| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнямын Цогтсайхан |
| Хэргийн индекс | 197/2025/01024/И |
| Дугаар | 210/МА2025/00936 |
| Огноо | 2025-05-30 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 210/МА2025/00936
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 197/ШШ2025/03648 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч ******* ХХК-д холбогдох,
10,875,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан 10,875,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
3. Зохигчийн хооронд 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр түрээсийн гэрээ байгуулагдаж, тус гэрээгээр ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* дугаар хороолол /*******/, ******* гудамж, ******* тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай байрыг 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн 3 жилийн хугацаагаар эзэмшиж, ашиглахаар тохиролцсон байна.
Уг гэрээг талууд 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр шинэчлэн байгуулсан байх ба түрээсийн талбайг багасгахаар тохиролцжээ. /хх13-20, 21-24/
Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэсэн.
4. ******* нь түрээсийн гэрээний барьцаанд 16,000,000 төгрөгийг ******* ХХК-д шилжүүлсэн үйл баримтад талууд маргаагүй.
4.1. Нэхэмжлэгч нь ...Талуудын хооронд байгуулсан гэрээ дуусгавар болсон тул 16,000,000 төгрөгийн барьцаанаас цахилгаан, дулааны төлбөр болох 5,125,000 төгрөгийг хасаж үлдэгдэл 10,875,000 төгрөгийг хариуцагч ******* ХХК-аас гаргуулна... гэж тайлбарласан.
4.2. Хариуцагч ******* нь түрээсийн байранд засвар үйлчилгээ хийсэн зардалд 22,938,400 төгрөгийг зарцуулсан гэсэн үндэслэлээ нотлох зорилгоор зарлагын баримтууд болон төлбөрийн даалгаврыг ирүүлсэн боловч уг баримтаар авсан барилгын материал нь түрээсийн зүйлд зарцуулагдсан байдал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар эргэлзээгүй тогтоогдохгүй байх тул хариуцагч талын татгалзал үндэслэлгүй байна.
4.3. Анхан шатны шүүх хариуцагч ******* -ийг нэхэмжлэлийн шаардлагыг татгалзах үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар баримтаар нотлоогүй гэж дүгнэсэн нь зөв.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулна.
5.1. Талуудын маргааны зүйл болсон 16,000,000 төгрөг нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт зааснаар барьцааны тохиролцоонд хамаарах бөгөөд түрээсийн гэрээний харилцаа дуусгавар болсон хугацаанаас эхлэн барьцааны зүйлийг шаардах эрх барьцаалуулагч буюу нэхэмжлэгчид үүснэ.
Талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ цуцлагдаж дуусгавар болсон тул хариуцагч ******* нь барьцаа хөрөнгийн үлдэгдэл 10,875,000 төгрөгийг нэхэмжлэгч ******* -д буцаан төлөх үүрэг нь Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.3 дахь хэсэгт зааснаар үүсэх тул анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт уг зохицуулалтыг баримталсан өөрчлөлт оруулна.
5.2. Мөн шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт нэхэмжлэгч хуулийн этгээдийн нэрийг ******* гэж зөв бичсэн атлаа шийдвэрийн тогтоох хэсэгт ******* гэж буруу бичсэн, мөн шүүхийн шийдвэрийн 2 дахь заалтад ...188,950 төгрөгийг улсын болгож гэж бичиж техникийн алдаа гаргасныг залруулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт нийцнэ.
6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 197/ШШ2025/03648 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 160 дугаар зүйлийн 160.3 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч ******* ХХК-аас 10,875,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* -д олгосугай. гэж өөрчилж,
2 дахь заалтад ...188,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-аас 188,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* -д олгосугай. гэж өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 188,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх учир магадлалд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР
ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА
Д.ЦОГТСАЙХАН