 4 сарын дараа ирж байсан, ирэхдээ ямар нэгэн мөнгө төгрөг авч ирээгүй. Хүнд үгүй гэж хэлж чаддаггүй, хүний үгээр байдаг зантай. Манай нөхөр уг нь хүн залилаад яваад байх хүн биш байгаа юм. Балдорж 1 жилийн өмнө ажилгүй гэртээ байсан ба хааяа гэртээ хоол ундны зүйл авчирсан эсвэл мөнгөтэй болсон байхаар нь “хэн чамд мөнгө өгсөн юм бэ” гэхээр “чамд ямар хамаатай юм бэ” гэдэг байсан. Дансны хуулгийг чинь харъя гэхэд устгачихдаг байсан. Харин Балдоржийн гэрээс 5 сард ноолуурийн мөнгө орж ирдэг. Би Балдоржийн эцэг, эхийг л мэднэ. Өөр хамаатан садангийнх нь талаар мэдэхгүй. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 12х/,

- шүүгдэгч Б.Бийн Хаан банк дахь 5112хххх37 тоот данс руу 2018 оны 5 сарын 29-ний өдөр 3.000.000 төгрөг Болдын Дэлгэрзаяагаас шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримт /хэргийн 45-47х/,

- хохирогч Б.Дгийн “Б.Боос хохирол төлбөр болох 3.000.000 төгрөгийг бүрэн хүлээн авсан. Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мөрдөн шалгах ажиллагааны явцад бичгээр гаргасан хүсэлт баримт /хэргийн 65х/ болон шүүгдэгч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг, мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсаныг гэмт хэрэгт тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилан тогтоосон.

 

Хэргийн шүүгдэгч Б.Б нь шууд санаатай, шунахай сэдэлтээр, өөрөө болон түүний хамаарал бүхий гэр бүлийн бусад гишүүд нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Маршал таун” хотхоны В1 давхарын гараашийн 274, 218 дугаартай авто зогсоолуудыг эзэмшиж ашигладаггүй, өмчилдөггүй атлаа бусдын эд хөрөнгө буюу мөнгийг авах зорилгоор, тус хотхоны оршин суугчдын групп-т “автомашины зогсоол түрээслүүлэх” зарыг өөрийн фейсбүүк хаягаар нийтэд тавьж, улмаар хохирогч Б.Дтай фейсбүүк хаягаар холбогдож, түүнд “Маршал таун” хотхоны В1 давхарын 274, 218 дугаартай авто зогсоолуудыг түрээслэнэ гэж түрээсийн төлбөрийн 3.000.000 төгрөгийг  өөрийн дансаар шилжүүлэн авч ашигласан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Залилах гэмт хэргийн “хуурч, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгон эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авах” гэмт хэргийн шинжтэй байна.

 

Тухайн хэргийн нөхцөлд прокурорын яллах дүгнэлтэд дурьдагдсан “бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулсан” гэх уг гэмт хэргийн шинж шүүгдэгч Б.Бийн үйлдэлд үгүйсгэгдэж байна гэж шүүх дүгнэсэн.

 

Прокуророос шүүгдэгч Б.Бийг “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийг үйлдсэн гэж яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг “хуурч, ...цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгож, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө буюу мөнгийг өөртөө шилжүүлэн авч ашиглан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийг үйлдсэн гэж зөвтгөн өөрчилж шийдвэрлэсэн ба энэ нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг зөрчихгүй гэж дүгнэсэн болно.

Иймд шүүгдэгч Б.Бийг хуурч, ...цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгож, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө буюу мөнгийг өөртөө шилжүүлэн авч ашиглан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.  

 

Энэхүү гэмт хэргийн улмаас хохирогч Б.Дгийн эд хөрөнгөд 3.000.000 төгрөгийн хохирол учирсан нь нотлогдсон, шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

“Бусдын эрх, ... эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасан.

Шүүгдэгч Б.Бийн хувьд гэмт хэрэг үйлдэж хохирогч Б.Дд учруулсан эд хөрөнгийн хохирол болох 3.000.000 төгрөгийг нөхөн төлж барагдуулсан нь:

- хохирогч Б.Дгийн: “...Одоо надад гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй. Би Б.Боос 3.000.000 төгрөгийг төлүүлж авсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 65х, 82х/ баримтаар тогтоогдсон тул шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй байна.       

 

Шүүгдэгч нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтаар /хэргийн 31х/ тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэргийг анх удаа үйлдсэн гэж үзнэ.  

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч Б.Б нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, мөн гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т тус тус заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.   

 

Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ, тэрээр анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлж арилгасныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан, улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаарх гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Бид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.               

 

Энэ хэрэгт Б.Б нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.Д нь “хохирол нөхөн төлөгдсөн үндэслэлээр гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус шийтгэх тогтоолд дурьдах нь зүйтэй.        

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон                       

                                                        

ТОГТООХ нь:

 

1. Г овогт Б-ийн Б-ийг хуурч, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Бийг 500 /таван зуу/ нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Б нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт Б.Б нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.Д нь “хохирол нөхөн төлөгдсөн үндэслэлээр гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурьдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

6. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.Бид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       С.БАЗАРХАНД