Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2025/00965

 

******* ХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Т.Гандиймаа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 191/ШШ2025/03069 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч ******* ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******-т холбогдох,

Гэм хорын хохиролд 72,682,626 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:

1.1. ******* нь ******* сумын ******* дугаар багийн нутаг дэвсгэрт орон сууцны барилгад био нойл барихаар газар шорооны ажил хийх явцдаа Бурхант дэд станц ******* тэжээлтэй 6кВ-ын РП-10 хаалттай хуваарилах байгууламжийн ЯЧ№9, 11 хос кабель шугамыг гэмтээж тасалсан. Тухайн гэмтэл, зөрчил гарсан даруйд Технологийн зөрчлийг судлан бүртгэх комисс газар дээр нь ажиллаж гадны нөлөөтэйгөөр кабель шугам тасалсан зөрчлийг бүртгэж, бригад ажиллан гэмтлийг түр хугацаанд устгасан.

 

1.2. Кабель шугамын трасс дээр буюу ойролцоо газар шорооны ажил хийх тохиолдолд уг ажлыг гүйцэтгэгч нь шугамын ашиглалтын байгууллагаас бичгээр зөвшөөрөл авч, кабель шугамын трассыг тодорхойлуулж ажил үүрэг гүйцэтгэх үүрэгтэй. Гэвч ******* нь холбогдох хууль, дүрмийн шаардлагыг биелүүлэхгүй ажилласны улмаас дээрх РП-10 ХХБ-ийн ЯЧ№9, 11 гэсэн 2 хос кабель шугамыг тасалж гэмтээсэн болно.

 

1.3. *******ын тасалж гэмтээсэн 2 хос кабель шугамыг 2011 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс шинэчлэн мөн оны 11 дүгээр сарын 20-ны хугацаанд их засварын хүрээнд ашиглалтад оруулсан бөгөөд кабелийн насжилтын хугацаа 12 жил байдаг. Иймээс шугамыг нийт уртын хэмжээгээр солиулж хэрэглэгчдийн цахилгаан хангамжийн аюулгүй, найдвартай, тасралтгүй үйл ажиллагаа явуулах зайлшгүй шаардлага үүссэн. Технологийн зөрчлийг судалсан актаар тогтоосон төлбөрийг гаргуулах удаа дараа шаардсан боловч дээрх төлбөрийг барагдуулахгүй байна. Иймд Эрчим хүчний тухай хуулийн 36 дугаар зүйл 36.1 дэх хэсэгт зааснаар 1.200 метр шугамын зардал 63,307,264 төгрөг, ажлын хөлсний зардал 5,759,667 төгрөг, тээврийн зардал 381,266 төгрөг, машин ашиглалтын зардал 3,234,426 төгрөг, нийт 72,682,626 төгрөгийн хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. ******* нь 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Дархан хотод ажилтай явж байх үед миний дүү болох ******* Дархан-Уул аймгийн ******* сумын 12 дугаар баг хүрээлэнгийн 12 дугаар гудамжид байрлах газартаа газар шорооны ажлыг хүнээр хийлгэж байгааг очоод харчих гэсний дагуу очиж харса. Ингээд экскаваторын жолоочид утасны дугаар өгсөн. Үүнээс хойш хэдэн цагийн дараа ажил хийж байсан хүн цахилгааны утасны бүрээс шалбалчихлаа гэж утсаар хэлсэн бөгөөд намайг очиход цахилгаан түгээх сүлжээний ажилчид ирсэн байсан. Тухайн үед хариуцсан хүн нь хэн бэ гэхэд нь миний дүүгийн газар байсан тул би үнэмлэхээ өгч, өөрийнхөө дугаарыг бүртгүүлсэн.

 

2.2. Хэд хоногийн дараа ******* дугаараас залгаж акт гарсан ирж танилцаарай гэж хэлсэн. Би очиж уулзахад 99,000,000 төгрөгийн хохирол учирсан төл гэж шаардсан. Би тэрхүү акттай танилцаж хүлээн зөвшөөрөхгүй, би машин механизмыг нь барьсан хүн биш гэдгээ илэрхийлэхэд та тэгвэл акттай танилцлаа, хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ бичих гэсэн. Мөн тэр үед нэхэмжлэгч байгууллагын ажилтанд танайх шалбарсан цахилгааны утсаа янзлаад газрыг нь булсан байна байж яагаад шинээр авах гээд байгааг ойлгохгүй байна гэхэд компанийн дотоод журамд материал, ажлын хөлсийг нэхэх ёстой гэж хэлсэн.

 

2.3. ******* нь тус байгууллагын эд хөрөнгөд гэм хор учруулаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч нь хариуцагчийг гэм хор учруулсан бодит нөхцөлийг тогтоогоогүй байна. Шугамын үнийг бүхэлд нь гаргуулна гэж байна. Гэтэл 2 ширхэг муфт хийгээд шугам одоо хэвийн ажиллаж байгаа. Хэрэв зөв хийсэн бол шинэ шугамтай адил гэж шинжээч дүгнэсэн. Бодит хохирлоо тооцож гаргаагүй байна. Хэрэгт байгаа баримтаар бодитоор хохирол гараагүй байна. Хуульд зааснаар бодитоор учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй. Солих шаардлагатай гэдэг нь дүгнэлтээр тогтоогдоогүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

3. Иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ: Одоо шугам ажиллаж байна. Иймд шугамыг засварлахад гарсан зардлыг төлөх ёстой. Заавал солих шаардлагагүй гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******аас 51,842,626 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 20,840,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 521,365 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 417,163 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

5.1. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтийг тал бүрээс, эргэлзээгүй байдлаар үнэлээгүй шийдвэрлэсэн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасны дагуу хөндлөнгийн шинжээч томилуулах хүсэлт гаргасан бөгөөд хөндлөнгийн шинжээчээр У******* ХХК-ийн Ашиглалт, засварын зүүн төвийн ашиглалтын хэсгийн инженер, Монгол улсын Зөвлөх инженер ******* нар томилогдсон. Тус шинжээчээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 5 асуулт асууж эхний шинжээчийн дүгнэлт 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн №01 дугаартай шинжээчийн дүгнэлт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 8 асуулт асууж дараагийн шинжээчийн дүгнэлт 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн №02 дугаартай шинжээчийн дүгнэлт тус тус ирсэн бөгөөд шинжээч нийт 13 асуулт бүрт холбогдох хууль тогтоомж, норм дүрмийн дагуу хариулт өгсөн. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн №02 дугаартай шинжээчийн дүгнэлтээс 1 болон 5 дахь хариултыг үндэслэл болгосон. Гэтэл шинжээчийн 2 удаагийн дүгнэлтээс анхаарах хэд хэдэн дүгнэлт байгаа.

Шинжээч дүгнэлтдээ тус гэмтэл учруулсан кабель шугам нь одоог хүртэл хэвийн ажиллаж байгаа тухай, кабелийг шилжүүлэхгүй, механик үйлчлэлд оруулахгүй бол цаашид хэвийн ажиллах тухай дүгнэлт гаргасан. Мөн шинжээч нь цахилгаан түгээх сүлжээний норм, дүрэм болон салбарын онцлогийн дагуу ашиглалтын үед гэмтсэн кабелийг солих шаардлагатай бол заавал хэмжилт, туршилт хийдэг тухай дүгнэлт гаргасан байхад шүүхээс энэхүү шинжээчийн дүгнэлтэд ямар нэгэн дүгнэлт хийгээгүй шийдвэрлэсэн илт алдаатай шийдвэр гэж үзэж байна.

Шинжээчийн дүгнэлтийн дор дурдсан хариултад шүүх ямар нэгэн дүгнэлт хийгээгүй байна. Үүнд:

 

5.1.1. 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн №01 дугаартай шинжээчийн дүгнэлтийн 1.1 дэх хариулт ... 2023 окы 03 дугаар сарын 20-ны өдөр ******* ХК-ийн засварын ажилчид СТП-70-120 холболтын 2 ширхэг муфьт хийж хэвийн схемын дагуу ажиллаж байна

5.1.2. 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн №01 дугаартай шинжээчийн дүгнэлтийн 1.2 дахь хариулт ... Түгээх компаниуд ашиглалтын үед кабель шугамыг өндөр хүчдэлийн лабортороор хэмжилт туршил хийж хэмжигчийн үр дүнг харгалзан хэсэгчлэн больж шийдвэрлэж байдаг. Иймд дээрхи солих гэж байгаа 1.200 метр кабельд өндөр хүчдэлийн туршилт хийлгэн тангес, дельта, нэвчилтийн гүйдэлийг тодруулсны дараа солих шийдвэрийг гаргах нь зүйтэй гэж үзэж байна

5.1.3. 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн №01 дугаартай шинжээчийн дүгнэлтийн 1.3 дахь хариулт Ашиглалтын үед кабель шугам гэмтсэн тохиолдолд тухайн кабель шугамыг өндөр хүчдэлийн лабортороор хэмжилт туршилт хийж хэмжилтийн үр дүнг харгалзан хэсэгчлэн солих шийдвэрлэж болдог

5.1.4. 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн №02 дугаартай шинжээчийн дүгнэлтийн 2 дахь хариулт СТП-70-120 холболтын 2 ширхэг муфьт хийхдээ холболтын муфьт хийх технологийн дагуу мэргэшсэн ажилтнууд хийсэн тохиолдолд ашиглалтын шаардлага хангаж ажиллана

5.1.5. 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн №02 дугаартай шинжээчийн дүгнэлтийн 3 дахь хариулт СТП-70-120 холболтын муфьтийг шилжүүлэн зөөх буюу ямар нэгэн механик үйлчлэлд оруулахгүй бол эрсдэл байхгүй болно. Цахилгаан дамжуулах компаниас цахилгаан шугам сүлжээний хувьд цахилгаан эрчим хүчний чанарыг хангаж MNS (УСТ) баримтлан хүчдэл болон давтамж, тогтоосон горимыг баримтлан ажилладаг учраас хүчдэл ихсэхгүй

5.1.6. 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн №02 дугаартай шинжээчийн дүгнэлтийн 4, 5, 6, 8 дахь хариултад кабель шугам өмнөх байдал шиг хэвийн ажиллаж байгаа тухай тус тус хариулсан байна. Дээрх шинжээчийн дүгнэлт нь одоо ажиллаж байгаа кабель шугам нь залгаасгүй кабель шугамтай ижил ажиллаж байгаа. Цаашид ажиллахад эрсдэлгүй тухай дурдсан байна.

5.2. Анхан шатны шүүхээс хавтаст хэргийн 112-119 дүгээр хуудаст авагдсан ******* ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланд 72,682,626 төгрөг гэж тооцсоны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэл болгон шийдвэрлэсэн байна. Гэтэл тус хөрөнгийн үнэлгээний тайлан гаргахдаа ямар баримт дээр үндэслэн үнэлгээ гаргасан нь тодорхойгүй, үнэлгээний тайлан болон хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдаагүй байна. Мөн үнэлгээний тайлангийн хавсралт №1-д заасан гэмтэл, хохирлыг сэргээн засварлах зардлын үнэлгээний жагсаалт буюу ажиллах хүчний зардал дахь 1-14 дэх хэсгийн зардал, материалын зардал дахь 15-22 дахь хэсгийн зардал, тээврийн зардал, машин, механизм ашиглалтын зардал дахь 23-30 дахь хэсгийн зардал зэргийг хэрхэн тооцон гаргасан нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл, хөрөнгийн үнэлгээ гаргах зөвшөөрөлтэй компани цахилгаан түгээх сүлжээний нарийн, дэс дараалалтай ажлыг үнэлж гаргах боломжгүй байхад анхан шатны шүүхээс энэхүү хөрөнгийн үнэлгээний тайланг үндэслэсэн нь үндэслэлгүй байна.

5.3. Хариуцагчийн зүгээс гэм хор учруулсан талаар хүлээн зевшөөрч байгаа бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшеөрөхгүй байгаа үндэслэл нь нэхэмжлэгч нь бодит хохирлыг нэхэмжлэхгүй, хэвийн ажиллаж байгаа кабель шугамыг бүхэлд солиулна гэх үндэслэлгүй шаардлагыг гаргасан. Хариуцагчийн зүгээс бодит хохирол буюу тасалсан кабелийг буцаад хэвийн болгож засвар хийхэд гарсан зардлыг төлөхөд бэлэн байгаа тухай анхан шатны шүүх хуралд илэрхийлсэн. Шинжээчийн дүгнэлт болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралд гаргасан тайлбар, асуулт, хариултад тус кабель шугам нь одоог хүртэл хэвийн ажиллаж байгааг дурдсан. Гэтэл шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ тус кабелийн хэрэглээний шинж чанарыг үнэлж дүгнээгүй байна. Иргэний хуулийн тайлбарт гэм хорыг арилгахдаа эвдэрч гэмтсэн эд зүйлийг засаж засварлуулах нь анхдагч байдлыг бодитой нөхөн бүрдүүлж, тогтоосонд тооцох тухай дурдсан. Иймд анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

6. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Шинжээчийн дүгнэлтэд муфьт хийнэ гэдэг нь энгийнээр тайлбарлавал гэрлийн цахилгааны утас тасарсан тохиолдолд лентээр боодог холбогч маягаар түр аргацааж байгаа арга юм гэдгийг тодорхой дурдсан буюу үүнийг насжилттай нь холбож тайлбарласан. Гэтэл зүгээр байсан шинэвтэр кабелийг хэн нэгэн буруутай этгээд тухайн кабелийн трассыг чагнуулахгүйгээр, зохих ёсны зөвшөөрөл авахгүйгээр дур мэдэж газар шорооны ажил хийсний улмаас уг кабел 2 хэсэг тасарсан. Тэгэхээр энэ цахилгааны утасны найдвартай байдлыг хангахын тулд чанаргүй, улайлт үүссэн нөхцөл байдал үүсгэхгүйн тулд уг цахилгааны утсыг зайлшгүй уртын хэмжээгээр нь солих ёстой болон хугацаа богиносох талаар шинжээч тодорхойлсон. Энэ нь хариуцагч талын хэлж байгаачлан хэвийн болж байгаа зүйл биш юм. Учир нь 2 тасалсан зүйлийг нийлүүлэхэд тэнд явж байгаа зүйлийн урсгал, чиглэл нь хэвийн явах боломжгүй гэдгийг шинжээчийн дүгнэлтэд дурдсан. Анхан шатны шүүх нь шинжээчийн дүгнэлт болон насжилтыг үндэслэж шийдвэр гаргасан. Хариуцагч талын гомдолдоо дурдсан 11 асуултаас тодорхой ач холбогдол бүхий зүйлийг дурдана уу гэхээс бүх 11 шинжээчийн хариултыг тусгайлан шүүхийн шийдвэрт дурдана гэдэг нь боломжгүй. ******* ХХК-ийн тухайд нэхэмжлэгч тал нэхэмжлэл гаргаж байгаа учир нэхэмжлэлийн үнийн дүнгээ нотлох үүрэгтэй. *******-ын зөрчлийн актын дагуу гарч байгаа үнийг хөндлөнгийн үнэлгээ хийж байгаа компани хэрхэн үнэлж байна вэ гэдгийг харах зорилгоор хөндлөнгийн компаниар үнэлгээ хийлгэсэн. Тухайн хөндлөнгийн компани 6000 кабелийн насжилт, марк тип, зориулалт зэргийг хэрхэн яаж хийх үү гэх талаар дүгнэлт хийснээр буруудах зүйл байхгүй. Түүнчлэн, хөрөнгийн үнэлгээний компани нь манай байгууллагын гаргасан 80,000,000 гаруй төгрөгийг 72,682,626 төгрөг гэж үнэлсний дагуу нэхэмжлэгч тал уг үнийн дүнгээр нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан. Цахилгаан эрчим хүчний найдвартай ажиллагаа, чанартай байдал зэргээс хамаарч энэ шугам нь уртын хэмжээгээрээ буюу өмнө нь тасраагүй байсан хэмжээгээрээ байх ёстой гэж үзэж байгаа гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хянаад, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч *******-т холбогдуулан гэм хорын хохиролд 72,682,626 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь ...газар доорх цахилгааны шугам тасалж гэмтэл учруулсанд маргахгүй, харин цахилгаан шугам одоо засварлагдсан тул шинээр солих шаардлагагүй, засварын бодит зардлыг төлнө гэж маргасан.

3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:

3.1. ******* нь 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Дархан-Уул аймгийн ******* сумын 12 дугаар баг хүрээлэнгийн 12 дугаар гудамжид байрлах газарт жорлонгийн нүх эксковатораар ухах явцдаа 110/10 кВ-ын Бурхант дэд станцын яч №29 тэжээлтэй 6кв-ын РП-10 хаалттай хуваарилах байгууламжийн яч№9, 11 гэсэн 2 хос кабель шугамыг тасалж гэмтээсэн зөрчил гаргаж, үүний улмаас нэхэмжлэгч байгууллагын эд хөрөнгөд хохирол учирсан үйл баримт нь зохигчийн тайлбар, ******* ХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн зөрчлийг судалсан №02/03 акт, тус байгууллагын зөрчлийг судлан бүртгэх комиссын ажиллах журам, Монгол улсын зөвлөх инженер *******ын 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн №01 шинжээчийн дүгнэлт, мөн 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн №02 шинжээчийн дүгнэлт зэрэг баримтуудаар тогтоогдсон, зохигчид энэ үйл баримтад маргаангүй болно. /1хх14-17, 2хх51-56, 75-78/

3.2. ******* ХК нь дээрх РП-10 6 кВ-ын хуваарилах байгууламж, кабель шугамын өмчлөгч болох нь Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын 2011 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн акт болон ажлын зураг, ******* ХК-ийн 6 кв хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамын техникийн паспорт, ******* ХК-ийн 2012 оны үндсэн хөрөнгийн тайлан зэрэг баримтуудаар тогтоогдсон. /1хх162-163, 164-170, 187-189, 190/

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан тул хариуцагч ******* нь бусдад учирсан гэм хорын хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

4.1. Хариуцагч ******* нь газар шорооны ажил гүйцэтгэхдээ эрчим хүчний шугам сүлжээг эзэмшигч аж ахуйн нэгж байгууллагаас зөвшөөрөл авалгүйгээр хийж гүйцэтгэсний улмаас тухайн кабель шугамыг гэмтээсэн гэм буруутай байх тул Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллага нь өөрт учирсан хохирлоо хариуцагчаас шаардах эрхтэй.

4.2. ******* ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хөрөнгийн үнэлгээгээр ...дээрх эд хөрөнгийн гэмтэл, хохирлыг сэргээн засварлах нийт зардлын зах зээлийн өнөөгийн бодит үнэ цэнэ нь 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар 72,682,626 төгрөгийн хохирол учирсан гэж дүгнэсэн байна. /1хх112-119/

4.3. Шинжээчийн дүгнэлтээр ...кабелийн шугамын насжилт болон дамжуулалттай холбоотой холбогчоор холбосон тохиолдолд 4,5 жилд ашиглах боломжтой гэж тодорхойлсон нь уг дүгнэлтээр нотлогдсон. Өөрөөр хэлбэл, кабелийг гэмтээснээр жирийн кабелаас ашиглалт чанар байдал алдагдах боломжтой гэсэн дүгнэлт гаргасан. Иймээс анхан шатны шүүх ******* ХК-ийн эзэмшлийн 1200 метр кабель шугамыг үйлдвэрлэгчийн заавраар бүхэлд нь шинээр солих шаардлагатай гэж дүгнэж, шугам өртөг үнийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

Харин шүүх хөрөнгийн үнэлгээний үнэлгээг үндэслэн ашигласан хугацааны өртөг 20,840,000 төгрөгийг хасч тооцсон нь үндэслэлтэй. Хариуцагч нь хөрөнгийн үнэлгээг дахин тогтоолгох талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүсэлт гаргаагүй байх тул уг үнэлгээг эс зөвшөөрч маргаагүй гэж үзнэ.

5. Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан бодитойгоор үнэлж, нэхэмжлэгчийн эд хөрөнгөд хохирол учрахад хариуцагчийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэл байгаа эсэх, уг үйлдэл, эс үйлдлээс шалтгаалан хохирол учирсан зэрэг нөхцөл байдалд зөв дүгнэлт өгч, хариуцагч *******аас хохиролд 51,842,626 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 20,840,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус нийцсэн байна.

6. Хариуцагч нь ...шинжээчийн дүгнэлтийн 1.1, 1.2, 1.3, 2 дахь дүгнэлтийн 2, 3, 4, 5, 6, 8 дахь хариултуудыг шүүх үнэлж дүгнээгүй гэх агуулгаар гомдол гаргажээ. Анхан шатны шүүх шинжээчийн дүгнэлтийг агуулгаар нь дүгнэж, кабелийн чанар байдал алдагдах тул үйлдвэрлэгчийн заавраар шугамыг шинээр солих шаардлагатай гэж дүгнэсэн нь зөв. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол нь энэ кабель бүхлээрээ солигдох хэмжээний үр дагаварт хүргэсэн талаарх шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Мөн хариуцагч нь ******* ХХК-ийн хөрөнгийн үнэлгээтг эс зөвшөөрч шүүхийн журмаар дахин үнэлгээ тогтоолгохоор хүсэлт гаргаагүй учраас энэ үнэлгээг бодитой гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй.

7. Анхан шатны шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч кабель шугамыг солих шаардлагагүй, засварласан зардлаа шаардах ёстой гэх агуулгаар дүгнэлт гаргасан нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 191/ШШ2025/03069 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 521,365 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА

 

Д.ЦОГТСАЙХАН