| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэмжидийн Нолхоосүрэн |
| Хэргийн индекс | 175/2019/0087/Э |
| Дугаар | 87 |
| Огноо | 2019-05-23 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Г.Цолмонгэрэл |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 87
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Улсын яллагч Г.Цолмонгэрэл
Нарийн бичгийн даргаар Б.Баярдэлгэр нар оролцов.
Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгаас мөрдөн байцаалт явуулж, тус аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Чинзоргийн Бат-Эрдэнэд холбогдох 1831002960269 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Үндсэн захиргаа; Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Мандал суманд 1995 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг дүү эхнэр хүүхдүүдийн хамт Нийслэлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 108-28 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, би эрүүл ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Боржигон овогт Чинзоргийн Бат-Эрдэнэ /РД: МЗ95113019/,
Шүүгдэгч Ч.Бат-Эрдэнэ согтуурсан үедээ 2018 оны 09 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнийн 00 цаг цагийн орчим Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Коллектив” баарны зүүн талд Ж.Галмандахыг зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд;
1.Шүүгдэгч Ч.Бат-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 05 дугаар сарын 20-нд яллагдагчаар өгсөн: ...Тэмүүжин бид хоёр “коллектив” бааранд сууж байхдаа авсан пиво ууж дуусаагүй байхад баар хаах цаг болж бид хоёр авсан пиво үлдээгээд яахав гэж ярилцаж байгаад аваад гарсан юм. Тэгээд бид хоёртой хамт явж байсан хүүхдүүд бүгд явсан. Тэмүүжин бид хоёр “Коллектив баарны зүүн талд байрлах хийдийн хашааны баруун урд буланд хашаа налж суунгаа үлдсэн хоёр пиво уугаад сууж байхад бааранд надтай хамт бүжиглэж байсан эгч хамт явж байсан хүмүүстэйгээ гараад бидний урдуур явахаар нь би танимхайрч эгчтэй яриа өдөн ярилцах гэтэл яриа нь хэрүүл болж бид хоорондоо маргалдсан юм тэгээд л нэг мэдэхэд яриа нь хэрүүл болж бид хоорондоо ёооё гар хугарчихлаа гээд одоо зүс таних Ж.Галмандах ах орилоод байсан. Ингээд удаагүй эргүүлийн хоёр цагдаа ирээд аваад явсан. Тухайн үед юунаас болж хэрүүл маргаан болсныг миний хувьд сайн мэдэхгүй байгаа, яагаад гэвэл би нилээн согтуу байсан болохоор санахгүй байгаа одоо бодохнээ би нилээн болчимгүй үйлдэл хийсэн байсан. Би иргэн Ж.Галмандахын гарыг хугалсан үйлдэлдээ маш их гэмшиж харамсаж байгаа, тиймээс Ж.Галмандах ахаас уучлалт гуйж бид сайн дураараа эвлэрсэн байгаа. Ж.Галмандахын ах бид хоёр тухайн үед хоорондоо маргалдаж байгаад эхлээд намайг гараараа цохих гээд дайрахаар нь би бултаж Галмандах ахын баруун гарын шууны хэсэгт нь нэг удаа өшиглөтөл ёооё гар хугарчихлаа гээд орилоод эхэлсэн, тэгж байтал цагдаа нар ирж Тэмүүжин бид хоёрыг аваад явсан. Би дахин хэлэхэд хийсэн зүйлдээ маш ихээр харамсаж байна. Би Ж.Галмандах ахаас уучлалт гуйсан, миний уучлалтыг хүлээн зөвшөөрч авсан байгаа. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 143-р ху/,
2.Шүүгдэгч Ч.Бат-Эрдэнийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: ... 2018 оны 09 дүгээр сарын 08-ны орой “Collective” баарны гадаа н.Ууганбаяр гэх хүнтэй хэрүүл маргаан хийж байгаад хохирогч Ж.Галмандах нь салгах гэж хажуугаас орж ирсэн. Тэгээд газар унасан байхад нь гар руу нь өшиглөсөн. Энэ хэрэгтээ маш их харамсаж гэмшиж байна. Архи согтууруулах ундааны нилээд уусан. Гэхдээ болсон явдлыг санаж байна. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна Хохирол төлбөрийг бүгдийг нь хоорондоо тохиролцсоны үндсэн дээр төлбөр төлсөн. Хохирогчийг хохиролгүй болгосон гэв. ...гэх мэдүүлэг,
3.Хохирогч Ж.Галмандахын мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 05 дугаар сарын 20-ний өдөр өгсөн: ...Би Ч.Бат-Эрдэнэ, В.Тэмүүжин нартай сайн дураараа эвлэрч учир зүйгээ олсон учраас Цагдаагийн байгууллагад энэ хэрэгт цаашид ямар нэг гомдол санал байхгүй тул түргэн шуурхай шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан байгаа. Ч.Бат-Эрдэнэ, В.Тэмүүжин нарын хувьд миний хүүхэдтэй адилхан залуу хүмүүс учраас амьдралыг нь бодсон, тэгээд надаас уучлалт гуйсан учраас би уучлалтыг нь хүлээн авсан байгаа ...гэх мэдүүлэг, /хх-ийн 145-р ху/,
4. Гэрч В.Тэмүүжингийн 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... асуудал болдог өдөр 2018 оны 09 дүгээр сарын 8-наас 9-нд шилжих шөнө “коллектив баар хаах цаг болсон тул гарцгаануу” гэж бармен нь хэлж байсан. Би түрүүлээд ууж байгаад үлдсэн пиво баарнаас авч гараад баарны зүүн талд байрлах хийдийн хашааны баруун урд буланд Бат-Эрдэнийг хүлээгээд зогсож байхад Бат-Эрдэнэ баарнаас урд нь хамт бүжиглэж байсан эгчтэй хэрэлдсэн байдалтай гарч ирээд тэд хоорондоо маргалдаад байсан тэгээд пиво цацлаа гээл орилж тэнд байсан хүмүүсийн уурыг улам их хүргэж асуудлыг бүр ч их хүндрүүлж байсан санагдаж байна. Би тухайн үед Бат-Эрдэнийг салгах гэж зууралдаж байх үед Бат-Эрдэнэтэй зууралдаж маргалдаж байсан одоо зүс таних Ж.Галмандах ах гар хугарчихлаа гээд орилж байсан тэгээд удаагүй эргүүлийн цагдаа нар ирээд Бат-Эрдэнэ бид хоёрыг аваад явсан ...гэх мэдүүлэг / хх-ийн 144-р хуудас/,
5.Гэрч Н.Сарнай мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр өгсөн: ...”Коллектив” баарнаас гараад Галмандах бид 2 түрүүлээд урд нь ороод явсан. Тэгсэн чинь ард хэрүүл маргаан болохоор нь бид 2 эргээд хартал хүмүүс зодолдож байсан. Тэгээд Галмандах “юу болоод байна, гээд буцаад гүйгээд ирэхэд нөгөө хэдэн залуучууд бөөнөөрөө Ууганбаярыг барьж аваад зодож байсан. Тэгэхэд Галмандах салгах гээд дундуур нь ороод Ууганбаярыг татсан. Тэгэхэд Ууганбаяр газар унахад нь Галмандах нь дээр нь дараад хэвтсэн. Би тэр залуучуудынх нь араас татаад дийлэхгүй байсан. Тэгэхэд Бат-Эрдэнэ гэх залуу нь Галмандахын баруун гар луу өшиглөсөн. Тэгэхэд Галмандах “гар хугарчихлаа” гэж хэлж байсан. Тэр үед Ууганбаяр зугтаагаад нилээн хол очоод суучихсан байсан. Тэгэхэд нөгөө залуучууд Ууганбаяр луу гүйж очоод дахиад зодсон. Тэгэхэд би Ууганбаяр луу очиж явахдаа цагдаад дуудлага өгчхөөд "та нар хүн аллаа, цагдаад дуудлага өгчихсөн" гэж орилсон чинь нөгөө залуучууд бутраад тал тал тийшээ гүйлдсэн. Тэгээд би эргээд Галмандах руу очиж явахад 2 цагдаа ирчихсэн нөгөө залуучуудын 2-г нь барьчихсан байж байсан. Тэгээд аваад явсан. Би Галмандахыг авч яваад эмнэлэг дээр очоод зургийг нь авахуулаад “бугуйгаараа хугарсан байна” гэж хэлсэн. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 17-18-р ху/,
6.Гэрч Б.Шижиртуяагийн 2018 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Бид нарыг баарнаас гараад мөрөөрөө явж байхад тэр залуучууд намайг элдвээр хэлээд хэрүүл маргаан эхлүүлсэн. Тухайн үед харанхуй байсан болохоор нь яг хэн гэдгийг нь царайг нь харж чадаагүй. Ямар ч байсан 7-8 залуучууд байсан. Тэд нар дотор арай нэг ахимаг насны нэг залуу бас нэг намхан залуу 2 нь тэд нарыг уул нь “боль, боль” гээд анх хориод, хэрүүл маргаан хийлгэхгүй гээд салгаад байсан. Тэр үед цэнхэр цамцтай залуу /Бат-Эрдэнэ/ саарал цамцтай залуу /Тэмүүжин/ улаан галзуу юм шиг эргэж буцаж дайраад зодолдох гээд зүтгээд байсан. Ер нь бол тэр 2 залуу л голлож зодолдсон юм. Сүүлдээ нөгөө салгах гээд байсан намхан залуу бид нар дээр ирээд “бид нарын буруу ах эгч нараа бид нарыг уучлаарай, манай найз нар жаахан согтчихсон байна” гэж хэлээд уучлалт гуйж байхад Тэмүүжин нь хүрч ирээд “чи эд нарын талд орлоо” гэж хэлээд зодох гээд заамдаж аваад байсан.... гэх мэдүүлэг / хх-ийн 19-20-р ху/,
7.Гэрч Б.Энхтуяагийн 2018 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Коллектив баарнаас гараад зүүн талын хийдийн урдуур гараад явах гэж байхад хийдийн хашааны баруун урд буланд хэдэн залуучууд пиво уугаад зогсож байсан. Тэгэхэд тэр залуучууд Шижиртуяа эгчийг элдэв үг хэлээр өдөөд хэрүүл маргаан хийгээд байх шиг байсан. Тэгэхэд Ууганбаяр хүрч ирээд Шижиртуяа эгчийг өмөөрсөн чинь нөгөө залуучууд Ууганбаярыг зодсон. Тэр үед Галмандах ах ирээд Ууганбаярыг хамгаалаад салгах гээд дундуур нь ороход газар унагаагаад өшиглөөд байсан. Тэр үед Ууганбаяр зугтаагаад жаахан зайтай очсон. Тэгэхэд Галмандах ах “миний гарыг хугалчихлаа” гээд орилоод байсан. Тэгэхэд нөгөө залуучууд Ууганбаяр дээр дахиж гүйж очоод зодоод байх шиг байсан. Тэр үед Сарнай эгч “цагдаад дуудлага өгчихсөн, ирж байгаа” гэхэд нөгөө залуучууд зугтаасан. Тэр үед 2 цагдаа ирчихсэн 2 залууг нь бариад авчихсан байсан....гэх мэдүүлэг / хх-ийн 21-р ху/,
8.Гэрч О.Ууганбаярын 2018 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Тэр залуучууд намайг зодох гэж дайран зууралдсан боловч надад гэмтэл учруулахаар цохиж зодоогүй. Харин хувцаснаас бариад зууралдаад байсан. Тэгэхэд нь би газар унасан. Тэр үед Галмандах ах намайг хамгаалж, намайг дарж дээрээс хэвтэх үед нь цэнхэр цамцтай Бат-Эрдэнэ гэх залуу нь гар луу нь өшиглөж гар хугалчихсан юм.... гэх мэдүүлэг /хх-ийн 22-23-р ху/,
9.Гэрч Б.Отгонцэнгэлийн 2018 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Ууганбаяр ахыг хашааны буланд хэдэн залуучууд цохиж аваад байж байсан тэгэхээр нь би “та нар яаж байгаа юм бэ хүний олон хүнээ барихгүй шдээ, дараа нь ямар асуудалд орохоо та нар мэдэхгүй л байндаа” гэж хэлсэн чинь нэг залуу нь “чи юу гээд байгаа юм бэ” гээд миний шанаа руу хальт цохиод авчихсан тэгэхэд нь нэг залуу нь уучлаарай хөгшөөн манай найз согтчихоод харин зодоон хийгээд байгаан гээд надтай юм яриад байж байхад цагдаа нар хүрээд ирчихсэн нөгөө залуучуудын 2-ыг нь бариад авчихсан байж байсан тэгээд бид нарыг цуглуулаад болсон явдлын талаар асууж байхад Галмандах ах миний гарыг хугалчихлаа гэж хэлж байсан юм тэгээд цагдаа нар намайг согтолт ихтэй байсан болохоор нь хоёр залуугийн хамт эрүүлжүүлсэн юм....гэх мэдүүлэг / хх-ийн 24-р хуудас/
10. Гэрч Г.Нямаагийн 2018 оны 09 дүгээр сарын 10 ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Хоёр Баярзориг зодооныг салгах гээд дийлээгүй ялангуяа Баярзориг /том/ ах бид хоёр Бат-Эрдэнэ, Тэмүүжин 2-ыг авч явах гээд дийлээгүй тэр хоёр эргэж буцаад орилж хашхичаад дайраад байсан юм тэгээд дийлэлгүй зодоон хийлгэчихсэн юм. Баярзориг ах бид 2 сэлгэх гэж л тэнд гүйгээд байсан. Баярзориг /жижиг/ эхэндээ уг нь дундуур нь ороод гүйгээд байсан чинь хар цамцтай ах зодолдож байна гэж ойлгосон байх үсдээд авсан чинь тэр ахтай зууралдаад ноцолдоод эхэлсэн юм тэгээд тэр хоёрыг зууралдаж байхад Баярзориг /жижиг/-ийн эгч нь гээд тэмцээн дээр ирж байсан хүүхэн ирээд аваад явчихсан юм. Баярзориг ахтай хамт баарны гадаа ирсэн байсан ах зодоон болж байхад хөдлөхгүй хараад л зогсоод байсан нэг мэдсэн чинь алга болсон байсан. би тэд нарыг салгах гэж, учир зүйг нь олох гэж гүйж байгаад сүүлдээ Тэмүүжин надад уурлаад “чи пизда минь эд нарын талд ороод байгаа юм уу” гээд намайг алгадаад авсан...гэх мэдүүлэг / хх-ийн 25-26-р хуудас/
11. Гэрч Г.Гантулгын 2018 оны 11 дүгээр сарын 22 ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Баярзориг бид хоёрыг Коллектив бааранд анх ороход манай ажлын Мөнхсайхан, Түмэнжаргал нар хамт сууж байсан ба тэр хоёроос гадна 6 залуу нийтдээ 8 залуу байсан миний мэдэхийн Зүүнхараагийн Лхагвасүрэн, Баярзориг гэх залуу байсан дараа нь баар хаасны дараа зодоон болох үеэр манай ажлын Мөнхсайхан, Түмэнжаргал Зүүнхараагийн Лхагвасүрэн нар байхгүй явчихсан байсан ба Баяр зориг /жижиг/ нь байсан тэр залуучууд дөрвүүлээ үлдсэн байснаас 2 залуу нь буюу хөх цамцтай нь өндөр залуу /Бат-Эрдэнэ/ шар үстэй залуу /Тэмүүжин/-гийн хамт л эргэж буцаад зодоон хийгээд Баярзоригийн үгэнд орж байгаа мэт дүр эсгээд л эргэж буцаад зодоон хийгээд дайрч давшлаад байсан, нөгөө талынх нь хүүхэн залуучууд ч гэсэн бас хэрүүл хийгээд салж өгөхгүй орилж хашхичаад байсан юм... гэх мэдүүлэг / хх-ийн 27-28-р хуудас/
12. Гэрч С.Мөнхсайханы 2018 оны 11 дүгээр сарын 22 ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Намайг баарнаас гарахад тэгж айхтар согтсон хүн байгаагүй, бид нар баарад ороод 1 шил 0,75литрийн Соёрхол нэртэй архи авсан тэр архинаасаа ууж байгаад би дуусгалгүй гарсан юм. Намайг гарсанаас хойш тэд нар дахиж архи авсан эсэхийг мэдэхгүй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 29-ху/
13. Гэрч С.Мөнхсайханы 2018 оны 11 дүгээр сарын 23 ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Бид нар бааранд анх орохдоо Баярзориг, Тэмүүжин Лхагвасүрэн, Нямаа, Бат-Эрдэнэ, Бааска, Мөнхсайхан ах бид нар наймуулаа сууж байсан дээрээс нь Гантулга, Баярзориг ах нар орж ирж арвуулаа болсон гэхдээ Гантулга, Баярзориг ах нар удаагүй гаран еранхийдөө бол наймуулааа сууж байгаад Лхагвасүрэн.... гэх мэдүүлэг / хх-ийн 30-р хуудас/
14. Гэрч Д.Баярзориг 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Би 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр цуг ажилладаг Ялалтын хамт Сүхбаатар Депогийн 70 жилийн ойн нэрэмжит “Дамбийбалжир агсны нэрэмжит” нээлттэй хөл бөмбөгийн тэмцээнд оролцохоор Мандал сумаас Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар суманд суудлын галт тэргээр очсон. Гантулга бид 2 Коллектив нэртэй бааранд ороход манай залуучууд Сэлэнгийн 2 залуугийн хамт сууж байсан ба Гантулга бид хоёр бааранд чимээ ихтэй болохоор тэндээс гарч хажуугийн Американ аериш гэдэг газар суусан. Шөнийн 00:00 цагийн үед бид 2 гараад явтал бид 2.н орсон газрын хажуугийн баарнаас гарсан залуучууд хоорондоо маргалдаад байсан. Тэр маргалдаад байсан хүмүүсийн зарим нь манай хэдэн залуучууд байсан. Манай залуучуудаас Нямаа, Тэмүүжин, Бат-Эрдэнэ, Т.Баярзориг /жижиг/ дөрөв байсан. Бусад залуучууд нь байхгүй тэд нараас түрүүлээд явсан гэж байсан. Би найзаасаа салаад нөгөө хэдийг аваад явах гэтэл хэрүүл хийж байсан хүмүүсээс нэг эмэгтэй нь ирээд Бат-Эрдэнэ нөгөө хүүхэнтэй хэрэлдээд байж байтал нэг залуу ирээд тэр хүүхнийг өмөөрөөд Бат-Эрдэнэтэй барилцаад авсан. Би тэр хоёрыг салгатал миний нөгөө талд нэг залуутай Тэмүүжин барилцаад авсан. Ингээд би хоёр тийшээ очиж салгаад байж байтал цагдаа нар ирээд Тэмүүжин, Бат-Эрдэнэ хоёрыг аваад явсан... гэх мэдүүлэг / хх-ийн 31-р хуудас/
15. Гэрч О.Ялалт 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Би 2018 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр тэмцээнд оролцож байгаад орой тараад бүгд “Цэцэг” зочид буудалд очиж байрласан. Орой хоолны дараа залуучууд нанд бид хэд салхинд гарчхаад ирье гэж хэлээд гарсан. Би буудалд ганцаараа үлдсэн. Шөнийн 00 цаг өнгөрч байхад Б.Баярзориг /жижиг/ орж ирээд бид хэд бааранд байж байгаад зодоон хийгээд Тэмүүжин , Бат-Эрдэнэ хоёрыг цагдаа аваад явчихлаа гэж хэлсэн. Үлдсэн хэд нь буудлын гадаа байцгааж байсан. Ингээд би нөгөө хэдээ дагуулаад Цагдаагийн газар очиход манай хоёрыг эрүүлжүүлсэн гаргах боломжгүй өглөө ирж уулзаарай гэж надад жижүүр нь хэлсэн. Тэгээд би нөгөө хэдээ дагуулаад буудалд очиж хоносон. Маргааш өглөө нь бид хэд Тэмүүжин, Бат-Эрдэнэ хоёргүй тэмцээндээ орсон.... гэх мэдүүлэг / хх-ийн 32-р хуудас/
16. Гэрч Б.Баярзоригийн 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би Сэлэнгэ аймгийн төвд зохион байгуулагдсан Дамбийбалжирын нэрэмжит хөлбөмбөгийн нээлттэй тэмцээнд оролцохоор 2018 оны 09 дүгээр сарын 08-ны өглөө 10 цагт Сэлэнгэ аймагт ирсэн юм. Тэгээд тэмцээндээ орчхоод орой тараад “Цэцэг” нэртэй буудалд байрласан болохоор буудалдаа очиж хувцас хунараа солиод хоол унд идчихээд Бат-Эрдэнэ, Тэмүүжин, Нямаа, Бааска, Лхагвасүрэн бид нар “Коллектив” бааранд 22 цагийн орчим очсон. Тэгэхэд баарны үүдэнд Сэлэнгийн депод ажилладаг Түмэнжаргал, түүний найз Мөнхсайхан нар таараад бид нар бөөндөө баар луу орж суугаад 3 шил 0,75 литрийн “Соёрхол” нэртэй архи авч ууцгаасан юм. Бид нар явах гээд баарны зүүн талд байрлах хийдийн урд очоод байж байхад Бат-Эрдэнэ сүүлд гарч ирээд бааранд хажуугийн ширээнд сууж байсан ах, эгч нарын нэгтэй нь юм яриад бид нарын араас ирсэн. Тэгснээ тэр эгчтэй хэрэлдээд “гичий, пизда минь” гэх мэтээр доромжлоход тэр эгч уурлаад Бат-Эрдэнийг алгадаад авсан юм. Тэгээд хэрүүл маргаан болоод цуг явж байсан ах ирээд Бат-Эрдэнийг загнахад Бат-Эрдэнэ өөдөөс нь дайраад тэр 2 зодолдсон. Тэгэхэд Тэмүүжин бас Бат-Эрдэнэтэй нийлж нөгөө ахтай зодолдсон. Тэгэхэд дахиад нэг цэнхэр цамцтай ах хүрч ирээд нөгөө ахыг өмөөрөөд дундуур нь ороход Бат-Эрдэнэ, Тэмүүжин 2 бас зодсон. Тэгээд тэр 2 ах газар унахад Бат-Эрдэнэ цэнхэр цамцтай ахыг нилээн өшиглөсөн. гэх мэдүүлэг / хх-ийн 33-34-р хуудас/,
17.Гэрч Б.Сарангуа 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2018 оны 09 дүгээр сарын 08-ны орой 23:40 минутын орчим ажлаа тараад гарч ирэхэд манай пабын зүүн талд байрлах хийдийн хашааны урд хүмүүс хэрүүл маргаан хийгээд байгаа бололтой байсан. Тэгэхэд манай дүү Батзориг над руу хүрч ирээд “Бат-Эрдэнэ тэнд зодолдоод байна, би оччихоод ирье” гээд явсан. Тэгээд нөгөө зодоон болж байгаа газар лу очиход нэг залуу Батзоригийг үсдээд авчихсан зууралдаад байж байхад нь би очоод дундуур нь орж салгаад байж байхад цагдаа нар хүрч ирсэн. ...гэх мэдүүлэг / хх-ийн 38-р хуудас/,
18.Гэрч Ч.Сарангэрэлийн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Коллектив баар нь гадна, дотроо камертай боловч ажиллахгүй байгаа. Байгаа камерууд маань чанарын шаардлага хангахгүй болоод байгаа юм. Гадна камерын төхөөрөмжтэй холбогдог холболт нь олдохгүй болоод холбож чадахгүй байгаа юм. ...гэх мэдүүлэг / хх-ийн 39-р хуудас/,
19. Сэлэнгэ аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 391 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:
1.Ж.Галмандахын биед баруун шуу богтос ясны хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөний хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...гэх дүгнэлт, /хх-ийн 45-р ху/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх-ийн 3-р ху/, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол 9-р ху/, шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 44-р ху/, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэг яаралтай тусламж үзүүлсэн байдал, /хх-ийн 46-р ху/, хохирогчийн өвчний түүх, /хх-ийн 48-55-р ху/, шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт, /хх-ийн 56-57-р ху/, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол, /хх-ийн 63-64-р ху/, шүүгдэгчид холбоотой баримтууд, /хх-ийн 68-74-р ху, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас, /хх-ийн 61-р ху/, шүүгдэгчид хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 152-р ху/, хохирогчид хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 153-р ху/, зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.Бат-Эрдэнийг согтуурсан үедээ 2018 оны 09 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнийн 00 цаг цагийн орчим Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Коллектив” баарны зүүн талд Ж.Галмандахыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг шилжүүлсэн байна.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, шүүгдэгч, хохирогч нар хоорондоо эвлэрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх гаргасны улмаас Прокурорын газраас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх санал ирүүлсний дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, оногдуулах ялыг прокурорын торгох саналын хүрээнд хэргийг шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хохирогч Ж.Галмандахын гарны 2 ширхэг рентген зураг хураагдан ирсэн, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчид нийт 1.043.003 төгрөгний эм тариа бусад зардлыг төлсөн хохирогч нь цаашид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх тодорхойлолт ирүүлснийг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4-р зүйлийн 2,4,5, 36.2-р зүйлийн 4, 36.5-р зүйлийн 2, 36.6-р зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2,3, 36.8-р зүйлийн 1, 2, 4-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Боржигин овогт Чинзоригийн Бат-Эрдэнийг мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигин овогт Чинзоригийн Бат-Эрдэнийг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Ч.Бат-Эрдэнийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 500 /таван зуун/ нэгжээр торгох ялыг 2/хоёр/ сарын хугацаатайгаар хэсэгчлэн тэнцүү хэмжээгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан хугацааны дараа төлүүлэхээр тогтоож, шийдвэрийн биелэлтэнд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ч.Бат-Эрдэнэд мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Ч.Бат-Эрдэнэ нь энэ гэмт хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болон битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хохирогч Ж.Галмандахын гарны 2 ширхэг рентген зургийг шийдвэр хүчин төгөлдөр болмогц хохирогчид буцаан олгосугай.
7.Шүүгдэгч хохирогчид мөрдөн байцаалтын шатанд нотлох баримтгүйгээр 3.440.000 төгрөгийн хохиролд төлсөн ба үндэслэлгүйгээр нэмж 3 сая төгрөг авахаар тохиролцсоныг хүчингүй болгож, нотлох баримтаа бүрдүүлсний дараа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй орхисугай.
8.Шүүгдэгч Ч.Бат-Эрдэнэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг энэ зүйлийн 1.2. дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай.
12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
13.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НОЛХООСҮРЭН