Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2025/00966

 

*******-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Т.Гандиймаа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 192/ШШ2025/02677 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 114,800,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга: 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр ******* дугаар зээлийн гэрээг 3 сарын хугацаатай байгуулсан. Анх 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 15,000,000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 1,950,000 төгрөг, 12 дугаар сарын 23-ны өдөр 20,000,000 төгрөг, 12 дугаар сарын 24-ний өдөр 9,050,000 төгрөг нийт 4 удаагийн гүйлгээгээр 46,000,000 төгрөг шилжүүлсэн байдаг. Үүнд гэрээний дагуу зээлсэн төлбөрийн хүүд 4 хувийг нэмж төлөхөөр заасан байдаг. Зээлийн хүүгээ урьдчилж төлнө гэсэн хүсэлт гаргаад 6,000,000 төгрөгийг хасаж тооцоод үлдэгдэл 8,000,000 төгрөг гар дээрээ аваад нийт 60,000,000 төгрөгийн зээл авсан. Үүнээс нэг ч удаа эргэн төлөлт хийгээгүй. Зээлийн барьцаанд аав, ээжийнхээ өмчлөлд байх орон сууцны гэрчилгээг барьцаалсан. Тухайн орон сууц нь ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* бүс, ******* тоот гэсэн хаяг байдаг. Нэхэмжлэлийн шаардлагын дагуу хүү болон алданги тооцож 114,800,000 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан. Хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх саналтай байна гэжээ.

 

2. Хариуцагч нь хариу тайлбар гаргаагүй болно.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *******-аас 103,600,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******-т олгож, нэхэмжлэлийн шаардлагын 11,200,000 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл, *******, ******* нарын өмчлөлийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн,******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* гудамж, , ******* дүгээр байр, ******* тоотод байрлах ******* м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн.

Хариуцагч 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдөр өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр *******-ыг томилж итгэмжлэл хийлгэж өгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж эхэлсэн боловч ******* нь шүүхэд шүүх хуралдаанаас өмнө очоогүй, 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр шүүх хуралдаантай үед очоод итгэмжлэл шаардлага хангаагүй үндэслэлээр шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оролцуулалгүй үргэлжлэн явагдсанг шүүхийн шийдвэр гардаж авах талаар шүүхийн дуудсанаар шүүхэд ирснээр мэдсэн.

Итгэмжлэлд нэхэмжлэгчийг ******* банк гэж ташаа ойлгож бичигдсэнийг залруулах боломжтой байтал итгэмжлэлийг залруулах боломж олголгүй хэт нэг талд үйлчилж хариуцагчийн төлөөлөгчийг оролцуулалгүй шүүх хуралдааныг явуулсанд гомдолтой байна. Шүүхийн шийдвэр хариуцагчийн төлөөлөгч өөрийн биеэр очсоор байтал хариуцагч нь шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй болно гэж дүгнэн хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Үүнээс болж 2022 онд зээлсэн зээлийн төлбөрийг төлж байсан баримтыг шүүхэд гаргаж өгч чадаагүй ба нэхэмжлэгч надаас буцаан төлөгдөж байсан зээлийн төлбөрийг үнэн зөв мэдүүлээгүйд гомдолтой байна. Зээлийг буцаан төлсөн нь тодорхой, тэр талаар нэхэмжлэгч өөрөө мэдэж байгаа, баримтыг нь гаргаж өгөх боломжтой байхад нэхэмжлэлд төлбөр төлөөгүй гэснийг хүлээн зөвшөөрөхгүй.

4.2. Мөн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шийдвэр гаргахдаа тухайн үл хөдлөх эд хөрөнгө нь 2 өмчлөгчтэй, барьцааны гэрээ байгуулахдаа 1 өмчлөгчийг ******* төлөөлөн нөгөө өмчлөгч өөрөө байгуулсан ба үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхөөр байхад тэдний тайлбарыг аваагүй, тэднийг хариуцагч, гуравдагч этгээдээр оролцуулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь буруу болсон.

4.3. Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагаас 103,600,000 төгрөгийг ханган шийдвэрлэхдээ үндэслэл болгосон нотлох баримт нь хуульд заасан шаардлагыг хангаагүй, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байхад нэхэмжпэлийн шаардлагын зарим хэсгийг ханган шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Хэрэгт цугларсан баримтаас харахад би нэхэмжлэгчээс нийт 46,000,000 төгрөг зээлсэн энэ талаар шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт тодорхой дурдсан байхад түүнээс хойшхи хугацааны буюу 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн зээлийн гэрээ, барьцааны гэрээг үндэслэл болгосон нь буруу байна. Учир нь 2022 онд зээлсэн мөнгийг 2024 оны гэрээгээр буюу сүүлд байгуулагдсан гэрээг үндэслэл болгохгүй ба 2024 оны гэрээгээр мөнгө зээлж аваагүй, 2022 онд зээл, барьцааны гэрээ бичгээр байгуулаагүй, өмнө зээлсэн мөнгө нь 46,000,000 төгрөг байх ба 70,000,000 төгрөг аваагүй байхад авсан гэж дүгнэн шийдвэрлэсэнг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч өмнө нь 46,000,000 төгрөг зээлсэн талаар нотлох баримт ирүүлсэн болохоос 70,000,000 төгрөг зээлсэн талаар ямар ч нотлох баримт хэрэгт байхгүй. 70,000,000 төгрөгийн зээлийг надад олгоогүй, зээл өгөөгүй.

Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсгийн 5-д зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байх ба зээлдэгчийн өмчлөлд тухайн зээлийн гэрээгээр ямар ч эд хөрөнгө шилжүүлээгүй. Дээрхи нөхцөл байдлыг анхан шатны шүүх анхаарч үзээгүй, хэргийн бодит байдлыг тогтоож чадаагүй, үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчиж хариуцагч болон өмчлөгч нарыг ололцуулаагүй шийдвэрлэсэн шийдвэр хүчингүй болох үндэслэлтэй байгаа ба 46,000,000 төгрөгийг зээлсэнг хүлээн зөвшөөрч энэ хэсэгт маргахгүй байх тул шийдвэрт өөрчлөлт оруулан 57,600,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Хариуцагч 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдөр шүүх хуралдаанд ирэхдээ өмгөөлөгчтэйгөө оролцох хүсэлт гаргасан шүүх хуралдааныг 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл хугацаагаар хойшлуулсан. 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн итгэмжлэлд алдаатай зүйл бичигдсэн байсан. Гэхдээ итгэмжлэгдсэн төлөөлөгч тухайн алдааг олоод засуулах боломжтой байсан. Мөн зээлийн тухайд холбогдох баримтыг хэрэгт хавсаргасан. Хоёр өмчлөгчийн тухайд сайн мэдэхгүй байна гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсэг үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 114,800,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэл гаргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг бүрэн тогтоохгүйгээр хэргийг шийдвэрлэсэн алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх нөхөн гүйцэтгэх, залруулах боломжгүй байна.

 

3.1. Зохигчдын хооронд 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан байх ба уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар *******, *******, ******* , ******* нарын хооронд барьцаа гэрээ байгуулж, тэдгээрийн гарын үсэг зурагдсан байна. /хх-7/

Нэхэмжлэгч нь барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэл гаргасан байхад шүүх барьцааны гэрээний нэг тал болох *******, ******* нарыг энэ хэрэгт оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь буруу.

3.2. Анхан шатны шүүх хариуцагч *******-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 114,800,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай *******-гийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн байна. /хх-11/

Хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн нэхэмжлэл, *******-ын *******-д 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр олгосон итгэмжлэл зэргээс үзвэл *******-гийн нэхэмжлэлтэй иргэний хэрэг бус, *******-ын нэхэмжлэлтэй буюу төлөөлөн нэхэмжлэгч *******-гийн гаргасан нэхэмжлэлтэй хэрэг гэж үзэхээр байна.

Иймд шүүх иргэний хэрэг үүсгэхдээ нэхэмжлэгчийг буруу тодорхойлж үүсгэсэн алдаа гаргасныг дурдах нь зүйтэй.

4. Давж заалдах шатны шүүхээс дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх, маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 192/ШШ2025/02677 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 445,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА

 

Д.ЦОГТСАЙХАН