Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2025/00974

 

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч С.Энхбаяр, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 197/ШШ2025/04008 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч ******* ХХК -д холбогдох,

 

Ажлын хөлсний үлдэгдэл төлбөр 7,700,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК -д холбогдуулан ажлын хөлсний үлдэгдэл төлбөр 7,700,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...хариуцагчийн ажиллуулдаг Улсын ******* дүгээр төв эмнэлгийн 2 давхарт байрлах хувцасны өрөөний зориулалтыг өөрчилж цайны газрын угаалгын өрөө болгох засвар тохижилтын ажлыг 8,000,000 төгрөгөөр, мөн нэмэлтээр 2 өрөөний гипсэн хана босгож угсрах ажлыг 2,000,000 төгрөгөөр тус тус хийж гүйцэтгэн ажлыг хариуцагчид хүлээлгэн өгч, урьчилгаа төлбөрт 2,300,000 төгрөг авсан тул үлдэх 7,700,000 төгрөгийг гаргуулна гэж, хариуцагч татгалзлын үндэслэлээ ...нэхэмжлэгчтэй эрх зүйн харилцаан оролцоогүй, харин компанийн засварын ажлыг ******* гэх хүнтэй хэлцэл хийж ажлаа гүйцэтгүүлэн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан... гэж тайлбарлан маргажээ.

 

 

Зохигчдын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн эсэх нь маргааны зүйл болжээ.

4. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцүүлэн үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэл муутай болжээ.

 

4.1. Хэргийн баримтаас үзвэл, хариуцагчийн төлөөлөгч Н.Булган нь ******* банк дахь ******* тоот данснаас *******гийн ******* банк дахь ******* тоот дансанд 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 8,436,000 төгрөг, ******* банк дахь ******* тоот дансанд 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 500,000 төгрөг, 2023 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 9,000,000 төгрөг, 2023 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 900,000 төгрөг, 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 3,000,000 төгрөг, 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 5,000,000 төгрөг нийт 26,836,000 төгрөг шилжүүлснээс ******* нь ******* банк дахь ******* тоот данснаас нэхэмжлэгч *******-ийн ******* банк дахь ******* тоот дансанд 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 2,300,000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон. Энэ талаар талууд маргахгүй байна.

 

4.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцсон ******* мэдүүлэгтээ ...Би Улсын ******* дүгээр төв эмнэлгийн хүлээн авах хэсгийн 2 дугаар давхарт байрлах кофе шопын засварын ажлыг хариуцан гүйцэтгүүлж, засварын ажлын зураг төсөв, материалын зардлын тооцоог гаргаж, уг ажлыг 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр эхлээд 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр дуусган хүлээлгэн өгсөн. Үүний дараа Үлэмж компанийн захиалгаар би *******-тэй амаар гэрээ хийсэн, мөн Баттөр нь захирал Гансүрэнтэй бас амаар гэрээ хийгээд угаалгын газрыг хоолны газар болгон өргөтгөх ажил эхэлсэн бөгөөд уг ажлыг 8,000,000 төгрөгөөр хийхээр хөлс тохирсон. Угаалгын өрөөний бүх ханыг нурааж шинээр 2 давхар гипстэй дулаалгын хөвөнтэй хануудыг болон дүүжин таазнуудыг угсарсан, гэрэлтүүлгийн монтаж хийх, хананд плита наах, цахилгааны монтаж гэх ажлыг ******* хийсэн. Кофе шопын засварын ажил болон гал тогооны засварын ажил хоёр тусдаа ажил байсан. *******-ээс надад 3,000,000 төгрөгийг шилжүүлж үүнээс 2,300,000 төгрөгийг ******* д шилжүүлсэн. Өөр төлбөр тооцоо надаар дамжиж хийгдээгүй, нэмэлт хийсэн ажлын хөлсийг 2,000,000 төгрөгөөр тохирсон талаар надад мэдэх зүйл байхгүй... гэж мэдүүлсэн. /хх-ийн 40-41/

 

4.3. Дээрх гэрчийн мэдүүлэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар нотолгооны хэрэгсэл болох боловч гэрчийн мэдүүлэг нь зохигчдын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн болохыг эргэлзээгүйгээр нотлохгүй байхаас гадна өөр бусад баримтаар давхар нотлогдоогүй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй.

 

4.4. Талуудын тайлбар, гэрч *******гийн мэдүүлэг болон хэргийн баримтуудыг харьцуулан дүгнэвэл, зохигчдын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаагүй гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байна. Учир нь

 

Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар нэг талын гэрээ байгуулах саналыг нөгөө тал хүлээн зөвшөөрч талууд хүсэл зориг нэгдсэн тохиолдолд гэрээ байгуулагдсан гэж үздэг. Энэ тохиолдолд нэхэмжлэгч нь Улсын ******* дүгээр төв эмнэлгийн 2 давхарт байрлах хувцасны өрөөний зориулалтыг өөрчилж цайны газрыг угаалгын өрөө болгох засвар тохижилтын ажил, мөн 2 өрөөний гипсэн хана босгож угсрах ажлыг хийж гүйцэтгэх, хариуцагч нь ажлын хөлс 10,000,000 төгрөг төлөхөөр гэрээний гол нөхцөлийг харилцан тохиролцож, талуудын хүсэл зориг нэгдсэнээр ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзнэ. Гэтэл талуудын тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаар хариуцагч байгууллагаас ажил гүйцэтгүүлэх санал гаргаж, үүнийг нэхэмжлэгч хүлээн авч, гүйцэтгэх ажил болон хөлсийг тохирсон гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээргүй байна. Өөрөөр хэлбэл, дээрх ажлыг нэхэмжлэгч гүйцэтгэсэн нь ажил гүйцэтгэх гэрээг хариуцагчтай байгуулсан гэж дүгнэх үндэслэл болохгүй. Иймд талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзэхгүй тул энэ талаар гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангав.

 

Дээрх үндэслэлээр хариуцагч ******* ХХК -д холбогдох ажлын хөлсний үлдэгдэл төлбөр 7,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 197/ШШ2025/04008 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч ******* ХХК -д холбогдох 7,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдөр урьдчилан төлсөн 138,150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх тул талууд гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

Д.ЦОГТСАЙХАН