| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 187/2019/0358/Э |
| Дугаар | 370 |
| Огноо | 2019-05-20 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Д.Мөнхцэцэг |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 370
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж,
улсын яллагч Д.Мөнхцэцэг,
шүүгдэгч С.Л, М.Э, шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Жавзандолгор,
нарийн бичгийн дарга Б.Боорчи нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б овогт С-ийн Л, О овогт М-ын Э нарт холбогдох эрүүгийн 19100 0572 0373 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 1994 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Аса” циркэд жүжигчин ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдрах, Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 1-9 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт С-ийн Л /РД:/,
2. Монгол Улсын иргэн, 1997 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт амьдрах, Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 1-9 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, О овогт М-ын Э /РД:/,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч С.Л нь 2019 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт насанд хүрээгүй хохирогч Д.Т, Б.Т нарыг “мөнгө хулгайллаа” гэж гарыг нь галын дэгээ төмрийг М.Эээр улайсгуулан түлж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
Шүүгдэгч М.Э нь 2019 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт насанд хүрээгүй хохирогч Д.Т, Б.Т нарыг “мөнгө хулгайллаа” гэж С.Лг “галын дэгээ төмрийг улайсгаад өг” гэхээр нь галд улайсган өгч гарыг нь түлүүлж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч С.Лгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн байгаа. Би үйлдсэн гэмт хэрэгтээ маш их харамсаж, гэмшиж байна. Хүүхдүүдийг гэмтээсэндээ гэмшиж байна. Би энэ алдаагаа дахиж давтахгүй. Сарнай нь миний төрсөн ээж маань юм. Хохирогч хүүхдүүдийн эцэг эх нь архины хамааралтай тул хүүхдүүдийг миний ээжийн асрамжинд байлгадаг юм. Өмнө нь 2-3 удаа мөнгө алга болсон байхаар нь хүүхдүүдийг айлгах гэж халуун төмөрөөр гарыг нь түлсэн үнэн. Одоо маш их гэмшиж байна, миний буруу.” гэсэн мэдүүлэг,
2. Шүүгдэгч М.Эийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Би үйлдсэн гэмт хэрэгтээ маш их харамсаж байна. Хүүхдүүдээс уучлалт гуйсан. Цүнхэнд байсан мөнгө алга болсон байхаар нь би С.Лд хэлсэн юм. Хүүхдүүд буруу юм хийгээд байхаар нь айлгах гэж тийм үйлдэл хийсэн. Би тэр хүүхдүүдтэй цуг хадам ээжийн хашаанд түр амьдарч байсан. Лхагвасүрэн бид хоёр хүүхдүүдийн гарт нь тос түрхэж өгсөн. Дараа нь Түвшинбаярын ээжтэй нь уулзсан. Түвшинбаярыг ээж нь өөрийнхөө асрамжиндаа авч, харин Тэмүүлэнг хүүхдийн асрамжийн газарт хүлээлгэн өгсөн. Одоо хүүхдүүдийн эрүүл мэндийн байдал хэвийн байгаа, гар нь эдгэж байгаа” гэсэн мэдүүлэг,
Эрүүгийн 19100 0572 0373 дугаартай хэргээс:
1. Насанд хүрээгүй Б.Тгийн биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 07-09х/,
2. Насанд хүрээгүй Д.Тын биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 10-11х/,
3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй Д.Тын хохирогчоор өгсөн:
“...Би 2017 оноос хойш Сарнай төвд байдаг байсан ба хагас бүтэн сайнд төрсөн ээж Доржпагма дээр очдог байсан. 2017 оны Цагаан сар баяраас хойш манай ээж надтай хамт Сарнай төвд амьдардаг болсон. Тэгээд 2019 оны 02 сарын 24-ний өдөр Сарнай төвд байдаг гэртээ найз Тэмүүлэнтэй хамт унтаж байхад шөнө цагийг нь санахгүй байна, Сарнай төвийн эзэн Сарнай эгчийн хүүхэд Лхагвасүрэн ах, эхнэр Энхцэцэгтэй хамт орж ирсэн.
Тэгээд Лхагвасүрэн ах Тэмүүлэн бид хоёрыг сэрээгээд “та хоёр 5000 төгрөг авсан уу” гэхээр нь бид хоёр “аваагүй” гэж хэлэхэд Лхагвасүрэн ах Энхцэцэг эгчид “төмөр улайсгаад өг” гээд галын дэгээ төмөр халаалгаж аваад “арав тоолохын дотор үнэнээ хэлэхгүй бол гарыг чинь түлнэ шүү” гээд 10 тоолсон. Би “аваагүй” гэж хэлэхэд улайсгасан төмрийн улаан нь багасаад хөрөөд ирэх үед миний баруун гарын шуу хэсэгт хоёр удаа дарж түлсэн.
Тэгээд миний хажууд зогсож байсан Тэмүүлэнгийн зүүн гарын сарвуунд нь нэг удаа түлээд шуу хэсэгт нь нэг удаа түлсэнээ Лхагвасүрэн ах “хүн асуувал зуухан доороос юм авах гэж байгаад түлсэн гэж хэлээрэй, одоо унт” гэхээр нь бид хоёр унтсан юм. Тухайн үед Энхцэцэг эгч утсаа оролдоод сууж байсан. Тэмүүлэн бид хоёр хулгай хийсэн зүйл байхгүй. Тэмүүлэн өмнө нь ногооны ажил хийгээд худалдаж авсан S5 маркийн гар утсаа барьж байсан. Тэр утсаа 2018 оны зун алга болгоод тэрнээс хойш утас бариагүй. Одоо миний гар эдгэрчихсэн байгаа. Би гарандаа тос түрхүүлсэнээс өөр эмчилгээ хийлгээгүй. Надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй. Өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 17-18х/,
4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй Б.Тгийн хохирогчоор өгсөн:
“...Би Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд байрлах Сарнай төвд 2017 оноос хойш байсан юм. 2019 оны 02 дугаар сарын 24-ний өдөр гэрт унтаж байхад өглөө, одоо цагийг нь санахгүй байна, дүүгээ хараарай гээд сэрээсэн. Энхцэцэг эгч гэрээс гараад буцаж орж ирэхдээ Лхагвасүрэн ахтай хамт орж ирээд “5000 төгрөг алга болчихлоо, Түвшинбаяр та хоёр авсан уу” гэхээр нь бид хоёр аваагүй болохоор “аваагүй” гэж хэлсэн. Лхагвасүрэн ах “үнэнээ хэлэхгүй бол гарыг чинь түлнэ шүү” гээд зуухны урд байсан дэгээ төмрийг аваад Энхцэцэг эгчид өгч, асаж байсан зуухтай галд хийлгэж халаалгасан.
Тэгээд Лхагвасүрэн ах бид хоёрыг нэгжиж үзээд “гаргаж өгөхгүй бол түлнэ шүү” гээд шууд Түвшинбаярын баруун гарын шуу, сарвуу хэсэгт хоёр удаа түлсэн. Миний зүүн гарын сарвуу хэсэгт нэг удаа түлээд, шуу хэсэгт мөн жижигхэн түлсэн. Тэр өдрийн маргааш нь сургууль дээр эрүүл мэндийн үзлэгт орох үед нийгмийн ажилтан мэдээд, цагдаа дуудсан юм. Лхагвасүрэн ах Түвшинбаяр бид хоёрыг өөрөөр зодоогүй. Мөн Сарнай төвийн ажилчид урьд өмнө нь намайг болон өөр хүүхдүүдийг зодож байгаагүй. Миний бие одоо зүгээр байгаа. Би урьд нь хэн нэгний эд зүйлсийг зөвшөөрөлгүй авч үзээгүй. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 23-24х/,
5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Оюунтунгалагийн гэрчээр өгсөн:
“...2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны хамтарсан баг хуралдаад “гадуур өвчлөл их байгаа болохоор сургуулийн хүүхдүүдээ эмчийн үзлэгт хамруулъя” гээд миний бие болон хорооны эмч Буд, сургуулийн эмч Мөнгөнзавъяа нартай хамт 26 дугаар сургуулийн 1-5 ангийн хүүхдүүдийн амны хөндий болон харшлын үзлэг шалгалт хийсэн юм. Тэгэхэд 3а ангийн Түвшинбаярын гар нь түлэгдсэн байсныг хараад “яасан” талаар асуухад “тоглож байгаад зуханд түлэгдсэн” гэж хэлсэн.
Мөн 4б ангийн сурагч Тэмүүлэнгийн гар дээр түлэгдсэн сорви байхаар нь юу болсон талаар асуухад мөн “тоглож байгаад зууханд хайрагдсан” гэж хэлсэн. Тухайн хүүхдүүд нь “Сарнай” гэх эмэгтэйгийн асрамжинд байдаг хүүхдүүд байсан. Тэгээд манай хорооны хамтарсан баг үдээс хойш дахин хуралдаж, сургууль дээр түлэгдсэн хүүхдүүд байгаа талаар ярьж, цагдаад хандахаар болсон юм. Хүүхдүүдээс дахин асуухад “Сарнай эгчийн хүүхэд болох Лхагвасүрэн гэдэг ах дэгээ төмрөөр хайрч түлсэн” гэж хэлсэн тул цагдаад өргөдөл өгсөн. Тухайн хүүхдүүдийн эцэг, эхийг нь танихгүй. Түвшинбаярын ээж Доржпагма гэх эмэгтэй 2018 онд ирж уулзаж байсан, тэрнээс хойш уулзаагүй. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 29-30х/,
6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад М.Бадамхандын гэрчээр өгсөн:
“...2019 оны 02 сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны хамтарсан баг хуралдсан юм. Тэгээд “гадуур өвчлөл их байгаа болохоор сургуулийн хүүхдүүдээ эмчийн үзлэгт хамруулъя” гээд миний бие болон хорооны эмч Э.Мягмарбуд, сургуулийн нийгмийн ажилтан Д.Оюунтунгалаг нартай хамт 26 дугаар сургуулийн хүүхдүүдэд үзлэг хийсэн юм. Тэгээд хамтарсан багаар дахин хурал хийхэд хорооны эмч, сургуулийн нийгмийн ажилтан хоёр үзлэг хийхэд 3а ангийн Түвшинбаярын, мөн 4б ангийн сурагч Тэмүүлэн нарын гар нь түлэгдсэн сорви байсныг асуухад хүүхдүүд “тоглож байгаад зууханд хайрагдсан” гэж хэлсэн байсан.
Тэгтэл тэр хүүхдүүд нь “Сарнай” гэх эмэгтэйгийн асрамжинд байдаг хүүхдүүд байсан ба хорооны хамтарсан багаар ярилцаж байгаад цагдаагийн байгууллагад мэдэгдсэн нь зөв гэсэн шийдэлд хүрсэн юм. Тухайн хүүхдүүдээс юу болсон талаар асуухад юу ч хэлэхгүй байсан. Цагдаа руу авч явах гээд машинд суулгахад Тэмүүлэнгийн ах Батбаяр нь “Сарнай эгчийн хүүхэд болох Лхагвасүрэн гэх ах манай хоёр дүүг 5000 төгрөг олдохгүй байна, та 2 авсан байна гэж уурлаад галын дэгээ төмрөөр гарыг нь түлсэн байна лээ” гэж хэлсэн юм.
Сарнай гэх эмэгтэй дээр өөрийнхөө хүүхдүүдээс гадна 2 айлын Б.Т, Б.Батбаяр, Д.Т, Д.Нямбаяр гээд 4 хүүхэд байдаг. Сарнай гэх эмэгтэйтэй цуг байдаг төрөл садан болох Эрдэнэбат, Хүслэн, Бурмаа гэх хүүхдийн бие нь дээр хөхөрсөн толбо байсан гэж эмч Мягмарбуд хэлсэн. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 32х/,
7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ө.Доржпагмын гэрчээр өгсөн:
“...Би хэсэг хугацаанд амьдралын боломжгүй байдлын улмаас өөрийн хоёр хүүхэд Түвшинбаяр, Нямбар нарыг 13 хороонд байдаг “Сарнай” хүүхдийн төвд 2017 оны эхээр өгсөн юм. 2017 оны 02 дугаар сараас эхлэн би хүүхдүүдтэйгээ хамт Сарнай төвд амьдардаг байсан ба 2018 оны намараас хүүхдүүдээ үлдээгээд, өөрөө өөр газарт амьдарч эхэлсэн.
Манай хүүхдүүд над дээр амралтын өдрүүдэд ирдэг байсан. 2019 оны 02 сарын 27-ны өдөр намайг Хан-Уул дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсээс дуудахаар нь очиход манай бага хүү Түвшинбаярын баруун гарын шуу нь хоёр удаа түлэгдсэн байдалтай байсан.
Ингээд 2019 оны 02 сарын 28-ны өдрөөс эхлэн хүүхдүүдээ Сарнай төвөөс авч Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, 7 дугаар хэсгийн задгай тоотод хашаанд гэр барьж хамт амьдарч байгаа. Манай хүүхдүүдийг урьд өмнө ямар нэгэн байдлаар зодож цохиж байсан асуудал байхгүй. Бидний зүгээс ямар нэгэн гомдол санал байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 38х/,
8. ШШҮХ-ийн 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн шинжээчийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2880 тоот:
1. Б.Тгийн биед зүүн сарвууны 2-р зэргийн түлэгдсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. 4. Дээрх гэмтэл нь өндөр хэмийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 46х/,
9. ШШҮХ-ийн 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн шинжээчийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2879 тоот:
1. Д.Тын биед баруун шуу, сарвууны 2-р зэргийн түлэгдсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. 4. Дээрх гэмтэл нь өндөр хэмийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 51х/,
10. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч С.Лгийн гэрч, яллагдагчаар өгсөн:
“...Би 2019 оны 02 сарын 24-ний өглөө ажлаасаа 8 цаг өнгөрч байхад Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд оршин суух ээж Сарнайгийн гэрт ирсэн. Тэгэхэд манай эхнэр Энхцэцэг нь “Түвшинбаяр, Тэмүүлэн хоёр хулгай хийгээд байна, гар утас байхаар нь үзэхэд ангийнх нь хүүхдийн утас юм шиг байна лээ, буцааж өг гэж хэлсэн, мөн цүнхэнд байсан 5000 төгрөг алга болсон байна” гэхээр нь би тэр хоёрыг “хулгай хийж болохгүй” гээд айлгах санаатай унтаж байхад нь сэрээгээд “яагаад хулгай хийгээд байгаа юм бэ, аав, ээж шигээ архичин болох гээ юу, хулгай хийж байгаа хүмүүс хуруугүй болдог” гээд эхнэр гал түлээд дэгээ төмөрөө хутгаж байхаар нь дэгээ төмрийг нь аваад Түвшинбаярын гарт хүргэхэд Түвшинбаяр гараа татаж авахаар нь дахин хүргэчихсэн.
Тэгээд дараа нь Тэмүүлэнгийн гарт нь хальт хүргээд авсан юм. Тухайн үед дэгээ төмрийг нь их халуун биш байх гэж бодсон. Тэгтэл гарыг нь түлсэн байхаар нь манай эхнэр бид хоёр гарт нь ногоон гэх тос түрхэж өгсөн. Би хийсэн үйлдэлдээ харамсаж гэмшиж байна, миний буруу байсан. Би урьд өмнө хүүхдүүдийг зодож цохиж байгаагүй. Тухайн үед би согтууруулах ундаа хэрэглээгүй байсан.
Би яллагдагчаар татсан прокурорын тогтоолтой танилцлаа, хүлээн зөвшөөрч байна. Мөн шинжээчийн дүгнэлттэй уншиж танилцсан, уг дүгнэлтэд дурьдагдсан гэмтлийг би учруулсан. Хэргийг хурдан шийдэж өгнө үү.” гэсэн мэдүүлэг /хэргийн 36х, 64-65х/,
11. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч М.Эийн гэрч, яллагдагчаар өгсөн:
“...Манай нөхөр Лхагвасүрэн сардаа 1 юм уу, 2 удаа гэртээ ирдэг. Тэгээд би хадам ээж Сарнайгийн гэрт байдаг Тэмүүлэн, Түвшинбаяр гэх хоёр хүүхдийг хань татаж, гэртээ цуг хонодог юм. 2019 оны 02 сарын 24-ний өглөө манай нөхөр ажлаасаа ирэхэд урдаас нь гарч тосож аваад “Түвшинбаяр, Тэмүүлэн хоёр хулгай хийгээд байх шиг байна, хэд хоногийн өмнө гар утастай болчихсон байхаар нь хэний гар утас вэ гэхэд хэлээгүй, би цагдаад хэлнэ шүү, хүнд нь буцааж өгөөрэй” гэж хэлэхэд маргааш нь хичээлээсээ ирэхдээ “гар утсыг хүнд нь буцаагаад өгчихсөн” гэж байсан.
Тэгээд бас цүнхнээс мөнгө алга болоод Түвшинбаяр, Тэмүүлэн хоёр чихэр, печень идээд, надад ундаа авч өгөөд байсан. Мөн өчигдөр цүнхэнд байсан 5000 төгрөг өглөө босоход байхгүй байна” гэж хэлсэн юм. Манай нөхөр “наад хоёр чинь буруу замд орох гэж байна уу” гээд гэрт ороход хүүхдүүд сэрж байсан. Тэгээд би зуухнаасаа үнсээ унагаагаад нүүрс хийх гээд галаа ухаж байтал Лхагвасүрэн Түвшинбаяр, Тэмүүлэн хоёроос “та хоёр яагаад хулгай хийгээд байгаа юм бэ” гэж асуухад “бид хоёр хулгай хийгээгүй” гэсэн.
Лхагвасүрэн “дэгээ төмрөө өгч бай” гээд надаас авсан. Тэгээд би үнсээ гаргаж асгаад нүүрс аваад орж ирэхэд Түвшинбаярын гарыг хайрчихсан, Тэмүүлэнгийн гарыг хайрах гэж байхад нь “боль” гээд дэгээ төмрийг нь аваад, гар дээр нь хүйтэн ус асгаад, бүгд буцаад унтацгаасан юм. Тэгээд өдөр Түвшинбаяр, Тэмүүлэн хоёр хичээлдээ яваад буцаж ирэхэд нь гарт нь өмхий ногоон тос түрхэж өгсөн. Лхагвасүрэн урьд өмнө тэр хүүхдүүдийг зодож цохиж байгаагүй.
Би Лхагвасүрэнг “дэгээ төмрөө өгч бай” гэхээр нь өгсөн. Тэр хүүхдүүдийг айлгах гэж бодсон, түлчихнэ гэж бодоогүй. Би тухайн дэгээ төмөр халуун байсныг нь мэдэж байсан. Лхагвасүрэн Түвшинбаярын баруун гар дээр нь 2 удаа, Тэмүүлэнгийн зүүн гар дээр нь нэг удаа түлсэн. Би яллагдагчаар татсан прокурорын тогтоолтой уншиж танилцлаа, хүлээн зөвшөөрч байна. Мөн шинжээчийн дүгнэлттэй уншиж танилцлаа, уг дүгнэлтэд дурьдагдсан гэмтлүүдийг Лхагвасүрэн галын дэгээ төмрөөр түлж учруулсан. Би өөрийнхөө болон нөхрийнхөө хийсэн үйлдэлд маш их гэмшиж байна. Дахин ийм алдаа гаргахгүй” гэсэн мэдүүлэг /хэргийн 34х, 71-72х/ болон шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой гэрч Н.Маналсүрэнгийн мэдүүлэг /хэргийн 40х/, шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 81х, 85х/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 83х, 88х/, Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт /хэргийн 87х/, Дүүргийн эрүүгийн хэргийн 2 дугаар шүүхийн 2014 оны 02 сарын 25-ны өдрийн 270 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хэргийн 91-93х/, “Вүүдэко” ХХК-ийн ажлын тодорхойлолт /хэргийн 94х/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж дүгнэсэн болно.
Тухайн хэргийн хувьд шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй, насанд хүрээгүй хохирогч Д.Т, Б.Т, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт тооцон баримт бүхий мөнгөн дүнгээр илэрхийлсэн нэхэмжлэл, шаардлага гаргахгүй, гомдол саналгүй болохоо илэрхийлсэн /хэргийн 108-109х/ ба шүүгдэгч С.Л, М.Э нар нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорын хяналтын шатанд бичгээр гаргасныг 2019 оны 5 сарын 16-ны өдрийн 111 дугаартай прокурорын тогтоолоор хүлээн авч ханган, прокуророос шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг танилцуулан /хэргийн 111х/, тэдгээрт холбогдох эрүүгийн 19100 0572 0373 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, зохицуулалтад нийцсэн байна.
Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд зохих журмын дагуу шалгагдан тогтоогдсон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд С.Л, М.Э нарын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ .
Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч С.Л, М.Э нар нь 2019 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт, насанд хүрээгүй хохирогч Д.Т, Б.Т нарыг “мөнгө хулгайллаа, хулгай хийгээд байгаа юм уу, үнэнээ хэл” гэж шаардаж, улмаар Б.Тгийн зүүн гарын сарвуу хэсэгт, Д.Тын гарын баруун шуу, сарвуу хэсэгт галд улайсгасан дэгээ төмрөөр хайрч түлсэний улмаас
- насанд хүрээгүй хохирогч Д.Тын биед “баруун шуу, сарвууны 2-р зэргийн түлэгдсэн шарх” гэмтэл,
- насанд хүрээгүй Б.Тгийн биед зүүн сарвууны 2-р зэргийн түлэгдсэн шарх” гэмтэл тус тус учруулсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглууж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн:
- насанд хүрээгүй хохирогч Д.Тын: “...2019 оны 02 сарын 24-ний өдөр Сарнай төвд байдаг гэртээ найз Тэмүүлэнтэй хамт унтаж байхад шөнө цагийг нь санахгүй байна, Сарнай төвийн эзэн Сарнай эгчийн хүүхэд Лхагвасүрэн ах, эхнэр Энхцэцэгтэй хамт орж ирсэн. Тэгээд Лхагвасүрэн ах Тэмүүлэн бид хоёрыг сэрээгээд “та хоёр 5000 төгрөг авсан уу” гэхээр нь бид хоёр “аваагүй” гэж хэлэхэд Лхагвасүрэн ах Энхцэцэг эгчид “төмөр улайсгаад өг” гээд галын дэгээ төмөр халаалгаж аваад “арав тоолохын дотор үнэнээ хэлэхгүй бол гарыг чинь түлнэ шүү” гээд 10 тоолсон. Би “аваагүй” гэж хэлэхэд улайсгасан төмрийн улаан нь багасаад хөрөөд ирэх үед миний баруун гарын шуу хэсэгт хоёр удаа дарж түлсэн. Тэгээд миний хажууд зогсож байсан Тэмүүлэнгийн зүүн гарын сарвуунд нь нэг удаа түлээд шуу хэсэгт нь нэг удаа түлсэнээ Лхагвасүрэн ах “хүн асуувал зуухан доороос юм авах гэж байгаад түлсэн гэж хэлээрэй, одоо унт” гэхээр нь бид хоёр унтсан юм...” гэсэн мэдүүлэг /хэргийн 17-18х/,
- насанд хүрээгүй хохирогч Б.Тгийн: “...2019 оны 02 дугаар сарын 24-ний өдөр гэрт унтаж байхад өглөө, одоо цагийг нь санахгүй байна, дүүгээ хараарай гээд сэрээсэн. Энхцэцэг эгч гэрээс гараад буцаж орж ирэхдээ Лхагвасүрэн ахтай хамт орж ирээд “5000 төгрөг алга болчихлоо, Түвшинбаяр та хоёр авсан уу” гэхээр нь бид хоёр аваагүй болохоор “аваагүй” гэж хэлсэн. Лхагвасүрэн ах “үнэнээ хэлэхгүй бол гарыг чинь түлнэ шүү” гээд зуухны урд байсан дэгээ төмрийг аваад Энхцэцэг эгчид өгч, асаж байсан зуухтай галд хийлгэж халаалгасан.
Тэгээд Лхагвасүрэн ах бид хоёрыг нэгжиж үзээд “гаргаж өгөхгүй бол түлнэ шүү” гээд шууд Түвшинбаярын баруун гарын шуу, сарвуу хэсэгт хоёр удаа түлсэн. Миний зүүн гарын сарвуу хэсэгт нэг удаа түлээд, шуу хэсэгт мөн жижигхэн түлсэн. Тэр өдрийн маргааш нь сургууль дээр эрүүл мэндийн үзлэгт орох үед нийгмийн ажилтан мэдээд, цагдаа дуудсан юм...” гэсэн мэдүүлэг /хэргийн 23-24х/,
- ШШҮХ-ийн 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн шинжээчийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2880 тоот:
1. Б.Тгийн биед зүүн сарвууны 2-р зэргийн түлэгдсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. 4. Дээрх гэмтэл нь өндөр хэмийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 46х/,
- ШШҮХ-ийн 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн шинжээчийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2879 тоот:
1. Д.Тын биед баруун шуу, сарвууны 2-р зэргийн түлэгдсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. 4. Дээрх гэмтэл нь өндөр хэмийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 51х/, насанд хүрээгүй Б.Т, Д.Т нарын биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 07-09х, 10-11х/, гэрч Д.Оюунтунгалаг /хэргийн 29-30х/, М.Бадамханд /хэргийн 32х/, Ө.Доржпагма /хэргийн 38х/ нарын мэдүүлэг болон шүүгдэгч С.Л, М.Э нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хэргийн 36х, 64-65х, 34х, 71-72х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсаныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалттай.
Хэргийн хохирогч насанд хүрээгүй Д.Т нь 2008 оны 11 сарын 06-ны өдөр, Б.Т нь 2006 оны 11 сарын 20-нд тус тус төрсөн, гэмт халдлагад өртсөн 2019 оны 02 сарын 24-ны өдрийн байдлаар Д.Т нь 10 настай, Б.Т нь 13 настай байсан ба тэдгээр нь бага насны буюу 14 насанд хүрээгүй байжээ.
Насанд хүрээгүй хохирогч Д.Тын биед учирсан “баруун шуу, сарвууны 2-р зэргийн түлэгдсэн шарх” гэмтэл, насанд хүрээгүй Б.Тгийн биед учирсан “зүүн сарвууны 2-р зэргийн түлэгдсэн шарх” гэмтэл нь тус тус шүүгдэгч С.Л нь эхнэр М.Эийн галд улайсгасан галын дэгээ төмөрөөр тэднийг хайрч түлсэн гэмт үйлдэлтэй тус тус шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон ба нэр бүхий шүүгдэгч нарын дээрх гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан онц харгис хэрцгийгээр, 2.6-д заасан “хоёр, түүнээс олон хүнийг”, 2.7-д заасан “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж, 2.11-д заасан буюу бүлэглэж” хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас нэр бүхий шүүгдэгч С.Л, М.Э нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тэдний гэм буруутай үйлдэлд нь тохирсон байна.
Хэргийн шүүгдэгч С.Л, М.Э нар нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай үйлдлээ тус тус хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй, өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Дээр дурьдсан үндэслэлээр шүүгдэгч С.Л, М.Э нарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн тус тус гэм буруутайд тооцож, эрүүгийн харицлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан бөгөөд “Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.
Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар хэргийн насанд хүрээгүй хохирогч Д.Т, Б.Т, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй хэдий ч тэдгээр нь хэрэгт хохирогчоор тогтоогдож өгсөн мэдүүлэгтээ тус тус “...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” хэмээн мэдүүлж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцон баримт бүхий мөнгөн дүнгээр илэрхийлсэн нэхэмжлэл, шаардлага гаргаагүй байна.
Иймд шүүгдэгч С.Л, М.Э нарын хувьд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршигт тооцож төлөх төлбөргүй гэж үзнэ.
Шүүгдэгч С.Л, М.Э нар нь урьд ял шийтгэгдэж байгаагүй тухай хэргийн 83, 88 талд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримт авагдсан ба энэ нь нэр бүхий шүүгдэгч нарыг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх хуульд заасан үндэслэл болно.
Нэр бүхий шүүгдэгч нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох юм.
Шүүгдэгч С.Л, М.Э нарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн тус тус гэм буруутай болохыг шүүх тогтоож шийдвэрлэсэн тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн, тэдгээр нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй тэдний хувийн байдал зэргийг тус тус харгалзан, улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх саналын хүрээнд С.Л, М.Э нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан торгох ял шийтгэх нь зүйтэй.
Энэ хэрэгт шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, тэдгээрийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, насанд хүрээгүй хохирогч Д.Т, Б.Т, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Б овогт С-ийн Л, О овогт М-ын Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн тус тус гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар С.Л, М.Э нарыг тус бүрийг 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар С.Л, М.Э нар нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан нарт мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт Д С.Л, М.Э нар нь цагдан хоригдоогүй, тэдний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, насанд хүрээгүй хохирогч Д.Т, Б.Т, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч нар нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурьдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
6. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд С.Л, М.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хориглосон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД