Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2025/00934

 

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Т.Гандиймаа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 192/ШШ2025/01725 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******-д холбогдох,

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 29,216,713 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:

1.1. Талууд 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр тус бүр 10,000 төгрөг нийлүүлэн компанийн 50, 50 хувийн хувьцааг эзэмшихээр ******* ХХК-ийг байгуулсан. Уг компанийг байгуулахдаа ******* нь компанид хэрэглэгч олох, компанийн хэрэгжүүлж буй төслүүдийг хариуцан ажиллах, ******* нь төслүүдийн программ хөгжүүлэлт, нэвтрүүлэлтийг хариуцан ажиллахаар амаар тохиролцсон.

2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс ******* гийн холбоо тогтоож олсон ******* ХХК, ******* ХХК, , ******* ХХК-тай тус тус ******* программ нэвтрүүлэх гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн. Уг төслүүдэд ******* нь ямар ч оролцоо байхгүй, анх тохирсон үүргээ биелүүлээгүй 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийг хүрсэн тул ******* нь ******* гийн эзэмшлийн 50 хувийн хувьцааг 17,724,500 төгрөгөөр үнэлж хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулж компанийн эрхийг шилжүүлэн авсан.

 

1.2. Миний зүгээс 2024 оны 04 дүгээр сард ******* ХХК-ийн санхүүгийн материалыг нягтлан шалгахад, 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн хооронд ******* ХХК-ийн эзэмшлийн ******* банкин дахь ******* тоот төгрөгийн харилцах данснаас ******* гийн эзэмшлийн ******* банкин дахь *******, ******* дансанд 13 удаагийн интернэт банкны гүйлгээгээр нийт 132,206,300 төгрөгийг шилжүүлсэн байсан.

******* нь тус компанийн хувьцаа эзэмшигч байх үедээ ажилчдын цалин, түрээсийн төлбөрийг төлөх үүрэг гүйцэтгэдэг байсан тул тухайн үед түрээсийн төлбөр, ажилчдын цалин шилжүүлээрэй гэхэд нь миний зүгээс түүний дээрх дансанд мөнгө шилжүүлдэг байсан ба нийт шилжүүлсэн 132,206,300 төгрөгөөс 8 ажилтны цалингийн зардалд 62,448,872 төгрөг, түрээсийн төлбөрт 13,156,000 төгрөг, компанийн зардалд 27,384,715 төгрөгийг тус тус зарцуулсан.

Харин ******* нь ******* ХХК-аас шилжүүлсэн нийт 132,206,300 төгрөгөөс 29,216,713 төгрөгийг тус компанийн үйл ажиллагаанд зарцуулалгүйгээр хувьдаа авч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн. Энэ нь ******* ХХК-ийн дансны орлого, зарлагын гүйлгээгээр нотлогдоно.

 

Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 29,216,713 төгрөгийг хариуцагч ******* гээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Талууд 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээг тус тус байгуулан ******* ХХК-ийн өөрт ногдох 50 хувийн хувьцааг 17,724,500 төгрөгөөр ******* д худалдсан.

******* нь дээрх гэрээний дагуу хувьцаа худалдан авсан төлбөрөөс 10,817,500 төгрөгийг 2023 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр, үлдэгдэл 6,907,000 төгрөгийг 2023 оны 12 дугаар сарын 31-ний дотор тус тус төлж барагдуулахаар тохиролцсон боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй. Үүний улмаас миний нэхэмжлэлтэй хариуцагч ******* д холбогдох иргэний хэргийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянан хэлэлцээд 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШШ2024/02445 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийн уг агуулгаар гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч ******* гээс 23,562,043 төгрөг гаргуулан надад олгохоор шийдвэрлэсэн болно.

Өөрөөр хэлбэл, энэхүү асуудлыг өмнө нь шүүхээр шийдвэрлэж, нэхэмжлэгчийн нэхэмжилж буй мөнгийг төлөх үндэслэлгүй болохыг шүүх тогтоосон ба талууд давж заалдах гомдол гаргаагүй тул анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон.

 

Иймд шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэгдсэн асуудлаар дахин шүүхэд хандсан нь үндэслэлгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, *******-д холбогдох, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 29,216,713 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 304,035 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж тус тус шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. ******* , ******* нар нь ******* ХХК-ийн 50, 50 хувийн хувьцаа эзэмшигч байсан бөгөөд тухайн үед ******* нь тус компанийн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж байсан ба компанийн үйл ажиллагаанд зарцуулах мөнгийг компанийн данснаас ******* гийн хувийн дансанд шилжүүлж өгдөг байсан. Хариуцагч ******* өөрийн дансанд 132,206,300 төгрөгийг хүлээн авснаа зөвшөөрдөг бөгөөд үүнийг анхан шатны шүүх зөв дүгнэсэн. Нэхэмжлэгч талаас шилжүүлсэн гүйлгээ нь талуудын хамтран ажиллах зорилгын хүрээнд компанийн үйл ажиллагаанд зориулж хийгдсэн шилжүүлэг байтал хариуцагч ******* нь шилжүүлсэн 132,206,300 төгрөгөөс 102,989,587 төгрөгийг компанийн үйл ажиллагаанд зарцуулан үлдэгдэл 29,216,713 төгрөгийг зориулалтын дагуу зарцуулахгүйгээр хувьдаа захиран зарцуулсан нь хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдоно.

 

4.2. Анхан шатны шүүх ...132,206,300 төгрөг шилжүүлсэн гүйлгээ нь талуудын хамтран ажиллах зорилгын хүрээнд компанийн үйл ажиллагаанд зориулж хийгдсэн үндэслэл бүхий гүйлгээ, шилжүүлэг тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч нь шаардах эрхгүй. гэж дүгнэсэн. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй. гэж заасан.

Хариуцагч ******* ажилчдын цалин, түрээс, бэлтгэн нийлүүлэгчид төлөх төлбөр зэрэгт зарцуулах зорилготой компаниас шилжүүлсэн 132,206,300 төгрөгөөс 29,216,713 төгрөгийг ямар нэгэн үйл ажиллагаанд зарцуулаагүй өөртөө авч үлдсэн нь дээрх хуулийн зохицуулалтад хамаарах ба анхан шатны шүүх уг хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

 

4.3. 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээг тус тус байгуулан ******* д хувьцаагаа шилжүүлэн өгснөөр хариуцагч ******* нь компанийн өмнө, хувьцаа эзэмшигчийн өмнө хүлээсэн аливаа үүргээс чөлөөлөгдсөн талаар шүүх дүгнэсэн. Гэтэл уг гэрээг байгуулснаар ******* нь компанийн хувьд аливаа үүргээс чөлөөлөгдсөн боловч ******* гэх хувь хүнээс компанид өглөг өгөх үүргээс чөлөөлөгдөхгүй юм.

 

4.4. Хариуцагчаас хариу тайлбараа нотлоогүй, татгалзлаа нотлох баримтыг гаргаж өгөөгүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй байхад, хариуцагчийн тайлбар бодитой эсэхэд дүгнэлт хийлгүйгээр тус хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх зарчмыг ноцтой зөрчсөн.

Мөн анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гарган өгсөн баримтыг тал бүрээс нь дүгнээгүйн нэг илрэл нь компаниас шилжүүлсэн 132,206,300 төгрөгийг компанийн үйл ажиллагаанд зориулагдсан мэтээр дүгнэснээс харагдана.

 

4.5. Анхан шатны шүүх Монгол Улсын Дээд шүүхийн албан ёсны зөвлөмж, тайлбаруудыг үндэслэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Энэ нь шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлгүй гарсан болохыг тодорхой харуулж байгаа ба тайлбар, зөвлөмжүүд нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үнэн зөв, бодитой явуулахад гол чиглэл болдог.

Улсын дээд шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 01 дугаартай зөвлөмжид ...Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хоорондох эрх зүйн харилцаа, талуудын эрх, үүргийн талаар бодит бус дүгнэлт хийсэн байх нь шийдвэр, магадлалын хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг үгүйсгэдэг болно. гэж зөвлөснийг шүүх огт анхааралгүйгээр хэргийг хийсвэрээр шийдвэрлэсэн болох нь нотлох баримт уг хэрэгт ач холбогдолтой, хамааралтай нотлох баримт мөн эсэх, цаг хугацаа, шалтгаант холбооны талаар огт дүгнэлт өгөөгүй, хариуцагчийн зүгээс өгсөн худал тайлбарыг үнэлж хэргийг шийдвэрлэсэн байдлаас харагдана.

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт тус тус заасан шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэх, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх хуулийн зохицуулалтыг ноцтой зөрчсөн бөгөөд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга:

5.1. Тухайн үед талууд ярилцаж, зөвшилцсөний үндсэн дээр маргаан бүхий 132,206,300 төгрөгийг компанийн данснаас хариуцагч руу шилжүүлсэн бөгөөд хариуцагч уг мөнгийг компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд зарцуулсан байдаг. Энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн.

 

5.2. Компанийн гүйцэтгэх удирдлага компанийн санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавих үүрэгтэй. Дансны хуулгыг харахад уг мөнгө нь нэг удаагийн гүйлгээгээр орж ирээгүй бөгөөд хэсэг, хэсгээр цалин, нийгмийн даатгал, татвар гэх компанийн үйл ажиллагаанд зориулагдаж өөр, өөр цаг хугацаанд хийгдсэн, мөн талууд гарах зардлыг харилцан ярилцаж тохиролцсон байдлаар хийгдсэн гүйлгээ гэдэг нь тодорхой харагддаг. Түүнчлэн, 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар нийт компанийн үйл ажиллагаатай холбоотой гарсан зарлага, гүйцэтгэсэн ажил үйлчилгээний үлдэгдэл төлбөрийн талаар харилцан тохиролцож, санхүүгийн тооцооллыг бүгдийг нь гаргасан байдаг. Компанийн орлого, зарлагын талаар талууд тооцоо нийлж, харилцан тохиролцож хувьцааны нэгж үнийг тодорхойлсон байдаг.

 

5.3. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг өөрөөр мушгин гуйвуулж тайлбарласан нь үндэслэлгүй. Хариуцагчаас хувьцаа эзэмшигчдийн хурлаар нийлсэн тооцооны дагуу гэрээгээр тохирсон төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч нэхэмжлэгч төлбөрийг төлөөгүй учраас 2024 онд шүүхэд хандсан ба дээрх үйл баримтыг шүүх тогтоогоод шийдвэрлэсэн.

 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй ба анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг зөв үнэлж хэргийг шийдвэрлэсэн гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******-д холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх 29,216,713 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

 

3. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон боловч нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж чадаагүйн улмаас маргааны үйл баримтыг буруу дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь алдаатай болсон байгааг давж заалдах шатны шүүхээс залруулан шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой гэж үзлээ.

 

4. Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогджээ. Үүнд:

4.1. ******* ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигчээр ******* г, үлдэх 50 хувийн хувьцаа эзэмшигчээр *******-г тус тус тодорхойлсон тус компанийн дүрмийг 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр, мөн ******* ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр ******* г тогтоосон тус компанийн дүрмийг 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр тус тус хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэжээ. /хх5-7, 8-9/

 

4.2. ******* ХХК нь өөрийн эзэмшлийн ******* банкин дахь ******* тоот данснаас ******* гийн эзэмшлийн ******* банкин дахь ******* тоот дансанд 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 3,665,000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 6,000,000 төгрөг, мөн түүний эзэмшлийн ******* банкин дахь ******* тоот дансанд 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 5,039,300 төгрөг, 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 12,674,000 төгрөг, 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 16,573,000 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 9,500,000 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 19,500,000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 16,575,000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 16,570,000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 5,610,000 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 7,500,000 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 10,500,000 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 2,500,000 төгрөг, нийт 132,206,300 төгрөгийг шилжүүлсэн байх ба талууд уг мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн, шилжүүлэн авсан талаар маргаагүй. /хх34-46, 88/

 

4.3. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2024/02445 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч ******* гээс хариуцагч ******* д холбогдуулан гаргасан 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээний дагуу ******* ХХК-ийн 50 хувийн хувьцааг худалдан авсан төлбөр 17,724,000 төгрөг, алданги 5,408,750 төгрөг, нийт 23,133,250 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас хувьцаа худалдсан үндсэн төлбөр 17,554,500 төгрөг, алданги 6,007,534 төгрөг, нийт 23,562,043 төгрөгийг хариуцагч ******* гээс гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,622,586 төгрөгт холбогдох хэсэг болон нэхэмжлэгч *******-д холбогдуулан компаниас өгсөн 132,206,300 төгрөгийн ******* д оногдох 50 хувь буюу 66,103,150 төгрөгийн төлөгдөөгүй үлдэгдэл төлбөр болох 27,893,435 төгрөг гаргуулах тухай хариуцагч ******* гийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /хх54-58/

 

5. Анхан шатны шүүх Хариуцагч нь 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл ******* ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч байсан бөгөөд нэхэмжлэгч ******* ХХК-ийн гүйцэтгэх удирдлага ******* нь ******* гийн дансанд 132,206,300 төгрөг шилжүүлсэн гүйлгээ нь талуудын хамтран ажиллах зорилгын хүрээнд компанийн үйл ажиллагаанд зориулж хийгдсэн үндэслэл бүхий гүйлгээ, шилжүүлэг байх тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч нь шаардах эрхгүй. гэж дүгнэсэн нь буруу болжээ.

 

Учир нь нэхэмжлэгч ******* ХХК-аас шилжүүлсэн 29,216,713 төгрөгийг хариуцагч ******* хүлээн авсан талаар маргаагүй ба хариуцагчийн хувьд уг мөнгөн хөрөнгийг компанийн үйл ажиллагаанд зарцуулсан гэж тайлбарлаж байгаа боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар баримтаар нотлоогүй байна.

 

Дээрх мөнгөн хөрөнгө нь үндэслэлгүйгээр *******-д байршиж байгаа учраас буцаан гаргуулах нь зүйтэй. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлтэй.

 

Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасны дагуу хариуцагч ******* гээс 29,216,713 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК -д олгосон өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулна.

 

6. Хариуцагч нь энэ маргааныг өмнө шүүхээр хянан шийдвэрлэсэн гэж тайлбарлаж байгаа боловч Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2024/02445 дугаар шийдвэрээр ******* , ******* нарын хооронд үүссэн ******* ХХК-ийн хувьцааг худалдах, худалдан авахтай холбоотой маргааныг дээрх байдлаар шийдвэрлэсэн нь нэхэмжлэгч ******* ХХК нь мөнгөн хөрөнгөө бусдаас шаардаж байгаа асуудлыг шийдвэрлэхэд хамаарахгүй болно.

 

7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 192/ШШ2025/01725 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч ******* гээс 29,216,713 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК -д олгосугай. гэж,

2 дахь заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 304,035 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* гээс улсын тэмдэгтийн хураамжид 304,035 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК -д олгосугай. гэж тус тус өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 304,035 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА

 

Д.ЦОГТСАЙХАН