| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнямын Цогтсайхан |
| Хэргийн индекс | 181/2022/02646/И/Н/Т |
| Дугаар | 210/МА2025/00902 |
| Огноо | 2025-05-26 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 210/МА2025/00902
*******-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 191/ШШ2025/02225 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч*******, *******, ******* нарт холбогдох,
Гэм хорын хохиролд 1,965,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******-ын өмгөөлөгч *******, хариуцагч *******, түүний өмгөөлөгч *******, *******, хариуцагч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:
1.1. Авлигатай тэмцэх газрын *******-ээс 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар *******, ******* нарыг татан мөрдөн шалгах ажиллагаа явуулсан.
******* нь Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны сайдаар ажиллаж байхдаа албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрийн өмчлөлийн нүүрснээс хий гаргаж авах үйлдвэргүй ******* ХХК-д хууль бус давуу байдал олгож, эрх бүхий байгууллагаар батлагдсан зураг, төсөвгүй, хянагдсан эдийн засгийн ямар нэг тооцоолол, судалгаагүйгээр нүүрсний хийгээр халаалтын зуухыг хангаж, агаарын бохирдлыг бууруулах ажлын гэрээг шууд байгуулах сайдын тушаалын төсөл боловсруулах үүргийг тус яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга *******-д өгсөн. Улмаар сайд ******* 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/308 дугаар тушаалаар Улаанбаатар хотын зарим хэрэглэгчийг нүүрсний хийгээр хангах, шугам сүлжээ барих, туршилт тохируулгын ажилд зориулан 1,965,000,000 төгрөгөөр санхүүжүүлэх гэрээг ******* ХХК-тай шууд байгуулахыг эрх бүхий албан тушаалтнуудад зөвшөөрсөн. Тус компани нь ашиглах боломжгүй хуванцар хоолойг газарт суурилуулж улсын төсөвт их хэмжээний буюу 1,965,000,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон гэж дүгнэн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 03 дугаартай тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.2-т заасан эрүүгийн хариуцлагад татах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Уг тогтоолд яллагдагч *******, ******* нарыг гэмт хэргийн улмаас төсөвт учирсан 1,965,000,000 төгрөгийн хохирол болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг нөхөн төлөхөөс чөлөөлөх үндэслэл болохгүй, мөн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хохирогч байгууллага Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шүүхэд нэхэмжлэл гарган, гэм буруутай этгээдүүдээс гаргуулахаар шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн.
1.2. Уг тогтоолд хэргийн оролцогч нараас гомдол гаргаагүй, маргаагүй, хүчин төгөлдөр болсон. Монгол Улсын Сангийн яамнаас 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 03/3746 дугаартай албан бичгээр улсын төсөвт их хэмжээний буюу 1,965,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэх эрүүгийн 1802005710304 дугаартай хэргийг прокурорын 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 03 дугаартай тогтоолоор хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул төрд учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэх прокурорын нэхэмжлэл гаргуулахад Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт заасны дагуу прокурор шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхтэй байх тул татгалзах зүйлгүй гэсэн хүсэлтийг ирүүлсэн.
1.3. Авлига, албан тушаалын гэмт хэрэг нь хуулиар хамгаалсан нийгмийн ашиг сонирхлыг зөрчиж тодорхой материаллаг хохирол учруулахаас гадна Төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллын үнэлэмжийг сулруулах зэргээр төр, нийтийн ашиг сонирхолд хохирол хор уршиг учруулж байдаг тул төрийн болон нийтийн ашиг сонирхлын аль аль зөрчигдсөн гэж дүгнэх үндэслэлтэй байна. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497 дугаар зүйлийн 497.3, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч*******, *******, ******* нараас 1,965,000,000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч *******-ын тайлбар, татгалзлын агуулга:
2.1. ******* нь *******-аар ажиллаж байхдаа төрд ямар нэгэн хохирол учруулаагүй. Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд тухайн үед оюуны өмчийн гэрчилгээтэй нүүрсний хий гаргах ажлыг хуульд заасан үндэслэл журмын дагуу холбогдох албан тушаалтнуудад үүрэг өгч, энэ ажиллагааг эхэлсэн бөгөөд хэн нэгэнд давуу байдал олгох гэж ажил хийгээгүй. Тухайн төслийг улсын комисс хүлээж авсан. Гэтэл хийн хоолой татсан газар руу дараа жил нь халаалт тавьсан байсан.
2.2. Нэхэмжлэгч нэхэмжлэлээ нотлох үүрэгтэй. Хариуцагч тус бүрээс ямар үндэслэлээр хэд хэдэн төгрөг гаргуулахаар шаардсан, учирсан хохирлыг хэн ямар баримтаар тогтоосон нь тодорхойгүй. Түүнчлэн, гэм бурууг шүүхээр тогтоогоогүй тул хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох учиргүй. Гэм буруугийн асуудал тогтоогдсоны дараа гэм хорын хохирлыг шаардах хууль, эрх зүйн зарчимтай. Прокурор хүний өмчид халдаж, хэрэг үүсгэсэн. Хариуцагч ******* ХХК-д ямар давуу байдал олгосон нь тодорхойгүй. Иймд нэхэмжлэлийн үндэслэл шаардлага тодорхойгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Хариуцагч *******-гийн тайлбар, татгалзлын агуулга:
3.1. Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаа дугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэм буруутай гэж үзэж болохгүй. Гэтэл прокуророос гэм буруутай этгээдээс гэж тодорхойлсон байна. Нэхэмжлэгч нь хариуцагч тус бүрээс хэдэн төгрөгийг ямар үндэслэлээр шаардсан нь тодорхойгүй байна.
3.2. ******* нь сайдын үүргийг биелүүлж, гэрээ байгуулсан учраас буруутай гэж үзэхгүй байна. Гэрээ байгуулах үед гэрээнд 3 хүн гарын үсэг зурснаас би захиалагчийг төлөөлж гарын үсэг зурсан. Санхүүжүүлэгч нь Монгол Улсын Засгийн газрын тусгай сан, Цэвэр агаар сан байсан. Мөнгө олгосон газар нь байсаар байхад өөр хүнийг буруутгаад байна. Мөн энэ ажлыг хийлгэхээр гэрээнд гарын үсэг зурснаас хойш 1 сарын дараа би ажлаа хүлээлгэж өгсөн. Гүйцэтгэлд нь хяналт тавих боломжгүй болсон. Түүнээс хойш гэрээг нь сунгаад, санхүүжилтийг нь нэмж олгосон байсан. Үүнийг хариуцсан өөр хүн байсан. Хэрэв хохирол учирсан гэж үзэж байгаа бол зөвхөн ******* г оролцуулж болохгүй. Би гэм буруугүй, зөвхөн ажлаа хийсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
4. Хариуцагч ******* ХХК-ийн тайлбар, татгалзлын агуулга:
4.1. Манай компани нүүрсний хийгээр халаалтын зуухыг хангах Оюуны өмчийн газрын зөвшөөрөлтэй 2562, 2792 тоот шинэ бүтээлийн патенттай тул 2015 оны 07 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд байрлах Дотоодын цэргийн 5 дугаар анги, Онцгой байдлын ерөнхий газрын аврах тусгай анги зэрэг 3 байгууллагын халаалтын зуухыг нүүрсний хийгээр ажиллуулж туршилтын төслийг бэлтгэж Байгаль орчин, ногоон хөгжлийн яаманд хүргүүлсэн. Дээрхи төслийг яамнаас дэмжиж санхүүжилтийг нь гаргаж 2015 оны 03 дугаар сараас 2016 оны 04 дүгээр сар хүртэлх хугацаанд манай компани шугам хоолойг барьж байгуулан 2016 оны 12 дугаар сарын 21-ний 2016/623 тоот дугаартай Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын актаар хүлээлгэн өгсөн. Нийтдээ гэрээний дагуу 3.5 километр зайд хийн шугам хоолойг олон улсын стандартад нийцсэн хуванцар дотроо ган утсан хамгаалалттай, өндөр даралтын хоолойг татаж, нийтдээ 16 ширхэг хийн хоолойн худаг гаргасан. Ерөнхий архитектурын баталсан зураг төслийн дагуу мэргэжлийн байгууллагаар зураг төсөл хийлгэж бариад, туршилт амжилттай болсон.
4.2. Жайкагийн олон улсын байгууллага, Монголын агаар орчны нөхцөлийн хяналтын хороонд бүх хэмжилтүүдийг тогтоогоод, Монгол улсын шаардлагад бүрэн нийцсэн гэж дүгнэсэн. Гэтэл Улаанбаатар хотод түүхий нүүрс оруулахыг хориглосон ерөнхий сайдын шийдвэр гарсан. Мөн хий хоолой тавигдсаны дараа цэргийн ангийг Улаанбаатарын дулааны нэгдсэн шугамд холбочихсон. Үүнээс болж хийн хоолой ашиглалтгүй болсон. Дээрх байдлаар төрийн эрх бүхий байгууллагуудын хоорондын уялдаа холбоогүй байдлаас шалтгаалж барьсан шугам хоолой ашиглагдаагүйд манайх буруугүй. Гэрээний дагуу ажлаа гүйцэтгээд хүлээлгээд өгсөн байхад улсын төсөвт учирсан хохирол гэж нэхэмжлэл гаргасан нь тодорхой бус байна. Үндсэн хуульд шүүхээр гэм буруу нь тогтоогдоогүй байхад гэм буруутай гэж үзэхийг хориглосон байдаг.
4.3. Эрүүгийн хэрэгт хариуцагч ******* ХХК-ийг яллагдагч болон иргэний хариуцагчаар татсан тогтоол гаргаагүй, хариуцлага хүлээх шалтгаант холбоо хариуцагч ******* ХХК-ийн хувьд нотлогдохгүй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хариуцлагаас чөлөөлөгдөх хууль зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд гэм буруутай гэж үзэж гэм хорын хохирол гаргуулахаар нэхэмжилсэн нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-аас 1,019,057,833 төгрөг, хариуцагч *******, ******* нараас тус бүр 189,188,433 төгрөг гаргуулж улсын төсөвт оруулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 567,565,301 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.14, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуулиар чөлөөлөгдөх тул төлөөгүйг дурдаж, хариуцагч ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 5,253,239 төгрөг, хариуцагч *******, ******* нараас тус бүр 1,103,892 төгрөгийг гаргуулж улсын орлогод нөхөн төлүүлж шийдвэрлэжээ.
6. Хариуцагч *******-гийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
6.1. Эрүүгийн журмаар шалгагдаж байсан нөхцөл байдал болоод хөөн хэлэлцэх хугацаа дууссан тухайд маргаангүй боловч хэрэгт шалгагдсан, гэм буруутай эсэх нь тогтоогдсон эсэхэд бол маргаантай байсан. Учир нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан харилцааг захиалагч талаас *******, санхүүжүүлэгч талаас Засгийн газрын тусгай сан болох Цэвэр агаар сан, гүйцэтгэгч талаас ******* ХХК нар 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 2015/08/06 БОНХАЖЯ тоот нүүрсний хийгээр халаалтын зуухыг хангаж, агаарын бохирдлыг бууруулах ажлын гэрээг байгуулсан. Энэхүү гэрээ нь хүчин төгөлдөр, гэрээний дагуу мөнгө хүлээн авсан тал болон ажил гүйцэтгэсэн тал нь тодорхой байсан.
6.2. Эрүүгийн журмаар шалгаж байсан боловч гэм буруутай эсэхийг Эрүүгийн шүүх шийдвэрлээгүй. Эрүүгийн байцаан шийтгэх тухай /2002 он хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан нөхцөлд хохирол төлбөр болон хохирогч тал нь мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4 дэх хэсэгт зааснаар хуульд заасан журмын дагуу гомдол гаргах эрхтэй. Өөрөөр хэлбэл, хор уршиг, хохирол төлбөрийн асуудал хөөн хэлэлцэх хугацаагаар дуусгавар болсон тогтоолд хамааралтай үлдсэн бол нэгд хохирогч тухайн тогтоолтой холбоотой гомдол гаргаж, хохирол төлбөрийг арилгуулах ёстой байсан, хоёрт нэхэмжлэлд төрөөс тухайн мөнгөн төлбөрийн үүрэгтэй холбоотой маргаантай байгаа эсэх асуудал энэхүү иргэний маргаанд огт дурдагдаагүй, оролцуулаагүй, аливаа хэлбэрээр бичгээр болон амаар тайлбар аваагүй. Хэрэгт 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 03/3746 дугаартай Сангийн яамны албан бичигт прокурорыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхтэй байх тул татгалзах зүйлгүй байна гэсэн болохоос мөнгөн төлбөрийн үүргийн тухайд ямар нэг байр суурь дурдаагүй. Гэтэл шүүхээс нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ ******* надад зохигчид гэм буруу болоод хохирлын хэмжээнд тус тус маргасан гэх дүгнэлтийг Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2, 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт тус тус заасан хүрээнд дүгнэлт хийсэн. Харин энэхүү дүгнэлтийг үндэслэн мөн хариуцагч ******* ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлын бодит өртөг 1,135,130,600 төгрөг байх тул компанид ажлын хөлсийг гүйцэтгэсэн ажлаас илүү хэмжээгээр тооцож олгосон гэж үзэж зөрүүг компаниас хохирлоор гаргуулна гэж 1,965,000,000 төгрөгөөс 1,135,130,600 төгрөгийг хасаж тооцон 829,869,400 төгрөгийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасанд нийцээгүй.
6.3. Хариуцагч ******* ХХК нь 1,965,000,000 төгрөгийг хүлээн авсан. ******* уг мөнгөнөөс нэг ч төгрөг авсан зүйл байхгүй атал шүүх мөнгө авсан талаас нь тухайн мөнгийг гаргуулахгүй надад хувь ногдуулж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Гэрээгээр хүлээн авсан төлбөрийн дагуу захиалагч, хяналт тавих эрхтэй этгээд, санхүүжилт гаргасан талаас аливаа хэлбэрээр шаардлага гаргасан, төлбөрийн нөхцөлд гэрээний дагуу эрхээ хэрэгжүүлсэн, эсхүл өөрт хамааралтай үүргийг хэрэгжүүүлсэн эсэхийг анхан шатны шүүх харгалзан үзээгүй. Мөн маргаан бүхий гэрээний харилцаагаар хариуцагч байгууллагаас үүргээ бүхэлд нь гүйцэтгэсэн, түүнийг хүлээлгэн өгсөн гэж тайлбарласан байхад анхан шатны шүүхийн дүгнэлтэд гэрээний нөгөө талдаа хүлээлгэн өгөөгүй гэх агуулгатай дүгнэлт хийсэн. Анхан шатны шүүхээс энэхүү мөнгийг хүлээн авсан хариуцагч хуулийн этгээд нь маргахгүй байгаа нөхцөлд дээрх мөнгөн дүнг бусад хариуцагч нарт үүрэг ногдуулж шийдвэрлэж буй нь хууль ёсны үндэслэл бүхий шийдвэр болж чадаагүй. Иймд анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
7. Хариуцагч ******* ХХК-ийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
7.1. Засгийн газрын 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 15/01 тоот тогтоолын дагуу агаарын бохирдлыг бууруулах зарим арга хэмжээг хэрэгжүүлэхээр хариуцагч нар ажилласан. Хариуцагч ******* ХХК-ийн захирал ******* нь нүүрснээс синтез хий гаргаж авах аргыг эзэмшигч болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоно. Үүний дагуу холбогдох албан тушаалтанууд нүүрснээс синтез хий гаргаж халаалтын зуух болон Монгол гэрт хэрэглэж байгааг газар дээр нь үзэж байгаа бичлэгийг нотлох баримтаар шүүхэд хүргүүлсэн. Иймд ******* ХХК-аас өөр нүүрснээс хий гаргадаг хуулийн этгээд байхгүй, мөн энэ талаар патент эзэмшигч байхгүй байсан тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 36 дугаар зүйлд зааснаар гэрээ байгуулах боломжтой байсан. Тендер зарлалгүйгээр манай компанид давуу байдал олгож гэрээ байгуулсан үйлдэл байхгүй юм. Хариуцагч ******* ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлыг захиалагчид хүлээлгэн өгсөн. Энэхүү гэрээнд захиалагчийн хөрөнгөөр ажлыг гүйцэтгэх зохицуулалттай бөгөөд барилгын зураг төсөл боловсруулах ажлыг ******* ХХК-аар гэрээний дагуу хийгдсэн. Гэтэл шүүх барилгын зураг төсөлгүйгээр ажлыг гүйцэтгэсэн нь Барилгын тухай хуулийг санаатай зөрчсөн хууль бус санаатай үйлдэл гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.
7.2. Ажил гүйцэтгэх гэрээний үр дүнг улсын комиссын 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2016/623 дугаар актаар хүлээн авсан. Уг актад энэхүү барилга байгууламжийг 1510-НХ-0767 дугаартай зураг төслөөр 2015 оны 10 дугаар сараас барьж эхэлсэн бөгөөд 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр барьж дуусгасан байна. Энэхүү ажил нь авто зам, төмөр зам доогуур сүвэлгээ хийх шаардлагатай нийт 16 дэд худагтай, эдгээр худагнуудаас гэрээнд зааснаас бусад хэрэглэгчийг хангах боломжтойгоор байгуулагдсан. Гэтэл төрийн байгууллагуудын хоорондын уялдаа холбоогүйн улмаас Хилийн цэргийн 151 дүгээр ангийг төвийн халаалтын системтэй холбосон, Улаанбаатар хотод түүхий нүүрс оруулахыг хориглосон зэргээс уг хий дамжуулах хоолой болон нүүрснээс хий гаргах үйлдвэр одоогоор ажиллах боломжгүй түр зогссон болно. Иймд шүүхийн шийдвэрт хариуцагч компанийн хууль бус санаатай үйлдэл нь дээрх байдлаар няцаагдаж байна.
7.3. Хариуцагч гэрээнд заасан үүргээ биелүүлсэн нь хохирол гэж гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлгүй. Нийтийн эрх ашгийн үүднээс утааг бууруулах зорилгоор хийгдсэн хий дамжуулах хоолойг хэрхэн ашиглаж гэр хорооллын айлыг хийгээр хангах асуудлыг зохицуулах нь төрийн үүрэг юм. Харин хий үйлдвэрлэн, хий дамжуулах хоолойгоор хэрэглэгчдийг хийгээр хангах үүргээ биелүүлсэн боловч холбогдох төрийн байгууллагын шийдвэрээр хийн үйлдвэр ажиллах боломжгүй болсон нь хариуцагч ******* ХХК-ийн шууд санаатай хууль бус үйлдэл гэж үзэх боломжгүй байна.
Иймд хохирол учирсан гэж үзэх боломжгүй тул учир нь хохирол гэж гэмт хэрэг үйлдсэн, гэрээний үүргээ биелүүлээгүй гэх зэрэг эрх зүйн зөрчлийн улмаас бусдын эд хөрөнгөд шууд учирсан үр дагавар байдаг. Хариуцагчийн хууль бус үйлдэл, хохирол хоорондын шалтгаант холбоо тогтоогдоогүй тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсэгтт зааснаар нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
8. Хариуцагч *******-ын гаргасан давж заалдах гомдлын агуулга:
8.1. Хариуцагч ******* нь *******-аар ажиллаж байх хугацаандаа агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд оюуны өмчийн гэрчилгээтэй нүүрсний хий гаргах ажлыг хуульд заасан үндэслэл журмын дагуу холбогдох албан тушаалтнуудад үүрэг өгч энэхүү ажлыг хийсэн. Хийн хоолой туршилтын ажлууд нь нийтийн эрх ашгийн төлөө буюу утааг бууруулах зорилготой байсан. Мөн энэхүү ажлын үр дүнг тухайн үед улсын комисс хүлээж авсан байдаг. Хийн шугам хоолойг улсын комисст хүлээлгэн өгсний дараа Хилийн цэргийн 151 дүгээр ангийг төвийн халаалтын нэгдсэн системд холбосон бөгөөд түүхий нүүрсийг хориглосон шийдвэр гарсан нь хариуцагч нарын үйлдлээс үл хамаарах нөхцөл байдал үүссэн. Гэтэл анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлыг харгалзаж үзэлгүй гүйцэтгэгчийн хийсэн хийн шугам хоолой анхнаасаа ашиглалтгүй болсноос энэ хэмжээгээр төсвөөс үр ашиггүй зардал гарч хохирол учирсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Энэ нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж чадаагүйгээс анхан шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.
8.2. Анхан шатны шүүх *******-ын 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 03 дугаартай прокурорын тогтоолоор хариуцагчийн гэм буруу нь тогтоогдсон, уг тогтоолд гомдол гаргаагүй нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэтээр үндэслэлгүй дүгнэсэн нь хуульд нийцэхгүй байна. Гэтэл хариуцагч ******* нь хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоолд дээд шатны прокурорт гомдол гаргах эсэх нь *******-ын хуульд заасан эрхээ эдлэх тухай ойлголт бөгөөд энэхүү хуульд заасан эрхээ хэрэгжүүлээгүйн төлөө гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэх нь хууль зүйн үндэслэлгүй. Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаа дугаар зүйлийн 14-т гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно гэж заасан байх бөгөөд прокурорын тогтоолоор хариуцагчийн гэм буруутай болох нь тогтоогдсон гэж үзэх үндэслэлгүй. Энэхүү хэрэгт хариуцагч нь гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоосон хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байхгүй. Иймд анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
9. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Анхан шатны шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтад хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн. Хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдол нь хууль зүйн үндэслэлгүй, холбогдох нотлох баримтад тулгуурлаагүй. Прокурор нэхэмжлэл гаргах эрхтэй, эрхгүй эсэх асуудал болон тушаал хүчинтэй, хүчингүй, захиргааны журмаар маргах эсэх талаар анхан шатны шүүх хуралдааны явцад тайлбарлаагүй. Энэ талаар талууд маргаагүй. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасны дагуу гэм хорыг нэхэмжилсэн. Энэ нь зөвхөн шийтгэх тогтоолыг үндэслэж гэм хорыг гаргуулах тохиолдол биш. Аливаа этгээдийн хууль бус санаатай, болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нь тогтоогдсон тохиолдолд гэм хорын хохирол гаргуулах эсэх асуудлыг шийдвэрлэгддэг. Анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдал, шалтгаант холбоог нарийвчлан тайлбарлаж үндэслэл бүхий дүгнэлт гаргасан. Анхан шатны шүүхийг хийсвэрээр, санаанаасаа зохиож шийдвэр гаргасан мэтээр хариуцагч нар мушгин гуйвуулж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Хэрэгт холбогдох нотлох баримтууд авагдсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон үйл баримтын хүрээнд дүгнэж шүүх шийдвэрээ гаргасан. Хууль бус санаатай үйлдэл байгаа талаар хариуцагч нарын үйлдлийг тус бүрт нь тодорхойлсон. Хариуцагч нарын эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоол нь хамгийн гол эрх зүйн баримт бичиг юм. Үүнийг үндэслэж шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Тухайн үед мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар *******, ******* нар нь татагдсан, мэдүүлгээ өгсөн байсан. Ямар хэрэгт холбогдож шалгагдаж байгаа талаар болон тухайн гэмт хэргийн улмаас хэдий хэмжээний хохирол учирсан болохыг мэдэж байсан. Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан тохиолдолд прокурорт хэргийг хэрэгсэхгүй болгохоос өөр арга байхгүй. Яллагдагчаар татагдсан этгээдүүд эрүүгийн хариуцлага хүлээх боломжгүй болж ял завшсан. Прокурорын тогтоолд оролцогч нар эс зөвшөөрвөл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.7.1-д заасны дагуу тогтоолыг хүлээж авснаас хойш 14 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй болохыг дурдсан. Прокурорын тогтоолд холбогдуулж яллагдагч нар гомдол гаргаагүй. Яллагдагч *******, ******* нар нь өөрсдийгөө өмгөөлж мэдүүлэг өгч хүсэлт гаргахдаа хэргийн гэм буруугийн талаар маргасан зүйл байхгүй, үйлдсэн гэмт хэрэгээ хүлээн зөвшөөрсөн. Тухайн үед өмгөөлөгчтэй оролцож байсан *******, ******* нар нь эрх зүйн үр дагаврыг мэдэж байх ёстой. Мөн прокурорын тогтоолд тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг иргэний журмаар нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх эрхийг нь нээлттэй үлдээсэн.
Прокурор үндсэн чиг үүргийнхээ хүрээнд нийтийн ашиг сонирхлыг хамгаалах зарчмыг хэрэгжүүлж ажилладаг. Нийтийн ашиг сонирхолд зайлшгүй хохирол учирсан. Төрийн байгууллага нь төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл хүсэлтээ гаргана. Нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн тохиолдолд прокурор өөрийн санаачилгаар нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй. Заавал хэн нэгнээс эрхийг нь шилжүүлэхээр хүлээх ёсгүй. Эрүүгийн хэргийн хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоол хүчин төгөлдөр байгаа учраас Сангийн яамнаас холбогдох албан бичгийг авсан. Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас албан бичиг заавал авах шаардлагагүй. Нийтэд илэрхий үйл баримт байна, нэг ижил намын харьяалалтай, нэг ижил бүлэгт ажиллаж байсан ажилтнууд шаардлага гаргаж чадахгүй. Энэ тохиолдолд ашиг сонирхлын зөрчил гарна. Нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн учраас прокурор хараат бус чиг үүргээ хэрэгжүүлж шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй. Улсын төсвийн зарцуулалт, төр болон олон нийтэд учирч буй хохирлыг нэхэмжилсэн нь үндэслэлтэй. Шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлд заасан 3 урьдчилсан нөхцөл байдлыг үндэслэн хэргийн үйл баримтад үндэслэн хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гаргасан. Иймд хариуцагч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хариуцагч нарын гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзээд, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч*******, *******, ******* нарт холбогдуулан гэм хорын хохиролд 1,965,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх хариуцагч ******* ХХК-ийн гэм бурууг тогтоосон эргэлзээгүй баримт цуглараагүй байхад мэргэжлийн тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж атлаа зураг төсөлгүйгээр ажил гүйцэтгэсэн гэм буруутай болох нь тогтоогдсон гэж дүгнэсэн нь буруу.
3.1. ******* ХХК-ийн гүйцэтгэсэн ажилтай холбоотой *******-т хадлаглагдаж байгаа баримтуудыг гаргуулсны дараа гэм буруугийн талаар дүгнэлт өгөх боломжтой.
3.2. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа ...*******, ******* нарын эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан гэм буруутай үйлдэл нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар тогтоогдсон гэсэн үндэслэлээр гэм хорын хохирлыг*******, *******, ******* нараас хувь тэнцүүлэн гаргуулна гэж тодорхойлжээ. /1хх1-3, 2хх98-99, 108, 109/
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-аас ямар үндэслэлээр гэм хорын хохирол шаардаж байгаа талаар нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг тодруулах шаардлагатай байжээ.
3.3. Эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг үндэслэн ажил гүйцэтгэсэн хуулийн этгээдээс гэм хорын хохирол шаардаж байгаа шалтгаант холбоог тодруулж, зохигчдыг бүрэн мэтгэлцүүлснээр хариуцагч тус бүрийн гэм буруугийн хэр хэмжээ, хариуцах хохирол тодорхойлох боломжтой.
4. Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д зааснаар шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, 168.1.1-д зааснаар ажиллагааг дутуу явуулж хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 191/ШШ2025/02225 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч ******* гаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,103,895 төгрөг, хариуцагч ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 5,253,239 төгрөг, хариуцагч ******* оос улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,103,893 төгрөгийг шүүгчийн захирамжаар тус тус буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР
ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
Д.ЦОГТСАЙХАН