Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 72

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Н даргалж,

Нарийн бичгийн дарга О.Ү,

Улсын яллагч Э.Т,

Шүүгдэгч У.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй  хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газрын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт У.Б-д  холбогдох эрүүгийн 19190001280055 тоот хэргийг 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүнбаян тосгонд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, 7-9 насны хоёр хүүхдийн хамт Дорноговь аймаг Сайншанд сум 4-р багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Дорноговь аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ... оны ... сарын ...-ний өдрийн ... дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 3 жил 5 сарын хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-т зааснаар 2 жилийн хорих ялаар нийт эдлэх ялыг 3 жил 5 сарын хорих ялыг 3 жилээр тэнсэж байсан, Ш овогт У.Б,

Холбогдсон хэргийн талаар: 

Шүүгдэгч У.Б нь 2019 оны 05 дугаар сарын 24-ний шөнө Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутагт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн  үедээ Б.М-тай таарамжгүй харьцааны улмаас болж маргалдан гуян тус газар нь хутгалж Б.М-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /прокурорын яллах дүгнэлтэнд авагдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч У.Б мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт:  “...Би 2019 оны 03 сарын 26-ны өдөр Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт байрлах газар гар аргаар олборлодог жоншны газар ажиллаж байхдаа тухайн газар жонш олборлодог М гэх хүн рүү гар утас руу нь залгаад найздаа нэг болок тамхи аваад хүрээд ирэх үү гэж хэлэхэд би гараад явж байна гэж хэлсэн. Тэгээд 18 цаг өнгөрч байхад Сайншанд сумаас М, Ш нар М ахын гэрт нэг шил 0,75 граммтай С нэртэй архи уугаад сууж байсан. Тэгээд би М-г найздаа тамхи авчирсан юм уу гэж асуухад найз нь мартсан гэж хэлсэн. Тэгээд би гэрээс нь гарч яваад гадуур ажлаа амжуулаад буцаад гэрт орж ирэхэд М ганцаараа байж байсан. Тэгээд бид хоёр хэсэг хугацаанд морь ярьж сууж байгаад би гэр лүүгээ явсан. Би гэртээ байж байгаад утасны цэнэг дуусах гээд гэрээс гарахад М-н гэрийн гадаа Ш-н машин байхаар нь хүрээд очиход Ш 1 ширхэг 0,75 граммтай Е нэртэй архи М-тай хамт уугаад сууж байсан. Тэгээд бид гурав уугаад сууж байхад М ах айлаас борж авчирлаа гээд бид гурав 0,75 архиа уугаад дууссны дараа Ш дахин 0,75 Е архи гаргаж М, Ш, М бид нар хувааж уугаад сууж байхад М, М ахын захисан зүйлийг авчирж өгөхөөр нь би чи миний захисан тамхыг авчирч өгөөгүй байж М ахын захисан зүйлүүдийг авчирсан байна гээд бид хоёр хоорондоо маргалдаж муудалцсан. Тэгээд би гэрээс гарч яваад гэртээ очоод байж байхад М гэрийн гадаа ирээд намайг гараад ир гээд дуудаад байхаар нь би гэрээс гараад Ш-н гэр лүү орж гал тогооны тавиур дээр нь хүрэн модон иштэй хутга авч гарч ирээд бид хоёр гэрийн баруун тал руу гарахад миний нүүрэн хэсэг рүү нэг удаа зохих үед би М-н зүүн талын гуяны ар хэсэг рүү нэг удаа хутгалахад унаад өгөх үед би босоод хажуу талын айл Ө-н гэр лүү орж М-н гэр лүү орж гар утасны цэнэглэгчээр хөлийг нь боогоод М-н машиныг Ө-р бариулаад бид гурав Сайншанд сумын Нэгдсэн эмнэлэг орсон. Хийсэн хэрэгтээ үнэхээр их гэмшиж байна. Архи дарс дахин уухгүй хол явъя гэж бодож байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 40-41/,

- Хохирогч Б.М мөрдөн шалгах ажиллагаанд: “Би 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Дорноговь аймгийн Эрдэнэ сумын газраас хоол хүнс бэлдэхээр Дорноговь аймгийн Сайншанд суманд ирсэн. Тэгээд өдөр хүнсээ цуглуулж байгаад 17 цагийн үед дууссан. Тэгээд Сайншанд сумаас Эрдэнэ сумын газар луу өөрийн танил Ш-тай хамт буцахаар болсон. Сайншандаас гараад явж байхад манай найз болох Б нь миний гар утас руу залгаж нэг блок тамхи захисан юм. Тэгээд би гараад явж байна гэж хэлээд утсаа салгасан. Би Эрдэнэ сумын газарт 18 цаг 30 минутын үед очсон. Тэгээд Сайншанд сумаас авчирсан 0,75 гарммтай архийг М ах, Ш ах бид гурав хувааж уусан. Архиа хувааж ууж дууссны дараа Ш ах гаднаас нэг шил архи авч орж ирсэн. Би архи ямар, ямар граммтайг нь мэдэхгүй байна, уугаад сууж байтал гаднаас Б орж ирж архи хувааж уусан тэгээд удалгүй байж байгаад Б хэдэн юм авчирч өгчихөөд миний захисан юмыг авчирсангүй гэж хэлээд бид хоёр маргалдаж эхэлсэн. Тэгээд гадагшаа маргалдаж байгаад бие биенээ заамдаж авсан. Тэгээд удалгүй бид хоёр салж Б намайг ална гэж хэлээд өөрийн гэр лүү явсан. Тэгээд би архи ууж байсан гэр рүүгээ орж байж байгаад араас нь гарч өөрийн ... улсын дугаартай автомашинтайгаа Б гэр рүү очсон чинь Б гарч ирээд хоёулаа зодолдох уу гэж асуусан би тэгээд тэгье гэж хэлээд бид хоёр хажуу талын овоо руу миний машинтай гарсан. Тэгээд миний машинаас Б хутга бариад гараад ирсэн. Би хутгынх нь хэлбэр дүрсийг хараагүй. Тэгээд би Б-г цохиж унагаагаад хутгыг нь авъя гэж бодоод Б-н нүүр хэсэг рүү гараараа нэг удаа цохисон. Тэгээд унахаар нь хутгыг авах санаатай өөдөөс нь очсон чинь намайг баруун талын хөлны гуяны ар хэсэгт хутгалсан. Тэгээд би газарт унаад өгсөн. Тэгээд Б намайг машинд суулгаж  бид хоёр хажуу талын ойрхон гэрт гар утасны цэнэглэгчээр гуя хэсгийг боож танил Ө-р өөрийн машиныг бариулж орой 21 цагийн үед аймгийн нэгдсэн эмнэлэгт ирсэн. Тэгээд би оройдоо хагалгаанд орж 17 ширхэг оёдол тавиулсан. Би хутгыг л булааж авах гэж  нэг удаа нүүрийг нь цохиж авсан. Надад гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-10/,

- Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/,

- Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-4/,

- Гэрч Т.М мөрдөн шалгах ажиллагаанд: “ Х гэх газар Жонш түүдэг М гэх залуу Дорноговь аймгийн Айраг сум руу жоншоо зарах гээд  2019 оны 03 сарын 25-ны өдөр явсан юм. Би 2019 оны 03 сарын 26-ны өглөө М-тай гар утсаар ярихад М нь Сайншанд суманд ирсэн байна гэж хэлсэн. Би М-д хүнс ногоогоо захисан юм. М тухайн өдөр 12 цагт ирсэн. Ирэхдээ хүнс ногооны зүйл авчирсан мөн нэг  шил 0,75 граммтай С архи авчирсан. Тэгээд шил архиа М, Ш бид гурав хувааж уусан, уучихаад сууж байхад Б гэрт орж ирээд гараад явсан юм. Тэгээд архийг дуусгасан би урагшаа  5-6 км зайд байрлах А гэх айлд очоод борц аваад ирсэн чинь М, Ш, Б 3 юм яриад сууж байсан юм. Тэгээд Ш гадагшаа гарч нэг шил 0,5 граммтай Е архи оруулж ирсэн юм.  Е архийг М, Ш, Б бид 4 хувааж ууж дууссаны дараа Б, М 2 муудалцаад гараад явсан. Би согтуу байсан учраас хойноос нь гарч чадаагүй мөн янз бүрийн юм сонирхоогүй өөр мэдэх юм байхгүй. Жонш түүдэг Ө нь маргааш нь буюу 2019 оны 03 сарын 27-ны  өдөр М, Б 2 муудалцаад нэгнийгээ хутгалсан гэж ярьж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16/,

- Гэрч Г.Ш мөрдөн шалгах ажиллагаанд “2019 оны 03 сарын 26-ны өдөр танил М-н хамтаар Дорноговь аймгийн Сайншанд сумаас миний ...  улсын дугаартай автомашинтай Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт байрлах Х гэх жонш олборлодог газарт ирсэн. М ахын гэрт орж ирсэн. Тэгээд М, М бид гурав 0,75 граммын  С архи хувааж уусан. Тэгээд Б гэрт орж ирээд М, Б бид гурав 0,75 граммтай Е архи хувааж уугаад дууссаны дараа М ах ирсэн. Тэгээд би машинаасаа 0,5 граммтай  Е архи авж орж М ах бид 4 хувааж уугаад сууж байтал М Б хоёр хоорондоо хэрэлдээд байсан. Тэгээд тэр гэрээс гадагшаа гарсан би араас гарахад М Б хоёр хоорондоо зууралдаад хэрэлдээд  зогсож байсан.  Тэгээд би жоохон хол явж биеэ засаад ирсэн. Ирэхэд тэр 2 зууралдаж ноцолдохоо больсон байсан. Б нь өөрийн гэр рүүгээ явсан. Тэгээд гэртээ ороод шууд унтсан өөр мэдэх зүйл байхгүй...”  гэсэн мэдүүлэг /хх-ийн 18/,

- Гэрч Ц.Т мөрдөн шалгах ажиллагаанд: “2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Дорноговь аймгийн Эрдэнэ сум Х уул гэх газар  жонш олборлож байгаад 19 цагийн үед ажлаасаа гэртээ ирээд байж байтал гаднаас Б орж ирээд гэрийн урд талд байрлах зориулалтын биш давцан дээрээс булан хэсэгт нь байсан хүрэн иштэй хутгыг аваад гарсан орж ирэхдээ ямар нэгэн  юм хэлээгүй. Юу болсныг нь  сайн мэдээгүй. Ямар ч байсан хутга аваад гарсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20/,

- Гэрч Д.Э мөрдөн шалгах ажиллагаанд: “Би  2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Х гэх газар жоншны талбайд  жонш олборлодог ажлаа хийж байгаад гэртээ 19 цагийн үед ирсэн. Тэгээд хувцсаа солиод байж байтал хамт жонш олборлодог Б нь гэрт орж ирсэн. Гэрээс гарахдаа зориулалтын бус тавиур  дээрээс хүрэн иштэй  хутга аваад гарсан. Яах гэж авсныг нь мэдэхгүй байна...“ гэсэн мэдүүлэг /хх-ийн21-22/,

- Гэрч Б.Ө мөрдөн шалгах ажиллаагаанд: “Би тухайн өдрийн өглөө 1 цагийн орчим өөрийн эзэмшлийн приус 20 маркийн тээврийн хэрэгсэлтэй Эрдэнэ сумаас ирсэн. Тэгээд өдөртөө хүмүүст газраа зааж өгчихөөд Б-тэй хүнс цуглуулахаар Эрдэнэ сум руу явсан. Тэгээд 20 цагийн орчим буцаад ирсэн. Намайг ирэхэд М ... дугаартай  өөрийн машинтайгаа  Б-н хамт  замд таарсан. Тэр үед М би жоохон халамцуу явж байна. Миний машиныг унаад Сайншанд руу хүргээд өг гэсэн. Тэгээд би машиныг нь унаад Сайншандын  төвд оруулж өгөөд буцаад найз болох Н-р ирсэн. Тэр хоёр хоёулаа халамцуу байсан.  Хүний хэл ам яриа ойлгохоор  байсан. Өөр бусад зүйлийг мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн23-24/,

- Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд: “Би тухайн өдөр манай нөхөр жонш олборлогч ажлаа хийж байсан. Тэгээд манай ахлагч Ө бид 14 цагийн орчим Эрдэнэ сум руу хүнс цуглуулах гээд Ө-н эзэмшлийн  ... улсын дугаартай приус 20 тээврийн хэрэгсэлтэй явсан. Тэгээд 19 цагийн орчим компани руу  ирж явахдаа  М, Б хоёр М-н машинтай урд дэнж дээр таарсан. Тэр үед М Ө-г машин унаад Сайншанд руу яваад өг гэж гуйгаад тэд нар яваад би компани дээр ирсэн. Намайг ирэхэд Д гэртээ байсан. Тэгээд бид хоёр ороод унтсан юу болсон талаар тухайн үедээ  мэдээгүй. Харин  маргааш  нь М-г Сайншанд эмнэлэгт байгааг мэдсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25/,

- Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 02/0194 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

  1. Б.М-н биед гэмтэл учирсан байна
  2. Б.М-н биед зүүн гуяны  шарх гэмтэл тогтоогдлоо.
  3. Учирсан гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой  байна.
  4. Материалыг үндэслэн гэмтлийн цаг хугацааг тогтоох боломжгүй.
  5. Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл  мэндийг түр хугацаагаар  сарниулах  тул гэмтлийн  хөнгөн зэрэгт хамаарна.
  6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 29/,

- Шүүгдэгч У.Б ял шалгах хуудас /хх-ийн 46/,

- Дорноговь аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ... оны ... сарын ...-ний өдрийн ... дугаар шийтгэх тогтоолын хуулбар /49-51/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хуульд нийцсэн, нотолгооны ач холбогдолтой, хэргийн үйл баримтанд хамааралтай хийгээд мөрдөн байцаалт болон шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Дээрх нотлох баримтуудаар У.Б нь 2019 оны 05 дугаар сарын 24-ний шөнө Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутаг Х гэх газар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.М-тай маргалдан улмаар гуян тус газар нь хутгалсан үйл баримт болсон байна.

Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газрын прокуророос шүүгдэгч У.Б нь 2019 оны 05 дугаар сарын 24-ний шөнө Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутаг Х гэх газар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.М-тай таарамжгүй харьцааны улмаас маргалдан гуян тус газар нь хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

Шүүгдэгч У.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хохирогч Б.М “...машинаас Б хутга бариад гараад ирсэн. Би хутгынх нь хэлбэр дүрсийг хараагүй. Тэгээд би Б-г цохиж унагаагаад хутгыг нь авъя гэж бодоод Б-н нүүр хэсэг рүү гараараа нэг удаа цохисон. Тэгээд унахаар нь хутгыг авах санаатай өөдөөс нь очсон чинь намайг баруун талын хөлны гуяны ар хэсэгт хутгалсан...” гэсэн, гэрч Х.М-н “....Е архийг М, Ш, Б бид 4 хувааж ууж дууссаны дараа Б М 2 муудалцаад гараад явсан...” гэсэн, гэрч Г.Ш “...Тэгээд Б гэрт орж ирээд М, Б бид гурав 0,75 граммтай Е архи хувааж уугаад дууссаны дараа М ах ирсэн. Тэгээд би машинаасаа 0,5 граммтай  Е архи авж орж М ах бид 4 хувааж уугаад сууж байтал М, Б хоёр хоорондоо хэрэлдээд байсан. Тэгээд тэр гэрээс гадагшаа гарсан би араас гарахад М Б хоёр хоорондоо зууралдаад хэрэлдээд  зогсож байсан...” гэсэн, гэрч Ц.Т “...ажлаасаа гэртээ ирээд байж байтал гаднаас Б орж ирээд гэрийн урд талд байрлах зориулалтын биш давцан дээрээс булан хэсэгт нь байсан хүрэн иштэй хутгыг аваад гарсан орж ирэхдээ ямар нэгэн  юм хэлээгүй...” гэсэн, гэрч Д.Э “...хувцсаа солиод байж байтал хамт жонш олборлодог Б нь гэрт орж ирсэн. Гэрээс гарахдаа зориулалтын бус тавиур  дээрээс хүрэн иштэй  хутга аваад гарсан...“ гэсэн мэдүүлгүүд болон Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 02/0194 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Иймд У.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч У.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн шинж чанар болон түүний хувийн байдал зэргийг харгалзан үзлээ.

Шүүгдэгч У.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримт болон  түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус  дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш овогт У.Б-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш овогт У.Б-г дөрвөн зуун жаран нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460,000 /дөрвөн зуун жаран мянган/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч У.Б нь торгох ялыг дээрх хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч У.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.

6. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нь тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.Н