| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнямын Цогтсайхан |
| Хэргийн индекс | 102/2024/00928/И |
| Дугаар | 210/МА2025/00975 |
| Огноо | 2025-06-04 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 210/МА2025/00975
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Т.Гандиймаа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 192/ШШ2025/02856 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч ******* ХХК-д холбогдох,
Гэм хорын хохиролд 200,427,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:
1.1. Хариуцагч байгууллагын ажилтан ******* нь ******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* замд д ******* ХХК-ийн н өмчлөлийн ******* улсын дугаартай автомашиныг барьж нийтийн тээвэрт үйлчилж замын хөдөлгөөнд оролцож байхдаа 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 23 цагийн үед ******* ХХК-ийн өмчлөлийн ******* маркийн ******* улсын дугаартай авто машиныг мөргөж зам тээврийн осол гаргасан.
Тээврийн цагдаагийн албанаас хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгалт хийхэд ******* ХХК-ийн н жолооч нь эргэх үйлдэл хийхдээ ардаас ирж яваа автомашинд зам тавьж өгөөгүйгээс Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчиж тухайн осол гарсан болохыг тогтоосон. Улмаар Тээврийн прокурорын газрын прокурорын 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн тогтоолоор ******* ХХК өөрт учирсан хохирлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсан.
1.2. ******* нь тээврийн хэрэгслийг жолоодож байсан хэдий ч өөрийн ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу ажил үүргээ гүйцэтгэж байсан тул хуульд заасны дагуу тээврийн хэрэгслийг өмчлөгч буюу эзэмшигч бусдад учирсан хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй. ******* ХХК-ийн нэр дээрх ******* улсын дугаартай *******маркийн автомашинд үнэлгээ хийлгэхэд 200,427,000 төгрөгийн хохирол гарсан.
Иймд хариуцагч ******* ХХК-аас 200,427,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* замд д 2022 оны 12 сарын 20-ны өдөр 23 цагийн орчимд Хьюндай аеро ситс маркийн ******* УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан ******* *******маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гарсан. Уг ослын улмаас ******* ХХК-ийн н автобус болон жолооч *******ийн эрүүл мэндэд хохирол учирсан. Гэтэл хэрэг бүртгэлтийн ажиллагаа хангалтгүй явагдаж *******ид учирсан хохиролтой холбоотой ажиллагаа хийгээгүй, 3-5 км цагийн хурдтай эргэж явсан автобусыг хараад зогсоох арга хэмжээ аваагүй, хурдаа тохируулаагүй нь *******машины жолооч *******-гийн буруутай үйлдлийг шалган тогоогоогүй.
Жолооч ******* нь араас ирж яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөлгүй эргэх үйлдэл хийсний улмаас осол гарсан гэж дүгнэсэн дүгнэлт зам тээврийн ослын хариуцлага тооцсон шийтгэвэр, шийтгэлийн хуудас байхгүй. Хэрэгт нэхэмжлэгчийн нотлох баримтаар гаргасан прокурорын тогтоолд ******* гэдэг компани гаргаагүй, камерийн бичлэг шинжилгээнд тэнцээгүй гэсэн дүгнэлт байсаар байхад бичлэгийг үнэлж дүгнэлт гарсан зэрэг нь тус хэрэг шалгах ажиллагаа журмын дагуу үнэн зөв явагдаж бодит байдлыг тогтоогоогүй гэж үзэх үндэслэлтэй. Түүнчлэн, тухайн үед тээврийн хэрэгсэлийг жолоодож явсан ******* зам тээврийн ослын улмаас үүссэн хохирлыг хариуцах ёстой. Нэхэмжлэлд дурдсан 200,427,000 төгрөгийн хохирлын дүнг Монголын хөрөнгө, хохирол үнэлгээчдийн холбоо гаргаагүй болно.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ: Миний зүгээс машин зарсан мөнгийг хасах хэрэгтэй гэж бодож байна гэжээ.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан ******* ХХК-д холбогдох 200,427,000 төгрөг гаргуулах ******* ХХК-ийн нэхэмжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,160,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
5.1. Шүүхийн шийдвэрт ******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* замд д 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 23 цагийн орчимд ******* улсын дугаартай ******* маркийн тээврийн хэрэгсэл болон ******* УБХ улсын дугаартай ******* маркийн тээврийн хэрэгслүүд хоорондоо мөргөлдсөн болохыг зөв дүгнэсэн атлаа нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой хэсэгт дүгнэлт хийхдээ хуулийг буруу тайлбарлан нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой, хамааралтай талаас нь үнэлээгүй. Өөрөөр хэлбэл, шүүх замын хөдөлгөөний дүрэм зөрчиж осол гаргасан жолооч Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт зааснаар торгуулах шийтгэл хүлээгээгүй бол уг этгээдийн бусдад учруулсан гэм хорын хохирлыг арилгуулахаар хохирогч шаардах эрхгүй гэх байдлаар хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн. Иргэний хууль болон бусад хууль тогтоомжид тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг арилгуулахаар шаардахад гэм хор учруулагч нь Зөрчлийн тухай хуульд заасан ямар нэгэн шийтгэл хүлээсэн байхыг хуульчлаагүй бөгөөд жолоочийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдад гэм хор учирсан байхыг л шаардах юм.
5.2. Шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн мөрдөгчийн магадлагаа, техникийн шинжээчийн дүгнэлт, хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан тогтоолын олсон нь хэсэгт үндэслэн жолооч гэм буруутай гэсэн тайлбар үндэслэл муутай болсон гэж үндэслэлгүй дүгнэсэн. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг, зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд зам тээврийн осолд өртсөн тээврийн хэрэгслүүдийн аль тээврийн хэрэгслийн жолооч нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэдгийг мөрдөгчийн магадалгаа болон шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт тусгай мэдлэг эзэмшсэн мөрдөгч энэ хуульд заасан шинжээчийн эрхийг хэрэгжүүлж, магадлагаа гаргаж болно гэж заасан. Хэрэгт нотлох баримтаар авагдсан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, Тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч *******-ын 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 433 дугаартай магадлагаа, 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй техникийн шинжээчийн дүгнэлт зэргээр хариуцагч хуулийн этгээдийн ажилтан Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн нь тогтоогдож байгаа тул уг баримтуудыг үнэлж хариуцагчийн ажилтан нэхэмжлэгчид гэм хор учруулсан байна гэдгийг шүүх дүгнэх боломжтой.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
6. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга:
6.1. Анхан шатын шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Учир нь ******* маркийн автомашины хууль ёсны өмчлөгч нь нэхэмжлэл гаргах үед ******* ХХК биш байсан нь Авто тээврийн үндэсний төвийн лавлагаагаар тогтоогдсон. Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гарахдаа 200,427,000 төгрөгөөр тогтоосон шинжээчийн дүгнэлтийг үндэслэсэн. Гэтэл шинжээчийн дүгнэлтээр тээврийн хэрэгслийг засаж, сэлбэх үнэлгээг гаргасан боловч автомашиныг худалдан борлуулсан учраас сэргээн засварлахтай холбоотой нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, сэргээн засварлах автомашин нэхэмжлэгчийн өмчлөлд байхгүй, үнэлгээнд гомдол гаргасны дагуу 200,427,000 төгрөг нь бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтээр 159,904,805 төгрөг гэж гарсныг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзэх ёстой.
6.2. Прокуророос эрүүгийн хэргийг хаагаад зөрчлийн шинжтэй эсэхийг үргэлжлүүлэн шалган тогтоолгохоор тогтоол гаргасан. Миний хувьд *******ийг гэм буруутай эсэхийг тогтоосон шийдвэр байгаа эсэх лавлагаа гаргуулахаар хүсэлт гаргасан. Хавтаст хэргийн 56, 87, 88-р талд шүүхээс Тээврийн прокурорын газар болон цагдаагийн байгууллагаас энэ хэргийн талаар лавлагаа гаргуулахыг шаардсан баримт авагдсан. Гэтэл прокуророос хэргийг хаасан талаар мэдээлэл ирүүлсэн. Өөрөөр хэлбэл, *******ийг гэм буруутай болохыг тогтоосон бол Зөрчлийн тухай хуулиар шийтгэвэр, Эрүүгийн хуулиар шийтгэх тогтоол гарах ёстой байхад энэ талаар баримт байхгүй. Дээрх үйл баримт болоогүй буюу ******* гэм буруутай болох нь тогтоогдоогүй. Шинжээчийн дүгнэлт нь олон нотлох баримтын нэг хэсэг бөгөөд үүнд эрх бүхий этгээд нь хууль зүйн дүгнэлт гаргах байсан боловч дүгнэлт гаргаагүй.
6.3. Хэрэг 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр зуслангийн замд гарсан бөгөөд автобус 5 км цагийн хурдтай буцаж эргэх үйлдэл хийж байсан. Тухайн автобус нь 12 метрын урттай том тээврийн хэрэгсэл удаанаар эргэж байхад ******* маркийн автомашин хурдаа тохируулаагүй тул зогсох арга хэмжээ авч чадаагүй, энэ талаар шүүхийн шийдвэр гарсан бол гэм буруугийн асуудлаар маргах байсан ч уг ажиллагаа хийгдээгүй. 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хэрэг гарсан үед ******* ухаан алдсан.
Тухайн үед шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт гаргасны дараа эрүүгийн болон зөрчлийн хэргийн аль нь болохыг тогтоох байсан. Гэтэл шинжээчийн дүгнэлтийг 3 сар, 10 хоногийн дараа гаргасан буюу биеийн эрүүл мэндийн байдал тогтворжсоны дараа гэмтлийн зэргийг тогтоосон нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог тул хариуцагч тал хэрэг дуусаагүй гэж үзсэн. *******ийн гэм бурууг тогтоогоогүй гэдэг нь үндэслэлтэй. Энэ нь Иргэний хуулийн 499 дүгээр зүйл нь гэм хорын зохицуулалтад хамаарах бөгөөд Иргэний хуулийн 467 дугаар зүйлд заасан гэм буруутай байх шинжийг заавал харгалзан үзээд дараа нь хохирол төлбөрийг төлөх эсэх асуудал яригдана. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй тул хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан гэм хорын хохиролд 200,427,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Хэрэгт цугларсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлэхэд дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:
3.1. Хариуцагч ******* ХХК-ийн н автобусны жолооч ******* нь 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 23 цагийн орчимд ******* маркийн ******* УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа ******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* замд д ардаас ирж яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөлгүйгээр эргэх үйлдэл хийсний улмаас ******* маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гарсан үйл баримт хэрэг авагдсан зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, мөрдөгчийн магадлагаа, техникийн шинжээчийн дүгнэлт, Тээврийн прокурорын газрын прокурорын хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоол, талуудын тайлбар зэрэг баримтаар тогтоогдсон. /хх-ийн 70-77, 121-122, 149/
3.2. Ослын улмаас ******* маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэлд эрүүгийн хэрэгт шинжээчээр томилогдсон ******* ХХК-ийн үнэлгээний тайлангаар 200,427,000 төгрөгийн, Монголын хөрөнгө, хохирол үнэлэгчдийн холбооны үнэлгээний тайлангаар 159,904,805 төгрөгийн хохирол учирсан гэж тус тус тогтоосон. /хх-ийн 9-12, 137-144/
3.3. Тээврийн Прокурорын газрын 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн ******* дугаартай хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоолоор гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хааж, ******* ХХК , ******* ХХК нь өөрт учирсан хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж, *******ийн үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт заасан зөрчлийн шинжтэй эсэхийг шалгаж буруутай этгээдэд хариуцлага тооцуулахаар холбогдох материалыг шилжүүлэхийг мөрдөгч, цагдаагийн хошууч *******-т даалгаж шийдвэрлэжээ. /хх-ийн 151-152/
4. Анхан шатны шүүх хариуцагч нь гэм буруутай болох нь баримтаар нотлогдоогүй гэж дүгнээд ******* ХХК-аас гэм хорын хохиролд 200,427,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.
4.1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэц, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх тус тус үүрэгтэй.
4.2. Нэхэмжлэгч нь хариуцагчаас учирсан гэм хорын хохирол шаардахад хариуцагчийн хууль бус үйлдлийн улмаас түүний эд хөрөнгөд гэм хор учирсан байх, уг үйлдэл болон учирсан хохирлын хоорондох шалтгаант холбоо, гэм буруу /санаатай буюу болгоомжгүй/-тай байх нөхцөл бүрдсэн байх учиртай.
Хэрэгт авагдсан Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2023 оны 04 сарын 06-ны өдөр үйлдсэн мөрдөгчийн магадлагаа, техникийн шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 05/40-1 дугаартай дүгнэлт, Тээврийн прокурорын газрын 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн ******* дугаартай хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоолд ******* маркийн ******* УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана, мөн дүрмийн 2 дугаар хавсралт 1.3-т үргэлжилсэн хос шугам)-дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлана гэсэн заалтыг зөрчсөн, ******* маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч *******й нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчөөгүй талаар тус тус дүгнэсэн.
Дээрхээс дүгнэвэл, хариуцагч байгууллагын жолооч *******ийн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэм буруутэй үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн эд хөрөнгөд хохирол учирсан бөгөөд уг зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт зааснаар шийтгэл ногдуулаагүй нь иргэний журмаар хохирол шаардах эрхийг үгүйсгэх үндэслэл болохгүй.
4.3. Түүнчлэн, ******* маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь зам тээврийн осол гарах үед нэхэмжлэгч ******* ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй байсан болох нь Автотээврийн үндэсний төв-ийн лавлагаагаар тогтоогдсон тул тээврийн хэрэгсэл осол гарах үед нэхэмжлэгч байгууллагын өмчлөлд байгаагүй гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй. /хх-85/ Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас гэм хорын хохирол шаардах эрхтэй тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн ...шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүй... гэх гомдлыг хангав.
5. Хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүдээс үзвэл, ******* ХХК-ийн үнэлгээний тайланг нэг шинжээч, харин Монголын хөрөнгө, хохирол үнэлэгчдийн холбоо-ны үнэлгээний тайланг бүрэлдэхүүнтэй шинжээч дүгнэлт гаргажээ.
5.1. Монголын хөрөнгө, хохирол үнэлэгчдийн холбооны үнэлгээний хохирлын үнэлгээний тайлангаар хохирлын хэмжээг бодитой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоно.
Эрүүгийн хэрэгт нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч ******* мэдүүлэгтээ ...******* маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг 50,000,000 төгрөгөөр худалдан борлуулсан гэж мэдүүлсэн /хх-131/ байх тул уг дүнг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон 159,904,805 төгрөгөөс бусдад худалдан борлуулсан 50,000,000 төгрөгийг хасч тооцон хариуцагч ******* ХХК-аас 109,904,805 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК -д олгож, нэхэмжлэлээс 90,522,195 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, үүнтэй холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтыг өөрчилж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
6. Мөн зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүргийг Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зохицуулсан бөгөөд уг зохицуулалт нь бусдын өмнөөс хариуцлага хүлээх шаардах эрхийн зохицуулалтад хамаарахгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгээс хасна.
7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 192/ШШ2025/02856 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч ******* ХХК-аас 109,904,805 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК -д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 90,522,195 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн найруулж,
2 дахь заалтыг ...үлдээсүгэй. гэснийг ...үлдээж, хариуцагч ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 707,474 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК -д олгосугай. гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдөр урьдчилан төлсөн 1,161,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР
ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА
Д.ЦОГТСАЙХАН