Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 5034

 

 

 

 

 

 

 

 

   

2016 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 101/ШШ2016/05034

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

     Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ....... дугаар байрны өргөтгөл, “Х“ сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: .......тоотод оршин суух, Д.Чд /РД: ..../ холбогдох

574.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг  хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нарантуул

Хариуцагч Д.Ч,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дэлгэрсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч “Х“ сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирал Д.Тшүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нарантуул шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            хххххххххх тоот орон сууцны өмчлөгч Д.Ч нь сууц өмчлөгчдийн холбоонд 2014 оноос хойш өнөөг хүртэл хугацаанд төлбөрөө төлөөгүй байна.

“Х” сууц өмчлөгчдийн холбоо нь 2014 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр байгуулагдсан ба тус холбоо нь 69, 70 дугаар байрны дундын өмч хөрөнгө, оршин суугчдын эрх ашгийг хамгаалах зорилгоор ажилладаг.

Тус орон сууцны 50 гаруй сууц өмчлөгч нь сууц өмчлөгчдийн холбооны төлбөрийг 2 жил хүртэлх хугацаагаар төлөөгүй байна. Энэ нь “Х” сууц өмчлөгчдийн холбооны хэвийн үйл ажиллагаа явуулах боломжийг алдагдуулж байна. Сууц өмчлөгч төлбөрөө төлөөгүйгээс нийтийн зориулалттай дундын өмчлөлийн хэсэгт тухай бүр засвар үйлчилгээ хийх боломжгүй эвдрэл гэмтэл доголдол үүсээд байгаа.

“Х” сууц өмчлөгчдийн холбоо нь татварын өртэй байгаа ба татварын албанаас байнга данс хаадаг. 50 айл сууц өмчлөгчдийн холбооны төлбөрийг өгөхгүй байгаа учир урсгал засвар болон өр төлбөрөө өгч чадахгүй байна.

Сууц өмчлөгчдийн холбоо нь сард 20.500 төгрөгийн төлбөр авдаг ба Д.Ч нь 2014 онд 246.000 төгрөг, 2015 онд 246.000 төгрөг, 2016 оны 1, 2, 3, 4 дүгээр сарыг дуустал 82.000 төгрөг, нийт 574.000 төгрөгийг төлөөгүй. Иймд Д.Чгээс сууц өмчлөгчдийн холбооны төлбөрт 574.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Д.Ч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

   Д.Ч миний бие хххххххх тоотын 52 м.кв талбайтай орон сууцанд ам бүл 3 амьдардаг бөгөөд уг орон сууцны өмчлөгч нь юм.

Энэ байрны сууц өмчлөгчдийн холбоо нь анх “Х” нэртэйгээр 69, 70 дугаар байрны нийт 180 айлын дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, орон сууцны ашиглалтын хэвийн байдлыг хангах, иргэдийн эрх ашгийг хамгаалах үүрэгтэй байгуулагдсан ба бид үйл ажиллагааг нь дэмжиж ирсэн.

  Түүнээс хойш сууц өмчлөгчдийн холбоо нь н.Э, Г Б н.Э гэх хүмүүсийн гараар дамжиж ирсэн байдаг ба өмнө нь  “Х” нэртэй байсан холбооны үйл ажиллагааг залилангийн шинжтэйгээр хэсэг бүлэг хүмүүс хуйвалдан булаан авч 2014 онд н.Энхтөр гэж хүнийг томилон хууль зөрчсөн.

Мөн сууц өмчлөгчдийн холбоо нь анх байгуулагдсанаас хойш одоог хүртэл 1 ч удаа нийт оршин суугчдын хурал хийгээгүй, тайлан тавиагүй. Мөн сууц өмчлөгчдийн холбооны орон сууцны төлөлтийг үнийг өөрсдөө дураараа тогтоосон. Үнэ өндөр байна гэхэд тоодоггүй.

Сууц өмчлөгчдийн холбоондоо ажиллаж байсан хүмүүсийн цалинг дутуу төлж хөөж явуулдаг, нийгмийн даатгалын шимтгэлийг нь төлдөггүй. Ажиллах нөхцлөөр нь хангаж цэвэрлэгээний материал олгодоггүй. Санхүүгийн бичиг баримт нь хэнд байгаа нь мэдэгддэггүй.

Манайх тус байрны сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагааг дэмжих зорилгоор сууц өмчлөгчдийн холбооны төлбөрөө тодорхой хугацаанд төлж байсан. Холбооны үйл ажиллагаа хэвийн биш явагдаж байгаагаас шалтгаалаад мөнгийг төлөхөө зогсоосон.

  н.Тнь хууль бусаар сууц өмчлөгчдийн холбооны дарга болсон учир төлбөрийг төлөхгүй байгаа. Мөн 50 айл сууц өмчлөгчдийн холбооны төлбөр төлөхгүй байхад 30 айлыг шүүхэд өгсөн. Гэхдээ би хийгээгүй ажлынх нь хөлс болгож 50 хувь болох 287.000 төгрөгийг төлж болно гэв.

 

            Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад                                                                                           

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Х“ сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч Д.Чд холбогдуулан сууц өмчлөгчдийн холбооны төлбөр 574.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

/1 сард 20.500 төгрөг, 2014 оны 246.000 төгрөг, 2015 оны 246.000 төгрөг, 2016 оны 1-4 дүгээр саруудыг дуустал 574.000 төгрөг, нийт 574.000 төгрөг/

 

Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны 69, 70 дугаар байруудын оршин суугчдын хурлын тогтоол, материалыг үндэслэн “Х“ сууц өмчлөгчдийн холбоог 2014 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн Сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгэн гэрчилгээ олгосон байх ба төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн тогтоолоор Д.хуТ-ггүйцэтгэх захирлаар нь томилжээ.

/ХХ-ийн 3 дугаар тал/

 

            “Х“ сууц өмчлөгчдийн холбооны төлөөлөн удирдах зөвлөлийн 2014 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн 14/01 тоот тогтоолоор  дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал сард засвар үйлчилгээ тухайн айлын талбайн хэмжээний 1 м.кв-д 100 төгрөг, лифт 3 давхраас дээш айлд 6.000 төгрөг, цэвэрлэгээ 4.000 төгрөг, нийтийн эзэмшлийн цахилгаан 1.800 төгрөг, харуул хамгаалалт 3.500 төгрөг байхаар тогтоосон байна.

              /ХХ-ийн 4-5 дугаар тал/

 

            Д.Ч нь хххххххх тоотын 52 м.кв талбай бүхий орон сууцанд амьдардаг болохоо шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарласан болно.

 

Нэхэмжлэгч “Х“ сууц өмчлөгчдийн холбоо нь сууц өмчлөгч Д.Чгээс 2014 оны 1 дүгээр сараас 2016 оны 4 дүгээр сарыг дуустал сар бүр 20.500 төгрөг, нийт 574.000 төгрөгийг нэхэмжилсэн ба хариуцагч Д.Ч нь хууль бус сууц өмчлөгчдийн холбоо, ажил хийдэггүй тул дээрхи төлбөрийг төлөхгүй гэж тайлбарлаж байна.

/ХХ-ийн 10-11 дүгээр тал/

           

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д “Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө” гэж заажээ.

 

Сууц өмчлөгч нь сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагаатай холбоотойгоор өргөдөл, гомдлоо холбогдох албан тушаалтан, байгууллагад гарган шийдвэрлүүлэх эрхтэй.

 

Сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй бөгөөд холбооны гүйцэтгэх захирал хууль бусаар томилогдсон, холбоо ажил явуулдаггүй гэх тайлбар нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээний зардлаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

 

Иймд хариуцагч Д.Чгээс дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээний зардалд 574.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Х“ сууц өмчлөгчдийн холбоонд олгох нь зүйтэй.

 

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүлэд заасныг удирдлага болгон  

            ТОГТООХ нь:

                                                                                             

            1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-т зааснаар хариуцагч Д.Чгээс 574.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Х“ сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 17.870 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Чгээс 17.870 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Х“ сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

   

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Н.САРАНГҮН