Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 00021

 

 

 

 

 

 

 

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймгийн Галт сумын Зүрх багийн Олгонууд Даваажавын Жавзансүрэнгийн нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн Галт сумын Засаг даргад холбогдох,

“Хөвсгөл аймгийн Галт сумын Засаг даргын 2008 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн А/93 тоот захирамжийн Б.Одод холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,

Галт сумын Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн “Эрхийн гэрчилгээ хүчингүй болгох тухай” А/55 дугаартай захирамжийн 1 дэх заалтаас өөрт холбогдох хэсэг буюу “Зүрх багийн иргэн Даваажав овогтой Жавзансүрэнд тус багийн нутаг болох Мулзанд эзэмшүүлсэн 3000 м2 газрыг ... эзэмшүүлснийг хүчингүй болгох гэсэн хэсэг, мөн захирамжийн хоёр дахь заалтаас Д.Жавзансүрэнд олгосон 245879 дугаартай гэрчилгээ ... хүчингүй болгож газрын мэдээллээс хасахыг газрын даамалд даалгасугай гэснийг болон захирамжийн 3 дахь заалтаас ... мөн сумын Засаг даргын 1996 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А/16 тоот шийдвэрийн Д.Жавзансүрэнд өвөлжөөний зориулалтаар эзэмшиж байгаа газар эзэмших эрхийг ... хүчингүй болгосугай гэснийг тус тус хүчингүй болгуулах,

Д.Жавзансүрэн надад Галт сумын Зүрх багийн нутаг Мулзан хэмээх газар өвөлжөөний зориулалтаар эзэмшиж байсан 3000 м2 газрын эзэмших эрхийг гэрээнд заасан хугацаагаар сунгаж өгөхийг Галт сумын Засаг даргад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Э.Мөнхгэрэл, нэхэмжлэгч Д.Жавзансүрэн, түүний өмгөөлөгч Б.Амаржаргал, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Од, гэрч Ц.Үнэнсайхан нар оролцов

ТОДОРХОЙЛОХ нь;

Нэхэмжлэгч Д.Жавзансүрэн, түүний өмгөөлөгч Б.Амаржаргал нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анх 1996 онд Монгол Улсын Газрын тухай хууль батлагдан гарснаар сумын Засаг дарга газар зохион байгуулалтын талаар арга хэмжээ авч 1996 оны 03 дугаар сарын 01-нд “Газар эзэмшүүлэх, ашиглах тухай” 16 тоот захирамж гарган газар эзэмшиж байсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад хуучин эзэмшиж байсан газрыг нь баталгаажуулж, гэрчилгээжүүлж өгсөн бөгөөд надад ч мөн ялгаагүй уг захирамжийг үндэслэн газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ бичиж өгсөн болно. Ингэснээр манайх Галт сумын Зүрх багийн Мулзан гэх газар талийгч нөхөр С.Цогоогийн нэр дээр өвөлжөөний газрыг 15 жилийн хугацаагаар эзэмших болсон. Энэ хугацаанд газрын төлбөрийг зохих хэмжээгээр төлж байсан бөгөөд нөхөр маань 2009 оны 03 дугаар сард нас барсан тул би сумынхаа газрын даамалтай уулзан 2009 оны 06 дугаар сарын 23-нд газар эзэмших гэрээ, гэрчилгээгээ өөрийн нэр дээр бичүүлж авсан. Анх газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээг 15 жилийн хугацаагаар бичүүлж авсан миний газар эзэмших эрх гэрчилгээнд зааснаар 2011 оны 03 дугаар сарын 01-нд дуусах байсан. Гэтэл 2008 онд тус багийн иргэн Б.Од нь миний миний эзэмшил газар дээр газар эзэмших гэрчилгээ бичүүлж авсан байсан тул бидний хооронд маргаан гарч сумын Засаг дарга, газрын даамал болон харъяа дээд байгууллагад хандаж гомдол гаргасан. Улмаар энэ хугацаанд миний газар эзэмших эрхийн гэрээний хугацаа дууссан бөгөөд Газрын тухай хуульд зааснаар би газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах гэсэн боловч маргаантай байгаа гээд сунгаж өгөөгүйгээр барахгүй Галт сумын Засаг дарга нь 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр “Эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/55 дугаар захирамж гаргаж миний газар эзэмших эрхийг хүчингүй болгож, иргэн намайг хохироолоо. Уг захирамжийг гаргахдаа Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 ..., Газрын тухай хуулийн 60.1.2 ... гэсэн заалтуудыг захирамжлах хэсэгт барьжээ. Би 20 жилийн өмнө газар эзэмшсэн. Ингэхдээ эзэмшил газраа газар эзэмших гэрээнд заасан болзол журмын дагуу эзэмшиж байсан. Газрын тухай хуульд зааснаар би 15-60 жилийн хугацаагаар газар эзэмших эрхтэй. Нэг удаадаа 40 жилээс илүүгүй хугацаагаар сунгуулах эрхтэй байхад Галт сумын Засаг дарга дээрх захирамжийг гарган иргэн миний газар эзэмших, эзэмшсэн газраа сунгуулах субьектив эрхийг зөрчиж байх тул Галт сумын Засаг дарга нь 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр “Эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/55 тоот захирамжийг хүчингүй болгож, газар эзэмшигч миний газар эзэмших эрхийн гэрчилгээгээ сунгуулах эрхээ эдлэх боломжоор ханган Галт сумын Зүрх багийн Мулзан хэмээх газар 3000 м2 газрын эзэмших эрхийн гэрчилгээг хуульд заасан хугацаагаар сунгаж өгөхийг Галт сумын Засаг даргад даалгаж өгнө үү.

Нэхэмжлэлийн шаардлага нь: Хөвсгөл аймгийн Галт сумын Засаг даргын 2008 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн А/93 тоот захирамжийн Б.Одод холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,

Галт сумын Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн “Эрхийн гэрчилгээ хүчингүй болгох тухай” А/55 дугаартай захирамжийн 1 дэх заалтаас өөрт холбогдох хэсэг буюу “Зүрх багийн иргэн Даваажав овогтой Жавзансүрэнд тус багийн нутаг болох Мулзанд эзэмшүүлсэн 3000 м2 газрыг ... эзэмшүүлснийг хүчингүй болгох гэсэн хэсэг, мөн захирамжийн хоёр дахь заалтаас Д.Жавзансүрэнд олгосон 245879 дугаартай гэрчилгээ ... хүчингүй болгож газрын мэдээллээс хасахыг газрын даамалд даалгасугай гэснийг болон захирамжийн 3 дахь заалтаас ... мөн сумын Засаг даргын 1996 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А/16 тоот шийдвэрийн Д.Жавзансүрэнд өвөлжөөний зориулалтаар эзэмшиж байгаа газар эзэмших эрхийг ... хүчингүй болгосугай гэснийг тус тус хүчингүй болгуулах,

Д.Жавзансүрэн надад Галт сумын Зүрх багийн нутаг Мулзан хэмээх газар өвөлжөөний зориулалтаар эзэмшиж байсан 3000 м2 газрын эзэмших эрхийг гэрээнд заасан хугацаагаар сунгаж өгөхийг Галт сумын Засаг даргад даалгах юм.

Манайх хоёр толгойн завсрын өвөлжөөг Шинэ-Идэр сумын Мөнгөөдэй гэдэг залуугаас худалдаж авсан. Анх 1994-1995 оны үед энэ өвөлжөөнд өвөлжиж эхлээд одоог хүртэл өвөлжиж байна. Хоёр толгойн завсрын өвөлжөө нь Галт сумын нутагт биш Шинэ-Идэр сумын нутагт харъяалагддаг учраас газар эзэмших эрхийн гэрчилгээгүй өвөлжөө юм. Шинэ-Идэр сумаас дээр үед нэг бичиг ирээд манай нөхөр С.Цогоо сумын захиргаа орж уулзаад чимээгүй болсон. Шинэ-Идэр сумаас манайхыг хоёр толгойн завсрын өвөлжөөнөөс хөөсөн байх. Манайх Нам хөтөлийн Тасархай сайрын хоёр толгойн завсрын өвөлжөөнд өвөлждөг боловч тэр өвөлжөө маань газар эзэмших эрхийн гэрчилгээгүй. Харин Галт сумын Засаг даргын 1996 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 16 дугаар захирамжаар Галт сумын Зүрх багийн нутагт Мулзан гэх газар 3000 м2 газрыг өвөлжөөний зориулалтаар эзэмших эрх аваад 2006-2008 оны үед байх, хэзээ гэдгийг нь сайн санахгүй байна Мулзан уулын аманд өвөлжөөний хашаа барьсан. Аравсайг нь тавьж чадаагүй, тэндээ өвөлжиж үзээгүй. Тэр газар маань цайдамдаад хүйтэн байсан учраас дээш нь нүүлгэж Зүрх толгойн энгэрт хашаагаа барих гэтэл Б.Од тэнд хашаа барьчихсан маргаж эхэлсэн. Мулзангийн аманд барьсан өвөлжөөний хашаа маань хэт задгай, цайдам газарт баригдсан учраас малд халгаатай учраас нөмөр дулаан газар өвөлжөөгөө барих болж Мулзангийн эхэнд Зүрх толгойн энгэрт өвөлжөөгөө барихаар шийдсэн юм. Мулзангийн Зүрх толгойн энгэрт манайх өвөлжиж байгаагүй боловч манай мал тэнд идээшилж бэлчдэг учраас бид газраа ашиглаж байсан гэж үзэж байна. Анх газар эзэмших эрхийн гэрчилгээ бичүүлж авахад яг хаана өвөлжөөний хашаа барихыг зааж, шугам татаж өгсөн зүйл байхгүй. Кадастрын зураг хийлгээгүй. Мулзан гэдэг газарт хоёр толгойн завсарын өвөлжөө хамаарахгүй. 2008 онд Б.Од газар эзэмших хүсэлт гаргахдаа манайхаас зөвшөөрөл аваагүй, 2009 онд манай нөхрийг нас барсны дараа Мулзанд өвөлжөө барихыг зөвшөөрсөн гарын үсэг зураад өгөөч гэж байсан. Өмнө нь намайг зөвшөөрөөгүй байхад газар эзэмших гэрчилгээ гаргуулж авсан” гэжээ.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Галт сумын Засаг даргад шүүхэд гаргасан тайлбартаа: “... Сумын Засаг даргын 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 109 тоот захирамж нь давхардуулан газар олгосон мөн сумын Засаг дарга асан Д.Эрдэнэхуяг нь сумын Засаг даргын 1996 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 16 тоот захирамжийг хуулийн үндэслэлгүй цуцалсан байна.

Д.Жавзансүрэнгийн 1996 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 16 тоот захирамжийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дуусаагүй учраас газрын даамал Э.Авирмэд 2009 оны 06 дугаар сарын 23-ны өдөр шинэчилж гэрчилгээ гаргаж өгсөн.

Иргэн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлд дурдсан Б.Одод холбогдолтой захирамжийн өдөр нь зөрсөн, мөн захирамжийн дугаар буруу ирсэн байна. ...” гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Од шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Д.Жавзансүрэнгийн Галт сумын Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Энэ нэхэмжлэлийн шаардлага нь иргэн миний эрх ашиг хөндөгдөж байгаа тул энэ шаардлагыг хүлээн авах боломжгүй юм. Энэ газарт хууль ёсны дагуу эзэмшиж байсан 3500 м2 газрын гэрчилгээг хүчингүй болгосныг энэ хавар 5 сард мэдээд энэ хүчингүй болсон гэрчилгээний эрхийг шүүхээр сэргээлгэхийг хүсч байгаа тул сэргээж өгнө үү гэж хүсч байна. Энд Д.Жавзансүрэнгийн гэрчилгээтэй давхцал үүсээд байгаа тул шийдвэрлэж өгнө үү. Намайг Галт сумын Зүрх багийн Мулзан уулын Зүрх толгойн энгэрт хаваржааны хашаа анх барихад тэнд Д.Жавзансүрэнгийн хашаа байгаагүй. Харин хэдэн хувхай мод байсан. Тэр хувхай мод нь Шинэ-Идэр сумын Чимэдравдан гэдэг хүний мод байсан. Өөр сумын хүн манай сумын нутагт хашаа барихгүй нь тодорхой гэж бодоод нэг их тоогоогүй. Би Зүрх толгойн энгэрт хаваржааныхаа хашааг барьчихаад маргааш нь буцаад ирэхэд хашааг маань нураачихсан байсан. Дахиад хашаагаа барьж 200 мм-ын хадаасаар хадаад орхисон. Гэтэл дахиад л нураачихсан байсан. Миний барьсан хашааг Д.Жавзансүрэн эгчийн хүүхдүүд нь буулгаж хаясныг мэдсэн боловч эвтэй байя гэж бодоод хэл ам хийгээгүй орхисон. Намайг Зүрх толгойн энгэрт хаваржааныхаа хашаа барих үед Д.Жавзансүрэн гуайнх Мулзан уулын аманд буюу миний хаваржаа барьсан газраас 1.5 км зайтай газарт өвөлжөөний аравсайгүй хашаагаа барьчихсан байсан бөгөөд хоёр толгойн завсрын өвөлжөөнд өвөлждөг байсан. 2008 онд намайг газар эзэмших эрх авч байх үед шинээр өвөлжөө, хаваржаа барих гэж байгаа хүн тэр хавийнхаа гурван айлаас зөвшөөрөл авч гарын үсэг зуруулдаг бичигдээгүй хууль байсан. Д.Жавзансүрэн гуайгаас зөвшөөрөл авах гэхэд намайг хашаа барихыг зөвшөөрөхгүй гэсэн. Харин Газрын тухай хуульд шинээр өвөлжөө, хаваржаа барихын тулд заавал тэр хавийн иргэдээс зөвшөөрөл авна гэж заагаагүй. Миний газар Д.Жавзансүрэнгийн өвөлжөөний газартай давхцаагүй. Нэг дор зэрэгцээд хот айл болж өвөлжсөн ч надад татгалзах зүйл байхгүй. Энэ маргаан бол өвөлжөө, хаваржааны хашаа барих 3000 м2 газрын маргаан биш, харин мал бэлчих бэлчээрээ булаацалдсан маргаан юм. Хэн нь малаа хаашаа бэлчээх вэ гэдгээ тохирч зохицоод амьдарч болно шүү дээ. Би 2008 онд анх айл болоод газар эзэмших эрх авахаар хөөцөлдөж эхэлсэн. Би газар эзэмших эрхийн ганцхан гэрчилгээтэй. Тэр нь энэ Мулзангийн 3500 м2 хаваржааны зориулалттай газар эзэмших эрх маань юм. Надад өөр эзэмшиж байгаа өвөлжөө, хаваржааны газар байхгүй. Мулзангийн Зүрх толгойн энгэрийн газартаа кадастрын зураг хийлгээгүй. Яг хаана хашаа барихыг газар дээр нь зааж өгсөн зүйл байхгүй. Нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг сэргээх юм бол миний ч гэсэн газар эзэмших эрх адилхан сэргэх ёстой гэж бодож байна” гэв.

Гэрч Ц.Үнэнсайхан шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Анх айлуудыг гэрчилгээжүүлэх үед байгаа, байгаа газарт нь гэрчилгээ бичиж өгч байсан. Зүрх толгойн энгэрт хашаа байгаагүй, тэнд айл өвөлждөггүй. Мулзангийн ам гэх газар байрлах нэхэмжлэгчийн аравсайгүй хашаа хэдэн онд баригдсан талаар тодорхой хэлж мэдэхгүй байна. Тэнд мод буулгаад л хашаа барьж байсан. Зүрх толгойн энгэрт Б.Од хэдэн онд хашаа барьсныг тодорхой санадаггүй ээ. Дараа нь хажууханд нь Д.Жавзансүрэнгийнх мод буулгаад маргаан нь эхэлсэн. Зүрх толгойн энгэрт эхэлж Б.Од мод буулгасан. Айл саахалт, нэг нутагт нутагладаг хүмүүс учир би энэ тухай мэдэж байна. Б.Од тэнд эхэлж мод буулгасныг би тодорхой мэдэж байна. Учир нь Б.Од тэр модоо надаас худалдаж авсан юм. Би цуг ачилцаж буулгасан” гэв.

Шүүх хэргийн оролцогчид, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                               

ҮНДЭСЛЭХ нь;

Нэг. Үйл баримтын талаар

Нэхэмжлэгч Д.Жавзансүрэнгийн талийгаач нөхөр С.Цогоод Хөвсгөл аймгийн Галт сумын Засаг даргын 1996 оны 03 дугаар 01-ний өдрийн 16 дугаар захирамжаар[1] Галт сумын Зүрх багийн Мулзан хэмээх газар 210500751 нэгж талбарын дугаар[2] бүхий 3000 м2 газрыг өвөлжөөний зориулалтаар 20 жилийн хугацаагаар эзэмшүүлжээ. 2008 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр С.Цогоогийн газар эзэмших эрхийн гэрчилгээг шинэчилж 0131652 дугаар гэрчилгээ[3] олгосон ба түүнийг нас барсны дараа 2009 оны 06 дугаар сарын 23-ны өдөр эхнэр Д.Жавзансүрэнд нь газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлж 0245879 дугаар гэрчилгээ[4] олгожээ.

Харин гуравдагч этгээд Б.Одод Хөвсгөл аймгийн Галт сумын Засаг даргын 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 109 дүгээр захирамжаар[5] Галт сумын Зүрх багийн Их Мулзан хэмээх газарт хаваржааны зориулалтаар 3500 м2 газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшүүлж, 0193865 дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээ[6] олгосон байна. Гэвч Галт сумын Зүрх багийн нутагт Их Мулзан нэртэй газар байдаггүй, маргаж буй газрын нэрийг Мулзан гэдэг[7] ажээ.

Нэхэмжлэгч Д.Жавзансүрэн Хөвсгөл аймгийн Галт сумын Зүрх багийн Балин уулын энгэр Нам хөтөлийн Тасархай сайрын өвөлжөө буюу хоёр толгойн завсрын өвөлжөөнд 1994-1995 оны үеэс эхлэн одоог хүртэл өвөлжиж байгаа ба Галт сумын Зүрх багийн Мулзангийн ам гэх газар 2006-2008 оны үед өвөлжөөний хашаа барьсан боловч аравсай тавьж /дээвэрлэж/, өвөлжөөний зориулалтаар ашиглаж байгаагүй ажээ.

Харин гуравдагч этгээд Б.Од Хөвсгөл аймгийн Галт сумын Зүрх багийн Мулзан уулын Зүрх толгойн энгэрт буюу нэхэмжлэгч Д.Жавзансүрэнгийн Мулзангийн аманд барьсан өвөлжөөний аравсайгүй хашаанаас 1.5 километр орчим, Нам хөтөлийн Тасархай сайрын хоёр толгойн завсрын өвөлжөөнөөс 3 км орчим зайд 2014 онд хаваржааны хашаа барьсан[8] /энэ хашааг нураасан бөгөөд одоо цагариг байдлаар тойруулж тавьсан моднууд харагдана/ ажээ.

Нэхэмжлэгчийн өвөлжөөний хашаа барьсан Мулзангийн ам, гуравдагч этгээдийн хаваржааны хашаа барьсан Мулзангийн Зүрх толгойн энгэр гэх газруудад тэднийг хашаа барихаас өмнө өөр өвөлжөө, хаваржаа тухайн газарт байгаагүй болох нь гэрч Ц.Үнэнсайхан, С.Төмөрбаатар[9] нарын мэдүүлэг, хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогдож байна.

Урьд нь хоосон байсан Мулзангийн Зүрх толгойн энгэр гэх газарт Б.Од хаваржааны хашаа барьсны дараа нэхэмжлэгч тухайн газрыг өөрийн эзэмшлийн газар хэмээн маргажээ. Гэвч Хөвсгөл аймгийн Галт сумын Засаг даргын захирамжаар нэхэмжлэгч Д.Жавзансүрэн, хариуцагч Б.Од нарт газар эзэмшүүлэхдээ хэн хэнд нь өвөлжөө, хаваржаагаа хаана барихыг нарийвчлан зааж, солбицол, эргэлтийн өнцгийг тогтоож өгөөгүй, нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын эзэмшлийн газар кадастрын мэдээллийн санд ороогүй болох нь гэрч Л.Цэрмаа[10], Э.Авирмэд [11]нарын мэдүүлэг, хэргийн оролцогчдын тайлбараар нотлогдож байна. Харин гуравдагч этгээд Б.Одод Мулзангийн эхэнд хаваржааны хашаа бариарай гэж зааж өгсөн болох нь гэрч Л.Цэрмаагийн мэдүүлгээр[12] тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Д.Жавзансүрэнгийн Галт сумын Засаг даргын 1996 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 16 дугаар захирамжийг үндэслэн Мулзангийн ам гэх газар 2006-2008 оны үед барьсан өвөлжөөний аравсайгүй хашаа, гуравдагч этгээд Б.Одын Галт сумын Засаг даргын 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 109 дүгээр захирамжийг үндэслэн Мулзангийн Зүрх толгойн энгэрт 2014 онд барьсан хаваржааны хашаа аль аль нь давхцаагүй, хоорондоо 1.5 км орчим зайд[13] баригджээ.

Гэвч нэхэмжлэгч Д.Жавзансүрэн Мулзангийн ам гэх газарт барьсан аравсайгүй хашаагаа цайдам, задгай газар учир өвөлжөөний зориулалтаар ашиглахад хүйтдэх эрсдэлтэй, ашиглах боломжгүй хэмээн үзэж гуравдагч этгээд Б.Одын хаваржааны хашаа барьсан Мулзан уулын Зүрх толгойн энгэр рүү нүүлгэхээр шийдсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, гэрч Ц.Билэгсайхан[14], Д.Алтанцэцэг[15] нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгч Д.Жавзансүрэнгийн өвөлжөөний зориулалттай 3000 м2 газар, гуравдагч этгээд Б.Одын хаваржааны зориулалттай 3500 м2 газар анхнаасаа давхцаж байсан гэдэг нь нотлогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл гуравдагч этгээд Б.Од Мулзангийн Зүрх толгойн энгэрт хаваржааны зориулалтаар газар эзэмших хүсэлт гаргахад болон сүүлд хашаа барих үед тухайн газар нь өвөлжөө, хаваржааны зориулалтаар ашиглагдаж байгаагүй, нэхэмжлэгч Д.Жавзансүрэн Мулзангийн аманд өвөлжөөний аравсайгүй хашаа барьсан ба хоёр толгойн завсрын өвөлжөөнд өвөлждөг байсан тул Б.Одод газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн Галт сумын Засаг даргын 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 109 дүгээр захирамж нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна”, мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.7-д “өвөлжөө, хаваржааны доорхи газрыг Монгол Улсын иргэн хот айлаар дундаа хамтран эзэмшиж болно” гэж заасныг зөрчөөгүй байна.

Хоёр. Хөвсгөл аймгийн Галт сумын Засаг даргын 2008 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн А/93 тоот захирамжийн Б.Одод холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

Гуравдагч этгээд Б.Одын “Би газар эзэмших эрхийн ганцхан гэрчилгээтэй. Тэр нь энэ Мулзангийн 3500 м2 хаваржааны зориулалттай газар эзэмших эрх маань юм. Надад өөр эзэмшиж байгаа өвөлжөө, хаваржааны газар байхгүй” гэх тайлбар, хариуцагч Галт сумын Засаг даргын “...нэхэмжлэлд дурдсан Б.Одод холбогдолтой захирамжийн өдөр нь зөрсөн, мөн захирамжийн дугаар буруу ирсэн байна” гэх тайлбар[16], нэхэмжлэгчийн “Мулзан уулын Зүрх толгойн энгэрийн өвөлжөөний зориулалттай эзэмших эрх бүхий манай газартай давхардуулан Б.Одод хаваржааны зориулалтаар эзэмших эрх олгосон” гэх тайлбар, Галт сумын Засаг даргын 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 109 дүгээр захирамж[17], гэрч Э.Авирмэдийн мэдүүлэг зэргээс үзэхэд Б.Одын Хөвсгөл аймгийн Галт сумын Зүрх багийн Их Мулзан буюу Мулзан гэх газарт хаваржааны зориулалтаар эзэмших эрх авсан 3500 м2 газартай давхацсан хэмээн нэхэмжлэгч маргаж байгаа боловч маргаан бүхий захиргааны актын огноо, дугаар зөрүүтэй байна.

Гуравдагч этгээд Б.Одын Хөвсгөл аймгийн Галт сумын Зүрх багийн Их Мулзан гэх газарт газар эзэмших эрх, 0193865 дугаартай гэрчилгээг[18] Хөвсгөл аймгийн Галт сумын Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/55 дугаар захирамжаар[19] хүчингүй болгосон байна. Б.Одын газар эзэмших эрх хууль зүйн хувьд дуусгавар болсон байхад түүнийг хүчингүй болгох талаар маргах нь ач холбогдолгүй юм.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3, 106 дугаар зүйлийн 106.3.1-т зааснаар маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн ямар субьетив эрх зөрчигдсөн, актыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн сэргээгдэх нь тодорхойгүй байх тул Хөвсгөл аймгийн Галт сумын Засаг даргын 2008 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн А/93 тоот захирамжийн Б.Одод холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хэдийгээр гуравдагч этгээд Б.Од “...нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг сэргээх юм бол миний ч гэсэн газар эзэмших эрх адилхан сэргэх ёстой” гэж тайлбарлаж байх боловч бие даасан шаардлага гаргасан гэж үзэхээргүй байна. Учир нь ямар захиргааны актын улмаас гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн, зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрхэн сэргээлгэхийг хүсч ямар шаардлага гаргаж байгаа нь тодорхойгүй байна. Харин гуравдагч этгээд нь захиргааны байгууллага албан тушаалтны гаргасан шийдвэр түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж үзвэл хуульд заасан журмаар гомдол, нэхэмжлэл гаргах боломжтой юм.

Гурав. Галт сумын Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн “Эрхийн гэрчилгээ хүчингүй болгох тухай” А/55 дугаартай захирамжийн 1 дэх заалтаас өөрт холбогдох хэсэг буюу “Зүрх багийн иргэн Даваажав овогтой Жавзансүрэнд тус багийн нутаг болох Мулзанд эзэмшүүлсэн 3000 м2 газрыг ... эзэмшүүлснийг хүчингүй болгох гэсэн хэсэг, мөн захирамжийн хоёр дахь заалтаас Д.Жавзансүрэнд олгосон 245879 дугаартай гэрчилгээ ... хүчингүй болгож газрын мэдээллээс хасахыг газрын даамалд даалгасугай гэснийг болон захирамжийн 3 дахь заалтаас ... мөн сумын Засаг даргын 1996 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А/16 тоот шийдвэрийн Д.Жавзансүрэнд өвөлжөөний зориулалтаар эзэмшиж байгаа газар эзэмших эрхийг ... хүчингүй болгосугай гэснийг тус тус хүчингүй болгуулах шаардлагын тухайд

Хөвсгөл аймгийн Галт сумын Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/55 дугаар захирамжаар[20] Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн нэг дэх заалтаар Зүрх багийн иргэн Даваажав овогтой Жавзансүрэнд тус багийн нутаг болох Мулзанд 3000 м2 газар эзэмшүүлснийг хүчингүй болгож, хоёр дахь заалтаар түүнд олгосон 245879 дугаартай гэрчилгээг[21] хүчингүй болгож, газрын мэдээллийн сангаас хасахыг газрын даамалд даалгаж, гурав дахь заалтаар мөн сумын Засаг даргын 1996 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А/16 тоот шийдвэрийн Д.Жавзансүрэнд өвөлжөөний зориулалтаар эзэмшиж байгаа газар эзэмших эрхийг хүчингүйд тооцжээ.

Хэргийн оролцогчдын тайлбар, гэрч Э.Авирмэд[22], Г.Цолмонгэрэл[23] нарын мэдүүлэг зэргээс үзэхэд Д.Жавзансүрэнгийн өвөлжөөний, Б.Одын хаваржааны газар давхацсан гэх маргааныг шийдвэрлэхээр сумын Засаг даргын Тамгын газрын албан хаагч нар нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын хамт Галт сумын Зүрх багийн Мулзангийн Зүрх толгойн энгэр гэх газар дээр очиж үзээд маргаж буй газартаа Д.Жавзансүрэн, Б.Од нар хоёул зохицоод байж чадахгүй бол газар эзэмших эрхийг нь цуцална хэмээн амаар мэдэгдсэн байна. Нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын тайлбар, гэрч Э.Авирмэдийн[24] мэдүүлгээс үзэхэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэсэн үндэслэлээр Галт сумын Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/55 дугаар захирамжаар Б.Од, Д.Жавзансүрэн нарын газар эзэмших эрхийг цуцалжээ.

Нэхэмжлэгч Д.Жавзансүрэн Хөвсгөл аймгийн Галт сумын Зүрх багийн Мулзан гэх газарт өвөлжөөний зориулалтаар эзэмших эрх авсан 3000 м2 газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг хэрхэн нотолсон нь тодорхойгүй байна. Тухайлбал хэргийн оролцогчдын тайлбар, шүүхийн үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн үеэр хийсэн дуу-дүрсний бичлэг, гэрч Л.Цэрмаагийн мэдүүлэг зэргээс үзэхэд нэхэмжлэгч Д.Жавзансүрэн Галт сумын Зүрх багийн Балин /Мулзан уулын үргэлжлэл/ уулын өвөрт Нам хөтөлийн Тасархай сайрын хоёр толгойн завсрын өвөлжөөнд хорь гаруй жил өвөлжиж байгаа, энэхүү өвөлжөөнөөс холгүй Мулзан уулын аманд өвөлжөөний аравсайгүй хашаа барьсан байхад түүнийг 1996 оноос хойш хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу газраа ашиглаагүй гэж үзсэн нь ойлгомжгүй байна.

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж заасан байх тул нэхэмжлэгч Д.Жавзансүрэнгийн хувьд Б.Одтой маргаж буй Мулзангийн Зүрх толгойн энгэрийн газар, Мулзангийн аманд аравсайгүй хашаа барьсан газар, Балин уулын өвөрт Нам хөтөлийн Тасархай сайрын хоёр толгойн завсар барьсан өвөлжөөний газрын чухам алиныг нь Галт сумын Засаг даргын 1996 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 16 дугаар захирамжаар 0245879 дугаар гэрчилгээгээр[25] эзэмшдэг болохыг хариуцагч тогтоогоогүй байж түүний газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч Д.Жавзансүрэнд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох талаар амаар мэдэгдсэн гэх боловч газраа ашиглаж чадаагүй хүндэтгэн үзэх шалтгаан байсан эсэхийг тодруулаагүй, нотлох баримт, тайлбар гаргаж өгөх эрхийг нь эдлүүлж, бичгээр урьдчилан мэдэгдээгүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, гэрч Э.Авирмэдийн мэдүүлгээр тогтоогдож байх төдийгүй Галт сумын Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/55 дугаар захирамжид[26] Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэсэн заалтыг баримтлаагүй ажээ.

Мулзан гэх газар өвөлжөөний зориулалтаар 3000 м2 газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн 0245879 дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээг[27] 2009 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Д.Жавзансүрэнд олгосон бөгөөд энэ хугацааг дуусаагүй байхад Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2-т газар эзэмших, ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд үүссэн маргаан, газар ашиглах гэрээний нөхцөл, болзлын талаар газар эзэмшигч ба ашиглагчийн хооронд үүссэн маргааныг зохих шатны Засаг дарга шийдвэрлэхээр заасныг баримтлан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэлийн хоёр дахь шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг сэргээх үндэслэлтэй байна.

Дөрөв. Галт сумын Зүрх багийн нутаг Мулзан хэмээх газарт өвөлжөөний зориулалтаар эзэмшиж байсан 3000 м2 газрын эзэмших эрхийг гэрээнд заасан хугацаагаар сунгаж өгөхийг Галт сумын Засаг даргад даалгах шаардлагын тухайд.

Захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг захиргааны байгууллагад даалгаж шийдвэрлэх үндэслэлтэй байдаг.

Талийгаач С.Цогоогийн Мулзан гэх газар өвөлжөөний зориулалтаар эзэмшиж байсан 3000 м2 газрыг нэхэмжлэгч Д.Жавзансүрэнд шилжүүлж 15 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн 0245879 дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээг[28] 2009 оны 06 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэгчид олгож, гэрээ[29] байгуулсан байх тул хариуцагч Галт сумын Засаг даргын газар эзэмших гэрээг сунгахгүй байгаа хууль бус эс үйлдэхүй, эсхүл татгалзсан шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэхээргүй байна. Иймд нэхэмжлэлийн гуравдахь шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байна. Харин нэхэмжлэлийн хоёр дахь шаардлага болох Галт сумын Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/55 дугаар захирамжийн Д.Жавзансүрэнд холбогдох хэсгийг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн 0245879 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ бүхий газар эзэмших эрх сэргээгдэж байгаа болно.

Нэхэмжлэгч Д.Жавзансүрэн “2008 онд Б.Од газар эзэмших хүсэлт гаргахдаа манайхаас зөвшөөрөл аваагүй, 2009 онд манай нөхрийг нас барсны дараа Мулзанд өвөлжөө барихыг зөвшөөрсөн гарын үсэг зураад өгөөч гэж байсан. Өмнө нь намайг зөвшөөрөөгүй байхад газар эзэмших гэрчилгээ гаргуулж авсан”, гуравдагч этгээд Б.Од “2008 онд намайг газар эзэмших эрх авч байх үед шинээр өвөлжөө, хаваржаа барих гэж байгаа хүн тэр хавийнхаа гурван айлаас зөвшөөрөл авч гарын үсэг зуруулдаг бичигдээгүй хууль байсан. Д.Жавзансүрэн гуайгаас зөвшөөрөл авах гэхэд намайг хашаа барихыг зөвшөөрөхгүй гэсэн. Харин Газрын тухай хуульд шинээр өвөлжөө, хаваржаа барихын тулд заавал тэр хавийн иргэдээс зөвшөөрөл авна гэж заагаагүй” хэмээн тус тус маргасан. Газар эзэмшигч нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан эрх эдэлж, үүрэг хүлээх ба бусад этгээд газар эзэмших эрх олж авахад нь зөвшөөрөл өгөх эрх, үүрэг газар эзэмшигчид байхгүй. Харин иргэн Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасан шаардлагад нийцүүлэн мөн хуулийн 32 дугаар зүйлд заасан журмаар газар эзэмших тухай хүсэлт гаргах бөгөөд өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар эзэмших хүсэлт гаргахын тулд тухайн газрын ойр хавьд нутагладаг иргэдээс зөвшөөрөл авах талаар хууль тогтоомжид заагаагүй болохыг дурдъя.

Нэхэмжлэгч Д.Жавзансүрэн Нам хөтөлийн Тасархай сайрын хоёр толгойн завсрын өвөлжөө нь Шинэ-Идэр сумын нутаг дэвсгэрт хамаардаг тул газар эзэмших эрхийн гэрчилгээгүй бөгөөд Мулзангийн Зүрх толгойн энгэрт манай мал идээшилдэг байсан учраас газраа ашиглаж байсан гэж үзэж байна хэмээн маргасан. Нэхэмжлэгчийн 1994-1995 оны үед анх өвөлжиж эхлээд одоог хүртэл өвөлжиж байгаа Нам хөтөлийн Тасархай сайрын хоёр толгойн завсрын өвөлжөө нь Шинэ-Идэр сумын нутагт хамаарах уу, эсхүл Галт сумын нутагт хамаарах уу гэдэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй байна. Харин гуравдагч этгээд Б.Одын хаваржаа барьсан байсан Галт сумын Зүрх багийн Мулзан уулын Зүрх толгойн энгэрт нэхэмжлэгч өвөлжиж байгаагүй, өвөлжөөний хашаа бариагүй байсан ба нэхэмжлэгчийн мал тэр газарт бэлчиж идээшилдэг байсныг газрыг гэрээнд заасан зориулалтын дагуу ашигласан гэж үзэхгүй. Учир нь Галт сумын Засаг даргын 1996 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 16 дугаар захирамжийг үндэслэн 2009 оны 06 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэгчтэй байгуулсан “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-д[30] зааснаар өвөлжөөний зориултаар газар эзэмшүүлэх гэж заасан байна. Өвөлжөө гэдэг нь өвлийн хүйтэн улиралд малыг дулаан байлгахад зориулж тусгайлан барьж бэлтгэсэн хашаа, саравч бүхий байртай[31] өвлийг өнгөрүүлэх газар юм.

Шүүх хуралдааны товыг хариуцагч Хөвсгөл аймгийн Галт сумын Засаг даргад мэдэгдсэн боловч өвчний улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон тухайгаа шүүхийн цахим шуудангийн хаягаар мэдэгдсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.5-д зааснаар шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн болно.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Галт сумын Засаг даргын Тамгын газраас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Жавзансүрэнд олгох нь зүйтэй байна. Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.5, 44 дүгээр зүйлийн 44.3.3, 44.3.5, 45 дугаар зүйлийн 45.1.4, 47 дугаар зүйлийн 47.2-т заасныг баримтлан гэрч асууж, үзлэг хийсэн шүүхийн зардал 106 800 төгрөгийг хувь тэнцүүлэн нэхэмжлэгч, хариуцагч нараас гаргуулж улсын төсөвт тушаалгах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.13-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь;

1. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 40 дүгээр зүйлийн 40.1.6, 60 дугаар зүйлийн 60.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Жавзансүрэнгийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган Хөвсгөл аймгийн Галт сумын Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/55 дугаар захирамжийн 1 дэх заалтаас “Зүрх багийн иргэн Даваажав овогтой Жавзансүрэнд тус багийн нутаг болох Мулзанд эзэмшүүлсэн 3000 м2 газрыг ... эзэмшүүлснийг хүчингүй болгох” гэсэн хэсэг, хоёр дахь заалтаас “Д.Жавзансүрэнд олгосон 245879 дугаартай гэрчилгээ ... хүчингүй болгож газрын мэдээллээс хасахыг газрын даамалд даалгасугай” гэснийг болон 3 дахь заалтаас “... мөн сумын Засаг даргын 1996 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А/16 тоот шийдвэрийн Д.Жавзансүрэнд өвөлжөөний зориулалтаар эзэмшиж байгаа газар эзэмших эрхийг ... хүчингүй болгосугай” гэснийг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдсэнийг буюу “Хөвсгөл аймгийн Галт сумын Засаг даргын 2008 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн А/93 тоот захирамжийн Б.Одод холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Галт сумын Зүрх багийн нутаг Мулзан хэмээх газар өвөлжөөний зориулалтаар эзэмшиж байсан 3000 м2 газрын эзэмших эрхийг гэрээнд заасан хугацаагаар сунгаж өгөхийг Галт сумын Засаг даргад даалгах” шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Галт сумын Засаг даргын Тамгын газраас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Жавзансүрэнд олгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.5, 44 дүгээр зүйлийн 44.3.3, 44.3.5, 45 дугаар зүйлийн 45.1.4, 47 дугаар зүйлийн 47.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Жавзансүрэн, хариуцагч Галт сумын Засаг даргын Тамгын газраас тус бүр шүүхийн зардал 53 400 төгрөг гаргуулж улсын төсөвт тушаалгасугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ж.ГАНЧИМЭГ

 

 

 

 

 

 

 


[1] Хэргийн 18 дугаар хуудас

[2] Хэргийн 148-149 дүгээр хуудас

[3] Хэргийн 124-125 дугаар хуудас

[4] Хэргийн 5 дугаар хуудас

[5] Хэргийн 31 дүгээр хуудас

[6] Хэргийн 33 дугаар хуудас

[7] Хэргийн 82 дугаар хуудас гэрч Э.Авирмэдийн мэдүүлэг, 142 дугаар хуудас гэрч Л.Цэрмаагийн мэдүүлэг

[8] Хэргийн 88-90, 134-136 дугаар хуудас үзлэгийн тэмдэглэл гэрэл зураг, үзлэгийн дуу-дүрсний бичлэг

[9] Хэргийн 128 дугаар хуудас

[10] Хэргийн 142-143 дугаар хуудас

[11] Хэргийн 81-83 дугаар хуудас

[12] Хэргийн 142-143 дугаар хуудас

[13] Хэргийн 134-137 дугаар хуудас, үзлэгийн үеэр хийсэн дуу-дүрсний бичлэг

[14] Хэргийн 117 дугаар хуудас

[15] Хэргийн 118 дугаар хуудас

[16] Хэргийн 29 дүгээр хуудас

[17] Хэргийн 31 дүгээр хуудас

[18] Хэргийн 33 дугаар хуудас

[19] Хэргийн 34 дүгээр хуудас

[20] Хэргийн 34 дүгээр хуудас

[21] Хэргийн 32 дугаар хуудас

[22] Хэргийн 81-83, 144 дүгээр хуудас

[23] Хэргийн 85-86 дугаар хуудас

[24] Хэргийн 81-83, 144 дүгээр хуудас

[25] Хэргийн 32 дугаар хуудас

[26] Хэргийн 34 дүгээр хуудас

[27] Хэргийн 32 дугаар хуудас

[28] Хэргийн 32 дугаар хуудас

[29] Хэргийн 6 дугаар хуудас

[30] Хэргийн 6 дугаар хуудас

[31] Өвөлжөөний байрыг аравсайтай хашаа, саравчтай хашаа, сөртэй хашаа, танзтай хашаа, пинтэй хашаа, байртай хашаа зэргээр нутаг бүр өөр өөрөөр нэрлэдэг байна.