Улсын дээд шүүхийн Тогтоол

2025 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2025/0041

 

Г.Г-ийн нэхэмжлэлтэй,

Орхон аймгийн Засаг даргын Тамгын газарт

холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:                           Ц.Цогт

Танхимын тэргүүн:                       Д.Мөнхтуяа

Шүүгчид:                                             Г.Банзрагч

                                                               М.Батсуурь

Илтгэгч шүүгч:                               П.Соёл-Эрдэнэ

Нарийн бичгийн дарга:                Б.Зэнээмэдрээ

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 119/ШШ2024/0051 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 221/МА2025/0049 дүгээр магадлалтай,

Хэргийн оролцогчид: Нэхэмжлэгч Г.Г, түүний өмгөөлөгч Г.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, гуравдагч этгээд Ж.Б, түүний өмгөөлөгч Д.Б нарыг оролцуулан,

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 132 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн” эсэх гэсэн үндэслэлээр, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага: Төрийн албаны зөвлөлийн Орхон аймаг дахь салбар зөвлөлийн 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 17 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, Засаг даргын Тамгын газрын, хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн даргын албан тушаалд томилохыг даалгах, 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Б/85 дугаар тушаалыг хүчингүй болгуулах;

2.Хэргийн нөхцөл байдал: 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын хяналт-шинжилгээ үнэлгээний хэлтсийн даргын албан тушаалын сул орон тоонд тусгай шалгалт зохион байгуулж, Б.О, Г.Г нар оролцож, хамгийн өндөр оноо авсан Б.О-ийг уг албан тушаалд томилсон байх бөгөөд Г.Г-ээс “хяналт шинжилгээ үнэлгээний чиглэлээр 3-аас доошгүй жил ажилласан байх шаардлагыг хангаагүй” гэж, Б.О-ийг нэр дэвшүүлсэн тогтоолд маргаж, уг асуудлаар захиргааны хэргийн шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх үед Б.О нь “өөр ажилд шилжсэн” гэх үндэслэлээр маргаан бүхий албан тушаалыг эрхлээгүй байна.  

3.2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 24 дүгээр шийдвэрээр Г.Г-ийг “хяналт-шинжилгээ үнэлгээний хэлтсийн даргын албан тушаал”-д нэр дэвшүүлэхийг Төрийн албаны салбар зөвлөлд даалгасны дагуу 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 17 дугаар тогтоолоор Г.Г-ийг нэр дэвшүүлсэн боловч 2024 оны 10 дугаар сарын 07-нд маргаан бүхий албан тушаалд тусгай шалгалт зохион байгуулж, улмаар Ж.Б-г томилсон байна.

4.Нэхэмжлэгчээс “ ... Шүүхийн шийдвэрээр ажилд томилох үүрэг үүссэн байхад шүүхийн шийдвэрийг үл биелүүлсэн, сонгон шалгаруулалт дахин зарлахгүйгээр ажилд томилох байсан” гэж,

5.Хариуцагчаас “ ... сул орон тоо гарсан гэж үзсэн тул сонгон шалгаруулалт зарласан, өмнөх шүүхийн шийдвэр биелэгдээд дууссан, Г.Г нь өөрөө ажилд томилогдох талаар Тамгын газрын даргатай ирж уулзаж байгаагүй” гэж,

6.Гуравдагч этгээдээс “... Би хууль журмын дагуу сонгон шалгаруулалтад оролцож хамгийн өндөр оноо авсан тул хяналт шинжилгээ үнэлгээний хэлтсийн даргаар томилогдсон, нэхэмжлэл хангагдахаар бол миний эрх зүйн байдал дордож ажилгүй болох нөхцөл байдал үүсээд байна” гэж тус тус маргажээ.

7.Анхан шатны шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Үүнд:

7.1.Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 119/ШШ2023/0024 дүгээр шийдвэрээр Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн даргын албан тушаалд Г.Г-ийг томилуулахаар нэр дэвшүүлэхийг Төрийн албаны зөвлөлийн Орхон аймаг дахь салбар зөвлөлд даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангасан ба шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.

7.2.Шүүхийн шийдвэрийг шийдвэр гүйцэтгэлийн журмаар биелүүлж, Төрийн албаны зөвлөлийн Орхон аймаг дахь салбар зөвлөл 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн “Нэр дэвшүүлэх” тухай 17 дугаар тогтоолоор иргэн Г.Г-ийг Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн даргын албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

7.3.Засаг даргын Тамгын газрын дарга Г.Г-ийг Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн даргын албан тушаалд томилоогүй, хуульд заасан шийдвэрийг журамд заасан хугацаанд хууль зүйн үндэслэлтэйгээр хариу өгөх үүргээ биелүүлээгүй хууль бус эс үйлдэхүй байна.

7.4.Хуульд заасан болзол, журмын дагуу төрийн албанд орох адил тэгш боломжтой байх зарчимтай ба нэхэмжлэгч Г.Г нь хуулиар тусгайлан шаардсан болзол, нөхцөлийг хангасан, Төрийн албаны салбар зөвлөл Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн даргын албан тушаалд нэр дэвшүүлсэн байхад тус албан тушаалд томилогдох эрхийг хязгаарлах боломжгүй.

8.Давж заалдах шатны шүүх дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн. Үүнд:

8.1.Төрийн албаны зөвлөлийн Орхон аймаг дахь салбар зөвлөлийн Г.Г-ийг Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн даргын албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлэх тухай дээрх 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 17 дугаар тогтоолыг хариуцагчид хүргүүлсэн эсэх, хэрэв хүргүүлсэн бол хариуцагч захиргааны байгууллагаас Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д “... төрийн албаны төв байгууллагын санал болгосон төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд нэр дэвшигчийг томилохоос хуульд заасан үндэслэлээр нэг удаа татгалзах эрхтэй ...” гэж заасны дагуу татгалзсан эсэх болон ийнхүү татгалзсаны үндсэн дээр дахин сонгон шалгаруулалт зарласан эсэхийг тодруулах шаардлагатай.

8.2.Түүнчлэн сонгон шалгаруулалт зарлах үед нэхэмжлэгч Г.Г нь удирдах албан тушаалтны нөөцөд байсан эсэх, тухайн тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасан зохицуулалт хэрхэн үйлчлэх болон хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр биелэгдэх боломжтой эсэх буюу нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэх боломжтой эсэх талаар хууль зүйн дүгнэлт өгч хэрэг маргааныг нэг мөр шийдвэрлэх байжээ.

8.3.Гуравдагч этгээд Ж.Б шүүхэд “...Төрийн албаны зөвлөлөөс зарласан сонгон шалгаруулалтад оролцон тэнцэж, Төрийн албаны зөвлөлийн Орхон аймаг дахь салбар зөвлөл 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 67 дугаар тогтоолоор нэр дэвшүүлснээр тухайн албан тушаалд томилогдсон” гэх агуулга бүхий хариу тайлбарыг ирүүлсэн байгаа энэ тохиолдолд шүүх уг орон тоонд сонгон шалгаруулалтыг хэн, хэзээ зарлаж зохион байгуулсан болохыг тодруулаагүй, мөн гуравдагч этгээдийг нэр дэвшүүлсэн уг 67 дугаар тогтоолын хууль зүйн үндэслэлд дүгнэлт өгөөгүй, үүнтэй холбоотой нотлох баримтыг цуглуулах үүргээ хэрэгжүүлэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

9.Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

9.1.Томилохгүй эс үйлдэхүй гаргаад байна хэмээн нэхэмжлэгч маргаж байгаа тул эс үйлдэхүйтэй холбоотой нотлох баримт байх боломжгүй байхад нотлох баримт цуглуулах үүргээ шүүх биелүүлээгүй гэж байгаа нь буруу юм. Түүнчлэн нэхэмжлэлийн аль шаардлагад холбогдуулан ямар баримтыг шүүх хэрхэн бүрдүүлэх талаар тодорхойлж заагаагүй. Ямар ч шийдвэр гаргасангүй хэмээн маргахаар түүнтэй холбоотой баримт цуглуулж, цугларахгүй баримтад холбогдуулан дүгнэлт хийх ёстой гэсэн шүүхийн дүгнэлт нь үндэслэлгүй болно.

9.2.Хариуцагч нь нотлох баримтыг бид гаргаж өгөөгүй гэсэн тайлбарыг шүүх анхааран авч үзсэн бөгөөд түүнд тулгуурлан дээрх дүгнэлтийг хийж байна. Хэрэв баримтаа гаргаж өгөөгүй нь миний буруу байна гэсэн хариуцагч талын тайлбарыг давах шатны шүүхээс хүлээж аваад байвал энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулах, шийдвэрийг хууль бусаар хүчингүй болгох үүд хаалгыг нээж байгаа явдал болно. Түүнчлэн хариуцагч буюу аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга нь Төрийн албаны салбар зөвлөлийн дарга тул салбар зөвлөлийн шийдвэрийг мэдээгүй эсхүл өөрт нь хүргэгдсэн ирээгүй гэх хариуцагч тайлбар үндэслэлгүй учраас энэ талаар нотлох баримт цуглуулах шаардлагагүй юм.  

9.3.Г.Г-ийг томилохоос хуульд заасан үндэслэлээр татгалзаагүй бөгөөд татгалзсан ямар нэг шийдвэрийг захиргаа гаргаагүй. Ямар ч татгалзал байхгүй, татгалзсаны үндсэн дээр сонгон шалгаруулалт зарлагдаагүй тул татгалзал байгаа эсэхийг тодруулах шаардлага байхгүй болно.

9.4.Талуудын огт маргаагүй асуудал буюу сонгон шалгаруулалт болон 67 дугаар тогтоолтой холбоотой асуудлаар дүгнэлт хийх, нотлох баримт цуглуулахыг шүүх шаардаж байгаа нь хууль хэрэглээний алдаа болно. Энэ талаар Улсын дээд шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 30 дугаар тогтоолын 5.9.3-т “Хуулийн хэргийн оролцогчдын маргаагүй асуудал” гэдэгт талуудын маргаж буй үйл баримтад хамаарахгүй асуудлууд, үйл баримтыг тогтоох, маргаан бүхий захиргааны шийдвэр хуульд нийцсэн эсэх нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн эсэхийг тогтоохтой хамааралгүй бусад нөхцөл байдлыг ойлгоно” хэмээн заасан. Тэгэхээр “албан тушаалтны эс үйлдэхүй”-тэй огт хамааралгүй асуудлаар дүгнэлт өгөх, нотлох баримт цуглуулахыг шаардаж байгаа нь Улсын дээд шүүхийн тайлбар болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн холбогдох заалтыг зөрчиж байгаа зөрчил болно.

ХЯНАВАЛ:

10.Давж заалдах шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан байх тул магадлалыг хүчингүй болж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхэд буцааж шийдвэрлэлээ.

11.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3-д “Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүх дараахь үндэслэл илэрвэл энэ хуулийн 121.1.4-т заасан шийдвэрийг гаргана”, 121.3.4-т “шүүх шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, эсхүл хуулийн шаардлага хангаагүй болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон” гэж заасныг маргааны үйл баримтад холбогдуулан хэрэглэхэд давж заалдах шатны шүүхийн хэргийг буцаасан үндэслэл хуулийн дээрх шаардлагад нийцээгүй байна.

12.Тухайлбал, давж заалдах шатны шүүхийн “Төрийн албаны зөвлөлийн Орхон аймаг дахь салбар зөвлөлийн Г.Г-ийг Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн даргын албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлэх тухай дээрх 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 17 дугаар тогтоолыг хариуцагчид хүргүүлсэн эсэх” гэх дүгнэлт нь маргааны үйл баримтад шууд хамааралгүй, энэхүү 17 дугаар тогтоолыг хариуцагч “мэдээгүй, хүлээж аваагүй” гэж маргаагүй, нотолгооны ач холбогдолгүй, хэргийн шийдэлд нөлөөлөхгүй, энэ талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “эс үйлдэхүйтэй холбоотой маргаж байхад хамааралгүй дүгнэлт хийсэн” гэх агуулгатай гомдол үндэслэлтэй.

13.Учир нь Төрийн албаны зөвлөлийн Орхон аймаг дахь салбар зөвлөлийн 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 17 дугаар тогтоол нь хоёр захиргааны байгууллага хооронд үүссэн буюу Салбар зөвлөлөөс хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлж, сонгон шалгаруулалтад тэнцсэн нэр дэвшигчийг томилох эрх бүхий этгээдэд хүргүүлсэн, энэ тохиолдолд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга нь албан тушаалын чиг үүргээр Төрийн албаны салбар зөвлөлийн даргын чиг үүргийг  хэрэгжүүлдэг нэг этгээд байх тул давж заалдах шатны шүүхийн дээрх дүгнэлт нь хэргийг буцаах үндэслэл биш юм.

14.Түүнчлэн давж заалдах шатны шүүхийн “ ... хариуцагч захиргааны байгууллагаас Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д “...төрийн албаны төв байгууллагын санал болгосон төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд нэр дэвшигчийг томилохоос хуульд заасан үндэслэлээр нэг удаа татгалзах эрхтэй...” гэж заасны дагуу татгалзсан эсэх болон ийнхүү татгалзсаны үндсэн дээр дахин сонгон шалгаруулалт зарласан эсэхийг тодруулах шаардлагатай” гэх дүгнэлт нь буруу байна.

15.Тодруулбал, хариуцагч Засаг даргын Тамгын газрын даргаас Төрийн албаны хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т “Энэ хуулийн 27.1-д заасан тохиолдолд томилох эрх бүхий этгээд төрийн албаны төв байгууллагаас санал болгосон нэр дэвшигчийг холбогдох албан тушаалд томилно. Томилох эрх бүхий этгээд төрийн албаны төв байгууллагын санал болгосон төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд нэр дэвшигчийг томилохоос хуульд заасан үндэслэлээр нэг удаа татгалзах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд төрийн албаны төв байгууллага өөр хүнийг зохих журмын дагуу санал болгоно” гэж заасныг хэрэглэж, татгалзсан шийдвэр гаргаагүй болох нь анхан шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “томилохоос татгалзсан баримт бичиг захиргааны акт байхгүй” гэж тайлбарласнаар тогтоогдож байхад “татгалзсан эсэхийг тодруулах” гэж хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж байгаа нь үндэслэлгүй.

16.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8-д “Хэргийн оролцогч өөрт байгаа нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй” гэж заасан, давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... хариуцагч татгалзаж байгаа хариуг Төрийн албаны салбар зөвлөлд илгээсэн, татгалзсан тухай хариуг Г.Г-д мэдэгдэх үүрэг хүлээхгүй, тэр баримтыг гаргаж өгөөгүй нь миний ажлын хариуцлагагүй байдлаас болсон” гэж тайлбарласан байхад үүнд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх боломжтой байна.

17.Давж заалдах шатны шүүхийн “… сонгон шалгаруулалт зарлах үед нэхэмжлэгч Г.Г нь удирдах албан тушаалтны нөөцөд байсан эсэх, тухайн тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасан зохицуулалт хэрхэн үйлчлэх болон хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр биелэгдэх боломжтой эсэх буюу нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэх боломжтой эсэх талаар хууль зүйн дүгнэлт өгч хэрэг маргааныг нэг мөр шийдвэрлэх байжээ” гэх дүгнэлт нь хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах, шүүхийн шийдвэрт нөлөөлөх зайлшгүй үндэслэл биш, нөөцөд байсан эсэхийг хууль хэрэглэн тайлбарлах замаар шийдвэрлэх бөгөөд үүнд холбогдох нотлох баримт хэрэгт хангалттай цугларсан, шүүхийн шийдвэр биелэгдэх боломжтой эсэх, нэхэмжлэгчийн эрх сэргэх боломжтой эсэхийг давж заалдах шатны шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх үүрэгтэй.

18.Түүнчлэн “энэ тохиолдолд шүүх уг орон тоонд сонгон шалгаруулалтыг хэн, хэзээ зарлаж зохион байгуулсан болохыг тодруулаагүй, мөн гуравдагч этгээдийг нэр дэвшүүлсэн уг 67 дугаар тогтоолын хууль зүйн үндэслэлд дүгнэлт өгөөгүй, үүнтэй холбоотой нотлох баримтыг цуглуулах үүргээ хэрэгжүүлэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ” гэх нөхцөл байдал хэрэгт ач холбогдолгүй, сонгон шалгаруулалтыг хэн, хэзээ зарласан нь нэхэмжлэлийн шаардлагад шууд хамааралгүй, нэгэнт зарлаад хэрэгжээд дууссан тул хамгийн сүүлийн эрх зүйн үр дагавар учруулж байгаа гуравдагч этгээдийг томилсон шийдвэрийн хүрээнд эрх зүйн дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой.

19.Дээрх үндэслэлүүдээр магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангаж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.5-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь

1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 221/МА2025/0049 дүгээр магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхэд буцаасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.ЦОГТ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                  Д.МӨНХТУЯА

   ШҮҮГЧИД                                                        Г.БАНЗРАГЧ

М.БАТСУУРЬ

П.СОЁЛ-ЭРДЭНЭ