Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 372

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Х овогт Н-ийн Ж-д холбогдох эрүүгийн 18100 2151 0113 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Б.Гүнсэл, шүүгдэгч Н.Ж, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Одонтуяа нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Б.Боорчи шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1981 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Завхан аймагт төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгачин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдрах, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 63 дугаар гудамжны  тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Х овогт Н-ийн Ж- /РД:/,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч Н.Ж нь 2018 оны 9 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Яармагийн 7-187б тоотод Б.Аын нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

                                       

                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгч Н.Жгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул шүүхэд нэмж ярих зүйл байхгүй. Би хохирогчтой хоёр удаа уулзсан. Уучлалт гуйсан. Эхлээд 1.500.000 төгрөгийг бэлнээр, дараа нь 300.000 төгрөгийг дансаар шилжүүлж, нийт 1.800.000 төгрөгийг эмчилгээний зардал хохиролд нөхөн төлсөн. Хохирогчийн биеийн байдал одоо сайн байгаа. Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна, хохирогчоос уучлалт гуйсан.

Хэрэг болох үед би согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Хохирогч нь манай эхнэртэй муудалцах үед нь холдуулах гэж хичээсэн боловч хохирогч манай эхнэрийг ёс бус хэллэгээр доромжилсон учир би түүний нүүрэн тус газар нь баруун гараараа нэг удаа цохисон.” гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 18100 2151 0113 дугаартай хэргээс:

 

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Аын хохирогчоор өгсөн:

“...Би 2018 оны 9 дүгээр сарын 04-ний орой 19 цагийн үед хуримын найранд орж сууж байгаад нялх хүүхэдтэй учир 22 цагийн үед гэртээ харьсан юм. Тэгээд шөнө 02 цагийн үед төрсөн эгч Б.Аззаяаг согтсон байж магадгүй гээд Гансүлд ахын гэрт авахаар ороход түүний хуримын найранд уригдсан найзууд нь болох Ууганцэцэг, Одонтуяа, түүний нөхөр Жигмэдсамбуу, шар цамцтай нэрийг нь мэдэхгүй эмэгтэй, нөхөртэйгээ, нилээн согтолттой, согтуурхаад манай найз Орхонцэцэг, эгч Аззаяа нар луу дайраад Одонтуяа, шар цамцтай эмэгтэй хоёр салаавч өгчихсөн, архиа цацаад зогсож байсан.

Тухайн үед би эгч Аззаяаг “явья” гээд аваад гарах гэж байхад Гансүлд ахын хадам аав, ээж хоёр нь орж ирээд Ууганцэцэг, Одонтуяа, түүний нөхөр Жигмэдсамбуу, шар цамцтай эмэгтэйг, нөхөртэй нь “оройтсон байна гэртээ харьцгаа, хэрүүл маргаанаа больцгоо” гээд гэрээсээ гаргасан.

Тэд нарын араас нилээн байж байгаад эгч Аззаяа, Орхонцэцэг бид гурав гарах гэтэл Ууганцэцэг хашааны хаалга гаднаас нь дарж зогсчихоод гарахгүй байсан. Тэгэхээр нь түлхээд гаръя гэхэд Ууганцэцэг миний ам руу салаавч хийх гэж дайраад “та нар овоо гарууд юм аа” гээд түлхээд байхаар нь “та намайг яагаад түлхээд байгаа юм бэ” гээд дух руу нь түлхэхэд шууд намайг үсдээд доош нь дарахаар нь би ч бас зөрүүлээд үсдэхэд миний нүүрийг самардсан. Тэр үед Гансүлд ахын төрсөн дүү Ганбаяр гэрээсээ гарч ирээд бид хоёрыг салгасан.

Ууганцэцэгээс салаад холдох үед түүнтэй хамт явж байсан Одонтуяагийн нөхөр нь миний гарыг мушгиад хуруу тулгахаар нь “өвдөж байна шүү дээ, тавиачаа ахаа” гэж хэлэхэд баруун гараараа миний хамар руу цохисон. Тухайн үед хамарнаас цус гараад толгой эргээд гэрт ороод цусаа угаасан. Би гэртээ хэсэг байж байгаад эргээд гараад ирэхэд гудамжинд манай эгч Аззаяа, Ууганцэцэг хоёр хоорондоо цамцнаасаа зууралдаад шавхайн дотор хэвтэж байсан. Тэгээд эгчийгээ босгож аваад цагдаад дуудлага өгсөн.

Тухайн үед хэрүүл маргаан гарах нь согтуугаас л болсон гэнэт л согтуурхаад агсан согтуу тавиад л “больчих” гэхээр болихгүй байсан. Одонтуяа, Ууганцэцэг, шар цамцтай эмэгтэй нар их согтуу Аззаяа, Орхонцэцэг нар руу дайраад салаавч өгөөд хэрүүл хийгээд байсан ба маш их хэмжээний согтолттой, яг яах гээд байгаа нь мэдэгдэхгүй орилоод, согтуу агсам тавиад байсан.

Ууганцэцэг гэх эгчтэй хамт явж байсан Жигмэдсамбуу нь миний хамар руу гараараа цохиж гэмтээсэн. Би Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт уншиж танилцсан. Дүгнэлттэй холбогдуулан гаргах санал хүсэлт байхгүй. Миний биед учирсан хамар яс, таславчийн хугарал, хамрын нуруу, хоёр нүдний доод зовхины цус хуралт гэмтлийг Жигмэдсамбуу нэг удаа гараараа цохиж учруулсан. Эмчилгээний зардалд зарцуулсан мөнгөө гаргуулаад авчихвал надад гомдол санал байхгүй. Хэрүүл маргаан болох үед манай эгч Аззаяа, найз Орхонцэцэг, Ганбаяр нар байсан, харин нөгөө талаас Ууганцэцэг, Одонтуяа, түүний нөхөр, бас нэг шар цамцтай эгч нөхөртэйгээ хамт байсан. Гансүлд 89030781/, эхнэр Намуунчимэг / 86260318/ нар нь согтоод уначихсан, зодоон болсоныг мэдээгүй. Би зүгээр байж байгаад энэ хүнд зодуулсандаа гомдолтой байна.

...Би Н.Жгаас бэлнээр 1.500.000 төгрөгийг авсан ба бид хоёр хоорондоо тохиролцож 300.000 төгрөгийг дараа нь авахаар болсон. Одоо гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 21-22х, 23-24х, 25-26х, 140х/,

 

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.Орхонцэцэгийн гэрчээр өгсөн:

“...Би 2018 оны 9 сарын 04-ний өдөр миний таньдаг Гансүлд ах, Намуунчимэг эгч хоёрын хуриманд найз нөхөд, гэр бүлийн хамт очсон. Хуримын арга хэмжээ гэрт нь буюу Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Яармагийн 7-718 тоотод болсон. Бид нар 19 цаг өнгөрч байхад очиход найран дээр маш олон хүмүүс дуу дуулж, хуурдаж суусан. Орой 00 цагийн үед найр өндөрлөж гарцгаасан юм. Намайг гарахад хашааны гадна талд манай найз Азжаргалыг Намуунчимэгийн найз гэх эмэгтэй үснээс нь зулгааж, тэр хоёр барилцсан байсан.

Би хашааны хаалганаас гараад зогсож байсан, Азжаргал хаалганаас 5 метр зайд тэр эмэгтэйтэй барьцалдаад зогсож байхад хажуунаас тэр ах маш хүчтэй гараараа нүүр рүү нь гүйж ирээд цохисон. Тэр үед Азжаргалын хамарнаас нь цус гарсан. Хамрыг нь харахад илт далийсан, цус гараад байсан учраас сандраа “цагдаа дуудаарай “ гээд дуудуулсан. Хэн нь цагдаа дуудсаныг мэдэхгүй байна. Сүүлд нь Азжаргалын хамар луу гараараа цохисон хүнийг Жигмэдсамбуу гэдэг гэж Азжаргалаас сонссон.

Уг асуудал 2019 оны 09 сарын 04-нөөс 5-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Яармагийн 7-718 тоот хашааны гадна талд болсон. Азжаргал нэг эмэгтэйтэй барилцсан байсан. Тэгтэл тэр эмэгтэй өмөөрч хажуунаас нь хамт явж байсан ах нь Азжаргалыг цохисон. Тэд нар яг юунаас болж маргасныг мэдэхгүй байна. Тэнд байсан бүх хүмүүс л согтуу, найрнаас гарч байгаа болохоор архи дарс уусан байсан. Азжаргалаас өөр гэмтэж бэртсэн хүн байсан эсэхийг мэдэхгүй байна. Миний хамгийн тод харсан зүйл бол тэр махлаг шар эрэгтэй гүйж ирээд Азжаргалын  толгой, нүүр хэсэг рүү гараараа хүчтэй нэг удаа цохисныг харсан. Тэр цохилтоос Азжаргалын хамар гэмтэж, далийж цус гарсан.“ гэсэн мэдүүлэг /хэргийн 33-34х/,

 

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Ганбаярын гэрчээр өгсөн:

“...2018 оны 9 сарын 04-ний өдөр манай төрсөн ах Гансүлд хуримаа хийсэн. Хуримын ёслол Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Яармагийн 7-718 тоотод гэрт нь болсон. Хурим шөнө 00 цагийн үед өндөрлөж, ирсэн зочид нь явцгааж, би ирсэн найз нарыгаа гаргаж өгөх гээд гэрээс гарахад гудамжинд хүн орилоод байхаар нь харахад манай найз Азжаргал байсан. Азжаргал манай бэрийн нэг найз эмэгтэйтэй үсдэлцсэн байхаар нь би очоод салгаж байхад тэр эмэгтэйгийн нөхөр нь гэх намхан, махлаг, шар залуу цаанаас ирээд Азжаргалыг хамар руу нь гараараа нэг удаа хүчтэй цохисон. Би тэр залууг “боль” гээд бариад авахад Азжаргалын хамарнаас цус гарсан зогсож байсан.

Тэгээд манай ах надад “хүн ирчихлээ” гээд дуудаад байхаар нь би гэртээ орох үед тэд нар хамар руу цохисон, цохиогүй гээд маргаад гадаа үлдсэн юм. Тэрнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна. Тэнд байсан хүмүүс бүгд халамцуу байсан. Сүүлд Азжаргалаас “чамайг цохисон хүнийг хэн гэдэг юм бэ” гэж асуухад “Жигмэдсамбуу гэдэг” гэж байсан. Тэр Жигмэдсамбуу гэдэг залуу эхнэрээ өмөөрөөд Азжаргалын хамар руу гараараа хүчтэй цохиж гэмтээж байхыг би харсан. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 36х/,

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 9 сарын 07-ны өдрийн шинжээчийн Хүний биед үзлэг хийсэн шинжилгээний 10934 тоот актын:

1. Б.А-н биед хамар яс, таславчийн хугарал, хамрын нуруу, хоёр нүдний доод зовхинд цус хуралт, зүүн доод зовхи, баруун хөмсөг, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэсэн дүгнэлт /хэргийн 42х/,

5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээч эмч Т.Номинцэцэгийг байцаасан тэмдэглэлд:

“...Би Б.Аын биед үзлэг хийж, 2018 оны 9 сарын 07-ны өдөр 10934 дугаартай дүгнэлтийг гаргасан. Б.А-н биед учирсан хамар яс, таславчийн хугарал, хамрын нуруу, хоёр нүдний доод зовхинд цус хуралт гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн доод зовхи, баруун хөмсөг, духанд зулгаралт гэмтэл нь нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой бөгөөд гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 45-46х/,

 

6. Хохирогч Б.Аын “Эм Жи Жи” эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн тухай өвчний түүх, эмчилгээтэй холбоотой гарсан зардлын баримтууд /хэргийн 54-72х, 100-105х/,

 

7. Хохирогч Б.Ааас хохиролд 1.500.000 төгрөг хүлээн авсан, гомдол саналгүй тухай бичгээр гаргасан хүсэлт /хэргийн 145х/,

 

8. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Н.Жгийн яллагдагчаар өгсөн:

“...Би тухайн үед эхнэрээ салгаж авах гэж Азжаргалыг нэг удаа цохисон нь үнэн. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогч Б.Ад бэлнээр 1.500.000 төгрөг өгч хохирлыг нь барагдуулсан. Надад нэмж хэлэх зүйл байхгүй.“ гэсэн мэдүүлэг /хэргийн 143х/ болон шүүгдэгийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 83х/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 87х/, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2009 оны 6 сарын 02-ны өдрийн 253 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хэргийн 90-91х/, шүүгдэгч Н.Жгаас өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай Прокурорын шатанд гаргасан хүсэлт /хэргийн 149х/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогч талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшлийн шинжээч эмч гаргасан байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

Түүнчлэн тухайн хэргийн хувьд шүүгдэгч Н.Ж нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн хохирогч Б.А нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөр хүлээн авч “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” тухайгаа илэрхийлж, хохирогч нь яллагдагчтай сайн дураар эвлэрснээр тэдгээр нь хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт тус тус гаргасныг /хэргийн 149-150х/ 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 112 дугаартай прокурорын тогтоолоор хянан шийдвэрлэж, хүлээлгэвэл зохих эрүүгийн харицлагын талаарх прокурорын саналыг хохирогч, шүүгдэгч нарт тус тус танилцуулж, Н.Жд холбогдох эрүүгийн 18100 2151 0113 дугаартай хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар тус шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арвандолдугаар бүлэг дэх “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны журам, зохицуулалтад нийцсэн, зөрчилгүй байна.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Н.Жгийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.   

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Н.Ж нь 2018 оны 9 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Яармагийн 7-187б тоот хашааны гадна иргэн “эхнэрээ өмөөрсөн” гэх шалтгаанаар хохирогч Б.Аын нүүр хэсэгт гараараа цохиж, түүний биед “...хамар яс, таславчийн хугарал, хамрын нуруу, хоёр нүдний доод зовхинд цус хуралт, зүүн доод зовхи, баруун хөмсөг, духанд зулгаралт” бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд шинжлэн судалсан

- хохирогч Б.Аын: “...Тухайн үед хэрүүл маргаан гарах нь согтуугаас л болсон гэнэт л согтуурхаад агсан согтуу тавиад л “больчих” гэхээр болихгүй байсан. Одонтуяа, Ууганцэцэг, шар цамцтай эмэгтэй нар их согтуу Аззаяа, Орхонцэцэг нар руу дайраад салаавч өгөөд хэрүүл хийгээд байсан ба маш их хэмжээний согтолттой, яг яах гээд байгаа нь мэдэгдэхгүй орилоод, согтуу агсам тавиад байсан. Ууганцэцэг гэх эгчтэй хамт явж байсан Жигмэдсамбуу нь миний хамар руу гараараа цохиж гэмтээсэн. Би Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт уншиж танилцсан. Дүгнэлттэй холбогдуулан гаргах санал хүсэлт байхгүй. Миний биед учирсан хамар яс, таславчийн хугарал, хамрын нуруу, хоёр нүдний доод зовхины цус хуралт гэмтлийг Жигмэдсамбуу нэг удаа гараараа цохиж учруулсан.

...Би Н.Жгаас бэлнээр 1.500.000 төгрөгийг авсан ба бид хоёр хоорондоо тохиролцож 300.000 төгрөгийг дараа нь авахаар болсон. Одоо гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 21-22х, 23-24х, 25-26х, 140х/,

- гэрч Г.Орхонцэцэгийн: “...Би 2018 оны 9 сарын 04-ний өдөр миний таньдаг Гансүлд ах, Намуунчимэг эгч хоёрын хуриманд найз нөхөд, гэр бүлийн хамт очсон. Хуримын арга хэмжээ гэрт нь буюу Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Яармагийн 7-718 тоотод болсон. Бид нар 19 цаг өнгөрч байхад очиход найран дээр маш олон хүмүүс дуу дуулж, хуурдаж суусан. Орой 00 цагийн үед найр өндөрлөж гарцгаасан юм. Намайг гарахад хашааны гадна талд манай найз Азжаргалыг Намуунчимэгийн найз гэх эмэгтэй үснээс нь зулгааж, тэр хоёр барилцсан байсан.

Би хашааны хаалганаас гараад зогсож байсан, Азжаргал хаалганаас 5 метр зайд тэр эмэгтэйтэй барьцалдаад зогсож байхад хажуунаас тэр ах маш хүчтэй гараараа нүүр рүү нь гүйж ирээд цохисон. Тэр үед Азжаргалын хамарнаас нь цус гарсан. Хамрыг нь харахад илт далийсан, цус гараад байсан учраас сандраад “цагдаа дуудаарай “ гээд дуудуулсан. Хэн нь цагдаа дуудсаныг мэдэхгүй байна. Сүүлд нь Азжаргалын хамар луу гараараа цохисон хүнийг Жигмэдсамбуу гэдэг гэж Азжаргалаас сонссон. Уг асуудал 2019 оны 09 сарын 04-нөөс 5-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Яармагийн 7-718 тоот хашааны гадна талд болсон. Азжаргал нэг эмэгтэйтэй барилцсан байсан. Тэгтэл тэр эмэгтэй өмөөрч хажуунаас нь хамт явж байсан ах нь Азжаргалыг цохисон. Тэд нар яг юунаас болж маргасныг мэдэхгүй байна. Тэнд байсан бүх хүмүүс л согтуу, найрнаас гарч байгаа болохоор архи дарс уусан байсан. Азжаргалаас өөр гэмтэж бэртсэн хүн байсан эсэхийг мэдэхгүй байна.  Миний хамгийн тод харсан зүйл бол тэр махлаг шар эрэгтэй гүйж ирээд Азжаргалын  толгой, нүүр хэсэг рүү гараараа хүчтэй нэг удаа цохисныг харсан. Тэр цохилтоос Азжаргалын хамар гэмтэж, далийж цус гарсан.“ гэсэн мэдүүлэг /хэргийн 33-34х/,

- гэрч Б.Ганбаярын: “...2018 оны 9 сарын 04-ний өдөр манай төрсөн ах Гансүлд хуримаа хийсэн. Хуримын ёслол Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Яармагийн 7-718 тоотод гэрт нь болсон. Хурим шөнө 00 цагийн үед өндөрлөж, ирсэн зочид нь явцгааж, би ирсэн найз нарыгаа гаргаж өгөх гээд гэрээс гарахад гудамжинд хүн орилоод байхаар нь харахад манай найз Азжаргал байсан. Азжаргал манай бэрийн нэг найз эмэгтэйтэй үсдэлцсэн байхаар нь би очоод салгаж байхад тэр эмэгтэйгийн нөхөр нь гэх намхан, махлаг, шар залуу цаанаас ирээд Азжаргалыг хамар руу нь гараараа нэг удаа хүчтэй цохисон. Би тэр залууг “боль” гээд бариад авахад Азжаргалын хамарнаас цус гарсан зогсож байсан.

...Тэнд байсан хүмүүс бүгд халамцуу байсан. Сүүлд Азжаргалаас “чамайг цохисон хүнийг хэн гэдэг юм бэ” гэж асуухад “Жигмэдсамбуу гэдэг” гэж байсан. Тэр Жигмэдсамбуу гэдэг залуу эхнэрээ өмөөрөөд Азжаргалын хамар руу гараараа хүчтэй цохиж гэмтээж байхыг би харсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 36х/,

- “...Б.А-н биед хамар яс, таславчийн хугарал, хамрын нуруу, хоёр нүдний доод зовхинд цус хуралт, зүүн доод зовхи, баруун хөмсөг, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн шинжээчийн 2018 оны 9 сарын 07-ны өдрийн 10934 тоот актын дүгнэлт /хэргийн 5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэсэн дүгнэлт /хэргийн 42х/,

- шинжээч эмч Т.Номинцэцэгийг байцаасан тэмдэглэлд: “...Би Б.Аын биед үзлэг хийж, 2018 оны 9 сарын 07-ны өдөр 10934 дугаартай дүгнэлтийг гаргасан. Б.А-н биед учирсан хамар яс, таславчийн хугарал, хамрын нуруу, хоёр нүдний доод зовхинд цус хуралт гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн доод зовхи, баруун хөмсөг, духанд зулгаралт гэмтэл нь нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой бөгөөд гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 45-46х/,

- хохирогч Б.Аын “Эм Жи Жи” эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн тухай өвчний түүх, эмчилгээтэй холбоотой гарсан зардлын баримтууд /хэргийн 54-72х, 100-105х/,

- хохирогч Б.Ааас хохиролд 1.500.000 төгрөг хүлээн авсан, гомдол саналгүй тухай бичгээр гаргасан хүсэлт /хэргийн 145х/,

- шүүгдэгч Н.Жгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг зэрэг /шүүх хуралдааны тэмдэглэл, хэргийн 143х/ нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсаныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалтай.

 

Хэргийн хохирогч Б.Аын биед учирсан шинжээчийн дүгнэлтэд дурьдагдсан “...Б.А-н биед хамар яс, таславчийн хугарал, хамрын нуруу, хоёр нүдний доод зовхинд цус хуралт, зүүн доод зовхи, баруун хөмсөг, духанд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч Н.Ж түүний нүүрэн тус газарт гараараа цохиж зодсоноос үүссэн ба шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн гэмтэл /хөнгөн хохирол/ учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

 

Хан-Уул дүүргийн прокуророос Н.Жгийн дээрх гэмт үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон, хэргийн талаар нотлогдвол зохих байдлууд мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн хангалттай тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Иймд шүүгдэгч Н.Жгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй. 

 

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж,

мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

 

Хохирогч Б.Аын эрүүл мэндэд учирсан “...хамар яс, таславчийн хугарал, хамрын нуруу, хоёр нүдний доод зовхинд цус хуралт, зүүн доод зовхи, баруун хөмсөг, духанд зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох ба уг учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ сувилгаа хийлгэхдээ холбоотой гарсан болон бусад зардал нь хохирол учруулсаны улмаас шууд үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдоно.    

 

Хэргийн хохирогч Б.А нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй бөгөөд “Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд нь гэм хор учруулсан этгээд гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж тодорхой зохицуулсан.  

 

Тухайн хэргийн хувьд хохирогч Б.А нь эрүүл мэндэд нь хохирол учирсаны улмаас үүссэн үр дагавар буюу хор уршгийн нөхөн төлбөрт тооцон эмчилгээ үйлчилгээ хийлгэсэн зардалд 1.830.000 төгрөгийг гэм буруутай этгээд болох шүүгдэгч Н.Жгаас нэхэмжилсэн гомдлын шаардлага гаргаж, эмчилгээтэй холбоотой гарсан зардлын баримтууд /хэргийн 54-72х, 100-105х/ хэрэгт гаргаж өгсөнөөс шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэм хорын хохиролд тооцон 1.500.000 төгрөгийг, шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 300.000 төгрөгийг тус тус  хохирогчид нөхөн төлсөн болох нь:

- “Н.Жгаас бэлнээр 1.500.000 төгрөгийг хүлээн авсан, гомдол саналгүй” тухай хүсэлтээ хэрэгт бичгээр гаргасан /хэргийн 145х/ хүсэлт,

- мөн хохирогчийн  “...Би Н.Жгаас бэлнээр 1.500.000 төгрөгийг авсан ба бид хоёр хоорондоо тохиролцож 300.000 төгрөгийг дараа нь авахаар болсон. Одоо гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг  /хэргийн 139-140х/,

- хохирогч Б.Аын Хаан банк дахь 50...31 тоот дансанд 300.000 төгрөг 2019 оны 05 сарын 22-ны өдөр шилжүүлсэн талаарх Н.Жигмэдсамуугийн Хаан банк дахь депозит дансны хуулга баримт /шүүх хуралдаанд гаргасан/ зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна.

 

Иймд шүүгдэгч Н.Жг гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, энэ тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Н.Ж урьд гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаагүй талаар эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтад “мэдээллийн санд бүртгэгдээгүй тухай тэмдэглэгдсэн  /хэргийн 99х/ баримттай байна.

 

Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэрээр анх удаа Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэрэг үйлдсэнийг болон гэмт хэрэг үйлдэж хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөнийг тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тооцон үзэв.

 

Түүнчлэн тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал, хохирогч Б.А нь “гомдол саналгүй” гэснийг болон прокуророос санал болгосон эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг хүлээн зөвшөөрсөн зэргийг шүүх тус тус харгалзан улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд шүүгдэгч Н.Жд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурьдаж шийдвэрлэв.        

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон     

                                               

                                                             ТОГТООХ нь:       

                                                     

1. Х овогт Н-ийн Ж-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний биед хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Жд 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Н.Ж нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт Н.Ж цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.А нь “хохирол нөхөн төлөгдсөн үндэслэлээр гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурьдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай. 

 

6. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Н.Жд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        С.БАЗАРХАНД