| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнямын Цогтсайхан |
| Хэргийн индекс | 181/2024/03236/И |
| Дугаар | 210/МА2025/00964 |
| Огноо | 2025-06-04 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 210/МА2025/00964
*******-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч С.Энхбаяр, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 191/ШШ2025/02628 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч ******* ХХК-д холбогдох,
Ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлөхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:
1.1. Миний бие нь 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр ******* ХХК-д техникийн бичээчийн ажилд орсон. Тус компани нь хүний нөөц бэлдэх сургалтын үйл ажиллагаа явуулдаг бөгөөд ******* ХХК-д гэрээгээр ажилтан явуулдаг болно. Миний бие ажилд ороод ******* ХХК-ийг төлөөлөн ******* ХХК руу 14 хоногоор өрмийн машины операторын бүтээмжийг сургалт талаас нь сайжруулах ажлаар явдаг байсан.
1.2. 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр ******* ХХК -ийн гүйцэтгэх захирал ******* намайг дуудаж уулзаад миний хөдөлмөрийн гэрээг 2024 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болгох талаар мэдэгдсэн. Тухайн үед ажлаас халсан тушаалыг надад өгөөгүй ба миний бие ямар үндэслэлээр халагдаж байгаа талаар асуухад албан ёсоор хариу өгөөгүй.
1.3. ******* ХХК нь анх ажилд ороход хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй бөгөөд гэрээ байгуулах талаар шаардахад үндэслэлгүйгээр хойшлуулсаар байгаад намайг ажлаас халсан. Өөрөөр хэлбэл, тус компани нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчиж надтай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй ажиллуулж байгаад ажлаас үндэслэлгүй халсан.
1.4. ******* ХХК нь цалинг миний дансаар өгдөг байсан ба нийгмийн даатгалын шимтгэл төлдөг байсан. Цалин 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 3,500,000 төгрөг болсон.
1.5. Миний бие ажлаас үндэслэлгүй халагдсан талаар шалган шийдвэрлүүлэхээр 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр амаар, 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр бичгээр өргөдөл гаргасан боловч хариу өгөөгүй тул шүүхэд хандсан ба хөдөлмөрийн гэрээ, ажилд томилсон, ажлаас халагдсан тушаал зэргийг надад өгөөгүй тул ямар үндэслэлээр халагдсан талаар тодорхойлох боломжгүй учраас үндэслэлгүйгээр ажлаас халагдсан болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж байна.
Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 44 дугаартай шийдвэрээр урьдчилан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгосон.
Иймд ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоож, тус компанийн техникийн бичээчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, уг хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. *******-ын гаргасан нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй, бодит байдалд нийцэхгүй байна. Учир нь ******* нь ******* ХХК -ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 08 дугаартай тушаалаар тус компанийн техникийн бичээчийн албан тушаалд бус дата аналистын албан тушаалд томилогдон ажиллаж байсан.
2.2. ******* ХХК нь ******* ХХК-д шаардлагатай ур чадвар бүхий ажилтнуудаар мэргэжлийн үйлчилгээ нийлүүлэх ажлыг 2013 оноос гэрээний үндсэн дээр гүйцэтгэж ирсэн. Тус үйлчилгээний хүрээнд 2018 оноос техникийн бичээч, 2023 оноос дата аналистын үйлчилгээг ******* ХХК-д үзүүлж байсан. Манай ажилтнууд ******* ХХК -ийн ажлын байранд байрлаж ажил үйлчилгээг шууд үзүүлдэг болно.
2024 оны 2 дугаар улиралд ******* ХХК -ийн манай компаниас авах үйлчилгээний хэрэгцээ шаардлага өөрчлөгдөж, дата аналистын үйлчилгээ шаардлагагүй болсон тул уг ажлын байр бидэнд мөн шаардлагагүй болсон.
Иймд ******* ХХК -ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/06 дугаартай тушаалаар дата аналистын ажлын байрны 1 орон тоо нь цомхотголд орж хасагдсан. Уг тушаалаар зөвхөн тус ажлын байр бус нийт 4 ажлын байр орон тооны цомхотголд орсон.
Манай компани ажлын байр хасагдсан үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах болсон талаар ******* д 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр буюу 30 хоногийн өмнө мэдэгдсэн ба хуульд заасны дагуу түүнд 1 сарын тэтгэмж олгосон.
2.3. ******* ХХК нь манай компаниас авч байсан дата аналистын үйлчилгээг зогсоон ******* нь тус компанийн ажлын байрнаас 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр бууж ирснээс хойш ажлаас чөлөөлөгдөх хүртэл хугацаанд буюу 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл нийт 69 хоног ямар нэгэн ажил үүрэг гүйцэтгээгүй, ажилдаа ирээгүй боловч манай компани түүний цалин хөлсийг бүтэн олгосон.
2.4. ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ манай компанид техникийн бичээчээр ажиллаж байсан гэж дурдсан байх ба техникийн бичээчийн албан тушаал нь дотроо сургалтын контент /агуулга/ хөгжүүлэгч, график хөгжүүлэгч гэж хоёр төрөлд хуваагддаг. Техникийн бичээч, контент хөгжүүлэгч нь ******* ХХК-д одоо ашиглаж байгаа, эсвэл шинээр нэвтүүлж байгаа техник, технологийг ашиглах ажилтнууд, тэдэнд сургалт орох сургагч нарт зориулан сургалтын багц материалыг агуулгын түвшинд боловсруулах үндсэн үүрэгтэй. Техникийн бичээч, график дизайнер нь ******* ХХК -ийн сургалтын багцууд, аюулгүй ажиллагааны болон бусад зааварчилгаа, мэдээ мэдээллүүдийг ******* ХХК -ийн дүрэм журмуудын хүрээнд хүнд ойлгомжтой, сонирхолтой, хялбар байдлаар хүргэх үндсэн үүргийг гүйцэтгэдэг. Техникийн бичээчийн албан тушаал нь уул уурхайн инженер, уул уурхайн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны мэргэжил, мэдлэг шаарддаг.
Харин дата аналистын албан тушаал нь ******* ХХК -ийн тодорхой хэсгийн ажилтнуудын ажлын гүйцэтгэлийн дата дээр шинжилгээ хийх замаар өгөгдөлд суурилсан гүйцэтгэлийн сайжруулалтыг хийх зорилготой болно. Уг албан тушаал мэдээллийн технологийн мэргэжил, мэдлэг шаарддаг.
*******-ын мэргэжил, ажилд орсон тушаал, түүний албан үүргээ гүйцэтгэхдээ ашиглаж байсан албан тушаалын нэр болон ажиллаж байх хугацаандаа ******* ХХК-д хийж гүйцэтгэж байсан ажлуудын аль аль нь дата аналист байсан болно.
2.5. Дата аналистын ажлын байрны хэрэгцээ шаардлага ******* ХХК-д цаашид шаардлагагүй болсон тул холбогдох шийдвэрээр ажлын байрыг хассан нь хууль тогтоомж, компанийн дотоод журмыг зөрчихгүй бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д зааснаар ажлын байр нь хасагдсан ажилтантай хөдөлмөр эрхлэлтийн харилцааг нэг талын санаачилгаар цуцлах нь ажил олгогчид хуулиар зөвшөөрөгдсөн үйлдэл болно.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.1, 158.1.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч *******-ыг хариуцагч ******* ХХК -ийн дата аналист ажлын байранд эгүүлэн тогтоож, хариуцагч ******* ХХК-д дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт нийт 37,512,497 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* д олгон, хариуцагч ******* ХХК-д олговорт ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх заалтад тус тус зааснаар нэхэмжлэгч *******-ын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгч *******-ын 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч ******* д олгож, хариуцагч ******* ХХК -аас улсын тэмдэгтийн хураамжид нийт 415,712 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж тус тус шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Анхан шатны шүүх 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолтыг хуульд заасан журмын дагуу үнэлж чадаагүйн улмаас хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаал 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр гарсан байхад уг тушаал гарсан өдрөөс хойших хугацаанд буюу 2024 оны 09 дүгээр сараас мөн оны 11 cap хүртэлх хугацаанд хамаарах ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолтыг үндэслэн ...хариуцагч нь 2024 оны 09 дүгээр сараас мөн оны 11 дүгээр cap хүртэл нийт 28 ажилтны нийгмийн даатгалын шимтгэлийг төлж байсан байх тул дата аналист ажлын байрыг хассан болох нь тогтоогдохгүй байх учир нэхэмжлэгчийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тушаал хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Энэхүү баримтаар хариуцагч компанийн ажилтны орон тоо багассан нөхцөл байдал нотлогддог.
Хариуцагч ******* ХХК нь 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/01 дугаартай гүйцэтгэх захирлын тушаалаар нийт 34 ажилтны орон тоог батлан эдгээр ажилтны нийгмийн даатгалын шимтгэлийг төлж байсан ба үүнээс хойш 2024 оны 03 дугаар сард 34 ажилтан, 04 дүгээр сард 32 ажилтан, 05 болон 06 дугаар сард 31 ажилтан, 07 дугаар сард 29 ажилтан, 08 болон 09 дүгээр сард 28 ажилтны нийгмийн даатгалын шимтгэлийг төлж байсан.
Түүнчлэн, шүүх хариуцагч байгууллагын 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 01 дугаартай гүйцэтгэх захирлын бүтэц, орон тоо батлах тухай тушаал болон уг тушаалын хавсралт болох ******* ХХК -ийн бүтэц, орон тооны дэлгэрэнгүй хүснэгт, ажилчдын нислэгийн хуваарь зэрэг баримтыг огт үнэлэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Эдгээр баримтаар хариуцагч ******* ХХК -ийн ажилтны орон тоо багассан нөхцөл байдал нь цаашлаад компанийн бүтэц, орон тооноос дата аналист ажлын байр хасагдсан болох нь тодорхой харагдана.
Улсын дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаартай Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай тогтоолын тогтоох хэсгийн 15.1.1-д орон тоо хасагдсан гэдэгт тухайн хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлговол зохино. гэж тайлбарласан. Хариуцагч ******* ХХК -ийн харилцагч болох ******* ХХК-д дата аналист ажлын байранд манай компаниас дахин хүн авах шаадлагагүй болсон талаар бидэнд мэдэгдсэн учраас манай компани нь цаашид уг ажлын байрыг хадгалах хэрэгцээ шаардлагагүй болж хуульд заасан үндэслэлээр нэхэмжлэгчийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон.
4.2. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн ажлын байрны орон тоо хасагдсан нь үндэслэлгүй хэмээн дүгнэж нэхэмжлэгчийг хариуцагч ******* ХХК-ийн дата аналист ажлын байранд эгүүлэн тогтоож биелэгдэх боломжгүй шийдвэр гаргасан.
Учир нь өнөөдрийн байдлаар хариуцагч ******* ХХК -ийн бүтэц, орон тоонд дата аналист ажлын байр байхгүй бөгөөд энэхүү үйл баримт нь хариуцагчийн тайлбар, компанийн бүтэц, орон тоо батлах тухай гүйцэтгэх захирлын 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 01 тоот тушаал, уг тушаалын хавсралт, компанийн батлагдсан бүтэц, орон тоонд багтсан ажлын байрны тодорхойлолт, ажил үүрэг гүйцэтгэдэг байршил зэргийн талаарх баримтаар нотлогдоно.
Хариуцагч ******* ХХК -ийн хувьд нэхэмжлэгч *******-ыг цаашид ажиллуулах боломжгүй болсон шалтгаан нөхцөл нь манай харилцагч ******* ХХК-д дата аналист ажлын байрны хэрэгцээ шаардлагагүй болсон талаар бидэнд мэдэгдэж, уг шийдвэртэй холбоотойгоор манай компани нэхэмжлэгчийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгохоос өөр аргагүй байдалд хүрсэн. Энэхүү үйл баримт нь гэрч *******-ийн 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн мэдүүлгээр нотлогддог.
Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг дата аналист ажлын байранд ажиллаж байсан талаар зөв дүгнэсэн боловч хариуцагч ******* ХХК -аас нэхэмжлэгчийн ажиллаж байсан дата аналист ажлын байрыг цомхотгосон шалтгаан нөхцөлийг анхаарч үзэлгүй нэхэмжлэгчийг ******* ХХК -ийн дата аналист ажлын байранд эгүүлэн тогтоосон нь үндэслэлгүй байна.
4.3. Түүнчлэн, анхан шатны шүүх ...нэхэмжлэгчийн ажилгүй байсан 9 cap ажлын 25 хоног... хэмээн тооцоолж хариуцагчаас 37,512,497 төгрөг гаргуулахаар шийдвэрлэхдээ нэхэмжлэгчид тэтгэмж болгон шилжүүлсэн 2,669,513.50 төгрөгийг хэрхэх талаар дүгнэлт хийгээгүй үлдээсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн заалтыг зөрчсөн.
Мөн хариуцагч ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар тайлбар, татгалзлаа нотлох баримтыг шүүхэд хангалттай гарган өгч, эдгээр нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хийгдсэн үзлэг, гэрчийн мэдүүлгээр давхар нотлогдож байхад шүүх эдгээр үйл баримыг буруу үнэлж шийдвэр гаргасан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:
5.1. Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд 2024 оны 03 дугаар сард 34, 2024 оны 04 дүгээр сард 32, 2024 оны 05, 06 дугаар сард 31 орон тоо байсан талаар дурдсан ба 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн гүйцэтгэх захирлын тушаалд өндөр эрсдэлийн сургагчийн нийт 8 орон тоог цөөрүүлж 5 болгон өөрчилж, дата аналист ажлын байрны орон тоог хасахаар тусгасан байдаг. Өөрөөр хэлбэл, нийт 4 ажлын байрны орон тоо хасагдсан байхад 2024 оны 04 дүгээр сараас 2024 оны 05, 06 дугаар сарын хооронд нийт ажлын байрны орон тоо 32-оос 31 болж байгаа нь зөрүүтэй байна.
5.2. 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн тушаалыг гаргахдаа 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн тушаалыг үндэслэсэн байдаг. Гэтэл 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн гүйцэтгэх захирлын тушаалын орон тоо, бүтэц бүрэлдэхүүн гэх хэсгийн 5-д өндөр эрсдэлийн сургагч 7 гэж заасан байхад гүйцэтгэх захирлын 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн тушаалд уг орон тоог 8 гэж заасан, мөн уг тушаалд 2024 оны 04, 05 дугаар сард 32 байсан ажлын байрны орон тооноос 4 орон тоо цомхотгосон байхад орон тоог 31 гэж гаргасан тул уг баримтыг шүүхэд зориулж хуурамчаар гаргаж өгсөн нотлох баримт гэж үзэж байна.
5.3. Ажлаас халсан үндэслэл нь ******* ХХК -аас 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр илгээсэн и-мэйлээр нотлогдох талаар хариуцагч тал тайлбарладаг. Уг и-мэйлд үзлэг хийлгэсэн бөгөөд 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 12 цаг 38 минутад ******* гаас ******* рүү ...танай зүгээс уг ажлын байранд манай компаниас дахин ажилтан авах хэрэгцээ шаардлага бий юу, үүн дээр боломжтой бол хариу өгнө үү... гэсэн байдаг. Тухайн ажлын байр хасагдсан бол яагаад дахин хүн авах талаар асууж байгаа нь ойлгомжгүй байх ба уг и-мэйлд зөвхөн *******-ын асуудлыг ярьж байгаа нь харагдаж байна. Иймд уг ажлын байр хасагдаагүй ба гэрийн мэдүүлэг өгсөн ******* ХХК -ийн ажилтан худал мэдүүлэг өгсөн болох нь үүгээр нотлогдоно.
Мөн ******* ХХК-д уг ажлын байр шаардлагагүй болсон талаар 3 шалтгааныг гэрч тайлбарладаг боловч тухайн үндэслэлүүдээр ажлаас халсан болон дата аналист ажлын байр байхгүй болсон талаарх нотлох баримт байхгүй. Өөрөөр хэлбэл, ямар шалтгааны улмаас дата аналист гэх ажлын байр ******* ХХК-д байхгүй болсон гэдгийг гэрч болон хариуцагч тал нотолж чадаагүй. Мөн 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн и-мэйлээр нотлогдоогүй гэж үзэж байна.
5.4. Миний бие 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр ******* ХХК -ийн ажлын байрнаас буусан бөгөөд 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс 03 дугаар сарын 27-ны өдрийн хооронд ээлжийн амралттай байсан. ******* ХХК -ийн захирал ******* над руу холбогдон миний бие 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр очиж уулзахад 2024 оны 03 дугаар сарын 24-ний өдөр ******* ХХК -ийн ажилтан ******* гэх хүнээс ******* руу ******* нь ёс зүйн алдаа гаргасан учир манай байгууллага цаашид энэ хүнийг ажиллуулахгүй гэх агуулгатай и-мэйл явуулж ******* ХХК -аас бидэнд гомдол ирүүлсэн учир чамайг дахин ажиллуулах боломжгүй гэж надад мэдэгдсэн. Миний бие халагдах нь тодорхой болсон учир ажлын группээс гарах, ******* ХХК -ийн өөрийн байрлаж байсан өрөөнд байгаа эд зүйлийг авах зэрэг асуудлаар ******* тай холбогдож харьцаж байсан ба миний бие 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр дараагийн ростерт явах байсан боловч 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр миний явах ёстой байсан нислэгийг цуцалж, 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр миний эд зүйлийг илгээсэн байсан.
Гэрч ******* нь 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр ******* ХХК-д дата аналист гэх ажлын байр байхгүй болсон гэж мэдүүлдэг боловч 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрөөс өмнө намайг ажлаас халах процесс явагдаж байсан. Тухайн хугацаанд болсон бүх үйл баримтын талаарх нотлох баримтыг хэрэгт хавсаргасан.
2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хариуцагч компани нь намайг өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн тухай өргөдлөө бичиж өг гэхэд миний бие зөвшөөрөөгүй гэв.
6. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга:
6.1. Талуудын хооронд үүссэн харилцаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 76 дугаар зүйлд заасан ажиллах хүч нийлүүлэх гэрээний харилцаа байсан. Нэхэмжлэгчийг ажлаас халах үйлдэл нь ажлаас халагдсан тушаал гарахаас 1 сарын өмнө явагдаж, нэхэмжлэгчийн бүх эд зүйлийг явуулсан байсан.
Түүнчлэн нэхэмжлэгчийн зүгээс ажлаас халах тухай тушаалаа гаргаж өг гэж шаардахад хариуцагч талын зүгээс албан бичгүүд өгсөн нь хэрэгт нотлох баримтаар авагдсан.
6.2. Хариуцагч тал нь шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа шүүхэд зориулж орон тоо цомхотгосон, ажлаас халсан тушаалыг нөхөж гаргасан. Хариуцагч нь ******* ХХК-д тухайн ажлын байр шаардлагагүй болсон тул нэхэмжлэгчийг ажлаас халсан гэж тайлбарладаг боловч хариуцагч тал ажиллах хүч нийлүүлэх гэрээ болон уг гэрээний дагуу уг ажлын байрны орон тоо шаардлагагүй болсныг нотлох холбогдох баримтыг гаргаж өгөөгүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
3. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон боловч нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж чадаагүйн улмаас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
4. Хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараар дараах үйл баримтууд тогтоогджээ. Үүнд:
4.1. ******* ХХК -ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 08 дугаартай ажилд томилох тухай тушаалаар *******-ыг тус компанийн дата аналистын албан тушаалд 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн томилсон байна. /хх-35/
4.2. ******* ХХК -ийн хувьцаа эзэмшигчдийн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 01 дугаартай шийдвэрээр эрх олгогдсоны дагуу тус компанийн гүйцэтгэх захирал ******* гийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/01 дугаартай тушаалаар ******* ХХК -ийн бүтэц, орон тоог шинэчлэн баталсан байх ба уг тушаалын хавсралтад нийт 34 орон тоотой байхаар, үүнээс техникийн бичээчийн албан тушаал 5, дата аналистын албан тушаал 1 орон тоотой байхаар тус тус тусгажээ. /хх-56, 57/
4.3. ******* ХХК -ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/06 дугаартай зарим орон тоог хасах, цөөрүүлэх тухай тушаалаар дээрх 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/01 дугаартай тушаалаар баталсан тус компанийн бүтэц, орон тоонд өөрчлөлт оруулж, өндөр эрсдэлийн сургагчийн албан тушаалын 8 орон тоог 5 болгон цөөрүүлж, дата аналистын албан тушаалын 1 орон тоог хассан байна. Уг тушаалыг үндэслэн тус компанийн гүйцэтгэх захирлын 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 07 дугаартай тушаалаар дата аналист албан тушаалтай *******-ын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож, түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. /хх-36, 38/
4.4. 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр ******* ХХК -ийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкин дахь 495072568 тоот данснаас *******-ын эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкин дахь 404293039 тоот дансанд EB-SALARY 1 сарын тэтгэмж гэх гүйлгээний утгатайгаар 2,669,513.50 төгрөгийг шилжүүлсэн байна. /хх-107/
5. Талууд ажил үүрэг гүйцэтгэсэн хугацаа, гүйцэтгэсэн ажил үүрэг, олгосон цалин хөлсний талаар маргаагүй байх ба нэхэмжлэгчийн эрхэлж байсан ажил, албан тушаал нь бодитойгоор хасагдсан болон түүнийг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй эсэх асуудал нь маргааны зүйл болжээ.
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгчийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тушаал гарсан өдрөөс хойших хугацаанд хамаарах ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолтыг үндэслэн үйл баримтыг буруу дүгнэсэн, нэхэмжлэгчийн дата аналистын ажлын байр хасагдсан болох нь баримтаар нотлогдож байхад нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоож биелэгдэх боломжгүй шийдвэр гаргасан гэх агуулгаар давж заалдах гомдол гаргасан.
7. Нэхэмжлэгч нь техникийн бичээчийн ажилд ажиллаж байсан гэх агуулгаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлаж байгаа боловч хэрэгт авагдсан ******* ХХК -ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 08 дугаартай ажилд томилох тухай тушаалаар *******-ыг 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн дата аналистын ажил, албан тушаалд авсан талаар тусгасан, мөн ******* ХХК -ийн гүний уурхайн үйл ажиллагаа хариуцсан ахлах мэргэжилтэн албан тушаалтай гэрч ******* ...Техникийн бичээч гэж анх бол орж ирээгүй шүү дээ. Анх орж ирэхдээ дата аналист гэж байсан даа., ...Уг нь тэгэхээр хоёулаа ч анх уулзаад ярьж байхад за дата аналист манайд ийм юм байна шүү гэдгийг би маш тодорхой уг нь хэлж байсан шүү дээ., ...******* гэдэг энэ хүнийг ******* ХХК-д яг ямар ажлын байранд ажиллуулахаар захиалга өгсөн бэ? гэхэд дата аналист гэж мэдүүлсэн байх /хх216-224/ ба эдгээр нотлох баримтуудыг үгүйсгэж, няцаасан баримт хариуцагч гаргаж өгөөгүй байх тул нэхэмжлэгчийг ******* ХХК -ийн дата аналистын ажлын байранд ажиллуулж байсан болох нь тогтоогдсон гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
******* ХХК -ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/01 дугаартай тушаалаар тус компанийн бүтэц, орон тоонд өөрчлөлт оруулж нийт 34 орон тоотой байхаар баталж, үүнээс дата аналистын ажлын байр 1 орон тоотой байхаар тусгасан байна. Үүнээс хойш 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр ******* ХХК -ийн бүтэц, орон тоонд дахин өөрчлөлт оруулан өндөр эрсдэлийн сургагчийн албан тушаалын орон тоог 3-аар хасаж, дата аналистын албан тушаалын 1 орон тоог тус тус хассан байна. Өөрөөр хэлбэл, ажлын байрны нийт орон тооноос 4 ажлын байр хассан талаарх баримт хэрэгт авагджээ.
Иймд 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн хариуцагч байгууллага 30 ажлын байртай болсон байна гэж үзэх үндэслэлтэй байх ба үүнээс хойш хэрэгт авагдсан нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх баримтаар ажил олгогч нь 27-28 ажлын байрны буюу ажилтны нийгмийн даатгалын шимтгэлийг төлж байсан үйл баримт тогтоогдож байна.
Гэтэл анхан шатны шүүх хэрэгт авагдсан 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолтыг хуульд заасан журмын дагуу тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйн улмаас маргааны үйл баримтад зөв дүгнэлт өгч чадаагүй байна.
Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн дүгнэхэд, дата аналистын ажлын байр ******* ХХК -ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/06 дугаартай зарим орон тоог хасах, цөөрүүлэх тухай тушаалаар хасагдсан үйл баримт тогтоогдсон гэж үзлээ.
Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт заасан журмаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай нэхэмжлэгчид мэдэгдсэн болох нь хэрэгт авагдсан баримт, зохигчийн тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон ажил олгогчийн тушаал нь хуульд нийцжээ.
8. Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч ******* ХХК-д холбогдох, ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлөхийг даалгах тухай нэхэмжлэгч *******-ын гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 191/ШШ2025/02628 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт тус тус заасан үндэслэлгүй тул хариуцагч ******* ХХК-д холбогдох, ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлөхийг даалгах тухай нэхэмжлэгч *******-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 415,712 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА
ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР
Д.ЦОГТСАЙХАН