Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2020/0015

 

2019 оны 12 сарын 26 өдөр           Дугаар 221/МА2020/0015                          Улаанбаатар хот

О.Б-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Номуулин даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгч О.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.О нарыг оролцуулан Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 25 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу О.Б-ын нэхэмжлэлтэй, Орхон аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 25 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /2002 он/ 9 дүгээр зүйлийн 9.1.7, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 31.3, 33 дугаар зүйлийн 33.4 дэх заалтуудыг баримтлан Орхон аймгийн Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн А/280 дугаар захирамжийн хавсралтын “4 дүгээрт Уурхайчин Кувейтийн гудамжинд, “Х” хүнсний захын ард 1400 м.кв худалдаа үйлчилгээ 15 жил” гэснийг, 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/502 дугаар захирамжийн хавсралтын “4 дүгээрт Худалдаа үйлчилгээ “Ц...” ХХК 15 жилийн 1400 м.кв Уурхайчин баг, Кувейтийн гудамжинд, “Х” хүнсний захын ард” гэснийг тус тус илт хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэлийн үлдэх хэсэг болох газар эзэмших эрх сэргээж, 80 м.кв, 85 м.кв газар эзэмшүүлэх акт гаргахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

2 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт заасныг баримтлан шинжээчийн зардалд нэхэмжлэгч О.Б-аас 150.000 төгрөг, хариуцагч Орхон аймгийн Засаг даргаас 150.000 төгрөг тус тус гаргуулан “Г...” ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Шүүх Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн А/280 тоот “Газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалт зарлах тухай” захирамжийн хавсралтын “4. Худалдаа үйлчилгээ, “Ц...” ХХК, 15 жил, 1400 м.кв, Уурхайчин баг, Кувейтийн гудамж, Х захын ард” гэсэн нь илт хууль бус гэж үзсэн нь дараах байдлаар үндэслэлгүй байна.

Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 03 тоот тогтоол гаргаж, 2014 онд газрын харилцааны талаар баримтлах бодлогыг баталжээ. Энэ бодлогын баримт бичгийн 3.3.6-д “Кувейтийн гудамжны барилгажилтын төслийг иргэд тохилог орчинд үйлчлүүлэх нөхцөлийг хангасан, хот тохижилтын оновчтой шийдэлтэйгээр боловсруулж, батлуулан хэрэгжилтийг газар эзэмшигч иргэн, аж ахуйн нэгжүүдтэй хамтран зохион байгуулах” чиг үүргийг Засаг даргад чиглэл болгосон байна. Энэ тогтоолыг гаргахдаа:

Газрын тухай хуулийн 20.1.2 дахь заалтыг болон Хот байгуулалтын тухай хуулийн 14.1 дэх заалтыг баримталсан нь Эрдэнэт хотын Хүнсний зах, Худалдааны гудамж орчны нутаг дэвсгэрийн бүсчилсэн төлөвлөлтөд нийцүүлж барилгажуулах бодлого бөгөөд үүнийг газар зохион байгуулалт гэж үзэхээр хууль зүйн үндэслэлийг тодорхойлсон байна.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын энэ тогтоол хууль бусад тооцогдсон зүйл байхгүй байна. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дээрх 03 тоот тогтоолын хавсралтаар батлагдсан бодлогын баримт бичгийн 3.3.6 дахь заалт нь Эрдэнэт хотын худалдаа, үйлчилгээ эрхлэгч, үйлчилгээ авагч олон нийтийн болон газар эзэмшигчийн эрх ашигт аль алинд нь нийцсэн, тэр орчны оготны нүх шиг олон амбаар, павильоныг нэгтгэн орчин үеийн худалдааны төв болгох эрүүл аюулгүй орчинд шилжүүлэх, газар, хөрөнгө эзэмшигчидтэй тохиролцож хэрэгжүүлэхэд чиглэсэн Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 2, 11 дэх хэсэгт нийцсэн гэж үзэж байна.

Төсөл сонгон шалгаруулалт зарласан байршилд эзэмшил газартай, худалдаа үйлчилгээний объекттой байсан 15 иргэн нэгдэж “Кувейтийн гудамжны газар эзэмшигчдийн холбоо” ТББ байгуулсан төсөл сонгон шалгаруулалтад оролцсон ба шалгарч чадаагүй тул шалгарсан “Ц...” ХХК-тай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулан нийтдээ 614 сая төгрөг оруулж шинэ худалдааны төвд /Хэргийн 188-189, 228-230 дахь талд үзнэ үү/ тохилог үйлчилгээний байр өмчтэй болсон байгаа. Иргэн О.Б-д төсөл шалгаруулалтад оролцох, хамтран хөрөнгө оруулж үл хөдлөх хөрөнгө өмчлөгч болох энэ боломжууд нээлттэй байсан боловч өөрөө маргалдаж үлдсэн ба 2 павильоны үнэд 195 сая төгрөг гаргуулж авахаар шүүхээр нэгэнт шийдүүлсэн байгаа. Иргэн О.Б нь бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, хуулийн өмнө адил тэгш байх Үндсэн хуулийн үүрэгтэй иргэн мөн. Хүн ам олноор төвлөрсөн хотод амьдарч байгаа иргэн нь бусад хүмүүс хамтаараа ая тухтай үйлчилгээ авах, хөдөлмөр эрхлэх, хөрөнгө эзэмших, өмчлөх, ажиллаж амьдрах тэгш эрхийг хүндэтгэх замаар өөрийнхөө эрхийг хэрэгжүүлэх учиртай тул Үндсэн хуулийн заалт дурдав.

Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн А/280 тоот захирамжийг илт хууль бус гэж тооцох үндэслэл болгож шүүхийн хэрэглэсэн хуулийн заалт үндэслэлгүй байна. Үүнд:

Энэ захирамжаар төсөл сонгон шалгаруулалт зарласан газар нь Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2, 29.3-т болон 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасан газрын аль нь биш байх ба 33.1.2-т зааснаар төсөл сонгон шалгаруулалт зарласан нь Газрын тухай хууль зөрчөөгүй байна.

Газрын тухай хуулийн 33.1.2 дахь заалтад зааснаар төсөл сонгон шалгаруулалт явуулах журмыг Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолын 7 дахь хавсралтаар баталж мөрдсөн /Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоол гартал мөрдөгдсөн/ Газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалт явуулах журамд заахдаа төслийг газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өргөдлийг үндэслэн биш “... Хот суурин газрын хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөөтэй уялдуулан томоохон барилга байгууламж барихад зориулан ...” явуулдаг захиргааны үйл ажиллагаа байна.

Ийм учраас А/280 тоот захирамж гаргахдаа Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 31.3 дахь заалтыг зөрчсөн гэж шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/502 дугаар захирамж нь дээр дурдсан А/280 дугаар захирамжаар явуулсан төсөл сонгон шалгаруулах ажиллагааны үр дүнгээр газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-ын “Газар, газрын хэвлийн тухай хууль тогтоомж, тэдгээрийн биелэлтийг хангах чиглэлээр Хурлаас гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулах, хэрэгжилтийг хангах үүргийн хүрээнд 29.2, 30 дугаар зүйлийн 30.1.5-д заасан Засаг даргын бүрэн эрхэд нийцсэн, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-ыг баримталсан тул илт хууль бус байх боломжгүй.

Иргэн О.Б-ын эзэмшил газрыг албадан чөлөөлсөн нь хууль зөрчсөн гэж үзсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа нөхцөлд түүний зөрчигдсөн эрхийг сэргээх үүрэг Засаг даргад хууль ёсоор оногдоно. Үүнийг шийдвэрлэх, О.Б-ын шаардлагыг шийдвэрлэхдээ шүүх хэргийн хүрээнд тогтоогдсон, нотлогдсон дараах нөхцөл байдлыг авч үзэх шаардлагатай.

Энэ эрхээ хэрхэн сэргээлгэх талаар нэхэмжлэгч эргэлзсэн байр суурьтай байгаа нь түүний нэхэмжлэлийн шаардлагаа олон удаа өөрчилж, нэмэгдүүлж, тодотгож байгаа байдлаас харагдана. Иймд түүний эцсийн зорилго, түүний шаардлагыг биелүүлбэл бусад олон өмчлөгчдийн эрх ашиг, үйлчлүүлэгч бүхэл хотын иргэдийн ашиг сонирхол хөндөгдөх нөхцөл байдал үүсэхийг тодруулах шаардлагатай.

“Ц...” ХХК-ийн дээр дурдсан шийдвэр, үйл ажиллагааны дүнд эзэмшил үүссэн 1400 м.кв газар дээр баригдсан “Ц...” маркет худалдааны төвийг албадан буулгаж, 165 м.кв газраа чөлөөлүүлэх түүний шаардлага 3 шатны шүүхээр шийдвэрлэгдэж Улсын дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 001257 тоот тогтоолд “газар эзэмшүүлснийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй, О.Б-ын газар эзэмших эрхийн хугацаа дууссан гэсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй” гэж дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4, 54 дүгээр зүйлийн 54.1.6-д заасан нөхцөл байдлыг бий болгож байгааг шүүх баримтлах үндэслэлтэй.

Энэ тохиолдолд О.Б-ын газар эзэмших эрхийн хугацаа дууссан эсэхийг тодорхойлох, хаана ямар газар эзэмшүүлэх боломжтойг тодорхойлох зэргээр газрын харилцааны талаар Хурал, Засаг даргын чиг үүрэг, бүрэн эрхийг хэрэгжүүлэх боломжгүй тул харин А/280, А/502 тоот захирамжийг илт хууль бусад тооцуулах шаардлагыг нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн О.Б-д 165 м.кв газрыг худалдаа, үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэх захиргааны акт гаргахыг Засаг даргад даалгах шаардлагыг хангах эсхүл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасан нөхцөл байдал байгаа тул уг заалтаар шийдвэр гаргаж болох бүрэн үндэслэлтэй.

Нэхэмжлэгч тал харин 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан дээр нэгэнт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа учир одоо “Ц...” маркет худалдааны төвийг албадан буулгаж газар чөлөөлөх шаардлага гаргахгүй гэж хүсэл зоригоо илэрхийлсэн байх тул дээр дурдсанаар хэргийг шийдвэрлэх нь талуудын эрх ашгийг бодитой хангахад хууль ёсны болно.

Иймд Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 25 дугаар шийдвэрт энэ гомдлын “гурав”-ын 3 дахь хэсэгт дурдсан байдлаар өөрчлөлт оруулж, гуравдагч этгээд болон түүнтэй хамтран дундаа хэсгээр өмчлөх хөрөнгө өмчилдөг олон хүний олон тэрбум төгрөгийн эрх ашгийг хамт хамгаална уу. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан зарчимд ч нийцнэ гэжээ.

ХЯНАВАЛ:

Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангав.

Нэхэмжлэгч О.Б-д Орхон аймгийн Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 422 дугаар захирамжаар “Уурхайчин баг, Х захын ард” 80 м.кв газрыг 5 жилийн хугацаагаар, худалдааны зориулалтаар, 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 498 дугаар захирамжаар “Уурхайчин баг, Х захын ард” 85 м.кв газрыг Ж.Я-аас шилжүүлэн 9 жилийн хугацаагаар, худалдааны зориулалтаар тус тус эзэмшүүлжээ.

Гэтэл Орхон аймгийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 1/1253 дугаар албан бичгээр “... танай байгууллагын эзэмшлийн худалдаа, үйлчилгээний зориулалттай павильоны барилгын доорх газар төлөвлөлтөд хамрагдаж чөлөөлөх шаардлагатай” гэж мэдэгдэн уг газар дээрх нэхэмжлэгчийн эзэмшлийн барилгад үнэлгээ хийлгэж, улмаар тус аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн А/497 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн эзэмшлийн дээрх газруудыг ““Монгол Улсын иргэнд газар эзэмшүүлэх гэрээ”-ний 4.2-т заасан үүргээ биелүүлээгүй, эрх бүхий байгууллагаас өгсөн мэдэгдэлд заасан хугацаанд газраа чөлөөлөөгүй” гэсэн үндэслэлээр албадан чөлөөлжээ.

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 147 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 175 дугаар тогтоолоор нэхэмжлэгчийн газрыг албадан чөлөөлсөн Орхон аймгийн Засаг даргын захирамжийг “... газар  эзэмших эрх дуусгавар болох үндэслэл, ... газар эзэмших эрхийг дуусгавар болгосон ямар нэгэн шийдвэр гаргаагүй атлаа тухайн байршилд давхцуулан төсөл сонгон шалгаруулалт зохион байгуулж, өөр этгээдэд (энэ хэргийн гуравдагч этгээдэд) газрыг эзэмшүүлж, ... газрыг албадан чөлөөлсөн нь үндэслэлгүй” гэж дүгнэн хүчингүй болгожээ.

Орхон аймгийн Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн А/280 дугаар захирамжаар “газар эзэмшүүлэх гэрчилгээний төсөл сонгон шалгаруулалт явуулах газрын жагсаалт”-ыг баталсан байх бөгөөд 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/502 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасныг баримтлан “газар эзэмших эрхийн гэрчилгээний төсөл сонгон шалгаруулалтад оролцож ялагчаар шалгарсан” гуравдагч этгээд “Ц...” ХХК-д “Уурхайчин баг, Кувейтийн гудамжинд “Х” хүнсний захын ард” 1400 м.кв газрыг (нэхэмжлэгчийн эзэмшлийн газартай давхцуулан) худалдаа үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмшүүлжээ.

Нэхэмжлэгчээс хариуцагчийн “газар албадан чөлөөлөх тухай” 2015 оны А/497 дугаар захирамжтай холбоотой маргаан шийдвэрлэгдэж дууссаны дараа дээрх хоёр захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгож, газар эзэмших эрхээ сэргээлгэхээр “газрын эзэмших эрх дуусгавар болоогүй байхад сонгон шалгаруулалт зарлаж, надад мэдэгдэлгүйгээр бусдад эзэмших эрхийг олгосон” гэх үндэслэлээр илт хууль бус болохыг тогтоолгохоор маргажээ.

Газрын тухай хуулийн 33 дугаар 33.1.2-т “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно” гэж заасан.

Орхон аймгийн Засаг даргын 2014 оны А/280, А/502 дугаар захирамжуудаар нэхэмжлэгчийн эзэмшиж байсан газартай давхцуулан төсөл сонгон шалгаруулалт зарлаж, улмаар гуравдагч этгээдэд газар эзэмшүүлсэн дээрх актуудын нэхэмжлэгчийн эзэмшлийн газартай давхацсан хэсгийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” тохиолдолд захиргааны акт илт хууль бус болохоор заасны дагуу илт хууль бусад тооцох үндэслэлтэй байх боловч энэ тохиолдолд шүүхийн шийдвэрээр газар эзэмших эрх нь зөрчигдсөн болох нь тогтоогдсон нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол бодитоор (барилгажсан) сэргэхээргүй байна.

Нөгөө талаар, гуравдагч этгээдийн эзэмшлийн 1400 м.кв газар бүхэлдээ нэхэмжлэгчийн эзэмшиж байсан газартай давхцаагүй тул нэхэмжлэгч зөрчигдсөн газар эзэмших эрхийнхээ хүрээнд шаардах эрхтэй учир анхан шатны шүүх гуравдагч этгээдэд газар эзэмшүүлсэн шийдвэрийг бүхэлд нь илт хууль бусад тооцсон нь үндэслэлгүй болжээ.

Орхон аймгийн Засаг даргын 2014 оны А/280, А/502 дугаар захирамжуудаар нэхэмжлэгчийн эзэмшиж байсан газартай давхцуулан гуравдагч этгээд “Ц...” ХХК-д олгосон нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, уг шийдвэрийн улмаас зөрчигдсөн эрхээ хамгаалуулж, газар эзэмших эрхээ сэргээлгэхээр маргаж буй энэ тохиолдолд Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж заасны дагуу Орхон аймгийн Засаг даргын 2014 оны А/502 дугаар захирамжийн 165 м.кв газарт холбогдох хэсгийг дахин шинэ акт гаргах хүртэл зургаан сарын хугацаагаар түдгэлзүүлэх нь зүйтэй байна.

Учир нь нэхэмжлэгчийн эзэмших эрхтэй байсан 165 м.кв газар нь гуравдагч этгээдэд олгосон 1400 м.кв газрын барилгажсан хэсэгтэй давхцаж байгаа болох нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх тул гуравдагч этгээдэд эзэмшүүлсэн 1400 м.кв газрын холбогдох хэсгийг хүчингүй болгох замаар нэхэмжлэгчийн тухайн орчинд эзэмшиж байсан газрын эзэмших эрхийг сэргээх нь зүйтэй байх боловч энэ тохиолдолд шүүхээс газрын байршлыг тогтоох боломжгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн 165 м.кв газар эзэмших эрхийг гуравдагч этгээдэд эзэмшүүлсэн 1400 м.кв газрын барилгаажагүй талбайн аль хэсэгт сэргээн эзэмшүүлэх талаар хариуцагчаас гуравдагч этгээдийн саналыг авч шийдвэрлэх нь зүйтэй байх тул Орхон аймгийн Засаг даргын 2014 оны А/502 дугаар захирамжийн 165 м.кв газар эзэмшүүлсэн хэсгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасны дагуу дахин шинэ акт гаргах хүртэл зургаан сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг баримтлан

ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 25 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан Орхон аймгийн Засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/502 дугаар захирамжаар “Ц...” ХХК-д эзэмшүүлсэн 1400 м.кв газрын нэхэмжлэгчийн эзэмшиж байсан 165 м.кв газарт дүйцэх хэсгийг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл зургаан /6/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй” гэж, “4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч Орхон аймгийн Засаг дарга шинэ акт гаргаагүй бол Орхон аймгийн Засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/502 дугаар захирамжаар “Ц...” ХХК-д эзэмшүүлсэн 1400 м.кв газрын нэхэмжлэгчийн эзэмшиж байсан 165 м.кв газартай дүйцэх хэсэг хүчингүй болохыг дурдсугай” гэж нэмж, “4” дэх заалтын дугаарыг хасаж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, гуравдагч этгээд “Ц...” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг баримтлан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогоос гаргуулан буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                               О.НОМУУЛИН

ШҮҮГЧ                                               Ц.САЙХАНТУЯА

ШҮҮГЧ                                               Ц.ЦОГТ