| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнямын Цогтсайхан |
| Хэргийн индекс | 181/2024/04173/И |
| Дугаар | 210/МА2025/00901 |
| Огноо | 2025-05-26 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 210/МА2025/00901
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 191/ШШ2025/02189 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******-д холбогдох,
Гэрээнээс татгалзсанаас учирсан хохиролд 45,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:
1.1. ******* ХХК болон ******* нар нь ******* дүүрэг, ******* дүгээр хороо, ******* хотхон ******* дугаар байр, ******* тоот хаягт байрлах орон сууцыг худалдан авахаар тохиролцож 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 56 дугаартай орон сууц худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Тус гэрээгээр худалдан авагч орон сууцны үнийг хугацаанд нь бүрэн төлөх, худалдагч нь орон сууцыг худалдан авагчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэх үүргийг тус тус хүлээсэн бөгөөд манай компани гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн.
1.2. ******* нь дээрх гэрээний 2.2-т заасан төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй буюу орон сууцны төлбөрийг төлөлгүйгээр 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл 5 жил, 5 сарын хугацаанд амьдарсан.
1.3. ******* ХХК-ийн зүгээс хариуцагч нь төлбөр төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, үүргээ зөрчсөн тул дээрх гэрээний 3.1.5-д заасны дагуу үүргийн зөрчлөө арилгах, гэрээнээс татгалзах талаар удаа дараа амаар болон бичгээр сануулсан боловч ******* гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй ба 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдөр орон сууцны түлхүүрийг хүлээлгэн өгсөн.
1.4. ******* ХХК нь орон сууцыг хүлээн авах үед том өрөө, гал тогоо, цонхны хэсэг, үүдний хэсэг, ариун цэврийн өрөөнүүдэд засвар хийх шаардлагатай болсон байсан ба орон сууцад хийгдэх засварын ажил болох хана, тааз хусах, замаск татах, таазны эмульс хийх, обой хуулах, наах, паркетан шал шахах, хаалга солих, сантехникийн ажил, ванн солих, суулгах ажил, ариун цэврийн өрөөний плита наах, ванны өрлөг, шавардлага хийх, гал тогооны плита солих, наах гэх мэт ажлыг 10,298,277 төгрөгөөр ******* ХХК-аар р гүйцэтгүүлсэн.
Мөн манай компани уг орон сууцыг 2019 оны 01 дүгээр сараас эхлэн өөр иргэнд нэг сарын 700,000 төгрөгөөр хөлслүүлэхээр тохиролцсон байсан боловч ******* худалдаж авна гэсэн учраас түүнтэй худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэвч ******* нь гэрээний үүргээ биелүүлээгүй тул ******* ХХК нь гэрээнээс татгалзсан ба хэрэв манай компани орон сууцаа түрээсэлсэн бол орлого олох байсан гэж үзэж Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасны дагуу хохирол шаардаж байна.
1.5. ******* нь орон сууцны засварын зардал болох 10,298,277 төгрөгийг төлсөн тул уг төлбөрийг хасаж үлдэгдэл төлбөрийг гаргуулна.
Иймд 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл 65 сарын хугацаанд орон сууцад амьдарсан зардлыг орон сууц хөлслөх жишиг үнэ сарын 700,000 төгрөгөөр тооцож гэрээнээс учирсан хохиролд 45,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Миний бие ******* ХХК-ийн хэрэгжүүлж буй төслийн хүрээнд ******* дүүргийн н ******* дүгээр хороонд баригдаж байсан ******* хотхоны ******* дугаар байрны ******* тоот хаягт байрлах ******* м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг захиалан 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан.
2.2. Миний бие захиалгаар бариулж буй орон сууцыг ипотекийн 8 хувийн зээлд хамруулан төлбөрийг төлж барагдуулахаар ******* ХХК -тай анх харилцан тохиролцсоны үндсэн дээр дээрх гэрээг байгуулсан. Гэрээ байгуулаад ипотекийн 8 хувийн зээлд хамрагдахаар холбогдох бичиг баримтаа бүрдүүлж ******* банкинд хүсэлт гаргасан ба банкны зүгээс миний хүсэлт, холбогдох бичиг баримтыг судалж үзсэний үндсэн дээр 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 70,000,000 төгрөгийн зээл олгох шийдвэр гарсан.
******* банкны зээл олгох шийдвэрийг ******* ХХК -д танилцуулахад орон сууцны бичиг баримт удахгүй гарна гээд түлхүүрийг бидэнд өгч, 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр орон сууц хүлээлцэх акт үйлдэж, байрандаа нүүж орсон. Гэвч захиалсан орон сууцны бичиг баримт гарахгүй удсан тул ******* банкны зээл олгох шийдвэр цуцлагдсан. Энэ байдлыг ******* ХХК -д мэдэгдэж бичиг баримтаа гаргаж өгөөч, зээлд хамрагдмаар байна гэж шаардаж байсан боловч тус компанийн зүгээс бичиг баримт удахгүй гарна гэж мэдэгддэг байсан.
2019 оны 12 дугаар сард дахин зээлийн материал бүрдүүлж ******* банкинд өгч, тус банкны зээлийн шийдвэр дахин гарсан боловч ******* ХХК-ийн зүгээс мөн орон сууцны бичиг баримтыг гаргаж өгөөгүйн улмаас зээлийн шийдвэр 2020 оны эхээр цуцлагдсан. 2021, 2022 онуудад мөн зээл гарах боломжтой байсан боловч ******* ХХК нь орон сууцны бичиг баримтыг гаргаж өгөөгүй учраас миний бие ипотекийн зээлд хамрагдаж чадаагүй, хажуу өрөө түрээслэн амьдарч байна.
2.3. ******* ХХК нь 2024 оноос орон сууцыг чөлөөлөх шаардлага тавьж, гэрээг цуцлах талаар мэдэгдэж эхэлсэн. Миний зүгээс компанийн удирдлагад хандан бичиг баримтаа гаргаад өгвөл зээлд хамрагдан гэрээний төлбөрийг төлөх талаар хүсэлт тавихад боломжгүй гэсэн учраас тухайн орон сууцыг худалдан авах боломжгүй болсон. Хэрэв ******* ХХК нь хугацаандаа орон сууцны гэрчилгээг гаргаж өгсөн бол өнөөдрийн нөхцөл байдал үүсэхгүй байсан.
2.4. Миний бие шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа боловч асуудлыг аль болох түргэн шуурхай шийдвэрлэх үүднээс ******* ХХК-ийн холбогдох хүмүүстэй уулзаж нэхэмжлэлд дурдсан засварын зардал болох 10,000,000 төгрөгийг төлөх, түрээсийн төлбөрт нэхэмжилсэн үнийн дүнгээс 20,000,000 төгрөгийг 12 сарын хугацаанд төлж барагдуулах талаар харилцан тохиролцсон. Үүний дагуу миний бие 10,000,000 төгрөгийг 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр төлсөн ба 20,000,000 төгрөгийг төлөх, нэхэмжлэгч үлдэх 25,500,000 төгрөгөөс татгалзах асуудлаар шүүхийн албан ёсны шийдвэр гаргуулахыг хүссэн боловч тохиролцоонд хүрч чадаагүй.
******* ХХК нь гэрээнд заасны дагуу гэрээнээс татгалзах талаар утсаар болон факсаар мэдэгдээгүй.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч ******* ос ******* дүүргийн н ******* дүгээр хороо, ******* орон сууцны хотхоны 518 дугаар байрны 2 тоот, ******* м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 65 сарын хугацаанд эзэмшиж ашигласны төлбөрт нийт 45,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК -д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 436,942 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ос улсын тэмдэгтийн хураамжид 385,450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК -д олгож тус тус шийдвэрлэжээ.
4. Хариуцагч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. ******* нь маргаан бүхий орон сууцыг ипотекийн 8 хувийн зээлд хамруулан орон сууцны төлбөрийг төлж барагдуулахаар ******* ХХК -тай анх харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээ байгуулсан гэж нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа нэг үндэслэлээ тодорхойлсон ба энэ нь хэрэгт авагдсан ******* банкны 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн тодорхойлолтоор нотлогдож байна.
Өөрөөр хэлбэл, *******гын ******* банкинд гаргасан хүсэлт, тус банкны 70,100,000 төгрөгийн зээл олгохыг зөвшөөрсөн үндэслэл, шийдвэр, гэрээ байгуулсан цаг хугацаа, гэрээний зүйлийн үнэ зэрэгт дүгнэлт хийвэл талуудын хооронд байгуулагдсан орон сууц худалдах, худалдан авах гэрээг байгуулах үндэслэл, гол нөхцөл нь уг зээл олгох шийдвэр, түүний хэрэгжилт байсан. Мөн гэрээний 2.2-т заасан урьдчилгаа төлбөр 21,034,500 төгрөг, үлдэгдэл төлбөр 49,080,500 төгрөгийг төлөх нөхцөлүүд нь анхнаасаа дээрх зээлгүйгээр биелэгдэх боломжгүй болохыг нэхэмжлэгч мэдэж байсан учраас гэрээний үнийн дийлэнх хэсэг буюу үлдэгдэл төлбөр 49,080,500 төгрөг гэсний ард зээлд гэж гараар бичиж тодотгосон. Түүнчлэн ******* ХХК нь дээрх хэлцлийн хүрээнд маргаан бүхий орон сууцны гэрчилгээг гаргаж өгөх үүрэгтэй байсан болох нь тус компанийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн тодорхойлолтоор нотлогдох бөгөөд ******* ХХК нь энэ үүргээ биелүүлж, тухайн орон сууцны гэрчилгээг гаргаж өгсөн бол ******* нь ******* банктай зээлийн гэрээ байгуулан гэрээний зүйлийн төлбөрийг төлж барагдуулах боломжтой байсан.
Иймд ******* нь гэрээний төлбөр төлөх үүргээ биелүүлэх боломжгүй болсон нь ******* ХХК-ийн орон сууцны бичиг баримтыг гаргаж өгөөгүй буруутай үйл ажиллагаанаас шалтгаалсан.
******* ХХК дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлийг няцааж, үгүйсгээгүй ба шүүхийн хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэгч ******* банкны зээл хүсэж байсан, энэ зээл нь болоогүй гэх зүйлийг ярьдаг, хариуцагч тал зээл авах эсэх нь нэхэмжлэгч талтай хамааралгүй тул гэрээнээс татгалзсан гэсэн тайлбар нь бодит үнэнд нийцээгүй, шүүхэд үнэн зөв мэдүүлэх үүргээ биелүүлээгүй болох нь дээр дурдсан үндэслэл, баримтуудаар тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч энэхүү тайлбараараа нь зээлд хамруулан төлбөрийг төлж барагдуулахаар гүйцэтгэгч ******* ХХК -тай анх харилцан тохиролцсон байсан гэх хариуцагчийн үндэслэлийг хүлээн зөвшөөрсөн байна.
4.2. Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох, эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээг байгуулсанд тооцохоор хуульд заасан. Талууд гэрээний агуулгыг чөлөөтэй, өөрсдөө тодорхойлж чадаагүй буюу гэрээний гол нөхцөл болох гэрээний зүйлийн төлбөрийг хэрхэн төлөх талаар тохиролцож чадаагүй байна.
Гэрээ байгуулахаас өмнө талууд гэрээний зүйлийн үнийг зээлийн төлбөрөөр хийнэ гэсэн нэгдсэн ойлголтод хүрсэн байсан учраас урьдчилгаа төлбөр авалгүйгээр орон сууцыг акт үйлдэн захиалагчид хүлээлгэн өгсөн. Харин ******* ХХК нь гэрээг бичгээр бэлтгэж боловсруулахдаа анх тохиролцсон гэрээний зүйлийн үнийг зээлийн төлбөрөөр хийх тохиролцоог гэрээнд тусгаагүй, гэрээ байгуулах үндэслэл болсон гэрээний зүйлийн үнийг зээлийн төлбөрөөр хийнэ гэсэн захиалагчийн саналыг үгүйсгэж, 21,034,500 төгрөгийг урьдчилгаа төлбөр гэж тодорхойлон 2 хоногийн дотор төлөхөөр заасан нь гэрээний чөлөөт байдлыг алдагдуулж, бодит байдал дээр хэрэгжих боломжгүй нөхцөлийг тулгасан, мөн нэхэмжлэгч нь энэ гэрээг байгуулснаар анхнаасаа зорилгодоо хүрэх боломжгүй байсныг мэдэж байсан ба орон сууцны бичиг баримтыг гаргаж өгөх үүргээ биелүүлээгүйн улмаас захиалагчийн зээл авахад саад хийсэн буруутай байна.
*******гын хувьд орон сууцаа хүлээн авсан, зээл авах хүсэлт нь зөвшөөрөгдөж банкны шийдвэр гарсан байсан ба ******* ХХК нь орон сууцны бичиг баримтыг гаргаж өгсөн бол зээлд хамрагдаад гэрээний зүйлийн төлбөрийг барагдуулах итгэлтэй байсныг буруутгах боломжгүй юм. Энэ нь хэрэгжих боломжтой байсан нь банкны тодорхойлолт, зээл олгох зөвшөөрлөөр нотлогдоно.
Иймд талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 196 дугаар зүйлийн 196.1.1-д тус тус заасныг зөрчсөн, бодит байдал дээр биелэх боломжгүй нөхцөлийг захиалагчид тулгасан, анхнаасаа хэрэгжих боломжгүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хүчин төгөлдөр бус хэлцэл болсон.
******* ХХК нь дээрх байдлаар хүчин төгөлдөр бус хэлцэл байгуулсанд өөрөө буруутай, энэхүү гэрээг байгуулснаараа зорилгодоо хүрэх боломжгүй байсныг мэдэж байсан, тохиролцоондоо шударга бус хандаж, захиалагчийн зээл авахад саад хийснээрээ захиалсан хөрөнгөө буцаан шаардах, хохирол нэхэмжлэх эрхгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:
5.1. Хариуцагч тал талууд гэрээ байгуулах хүсэл зоригоо илэрхийлээгүй, гэрээ хүчин төгөлдөр бус гэх агуулгаар гомдлоо тайлбарласан. Талуудын хооронд байгуулагдсан 2018 оны орон сууц захиалгаар худалдах, худалдан авах гэрээний хүсэл зоригийг илэрхийлсэн эсэх талаар хариуцагчийн өмгөөлөгч тайлбарлах эрхгүй. Нэхэмжлэгч компаниас шаардаж буй ипотекийн зээлийн нөхцөл нь 30 хувийн урьдчилгаа төлбөрийг төлсөн байхыг шаарддаг тул баримтыг хавсаргах ёстой. Урьдчилгаа төлбөр төлсөн талаарх баримтыг өгсний дараа үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулах боломжтой байхад хариуцагч гэрээний 2.2-т заасан 30 хувийн төлбөрийг төлөөгүй.
5.2. 2018 оны 12 дугаар сард талуудын хооронд гэрээ байгуулагдсанаас хойш 6 жилийн хугацаанд хариуцагч нь орон сууцад үнэ төлбөргүй амьдарсан. Гэрээ цуцлагдсан тохиолдолд нэхэмжлэгч алданги тооцох эрхтэй ба алдангийг 35,000,000 төгрөгөөр тооцсон талаарх баримт хавтаст хэргийн 37 дугаар талд авагдсан. Мөн гэрээ цуцлагдсан бол гэрээний 7.1-д заасны дагуу 10 хувийн торгууль төлнө. Эдгээр төлбөрүүдийг нэхэмжлээгүй. Хавтаст хэргийн 31, 32 дугаар талд хариуцагчийн хариу тайлбар авагдсан ба 45,000,000 төгрөгөөс 20,000,000 төгрөгийг 12 сарын хугацаанд хувааж төлөхөө илэрхийлсэн учраас шүүхэд эвлэрэх хүсэлт гаргаж байсан. Хариуцагчийн өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон цагаас эхлэн хариуцагч эвлэрэхгүй болсон. Хариуцагчийн өмгөөлөгч гэрээг ямар үндэслэлээр хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тайлбарлаж байгаа нь тодорхойгүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хариуцагч, түүний өмгөөлөгч нарын гаргасан зөвхөн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******-д холбогдуулан гэрээнээс татгалзсанаас учирсан хохиролд 45,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
2.1. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ос орон сууцад хийсэн засварын зардалд 10,298,277 төгрөг, гэрээнээс татгалзсанаас учирсан хохиролд 45,500,000 төгрөг, нийт 55,798,277 төгрөг гаргуулахаар шаардсанаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад орон сууцад хийсэн засварын зардалд 10,298,277 төгрөг гаргуулах тухай шаардлагаасаа татгалзсан байна.
3. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон боловч нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж чадаагүйн улмаас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь буруу болсон байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
4. Хэргийн баримтууд, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогджээ. Үүнд:
4.1. Зохигчид 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр гэрээ байгуулсан байх ба энэ гэрээгээр гүйцэтгэгч нь Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* дүгээр хороо, ******* орон сууцны хотхон, ******* дугаар байр, ******* тоот хаягт байрлах ******* м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг хүлээлгэн өгөх, захиалагч нь орон сууцны төлбөрт 70,115,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцжээ. /хх6-10/
4.2. Талууд 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр байр хүлээлцэх акт үйлдэж нэхэмжлэгч ******* ХХК нь орон сууцыг хариуцагч *******гын эзэмшилд шилжүүлэн өгсөн, тэрээр 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл хугацаанд дээрх орон сууцад амьдарсан байна.
4.3. Нэхэмжлэгч ******* ХХК нь уг орон сууцад засвар хийлгэсэн, төлбөр төлсөн талаарх баримтыг шүүхэд гарган өгч орон сууцад хийсэн засварын зардалд 10,298,277 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч ******* хүлээн зөвшөөрч 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Солонго засварын төлбөр 518-******* тоот гэх гүйлгээний утгатайгаар 10,298,277 төгрөгийг нэхэмжлэгч ******* ХХК-ийн эзэмшлийн ******* банкин дахь ******* тоот дансанд шилжүүлсэн тул нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг шаардлагаасаа татгалзжээ. /хх13-14, 15, 34/
5. Талууд гэрээнээс татгалзсанаас 45,500,000 төгрөгийн хохирол учирсан эсэх нь маргааны зүйл болжээ.
6. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, уг гэрээг хүчин төгөлдөр гэж дүгнэсэн шүүхийн дүгнэлт зөв болжээ.
Гэрээ хэрэгжих хугацаанд нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******гын эзэмшилд 2 өрөө орон сууцыг шилжүүлэн өгсөн боловч тэрээр уг орон сууцны үнийг хугацаанд нь төлөх үүргээ зөрчсөн тул Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д заасны дагуу хугацаа хэтрүүлсэн буруутай гэж үзэх үндэслэлтэй.
Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* той байгуулсан гэрээнээс татгалзаж болохгүй байх Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4 дэх хэсэгт заасан үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй.
Иймээс нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* захиалсан орон сууцны үнийг төлөөгүй тул түүнтэй байгуулсан худалдах, худалдан авах гэрээнээс Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар татгалзсаныг буруутгахгүй. Энэ талаар хийсэн анхан шүүхийн дүгнэлт зөв болсон байна.
Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* той байгуулсан гэрээнээс татгалзсанаас учирсан хохирлыг шаардахдаа тус компанийн орон сууц хөлслөх журмыг үндэслэн сарын 700,000 төгрөгөөр тооцон 65 сар орон сууц хөлсөлсний хөлсөнд 45,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг анхан шатны шүүх хянан шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсгийг баримталсан нь зөв боловч нэхэмжлэгч ******* ХХК-ийн дотоод журам болох орон сууц хөлслөх журмыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.
Учир нь тус компанийн дотоод үйл ажиллагаанд мөрдөгддөг журмыг гэрээний нэг тал нь нөгөө талдаа танилцуулсан, орон сууцыг хөлслөх талаар 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан гэрээнд тусгасан гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.
Түүнчлэн, нэхэмжлэгч ******* ХХК нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотлоогүй байна.
Иймд шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгоно.
7. Хариуцагч, түүний өмгөөлөгч нар ...талууд гэрээний агуулгыг чөлөөтэй, өөрсдөө тодорхойлж чадаагүй буюу гэрээний гол нөхцөл болох гэрээний зүйлийн төлбөрийг хэрхэн төлөх талаар тохиролцож чадаагүй гэх агуулгаар давж заалдах гомдол гаргажээ.
Хэргийн баримтаар талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээгээр орон сууц худалдан авах, түүний үнийг төлөх талаар харилцан тохирсон нь хэргийн баримтаар тогтоогдсон тул Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1 дэх хэсэгт заасны дагуу талууд гэрээний гол нөхцөл болох гэрээний зүйл, түүний үнийн талаар тохиролцсон гэж үзэхээр байна. Түүнчлэн, хариуцагч тал нь анхан шатны шүүхэд хэргийг хянан шийдвэрлэх үед энэ асуудлаар маргаагүй. Дээрх агуулгаар гаргасан хариуцагч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй.
8. Хариуцагч нь талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан тул хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэх агуулгаар гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.
Хэлцлийн хүчин төгөлдөр байх шаардлагыг зөрчсөн хэлцлийн тухайд хүчин төгөлдөр бус байх эрх зүйн үр дагаврыг үүсгэдэг байна. Хэргийн баримтаас үзвэл талуудын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээ нь субьектын, хүсэл зоригийн илэрхийллийн, хэлбэрийн хувьд хуулийн тавигдах шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байх тул хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
9. Хариуцагч ******* ос 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр орон сууцны засварын зардалд 10,298,277 төгрөгийг төлсөн үндэслэлээр нэхэмжлэгч ******* ХХК нь орон сууцны засварын зардалд 10,298,277 төгрөг гаргуулах тухай шаардлагаас татгалзаж, мөн нэхэмжлэгч нь хариуцагчтай байгуулсан гэрээнээс татгалзсанаас учирсан хохиролд 45,500,000 төгрөг гаргуулахаар шаардсан байхад шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт орон сууцад хийгдсэн засварын зардал 10,298,277 төгрөг, гэрээнээс учирсан хохирол 45,500,000 төгрөг... гэж нэхэмжлэлийн шаардлагыг буруу тодорхойлсон алдааг засна. Мөн шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт ******* -с гэж бичиж хэл зүй, найруулгын алдаа гаргасныг залруулна.
10. Дээрх үндэслэлээр хариуцагч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч *******-д холбогдох, 45,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 191/ШШ2025/02189 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт тус тус заасан үндэслэлгүй тул хариуцагч *******-д холбогдох, 45,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 385,450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА
Д.ЦОГТСАЙХАН