Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 114

 

         П.А-д холбогдох эрүүгийн

        хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Ц.Бурмаа,

өмгөөлөгч Г.Батбаяр, Н.Нарантуяа, Д.Доржсүрэн,

нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 68 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 141 дүгээр магадлалтай, П.А-д холбогдох 2014260005979 дугаартай хэргийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Д.Доржсүрэн, Н.Нарантуяа, Г.Батбаяр нарын гомдлоор хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1988 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Б овогт П-ы А нь Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан “Хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алах” гэмт хэрэгт холбогджээ.     

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх П.А-г хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 10 жил 5 сарын хорих ялаар шийтгэж, уг ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч П.А, түүний өмгөөлөгч Г.Батбаяр, Н.Нарантуяа, Д.Доржсүрэн нарын гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.  

Илтгэгч шүүгч Ч.Хосбаярын хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон өмгөөлөгч Г.Батбаяр, Н.Нарантуяа, Д.Доржсүрэн, прокурор Ц.Бурмаа нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч П.А хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “... “Хохирогчийн дураар аашлах, зүй бус авирлаж, агсам тавьж үг хэл үйлдлээрээ доромжилж, нүүр лүү нулиман, хагархай шилээр цохих гэсэн үйлдлийг юу гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байх бөгөөд шүүхийн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй, хэт нэг талыг барьсан. Шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй бөгөөд таамаглалд үндэслэж хэргийг шийдвэрлэсэн. Хэрэг болсон процесс камерт тодорхой бичигдсэн байгаа. Санаа сэтгэл гэнэт хүчтэй цочрон давчидсан байж болох эсэхийг маргаангүйгээр тогтоогоогүй, хэргийг хөнгөрүүлж болох зарим нөхцөл байдлыг тодруулж шалгаагүй орхигдуулсан зэрэг нь хэргийг тал бүрээс нь бүрэн бодитоор үнэлээгүй, хэт нэг талыг барьсан буюу мөрдөн байцаалтын ажиллагааг гүйцэд биш хийсэн гэж үзэхээр байна. Тухайлбал аргагүй хамгаалалтын нөхцөл байдал байж болохоор байхад энэ талаар ямар ч ажиллагааг мөрдөн байцаалтын шатанд хийгээгүй. Иймд хэргийг тал бүрээс нь бодитоор үнэлж Эрүүгийн хуулийн аль тохирох зүйл заалтаар хөнгөрүүлэн зүйлчилж, эргэлзээ гарвал дээрх ойлгомжгүй нөхцөл байдлыг шалгуулахаар нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Батбаяр хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Эрүүгийн хуулийн 54 дүгээр зүйлд заасан “...гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршгийн шинж чанар...хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь хянан үзэх...” гэсэн үүргээ биелүүлэхгүйгээр хуулийг буруу тайлбарлан П.А-д ял оногдуулсан.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79, 80 дугаар зүйлд заагдсан ажиллагааг хийгээгүй. Шинжээчийн дүгнэлтүүд зөрүүтэй байхад шүүх үүнд хууль зүйн үнэлэлт дүгнэлт өгч эргэлзээтэй нөхцөл байдал үүссэнээр Эрүүгийн хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсгийг хэрэглээгүй нь хуулийг буруу хэрэглэсэн.

Шинжээчийн дүгнэлт болон шинжээч эмч нарын мэдүүлэг ноцтой зөрүүтэй байхад шүүх анхаарч үзээгүй. Шинжээч эмч нарын мэдүүлэг хэрэгт чухал ач холбогдолтой бөгөөд хэргийн зүйлчлэлийг өөрчлөхөд чухал нөлөөтэй.

Гэрч Э, Б, Э нар худал мэдүүлэг өгснөөр эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж гэм бурууг тогтоосон боловч тэдэнд холбогдох хэсгийг өршөөлд хамруулан хэрэгсэхгүй болгосон нь буруу байхад шүүх анхаарч үзээгүй нь Эрүүгийн хуулийн 19 дүгээр зүйлд байх нийлмэл гэмт хэргийн хэв шинжийг агуулж байхад улсын яллагч хууль буруу тайлбарлан мөрдөн байцаалтын шатанд хэрэгсэхгүй болгосон буруу. Энэ хэргийг тусгаарлан шийдвэрлэх ангилалд орохгүй байсан.

Худал мэдүүлэг өгсөн Эрдэнэбулганы мэдүүлгийг нотлох баримтын хүрээнд үнэлэн, шийдвэрийн үндэслэл болгосон нь шүүх нотлох баримтыг үнэлэх дүгнэх хуулийн заалтыг зөрчсөн болохыг харуулж байна.

Эрүүгийн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт “Гэм буруугүйгээр энэ хуульд заасан хор уршиг учруулсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй” гэж хор уршиг учруулахын оюун санааны шинжийг зааж өгсөн. Нотлох баримтаар П.А нь хэргийг үйлдэхдээ хор уршигийг зориуд хүсч үйлдээгүй, хохирогчийн буруутай үйл ажиллагаа гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байхад шүүх хуулийг буруу тайлбарласан. Гэмт хэргийг үйлдэхдээ зориуд санаатай хор уршгийг хүсч хохирогчийг алгадсан мэтээр тайлбарласан нь хуульд нийцэхгүй байна.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Батбаяр хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Сэжигтэн яллагдагчаар шалгагдаж байсан Э, Б, Э нарыг шүүх хуралдаанд гэрчээр оролцуулсан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн. П.А-д ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсгийг хэрэглэж өгнө үү. Мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэсэн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлоосоо татгалзаж байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Нарантуяа хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “Шүүгдэгч П.А нь хохирогчийн хууль бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэхүйн хэвийн байдал алдагдан, өөрийн үйл ажиллагааг удирдан жолоодох, өөртөө хяналт тавих чадваргүй болон санаа сэтгэл нь гэнэт хүчтэй цочрон давчидсан байтал хэргийг буруу зүйлчилсэн. Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөл байдалд хохирогчийн хууль бус үйлдэл нөлөөлсөн талаар ойлгон зүйлчлэх ёстой байсан.

Улсын Дээд шүүхийн 14 тоот тогтоолоор “Санаа сэтгэл нь гэнэт хүчтэй цочрон давчидсан үед бусдыг санаатай алсан хэргийн талаар мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах, шүүхээр хянан шийдвэрлэхэд хохирогчийн зүгээс хүчээр дарласан, хүндээр доромжилсон, эсхүл хууль бус бусад ямар үйлдэл хийсэн, эдгээрийн улмаас гэм буруутай этгээдэд өөрт нь буюу ойр дотнынх нь хүмүүст ямар хор уршиг учирсан, эсхүл учирч болох байсан зэргийг заавал нотолсон байвал зохино” гэж тайлбарласан.

Мөн "Хүнд хор уршиг учирч болох байсан" гэдгийг хохирогчийн хууль бус үйлдлийн улмаас тухайн нөхцөл байдалд ямар үр дагавар гарах байсныг шүүх хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтын хэмжээнд үнэлж дүгнэнэ, Санаа сэтгэл нь гэнэт хүчтэй цочрон давчидсан үед бусдыг алах санаа гэнэт, хоромхон зуур төрдөг бол хүнийг санаатай алах гэмт хэргийн хувьд гэмт этгээд өөрийн үйлдлийн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах нь зайлшгүй, эсхүл учрах боломжтойг урьдчилан мэдсэн атлаа хүсэж үйлдсэн буюу уг хор уршгийг хүсээгүй боловч түүнд зориуд хүргэсэн шууд болон шууд бус санаатай байдгаараа ялгагдана гэж зааснаар тал бүрээс нь бодитойгоор шинжлэн судлах нь хуульд нийцнэ. Гэтэл гэрчүүдийн зөрүүтэй мэдүүлгээс болж хэт нэг талыг барьж шүүгдэгчийн үйлдлийг дүгнэж түүний эрх зүйн байдлыг дордуулж шийдвэрлэсэн. Хохирогчийн үхлийн шалтгааныг шинжээчийн дүгнэлтээр бүрэн тогтоогоогүй, хэргийн газрын үзлэг нь гэм буруугийн хэлбэрийг тогтооход онцгой ач холбогдолтойг анхаараагүй, гэмт этгээдийн болон хохирогчийн хувийн байдлыг тодруулаагүй зэргийг шалгаж тогтоох шаардлагатай байсан.

Шүүгдэгч нь хохирол төлбөрт 20,504,000 төгрөг төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ маш их гэмшиж байгаа болно. Эрүүгийн хэргийг зөв зүйлчлэн түүнд боломж өгөх үүднээс шийдвэрлэж өгөхийг хүсье. Иймд П.А-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 93 дугаар зүйлээр зүйлчилж өгнө үү...” гэв.  

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Доржсүрэн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй. Эрүүгийн хуулийн 93 дугаар зүйлийг тайлбарлах, санаа сэтгэл нь гэнэт хучтэй цочрон давчидсан үед бусдыг санаатай алах гэмт хэргийг хүнийг санаатай алах гэмт хэргээс ялгаж, зөв зүйлчлэх явдлыг хангах зорилгоор гаргасан Улсын Дээд шүүхийн тогтоолд зүйлчлэлийн асуудлыг маш тодорхой тайлбарласан байтал анхан болон давж шатны шүүх хууль хэрэглээний асуудалд алдаа гарган Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж ял оногдуулсан.

Санаа сэтгэл нь гэнэт хүчтэй цочрон давчидсан үед бусдыг санаатай алах гэмт хэргийн сэдэлт нь хохирогчийн хууль бус үйлдэлтэй шууд холбоотой байдаг бол хүнийг санаатай алах гэмт хэргийн бүрэлдэхүүний хувьд энэ нь субъектив талын заавал байх шинж биш байдаг. Анхан шатны шүүх гэмт хэргийн сэдэлт, хохирогчийн хууль бус үйлдлийг маш зөв тодорхойлсон мөртлөө зүйлчлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн ял оногдуулсан.

П.А нь “Хохирогчийн хууль бус үйлдлийн улмаас өөрт нь болон ойр дотных нь хүмүүст хор уршиг учирч болох байсан” гэж мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг. Энэ нь гэрч Ж.Э, Р.Б, З.Ц, Т.Ж, Э.А нарын мэдүүлэг нотлогддог.

Санаа сэтгэл нь гэнэт хүчтэй цочрон давчидсан үед бусдыг алах санаа гэнэт, хоромхон зуур төрдөг бол хүнийг санаатай алах гэмт хэргийн хувьд гэмт этгээд өөрийн үйлдлийн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах нь зайлшгүй, эсхүл учрах боломжтойг урьдчилан мэдсэн атлаа хүсэж үйлдсэн буюу уг хор уршгийг хүсээгүй боловч түүнд зориуд хүргэсэн шууд болон шууд бус санаатай байдгаараа ялгагддаг. Санаа сэтгэл нь гэнэт хүчтэй цочрон давчидсан үедээ хохирогчийг цохисон болох нь П.А-ийн мэдүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд нүүрэлдүүлэн байцаасан мэдүүлэг, камерын бичлэг зэргээр нотлогддог.

Анхан болон давж заалдах шатны шүүх ял оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршгийн шинж чанар, хохирлын хэр хэмжээ, хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзээгүй.

Аргагүй хамгаалалтын байдалд хуулиар хамгаалагдсан төр, нийгмийн ашиг сонирхол, өөрийн болон бусдын амьд явах, халдашгүй чөлөөтэй байх, түүнчлэн бусад эрх, эрх чөлөөг нийгэмд аюултай халдлагаас хамгаалахдаа халдагч этгээдэд гэм хор учруулсныг гэмт хэрэгт тооцохгүй гэж Эрүүгийн хуулийн 40 дүгээр зүйлд заасан байдаг ба хохирогчийн зүгээс гартаа хагарсан шил барин цохих гэж дайрсан асуудлыг мөрдөн байцаалтын шатанд ямар ч ажиллагаа хийгээгүй байсан нь хэргийг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтооно гэснийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд тус тус өөрчлөлт оруулан П.А-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсгээр зүйлчилж өгнө үү...” гэв.

Прокурор Ц.Бурмаа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...П.А-д холбогдох гэмт хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн зүйлчлэл тохирсон, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэж байна...” гэв

            Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны ба үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан шаардлагад нийцсэн байна.

            Шүүгдэгч П.А нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2014 оны 11 дүгээр сарын 27-ны орой Баянгол дүүргийн 1 дүгээр хороо 47 дугаар байрны 3 тоотод байрлах “Е” кафед хохирогч С.Б-ыг “зүй бус авирласан” гэж зодож санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь гэрч Р.Б, З.Ц, Т.Ж, Э.А, Ж.Э, П.Э, шинжээч эмч Б.А, Д.Д, М.Э нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

            Мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад хэрэгт ач холбогдолтой байж болох нөхцөл байдлыг бүрэн тодруулсан байх бөгөөд шүүх хэргийн жинхэнэ байдалд нийцсэн дүгнэлт хийж П.А-г хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээ, түүний хувийн байдалд тохирсон, хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулж, хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

            Шүүх П.А-ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч нас барсан шалтгаант холбоог бодитой тогтоож, “...Эрүүгийн хуулийн 93 дугаар зүйлд заасан санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан үед бусдыг санаатай алсан” талаар шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Нарантуяа, Д.Доржсүрэн  гаргасан гомдолд үндэслэл бүхий няцаалт хийсэн байна.

            Хохирогчийн зүй бус ажиллагаа нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байх боловч түүний улмаас П.А нь хүчээр дарлагдсан буюу хүндээр доромжлогдсон гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй гэж үзлээ.

            П.А-ийн үйл ажиллагаанд сэтгэл санааны гэнэтийн цочролд автсан, сэтгэхүйн хэвийн байдлаа алдсан шинж илрээгүй, харин өөрийгөө удирдан жолоодож үйлдлийнхээ нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлан хүний амь хохирох хор уршгийг хэдийгээр шууд хүсээгүй боловч түүнд зориуд хүргэж, хохирогчтой тодорхой хугацаанд үргэлжлэн маргаж хохирогчийн хэлсэн үг, хийсэн үйлдэлд уурсан дургүйцэж эхлээд нүүрэн тус газар нь, унасан хойно нь духанд нь цохиж гавал тархины хүнд гэмтэл учруулснаар хохирогч тэр даруйдаа нас барсан үйл баримт тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх зөв дүгнэсэн байна. Хэдийгээр хохирогчийн ажиллагаа зүй бус байсан боловч нийгэмд аюултай халдлагын шинжийг агуулаагүй байх тул П.А-г аргагүй хамгаалалтын байдалд байсан гэж үзэх үндэслэлгүй байна.

            П.А-д Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан ялыг оногдуулахдаа гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай ажиллагаа нөлөөлсөн, П.А уг гэмт хэргийг шууд бус санаагаар үйлдсэнийг харгалзан үзэж хорих ялын доод хэмжээгээр шийтгэснийг түүний гэм бурууд тохирсон гэж дүгнэхээр байна.

            Иймээс шүүгдэгч П.А-ийн “хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...”, түүний өмгөөлөгч Н.Нарантуяа, Д.Доржсүрэн нарын “...Эрүүгийн хуулийн 93 дугаар зүйлээр зүйлчилж өгнө үү...”, өмгөөлөгч Г.Батбаярын “...Эрүүгийн хуулийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсгийг хэрэглэж өгнө үү...” гэсэн гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 68 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 141 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч П.А түүний өмгөөлөгч Д.Доржсүрэн, Н.Нарантуяа, Г.Батбаяр нарын гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          Т.УРАНЦЭЦЭГ

 

 

ШҮҮГЧ                                                                    Ч.ХОСБАЯР